Энэ видео нь ижил цувралын 4-р хичээлд дагалдах видео бөгөөд дараахь асуултуудыг асууж байна: Сүм Ариун Сүнсийг Гурвал дахь тэнцүү гишүүн гэж үргэлж баталж байсан уу? Ариун Сүнс бүрэн Бурхан гэдгийг Библи харуулж байна уу? Ариун Сүнсний бурханлаг ажлын аль талууд нь итгэгчдэд хамгийн ашигтай вэ? Ариун Сүнс нэг хүн гэдгээс Христэд итгэгчид ашиг тустай юу? Ариун Сүнсний дотор суух нь ямар хувийн болон пасторын ач холбогдолтой вэ? Бид сүнслэг бэлгүүдийнгээ яах ёстой вэ? Сүмд оролцохгүй хүмүүс сүмийн амьдралд оролцсоноор ашиг тустай юу? Ариун Сүнс ерөнхий илчлэлтээр ямар төрлийн үнэнийг илчилдэг вэ? Богийн ойлголт нь Бурханы илчлэлтийн талаархи ойлголтыг хэрхэн нөлөөлдөг вэ? Доторх чиглүүлэлт нь Христэд итгэгчийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Бид хэрхэн хүлээн авсан гэж бодсон гэрэлтүүлэг ба доторх чиглүүлэгийг баталгаажуулж чадах вэ? Бид Ариун Сүнстэй хэрхэн шүтэн拜даг вэ?
From the transcript
Христ итгэлийн уламжлал бүр ямар нэг зүйлийг чухалчлан эрхэмлэдэг. Зарим нь магтаал хүндлэлийг чухалчилдаг. Зарим нь онол номлол, үнэнийг чухалчилдаг. Нэг хэсэг нь нийгмийн оролцоо, сайн үйлсийг чухалчилдаг бол бусад нь итгэгчдийн эв нэгдлийг эрхэмлэдэг. Христэд итгэгчдийн гялалзсан амжилттай амьдралыг чухал гэж үздэг нь ч бас байна. Эдгээр нь бүгд чухалчлах хэрэгтэй сайн зүйлс мөн.
Гэхдээ энэ бүхний цаадахь, чухал бүхнийг маань нэгтгэж байдаг нэгэн бодит үнэнийг Христэд итгэгчид төдийлөн анзаардаггүй. Христийн бие доторх бүхий л сайн сайхан зүйлсийн ундрага болсон тэр нэгэн бий. Тэр бол Христ итгэлийн бүхий л талбарт, бүхий л зүйлд биднийг зоригжуулж, хүчирхэгжүүлж байдаг бодгаль юм. Тэр бидэнтэй үргэлж хамт байж, авралын маань төлөө хүчин зүтгэдэг. Тэр бол бидний амь амьсгал. Тэр бол Бурханы Ариун Сүнснээс өөр хэн байх билээ.
Энэ бол Элч нарын тунхагийн тухай цуврал хичээлийн дөрөвдүгээр хичээл. Бид тунхагт Гурвалаар оршигч Бурханы гуравдахь бодгаль Ариун Сүнсний талаарх итгэлийг тунхагладаг итгэлийн тунхаглалуудын тухай үзэх учраас энэхүү хичээлийн маань нэр "Ариун Сүнс".
Элч нарын тунхагт Ариун Сүнсний тухай нэг л мөрөнд ил тодоор хэлсэн байдаг:
Би Ариун Сүнсэнд итгэдэг.
Ариун Сүнсний тухай элч нарын тунхагт үүнээс гадна ганц дурдсан тохиолдол нь Есүс Ариун Сүнсний хүчээр Мариагийн хэвлийд бүрэлдсэн гэж байдаг. Тунхагт Ариун Сүнсний тухай ил тодоор аль нь ч бай тун бага дурдсан байгааг нь та бүхэн анзаарсан байх. Гэсэн ч итгэгчдэд түүхийн туршид маш чухал нөлөө үзүүлсээр ирсэн Ариун Сүнсний тухай олон үнэнийг тунхагзааж өгсөн байдаг.
Ариун Сүнсний тухай бид гурван хэсэгт хуваан үзэх болно. Эхлээд бид түүний Бурхан чанар, Бурхан доторх бие даасан гишүүн гэдгийг авч үзнэ. Хоёрт, бид Түүний бодгалийн онцлог, бурханлиг хүч чадал төдий биш жинхэнэ бие даасан бодгаль гэдгийг онцлон үзнэ. Харин хамгийн сүүлд нь, бид түүний өнгөрсөнд хийсэн, өнөөдөр ч үргэлжлүүлэн буй үйл хэргийн тухай ярилцана. За одоо Ариун Сүнсний бурхан чанарын тухай эхлээд үзэцгээе.
Ариун Сүнсний Бурхан чанарыг бид хоёр талаас нь авч үзэх болно. Нэг талаасаа, Элч нарын тунхаг нь Ариун Сүнсний Бурхан чанарыг баталдаг болохыг үзнэ. Нөгөө талаас, энэхүү тунхагт буй Ариун Сүнсний талаарх сургаалын Библийн үндсийг судлах болно. Ингээд Элч нарын тунхаг нь Ариун Сүнсний Бурхан чанарыг хэрхэн баталсан болохыг эхлээд харцгаая.
Элч нарын тунхаг
Ариун Сүнсний тухай ярих үед ихэнх хүмүүс чуулган нь Ариун Сүнсний Бурхан чанарыг үргэлж хүлээн зөвшөөрч, итгэн тунхагладаг байсан уу хэмээн асуудаг. Бидэнд Никаиагийн тунхгийн түүхэн баримт байгаа бөгөөд Накаиагийн зөвлөл нь Ариун Сүнсний бодгалийн тухай бүрэн тодорхой болгоогүй байдаг. Тиймээс ч өөр зөвлөл гарч ирсэн. Үүнээс болж зарим хүмүүс "Чуулган Ариун Сүнсний Бурхан чанарыг үргэлж хүлээн зөвшөөрч байгаагүй" гэж хэлэх нь бий. Би үүнийг буруу гэж боддог. Зөвлөл хэзээ ч шинэ онол сургаал зохиох зорилготой байгаагүй. Харин зөвлөл нь тэрс үзэлтэй нүүр тулаад байсан чуулганы түүхэн болон уламжлалт сургаалын ойлголтыг тодорхой болгох зорилготой байсан юм. Тиймээс бид элч нарын үеэс эхлэн, сүмийн эцгүүдийн болон чуулганы анхны теологичдын тунхаглалуудаас Ариун Сүнсний Бурхан чанарын тухай сургаалыг олж харж болдог. Тиймээс та үүнд итгэлтэй байж болно.
-Др. Стив Блэйкмор
Бид Элч нарын тунхагт Ариун Сүнсний Бурхан чанарын тухай тодорхой заагаагүй гэдгийг эхнээсээ хүлээн зөвшөөрөх ёстой. Гэвч тунхагт Ариун Сүнсний Бурхан чанарыг наад зах нь шууд бус хоёр ч арга замаар баталсан байдаг. Нэгдүгээрт, Гурвалын бүтэц нь Ариун Сүнсийг Эцэг, Хүү хоёртой эн тэнцүү адилтгадаг. Хоёрдугаарт, Есүс эхийн хэвлийд олдсон талаарх дүрслэлээс Ариун Сүнсний Бурхан чанарыг харж болдог. Одоо бүгдээрээ энэ хоёр асуудлыг авч үзэцгээе. Тэгэхээр эхлээд тунхгийн бүтцийг харцгаая.
Бүтэц
Өмнөх хичээл дээр бид Элч нарын тунхгийг Бурханы онол сургаалын үүднээс авч үзэхдээ энэ нь үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд тус бүр нь “Би итгэдэг” гэсэн тунхаглалаар эхэлдэг болохыг олж харсан. Эхний хэсэг нь Бурхан Эцэгт итгэх итгэлийн тухай байдаг бол хоёрдох хэсэгт Бурханы цорын ганц Хүү, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай байна. Харин гуравдах хэсэгт Ариун Сүнсэнд итгэх итгэлийг хураангуйлж, Түүний идэвхтэй үйлчлэлүүдийг жагсаасан байдаг.
Урд бидний үзсэнчлэн Элч нарын тунхаг нь удаан хугацаанд хөгжиж ирсэн бөгөөд анхны хувилбарууд нь орон нутгийн баптисмын тунхгууд байсан. Тэдгээр анхны хувилбаруудын зарим нь Есүсийн талаарх тунхаглалынхаа өмнө "Би итгэдэг" гэдэг үгсийг ашигласан байдаг. Харин зарим тунхгууд нь МЭ 700 оны үед тогтсон жишигтэй адил "ба" гэдэг үгийг ашигласан байдаг. Ямар үг ашигласнаас үл шалтгаалан санаа зорилго нь бүгд адил юм. Тунхаг нь Бурханы гурван бодгалийн дагуу хуваагдсан байдаг гэсэн үг. Ийнхүү хуваасныг даяар чуулган бүхэлдээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гурвалын нэр томьёо нь Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бодгалиар оршигч, цорын ганц Бурханд итгэх итгэлийг илэрхийлдэг.
МЭ 170-236 онд амьдарч байсан анхны сүмийн эцэг Хипполитус тухайн үеийнхээ баптисмын тунхгийг Гурвалын бүтцийг маш тодорхой болгож өгсөн гэж тайлбарласан байдаг. Энэхүү тунхаг нь орон нутгийн чуулганаас гаралтай боловч яваандаа өргөнөөр ашиглагддаг болсон ба өнөөгийн Элч нарын тунхагтай тун төстэй үг хэллэгтэй. Баптисмын ёслолд ашигласан байдлыг нь харвал Гурвалыг ихэд чухалчилсан гэдэг нь тодорхой байдаг.
Хэн нэгэнд баптисм хүртээхдээ гурван удаа усаар булхдаг байсан тухай Хипполитус тайлбарласан байдаг. Усаар булхах бүртээ тухайн хүн гурвалын бодгаль нэг бүрд хамаарах баптисмын тунхгийг хүлээн зөвшөөрөх ёстой байв. Эхлээд тэр хүнийг Эцэгтэй холбоотой итгэлийн үндсэн тунхаглалыг хүлээн зөвшөөрснийх нь дараа усанд булхана. Тэгээд Хүүтэй хамаарах итгэлийн үндсэн тунхаглалыг хүлээн зөвшөөрснөөр түүнийг дахин хоёр дахь удаагаа усанд булхана. Эцэст нь Ариун Сүнстэй холбоотой итгэлийн үндсэн тунхаглалыг хүлээн зөвшөөрмөгц нь гуравдах буюу сүүлийн удаа усанд булхана. Чуулганы эдгээр болон бусад ижил төстэй ёслолуудаас бид тунхгийн бүтэц нь өөрөө анхнаасаа Ариун Сүнсийг оролцуулан Гурвалын бодгаль бүрийн Бурхан чанар ба үйл хэргийг тодорхой заах зорилготойгоор бичигдсэн гэдгийг харж болно.
Элч нарын тунхагт Ариун Сүнсний Бурхан чанарыг баталсан хоёрдох арга зам бол Есүс эхийн хэвлийд олдсон тухай дүрслэл юм.
Есүс эхийн хэвлийд олдсон нь
Элч нарын тунхагт Бурханы Хүү Есүс Христ нь
"Ариун Сүнсээр олдож" гэжээ.
Энэхүү тунхаглал нь Ариун Сүнсийг бүрэн дүүрэн Бурхан хэмээн ил тодорхой тунхаглаагүй боловч уг итгэл үнэмшлийг хүчтэй илэрхийлж байна. Энд Есүсийн эхийн хэвлийд олдсон тухай өгүүлэхдээ Лук 1:35 дээрх тэнгэрэлчийн Мариатай ярилцсан үгсийг дурдсан байдаг. Энэ нь:
"Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно" гэжээ (Лук 1:35).
Энэ эшлэлд Ариун Сүнсийг Хамгийн Дээд Нэгэний хүч чадалтай эн тэнцүү гэж үзсэн байна. Бид энэ хичээлийнхээ төгсгөлд Бурханд л Хамгийн Дээдийн хүч чадал байдаг тухай үзэх болно. Тиймээс Элч нарын тунхагт Ариун Сүнсний үйл хэргийн жишээ болгон энэхүү эшлэлийг дурдсанаараа тунхаг нь Ариун Сүнсний бүрэн дүүрэн Бурхан чанарыг баталдаг. Энэ дүгнэлтийг мөн Еврей 10:5-7-р эшлэл дээр нотолсон байдаг. Энд:
"Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ “Та өргөл ба тахилыг хүсээгүй, харин Та Надад бие бэлдсэн. Шатаалт ба нүглийн тахилыг Та таалаагүй. Тиймээс «Үзтүгэй, Бурхан минь, Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж Би хэлсэн билээ” гэсэн юм (Еврей 10:5-7).
Энд Есүсийн хүмүүн биеийг бий болгох нь онцгойлон Бурханы ажил байсан гэжээ. Энэ мэт эшлэлүүдээс харвал Элч нарын тунхагт Есүсийг Ариун Сүнсээр олдсон тухай дүрсэлсэн нь Ариун Сүнсний Бурхан чанарыг батлан харуулах зорилготой байсан гэж хэлэхэд аюулгүй болж байгаа юм.
Ингээд бүгдээрээ Элч нарын тунхагт Ариун Сүнсний Бурхан чанарын талаарх итгэл үнэмшлийг хэрхэн илэрхийлсэн тухай үзлээ. Одоо харин энэ талаарх библийн үндсийг харцгаая.
Библийн үндэслэл
Бидний өнөөгийн хүлээн зөвшөөрдөг итгэл үнэмшил нь хэдэн зууны туршид ч хүлээн зөвшөөрөгдсөөр ирсэн гэдгийг ойлгох нь нэн чухал ач холбогдолтой юм. Энэ нь Элч нарын тунхаг нь Ариун Сүнсний Бурхан чанарын тухай юу гэж заадгийг ойлгоход их тустай байдгийн нэг шалтгаан болдог. Хэдий тийм ч бид хамгийн гол баталгааг зөвхөн Библиэс хайх ёстой. Бид тунхгийг Бичвэрийг орлуулахын тулд бус, харин Бичвэрийн хураангуй хэмээн үнэлдэг. Тиймээс бид тунхагт заасан бүхэн нь Библид нийцэж байгаа эсэхийг нягталж байх нь ямагт чухал билээ.
Бичвэрт Ариун Сүнсийг Бурхан гэдгийг баталдаг дор хаяж дөрвөн утга бий. Нэгдүгээрт, бичвэрийн зарим хэсэгт Ариун Сүнсийг Бурхантай ээлжлэн сольж хэлсэн байдаг. Хоёрдугаарт, Ариун Сүнсийг Бурхан гэдгийг батлах нотолгоо бол зөвхөн Бурханд байдаг зарим нэгэн шинж чанарыг мөн Ариун Сүнсэнд хамааруулсан байдаг явдал юм. Гуравдугаарт, Ариун Сүнс зөвхөн Бурханы хийж чадах зүйлсийг хийдэг. Дөрөвдүгээрт, Христитгэгчдийн баптисм хүртдэг нэрст Ариун Сүнс ч мөн орсон байдаг болохыг бид Матай 28-р бүлгээс харж болдог.
-Др. Кэйт Жонсон
Бид Ариун Сүнсний Бурхан чанарт итгэх итгэлийн талаарх библийн үндсийг олон арга замаар харуулж болно. Гэвч бид энэхүү хичээлийнхээ зорилгын хүрээнд Түүний нэрс, Түүний шинж чанар, хийдэг зүйлс болон Түүнийг тодорхойлдог Гурвалын нэр томьёонд анхаарлаа хандуулах болно. Ингээд эхлээд Бичвэрт Ариун Сүнсийг тодорхойлдог ямар ямар нэрс буйг хамтдаа харцгаая.
Ариун Сүнсний нэрс
Библид Ариун Сүнсийг олон янзаар нэрлэсэн байдаг. Зарим нэр нь Түүний Бурхан чанарыг тун далд байдлаар илэрхийлдэг бол зарим нь Түүнийг Бурхан хэмээн маш ил тодорхой нэрлэсэн байдаг. Харин бусад нэр нь энэ хоёрын дундыг баримталсан байдаг гэж хэлж болно.
