Энэ видео нь мөн адил цувралын 1-р хичээлд дагалдах видео хичээл бөгөөд дараахь асуултуудыг хөнддөг: Библи Бурханыг Хаан мөн гэж үзүүлсэнээс бид Бурхны тухай юу мэдэж чадах вэ? Өнөөдөр Христэд итгэдэг хүмүүс Бурханы хаанчлалд хэрхэн хариу өгөх ёстой вэ? Бурхныг мэдэх гол арга замууд юу вэ? Бүтээл Бурханы тухай юу өгүүлдэг вэ? Байгалийн теологи гэж юу вэ? Ерөнхий илчлэлтээр хүний зан чанар аврагдаж чадах уу? Христэд итгэгчдийн амьдралд Библи хэр чухал вэ? Библи заримдаа Бурханыг нууцлагдмал гэж яагаад дүрсэлдэг вэ? Бурхан болохуйцгүй гэж теологчид юу гэсэн үг вэ?
From the transcript
"Бурханыг мэдэх" гэдэг нь хүн бүрд өөр өөр утгатай. Хэн нэгэнд Бурхантай хувийн дотно харилцаатай байх нь Бурханыг таньж мэдэж байгаа хэрэг байдаг бол, өөр нэг хүнд Бурханы хүчирхэг үйлсийг гэрчлэх нь, харин өөр нэгэнд нь Ариун Сүнсний илчилсэн Бурханы талаарх баримтуудыг ойлгох нь Бурханыг мэдэх байдаг. Бидний ихэнх нь Бурхантай хувийн харилцаатай байхын, мөн Бурхан энэ дэлхийд ажилласаар байгааг олж харахын үнэ цэнийг ойлгодог. Гэвч харамсалтай нь бидний олонх Бурханы тухай аль болох олон баримтыг судалж мэдэх нь чухал гэдгийг ухаж ойлгодоггүй. Энэ нь ч гайхаад байх зүйл биш ажээ. Уламжлалт үзэлтэй системт теологичдын "Бурханы онол" эсвэл "Бурхан судлал" гэж ихэвчлэн нэрлэдэг онол сургаалыг судлах нь асар их хүчин чармайлт шаарддаг, нарийн төвөгтэй зүйл байдаг. Гэхдээ хэдий чинээ хэцүү байна, тэр хэрээрээ Бурханы талаар илүү ихийг мэдэж, Бурхантай харилцах бидний хувийн харилцаа хөгжиж байдаг. Бас бид Бурханы талаар илүү ихийг мэдэх тусам дэлхий даяар хийгдэж буй Түүний ажил үйлсийг илүү ойлгодог болно шүү дээ. Бурханы талаар аль болох сурч мэдэх нь үнэндээ бидний христитгэлийн талбар бүрийг хүчирхэгжүүлдэг.
Энэ бол "Бид Бурханд итгэдэг" цувралын эхний хичээл бөгөөд энэхүү цуврал нь Бурхан судлалд буюу Бурханыг Өөрийг нь судлахад зориулагдсан болно. Бид энэ хичээлийг “Бурханы талаар бидний мэддэг зүйл” гэж нэрлэсэн. Энэ хичээлээр бид Бурхан гэж хэн болох, Бурхан юу хийдэг талаарх үндсэн ойлголттой холбоотой хамгийн суурь асуудлуудыг эвангелийн системт теологичид хэрхэн авч үздэгийг танилцуулах юм.
Бурханы талаар бидний мэддэг зүйл хэмээх энэхүү танилцуулга хичээл нь үндсэн хоёр асуудлыг голлон авч үзнэ. Нэгдүгээрт, бид Бурханы илчлэлүүд болон нууцыг судлах болно. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийнхөө тухай юу илчилсэн болон Өөрийнхөө талаар юуг нууцалсан болохыг судалж мэднэ. Хоёрдугаарт, Бурханы онолын үндсэн ухагдахуун болох Бурханы мөн чанар ба Бурханы ажил үйлс хэмээх хоёр гол сэдвийг авч үзнэ. Эхлээд Бурханы илчлэл болон нууцын талаар үзэцгээе.
Энгийн, ойлгомжтой байх үүднээс бид Бурханы илчлэл болон Бурханы нууцын талаар тусад нь авч үзье. Бид Бурханы илчлэлийг эхэлж, дараа нь Бурханы нууцын тухай үзнэ. Христэд итгэгчид Бурханы илчлэлийн талаар, өөрөөр хэлбэл Бурхан Өөрийгөө хүн төрөлхтөнд хэрхэн илчилсэн талаар юунд итгэдэг вэ гэдгээс эхэлцгээе.
Бурханы онол сургаалыг судлахад Бурханы илчлэлээс илүү чухал зүйл байхгүй гэдэг нь маргашгүй үнэн билээ. Бурхан Өөрийнхөө талаар юу илчилсэн бэ? Бурхан үүнийг яаж хийсэн бэ? Эдгээр асуултад өгөх бидний хариулт Бурхан судлалын бүх талын чиг хандлагыг тодорхойлдог.
Бид Бурханы илчлэл хэмээх ойлголтыг хоёр аргаар танилцуулах болно. Эхлээд христитгэл дэх илчлэлийн талаарх үндсэн ойлголтыг танилцуулна. Хоёрдугаарт бид Бурханы талаар суралцахдаа анхаарах ёстой хоёр үндсэн илчлэлийг авч үзэх болно. Тэгвэл Бурханы илчлэлийн үндсэн ойлголт нь юу вэ?
Бид Бурханы илчлэлийн талаарх христитгэлийн үндсэн ойлголтыг дараах байдлаар нэгтгэн дүгнэж болно.
Бурхан ямагт хүнд ойлгогдохуйцаар Өөрийгөө илчилсээр ирсэн бөгөөд Бурханы илчлэл нь Христ дотор харин бүрэн төгс өгөгдсөн юм.
Энэ үзэл баримтлалын хоёр талыг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь Бурхан үргэлж хүнд ойлгогдохоор Өөрийгөө илчилсэн гэдгээс эхэлдэг.
Библийн Бурханы тухай хамгийн гайхмаар зүйлсийн нэг бол үнэндээ зөвхөн Библийн Бурханд л байдаг онцгой чанар юм. Тэрээр юутай ч зүйрлэх боломжгүй гайхалтай онцгой мөн чанартай атлаа, тухайлбал, хамгийн дээд эрх мэдэлтэй, үүрд мөнхийн, хязгааргүй онцгой мөн чанартай атлаа цаг хугацаа, орон зайд хязгаарлагдаж байдаг бүтээлдээ Өөрийгөө илчилдэг. Өөрийгөө БИ БАЙДАГ хэмээн нэрлэдэг Тэр агуу Нэгэн цаг хугацаа, орон зай, хүн төрөлхтний түүхэнд нэвтэрч, өөрсдийнх нь түвшинд нийцсэн байдлаар бүтээлтэйгээ харилцдаг. Энэ нь Бурхан бүхнийг мэддэг, хязгааргүй, мөнхийн мөн чанараа золиосолдог гэсэн үг биш, харин бид хүүхдүүддээ хандан тэдний түвшинд тааруулж ярьдаг шиг Тэр бүтээлүүдийнхээ түвшинд тохируулан ханддаг юм. Би гал тогооныхоо өрөөнд ороод газраар нэг гурил асгарсан байгааг хараад "Хүүхдүүд ээ, энэ гурил юу болох нь энэ вэ?" гэж хэлэх нь юу болсныг мэдээгүйдээ биш, хүүхдүүдтэйгээ түвшинд нь тааруулж харилцаж байгаа хэрэг юм. Бурхан нигүүлслийнхээ дагуу бидэнтэй яг ийнхүү харилцдаг. Бурханы гайхалтай даруу байдал нь зарим үед Тэрээр бидэнтэй харилцахдаа хязгааргүй агуу чанарынхаа заримыг нь үгүй хийж байгаа мэт санагдахаар байдаг. Гэхдээ Тэр хэзээ ч ингэдэггүй. Бурхан биднийг маш их хайрладаг учраас бидний түвшинд тааруулж бидэнтэй харилцаж буй хэрэг.
— Доктор K. Eрик Tоеннес
Бид өдөр тутмын амьдралдаа өөр олон төрлийн зүйлсийг сурч судалж байдаг шигээ Бурханыг судлах боломжгүй гэдгээ бүгд мэддэг. Бид Бурханы өндөр, жинг хэмжих боломжгүй, мөн хуруу шилэнд хийж, туршилт хийж чадахгүй. Харин эсрэгээрээ Бурхан бол бүхнээс ангид оршигч бөгөөд биднээс асар хол оршдог тул Тэр биднээс бүрэн нуугдмал, ил тод биш байх ёстой атал Ариун Сүнс хүмүүнд ойлгогдохуйцаар Бурханыг илчилсэн нь бодитой үнэн билээ. Системт теологичид үүнийг илчлэлийн антропоморф (хүншүүлсэн) шинж чанар гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан хүний дүр төрхөөр, хүмүүний ойлгож чадах замаар Өөрийгөө илчилсэн.
Бичээст дор хаяж дөрвөн төрлийн антропоморф (хүншүүлсэн) илчлэл байдаг. Хамгийн явцуу утгаараа Бичээст Бурханы зан чанарыг хүнийхтэй харьцуулсан байдаг. Библийн олон эшлэлд Бурханыг нүд, чих, хамар, алга, гар, хөлтэйгөөр дүрслэн өгүүлсэн нь бий. Бурхан бас учрыг эрж, асуулт асууж, бусадтай зөвлөлдөж, сэтгэл хөдлөл мэдэрч, эргэцүүлэн тунгаадаг. Тэр аливааг гүйцэлдүүлж, заримдаа орхидог, яг л та бидний нэгэн адил. Гэхдээ Библийг бүхэлд нь харвал энэ төрлийн дүрслэлийг зүйрлэл, Бурхан хүн хоёрыг адилтгасан адилтгал гэж үзэх ёстойг тодорхой заасан нь бий. Бурханд хүн шиг нүд, гар байхгүй. Гэхдээ Тэр үргэлж бүх зүйлийг харж, хийж байдаг гэдгийг бид мэднэ.
Бага зэрэг өргөн утгаар нь авч үзвэл, Бичээст Бурханыг хүний нийгмийн бүтцэд хэрэглэдэг нэр томьёогоор нэрлэсэн байдаг. Жишээлбэл, Библи Бурханыг бүх бүтээлийн хамгийн дээд Хаан гэж дүрсэлдэг. Тэрээр тэнгэрийн хаант улсынхаа хаан сэнтийд заларч, зөвлөгөө өгч, тайлан сонсож, зарлан тунхаглаж, элч нараа илгээж, хүндэтгэл мөргөлийг хүлээн авч байгаа нь Библи бичигдэх үеийн хүмүүн хаадтай адил төстэй дүрслэгдэж байна.