Түүний Бурхан чанарыг хамгийн далд байдлаар илэрхийлдэг нэр нь "Ариун Сүнс" гэдэг нэр нь ч байж мэдэх юм. Энэхүү "Ариун" гэдэг үгийг ямар нэг байдлаар бурханлаг биш бүтээлийн шинжийг илэрхийлэхэд ч ашиглаж болдог. Ерөнхийдөө "Ариун" гэдэг үг нь энгийн нийтлэг байдлаас ялгаатай зүйлсийг хэлдэг. Учир нь тэдгээр нь Бурханд ямар нэг байдлаар онцгой байдаг. Тиймээс "ариун" гэдэг үг нь өөрөө Ариун Сүнсний Бурхан чанарыг илэрхийлж чаддаггүй юм.
Хэдий тийм ч Хуучин Гэрээнд Бурханыг "Ариун Нэгэн" хэмээн олонтоо дурдсан байдгийг энд анхаарах нь чухал. Бид энэ тухай 2 Хаад 19:22, Исаиа 30:11-15, мөн Хосеа 11:9-12 гэх мэт олон эшлэлүүдээс олж харж болно. Түүнчлэн Исаиа 63:10-11 зэрэг эшлэлд Бурханыг Өөрийг нь Ариун Сүнс гэж нэрлэсэн тохиолдлууд ч бий. Мөн Еврейн эртний боловч онгодоор бичигдээгүй утга зохиолуудаас, жишээ нь Мэргэн ухааны номын 9:17-р эшлэлээс энэ мэт жишээг олж болно. Хуучин Гэрээний эдгээр жишээнүүд дээр тулгуурлан "Ариун Сүнс" гэдэг нэрийг бид бурханлаг чанарыг илэрхийлж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Түүний далдутгатай нэрсийн тухай ярьсан учраас одоо ил ба далд гэсэн хоёр арга замын хооронд Ариун Сүнсний Бурхан чанарыг тодорхойлсон байдаг зарим нэрсийг харцгаая. Эдгээрт "Эзэний Сүнс", "Бурханы Сүнс", мөн "Амьд Бурханы Сүнс" гэх мэт нэрс багтдаг. Мөн "Есүсийн Сүнс", "Христийн Сүнс" "Есүс Христийн Сүнс" зэрэг нь орох бөгөөд "Эцэгийн тань Сүнс", "Түүний Хүүгийн Сүнс", "Есүсийг үхлээс амилуулсан Нэгэний Сүнс" хэмээн хэлсэн нь ч бий. Эдгээр бүх нэрс нь хүн өөрийнхөө Сүнстэй нэгдмэл байдгийн адил Бурхан ч мөн Ариун Сүнстэй нэгдмэл байдаг гэдгийг тодорхой илэрхийлснээрээ Ариун Сүнс бол Бурхан гэдгийг харуулж байгаа юм. Паул 1 Коринт 2:11 дээр энэ холбоог маш тодорхой тайлбарласан. Энд:
"Хүний бодлыг доторх сүнснээс нь өөр хэн мэдэх билээ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ" гэжээ (1 Коринт 2:11).
Бидний сүнс бол биднийг хүн болгодог зүйлсийн нэгээхэн хэсэг юм. Хүмүүний энэ хэсгийг нь хүн биш гэх боломжгүй шүү дээ. Үүнчлэн Ариун Сүнс ч гэсэн бүхэлдээ Бурхан мөн. Энэ нь Түүнд Эцэгийн бодол санааг мэдэх боломжийг олгодог. Ийнхүү Ариун Сүнс Христитгэгчдэд Бурханы бодол санааг илчилснээрээ Өөрийгөө Бурхан гэдгийг мөн харуулдаг.
Эцэст нь Ариун Сүнсийг "Бурхан" хэмээн маш тодорхой нэрлэсэн зарим эшлэлүүд ч бий. Хамтдаа Үйлс 5:3-4 дээрх Ананиадад хэлсэн Петрийн үгсийг сонсоцгооё. Энд:
"Ананиа аа, зүрх чинь яагаад Сатанд автаж, чи газрынхаа өртгөөс заримыг нь нуун, Ариун Сүнсэнд худал хэлэв?... Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ" гэжээ (Үйл 5:3-4).
Энэ багц эшлэлд Петр эхлээд Ананиаг Ариун Сүнсэнд худал хэллээ гэсэн. Тэгээд дараа нь тэрээр түүнийг Бурханд худал хэлсэн гэсэн нь юу гэсэн утгатай болохыг тайлбарлажээ. Элч Петр энд Ариун Сүнсийг шууд "Бурхан" хэмээн тодорхой дуудсан байна.
Ингээд Бид Библи дэх Ариун Сүнсний нэрсийн тухай авч үзэхдээ тэдгээрийн ихэнх нь Түүний Бурхан чанарыг далд утгаас нь авхуулаад, ил тодорхой байдлаар хэрхэн илэрхийлснийг олж харлаа.
Тэгвэл Ариун Сүнсний Бурхан чанарыг батлан харуулдаг Библийн хоёрдох арга зам бол Түүнд Бурханд л байдаг шинж чанарыг хамааруулсан явдал юм.
Ариун Сүнсний шинж чанарууд
Христитгэлийн теологичид Бурханыг хоёр төрлийн шинж чанартай гэж үзсээр ирсэн. Эдгээр нь Бурханы дамждаг ба дамждаггүй шинж чанарууд юм. Өөрөөр хэлбэл Түүнд бүтээлүүдэд нь "дамждаг" буюу тэдэнтэй "хуваалцдаг" шинж чанарууд байдаг.
Тухайлбал, Бурханд хүн төрөлхтөнтэй хуваалцан, дамжуулж өгдөг оюун ухааны шинж чанар байдаг. Хязгаарлагдмал бүтээл болохынхоо хувьд хүн төрөлхтөн нь Бурханы оюун ухааныг төгс ухамсарлан ойлгодоггүй. Гэсэн ч бидэнд аливаа юмсын оюун ухаанаараа тунгаан бодох чадвар байсаар л байна. Мэдээж энэ нь бид Бурхан гэсэн үг биш. Харин энэ нь Бурхан биднийг бүтээсэн бөгөөд оюун ухааныхаа шинж чанарын хэмжүүрийг бидэнд дамжуулан өгсөн болохыг л батлан харуулдаг. Тэгэхээр бидний энэ чанар Бурханаас эхтэй бөгөөд бид Түүний бүтээл учраас Түүний оюун ухааны шинж чанарын тусгал болсон юм.
Бурханы өөр нэгэн дамждаг чанар бол Түүний хайр юм. Бидний бусдыг хайрлах хайр хийгээд Бурханыг хайрлах хайр ч Бурханы хайрын шинж чанараас шууд эхтэй гэдгийг Библид олон удаа заадаг. Бид энэ тухай Галат 5:22, Ефес 5:1, 2 Тимот 1:7, мөн 1 Иохан 5:7-21 зэрэг эшлэлүүдээс харж болно.
Үүнээс гадна зөвхөн Бурханд л байдаг дамждаггүй шинж чанарууд гэж бий. Тэдгээр чанаруудыг бүтээлүүдтэй хуваалцах боломжгүй байдаг. Бурханы энэхүү дамждаггүй шинж чанарууд гэвэл Түүний хязгааргүй оюун ухаан, мэдлэг ба мэргэн ухаан бүхий Түүний "бүхнийг мэдэгч" чанар, мөн Түүний хязгааргүй хүч чадал буюу "бүхнийг чадагч" чанар, түүнчлэн нэгэн зэрэг бүх газарт байгч Түүний "хаа сайгүй оршигч" чанар болон Түүний үүрдийн үүрд, үл тасрах оршихуй болох "мөнх чанар" зэрэг нь юм. Зөвхөн Бурханд л байдаг эдгээр шинж чанаруудаас хэд хэд нь Ариун Сүнсэнд ч мөн байдаг учраас бид Түүнийг Бурхан гэдгийг баталдаг. Гэхдээ Библийг сайтар судлах юм бол Ариун Сүнс үнэндээ Бурханд байдаг бүхий л шинжийг агуулдаг гэдгийг олж мэдэж болно. Тэгэхээр эхлээд Ариун Сүнс бол "бүхнийг мэдэгч" гэдгийг авч үзье.
Сүнс Бурханы бодол санааг төгс мэддэг гэж Бичвэр хэлсэн. Энэ тухай Ефес 1:17, 1Коринт 2:10-11-р эшлэлүүдээс харж болно. Бурханы бодол санаа хязгааргүй учир бүрэн төгс мэдэхийн тулд Түүнтэй мөн ижил хязгааргүй бодол санаатай байх шаардлагатай болно. Бурханы хязгааргүй бодол санааг ойлгодог Ариун Сүнсний энэхүү чадвар нь Түүнийг "бүхнийг мэдэгч" гэдгийг нь баталж буй юм. Ийнхүү Ариун Сүнс нь "бүхнийг мэдэгч" тул Тэрээр Өөрөө Бурхан мөн билээ.
Түүнчлэн Ариун Сүнсний "бүхнийг чадагч" шинж чанар нь Түүнийг Бурхан гэдгийг баталдаг. Түүний хүч чадал бол Бурханы хязгааргүй хүч чадал юм. Бичвэрт Ариун Сүнсний хүч чадлын талаар 1 Самуел 10:6, Ром 15:19, 1 Коринт 12:11, 1 Тессалоник 1:5 зэрэг олон газарт өгүүлсэн байдаг. Эхлэл 1:1-3-р эшлэлээс Ариун Сүнс Бурханы хүч чадалтай ямар холбоотой болохыг харцгаая. Энэ нь:
"Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа.Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов" гэжээ (Эхлэл 1:1-3).
Бид өмнө нь Хуучин Гэрээнд Бурхан гэж хэлэхдээ ихэвчлэн Гурвалыг бүхэлд нь хамруулж хэлсэн байдаг тухай үзсэн. Гэвч мэдээж тухайн үг хэллэг, агуулгаас шалтгаалан аль нэг бодгалийг нь онцлон хэлсэн байж бас болно. Энэ тохиолдолд Ариун Сүнсний бодгалийг Бурханы Сүнс хэмээн онцлон хэлсэн байна. Тиймээс гэрлийг бүтээх ажлыг Ариун Сүнс хийсэн. Энэ бүлэгт Бурханы бүтээсэн бусад бүх зүйлийн хувьд ч мөн адил. Тэгэхээр Ариун Сүнс "бүхнийг чадагч" байхын тулд буюу оргүй хоосноос аливааг бүтээхийн тулд Тэрээр бүрэн дүүрэн Бурхан байх ёстой аж.
Ариун Сүнсний өөр нэгэн дамждаггүй чанар бол "хаа сайгүй оршигч чанар" юм. Дуулал 139:7-10-р эшлэлд биднийг тэнгэр өөд одсон ч, далайн хамгийн алсын хэсэгт суусан ч Сүнс бүтээлийн бүхий л хэсэгт оршин байдаг тухай заадаг.
Мөн Ариун Сүнс нь "мөнх" чанартай. Еврей 9:14 дээр Ариун Сүнсийг "мөнх Сүнс" хэмээн нэрлэсэн нь Тэр үргэлж оршин байсан бөгөөд оршсоор байх болно гэсэн утгатай юм.
Ариун Сүнсний эдгээр болон бусад дамждаггүй шинж чанаруудаас үзвэл Библид Ариун Сүнсийг Бурхан гэдгийг тодорхой заасан байна.
Үйл хэрэг
Ариун Сүнсний Бурхан чанарыг нотлох Бичвэр дэх гуравдах баталгаа бол Түүний үйл хэрэг юм. Бид удалгүй энэ хичээлээрээ Ариун Сүнсний ажил үйлсийг илүү гүнзгий судлах болно. Харин одоо Түүнийг Бурхан гэдгийг харуулдаг үйл хэргээс нь цөөн хэдийг нь авч үзэцгээе.
Ариун Сүнсийг Бурхан гэдгийг батлах Бичвэрийн нэг хэсэг бол Түүний хийсэн үйл хэргийг харах явдал юм. Бурханы Сүнс бол бидэнд Христийг гэрчилж, Христтэй нэгтгэн, шинэ амь ба амилалтыг бидэнд өгч, бүтээлд оролцдог Тэр Нэгэн юм. Энэ бүх үйл хэрэг нь Бурханы үйлсээс өөрцгүй байдаг. Эдгээрийг хүмүүс ч, тэнгэрэлч нар ч, өөр ямар ч бүтээл үйлдэж чадахгүй. Гагцхүү Бурхан Өөрөө л хийдэг зүйлс билээ. Уг ойлголтод үндэслэн бид Ариун Сүнсийг тусдаа бодгаль төдийгүй, Өөрөө Бурхан гэдгийг харж болно.
-Др. Стефен Ж.Вэллум
Бичвэрт Ариун Сүнс нь зөвхөн Бурханы л хийж чадах зүйлсийг үйлддэг бөгөөд энэ нь Түүний бурханлаг хүч чадал ба шинж чанарыг нь харуулдаг. Жишээ нь Ром 8:11 дээр Тэр бидний сүнсийг сэргээн шинэчилснээр шинэ амийг өгдөг гэсэн байдаг. Ефес 2:18 дээр Тэр бол бидний Эцэгт хүрэх зам гэсэн нь ч бий. Мөн Тэрээр бидэнд авралыг гүйцэлдүүлдэг хэмээн Ром номын 5-8-р бүлэгт заасан байдаг бол Ром 15:4, 19 зэрэг эшлэлүүдэд эш үзүүлэгчид төдийгүй Эзэн Есүсийн үйлдсэн гайхамшигт үйлсийн хүч чадлын ундарга нь Ариун Сүнс юм гэдгийг тодорхой заасан байдаг. Ийнхүү Ариун Сүнсний бурханлаг үйл хэргийн жагсаалтыг дурдаж барахгүй. Тиймээс Түүний Бурхан чанарыг батлах цөөн хэдэн гол жишээнд анхаарал хандуулъя.
Юуны өмнө Бурханы үг болох Бичвэр бүр Ариун Сүнсний онгодоор бичигдсэн байдаг. Ариун Сүнсний Үг бол Бурханы Үг гэдгийг ойлгох нь бид Түүнийг Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг мөн. Бид энэхүү санааг Матай 10:20, Иохан 3:34, Үйлс 1:16 болон 4:31, мөн Ефес 6:17 зэрэг эшлэлүүдээс харж болно. Жишээ болгон 2 Петр 1:20-21-р эшлэлийг сонсоцгооё. Энд:
"Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Бурханаас ирсэн бөгөөд Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүсээр дамжин хэлэгджээ" гэжээ (2 Петр 1:20-21).
Петр энэ эшлэлд Ариун Сүнсээр хөдөлгөгдөнө гэдэг нь Бурханаас хэлэгдсэн гэсэн утгатай болохыг заажээ. Бичвэр нь Бурханы онгодоор ялангуяа Бурханы гуравдах бодгаль болох Ариун Сүнсээр онгод оруулагдаж, хэлэгдсэн тул Бурханы үг мөн билээ.
Өөр нэг жишээ гэвэл Ариун Сүнс Зөвлөгчийн үүрэг гүйцэтгэдэг нь Түүнийг Бурхан гэдгийг харуулдаг. Иохан 14-16-р бүлэгт Есүс Ариун Сүнсийг үнэнийг илчилж, нүглийн талаар ертөнцийг зэмлэн, Есүсийг гэрчилдэг Зөвлөгч хэмээн тодорхойлсон байдаг. Эхэндээ хачирхалтай сонсогдож байж болох ч энэхүү Зөвлөгчийн үйлчлэл нь Ариун Сүнсийг Есүс Өөрөө дэлхий дээр оршин байхаас ч илүү үнэ цэнтэй болгодог. Энэ тухай Есүс Иохан 16:7 дээр хэлэхдээ:
"Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ" гэжээ (Иохан16:7).
Та энэ тухай бодоод нэг үзээрэй. Есүсийн хэлснээр бол чуулгантай Ариун Сүнсний оршихуй хамт байх нь Есүс Өөрийн биеэр хамт оршихоос илүү сайн гэсэн байна. Тэгвэл бүтээгдсэн, хязгаарлагдмал аливаа оршихуй нь Христийн дэлхий дээрх оршихуйн ерөөлөөс илүү байж чадахгүй шүү дээ. Тиймээс Ариун Сүнс бидэнд Хүү Бурханаас илүү ашигтай байхын тулд Өөрөө Бурхан байх ёстой болж байгаа юм.
Нэр томьёо
Бичвэр дэх Ариун Сүнсний Бурхан чанарыг баталдаг дөрөв дэх арга зам бол Гурвалын нэр томьёонд Түүний нэрийг Эцэг, Хүү хоёрын хамт оруулсан байдаг явдал юм.
Гурвалын нэр томьёо гэдэг нь Гурвалын бодгаль бүрийг харьцангуй эн тэнцүү байдлаар, ихэвчлэн тэдний хамтралыг харуулах замаар тодорхой дурдсан Бичвэрийн хэсэг юм. Библи Эцэг, Хүү, Ариун Сүнс гурвыг эн тэнцүү хамтрагчид гэж хэлснээрээ Ариун Сүнс бол Эцэг болон Хүүгийн адил Бурхан юм гэдгийг тодорхойлсон гэсэн үг. Бид Ром 15:30, 1 Коринт 12:4-6, 2 Тессалоник 2:13-14 болон өөр олон хэсгээс энэхүү нэр томьёог харж болно. Ингээд эдгээр нэр томьёоноос хоёрыг жишээ болгон хамтдаа харцгаая.
Эхнийх нь, Матай 28:19 бөгөөд энд Есүс тушаахдаа:
"Та нар яв, бүх үндэстнийг дагалдуул. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээ..." гэжээ (Матай 28:19).
Энд Есүс баптисм нь Гурвалын бодгаль бүрийн нэр ба эрх мэдлээр хийгдэх ёстой хэмээн заажээ. Уг тушаал нь Бурханы бодгалиудын хооронд ямар нэг ялгаа зааг гаргаагүй байна. Харин эдгээрийн эн тэнцүү гэдгийг илтгэдэг.
Хоёрдох тодорхой жишээ бол 2 Коринт 13:14-р эшлэл юм. Энд Паул хэлэхдээ:
"Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай" гэжээ ( 2 Коринт 13:14).
Паул захидлынхаа төгсгөлийн ерөөлд Эзэн Есүс Христ буюу Хүү, Бурхан болох Эцэг, мөн Ариун Сүнсийг хамтад нь нэгтгэн хэлсэн байна. Ингэснээрээ тэрээр эдгээр гурван бодгалиуд нь авралын ерөөлийг хангах эн тэнцүү хамтрагчид болохыг танилцуулжээ.
Дээрх нэр томьёонууд нь Ариун Сүнсийг Бурхан доторх эн тэнцүү бодгаль гэдгийг тодорхой харуулдаг. Эдгээр нь Эцэг, Хүү, Ариун Сүнс нь үндсэн гол бурханлаг чанар ба үйл ажиллагаагаараа бие биетэйгээ эн тэнцүү гэжээ. Тухайлбал тэд нүгэлтнүүдэд аврал, нигүүлслээ өгөх хийгээд Бурхан хэмээн магтаал, хүндлэлийг хүлээн авахдаа ч ижил тэнцүү хэмээн дүрслэгдсэн байна.
Гурвалын талаарх Христитгэлийн онол сургаал нь Бурханыг гурван бодгалийн нэгдлээр мөнхөд оршигч цор ганц Бурхан гэж заадаг. Ариун Сүнс бол Бурхан учраас бид Түүнээс зөвхөн залбиран гуйх биш, мөн Түүнийг Бурхан хэмээн магтан хүндлэх ёстой.
-Др. Кэйт Жонсон
Ингээд бид Ариун Сүнсний Бурхан чанарын тухай үзсэн тул одоо бүгдээрээ хоёрдох сэдэв болох Түүний бодгаль чанарын тухай үзэхэд бэлэн боллоо. Энэ хэсэгт бид Ариун Сүнсийг зүгээр нэг бурханлаг нөлөө эсвэл хүч чадал биш, харин жинхэнэ бие даасан бодгаль гэдэг талаас нь авч үзэх болно.
БОДГАЛЬ ЧАНАР
Чуулганы түүхийн туршид олон олон хүмүүс Ариун Сүнсийг өөрийн гэсэн ухамсартай, бурханлаг шинж чанартай, бие даасан бодгаль гэдгийг үгүйсгэсээр ирсэн байдаг. Зарим нь Ариун Сүнс бол өөр хэлбэрээр оршин буй Эцэг Бурхан Өөрөө юм гэж итгэдэг байсан. Зарим нь “Ариун Сүнс” гэдэг нэр бол эртний бичээчдийн Бурханы хүчийг дүрслэхдээ ашигладаг байсан үг төдий хэмээн маргадаг. Харин Элч нарын тунхгийн бүтцээс харвал энэ нь Ариун Сүнсийг Бурхан доторх тусдаа бие даасан, жинхэнэ бодгаль гэдэг Библийн байр суурийг баталж байгааг бид харж болно. Энэ бол Бичвэрийн маш тодорхой сургаал бөгөөд олон зууны туршид Христитгэлт чуулган бүрийн баримталдаг байр суурь байсаар ирсэн билээ.
Шинэ Гэрээнд Ариун Сүнсийг зүгээр л бодит бус хүч төдий биш харин бие даасан бодгаль хэмээн дүрсэлдэг. Тиймээс чуулган энэхүү гэрчлэл дээр байгуулагдаж, яг л үүнд итгэж байгаагаа илэрхийлсээр ирсэн байдаг. Үүнийг дараагийн тунхагт илэрхийлэхийн тулд энэ талаар жинхэнэ маргаан гарах хүртэл гурав, дөрвөн зуун жил болсон нь үнэн. Харин Кайсерын Базил энэ тухай дөрөвдүгээр зууны үед авч үзэхдээ цоо шинэ онол сургаалыг тодорхойлоогүй. Зүгээр л хүмүүсийн гурван зууны туршид итгэсээр ирсэн зүйлийг гаргаж тавьсан хэрэг байв.
-Др. Петр Волкер
Элч нарын тунхаг нь эдгээр асуудлыг тодорхой заагаагүй гэдгийг бид эхнээсээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Христитгэлийн эхний хэдэн зуунд гарч байсан Ариун Сүнсний талаарх теологийн чухал маргаануудыг харах юм бол Түүнийг Гурвалын гишүүн гэх тунхгийн баталгаа нь мөн Түүнийг бие даасан бодгаль гэдгийг баталдаг. Библид суурилсан бусад Христитгэлийн урсгал, чиглэлүүдийн адил Элч нарын тунхаг нь Бурханы Сүнсийг зүгээр л хүч нөлөө эсвэл бурханлаг хүч хэмээн үзэхээс татгалздаг.
Бид Ариун Сүнсний бодгаль чанарын талаарх тунхгийн баталгааны библийн үндсийг гурван хэсэгт хуваан үзэх болно. Нэгдүгээрт, бид Ариун Сүнсний эзэмшдэг хувьт чанаруудыг үзнэ. Хоёрдугаарт, бид Түүний Эцэг ба Хүүгээс ялгаатай хувийн онцлогт анхаарлаа хандуулах болно. Гуравдугаарт, бид Түүний Гурвалын бусад гишүүдтэй харилцах хувьчилсан харилцааг нь тайлбарлах болно. Ингээд эхлээд Ариун Сүнс бол бүрэн дүүрэн бие даасан бодгаль юм гэдгийг баталдаг шинж чанаруудыг үзэцгээе.
Шинж чанарууд
Ариун Сүнсний хувьт чанарын тухай ярихдаа бид тухайн бодгалийн онцгой чанарын тухай ярих юм. Энэ нь зүгээр л нэг бодит бус хүч нөлөө биш харин жинхэнэ бие даасан бодгальд байдаг шинж чанарууд гэсэн үг.
Шинэ Гэрээнд дан ганц Бурхан Эцэгийн нэрс, Бурхан Эцэгийн үйл хэрэг, Бурхан Эцэгийн шинж чанар, Бурхан Эцэгийн хийсэн зүйлсийн тухай л өгүүлсэн байдаггүй. Харин энд Хүүгийн тухай, Ариун Сүнсний тухай ч мөн яг адил тайлбарласан байдаг нь тун сургамжтай санагддаг. Өөрөөр хэлбэл Библи дэх Эцэг Бурхантай холбоотой бүх хувьт чанаруудыг Шинэ Гэрээнд Ариун Сүнс Бурхантай холбосон байдаг гэсэн үг юм. Энэ нь бидэнд дахиад л Ариун Сүнс бол зүгээр нэг хүч ба нөлөө биш харин бие даасан бодгаль юм гэдгийг онцлон сануулдаг.
-Др. Ж. Лигон Дункан III
Ариун Сүнс нь жагсаан бичихийн аргагүй олон хувьт чанаруудтай. Тиймээс бид Түүний бодгаль чанарыг нь дүрслэн харуулах дөрвөн л жишээг авч үзнэ. Юуны өмнө Ариун Сүнсэнд Өөрийн гэсэн хүсэл байдаг. Энэ бол Түүний төлөвлөх, хүсэх мөн сонгохдоо ашигладаг чадвар юм. Үүнийг хийж чаддаг нэгэн нь зүгээр л нэг хүч ба нөлөө байх боломжгүй нь ойлгомжтой. Бид 1Коринт 12:11-р эшлэлээс Түүний хүслийн тухай харж болдог. Энд Паул сүнслэг бэлгүүдийн хуваарилалтын тухай өгүүлсэн байдаг. Энэ нь:
"Энэ бүхнийг мөнөөх л нэг Сүнс ажиллуулдаг бөгөөд Өөрийн тааллаар хүн тус бүрд хуваарилан өгдөг" гэжээ (1 Коринт 12:11).
Ариун Сүнс хүмүүст өөр өөр бэлэг авьяас байгаасай хэмээн хүсдэг. Бодит бус нэгэнд өөрийн гэсэн төлөвлөгөө, хүсэл байхгүй шүү дээ. Харин зөвхөн аливаа бодгаль л эдгээрийг үйлдэж чадна. Тэгэхээр Ариун Сүнс бол бодгаль байх учиртай.
Мөн Ариун Сүнсэнд Өөрийн гэсэн оюун ухаан бий. Үүгээрээ Тэрээр мэдлэг хийгээд бусдад заах чадварыг эзэмшдэг. Тэрээр энэхүү оюун ухааныхаа чадварыг олон арга замаар илэрхийлсэн байдаг. Жишээ нь, 1 Коринт 2:10-12-р эшлэлд Тэрээр Бурханы бодол санааг нягталж, мэддэг тухай өгүүлдэг. Түүнчлэн Ром 8:27 дээр Түүнд Өөрийн гэсэн бодол санаа байдаг болохыг харж болдог. Мөн 1 Коринт 12:8 дээр Тэрээр мэргэн ухаан, мэдлэг ойлголтыг ч өгдөг бөгөөд Лук 12:12 дээр Түүнийг бусдад зааж зөвлөдөг хэмээжээ.
Есүс Өөрөө Ариун Сүнсний оюун ухааны тухай Иохан 14:26 дээр өгүүлсэн нь бий. Тэрээр элч нартаа юу гэж хэлснийг хамтдаа харцгаая. Энд:
"Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно" гэжээ (Иохан 14:26).
Бодит бус нэгэн нь бодохгүй, мэдэхгүй, заахгүй. Тиймээс оюун ухаантай байна гэдэг нь Ариун Сүнсийг бодгаль гэдгийг баталж байгаа юм.
Үүгээр ч зогсохгүй Ариун Сүнсэнд сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж, халамж хайр бий. Эдгээрийг нь бид Түүний хэн нэгэнд болон, ямар нэгэн үйл явдлуудад хэрхэн хариу үйлдэж байгаагаас нь харж болдог. Түүний бусад хувьт чанаруудын адил сэтгэл хөдлөл нь Түүнийг зүгээр нэг хүч чадал биш, харин бодгаль гэдгийг нь баталдаг. Жишээ нь, Ром 15:30 дээр Ариун Сүнсний хайрын тухай дурдсан байдаг. Мөн 1 Тессалоник 1:6 дээр Түүний баяр хөөрийн тухай өгүүлдэг. Тэрээр мөн гашуудан гомддог болохыг Ефес 4:30 бидэнд харуулдаг. Энд:
"Бурханы Ариун Сүнсийг бүү гашуудуул. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү" гэжээ (Ефес 4:30).
Ариун Сүнсэнд гашуудан гомдох зэрэг сэтгэл хөдлөл байдаг нь Түүнийг жинхэнэ бие даасан бодгаль гэдгийг баталж байна.
Эдгээрээс гадна Сүнсэнд бидний хэлж заншсанаар "гүйцэтгэгч чанар" байдаг. Тэрээр Өөрийн гэсэн хүсэлтэй бөгөөд ямар нэг зүйлийг зорьж, зорьсноо гүйцэлдүүлэх чадвартай. Энэ нь Түүнд зөвхөн аливаа бодгалийн л хийж чадах тэдгээр зүйлсийг гүйцэтгэх боломжийг өгдөг. Жишээ нь, Ариун Сүнс Бурханыг гэрчилдэг талаар Иохан 15:26 болон Ром 8:16 зэрэг эшлэлд өгүүлдэг. Тэрээр мөн бидэнтэй нөхөрлөдөг талаар Филиппой 2:1-д дурдсан байдаг бөгөөд үгээ хэлж, тушаал буулгадаг болохыг Үйлс 8:29, 13:2 зэргээс тус тус харж болно. Жишээ болгон Ром 8:26-27-р эшлэлийг харцгаая. Энд:
"Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг... Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм" гэжээ (Ром 8:26-27).
Ариун Сүнс итгэгчдийн төлөө залбирдаг нь Түүний бие даасан бодгаль чанарын бас нэгэн баталгаа юм. Бодит бус хүч ба нөлөө нь чин сэтгэлээсээ ёолон байж зуучлан залбирахгүй шүү дээ. Гагцхүү аливаа бодгаль л тэгж чадна.
1834-1892 оны үед амьдарч байсан агуу Баптист номлогч Чарлес Спөржеон нэгэн номлолдоо Ром 8:26-27-р эшлэл дэх Ариун Сүнсний зуучлан залбирлын тухай ийнхүү хэлсэн байдаг:
"Ариун Сүнс бидэнд махан бие хийгээд оюун санааныхаа сул дорой байдлыг даван туулахад тусалдаг. Тэр бидэнд бие махбодын өвчин зовлон, сэтгэл зүйн хямрал гутрал, сүнслэг зөрчил тэмцэл болон гүжир гүтгэлэг, үгүйрэл хоосрол, хавчлага дарлалын аль нь ч байсан загалмайгаа үүрэн урагшлахад маань тусалдаг. Тэр бидний сул дорой байдалд тусалдаг. Тэнгэрлэг хүчирхэг туслагчтай бид айж мэгдэх шаардлагагүй билээ. Бурханы нигүүлсэл бидэнд хангалттай. Түүний хүч чадал нь сул дорой байдалд төгс болох болно" гэжээ.
Миний дотор ямар нэгэн зүйл, надаас хүчирхэг хэн нэгэн ажилласаар байгаа гэдгийг мэдэх нь надад үнэхээр их урам зоригийг өгдөг. Заримдаа бидэнд арга мухардан, дарлагдан зовж буй мэт санагдах зэрэг ямар ч мэдрэмж төрж болдог. Гэвч энэ нь зүгээр л мэдрэмж төдий байдаг ба бодит байдал биш юм. Агуу хүчит Бурханы Ариун Сүнс намайг Христтэй адил болгохын тулд тасралтгүй ажилласаар байдаг. Үнэхээр гайхалтай урам зориг биш гэж үү. Мөн үүнд бид үнэхээр нухацтай хандах ёстой. Учир нь би үргэлж амьд Бурханы оршихуйд байж, Бурханы нүүр царайн өмнө амьдарч байгаа шүү дээ. Би аливаа алдаагаа бусдаас нууж болох ч, Бурханы оршихуйд байгаа цагт нууц гэм нүгэл гэж бидэнд байх боломжгүй юм. Ариун Сүнс бол Ариун Сүнс. Бурханы Сүнс бол цэвэр ариун. Мэдээж пастор хүнийхээ хувьд би гэм нүгэлтэй тэмцэлдэж байгаа хүмүүст зөвлөхдөө үүнийг л ойлгуулахыг хүсдэг. Найдвараа бүү алд. Ариун Сүнс зүрх сэтгэлд чинь, амьдралд чинь ажилласаар байгаа. Гэм нүглийг ялахын тулд Христэд итгэж, Христийн дотор амар. Ариун Сүнс таны дотор болон тантай үргэлж хамт байж, ажилласаар байгаа тул хайхрамжгүй хандаж болохгүй юм.