Эдгээрийн зэрэгцээ Бичээст Бурханыг Израилийн дайчин баатар, хууль тогтоогч, гэрээ байгуулагч, гэрээ сахиулагчаар дүрсэлсэн байдаг билээ. Тэр бол хаан хоньчин, хаан нөхөр, Өөрийн хүмүүсийнхээ хаан аав юм. Бурханыг илэрхийлсэн эдгээр илчлэл нь Бурхан зарим талаараа хүнтэй төстэй гэдгийг дахин нэг удаа хэлээд өгч байна. Эртний дэлхий дахинд хүн төрөлхтний хаад хэрхэн улс үндэстнээ захирч байсны адилаар Тэрээр Өөрийн хүмүүсийг захирдаг.
Илүү өргөн хүрээнд авч үзвэл, түүхэн дэх Бурханы үзэгдэх дүр төрхийг мөн андропоморф дүрслэл гэж хэлж болно. Бурхан дэлхийд үзэгдсэн тухай Библид хэд хэдэн удаа дурдсан байдаг бөгөөд үүнийг ихэвчлэн "Теофани" гэж нэрлэдэг. Хамгийн гайхалтай “теофани” нь Бурханыг бодит утаа, галаар, мөн сүр жавхлантай үүлсээр илчилсэн байдаг. Гэтэл Колоссай 1:15, 1Тимот 1:17 зэрэг эшлэлүүдэд Бурханыг үл үзэгдэгч Нэгэн гэж хэлсэн. Тиймээс Бурханы энэхүү үзэгдэх дүр төрх нь Бурханыг Өөрийг нь харуулж байгаа хэрэг биш, харин андропоморф дүрслэлийн нэг хэлбэр юм. Гэхдээ эдгээр илчлэл нь хүмүүс бидний хязгаарлагдмал чадварт тохируулан, Бурханыг танилцуулж буй хэрэг.
Эцэст нь хэлэхэд, хамгийн өргөн утгаараа Бичээс мөн хүний үг хэллэг, ухагдахууныг ашиглан Бурханы хийсвэр чанаруудыг олонтоо дүрслэн хэлсэн байдаг. Бурхан бол шударга, ариун, хүчирхэг гэх мэт чанарыг Библид байнга дурддаг. Гэхдээ Библийг бичигчид Бурханы тухай эдгээр хийсвэр дүрслэлийг бидэнд ойлгогдохуйцаар илэрхийлсэн билээ. Иймээс Бурханы талаарх бүх илчлэл нь аль ч талаараа андропоморф (хүншүүлсэн) шинж чанартай байдаг гэж хэлж болох байх. Хэдийгээр Бурхан Өөрийнхөө тухай үнэнийг хүн төрөлхтөнд илчилсээр ирсэн ч ингэхдээ хүний хязгаарлагдмал байдалд нь үргэлж тааруулан илчилдэг байв.
Ариун Сүнс бидэнд Бурханыг илчлэхдээ үргэлж хүний ашигладаг нэр томьёог ашиглан илчилж ирсэн гэдгийг санахын зэрэгцээ, Бурханы илчлэлийн хоёр дахь үндсэн шинж чанарыг авч үзье. Бурхан Христ дотор Өөрийгөө бүрэн төгс илчилсэн.
Христитгэлд Христээс өөр төв цэг байхгүй гэдэг нь мэдээж хэрэг. Зөвхөн Тэр бидний Аврагч, бидний Эзэн. Мөн Есүс Христ бол хүн төрөлхтөнд өгөгдсөн Бурханы дээд илчлэл юм. Христийг дагагчдын хувьд бид Библийн түүхийн туршид Бурхан Өөрийгөө олон аргаар илчилсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч Колоссай 1:15 тэргүүтэй зарим эшлэлд Есүс бол Бурханы Өөрийгөө илчилсэн үнэмлэхүй илчлэл гэж хэлдэг. Есүс бол хүмүүн биед төрсөн, мөнхийн Бурханы Хүү, төгс хүмүүний дүр, Бурханы бие төлөөлөл юм. Ийм ч учраас Бурханы талаар бидний итгэдэг бүхэн Есүс доторх Бурханы дээд илчлэлтэй буюу Түүний сургаалтай, Түүний амьдрал, үхэл, амилал, дээш өргөгдсөн хийгээд сүр жавхлант хоёр дахь ирэлттэй нийцтэй байх учиртай.
Бурханы илчлэлийн эдгээр үндсэн ойлголт дээр үндэслэн, бид Бурхан Өөрийгөө хэрхэн илчилдэг талаар, өөрөөр хэлбэл Бурханаас ирдэг өөр өөр төрлийн илчлэлийн талаар авч үзье.
Өмнө хэлсэнчлэн Есүс бол Бурханы дээд илчлэл. Гэвч Шинэ Гэрээг харвал Есүс Өөрийгөө Бурханы цорын ганц илчлэл биш гэдгийг тодорхой хэлжээ. Бурхан Өөрийгөө янз бүрийн аргаар илчилсэн гэдгийг Есүс баталсан байдаг.
Юуны өмнө, Бурхан Өөрийгөө бидэнд илчлэхээс нааш бид Бурханыг мэдэж чадахгүй. Бурхан бидний эргэн тойрон дахь бүтээлүүд болон бүтээлийн гайхамшгуудаар дамжуулан Өөрийгөө олон янзаар илчилдэг. Бурханы талаар олж мэдсэн зүйлсээ бидэнд хэлж, ярьж байдаг хүмүүсээр дамжин Тэр Өөрийгөө бидэнд илчилдэг. Бид Бурханы ийм илчлэлийг янз бүрийн түвшинд хүлээн авч болно. Христэд итгэгчдийн хувьд хамгийн чухал зүйл бол Бурхан Өөрийгөө Ариун Үгээрээ бидэнд илчилсэн явдал гэдэг нь мэдээжийн хэрэг юм… Тиймээс бид эргэн тойрноо харахдаа Бурхан юу илчилж байгааг харж, Тэр байдаг гэдгийг мэддэг. Тийнхүү шавь нараараа, ариун Үгээрээ дамжин өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийнхөө тухай бидэнд ярьсаар байна.
— Доктор Жеффери Мүүр
Системт теологичид Есүсийн Өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн Бурханаас ирсэн хоёр төрлийн илчлэлийг голлон авч үздэг. Эхний төрлийг нь ихэвчлэн ерөнхий илчлэл буюу байгалийн илчлэл гэж нэрлэдэг.
Ерөнхий илчлэл. Энгийнээр хэлбэл, ерөнхий илчлэл гэдэг нэр томьёо нь бүтээлээр дамжин Бурхан хүмүүнд Өөрийгөө илчилсэн гэсэн Библийн сургаал юм. Дуулал 19 болон Хуучин Гэрээний хэд хэдэн хэсэгт өгүүлсэнчлэн, Есүс Өөрөө теологийн олон сургаалаа ерөнхий илчлэлээс иш татан зааж байсан. Тэрээр Бурханы тухай заахдаа байгаль дэлхий, хөдөө аж ахуй, загас агнуур зэрэг хүний амьдралын нийтлэг үйл хэрэгтэй холбогдох зүйлсийг жишээ болгон ашигладаг байв. Үнэндээ, Есүс шавь нараа амьдралынхаа туршлагаар Бурханыг таньж мэдэх, ойлгохыг, мөн өөрсдийнхөө дотроос, бас эргэн тойрноосоо Бурханыг олж харахыг ятган, дахин дахин уриалдаг байжээ.
Үйлс 14:17, 17:28-аас бид үүнтэй төстэй зүйлийг олж харж болно. Эдгээр эшлэлээс үзвэл элч Паул Христийн жишгээр ерөнхий илчлэлийг ашиглан номлосон байдаг. Энд тэрээр байгаль дэлхий болон Грекийн яруу найргийн тухай эргэцүүлэн бодох замаар харь үндэстнүүд Бурханыг мэдэх боломжтой гэдгийг онцолжээ.
Ром номын 1, 2-р бүлэгт Бичээс дэх ерөнхий илчлэлийн талаарх хамгийн өргөн хүрээтэй тайлбарыг өгсөн. Эдгээр бүлэг нь Бурхан судлалынхаа явцад бидний санаж байх ёстой эерэг ба сөрөг зүйлсийн аль алинд нь анхаарал хандуулсан байдаг. Эерэг тал нь, Ром 1, 2-р бүлэгт бид Бурханы бүтээл дунд амьдарч буй туршлагаасаа Бурханы талаар маш олон зүйлийг сурч мэдэж чадна гэдгийг заадаг. Ром 1:20-д элч Паул юу гэж хэлснийг сонсоцгооё.
“Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй.” (Ром 1:20)
Эдгээр бүлгийг сайтар ажиглавал “бүтээгдсэн зүйлс” гэдэг нь зүгээр нэг байгалийн зүй тогтол биш гэдгийг харж болохоор байна. Паул энэ бүгдийг хэлэхдээ бид хүн төрөлхтний соёлоос, хүн төрөлхтнөөс өөрсдөөс нь, тэр ч байтугай хувь хүний өөрийн дотоод амьдралаас буюу ёс суртахууны мөс чанар, зөн совин, урьдчилсан мэдрэмж зэргээсээ Бурханы талаар сурдаг гэдгийг илэрхийлж байна.
Ерөнхий илчлэл бол үнэхээр чухал теологийн ойлголт гэж би боддог. Нэгдүгээрт, үүнийг үгүйсгэх боломжгүй учраас. Бид бүгд энэ дэлхийд амьдардаг. Бид Христэд итгэдэг ч бай, үгүй ч бай, бүгд Бурханы бүтээсэн ертөнцөд амьдардаг. Христэд итгэгч бус хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь тусдаа асуудал. Гэвч бидний "ерөнхий илчлэл" гэж нэрлэдэг бүтээлийн хувьд л гэхэд, өөрөөр хэлбэл бидний эргэн тойронд харагдаж байгаа зүйлс, Бурханы бүтээлийг хараад л Бурхан гэж хэн болох талаар олон зүйлийг мэдэж болно. Гаригс, одод, сарыг бүтээсэн гэдгээс нь л гэхэд бид хүчирхэг Бурхантай болохоо мэддэг. Бид гоо үзэсгэлэнг мэддэг Бурханд итгэдэг бөгөөд Түүнд үзэсгэлэнт сайхны мөн чанар чухал байдаг. Бид тэрхүү үзэсгэлэнт сайхныг ан амьтдаас, моддоос, жаргах нарнаас олж хардаг. Бид арслангаас Бурханы сүр хүчийг хардаг. Бид эргэн тойрондоо нүдээрээ харж буй бүхнээсээ Бурханы чанарыг харж чадна. Энэ нь ялангуяа Эвангелийн чиг хандлагатай хүмүүсийн хувьд маш чухал зүйл гэж хэлж болно. Учир нь бидэнд эхлэх цэг хэрэгтэй бөгөөд ерөнхий илчлэл бидэнд тэрхүү эхлэл цэгийг өгдөг юм. Бид өөрсдийн амьдарч буй дэлхий ертөнцийн талаар тодорхой хэмжээнд мэддэг тул эргэн тойрноо хараад л энэ ертөнцийг бүтээсэн Бурхан байгааг мөн мэддэг.