-Др. Деннис И. Жонсон
Бид Ариун Сүнсний хувьт чанарууд нь Түүнийг бие даасан бодгаль гэдгийг хэрхэн баталдаг тухай үзлээ. Тиймээс одоо бүгдээрээ Гурвалын бие даасан бодгалийн хувьд Тэрээр Эцэг, Хүү хоёроос ямар ялгаатай болохыг авч үзэцгээе.
Ялгаа
Ариун Сүнс болон Гурвалын бусад бодгалиуд нь хоорондоо ялгаатай талаар өгүүлсэн Библийн эшлэлүүд нь тийм ч тодорхой биш байдаг. Бид үүнийг эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээ нь, Галат 4:6-р эшлэлд Ариун Сүнсийг Бурханы Хүүгийн Сүнс гэсэн байдаг бол Матай 10:20-д Эцэгийн Сүнс гэж нэрлэсэн байдаг. Гурвалын гишүүдийн хоорондын ялгаанаас нь илүү харилцаа холбоог нь онцолсон өөр олон нэр Түүнд бий.
Эдгээр багц эшлэлүүд чуулганы эхэн үед ихээхэн маргаан дагуулдаг байсан хэдий ч бид энэхүү ойр дотно харилцааг хараад гайхах зүйлгүй юм. Гурвал угаасаа нэг л Бурхан шүү дээ. Тиймээс Ариун Сүнсийг Эцэг, бас Хүүгийн Сүнс гэж үзэх нь яг оносон хэрэг. Үүний зэрэгцээ мөн тэр хоёроосоо тусдаа ялгаатай бодгаль гэдгийг нотлох нь ч зүйтэй.
Ариун Сүнс болон Гурвалын бусад бодгалийн хоорондын ялгааг онцлон судлах нэг арга зам бол ялгаатай байдлаа онцлох замаар нэг нэгэнтэйгээ харилцаж буйг нь харуулсан Бичвэрийн хэсгүүдийг харах явдал юм. Тэдний эдгээр ялгаануудыг харуулсан олон багц эшлэлүүд байдаг. Гэвч хоёр эшлэлээс л харахад Сүнс бол Эцэг болон Хүүгээс тусдаа ялгаатай гэдэг нь ойлгомжтой болдог. Ингээд эхлээд Иохан 16:7-р эшлэл дэх Есүсийн хэлсэн үгийг харцгаая. Энд:
"Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ" гэжээ (Иохан 16:7).
Есүс энэ эшлэлд эхлээд Хүү явахгүй бол Ариун Сүнс ирэхгүй гэж хэлсэн байна. Нэг нь ирэхээс өмнө нөгөө нь явах ёстой гэж хэлснээрээ Есүс Өөрийгөө Ариун Сүнснээс тусдаа гэдгийг тодорхой ялгаж өгсөн. Тэд тус бүрдээ өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Хүү газар дэлхий дээрх ажлаа дуусгаж, тэнгэр өөд явахаас нааш Ариун Сүнс ажлаа эхэлж чадахгүй ажээ. Үүнээс харахад л Сүнс бол Хүүгээс тусдаа гэдэг нь тодорхой байна.
Үүний адил Сүнс мөн Өөрийгөө Эцэгээс тусдаа ялгаатай гэдгийг харуулах зүйлсийг ч хийдэг. Жишээ нь, Зөвлөгчийн үүргийнхээ дагуу Ариун Сүнс бол Бурханы өмнө бидний төлөө гуйж, залбирахад маань тусалж дэмнэдэг, биднийг хамгаалдаг өмгөөлөгч билээ.
Ерөнхийдөө бол Христийн үйлсийг гүйцэлдүүлэх нь Ариун Сүнсний ажил шүү дээ. Христ бидний төлөө амиа өгч, золиос болсон. Харин энэхүү үйлсийг нь үргэлжлүүлэн, бидний зүрх сэтгэлийг өөрчлөх нь Ариун Сүнсний ажил. Тиймээс бидэнд хоёулаа хэрэгтэй. Нэг ёсондоо хэрэв бидэнд зүрх сэтгэлд минь ажлаа хийх Ариун Сүнс үгүй сэн бол бид өдгөө ийнхүү зогсохгүй байсан. Учир нь энэ бүгд нь Христийн үйлсийн улмаас Бурхан биднийг дотроос маань өөрчлөхөөр зорьдогт оршдог. Тиймээс Сүнс ирж, Сүнс шинэчлэн өөрчилж, бидэнд шинэ амийг өгдөг. Сүнс биднийг ариусган, ариуслын замаар хөтлөн дагуулж, бэлэг авьяас, ивээл ерөөл, үр жимсийг бидний амьдралын бүхий л талбарт өгдөг. Тиймээс Сүнсний ажил бидний амьдралд зайлшгүй шаардлагатай юм.
-Др. Жон М. Фрэйм
Жишээ нь, Ром 8:26-27-р эшлэлд Паул ингэж хэлсэн байна:
"Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Тиймээс Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм" гэжээ (Ром 8:26-27).
Паул Ариун Сүнс бидний өмнөөс Эцэгт хандан зуучлан гуйдаг гэж хэлжээ. Энэ нь тэднийг тус тусдаа бодгаль гэдгийг тодорхой тайлбарласан хэрэг юм. Нэг нь зуучлан залбирч, нөгөө нь тэр залбирлыг сонсож байна гэсэн үг.
Тэр Эцэгт зуучлан залбирдаг. Тэрээр хэрхэн залбирахаа ч мэдэхгүй байхад маань зүрх сэтгэлд минь ярьж, дотроос маань ёолон байж залбирдаг. Тэгж байж л өөрсдөө ч хэрхэн хэлэхээ мэдэхгүй байгаа тэр бүхнээ бид Бурханд хандан хэлдэг юм хэмээн Паул хэлжээ.
-Др. Жон М. Фрэйм
Хүүгийн нэрээр, Ариун Сүнсний хүч дотор Эцэгт хандан залбирах нь залбирлын гол хэв загвар гэж хэлж болно. Мөн бид чинь Бурханд үнэнч байдлаа алдахгүйгээр эсвэл залбирлынхаа зам мөрөөс буцахгүйгээр Ариун Сүнсэнд шууд хандаж болох тийм л нигүүлсэл ба эрх чөлөө бүхий итгэл бишрэлтэй хүмүүс шүү дээ.
-Др. Глен Ж. Скоржи
Ариун Сүнсэнд хандсан залбирал гэх гайхалтай залбирал нь бидний залбирлын үлгэр загвар болдог. Үүнийг МЭ 354-с 430 оны хооронд амьдарч байсан сүмийн эцэг Августин бичсэн хэмээн үздэг. Энэ нь:
"Ариун Сүнсээ миний дотор амьсгалж
Ариусгаач бодол санааг минь
Ариун Сүнсээ миний дотор ажиллаач
Ажил үйлс минь ч ариун байх болтугай
Ариун Сүнсээ сэтгэлд минь ойр байгаач
Ариун бүхнийг би хайрлая
Ариун Сүнсээ хүч чадлаа өгөөч
Ариун бүхнийг би хамгаалъя
Ариун Сүнсээ намайг харж хамгаалж
Ариун байлгаж өгөөч намайг үүрд мөнх"
Ингээд бүгдээрээ Ариун Сүнсийг бие даасан бодгаль гэдгийг нь хувьт чанар болон Түүний Эцэг ба Хүүгээс ялгарах байдлынх нь хүрээнд авч үзлээ. Одоо Түүний Гурвалын бусад бодгалиудтай харилцах харилцааных нь тухай үзье.
Харилцаа
Гурвалын бодгалиудын хоорондын харилцааг хоёр өнцгөөс тайлбарласаар ирсэн уламжлал байдаг талаар бид уг хичээлээрээ үзсэн шүү дээ. Тодруулбал теологичид Гурвалын онтологи болон Гурвалын экономикийн онолын тухай хэлэлцсээр ирсэн. Энэ хоёр онол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн нэг л Гурвалын тухай ярьдаг. Хамгийн гол нь эдгээр нь Бурханы гурван бодгалийн хоорондын харилцааг өөр өөр талаас нь онцлон үздэг гэсэн үг.
Гурвалын онтологи нь Бурханы оршин буйн тухай буюу оршихуйд гол анхаарлаа хандуулдаг. Энэ үзлээр бол Ариун Сүнс хүч чадал, сүр жавхлангийн хувьд Эцэг, Хүү хоёртой эн тэнцүү юм. Бурханы гурван бодгаль гурвуулаа цаглашгүй, мөнхийн бас хувиршгүй. Тэд тус бүр мэргэн ухаан, хүч чадал, ариун байдал, зөвт үнэн, сайн сайхан зэрэг талаараа яг адил тэнгэрлэг мөн чанартай.
Харин Гурвалын экономик онол бол Бурханы бодгалиудын хоорондын харилцаанд гол анхаарлаа хандуулдаг. Энэ үзлээр бол бодгаль бүр нь өөр өөр үүрэг, эрх мэдэл хийгээд өөр өөрийн хариуцсан ажилтай байдаг. Эцэг ба Хүүгийн дээд эрх мэдэлд Сүнс захирагддаг. Сүнсний үүрэг бол тэдний зааврыг биелүүлж, тэдэнд алдар магтаалыг авчрах явдал юм.
Бурхан хаана байна, тэр газарт Ариун Сүнс мөн байна. Сүнс нь Бурханы оршихуйг төдийгүй үйлсийг нь илэрхийлдэг. Тиймээс Бурхан Өөрийн бүтээлтэйгээ харилцдаг харилцааг нь харах юм бол Ариун Сүнсгүйгээр тайлбарлах аргагүй юм. Ариун Сүнс яг одоо хүн төрөлхтний түүхийг хөтлөн дагуулж байна. Түүнийг үнэхээр Бурханы халамж ба хайрыг түгээдэг төлөөлөгч гэж хэлж болно.
-Др. Р. Алберт Мохлер, Жр
Христитгэлийн теологийн хувьд, Гурвалын онтологи болон экономик онолын аль алинд нь Ариун Сүнс бол гуравдахь бодгаль мөн.
Гурвалын онтологийн хувьд Ариун Сүнс нь нэгдэх бодгаль болох Эцэгийн мөн хоёрдох бодгаль болох Хүүгийн үлээн амьсгалснаар өгөгддөг гэж байдаг тул гуравдах бодгаль юм.
Тэгэхээр түр азнаад, Зүүний Ортодоксын сүм чуулганууд Ариун Сүнс бол Хүүгийн амьсгалснаар бус зөвхөн Эцэгийн амьсгалснаар өгөгддөг гэж үздэг болохыг энд хэлэх нь зүйтэй байх. Уг сургаалын ялгаан нь МЭ 1054 оны үед Зүүний болон Барууны сүм чуулгануудын дунд хагарал үүсэх шалтгаануудын нэг болсон байдаг. Энэ нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Элч нарын тунхаг энэ зөрчил маргаанаас өмнө бичигдсэн учраас Зүүний болон Барууны хоорондох энэхүү зөрчлийг мэдээж хөндөөгүй байдаг. Чуулганы энэ хоёр урсгал хоёулаа Элч нарын тунхгийн тунхаглалуудыг бүгдийг хүлээн зөвшөөрдөг.
Гурвалын экономик онолын зүгээс үзвэл Ариун Сүнс бол Эцэгт мөн Хүүд аль алинд нь захирагддаг тул гуравдах бодгаль юм. Бичвэрт Түүний ийнхүү захирагддаг талаар олон янзаар тодорхой дурдсан байдаг. Жишээ нь, Түүнийг Эцэг эсвэл Хүү илгээдэг ба өгдөг гэдэг. Бичвэрт Лук 11:13, Иохан 14:26, 15:26, мөн Үйлс 2:33 гэх мэт эшлэлүүдэд энэ тухай заасан байдаг. Ариун Сүнс ирээд, Өөрийг нь хийлгэхээр илгээсэн бүгдийг гүйцэлдүүлснээрээ Эцэг ба Хүүд дуулгавартай байдаг. Яг үүний тухай бид Иохан 16:13, Ром 8:11, 1 Петр 1:2 гэх эшлэлүүдээс харж болдог.
Энэхүү Гурвалын экономик онолоор Ариун Сүнс гуравт байгаа гэж харагддаг ч Тэрээр бүрэн дүүрэн Бурхан бөгөөд бүтээлийн бүхий л хэсэгт бүрэн эрх мэдэлтэй хэвээр гэдгийг онцлох нь зүйтэй. Мөн үүний дээр Гурвалын дотор харилцан эн тэнцүү байдал байх бөгөөд энэ нь нэгнийхээ хийдэг зүйлийг бусад нь ч мөн хийдэг гэж болно. Тиймээс Ариун Сүнс Эцэгт бас Хүүд захирагддаг гэдэг нь Тэр угаас тэдний доор байдаг гэсэн үг биш. Огтхон ч тийм биш юм. Ариун Сүнс үнэндээ бурхан чанараараа нөгөө хоёртойгоо бүрэн дүүрэн эн тэнцүү юм.
Ариун Сүнс бол бие даасан бодгаль гэдэг үзэл нь Христитгэлийн теологийн салшгүй хэсэг мөн. Үүнд итгэх олон шалтгаан байдгийг бид бүгдээрээ үзлээ. Ариун Сүнсэнд Түүнийг тусдаа, онцлог ялгаатай, бие даасан бодгаль гэдгийг нь батлах олон хувьт шинж чанарууд байдаг. Мөн Түүний Эцэг ба Хүүтэй харилцдаг харилцаанаас харахад Тэр бол зүгээр нэг бодол санаагүй хүч нөлөө, хүч чадал биш харин бодитоор оршдог бодгаль гэдэг нь эргэлзээгүй. Тэгэхээр бид энэхүү уламжлалт онол сургаалд итгэлтэй байж болно, бас байх ч ёстой билээ.
Ингээд Ариун Сүнсний тухай энэ хичээлээрээ бид Элч нарын тунхаг дахь Сүнсний бурхан чанар, мөн Түүнийг бүрэн дүүрэн бие даасан бодгаль гэдэг тунхаглалыг авч үзлээ. Тиймээс одоо бид гуравдах гол сэдэв болох Ариун Сүнсний түүхийн туршид төдийгүй өнөөдөр ч хийсээр байгаа үйл хэргийнх нь тухай үзэхэд бэлэн боллоо.
ҮЙЛ ХЭРЭГ
Сүнсний үйл хэргийн талаар гүн гүнзгий ойлголттой байхын нэг ашиг тус нь Бурхан бидний дотор хүн бүрийн амьдралд ажилласаар байгааг мэдэж авах явдал юм. Тэр зүгээр товчлуур дарах ажил хийдэггүй. Харин Тэр бидний дунд ирж, бидний хүн нэг бүртэй харилцдаг. Энэ нь Сүнс бидний зүрх сэтгэлд оршдог гэсэн үг юм. Тэр бидэнтэй хамт, бидний төлөө залбирдаг. Тэр бидэнд ариун байдлын бэлгийг өгч, мөн олон өөр зүйл дээр ч хамт байж тусалдаг. Үнэндээ Тэр амьдралын маань алхам бүрд Христитгэлийн үр жимсийг өгдөг гэж Галат номонд Паул хэлсэн байдаг. Тэр бидэнд чуулгандаа үйлчлэх олон бэлэг авьяасыг өгдөг. Энэ бүхэн үнэндээ Сүнсээр дамжуулан хийж буй Бурханы ажил билээ.
-Др. Жон М. Фрэйм
Элч нарын тунхагт Сүнсний ажлыг ил тод дүрслээгүй байдаг. Гэсэн хэдий ч энд "Би Ариун Сүнсэнд итгэдэг" хэмээн тунхагласан нь Сүнсний хийдэг ажлын талаарх хэд хэдэн итгэл үнэмшлийг илэрхийлсэн хэрэг юм.