— Пастор Рик Родхеавер
Ерөнхий илчлэлийн талаарх энэхүү эерэг үзэл нь олон зууны туршид "байгалийн теологи" хэлбэрээр Бурханы онолд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Байгалийн теологи бол ерөнхий илчлэлээр дамжин Бурханыг таньж мэдэх гэсэн байнгын оролдлого юм. Христийг дагагчид байгалийн теологийн тусламжтайгаар Бурханы талаар маш их зүйлийг мэдэж болно гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрдөг. Мөн зарим нэг ховорхон тохиолдлыг эс тооцвол бүхий л урсгал чиглэлийн чуулган Бурханы онолын албан ёсны теологийн шалгалтдаа байгалийн теологийг багтаасан байдаг.
Үнэн хэрэгтээ дундад зууны үеийн томоохон судлаач теологичид байгалийн теологийг баримтлах албан ёсны, гурван талт стратегийг боловсруулсан байна. Нэгд тэд “учирзүйн арга”-ын (латинаар via causalitatis) тухай ярьсан байдаг. Энэ нь бид Бурханы бүтээсэн сайн зүйлсийг эсвэл “сайн зүйлсийн учир шалтгаан болсон” зүйлсийг ажигласнаар Бурханы тухай үнэнийг мэдэж чадна гэсэн үг юм. Жишээлбэл, Бурхан энэ ертөнцөд гоо үзэсгэлэн, дэг журмыг бий болгосон гэдгийг бид мэддэг. Үүн дээрээ үндэслэн, Бурхан Өөрөө үзэсгэлэнтэй, эмх цэгцтэй Нэгэн гэж дүгнэж болох юм.
Хоёрдугаарт, судлаачид “үгүйсгэлийн арга”-ын (латинаар via negationis) тухай өгүүлдэг. Энэ нь бид Бурханыг бүтээлийн хязгаарлагдмал, төгс бус байдалтай харьцуулж, Бурханы тухай үнэнийг ойлгож чадна гэсэн үг юм. Жишээлбэл, бүтээл нь цаг хугацаагаар хязгаарлагддаг, харин Бурхан бол үүрд мөнх юм. Бүтээл нь орон зайгаар хязгаарлагддаг, харин Бурхан бол хязгаар үгүй.
Гуравдугаарт, дундад зууны үеийн судлаачид "өргөмжлөлийн арга"-ын (латинаар via eminentiae) тухай мөн ярьдаг. Энэ нь Бурхан бүтээсэн сайн зүйлсээсээ ямагт илүү агуу, давуу байдаг гэдгийг мэдсэнээр Бурханы талаарх үнэнийг ерөнхий илчлэлээс олж авч чадна гэсэн үг юм. Жишээлбэл, байгалийн хүч биднийг Бурханы дээд хүчинд итгэхэд хүргэдэг. Хүний оюун ухааны чадвар биднийг Бурханы хосгүй мэргэн ухаан руу хөтөлдөг.
Ихэнх тохиолдолд өнөөгийн эвангелийн итгэгчид ийм хатуу арга барилыг дагадаггүй ч байгалийн теологи Бурхан судлалд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Бурхан Өөрийгөө илчлэхийн тулд бүтээлийг буюу бидний амьдралд тохиолдох бүхий л зүйлсийг урдаас бүтээсэн гэдгийг Есүс дагагчдадаа заасан юм. Мөн Христийн итгэмжит хүмүүс болохынхоо хувьд бид ерөнхий илчлэлээр дамжин Бурханы тухай сурч мэдэж чадах бүхнээ ойлгож мэдэх гарцыг хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой.
Ерөнхий илчлэл ба байгалийн теологийн талаарх энэ мэт эерэг үзлүүд нь Бурхан судлалд чухал ач холбогдолтой. Гэхдээ бид Ром номын эхний хоёр бүлэгт зарим нэг сөрөг үзэл бодлыг хэрхэн илэрхийлж байгааг ажиглан анхаарах хэрэгтэй байна. Ром 1:18-д Паул ерөнхий илчлэлийн сөрөг байр суурийг онцлон тэмдэглэсэн байдаг:
Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг (Ром 1:18).
Энэ эшлэлд Паул ерөнхий илчлэл нь Бурханы өршөөл ба авралыг бус, харин “Бурханы уур хилэнг” илчилдэг гэдгийг тайлбарласан бөгөөд энэ нь ч үнэн юм. Учир нь нүгэлт хүмүүс ерөнхий илчлэлийн “үнэнийг нуун дарагдуулж”, “бузар муугаараа дүүргэдэг” ажээ. Үнэндээ Ром 1:25-д хэлсэнчлэн:
Учир нь, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн, зарагджээ (Ром 1:25).
Нүгэлт хүмүүс ихэнхдээ амьдралын туршлагаасаа Бурханы талаар сурч болох чухал зүйлсийг сурдаггүй гэдгийг Есүс Өөрөө дахин дахин онцолсон байдаг. Есүс, Паул хоёрын хэлснээр, нүгэлт хүмүүс Бурханы бүтээлээрээ илчилсэн зүйлийн талаар өөртөө болон бусдад худал хэлэх хандлагатай байдаг.
Би байгалийн теологийн ангилал, эсвэл үүний тодорхойлолтоос Бурханы талаар бид юу сурч болох талаар ярихдаа маш болгоомжтой байхыг хүсэж байна. Харин Бурханы сүр жавхлан, хүч чадлын тухай өгүүлсэн Ром 1:20-д хэлэгдсэн үгсийг бол үнэхээр чухал гэж би хэлнэ. Үнэндээ бид энэ эшлэлээс олон зүйлийг сурч болох учраас эдгээрийг чухалчилж үзэх ёстой гэж боддог. Гэхдээ зөв өнцгөөс харахын тулд онцгой илчлэл зайлшгүй шаардлагатай гэдгийг би онцлон хэлмээр байна. Тиймээс хүний учир шалтгааны үндэслэлийг, өөрөөр хэлбэл бие даасан болон эрх чөлөөт хүний хувьд учир шалтгааны үндэслэлээр хүлээж авахад тусгай илчлэл зайлшгүй шаардлагатай. Учир нь хүн өөрөө бүтээл гэдэг утгаараа зарим зүйлийг ойлгож, тайлж уншихад бэрхшээл тулгардаг билээ. Эзэн Есүс Христийн бодит байдлын тухай онцгой илчлэл нь Бурхан гэж яг хэн бэ гэдгийг тов тодорхой илэрхийлдэг. Бурханы үгтэй зөвлөлдөх нь биднийг учир шалтгаанд үндэслэсэн шийдвэр гаргахад туйлын чухал юм.
— Доктор Брюс Л.Фиелдс
Бурханы бүтээл бидэнд олон зүйлийг заадаг. Мэдээжийн хэрэг, хамгийн чухал нь бүтээл бидэнд Бурхан бол бүхнийг захирдаг Бүтээгч гэдгийг заадаг. Бурхан бүх зүйлийг оргүйгээс бий болгосон гэдэг үнэн Түүний агуу хүч чадлыг бас бидэнд заадаг. Түүнчлэн, Ром 1-р бүлэгт хэлсний дагуу энэ нь Түүний зөвт байдлын тухай заадаг. Бурхан байдаг бөгөөд Түүнд мөргөл хүндэтгэлийг өргөх ёстой гэдгийг хүн бүр мэдэх учиртай төдийгүй хүн бүр Бурханы зөвт, ариун байдлын мэдрэмжтэй байдаг гэдгийг Ром 1-р бүлэгт хэлсэн байна. Нүгэлт мөн чанартай хүмүүс бидний хувьд энэ бүхнийг үгүйсгэж, дарах гэж оролддог. Бид үүнийг үл тоомсорлохыг хичээдэг. Тиймээс бүтээл нь Бурхан бол Бүтээгч гэдгийг бидэнд заадаг боловч Түүнтэй хэрхэн зөв харилцаатай болох тухай заадаггүй. Бүтээл нь миний сая тодорхойлж хэлсэн зүйлсийг бидэнд заадаг боловч Эзэн Есүс Христ доторх Бурханы хайр энэрэл, нигүүлслийн тухай заадаггүй. Тийм ч учраас Эзэн Есүс Христээр дамжин Бурханы хийсэн үйлсийн тухай нэмэлт илчлэл гарцаагүй хэрэгтэй ажээ.
— Доктор Карл Р. Трюман
Ерөнхий илчлэлийн талаарх энэхүү сөрөг үзэл нь байгалийн теологид хэт түшиглэхээс биднийг сэрэмжлүүлж байна. Бурханы бүтээлийг харж Түүнийг таньж мэдэх чадварыг маань гэм нүгэл бузарласан учраас байгалийн теологийг алдаа мадаггүй гэж хэлэх боломжгүй болгожээ. Тийм ч учраас христитгэлт теологичид маш их хүчин чармайлт гарган тайлбарладаг ч энэ бүгдийг үл харгалзан байгалийн теологи нь ерөнхий илчлэлийг буруу тайлбарлаж, Бурханы талаар бидэнд худал хуурмаг ойлголт өгөх явдал олонтаа тохиолддог.
Жишээлбэл, анхны чуулганы үе болон дундад зууны үед Хеллинист мистик (ид шидийн) үзлээс болж хүн төрөлхтөн Бурханы тухай мэдэх боломжтой гэдгийг олон хүн үгүйсгэх болов. XVIII зуунд байгалийн зүй тогтлын талаарх үл ойлголцол нь олон теологичдыг Соён гэгээрлийн үеийн деист үзлийг буюу Бурхан ертөнцийн үйл хэрэгт оролцдоггүй гэсэн итгэл үнэмшлийг дэмжихэд хүргэсэн. Сүүлийн хэдэн зуунд биологийн чиглэлээр хийсэн шинжлэх ухааны судалгаанууд нь олон хүнийг Бурхан бол Бүтээгч хэмээн дүрсэлсэн Библи дэх Бурханы дүрийг үгүйсгэхэд хүргээд байна. Хүний зүрх сэтгэл бүх талаараа ялзарсан нь теологичдыг ерөнхий илчлэл дэх Бурханы тухай үнэнийг зааж чадахгүйд хүргэж байна.
Мэдээжийн хэрэг, байгалийн теологийн талаарх энэхүү сөрөг үзэл нь нэгэн үндсэн асуултад хүргэдэг. Хэрэв гэм нүгэл бидний ерөнхий илчлэлийг үнэлэх үнэлэмжийг алдагдуулсан юм бол бид Бурханы тухай үнэнийг хэрхэн мэдэх вэ?
Энэ асуултад хариулахын тулд бид Бурханы илчлэлийн хоёр дахь чухал төрлийг авч үзэх болно. Бурхан ерөнхий илчлэлээс гадна бидэнд онцгой буюу илүү тодорхой илчлэлүүдийг өгсөн гэдгийг Есүс заасан байдаг.
Онцгой илчлэл. Ерөнхийд нь авч үзвэл, онцгой илчлэл бол ер бусын арга замаар Бурхан Өөрийгөө илчлэхийг хэлж байна. Ариун Сүнс зүүд, үзэгдэл, дуу хоолойгоор, мөн шүүлтийн болон авралын агуу үйлсээрээ илчилсээр байна. Бурхан мөн Ариун Сүнсээр онгод оруулсан бие төлөөлөгчдөөрөө буюу хүмүүсээр, өөрөөр хэлбэл эш үзүүлэгчид болон элч нараар дамжин Өөрийгөө таниулан мэдүүлсээр байна. Мэдээж өмнө хэлсэнчлэн, Бурханы хамгийн агуу онцгой илчлэл бол Христ юм.
Бурханы онол дахь онцгой илчлэлийн ач холбогдлыг онцлон дурдахгүй байж болохгүй. Онцгой илчлэл нь Бурханы зорилгод маш чухал бөгөөд гэм нүгэл дэлхийд орж ирэхээс ч өмнө Бурхан Адам Ева хоёрыг онцгой аман илчлэлээр удирдан чиглүүлж байсан юм. Түүнчлэн, гэм нүгэл орж ирсний дараа онцгой илчлэл нэн чухал ач холбогдолтой болсон нь мэдээжийн хэрэг. Энэ нь биднийг ерөнхий илчлэлийг ойлгоход удирдамж чиглүүлэг болдог төдийгүй мөнхийн авралд хүрэх замыг илчилж өгдөг.
Бурхан ер бусын илчлэлээ (гэм нүгэл дэлхийд орж ирэхээс өмнө болон дараа нь ч гэсэн) өгсөн нь гайхамшигтай явдал бөгөөд бидний ерөнхийдөө "Бурханы онцгой илчлэл" гэж нэрлэдэг энэхүү илчлэл олон мянган жилийн өмнө бидэнд өгөгдсөн юм. Тэгвэл бид өнөө цагт хэрхэн онцгой илчлэлээр дамжин Бурханыг таньж мэдэх вэ?
Дахин хэлье, Бурханы дээд илчлэл болох Есүсийн заасан зүйлийг бид эргэн харах ёстой. Товчхондоо бол Христ дагагч нартаа Бичээс дэх Бурханы онцгой илчлэлүүдэд өөрсдийгөө бүрэн зориулах учиртайг заасан. Марк 12:28-34 зэрэг багц эшлэлүүд нь Есүс тухайн үеийн Палестины бусад рабби нарын адил Хуучин гэрээг Бурханы бичигдсэн онцгой илчлэл гэж үзэж байсныг батлаад өгч байна.
Мөн Шинэ Гэрээ бол Бурханы онгодоор бичигдсэн илчлэл гэдгийг бид мэддэг. Иохан 16:12-13, Ефес 2:20 гэх мэт эшлэлээс Есүсийг тэнгэр өөд одсоны дараа нэгдүгээр зууны үеийн элч нар болон эш үзүүлэгчдийг үйлчлэлд бэлтгэхийн тулд Бурхан Ариун Сүнсийг илгээсэн гэдгийг харж болно. Энэ нь чуулганд Бурханыг илчлэхийн тулд байв. Шинэ Гэрээ бол эдгээр нэгдүгээр зууны элч нар болон эш үзүүлэгчдийн онцгой илчлэлүүдийн цуглуулгуудын төлөөлөл юм. Тийм ч учраас эвангелийн христитгэгчид ерөнхий болон онцгой илчлэл дэх Бурханы илчлэлийг ялгаж танихын тулд Библид найдаж болно гэдэгт бат итгэдэг.
Бурханы илчлэлүүд болон нууцуудыг судлахдаа бид Бурханыг таньж мэдэж болох бүх зүйлсийн эх сурвалж болох Бурханы илчлэлийг судалж үзлээ. Одоо тэгшитгэлийн нөгөө талыг харцгаая. Бурханы нууц (Бурханы талаарх олон зүйл нуугдмал хэвээр байгаа) Бурханыг судлахад бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?
Бидний шийдвэрлэх ёстой боловч шийдвэрлэхэд амаргүй нэг зүйл бол Бурхан үнэхээр хэн бэ гэдгийг тодорхойлох явдал юм. Тэр бол трансцендент Нэгэн бөгөөд бүх бүтээлээс ангид оршдог. Энэ ертөнцөд бидний амсаж мэдэрч буй бүхэн Түүгээр бүтээгдсэн тул Тэр Өөрийгөө илчлэхгүй бол, эсвэл ямар нэгэн байдлаар бүтээлийнхээ нэг хэсэг болохгүй бол хүмүүс бид Түүнийг таньж мэдэх үнэхээр боломжгүй. Тэр бидэнтэй ярьж, Өөрийн Хүү Есүсээр Өөрийгөө бидэнд төгс илчилсэн юм. Гэхдээ энэ нь Түүнийг бидний хувьд нууцлаг болгодог. Үнэндээ, Бурханы хаант улсыг, Түүний засаглал, удирдлагыг мэдэх цорын ганц арга зам нь Тэрээр үл үзэгдэгч Нэгэн атлаа биднийг энд амьдрахыг зөвшөөрч, бидэнд Өөрийгөө илчилсэн үед л бид Түүний хаанчлалын тухай мэдэж, ойлгож чадна.
— Доктор Рик Боид
Бидний өмнө үзсэнчлэн, хүн төрөлхтөн болон Өөрийнх нь хоорондох асар их зайг Бурхан давж гарсан. Тэрээр ерөнхий болон онцгой илчлэлээр Өөрийг нь мэдэх боломжийг бидэнд олгосон. Гэхдээ үүний зэрэгцээ Бурханы талаарх бидний мэдлэгт Бурханы нууцууд гүнзгий нөлөөлсөн байдаг. Бурхан Өөрийнхөө талаар илчлээгүй олон зүйл бий.
Бурханы нууцыг ойлгох нь Бурхан судлалын хувьд маш чухал тул үүнийг хоёр үе шаттайгаар авч үзэх нь тустай. Эхлээд Бурханы нууцын талаарх үндсэн ойлголтуудыг тайлбарлая. Дараа нь, Бурханы онолыг судлах явцдаа ямар төрлийн нууцлаг зүйлстэй тулгардаг талаараа ярилцах болно. Бурханы нууцын талаарх үндсэн ойлголт юу вэ?
"Нууц" гэсэн нэр томьёог Библид янз бүрийн байдлаар ашигладаг боловч бид өөрсдийнхөө зорилгын төлөө Бурханы нууцуудыг дараах байдлаар тодорхойлж болох юм.
Бурханы тухай бидний ойлголтыг хязгаарладаг Бурханы талаарх тоолж томшгүй олон, илчлэгдээгүй үнэн.
Бид энэхүү тодорхойлолтын хоёр талыг онцлон авч үзэх болно. Эхний тал нь Бурханы нууц нь "Бурханы тухай тоолж барамгүй олон бөгөөд илчлэгдээгүй үнэн" юм. Ром 11:33-т элч Паул Бурханы далд нууцыг бид үргэлж санаж байх ёстойг онцолсон байдаг.
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? (Ром 11:33)
Энэ эшлэлийн дараах бүлгүүдэд Паул ерөнхий болон онцгой илчлэлээс Бурханд бид баттай итгэж болохоор гэдгийг олонтоо дурджээ. Гэвч энэ эшлэлд Паул Бурханы мэргэн ухаан, мэдлэгийн "гүн"-ийг онцолсон. Мөн тэрээр Бурханы шүүлтүүд "ойлгож баршгүй", Түүний замуудыг “олж илрүүлшгүй” гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр Паул Бурханы илчлэлээс Бурханы талаар маш их зүйлийг сурч мэдсэн ч Бурханы Сүнсний илчлээгүй олон далд нууцтай тулгарсаар байв.
Бурхан бол нууцлаг, учир нь Тэр бидэнд байж болох аливаа ойлголт, мэдлэгийг давж гардаг. Тэр бидэнтэй зөвлөлдөхгүйгээр зарим зүйлийг үйлддэг. Тэр үргэлж бидэнтэй зөвлөлдөхгүйгээр үйлддэг ч заримдаа Түүний хийж байгаа зүйлийг ойлгоход хэцүү байдаг. Түүнчлэн Бурханы талаарх мэдлэгийг хэн ч бүрэн гүйцэд эзэмшиж чадахгүй гэдэг утгаараа Тэр бол ойлгогдох боломжгүй Нэгэн юм. Тэр бол Бурхан болохоос бүтээл биш учир нууцлаг байх нь гарцаагүй... Гэхдээ Бурханы нууцыг мэдэхгүй байлаа гээд энэ нь бидэнд шийдвэрлэх чухал нөлөө үзүүлэхгүй. Бурханд нууцууд бий гэдэг нь Түүнд мэдэх боломжгүй гэсэн үг биш юм. Жишээ нь, бид Түүний хайрыг мэдрэхгүй байлаа гээд Тэр биднийг хайрладаггүй гэсэн үг биш. Энэ нь ийм утга огт биш. Үнэн хэрэгтээ, хэрэв Түүнд нууцлаг зүйлс байдаггүй байсан бол бид Түүнийг Бурхан биш гэж баттай хэлж чадна. Бид нууцлаг бус Бурханыг хүснэ гэж үү? Бид Түүнийг бүрэн мэддэггүй боловч Түүнийг үнэхээр мэддэг. Бид Түүнийг бүрэн ойлгодоггүй, гэхдээ бид Бурханыг мэддэг гэж хэлж чадахуйц хэмжээнд баттай мэддэг нь философийн тодорхойгүй зарчмыг мэдэхтэй зүйрлэшгүй мэдлэг билээ.
— Доктор Виллиам Едгар
1797-1878 онд амьдарч асан Принстоны теологийн семинарын системт теологийн профессор Чарльз Ходж Бурханы нууцлаг байдлыг гайхалтай дүгнэн хэлсэн байдаг. Тэрээр системт теологийн номынхоо эхний хэсгийн 4-р бүлэгт:
Бурхан дотор бидний төсөөлж чадахаас ч маш олон зүйл бий. Түүний талаар бидний мэддэг зүйлс үнэндээ төгс бус юм.