Сүнсний үйл хэргийг бид олон талаас нь тайлбарлаж болох ч одоогоор дөрвөн талыг нь л авч үзэхэд хангалттай. Нэгдүгээрт, бид Түүний бүтээлч хүч чадлыг үзнэ. Хоёрдугаарт, Түүний ариусгах ажлын талаар харцгаана. Гуравдугаарт, бид Түүний бидэнд үзүүлдэг нигүүлслийн тухай ярилцах болно. Харин дөрөвдүгээрт, бид Түүний илчлэлүүдийн тухай судлах юм. Ингээд Түүний бүтээлч хүч чадлын тухай эхлээд үзэцгээе.
Бүтээлч хүч чадал
Бид "Бүтээлч хүч чадал" гэдэг үгээрээ Ариун Сүнсний шинийг бүтээх чадвар болон Түүний бүтээгдсэн зүйлсийг захирч, өөрчлөх чадварыг багтаан хэлж байгаа юм.
Библийн Эхлэл номын 1-р бүлгийг нээгээд харахад л Сүнс усан дээгүүр элин хальж байдаг шүү дээ. Харин Колоссай 1-р бүлгийг эргүүлээд харвал Христ бол Бүтээгч бөгөөд Тэрээр аливааг Ариун Сүнсээр бүтээдэг тухай бид уншдаг. Сүнс мөн дахин бүтээх үйл явцад ч оролцдог. Дахин бүтээх гэдэг маань сүнсээр дахин төрөх тухай ярьж байгаа юм. Сүнс л хүний сүнсийг шинэчилдэг. Хүн сүнсээр дахин төрөхгүй бол Бурханы хаанчлалд орж чадахгүй. Гэхдээ Сүнс зөвхөн бидний сүнсийг шинэчлээд зогсохгүй, хорвоо ертөнцийг шинэчилдэг юм шүү дээ. Тиймээс Паул Ром 8-р бүлэгт бүтээл өөрөө төрхийн өвдөлтөөр ёолон, бүх зүйлийг шинэчлэгдэхийг буюу Ариун Сүнсний ажлыг хүсэн хүлээж буй тухай өгүүлдэг.
-Др. Дерек Томас
Ариун Сүнсний бүтээлч хүч чадлын тухай ярихдаа бид Түүний үйл ажиллагааны гурван өөр түвшинд анхаарлаа хандуулах болно. Нэгдүгээрт, бид Түүний байгаль дэлхий дээрх бүтээлч ажлуудынх нь тухай ярилцана. Хоёрдугаарт, бид Түүний чуулганд өгдөг сүнслэг бэлгүүдийг авч үзэх болно. Гуравдугаарт, бид Түүний хүмүүний сүнс, зүрх сэтгэлийг шинэчилдэг ажил үүргийнх нь тухай судална. Тэгэхээр эхлээд бүгдээрээ Түүний байгаль дэлхий дээрх бүтээлч хүч чадлынх нь тухай үзэцгээе.
Байгаль дэлхий
Ариун Сүнсний байгаль дэлхий дээрх бүтээлч хүч чадлын хамгийн эхний ажлууд Библийн эхэнд бий. Бид энэ хичээлийнхээ эхэнд Эхлэл номын 1-р бүлэг дээрх бүтээл дэх Сүнсний оролцооны тухай үзсэн. Энд Тэрээр оргүй хоосноос орчлон дэлхийг Өөрийн бүхнийг чадагч хүч чадлаараа бүтээсэн гэдгийг онцолдог. Дуулал 104:30-р эшлэлээс бид үүнтэй ижил санааг харж болдог. Дуулаач энд газар дэлхий болон түүн доторх бүхий л бүтээлийг зөвхөн бүтээлийн эхний долоо хоногт төдийгүй өдөр бүр бүтээлгэхээр Сүнсээ илгээдэгт нь Бурханыг магтан, талархлаа өргөсөн байдаг. Дуулал 33:6-д уг санааг дэмжиж, Иов 33:4-т илүү өргөжүүлэн хүн төрөлхтний тухай өгүүлсэн байдаг.
Нэг жишээ болгож Дуулал 104:30-р эшлэлд юу гэж хэлснийг сонсоцгооё. Энд:
"Таныг Сүнсээ илгээхэд тэд бүтээгддэг, Та газрын төрхийг ч шинэчилдэг" гэжээ (Дуулал 104:30).
Энэ эшлэлд дуулаач бүх бүтээл хэрхэн бий болсон талаарх ойлголтоо илэрхийлсэн байна. Тэрээр бүхнийг Бурханы Сүнсний буюу Ариун Сүнсний ажил гэж хэлжээ.
Ариун Сүнсний байгаль дэлхий дээрх бүтээлч хүч чадлыг бид мөн Библи дэх олон гайхамшгуудаас харж болно. Жишээ нь, Хуучин Гэрээнд Гэтлэл 17:6-р эшлэлд Ариун Сүнс Мосед туслан хаднаас ус гаргасан. Мөн 1 Хаад 17-р бүлэгт Тэрээр бэлэвсэн эмэгтэйн гурил ба тосыг өсгөж өгдөг.
Шинэ Гэрээнд, Матай 14-р бүлэгт Тэрээр хоол хүнсийг таван мянган хүнд, мөн Матай 15-р бүлэгт дөрвөн мянган хүнд хүрэхээр болгон өсгөхөд нь Есүст тусалсан. Тэр л Есүсийг үхлээс амилуулсныг бид Ром 8:11-р эшлэлээс уншдаг. Мөн Тэрээр Паулд гайхамшиг үйлдэх болон үйлчлэх хүчийг өгсөн тухай Ром 15:18-19-р эшлэлээс бид харж болно.
Мэдээж Түүний үйлдсэн агуу гайхамшгуудын нэг нь Есүсийн биежилт юм. Есүс Ариун Сүнсээр онгон Мариагийн хэвлийд бүрэлдсэн билээ. Лук 1:35-р эшлэл дэх яг энэхүү гайхамшиг бол Элч нарын тунхагт тодорхой дурдсан Ариун Сүнсний цорын ганц үйлс юм.
Өнөөдөр ч Ариун Сүнс бүх бүтээлийг бүтээх, шинэчлэх, Бурханы тэдгээрт зориулагдсан эцсийн төлөвлөгөөг нь гүйцэлдүүлэх гайхалтай хүч чадалтай хэвээр байна.
Чухамдаа энэ дэлхий ертөнцийг шинэчлэх Түүний ажил нь хүн төрөлхтний гэм нүглийн бүхий л үр дагаврыг бүрэн арилгах хүртэл нь дуусахгүй билээ. Адам Ева хоёр Сайн Мууг Мэдүүлэгч модноос хориотой жимсийг идсэнээс болж Бурханы хараалыг хүртсэн. Энэ тухай Эхлэл 3-р бүлэгт гардаг. Бурхан хүн төрөлхтнийг газар дэлхийг бүхэлд нь захирах элч, төлөөлөгчөө болгон томилсон байсан. Тиймээс Адам, Ева нарын дээрх Бурханы хараал нь газрыг оролцуулан бүх бүтээлд нөлөөлсөн юм.
Тэр цагаас хойш Ариун Сүнс энэ дэлхийг шинэчлэн сэргээж, эсцийн зорьж буй төрх байдалд нь хүргэхийн тулд ажилласаар байна. Түүний ажлын үр дүнд шинэ тэнгэр, шинэ газар бий болох тухай Исаиа 65:17, 66:22, 2 Петр 3:13, мөн Илчлэл 21:1 гэх мэт хэсгүүдээс бид харж болдог.
Ингээд бид Ариун Сүнсний байгаль дэлхий дээрх бүтээлч хүч чадлынх нь тухай үзлээ. Одоо харин Тэрээр бүтээлч хүч чадлаараа чуулганд сүнслэг бэлэг авьяасуудыг хэрхэн хангаж өгдөг болохыг хамтдаа харцгаая.
Сүнслэг бэлэг авьяас
Сүнслэг бэлэг авьяасын тухай ярих үед бид:
"Чуулганыг барьж байгуулах зорилгоор Ариун Сүнсний хувь хүн бүрт өгдөг ер бусын чадварууд" хэмээн боддог.
Ариун Сүнс хүмүүст урьд дутагдаж байсан шинэ чадваруудыг өгөх эсвэл угаас байсан чадваруудыг нь хөгжүүлэх замаар хүний хүчнээс хэтийдсэн чадварыг ч өгдөг. Мөн Тэрээр бэлэг авьяасын үр шимийг хүртэж байгаа хүнд ч ер бусын бэлэг авьяасыг өгдөг юм.
Шинэ Гэрээн дэх сүнслэг бэлэг авьяасууд бол ер бусын байдлаар олж авсан онцгой, гайхалтай чадварууд юм. Тэдгээр нь энгийн ур чадвараас хавь илүү гэдгийг онцлох нь зүйтэй. Итгэгч бүр энэ бэлэг авьяасыг ер бусын байдлаар хүлээн авдаг. Итгэгч бүр сүнслэг бэлэгтэй эсвэл сүнслэг бэлэгтэй болох боломжтой гэж хэлж болно.
-Др. Марк Л. Страусс
Анхны чуулганд Ариун Сүнсний өгч байсан бэлэг авьяасын төрлүүдийн талаар Ром 12 болон 1 Коринт 12, мөн Ефес 4 гэх мэт бүлгүүдэд бичсэн байдаг. Тэдгээр бэлэг авьяасын зарим нь төрөлх авьяас бэлэг буюу хүмүүнд угаас байдаг чадваруудад тулгуурласан байдаг. Эдгээр нь итгэгч биш хүмүүст ч байдаг чадварууд юм. Учир нь тэд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн шүү дээ. Тэдэнд мэргэн ухаан, мэдлэг, үйлчлэх сэтгэл, зааж сургах, урамшуулах, өгөх, удирдах, энэрэх гэх мэт чадварууд бий. Харин эдгээрээс бусад эдгээх, гайхамшиг үйлдэх зэрэг сүнслэг бэлэг авьяасууд нь ер бусын чадварууд гэдэг нь тодорхой байдаг. Мөн эш үзүүлэх, хэлээр ярих, хэлнүүдийг орчуулах, сүнснүүдийг ялгах гэх мэт хүний төрөлх болон ер бусын чадваруудын хооронд орших чадварууд ч мөн бий.
Бүх Христитгэгчид Ариун Сүнс чуулгандаа ер бусын бэлэг авьяасыг өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт аль талаараа ялгаатай ойлголтууд ч мөн бий. Зарим сүм чуулганууд сессашионист буюу сүнслэг бэлгүүд "байхаа больсон" гэдэг үзлийг баримталдаг. Тэд орчин цагт Ариун Сүнс зөвхөн хүний төрөлх чадвартай нийцэх бэлэг авьяасыг л өгдөг болсон гэж итгэдэг. Өөрөөр хэлбэл энэ нь ер бусын бэлэг авьяасууд нь элч нарын үеэс хойш эсвэл Бичвэрийн канон бүрдэж дууссан цагаас хойш зогссон гэдэг үзэл юм.
Харин бусад чуулганууд континуашионист буюу сүнслэг бэлгүүд "үргэлжлэн оршсоор байгаа" гэсэн байр суурийг баримталдаг. Тэд Ариун Сүнс Шинэ Гэрээнд дурдагдсан бэлэг авьяасуудыг одоо ч өгсөөр байдаг гэж итгэдэг. Гэхдээ энэ үзэл дотроо Христитгэгч бүр ямар ямар бэлэг авьяасыг хүлээн авч болох талаар олон өөр үзэл баримтлалтай байдаг.
Туйлын ялгаатай энэ хоёр үзлийн хооронд дундыг баримталдаг олон янзын үзлүүд мөн бий. Дундыг баримталдаг чуулганууд нь Ариун Сүнс Өөрөө хүсэх юм бол ер бусын бэлэг авьяасуудыг одоо ч өгнө гэж итгэдэг. Гэвч Ариун Сүнснээс чуулгандаа тэр бүх төрлийн бэлэг авьяасаа өгөх ёстой гэж заавал шаарддаггүй. Тэдгээр чуулганууд Ариун Сүнс Өөрийн хүссэн үедээ хүссэнээ өгөх эрх чөлөөтэй гэдгийг илүү чухалд тооцдог гэсэн үг.
Ямартай ч эдгээр үзэл баримтлалууд нь бүгд л Ариун Сүнс чуулганыхаа сайн сайхны төлөө зарим нэг бэлэг авьяасаа өгсөөр байгаа гэдэгт ямар нэг хэмжээгээр итгэж байгаагаараа адил юм. Сүнслэг бэлэг авьяас бол Бурханы хүч чадал бөгөөд тэдгээр нь бүхэлдээ Түүний хүмүүсийн төлөө байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр бэлэг авьяас нь хүний хувийн хүсэл сонирхлыг хангах, цаашлаад хувийн сүнслэг өсөлтийг нь дэмжихийн төлөө өгөгддөггүй. Харин чуулганы үйлчлэлийг хүчирхэгжүүлж, хүмүүсийг нь Христ дотор төлөвшихөд нь туслах зорилготой. Энэ тухай бид Ром 12:4-5, 1 Коринт 12:7, Ефес 4:7-16 гэх мэт эшлэлүүдээс харж болно. Тэдгээрээс 1 Коринт 12:7-р эшлэлийг жишээ болгон харцгаая. Паул энд:
"Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж" гэжээ (1 Коринт 12:7).
Энэ эшлэлд Паулын хэлснээр сүнслэг бэлгүүд нь чуулганы тусын тулд өгөгддөг гэжээ. Бэлэг авьяасыг хүлээн авсан итгэгчид тэр бэлэг авьяасынхаа үр шимийг хүртэж болох юм. Гэхдээ гол зорилго нь чуулганы төлөө л байдаг. Бэлэг авьяасууд бол Ариун Сүнс чуулганаа барьж байгуулахын тулд ашигладаг Түүний хүч чадлынх нь бүтээлч үйл хэрэг юм.
Бэлэг авьяасуудыг эрэн хайж, хөгжүүлж, Христийн бие буюу чуулган дотор ашиглах ёстой гэдгийг бид бүхэн андахгүй сайн мэдэх биз ээ. Сүнслэг бэлгүүд нь хэн нэгэн ганцаараа л үр шимийг нь хүртдэг байхаар өгөгддөггүй. Харин энэ нь бүлэг хүмүүсийг, бүлэг итгэгчдийг буюу Есүс Христийн чуулганыг барьж байгуулахын төлөө л өгөгддөг юм.
-Др. Риад Кассис, орчуулга
Сүнсний бидэнд өгдөг сүнслэг бэлгүүд нь чуулганыг бэхжүүлэн, чуулганыг барьж байгуулж, Христитгэлийн үйлчлэлийг хийж, бие биеэ зоригжуулан, агуу тушаалыг биелүүлэхийн төлөө бидэнд өгөгдсөн юм. Бидний өнөөгийн хамгийн чухалчлаад байгаа хэлээр ярих, эш үзүүлэх зэрэг харисматик асуудлууд нь үнэндээ Библиэс харах юм бол хамгийн чухал нь байгаагүй. Бид сүнслэг бэлгүүдэд хандахдаа Шинэ Гэрээний хандлагыг л баримталмаар байгаа юм. Энэ нь биднийг тайтгаруулж, шинэ гэрээний үе эхэлсэн гэдгийг харуулдаг. Мөн хүн бүрийн дотор хийгддэг, хамтын нэгдлийн дунд хийгддэг. Сүнсний ажил үйлчлэл нь дэлхий дээрх чуулганы үйлчлэлийг урагшлуулж байдаг. Үүнийг ойлгосноороо бид энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа өөрийн амьдрал, цаашлаад чуулганы хамтын амьдралдаа юунд анхаарах ёстойг мэдэж авах болно.
-Др. Стефен Ж. Вэллум
Ингээд бид Ариун Сүнс бүтээлч хүч чадлаа байгаль дэлхий дээр болон сүнслэг бэлгүүдийг өгөхдөө хэрхэн ашигладаг тухай үзлээ. Одоо Түүний хүч чадал итгэгч бүрийн сүнс, зүрх сэтгэлийг хэрхэн өөрчлөн шинэчилдэг тухай хамтдаа харцгаая.
Хувь хүний өөрчлөлт шинэчлэлт
Хүн төрөлхтөн анх төрөхдөө л сүнсний хувьд үхмэл байдаг хэмээн Бичвэрт заадаг. Ром 5:12-19-р эшлэлд бид Адамын нүглийн улмаас гэм буруутай болсон тул үхэх ялтай гэдгийг тодорхой өгүүлдэг. Тиймээс биднийг энэ гачлантай байдлаас аврахын тулд Ариун Сүнс Бурханы өмнө бидний сүнсэнд амь өгч, шинэ амьдралтай болгодог. Энэ шинэ амьдралыг Библид шинэчлэгдэх, дахин төрөх гэж хэлдэг. Иохан 3:3-8, Тит 3:5, 1 Иохан 5:1-18 зэрэг өөр олон эшлэлээс бид дахин төрөлтийн тухай уншиж болно. Нэг жишээ болгож, Тит 3:5-р эшлэлд Паулын хэлсэн үгийг сонсоцгооё. Энд тэрээр:
"Тэр биднийг зөвтөөр үйлдсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм" гэжээ (Тит 3:5).
Дахин төрж шинэ хүн болсны маань дараа Ариун Сүнс биднийг Эзэнийг хайрлаж дагадаг хүмүүс болгохын тулд бодол санаа, мэдрэмж, үйлдлийг маань өөрчлөхөөр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Шинэ Гэрээнд Ром 8:1-16, 1 Коринт 12:3, Галат 5:16-25, мөн Филиппой 2:13 зэрэг эшлэлүүдэд энэ тухай бичсэн байдаг. Ариун Сүнсний хувьсган өөрчлөх хүч чадлын талаарх хамгийн алдартай хэсэг бол итгэгч бүрийн амьдралд Ариун Сүнсний бий болгодог үр жимсний тухай өгүүлсэн Паулын тайлбар юм. Галат 5:22-23-р эшлэлд Паул юу гэж бичсэнийг харцгаая. Энд:
"Харин Сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дөлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг нь юм" гэжээ (Галат 5:22-23).
Зан чанарт маань гарч байгаа өөрчлөлтүүд бол биднийг Есүс Христийн дүр төрхийн дагуу шинэчилж буй Ариун Сүнсний идэвхтэйгээр ажилладаг бүтээлч хүч чадлынх нь үр дүн юм.
Тэгээд мэдээж нэг л өдөр, Ариун Сүнс бүтээлч хүч чадлаараа итгэмжит итгэгчдийнхээ бие махбодыг үхлээс амилуулах болно. Ингэхдээ Есүсийн нэгэн адил төгс, ялзарч муудахгүй биеийг бидэнд өгөх юм. Ром 8:23-р эшлэлд Паул үүний тухай юу гэж хэлснийг сонсоцгооё. Тэрээр энд:
"Зөвхөн бүтээл ч биш, Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч өөрсдөө бас дотроо ёолж, биднийг үрчилж авахыг буюу биеийг маань золин аврахыг тэсэж ядан хүлээдэг" гэжээ (Ром 8:23).
Христийн дагалдагчид Сүнсний анхны үр жимсийг авсан гэж Паул хэлэхдээ Хуучин Гэрээнд өнгөрсөн жилийнхээ бүхий л ургацын дээжийг авчирч өргөдөг байсантай холбоотой үг хэллэгийг ашигласан байдаг. Үүнчлэн итгэгчдийн дотор хийж буй Ариун Сүнсний ажил бол удахгүй ирэх илүү агуу зүйлийн дээж буюу анхны үр жимстэй адил ажээ. Биднийг дахин бүтээж, бүх алдаа, хараалыг арилган, анх бүтээгдсэн байдлыг маань сэргээж, гэм нүглээс ангижрах хүртэл Ариун Сүнсний үйл хэрэг үргэжилсээр байх болно. Сүнс аль хэдийн бидний сүнсэнд шинэ амь өгчихсөн байгаа ч гэсэн эцэст нь бидний бие махбодыг ч мөн дахин бүтээх билээ.
Бид Ариун Сүнсний бүтээлч хүч чадлын ажил үйлсийн тухай үзлээ. Одоо Түүний ариусгагч ажил үйлсийнх нь тухай үзэх нь зүйтэй.
Ариусгал
Сүнсний ариусгах ажил гэдэг нь Түүний аливаа хүмүүс ба юмсыг ариун болгох үйлсийн тухай байдаг. Энэ бол тэдгээр хүмүүс ба юмсыг Бурханы үйлчлэлд зориулан тусгаарлаж, ариусгаж, Түүний илчлэгдсэн алдарт нийцүүлэхээр ажилладаг Ариун Сүнсний үйл хэрэг билээ. Энэ хичээлийн сүүлийн хэсэгт үзсэн шинэчлэлт өөрчлөлтийн тухай ойлголттой энэхүү санаа нь олон талаараа тун ойр холбоотой байдаг.
Чуулган бол ариун бөгөөд Ариун Сүнсний оршихуй ба үйлчлэлээр ариусгагддаг хэмээн Библид олонтаа өгүүлдэг. Ром 15:16, 1 Коринт 6:11, 2 Тессалоник 2:13, мөн 1 Петр 1:1-2 гэх мэт эшлэлүүдээс бид яг энэ тухай харж болно. 1 Коринт 3:16-17-р эшлэлд Паул Ариун Сүнсний тухай юу гэж хэлснийг харцгаая. Энд:
"Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? ... Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн" гэжээ (1 Коринт 3:16-17B).
Хуучин Гэрээний сүм бол газар дэлхий дээрх Бурханы онцгой оршихуй дотор нь оршдог газар байсан юм. 2 Шастир 6:1-р эшлэлд Соломон хааны тунхагласнаар энэ бол Бурханы газар дэлхий дээр орших өргөө гэжж. Гэхдээ Шинэ Гэрээнд Бурхан сүм чуулганы дотор оршин байхаа больсон. Харин оронд нь Ариун Сүнс чуулганыг шинэ сүм чуулган болгон ариусгасан. Үүнтэй адил санааг Ефес 2:22-р эшлэлд тодорхой хэлсэн нь бий. Мөн үүнийг Бичвэрийн өөр олон хэсэгт дэмжсэн байдаг.
Түүнчлэн Ариун Сүнс итгэгч хүн бүрийн дотор оршсоноороо тэднийг ариусгаж байдаг гэжээ. Энэ бол Ариун Сүнс итгэгчдийн зүрх сэтгэлд оршдог гэсэн утгатай юм. Ийнхүү итгэгчдийн дотор оршдог гэсэн санаа нь Ром 8:9-16, 1 Коринт 6:19, 2 Тимот 1:14, Иаков 4:5 гэх мэт Бичвэрийн олон хэсэгт дурдагдсан байдаг.
Итгэгч хүний хувьд Ариун Сүнс дотор нь оршдог гэдэг бол үнэхээр чухал бодит үнэн мөн. Бурхан хүмүүсийн дотор ажлаа хийж, тэднийг Христ доторх шинэ бүтээл болгох үед Ариун Сүнс тэдний амьдралыг хариуцаж авдаг. Тиймээс бид Түүнээс бүрэн хамаарч, бидний дотор орших хүч чадалд нь түшиглэхгүй л юм бол махан биеэрээ л амьдрах болно шүү дээ. Сүнс дотор амьдрах нь биднийг хүслийнх нь дагуу Христийг алдаршуулж амьдрах боломжтой болгодог. Тиймээс Сүнс дотор амьдрах, махан биеэрээ амьдрах хоёр их ялгаатай гэдгийг бүгд хэлж чаддаг.
-Др. К. Эрик Теоннес
Ариун Сүнс бидний дотор орших нь хэд хэдэн үр дүнг авчирдаг. Цөөн хэдийг нь дурдвал Тэрээр бидний гэм нүглийг цэвэрлэж, Бурханд зориулан тусгаарладаг. Ийнхүү бид оюун бодол ба зүрх сэтгэлдээ Сүнсний үр нөлөөг эдэлж, үр шимийг нь хүртдэг. 1 Коринт 6:9-11-р эшлэлд Паул эдгээрийн тухай өгүүлсэн нь бий. Энд:
"Зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй ...Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, зөвтгөгдсөн (1 Коринт 6:9-11).
Ариун Сүнсний ариусгах ажлын үр дүнд итгэгчид цэвэр ариун болж, Бурханд зориулан тусгаарлагддаг. Тиймээс тэд цаашид хорон муу хүмүүс хэмээн тооцогдохгүй юм.
Бурхан таны дотор оршин байдаг нь ямар онцгой гайхалтай хэрэг вэ хэмээн та бодож байсан уу? Хорвоо ертөнцийн бүтээгч танд маш их хайртай учраас үүрд мөнх хамт байхаар бүр мөсөн тантай нэгдсэн юм. Түүний шийдвэр хэзээ ч буцахгүй. Та Түүний зүрх сэтгэлийн гүнд байдаг. Түүнтэй харилцаатай байвал та гэм нүглийг ялж чадна. Сорилтыг тэсвэрлэж, Бурханд таалагдах замаар амьдрах хүч чадалтай болно. Гэвч та нүгэл үйлдэж, энэ нь хэчнээн аймшигтай нүгэл байсан ч Бурхан таныг хүлээн авахад бэлэн хэвээр байсаар байдаг. Та Түүнтэй нөхөрлөж, хүндэлж мөргөн мөн мэдээж уучлал гуйж, өршөөлийг хүлээн авахын тулд Түүний оршихуйд очих боломжтой хэвээр байна.
Энд хүртэл бид Ариун Сүнсний бүтээлч хүч чадал болон ариусгадаг ажлынх нь тухай авч үзлээ. Тиймээс одоо бид Түүний бурханлаг нигүүлслээрээ хэрхэн засагладаг тухай үзэхэд бэлэн боллоо.
Нигүүлсэл
Бид Ариун Сүнсний бидэнд өгдөг гурван төрлийн нигүүлслийн тухай ярих болно. Эдгээр нь нийтлэг нигүүлсэл, гэрээний нигүүлсэл, мөн авралын нигүүлсэл юм. Ингээд нийтлэг нигүүлслийн тухай эхлээд үзье.
Нийтлэг нигүүлсэл
Нийтлэг нигүүлсэл бол итгэдэг эсэхээс нь үл хамааран бүх хүн төрөлхтөнд үзүүлж, үр өгөөжийг нь хүртээж байдаг Бурханы хүлцэнгүй байдал юм. Ариун Сүнс энэ нийтлэг нигүүлслээ хүн бүрд эн тэнцүү хүртээдэггүй. Харин Тэр Өөрийн хүсэл, төлөвлөгөөний дагуу энд тэндгүй ажлаа хийдэг гэж болно.
Жишээ нь, Ариун Сүнс энэ дэлхийн гэм нүглийг хэрхэн хязгаарлан барьж байгаагаас бид тэрхүү нийтлэг нигүүлслийг нь харж болно. Ром 8:1-8-р эшлэлд Паулын заасанчлан гэм нүгэлд унасан үл итгэгчид нүгэлдээ захирагддаг. Тэд Бурхантай дайсагнаж, гэм нүглийг хайрладаг төрөлх чанартай. Паул Ром 7-8-р бүлгийн туршид Ариун Сүнс энэ дэлхий дээрх нүгэлтэй тэмцэн тулалддаг тухай өгүүлсэн байдаг. Энэ нь Тэрээр итгэгчдийг шинэчилсний дараа зүрх сэтгэлд нь хэрхэн ажилладагтай нь ижил юм. Хэдийгээр Ариун Сүнс үл итгэгчдэд энэ агуу ерөөлөө үзүүлдэггүй ч, гэм нүглийг хязгаарлан барьж байдаг учраас л итгэгч биш хүмүүс хийж болох бүхий л аймшигт гэм нүглийг үйлддэггүй гэдэг нь үнэн юм.
Итгэгч биш байсан ч мэдлэг ойлголт эзэмшиж, олж авсан мэдлэгээрээ сайныг үйлдэх боломжтой байдаг нь Түүний энэ дэлхийд үзүүлдэг нийтлэг нигүүлслийн бас нэг тал мөн. Итгэгч биш хүмүүс үнэ цэнтэй олон зүйлсийг сурч мэдэн, үр шимийг нь чуулган болон түүн доторх итгэгчид, цаашлаад хүн төрөлхтөн хүртдэг. Хэн нэгэн ач тус бүхий ямар нэг зүйлийг олж нээх бүрд тэрхүү мэдлэг нь Ариун Сүнснээс өгөгддөг өгөөмөр бэлэг байдаг билээ.
МЭ 1509-1564 онд амьдарч байсан алдарт Протестант шинэчлэгч Жон Калвин Ариун Сүнсний өгдөг мэдлэгийн нийтлэг бэлгийн талаар "Христитгэлийн Институти" гэдэг номынхоо 2-р боть, 2-р бүлэг, 15-16-р хэсэгт тайлбарласан байдаг. Түүнийг юу гэж бичсэнийг хамтдаа сонсоцгооё. Энд:
Бурханд итгэдэггүй энэ дэлхийн зохиолчдын бүтээлүүдийг харах бүрд тэдний бичсэн зүйлсээс биширмээр үнэний гэрэл цацран буйг хардаг. Хэдий гэм нүгэлд унаж, бүрэн бүтэн байдлаа алдаж, гажуудсан ч гэлээ хүмүүний оюун ухаан хэзээ ч бөхөөгүй бөгөөд Бурханы онцгой бэлгүүдээр хувцаслан гоёж, тэтгэгдсэн хэвээр байгааг ойлгодог. Хэрэв бид Бурханы Сүнсийг үнэний ундарга гэж үзэж байгаа л бол энэхүү үнэнийг харах бүрдээ үгүйсгэх ч үгүй, үл тоомсорлох ч үгүй. Чухам Бурханы Сүнсийг үл хүндлэх гээгүй л бол шүү дээ. Их Эзэн биднийг физик, гүн ухаан, математик зэрэг бурханлаг биш хүмүүсийн олж нээж, бүтээсэн өөр олон мэдлэг ухааны ашиг шимийг хүртээсэй гэж хүссэн юм бол бид хүртэх нь зүйтэй юм.
Гэрээний нигүүлсэл
Бичвэрийн олон хэсгээс Ариун Сүнсний өгдөг хоёрдох төрлийн нигүүлслийн тухай харж болдог. Үүнийг заримдаа гэрээний нигүүлсэл гэж нэрлэдэг.
Гэрээний нигүүлсэл нь Өөрийн гэрээт ард түмний нэг хэсэг болох бүх хүмүүс төдийгүй жинхэнэ итгэгч биш хүмүүст ч Бурханы хүртээдэг үр өгөөж, хүлцэнгүй байдлыг хэлдэг. Хуучин Гэрээнд Израиль нь Бурханы гэрээний ард түмэн байсан. Учир нь үндэстэн бүхэлдээ Абрахам, Мосе, Давид нартай байгуулсан Бурханы онцгой гэрээний дор байлаа. Харин Шинэ Гэрээний хувьд Бурханы гэрээний ард түмэн бол харагдах сүм чуулган билээ. Үүнд чуулгантай нэгдсэн л бол жинхэнэ итгэгч биш хүмүүс ч багтдаг. Бурханы гэрээний нигүүлсэл бол нийтлэг нигүүлслээс нь хавь илүү бялхам их бөгөөд хүлцэл өршөөлөөр дүүрэн байдаг.
Жишээ нь, эртний Израильчууд Бурханд итгэмжгүй байж, Түүний эсрэг аймшигт нүгэл үйлдсэн ч Бурхан тэдэнд маш тэвчээртэй, өршөөнгүй ханддаг байсан. Бурхан Израильтай гэрээ байгуулсан учраас тэднийг үндэстнээр нь устгалгүй харин итгэмжит үлдэгсдийг үргэлж хадгалан хамгаалж байлаа. Ром 11:1-5-р эшлэлд Паул энэ тухай тодорхой хэлсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй Бурханы гэрээний улмаас эртний Израильд байсан Бурханд итгэдэггүй хүмүүс хүртэл ерөөгдсөн. Египетээс гэтлэн гарсан түүхээс үүний хамгийн гайхамшигтай жишээг харж болно. Гэтлэл 2:23-25-р эшлэлд Мосе юу гэж бичсэнийг харцгаая. Энд:
“Израилийн хөвгүүд боолчлолоос болж шүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ. Бурхан тэдний ёолох дууг сонсоод, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ санав. Бурхан, Израилийн хөвгүүдийг харжээ. Тэгээд Бурхан тэдэнд санаа тавив” гэжээ (Гэтлэл 2:23-25).