Ходж энд тун гайхалтай хоёр ажиглалтаа бичсэн байдаг. Нэгдүгээрт, тэрээр Бурханы тухай нэг чухал үнэн бол "бид төсөөлж ч чадахааргүй тийм хязгааргүй..." гэжээ. Цөөн хэдэн, эсвэл чамгүй олон нууц биш. Харин Бурхан Өөрөө хязгааргүй учраас Түүнд бидний төсөөлж чадахаас хамаагүй олон нууц бий. Ходж мөн Бурханы нууцууд нь бидний ойлголтод маш их нөлөөлдөг тул “бид [Бурханы тухай] мэддэг гэж бодож байгаа зүйлээ ч төгс бус мэддэг” гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, Бурханы талаар бидний бүрэн гүйцэд ойлгодог ганц ч зүйл байхгүй.
Хэн нэг хүн Бурханыг ойлгож чадахгүй байна гэж хэлэхийг бид сонсоод заримдаа сөрөг хариу үйлдэл үзүүлдэг. Би Бурханыг мэдэж болохгүй гэж үү? Би Бурханыг танин мэдэж чадахгүй гэж үү? Мэдээжийн хэрэг, Библи бол Бурханы Өөрийгөө илчилсэн илчлэл юм. Бид Түүнтэй хувьчлан танилцах, Түүний талаар ямар нэг зүйлийг олж мэдэх боломжтой байгаасай гэсэндээ Тэрээр Өөрийгөө бидэнд илчилсэн билээ. Гэвч хэрэв чи түр азнаад эргэцүүлэн бодвол, хэрвээ Бурхан үнэхээр хязгааргүй Бурхан юм бол миний хөөрхий өчүүхэн оюун ухаан, тэр ч байтугай түүхэнд бичигдээгүй хамгийн шилдэг теологичийн оюун ухаан хүртэл Бурханыг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй. Хэрвээ бид Бурханыг бүрэн гүйцэд ойлгож чадвал Түүн шиг агуу нэгэн байх байсан. Тэгэхээр энэ бол маш чухал хэсэг нь юм... Бидний Бурхан бол жижигхэн Бурхан биш. Тэр бол миний оюун ухаанд, эсвэл ном зохиолд багтахаар тийм өчүүхэн жижиг биш ээ. Тэр биднийг аврахын тулд Өөрийгөө бидэнд хангалттай илчилсэнд бид үнэхээр Түүнд талархдаг. Ингэснээрээ бид Түүний талаар тодорхой ойлголттой болж, Түүнтэй нөхөрлөж, энэхүү нөхөрлөл дотор эрүүл зөв амьдарч, зөвөөр сэтгэн бодох боломжтой болсон юм.
— Доктор Гарет Кокерилл
Бурханы нууцуудыг тоолох аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ бид Бурханы нууцын хоёр дахь чухал талыг анхаарч үзэх хэрэгтэй. Бурханы энэхүү нууцууд нь Бурханыг судлах явцад бидний ойлголтыг маш хүчтэй хязгаарлаж байдаг.
Бурханы нууц нь Бурханы талаарх бидний мэдлэгийг олон талаар хязгаарлаж байдаг ч энэ хичээлд зөвхөн хоёрыг нь л авч үзье. Нэг талаас, Бурханы талаарх мэдээлэл бидэнд маш хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр Бурхан авралд болон Христ дотор амьдрахад юу чухал болохыг маш тодорхой заасан боловч бодит байдал дээр бидний хэн нь ч Бурханы талаар сайн ойлгодоггүй. 1Коринт 13:12-т бид зөвхөн “толинд харж байгаа” мэт Бурханы үнэнийг “бүдэг бадаг” л хардаг гэж хэлсэн.
Тийм ч учраас Бурханы онолын талаар ярилцах үед бүрэн хариулж чадахааргүй олон асуулт гарч ирдэг. Жишээлбэл, Бурхан яагаад бузар мууг зөвшөөрдөг вэ? Бид өнөөгийн үйл явдлуудаас Бурханы зорилгыг хэрхэн ялгаж чадах вэ? Олон теологичид, ялангуяа янз бүрийн шүүмжлэгчдээр хүрээлүүлсэн хүмүүс ийм төрлийн асуултад хариулах бүх хариулт бидэнд байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тийм ч учраас олон төрлийн таамаглал, онол зэргийг дэвшүүлж байдаг. Гэвч Бурханы нууц нь Христийн итгэмжит дагагчдыг "Би мэдэхгүй" гэж хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Бурхан Өөрөө аливаа зүйлийг илчлэхээс нааш бид үүнийг мэдэх боломжгүй. Энэ бүхэн маш энгийн.
Христийн итгэмжит дагагч нар болохынхоо хувьд бид Бурханы талаар хязгаарлагдмал мэдээлэлтэй байдаг гэх үнэнээс айн зугтах шаардлага байхгүй. Үнэндээ энэ хязгаарлагдмал байдлаа хором бүрд ухамсарлах нь ерөөл юм. Бурханы нууцууд биднийг Бурханд итгэхийг шаарддаг. Бид Бурханыг таньж мэдэх хязгаарлагдмал мэдлэг чадвартаа итгэж найдахын оронд Ариун Сүнсний үйлчлэлээр дамжин Эцэгт, Христэд итгэж найдах учиртай юм.
Нөгөө талаар, Бурханы нууц гэдэг нь хүмүүс Бурханы илчлэлийн талаар зөвхөн хязгаарлагдмал тайлбар өгч чадна гэсэн үг юм. Үнэний талаарх Бурханы илчлэл нь өөр хоорондоо зөрчилддөггүй гэдгийг бид мэддэг. Мөн Бурханы илчлэлүүдийн хоорондох олон логик холбоосыг бид харж чадна. Гэхдээ бид үүнийг хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран Бурханы нууцууд зөвхөн Бурханы тухай бидний мэдэх мэдээллийн хэмжээгээр хязгаарладаггүй. Энэ нь бас Бурхан Өөрийнхөө тухай илчилсэн олон зүйлсийн логик уялдаа холбоог тайлбарлах бидний чадварыг хязгаарлаж байдаг.
Жишээлбэл, бид Гурвалын талаар (Бурхан бол гурвалаар оршигч ганц Бурхан) нарийн логик тайлбар өгч чаддаггүй. Есүс бол жинхэнэ Бурхан ба жинхэнэ хүн гэдгийг бодит байдал дээрх логикоор тайлбарлаж чадахгүй. Бурхан хүмүүний үйл хэрэг бүрийг захиран удирдах бүрэн эрх мэдэлтэй атлаа бид хийсэн зүйлийнхээ төлөө Түүний өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг бид бүрэн ойлгож чаддаггүй. Христэд итгэгч эрдэмтэн мэргэд эдгээр болон үүнтэй төстэй олон асуултад хариулах гэж хичээсээр ирсэн. Гэсэн хэдий ч тэд бүрэн гүйцэд бөгөөд логик тайлбарыг өгч чаддаггүй.
Эцэст нь, Бурханы Өөрийнхөө тухай илчилсэн зүйлийн логик уялдаа холбоог тайлбарлахыг хичээх нь зүйтэй болов уу. Гэхдээ бид ямар нэг зүйлийг үнэн эсвэл худал эсэхийг ингэж тодорхойлдоггүй. Аливаа теологийн мэдэгдлийн үнэн зөв эсэх нь Бурхан үүнийг ерөнхий илчлэл эсвэл онцгой илчлэлээр илчилсэн эсэхээс хамаарна.
Теологичид Бурханыг ойлгогдошгүй гэж хэлэхдээ хязгаарлагдмал бодгаль болох хүмүүс бид Бурханы төгс мөн чанар, оршихуйг ойлгож, ухаарах боломжгүй гэсэн санааг илэрхийлж байдаг. Энэ утгаараа Бурхан бол хязгааргүй учраас Түүний бүрэн төгс байдлыг ойлгож, мэдэх боломж бидэнд маш бага. Ром 11:33-34-т Паул үүнтэй холбоотой Бурханы ойлгож баршгүй мэдлэг, мэргэн ухааны тухай ярьж байхдаа юу гэж хэлснийг би санаж байна. Гэхдээ Тэр бидэнд Өөрийгөө хангалттай илчилсэн бөгөөд энэ нь бидэнд Бурханд итгэх хангалттай шалтгааныг өгдөг.
— Пастор Ларри Кокрелл
Бурханы нууцын ач холбогдлыг бүрэн сайн ойлгохын тулд үндсэн ойлголтуудыг судалж үзлээ. Одоо бид Бурханы онол сургаалыг судлахад чухал үүрэг гүйцэтгэдэг Бурханы нууцын төрлийг нь авч үзэх гэж байна.
Бид энд хоёр өөр төрлийн нууцыг ялгаж авч үзэх гэж байна. Эхний төрлийг "түр зуурын нууц" гэж нэрлэх болно. Энэ нь юу гэсэн үг болохыг харцгаая.
Түр зуурын. Түр зуурын нууцууд нь хэсэг хугацаанд хүмүүсээс нуугдаж байсан, дараа нь түүхийн нэгэн цагт илчлэгдсэн Бурханы тухай үнэн юм. Нэгэн цагт нууц байсан зүйлийг Бурхан ерөнхий илчлэлээр илчилдэг. Тэрээр бодит ертөнц, хүн төрөлхтний соёл, бусад хүмүүс, тэр ч байтугай бидний дундах өөрчлөлтүүдийг ашиглан түр зуурын нууцыг илчилдэг.
Онцгой илчлэлд ч үүнтэй төстэй зүйл байдаг. Библийг анхааралтай уншвал Бурханы хожим илчилсэн онцгой илчлэл нь урьд өмнөх Түүний ямар ч онцгой илчлэлтэй зөрчилдөж байгаагүй гэдгийг харж болно. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Бурхан Өөрийгөө улам илүү тодорхой илчилсээр байсан. Онцгой илчлэлээ ингэж бага багаар дэлгэх нь Библийн түүхийн бүх цаг үед тохиолдож байсан. Мэдээжийн хэрэг, Бурханы нууцын ер бусын гайхалтай илчлэл нь Христ Өөрөө юм. Паул Ефес 1:9, 3:3, 6:19-ийг бичихдээ энэ талаар бодож байжээ. Эдгээр эшлэлд Паул Христ доторх Бурханы мөнхийн зорилгын нууцыг дурджээ. Тэрээр энэхүү нууц нь Шинэ Гэрээний элч, эш үзүүлэгчдийн өдрүүдийг хүртэл нууцлагдаж байсан хэмээн тайлбарласан байдаг.