Бурхан яагаад Израильд анхаарал тавьж, тэднийг аварсныг анзаарав уу. Тэд Бурханд итгэмжтэй байсан учраас биш харин Бурхан тэдний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаков нартай байгуулсан гэрээнд нь багтсан учраас тэднийг аварсан.
Өнөөдөр ч бас чуулганд яг адилхан зүйл болдог. Жишээ нь, чуулганд хамрагдаж байгаа хүн бүрд Сайнмэдээг сонсож, гэмээсээ ухрах боломж байсаар л байдаг. Тэд Бурханы чуулгандаа өгдөг бүхий л ерөөлийг хамт хуваалцдаг. Үнэндээ чуулганд байгаа итгэгч биш хүн ч сүнслэг бэлгүүдийн үр шимийг хүртдэг гэдгийг бид Еврей 6:4-6-р эшлэлээс харж болно. Еврей 10:29-р эшлэлд үл итгэгчид итгэмжгүйгээсээ болж Сүнсний нигүүлслийг доромжилдог гэж хэлсэн нь ийм учиртай.
Чуулганд итгэгч, итгэгч биш янз бүрийн хүмүүс байдаг шүү дээ. Итгэгч биш хүмүүс зүгээр л Христитгэгчдийн дунд байхдаа л үр өгөөж хүртдэг гэж би хэлмээр байна. Энэ бол сайн зүйл. Үүгээр дамжуулан Бурхан юу хийдгийг бид таашгүй. Гэвч тэнд байгаа нь сайн зүйл юм. Жон Калвин нийтлэг нигүүлслийн тухай бичсэн. Жон Весли Бурханы уриалан дууддаг нигүүлслийн тухай бичсэн. Энэ бол Есүс Христэд итгэлээ ухамсартайгаар өгөхөөс нь өмнөх хувь хүний амьдралд байдаг Бурханы нигүүлсэл юм. Тэр нигүүлсэл ерөнхийдөө хоёр янзаар хүний амьдралд ажилладаг гэж би боддог. Эхнийх нь, энэ нь бидэнд гэм нүглийг ухааруулдаг. Гэм нүгэл хичнээн бодитойгоор биднийг хөнөөж байгааг, мөн Бурханы зүрх сэтгэл хичнээн өвддөг болохыг бид олж хардаг. Үүнийг олж харахад бидэнд чухамдаа нигүүлсэл л хэрэгтэй байдаг юм шүү дээ. Ийнхүү бидний дотор гэм нүглийн ухаарал ажиллаж эхлэх үед зарим теологичдын хэлдгээр өөрөөр амьдрах арга зам бий, илүү сайн зам бий гэдэгт бид итгэж эхэлдэг. Тиймээс ялангуяа аврагдаж амжаагүй байгаа хүн амьдралыг энэхүү өнцгөөс харж, итгэж эхлэхэд Бурхан тэдний амьдралд нь ажлаа хийж эхэлдэг гэж би боддог.
-Др. Стив Харпер
Энэ нигүүлсэл л тэднийг Бурханы хангамжаар Сайнмэдээг сонсох боломжтой болгож, Сайнмэдээний үнэн мөнийг таньж мэдэн, хүмүүсийн нөхөрлөл дунд амьд оршигч Есүс Христтэй нүүр нүүрээр нь уулзуулдаг. Тиймээс энэ бол Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл дотор байдаг. Учир нь энэ нь хэн нэгнийг аврагдахаас нь өмнө сүм чуулганы амьдралд авчирснаар Сайнмэдээг хүлээн авахад хөтөлдөг Түүний арга зам байж ч болох юм аа.
-Др. Стив Блэйкмор
Эцэст нь Ариун Сүнсний үзүүлдэг гуравдах төрлийн нигүүлслийг ихэнх теологичид авралын нигүүлсэл гэж нэрлэдэг.
Авралын нигүүлсэл
Авралын нигүүлсэл гэдэг бол Есүсийг Аврагч ба Эзэнээ болгон хүлээн авсан хүмүүст Түүний төгс амьдрал ба үхэл, амилал ба тэнгэрт өөд одолтынх нь мөнхийн үр шим биеллээ буй явдал юм. Итгэгч бүр Ариун Сүнснээс энэхүү авралын нигүүлслийг хүлээн авдаг.
Ариун Сүнсний өгдөг авралын нигүүлслийн үр дүнд хүлээн авсан ерөөлүүд нь Есүс Христийн үйл хэрэгт үндэслэн бидэнд хэдийнээ зориулагдсан байдаг. Гэхдээ Ариун Сүнс өгөхөөс нааш бид тэдгээр ерөөлүүдийг хүлээн авч чадахгүй. Тэдгээр ерөөлүүдээс хамгийн тод томруун нь Ариун Сүнсний бидний сүнсэнд өгдөг шинэ амь амьдралаар бий болдог шинэчлэлт өөрчлөлт юм. Ийнхүү бид дахин төрдөг. Энэ талаар бид Иохан 3:5-8, Ром 8:2-11, мөн Тит 3:5 зэрэг багц эшлэлүүдээс харж болно. Нүглийн гэмшил ба уучлал, зөвтгөл зэрэг нь мөн л Ариун Сүнс бидэнд өгдөг авралын нигүүлсэл гэдгийг бид Зехариа 2:10, 1 Коринт 6:11, мөн Тит 3:5-8 зэрэг эшлэлүүдээс хардаг. Шинэ Гэрээнд 2 Тессалоник 2:13 болон Тит 3:5-р эшлэл дээр Ариун Сүнс бидэнд авралыг бүхэлд нь биелүүлдэг гэж хэлсэн байдаг.
Христитгэгчид хувь хүний авралын тухай ярихдаа Есүс Христ болон Түүний хийсэн зүйлд голчлон анхаарах гээд байдаг. Мэдээж энэ нь чухал зүйл. Гэвч Ариун Сүнсний үүрэг оролцоог ойлгож таних нь ч мөн чухал юм.
Ариун Сүнс хүний амьдралд юу хийдгийг ойлгох нь Христитгэлийн бүрэн дүүрэн амьдралаар амьдрах боломжийг олгодог. Ариун Сүнс бидэнд урам зориг өгдөг. Христийн төлөө амьдрах хүсэл тэмүүлэл ба хүч чадлын аль алийг нь Ариун Сүнс л өгдөг. Үүний олж харах нь гол түлхүүр ойлголт юм. Энэ бол Ариун Сүнсний бидний төлөө хийдэг зүйлсийн талаарх маш өргөн ойлголтын нэг л хэсэг нь. Ариун Сүнс л бидэнд Бурханы үгийг ойлгуулдаг. Бурханы зүйлсийг хийх сүнслэг урам зоригийг өгдөг. Тэгж бид Бурханаар өлсөж цанган, Бурханы юмсыг эрэн хайдаг. Мөн Тэр л бидэнд Бурханы хүмүүсийг хайрлаж, Түүнд үйлчлэх хүсэл тэмүүллийг өгдөг. Тэрээр хүмүүний нуруунаас ямар их ачааг авч хаядаг гээч. Тэрээр хүмүүсийг "Бүх зүйл миний нуруун дээр байна, Бурхан надад юу хийхийг минь хэлсэн. Тиймээс үүнийг хийх эсэх нь надаас л шалтгаалж байна. Дуулгавартай байхаас минь л шалтгаална" хэмээн бодох бодлоос нь чөлөөлдөг. Мэдээж бидэнд үүрэг хариуцлага бий. Бурхан бидний хүссэнээр бүгдийг болгодоггүй ч тэр бидэнд хүсэл тэмүүлэл, хүч чадал, саруул ухааныг өгдөг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Энэ бүгд үнэндээ Түүний алдрын төлөө билээ.
-Др. Доналд С. Витней
Гурвалын бусад гишүүдээсээ Ариун Сүнс бидний амьдралд хамгийн идэвхтэйгээр ажиллаж байдаг. Ингэхдээ уучлал, өршөөл, баяр хөөр, сайн сайхан, хүч чадал, амар тайван гээд авралын бүхий л ерөөлүүдийг авахад маань тусалдаг. Тиймээс бид эдгээр ерөөлийг бялхам дүүрнээр авахыг хүсвэл Түүний авралын нигүүлслийг гуйх хэрэгтэй. Түүнчлэн бид Сүнсний итгэмжит, өршөөнгүй байдлыг нь магтан хүндлэх нь зүйтэй. Бидэнд өгсөн авралын нигүүлсэлд бид талархаад, хүндлээд, бишрээд, хайрлаад баршгүй билээ.
Ингээд бид Ариун Сүнсний бүтээлч хүч чадал, ариусгал, нигүүлслийнх нь тухай үзэж судаллаа. Одоо Түүний илчлэлийн үйл хэргийнх нь тухай үзэхэд бэлэн боллоо.
Илчлэл
Ариун Сүнсийг ихэнхдээ Гурвалын илчлэл, гэрчлэл, ойлголтын гол төлөөлөгч бодгаль хэмээн тодорхойлдог. Иохан 14:26, 1 Коринт 2:4,10, Ефес 3:5 зэрэг өөр олон эшлэлээс бид энэ тухай харж болно. Үнэндээ Сүнс ба илчлэл нь хоорондоо маш нягт холбоотой байдаг тул Ариун Сүнсийг үнэний Сүнс гэж нэрлэсэн байдаг. Энэ талаар Иохан 14:17, 15:26, мөн 16:13 зэрэг эшлэлд бий. 1 Иохан 5:6-р эшлэлд Иохан ийнхүү хэлжээ. Тэрээр энд:
“Сүнс бол үнэн юм” гэжээ (1 Иохан 5:6).
Үүнчлэн Ефес 1:17 дээр Паул Сүнсний үүргийг дүгнэн хэлсэн нь бий. Энд:
"Мэргэн ухаан хийгээд итгэлийн Сүнс..." гэжээ (Ефес 1:17).
Бид Сүнсний илчлэлийн ажлыг гурван талаас нь авч үзэх болно. Нэгдүгээрт, ерөнхий илчлэл. Хоёрдугаарт, онцгой илчлэл. Гуравдугаарт, ухаарал ба дотоод удирдамжийн тухай ярих болно. Тэгэхээр эхлээд ерөнхий илчлэлийн тухай үзье.
Ерөнхий Илчлэл
Ерөнхий илчлэл бол Бурхан байгаль болон түүн доторх зүйлсийг ашиглан Өөрийн буй гэдгийг, Өөрийн мөн чанар ба оршихуй, үйлс ба хүслээ бүх хүн төрөлхтөнд таниулж буйг хэлдэг.
Бичвэрт ерөнхий илчлэлийн тухай Дуулал 8, 19, Ром 1-2 гэх мэт эшлэлүүдэд маш олон удаа дурддаг. Жишээ нь, Ром 1:20-д энэхүү ерөнхий илчлэлийн тухай өгүүлсэн байдаг. Энд:
"Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжин ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй" гэжээ (Ром 1:20).
Ерөнхий илчлэл нь байгаль дэлхий дэх Ариун Сүнсний бүтээлч хүч чадлаар дамжуулан өгөгддөг. Ингэхдээ бүтээлийн үйлс ба тогтвортой байдлыг нь хангах ажил үйлсээр дамжин илчлэгддэг гэж Бичвэрт олон удаа дурдсан байдаг. Эдгээр бүх ажлууд нь Сүнсний Өөрийнх нь хүсэл, мөн чанараас урсан гарсан юм. Тиймээс байгаль дэлхийгээс бид Түүний гарын үйлсийг харахдаа Түүний мөн чанар, хүсэл зоригийг ойлгох учиртай.
Ариун Сүнс Өөрөө элчин сайд нь тул ерөнхий илчлэл дэх үүрэг оролцоо нь үнэхээр чухал, юугаар ч сольшгүй юм. Тэрээр Бурханы хуулийг буюу бидний хэлдгээр "байгалийн хуулийг" сахин хамгаалах ажилд оролцсоор байна. Энэ бол Ариун Сүнсний бүх хүнд ялгалгүй өгдөг илчлэл юм. Энэ нь мэдээж бидний "онцгой илчлэл" гэж нэрлэдэг илчлэлээс ялгаатай байдаг. Онцгой илчлэлээр бид Есүсийг Аврагч ба Эзэн гэдгийг мэддэг. Учир нь Тэрээр бидний зүрх сэтгэлд гүн гүнзгий ажлаа хийдэг. Харин ерөнхий илчлэлийн тухайд энэ нь Бурханы бүх бүтээлд илчлэгддэг гэсэн үг.
-Рев.Др.Симон Виберт
Тэнгэр нь Бурханы сүр жавхланг тунхагладаг гэж Бурхан бидэнд хэлдэг. Тиймээс Бурханы хүч чадал, мэргэн ухаан, сайн сайхан нь бүх бүтээлийн дотор бидний эргэн тойронд хаа сайгүй байгааг бид бэлхнээ харж болдог. Ариун Сүнс Бурханы илчлэлүүдийг хүчирхэг арга замаар бидэнд таниулдаг. Иймээс бид бүтээгчтэйгээ л учраа олох хэрэгтэй болдог.
-Др. К.Эрик Тоэннес
Ариун Сүнс дэлхий ертөнцөд ерөнхий илчлэлээ өгөхөөс гадна чуулганд онцгой илчлэлийг бас өгдөг.
Онцгой илчлэл
Онцгой илчлэл гэдэг бол Бурханы Өөрийнх нь шууд оролцоог хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүн төрөлхтний тодорхой хэсэгт Өөрийнхөө элч төлөөлөгчөөр дамжуулан Өөрийн оршин буйг болон мөн чанар, ажил үйлс ба хүсэл зоригоо мэдүүлж буй явдал юм.
Ариун Сүнс онцгой илчлэлээ бичвэрийн хэлбэрээр мөн эш үзүүллэг, зүүд ба үзэгдэл, тэнгэрэлч нар болон бусад ер бусын арга замаар илчилдэг. Онцгой илчлэл нь нэн ялангуяа Бурханы авралын саналыг хүлээн авч буй онцгой хүмүүст анхлан өгөгдсөн байдаг. Хуучин Гэрээнд онцгой илчлэлийг ихэвчлэн Абрахам болон түүний үр удамд өгсөн байдаг. Харин Шинэ Гэрээний үед энэ нь чуулганд өгөгдсөн. Сүнслэг бэлгүүдийн адил онцгой илчлэл нь өөрчлөн, шинэчлэх болон итгэлийг барьж байгуулах зэрэг Бурханы хүмүүсийн ашиг тусын төлөө байдаг.
Ариун Сүнсний бидэнд илчилсэн хамгийн агуу онцгой илчлэл бол Есүс Христийн биежилт юм. Бидний Эзэн бол Бурханы бүх илчлэлийн оргил цэг нь юм хэмээн Еврей 1-р бүлэгт Түүнийг магтан хүндэлсэн байдаг. Одоо ч гэсэн Ариун Сүнс биднийг онгод бүхий Бичвэрээр дамжуулан Христ рүү чиглүүлсээр байна. Энэхүү Бичвэр нь бүхий л цаг үед томилогдсон элч, эш үзүүлэгчдийн Христийн талаар бичиж үлдээсэн үсгийг агуулсан байдаг.
Угтаа Ариун Сүнс Бичвэрийн зохиогч болохыг Матай 22:43, Марк 12:36, Үйлс 1:16, 4:25, мөн 2 Тимот 3:16-17 зэрэг эшлэлд дурдсан байдаг. Жишээ нь, 2 Петр 1:20-21-р эшлэлд Петр юу гэж хэлснийг харцгаая. Энд:
"Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Бурханаас ирсэн бөгөөд Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүсээр дамжин хэлэгджээ" гэдэг (2 Петр 1:20-21).