Ийм учраас бид Бурханы тухай мэдэх гэж эрэлхийлэх бүртээ, Хуучин Гэрээн дэх түр зуурын нууцуудыг илүү тодорхой ойлгохын тулд Шинэ Гэрээн дэх онцгой илчлэлийг үргэлж судалж үзэх ёстой.
Заримдаа бид Түүний юу хийж байгааг сайн ойлгодоггүй учраас Бурханы тухай ярихдаа “нууц” гэх нэр томьёог ашигладаг. Нөгөө талаар, Шинэ гэрээнд мистерион гэдэг грек үгээс гаралтай “нууц” гэдэг үгийг хэрэглэсэн байдаг. Энэ нь бараг ижилхэн үг юм. Энэ нь Бурханы авралын нигүүлсэнгүй төлөвлөгөө хэрхэн илчлэгдэж байгааг илэрхийлдэг бөгөөд бид өөрсдийн хүчээр үүнийг ойлгож ухаарч чадахааргүй байсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хэрэв Бурхан бидэнд илчлээгүй бол бид үүнийг хэзээ ч ойлгохгүй байсан гэдэг утгаараа энэ нь нууц юм. Тиймээс Бурхан онцгой илчлэлээр бидэнд төлөвлөгөөгөө илчилдэг. Тийм ч учраас мистерион буюу нууц гэсэн үгийг Ефес болон 1Коринт номд ашигласан байна. Бурхан аажмаар... илчлэлээ дэлгэж, аврал бол иудейчүүд болон харь үндэстнүүдийн аль алинд нь зориулагдсан болохыг харуулж байна. Аврал бол Есүс Христийг Мессиа гэж хүлээн зөвшөөрдөг бүх хүнд зориулагдсан билээ.
— Доктор Самуел Ламерсон
Гэхдээ Шинэ Гэрээний үеийн Христэд итгэгчдийн хувьд ч Бурхан түр зуурын нууцуудаа заримыг нь хараахан илчлээгүй байгаа гэдгийг бид санах ёстой. 1Коринт 13:12-т Паул хэлэхдээ:
Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно (1Коринт 13:12).
Зөвхөн Христ сүр жавхлантайгаар эргэн ирэхэд л Тэрээр бүх түр зуурын нууцыг илчлэх болно. Мөн бид Бурханыг болон Түүний арга замыг өнөөдрийнхөөс хамаагүй илүү бүрэн ойлгох болно.
Бидний үзсэнчлэн, бид Бурханы онолыг судлах үедээ олон түр зуурын нууцтай тулгардаг. Түүнчлэн бид Бурханыг судалж байх үедээ мөнхийн нууцыг ч бас тодорхой ойлгох шаардлагатай гэдгийг Библид тодорхой заасан байдаг.
Мөнхийн. Мөнхийн нууц бол хүн төрөлхтний хэзээ ч ойлгож чадахгүй Бурханы тухай үнэн юм. Учир нь эдгээр үнэн бидний ой ухаанаас хол давсан байдаг. Уламжлалт теологийн хувьд энэхүү бодит байдлыг Бурханы ойлгогдошгүй чанартай холбож үздэг. Бурхан аливаа зүйлийг хүмүүний байр байдалд тохируулан илчлэх үед л бид Бурханы тухай зарим нэг зүйлийг ойлгож чадна. Гэхдээ бид Бурханы тухай бүгдийг ойлгож хэзээ ч чадахгүй. Энэ санааг Исаиа 55:8-9-д тодорхой илэрхийлсэн байгааг харж болно. Эш үзүүлэгч Исаиа ингэж хэлжээ:
“Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна.Тэнгэрс газраас өндөр байдаг шиг Зам минь та нарын замаас, Бодол минь та нарын бодлоос өндөр билээ (Исаиа 55:8-9).
Эдгээр эшлэлд Бурхан ойлгогдошгүй учраас Бурханы мөнхийн нууц гэж байдаг гэдгийг Исаиа Израильд сануулж байна.
Библид Бурханы нууцын тухай ярих үед бид "нууц" гэдэг үгийг буруугаар ойлгож болохгүй. Энэ дэлхийн аливаа үзэгдэл юмсын нууц гээд бодохоор хэзээ нэгэн цагт намайг гайхшируулах хар нууцууд байдаг гэж бодогддог. Бурханы нууц бол тийм биш. "Нууц" гэдгээр бид Бурхан бол ойлгогдошгүй гэдгийг илэрхийлдэг. Түүнд бидний төсөөлж ч чадахааргүй амьдрал бий гэсэн үг. Түүнчлэн энэ нь Бурханы талаар бидний бүрэн ойлгож чадахааргүй зүйлс байдаг гэсэн үг юм. Энэ ойлголт надад маш их таалагддаг. Бурхан Өөрийнх нь бүтээл болох бидний амьдралаас хавьгүй агуу гэсэн үг. Тэр миний бодож байгаагаас ч агуу юм. Үүнд бид "трансцендент" гэдэг теологийн үг хэллэг ашигладаг. Бурхан бол трансцендент буюу алив бүхнээс ангид оршигч Нэгэн юм. Тэр бидний бодол, сэтгэхүйн цар хүрээнээс хол давсан Нэгэн. Тийм ч учраас Тэр мөргөл хүндэтгэлийг авах зохистой. Тэр бол Агуу Бурхан бөгөөд бидний эмээн хүндэтгэдэг Нэгэн юм.
— Доктор Гэри М. Бурж
Бурхан доторх нууц нь зарим талаараа Түүний мөн чанартай буюу Тэр хэн бэ гэдэгтэй холбоотой байдаг. Энэ нь Түүний хязгааргүй чанар ба бидний хязгаарлагдмал байдал, Түүний хязгааргүй хүч, ойлголт ба бидний хязгаарлагдмал чанартай холбоотой юм. Гэхдээ энэ нь онцгойлон Бурханы зорилго, бүтээлдээ зориулсан төлөвлөгөөтэй холбоотой. Бурхан яагаад ийм биш, харин тийм арга замаар ажилладаг юм бол? Түүнчлэн ихэрхэг бардам хүмүүн бид хийж байгаа зүйлээ Бурханаас илүү мэддэг гэж бодох дуртай байдаг. Гэхдээ Бурханы нууцын талаар... Библид олонтоо дурдсан байдаг. Жишээлбэл, Дэд хууль 29:29-д нууц зүйлс нь зөвхөн Бурханых, харин илчлэгдсэн зүйлсэд нь бид талархан баярлах учиртай гэдгийг хэлсэн. Бурхан бидэнд бүгдийг хэлээгүй, Өөрийнхөө тухай бүгдийг илчлээгүй гэдгийг бид ойлгож, хүлээн зөвшөөрөх нь чухал. Ийм зүйл яаж байж болох вэ? Бид үүнийг яаж ойлгох вэ? Гэхдээ Тэр бас зорилго, төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ч бидэнд бүгдийг хэлээгүй. Бурхан яагаад ийм зүйл хийхийг зөвшөөрсөн бэ? гэсэн асуултынхаа хариуг авахыг хүссэн Хуучин Гэрээний Иовоос өөр үүнийг сайн мэдэх хүн үгүй. Гэтэл Бурхан Иовд хүссэн хариултыг нь өгөөгүй. Харин "Би юу хийж байгаагаа мэдэж байна. Миний төлөвлөгөөнд зөвхөн Би л бүрэн тайлбарлаж чадах нууц бий. Эцэст нь та нар бүх зүйлийг ойлгож ухаарах, бүхий л зүйлс бүрэн утга учиртай болох эцсийн тэр цаг ирэх болно" гэсэн хариултыг Бурхан өгдөг.
— Пастор, доктор Луис Винклер
Бурханы талаар бидний мэддэг зүйл гэсэн энэхүү цуврал хичээлийн эхэнд бид Бурхан Өөрийгөө ерөнхий болон онцгой илчлэлээр дамжин илчилсэн ч биднээс нууцлагдсан түр зуурын болон мөнхийн нууцууд байдаг гэдгийг үзлээ. Бид эдгээрийг үргэлж санаж байх ёстой. Бид бүтээл нь учраас Бурханы талаарх ойлголт маань үргэлж хязгаарлагдмал байдаг гэсэн бодит үнэнээс бид зугтаж чадахгүй.
Бурханы талаар бидний мэддэг зүйл гэсэн энэ хичээлээр Бурханы илчлэл ба нууцууд нь Бурхан судлалыг хэрхэн бүрдүүлдэг талаар судалж үзээд байна. Одоо бид хоёр дахь гол сэдэв болох Бурханы мөн чанар ба ажил үйлсийг танилцуулахад бэлэн боллоо. Уламжлалт теологичдын Бурханы тухай бидний мэдэж чадах зүйлийг нэгтгэн гаргаж ирсэн хоёр үндсэн арга замаар эдгээр сэдвийг үзэх болно.
Системт теологичид ерөнхийдөө Бурханы мөн чанар, ажил үйлс дээр нэмээд Бурхан судлал дахь Гурвалын онолд ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Бид элч нарын итгэлийн тунхгийн тухай цуврал хичээл дээр Ариун Гурвалын тухай дэлгэрэнгүй үздэг. Тиймээс бид энэ цувралд зөвхөн нөгөө хоёр үндсэн сэдвийг онцолж үзэх болно.
Дараагийн хичээлүүдээр бид Бурханы мөн чанар болон ажил үйлсийн онцлогуудыг судлах боловч энэ хичээлээр бид эдгээр ойлголт тус бүрийг товч танилцуулах болно. Юун түрүүнд бид Бурханы мөн чанарыг буюу Бурхан гэж хэн болохыг хамтдаа бодож үзнэ. Хоёрдугаарт, бид Бурханы ажил үйлсэд буюу Бурхан юу хийдэг вэ гэдэгт анхаарлаа хандуулах болно. Ингээд Бурханы мөн чанараас эхэлцгээе.
Энэ хичээлээр бид Бурханы мөн чанартай холбоотой сэдвийг хоёр үе шаттай авч үзэх болно. Бурханы мөн чанарын талаарх үндсэн ойлголтоос эхэлцгээе. Дараа нь Бурханы мөн чанарын төрлийг системт теологид хэрхэн ялгаж ангилсан байдгийг үзнэ. Тэгэхээр Бурханы мөн чанарын талаарх үндсэн ойлголт гэж юу вэ?
Хэрэв та ихэнх Христэд итгэгчдээс “Бурханы мөн чанар гэж юу вэ?” гэж асуувал тэд Бурханы мөн чанар гэдэг нь Библид Бурханых гэж тодорхойлсон бүх чанар юм уу, зан чанар гэж хэлэх байх. За, ингэж үзэх нь ерөнхийдөө зөв л дөө. Гэхдээ уламжлалт системт теологийн хувьд "Бурханы мөн чанар" гэсэн хэллэг нь илүү тодорхой хэд хэдэн зүйлийг багтаадаг.
Системт теологийн хувьд Бурханы мөн чанар гэдэг нь:
Түүхэн олон үйл явдлуудаар баталгаажин илчлэгдсэн Бурханы үндсэн чанарын төгс дүр зураг.
Энэхүү тодорхойлолт нь Бурханы мөн чанарын тухай албан ёсны үзэл баримтлалын суурь болдог хоёр үндсэн элементийг онцлон тэмдэглэж байна. Юун түрүүнд, Бурханы мөн чанар бол "Бурханы үндсэн чанарын төгс дүр" юм. Орчин үеийн эвангелийн итгэгчид Бурханы үндсэн чанарын талаар ихэвчлэн дурддаггүй. Тиймээс энэ ойлголтыг бага зэрэг судалж үзэх нь тустай байх болно.
Юуны өмнө латин хэлнээс орж ирсэн эссентиа (англиар "essence” эссенсе) гэдэг үг нь "гол үндсэн чанар" эсвэл "оршихуй" гэсэн утгатай. Латин теологид Бурханы үндсэн чанар гэдэг ойлголт нь сабстантиа буюу "матери, бодис" гэсэн нэр томьёотой холбоотой байдаг. Эцгүүдийн үеийн болон дундад зууны үеийн теологичид энэ нэр томьёог неоплатонист болон Аристотелийн гүн ухаанаас авчээ. Гэхдээ Платон, Аристотель нар үндсэн чанарын тухай ойлголтыг янз бүрээр авч үзэж байв. Түүнчлэн орчин үеийн философи дахь үндсэн чанарын тухай ойлголт бүр илүү нарийн төвөгтэй болж ирсэн. Гэхдээ үүний гол санааг ойлгоход тийм ч хэцүү биш.
Энгийнээр хэлэхэд аливаа зүйлийн "мөн чанар", "оршихуй" эсвэл "бодис" нь тухайн зүйлийн үл өөрчлөгдөх бодит байдлыг хэлдэг бөгөөд энэ нь гадна талдаа харагдах байдал болон хувирч өөрчлөгдөж буй илэрхийллийн цаана орших үндэс суурь юм. Христитгэлт теологичид Бурханы мөн чанар буюу төгс байдлын талаар ярилцахдаа “эссенц” буюу үндсэн чанарын талаарх энэхүү ойлголтыг ашигладаг байна.
Ерөнхийдөө Бурханы үндсэн чанар нь дөрвөн чухал ялгаатай зүйлсийг агуулдаг. Үүнд (1) Бурханы үндсэн чанар буюу Бурханыг Өөрийг нь; (2) Бурханы төгс мөн чанарыг буюу Бурханы үндсэн чанарын шинж байдлыг; (3) Бурханы урт хугацааны түүхэн илрэл буюу Түүний урт удаан хугацааны туршид Өөрийгөө илчилсэн илчлэлийг; (4) Бурханы богино хугацааны түүхэн илрэл буюу харьцангуй богино хугацаанд Өөрийгөө илчилсэн илчлэл зэргийг багтаасан ойлголт байдаг.
Энд хэлэх гэсэн санааг тодруулахын тулд нэг хүний жишээн дээр эдгээр ялгааг авч үзье. Энэ хүнийг ням гарагт чуулгандаа магтан дуулдаг гоцлол дуучин гэж төсөөлж үзье л дээ. Үүнээс гадна тэрээр фермдээ өдөрт хоёр удаа үнээнүүдээ саадаг фермер юм. Тэр бас нөхөр, өвөө хүн. Мэдээжийн хэрэг, Христэд итгэгч хүний хувьд бид тэр хүнийг Бурханы бие төлөөлөгч, Түүний үйлчлэгч байхаар томилогдсон Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн нэгэн гэж үздэг.
Энэ хүний тухай бидний мэдэж буй хэд хэдэн баримт нь түүнийг хэн болохыг түүхэн хэсэг хугацааны илрэлээр л тодорхойлж чадна. Эдгээр нь түүний тухайд хэсэг хугацаанд л үнэн байх тодорхойлолт юм. Өөрөөр хэлбэл, тэрээр чуулганыхаа гоцлол дуучин боловч зөвхөн ням гарагт л чуулган дээрээ гоцлон дуулдаг. Тэр үнээ саадаг ч өдөрт хоёр л удаа саадаг. Эдгээр тодорхойлолт нь түүний тухай үнэнийг харуулж байгаа боловч тэр хүний мөн чанарыг огт хөндөөгүй байна. Гэхдээ эдгээр үйл ажиллагаанд оролцож байхдаа ч, эсвэл эдгээрийг хийхгүй байсан ч тэр хүн хэвээрээ л байх болно.
Эдгээр тодорхойлолтын зарим нь энэ хүнийг хэн болохыг илэрхийлсэн харьцангуй урт хугацааны түүхэн тодорхойлолт болж чадаж байна. Энэ хүн бол нөхөр, бас өвөө. Эдгээр тодорхойлолт нь илүү урт удаан хугацааг хамрах боловч тухайн хүний хэн байхад тийм ч чухал биш юм. Тэр үргэлж нөхөр, эсвэл өвөө байгаагүй. Гэхдээ тэр үргэлж нэг хүн байсан.
Бид энэ хүнийг Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, Бурханы бие төлөөлөгч, Бурханы үйлчлэгч байхаар томилогдсон нэгэн гэж ярьж байгаа нь түүний мөн чанарын байнгын буюу мөнхийн шинж чанарыг, өөрөөр хэлбэл хүн төрөлхтний үндсэн чанарыг тодорхойлно. Тухайн хүний амьдралд юу ч тохиолдсон эдгээр тодорхойлолт тэр хүний хувьд үнэн байсаар байна.
Гэхдээ бид түүний тухай мэддэг бүх зүйлээ (үүнд бас түүний байнгын буюу мөнхийн чанар орно) нэгтгэж үзвэл бид түүний үндсэн мөн чанарын талаар маш бага зүйлийг л мэдэж байгаагаа ойлгох болно. Энэ хүн хэн бэ гэдгийг, түүний мөн чанарыг бид хэзээ ч бүрэн гүйцэд ойлгож, мэдэх боломжгүй.
Олон талаар системт теологичид Бурхан судлалын талаар үүнтэй төстэй ялгааг гаргаж ирдэг. Библид Бурханы дүр төрхийг бүтээхийг хориглосон байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс бид энд Бурханы Өөрийнх нь хөрөг зургийг гаргах гэж оролдохгүй. Гэхдээ бид Бурханы үндсэн мөн чанарыг ойлгоход туслах аналоги буюу зүйрлэлийг ашиглах болно. Сансар огторгуй дахь нууцлаг мананцар Бурханы мөн чанарыг илэрхийлж байна гэж төсөөлөөд үз дээ. Энэхүү мананцарыг хүрээлж байгаа будагтай шилэн цонхнууд нь Бурханы төгс байдлыг буюу Түүний мөн чанарыг төлөөлж байна гэж бодъё. Үүнээс гадна энэ төвөөс гарч буй од гаригсын системийг төсөөлөөд үз дээ. Энэ нь Бурханы урт хугацааны илрэлийг илэрхийлж байна. Эцэст нь, илүү алс холын од гаригийн системийг төсөөлөөд үз дээ. Энэ нь Бурханы богино хугацааны илрэлүүдийг төлөөлж байна. Бурханы үндсэн чанар, Түүний мөн чанар, түүхэн дэх богино болон урт хугацааны илэрхийллүүдийн хоорондох энэхүү ялгаа нь уламжлалт системт теологийн Бурханы онолын талаарх хэлэлцүүлэгт маш чухал байр суурь эзэлдэг.
1530 онд бичсэн Лютеран Аугсбургийн итгэлийн тунхгийн эхний хэсгийг харцгаая. Энэ нь Англикан урсгалын Шашны гучин есөн зүйл, Методист урсгалын Шашны хорин таван зүйл дээрх Бурханы үндсэн чанарын талаар өгүүлсэн хэсэгтэй төстэй:
Мөнхийн, бие үгүй, хуваагдал үгүй, хязгааргүй хүчтэй, мэргэн ухаантай, сайн, үзэгдэх ба үл үзэгдэх бүхнийг Бүтээгч мөн Хадгалагч Бурхан хэмээн нэрлэгддэг цорын ганц Тэнгэрлэг Оршигч бий бөгөөд Тэр Өөрөө Бурхан юм.
Энд өгүүлж байгаа зүйлийг харвал, тус итгэлийн тунхагт "нэг Бурхан үндсэн мөн чанар" гэж онцлон хэлж байна. Үнэндээ, Бурханы үндсэн мөн чанар гэдэг нь түүхийн явцад Бурхан Өөрийгөө олон янзаар харуулсан янз бүрийн арга замуудын үндэс суурь болдог хувиршгүй бодит байдал юм.
Харамсалтай нь, шашны Шинэчлэлийн өмнө христэч мистик (ид шид, далд нууцыг онцлох) үзэл баримталдаг олон теологичид хеллинист (грек) гүн ухааныг дагаж байсан бөгөөд Бурханы мөн чанар нь нууцлаг байдал дор далдлагдаж, нууцлагдсан гэж үзэж байжээ. Энэ өнцгөөс харвал Бурханы илчлэлүүд Түүний мөнхийн мөн чанарын тухай бидэнд маш бага зүйлийг хэлдэг байна. Эдгээр нь зөвхөн Түүний хоёрдогч, өөрчлөгддөг түүхэн илрэлүүдийн тухай өгүүлдэг. Харин одоо эвангелийн итгэгчид Бурханы мөн чанарт бидний мэдэж чадахаас хамаагүй их зүйл байдаг гэдэгтэй санал нийлэх болсон. Гэхдээ үүний зэрэгцээ Бурхан Өөрийн мөн чанарын зарим шинж байдал, үндсэн мөн чанар зэргээ бодитоор илчилсэн гэж эвангелийн итгэгчид үздэг. Энэхүү итгэл үнэмшил нь Библийн сургаал дээр суурилсан гэдэг нь тодорхой.
Аугсбургийн итгэлийн тунхгийн эхний хэсгийг дахин хараарай. "Нэг Бурхан үндсэн мөн чанар" гэж хэлсний дараа энэхүү итгэлийн тунхагт Бурханы үндсэн мөн чанараас заримыг нь дурдаж байна. Бурхан бол " Мөнхийн, биегүй, хэсгүүдээс бүрдээгүй, хязгааргүй хүч чадал, мэргэн ухаан, сайн " юм. Бурханы эдгээр мөн чанар буюу эдгээр мөнхийн бөгөөд өөрчлөгдөшгүй чанар нь Бурханы үндсэн чанарыг тодорхойлдог.