Элч нарын цаг үеээс хойш Ариун Сүнс бидэнд Бичээсийн түвшний илчлэл өгөхөө больсон. Гэвч Хуучин болон Шинэ гэрээний үед өгсөн онцгой илчлэлүүд үе үеийн итгэгч бидэнд Эзэний хүслийг илчилсээр байгаа билээ.
Гуравдугаарт, ерөнхий болон онцгой илчлэлээс гадна Ариун Сүнс хувь хүний зүрхэнд гэрлээ тусгаж, ухаарал ба дотоод удирдамж чиглүүлгээ өгч байдаг.
Ухаарал ба дотоод удирдамж
2 Петр 1:21-с бид Хуучин Гэрээний эш үзүүлэгчид Сүнсээр хөдөлгөгдөн Бурханаас ярьж байсныг бид харсан. Энэ нь чуулганд өгөгдсөн Ариун Сүнс бидэнд эш үзүүллэг дэх үгсийг ойлгоход гэрлээ тусган чиглүүлнэ гэсэн үг юм. Цоо шинэ илчлэл гэж байхгүй. Гэхдээ одоо байгаа илчлэлүүдийг ойлгохын тулд бидэнд Бурханы Сүнсний гэрэл ба хүч чадал хэрэгтэй билээ.
-Др. Нокс Чамблин
Ариун Сүнсний гэрэл буюу ухаарал гэдэг нь юун түрүүнд Есүс бол Мессиа юм гэдгийг ойлгож буй таньж мэдэхүйн ойлголт мэдлэг бүхий дээрээс илчлэгддэг бэлэг юм. Матай 16:17-р эшлэлд Петр яг ийм ухаарал ойлголтыг авсан байдаг.
Дотоод удирдамж гэдэг нь юуны өмнө сэтгэл хөдлөл ба зөн мэдрэмжийн шинжтэй мэдлэг, ойлголт бүхий дээрээс өгөгддөг бэлэг юм. Бурхан биднээр ямар нэгэн онцгой зүйл хийлгэх гэж байгааг мэдрэх, ухаарах зэрэг нь үүнд бас багтана.
Ухаарал ба дотоод чиглүүлэг хоёрыг Библид тэр бүр тодорхой ялгаж бичээгүй байдаг. Ихэнхдээ Библид энэ хоёрыг хоёуланг нь хамруулсан байдаг. 1 Коринт 2:9-16, Ефес 1:17, Колоссай 1:9, мөн 1 Иохан 2:27 зэрэг эшлэлүүдээс бид энэ тухай уншиж болно. Жишээ нь, 1:17 Ефес 1:17-р эшлэлд Паул хэлэхдээ:
“Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлэн” гэжээ (Ефес 1:17).
Энд Паул Ариун Сүнсийг "мэргэн ухаан хийгээд илчлэлийн Сүнс" гэсэн байна. Ухаарал болон дотоод удирдамжийн хувьд бид мэргэн ухааныг дотоод удирдамж, харин ухаарлыг илчлэлийн сүнс байх хэмээн бодох гээд байдаг. Энэ нь Паулын хэлэх гэсэн санаа байсан байж магадгүй. Нөгөөтээгүүр, тэрээр Сүнсний хийдэг хоёр ажлыг хооронд нь төдийлөн ялгахгүйгээр зүгээр л хамтад нь дурдсан байж болох юм.
Бид бүгдээрээ сүнсний хувьд сохор учраас Сүнсний гэрэл буюу ухаарал бидэнд зайлшгүй хэрэгтэй. Сарьсан багваахайн нүд хардаггүйн адил бид сүнслэг байдлаар юу ч хардаггүй гэж би боддог. Тэд наранд харж чаддаггүй болохоор агуйн хананаас хөлөөрөө зүүгдэн өдрийн турш нуугддаг. Тэд шөнө гарч ирэх үедээ л юм харж чаддаг. Тиймээ, бид яг л сарьсан багваахай өдрийн цагаар агуйд нуугддаг шиг л байдалтай байдаг. Бурхан гэрлээ тусган гэрэлтүүлж байна. Гэвч гэм нүгэл бидний сүнслэг чадваруудыг замхруулсан учраас бид Бурханыг харж, үгийг нь ухаарах боломжгүй байдаг. Бурхан байдаг гэдгийг бид бүдэг бадагхан харж болох ч Библи дэх тушаал заавар, амлалтууд нь бидний төлөө байдаг гэдгийг ойлгодоггүй. Бичвэр нь Эзэн Есүсийн талаар бэлхнээ танилцуулж, биднийг итгэж, шинэ амьдралтай болохыг уриалж байдаг. Шинэ Гэрээнд үүнийг дүрслэн тайлбарлахдаа "бид яг энэ үед л сохор, дүлий бөгөөд хатуу зүрхтэй байдаг" гэдэг. Тиймээс Бурханы Үг сэтгэлийг маань огт хөдөлгөдөггүй. Тэгээд Шинэ Гэрээ Бурханы талаар ийнхүү өгүүлдэг л дээ. 2 Коринт 4-с эш татаад харвал энд "Харанхуйгаас гэрэл гэрэлтэг хэмээн айлдсан Бурхан" гэжээ. Энд мэдээж бүтээлийн эхлэлийн тухай өгүүлжээ. Тэгээд үргэлжлүүлэн "Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн" гэсэн байна. Үүнийг л Ариун Сүнс гэрлээ тусгах буюу Сүнсний ухаарал гээд байгаа юм шүү дээ. Энэхүү ухаарал бидэнд өгөгдөх үед бид Христийг сүнслэгээр харж, Түүний бодит гэдгийг ялган таньж, Тэрээр биднийг Өөр руугаа дуудаж байгааг сонсож, ухаарч ойлгодог билээ.
-Др. Ж. И. Паркер
Ухаарал ба дотоод удирдамж нь Ариун Сүнс Өөрийн илчилсэн үнэнийг хүмүүстээ ойлгуулахын тулд ашигладаг ердийн л арга хэрэгсэл нь юм. Тиймээс Түүний бидний амьдрал дахь энэ үйлчлэлийнх нь ашиг тусыг хүртэхийн тулд бид гурван зүйлийг хийж болно. Нэгдүгээрт, бид Библийг судлах үед Ариун Сүнс бидний ойлголтыг үргэлж удирдан чиглүүлэх болно гэдгийг мэдэж, өөрсдийгөө зориулах. Хоёрдугаарт, бид Ариун Сүнсний зөвлөгөө, мэргэн ухаан, ойлголт, мөн дуулгавартай байх хүслийг тасралтгүй гуйснаараа залбиралд өөрсдийгөө зориулж чадна. Гуравдугаарт, бид Сүнсний зааж буй үнэний дагуу амьдрахаар шийдсэнээрээ зөвт, ариун амьдралд өөрсдийгөө зориулах нь юм.
Дүгнэлт
Элч нарын тунхагийн тухай энэ удаагийн хичээлээрээ бүгдээрээ Ариун Сүнсний онолыг онцолж ярилцлаа. Бид Ариун Сүнсний Бурхан мөн чанарыг уг тунхагийн болон Библийн талаас нь тайлбарласан. Мөн Түүний бодгал чанарыг онцлог шинж чанарууд, Эцэг болон Хүүтэй харилцах харьцаа дээр түшиглэн ярилцсан. Мөн Түүний бүтээлч үйл хэргийг ариусгал, нигүүсэл, илчлэл зэрэгт төвлөрөн ярилцлаа.
Ариун Сүнсний теологи бол Христэд итгэгчдийн хувьд асар баялаг ойлголт юм. Энэ нь Бурханы гурвалын нэг бодгал бөгөөд бүх цаг үеийн турш бидэнд хамгийн ойрын тусламж дэмжлэгийн эх сурвалж болдог Ариун Сүнсний тухай бидэнд заадаг. Бурханд таалагдаж амьдрахад минь биднийг урамшуулж, хүчирхэгжүүлэх үүрэгтэй тэр Нэгэн рүү биднйг чиглүүлдэг гэсэн үг. Тийм ч учраас Бурхан энэ дэлхийн бүхий л үйл хэрэгт гүн гүнзгий бөгөөд биечлэн оролцож байдаг бөгөөд Өөрт нь итгэлээ өгсөн хүн бүрийн сайн сайхны төлөө ажиллаж байдаг гэдгийг мэдэх нь бидэнд үгээр хэлшгүй итгэл найдвар өгдөг билээ.
хамтрагчид
Др. Ван Гэйтон (хөтлөгч) бол Виллиамс Библийн Институтийн салбарын захирал, дэлхий даяарх өөр олон сургалт болон их сургуулиудад Библийн багш, илтгэгч. Др.Гэйтон нь мөн Холбооны Шоронгийн товчооны эрхлэгчээр 4 жил үйлчилсэн. Мөн Вашингтоны Шашин ба Олон нийтийн бодлогын институтийн захирлуудын зөвлөлд байсан. Др.Гэйтон нь Олон улсын Семинар сургуулийн Теологийн мастер, Логос Библийн Коллежээс Шашны мастер, Христитгэлийн Удирдлагын Их Сургуулийн Библийн философийн доктор, Фэйт теологийн семинарийн Теологийн доктор, Реформэд теологийн семинарын Үйлчлэлийн доктор зэргийг тус тус хамгаалжээ. Мөн тэрээр Апостолик Саксэсшинд бишопоор томилогдож байсан. Христийн Биеийн түүхэн нэгдлийг сэргээх зорилготой Христитгэлийн чуулгануудын Олон улсын Коммунитигийн Аркбишопоор үйлчилж байсан.
Dr. Steve Blakemore is the Assistant Professor of Philosophy at Wesley Biblical Seminary.
Dr. Knox Chamblin (1935-2012) served as Professor of New Testament at Reformed Theological Seminary.
Dr. J. Ligon Duncan III is Chancellor and CEO of Reformed Theological Seminary and the John E. Richards Professor of Systematic and Historical Theology.
Dr. John M. Frame is Professor Emeritus of Systematic Theology and Philosophy at Reformed Theological Seminary in Orlando, Florida.
Dr. Steve Harper is the founding Vice President of the Florida-Dunnam campus of Asbury Theological Seminary in Orlando, FL, and retired Professor of Spiritual Formation and Wesley Studies.
Dr. Dennis E. Johnson is professor emeritus of practical theology at Westminster Seminary California.
Dr. Keith Johnson serves as the National Director of Theological Education for Cru (formerly Campus Crusade for Christ) and is a guest professor of Systematic Theology at Reformed Theological Seminary.
Dr. Riad Kassis is International Director of the International Council for Evangelical Theological Education.
Dr. R. Albert Mohler, Jr. is President of The Southern Baptist Theological Seminary.
Dr. J. I. Packer (1926-2020) was Board of Governors’ Professor of Theology at Regent College in Vancouver, British Columbia and preached and lectured widely in Great Britain and America.
Dr. Glen G. Scorgie is Professor of Theology at Bethel Seminary, San Diego.
Dr. Mark L. Strauss is Professor of New Testament at Bethel Seminary, San Diego.
Dr. K. Erik Thoennes is Professor of Biblical and Theological Studies at Biola University’s Talbot School of Theology and is Chair of the Biblical and Theological Studies Theology Department.
Dr. Derek Thomas is Professor of Systematic and Historical Theology at Reformed Theological Seminary in Atlanta, Georgia.
Rev. Dr. Simon Vibert is Senior Pastor of Christ Church Virginia Water, England, and the former Vice Principal and Director of the School of Preaching at Wycliffe Hall, Oxford.
Dr. Peter Walker has served as Professor of Biblical Studies at Trinity School for Ministry and as Associate Vice-Principal at Wycliffe Hall, Oxford. He is currently an instructor with Jerusalem Center for Biblical Studies.
Dr. Stephen J. Wellum is Professor of Christian Theology at The Southern Baptist Theological Seminary.
Dr. Donald S. Whitney is Associate Professor of Biblical Spirituality and the Senior Associate Dean of the School of Theology at The Southern Baptist Theological Seminary.
ҮГСИЙН ТАЙЛБАР
Жон Калвин – (1509-1564 он) Францын теологич, Христитгэлийн Институт хэмээх номыг бичсэн Протестант Шинэчлэгч
Сессашионист- хэлээр ярихуй, эш үзүүллэг, гайхамшигт эдгэрэл зэрэг Шинэ Гэрээний үед илэрсэн ер бусын бэлгүүд нь зөвхөн элч нарын үед л Сайнмэдээний тархалтын төлөө, чуулган үүсэж бий болохын тулд л өгөгдсөн ба одоо эдгээр бэлгүүд нь зогссон гэж үздэг нэгэн
Нийтлэг нигүүлсэн- Бурханы бүх хүмүүст үзүүлдэг өршөөл энэрэл
Дамждаг чанарууд- Өөрийн бүтээлд нь ямар нэг хэмжээгээр дамжин ирсэн байдаг Бурханы шинж чанарууд (Ж: мэргэн ухаан, хүч чадал, сайн сайхан чанар)
Континуашионист- хэлээр ярихуй, эш үзүүллэг, гайхамшигт эдгэрэл зэрэг Шинэ Гэрээний үед илэрсэн ер бусын бэлгүүд нь өнөөдөр ч үргэлжлэн оршсоор байгаа гэж үздэг нэгэн.
Гэрээний нигүүлсэл- жинхэнэ итгэгч биш байсан ч Өөрийнх нь гэрээний нэгэн хэсэг болсон бүхий л хүмүүст Бурханы өгдөг өршөөл ба ач тус
Экономик- “өрх гэрийн удирдлагатай хамааралтай” нэр томьёо. Үүнийг Гурвалын бодгалиудын хоорондын хамаарлын тухай ярихдаа ашигладаг
Ерөнхий илчлэл- Бурхан байгаль дэлхий, юмс үзэгдлийг ашиглаж Өөрийн оршихуй, мөн чанар, үйлс ба хүслийг бүх хүн төрөлхтөнд мэдүүлж буй явдал
Хипполитус- (ойр. МЭ 170-236 он) Бичвэр бол онол сургаалын эцсийн эрх мэдэл юм гэдгийг өмгөөлөн Ноетусын гаж буруу сургаалыг няцаах нь номыг бичсэн Ромын теологич.
Ариун- ёс суртахууны хувьд цэвэр тунгалаг буюу Бурханы онцгой үйлчлэлд зориулан тусгаарлагдсан гэсэн утгатай үг
Ухаарал (гэрэлтүүлэг)- Ариун Сүнснээс өгөгддөг танин мэдэхүйн буюу ойлголт, мэдлэгийн тэнгэрлэг бэлэг
Дамждаггүй чанарууд- хүнд дамждаггүй Бурханы шинж чанарууд (Ж: бүхнийг чаддаг, бүхнийг мэддэг, хаа сайгүй оршигч, өнө мөнх чанар)
Үл үзэгдэх чуулган- авралд Христтэй нэгдсэн бүх цаг үеийн, бүх хүмүүс
Дотоод удирдамж- Ариун Сүнснээс өгөгддөг сэтгэл мэдрэмж, зөн совин бүхий ойлголт, мэдлэгийн тэнгэрлэг бэлэг
Онтологи- “оршихуйтай хамаатай” нэр томьёо. Энэ нь Гурвалын бодгаль бүр нэг ижил шинж чанар, мөн чанартай гэдгийг илэрхийлэхэд ашиглагддаг.
Ариусал- хэн нэгэн, ямар нэгэн зүйлсийг ариун болгож буй явдал
Авралын нигүүлсэл- Ариун Сүнсээр дамжуулан жинхэнэ итгэгчдэд ирдэг авралын ерөөлүүд
Онцгой илчлэл- Бурхан Өөрийгөө болоод Өөрийнхөө хүслийг тодорхой тооны хүмүүст зүүд, үзэгдэл, эш үзүүллэг, Бичвэр болон эдгээртэй төстэй бусад арга замаар илчилж буй явдал
Чарлес Спөржеон- (1834-1892) 19-р зуунд амьдарч байсан Английн пастор ба бичээч бөгөөд түүнийг “Номлогчдын Ханхүү” гэж нэрлэдэг.
Үзэгдэх чуулган- Чуулганы цугларалтад тогтмол оролцдог хүмүүс. Тэд Христэд итгэх итгэлээ олны өмнө тунхагладаг ч тэдэнд жинхэнэ авралын итгэл буй эсэх нь тодорхойгүй байдаг.
Continue reading the full transcript