Заримдаа Библийн бичигчид Бурханы мөнхийн бөгөөд төгс байдлын талаар тодорхой дурдсан байдаг. Жишээлбэл, Дуулал 34:8-д «ЭЗЭН бол сайн» гэж тунхагласан байдаг. Паул 1Тимот 1:17-д Бурхан бол "мөнхийн" гэж бичжээ. Библийг бүхэлд нь судалж үзвэл Бурхан ямар ч нөхцөл байдалд юу ч хэлж, юу ч хийсэн бай, хэчнээн олон янзаар илэрхийлэн харуулсан ч бай Тэр үргэлж сайн бөгөөд үргэлж үүрд мөнх байдаг нь тодорхой харагддаг. Бурханы хязгааргүй байдал, ариун чанар, шударга ёс, мэргэн ухаан, үл ойлгогдох байдал, бүхнийг чадагч болон бусад олон бурханлаг шинж чанарын талаар Библид заасан зүйлсийг ч мөн ингэж хэлж болно. Эдгээр нь бүгдээрээ Библид тодорхой дурдсан Түүний Бурхан мөн чанарын байнгын буюу мөнхийн чанар юм.
Бурханы мөн чанар нь Бурханы Өөрийнх нь төрөлх шинж чанар юм. Энэ бол Бурханыг Бурхан болгодог зүйл. Та үүнийг Түүний онцлог чанар, үндсэн мөн чанар гэж нэрлэж болно. Энэ бол Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд байдаг бодит байдал. Тиймээс энэ нь олон талаараа Бурханыг биднээс буюу хэмжээ хязгаартай бүтээлээс ялгаж байдаг. Тийм ээ, энэ бол Бурханы “Бурхан чанар” гэж тодорхойлдог зүйл юм.
— Доктор Ж. Скотт Хоррелл
Харин одоо Бурханы мөн чанарын талаарх тодорхойлолт руу буцаж очицгооё. Бурханы үндсэн мөн чанарын төгс төгөлдөр байдал нь янз бүрийн түүхэн үзэгдлүүдээр илчлэгдсэн.
Өмнө хэлсэнчлэн, Библи заримдаа Бурханы мөнхийн мөн чанарыг шууд дурдан хэлдэг. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд Бурханы мөн чанар нь тайлбар, нэр, цол хэргэм, зүйрлэл, зураглал, түүхэн дэх Түүний ажил үйлсээр дамжин шууд бусаар илчлэгддэг. Эдгээр илэрхийллийн аль нь ч Түүний мөн чанартай харшилдаггүй. Бурхан Өөрийгөө илчлэхдээ Өөрийнхөө хэн гэдэгт үргэлж тохирсон байдлаар илчилдэг. Гэвч системт теологийн хувьд Бурханы мөн чанарыг Түүний илрэлтэй адилхан гэж үздэггүй. Үүний оронд бид Бурханы мөн чанарыг тодорхойлохдоо “Бурханы хувьд үргэлж үнэн байж ирсэн зүйлс юу вэ? Түүхийн туршид Бурханы Өөрийгөө илчилсэн энэ бүх арга замыг тайлбарлаж буй Бурханы үнэн нь юу вэ?” гэсэн асуултыг асуудаг.
Энэ тал дээр бид болгоомжтой хандах хэрэгтэй. Харьцангуй богино хугацаанд Бурханы талаар үнэн байсан зүйлсийг авч үзэх үед Бурханы мөн чанар болон Түүний илрэлийн хоорондох энэхүү ялгааг хадгалах нь ихэвчлэн тийм ч хэцүү биш байдаг. Жишээлбэл, Езекиел 8:18-д Бурхан ард түмнийхээ залбирлыг сонсохгүй гэж хэлсэн. Гэхдээ залбирлыг сонсохгүй байх нь Бурханы мөн чанар гэж бид хэлж чадахгүй нь ойлгомжтой. Библийн өөр олон хэсэгт Бурхан залбирлыг сонсдог гэдгийг бичсэн байдаг. Бурханы тухай энэ хоёр дүрслэл нь Түүний тодорхой цаг үед хэн байсныг харуулдаг жинхэнэ түүхэн илэрхийлэл юм. Гэхдээ энэ хоёрын аль нь ч Түүний үндсэн мөн чанарыг харуулж чадахгүй. Үүний оронд Бурханы мөн чанар бол Түүний үндсэн чанарын мөнхийн төгс төгөлдөр байдал бөгөөд залбирлыг нь сонсох үедээ ч, эсвэл сонсоогүй үедээ ч Тэр Өөрийн мөн чанарт үнэнч байдаг.
Үүний эсрэгээр, Бурханы мөн чанар болон түүхэн илрэлүүд нь харьцангуй удаан хугацаанд хадгалагдсан тохиолдолд энэ хоёрыг ялгахад илүү хэцүү болдог. Жишээлбэл, Бурхан үеийн үед нүгэлтнүүдэд тэвчээртэй хандсаар ирсэн тул тэсвэр тэвчээр бол Бурханы мөн чанар гэж буруу ойлгоход хүрч магадгүй юм. Гэвч Библид бичсэнийг харвал, Бурханы тэвчээр түүхийн өөр өөр цаг үед өөр өөр хүмүүс дээр дуусаж байсан. Христ сүр жавхлантайгаар эргэж ирэх үед эцсийн шүүлт болж, бүх нүгэлтний хувьд энэ нь дуусгавар болох болно. Тиймээс, системт теологийн талаас Бурханы тэвчээр урт удаан хугацааны туршид үргэлжлэх боловч Бурханы мөнхийн чанар биш юм.
Үүний ялгааг дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй авч үзье. Гэхдээ энэ хэсэг дэх үндсэн санаа тодорхой болсон байх гэж бодож байна. Бурхан түүхийн явцад урт болон богино хугацааны аль алинд нь тодорхой байдлаар Өөрийгөө илчилдэг. Гэвч Бурханы илэрхийлж буй чанар нь Түүний мөн чанартай үргэлж тохирч байсан бөгөөд үүрд мөнхөд тийм байх болно.
Бурханы мөн чанарын талаар энэхүү үндсэн ойлголтыг үзсэнийхээ дараа бид хоёр дахь хэсэг рүү орох гэж байна. Энэ бол Бурханы мөн чанарын өөр өөр төрлийн тухай юм. Теологичид Бурханы мөн чанарын төгс байдлыг хэрхэн тодорхойлж, ангилсан байдаг вэ?
Библид Бурханы мөн чанарыг бүгдийг нь тодорхой ангилж ялгаагүй байдаг тул теологичид Бурханы төгс байдлыг янз бүрээр ангилсан байдаг. Олон эрдэмтэд Бурханы мөн чанарыг тодорхойлж, ангилахдаа энэ хичээлийн эхэнд дурдаж байсан "учир шалтгааны арга зам", "үгүйсгэлийн арга зам", "давуу байдлын арга зам" гэсэн ангиллыг ашигладаг. Бурханы зан чанарыг ангилах өөр нэг нийтлэг арга бол хүнийг Бурханы дүр төрх гэж ойлгох өнөөгийн бидний ойлголт дээр суурилдаг. Энэ аргачлалын хувьд Бурханы төгс байдлын талаар ярихдаа Түүний "оршихуй", "оюун ухаан", "хүсэл", "ёс суртахууны зан чанар"-ын талаар ярих нь түгээмэл байдаг. Гэхдээ эдгээр ангиллын аль нь ч онцгой давуу биш. Гэвч теологичид Бурханы мөн чанарын талаар ярих үед эдгээр аргачлал нь ил эсвэл далд хэлбэрээр гарч ирсээр байдаг тул үүнийг мэддэг байх хэрэгтэй.
Ихэнх эвангелийн итгэгчид Бурханы төгс байдлыг хоёр үндсэн мөн чанарт хувааж үзэх хандлагатай байдаг. Эхний төрөл нь Бурханы онцгой мөн чанар юм. Хоёр дахь төрлийг Бурханы нийтлэг мөн чанар гэж нэрлэдэг. Эдгээр ангиллыг судалж үзэхдээ Бурханы онцгой мөн чанарыг эхлээд авч үзье.
Онцгой мөн чанар. Нэр хүндтэй теологичид энэхүү хоёр талт ангиллыг хязгаарлагдмал гэдгийг байнга онцолж байсан бөгөөд бид дараагийн хичээлээр эдгээр асуудлын заримыг авч үзэх болно. Гэвч энэ ялгаа нь Бурханы мөн чанарын төгс байдлын тухай ярихад хэрэглэдэг үндсэн арга зам хэвээр байна.
“Онцгой мөн чанар” гэсэн нэр томьёо нь “хуваалцах боломжгүй” гэсэн утгатай. Тиймээс Бурханы онцгой мөн чанар нь бүтээлтэй (Бурханы дүр төрхтэй хүнийг оруулаад) хуваалцах боломжгүй төгс төгөлдөр байдлыг нь хэлдэг. Энэхүү онцгой мөн чанар нь “үгүйсгэлийн арга замаар” тодорхойлогддог Бурханы төгс байдалтай бараг тохирч байна. Эдгээр мөн чанар нь Бурхан Өөрийн бүтээлээс юугаараа ялгаатай болохыг голлон анхаардаг.
Түүнчлэн бид өмнө үзсэнчлэн, Аугсбургийн итгэлийн тунхгийн эхний хэсэгт Бурханы зургаан мөн чанарыг дурдсан байдаг. Бурхан бол мөнхийн, бие махбодгүй, хэсгүүдээс бүрдээгүй, хязгааргүй хүч чадал, мэргэн ухаан, сайн сайхан юм. Хэдийгээр энэ нь хэт хялбаршуулсан юм шиг боловч Бурханы онцгой мөн чанар нь мөнх, биегүй, хязгааргүй гэсэн нэр томьёотой холбоотой байх нь түгээмэл байдаг. Бурхан бол өнө мөнхийнх, харин бид түр зуурынх. Түүнд бие байхгүй, бид бол бие махбодтой. Тэр олон хэсгээс бүрдээгүй, харин бид өөр өөр хэсгээс буюу эрхтнүүдээс бүрдсэн. Тэр хязгааргүй, харин бид хязгаартай.
Гэхдээ Бурханы хувьд бидэнтэй хүний хэлээр харилцахын тулд Библид заримдаа эдгээр мөн чанарыг бүтээлийн мөн чанартай үл ялиг төстэй байдлаар илэрхийлсэн байдаг. Үнэндээ Библид Бурханы эдгээр мөн чанарыг тайлбарлах гол арга бол Бурхан гэж хэн болох, мөн Түүний бүтээлүүд гэж хэн болохыг харьцуулах явдал гэдэг нь эргэлзээгүй. Тиймээс хүн төрөлхтнийг Бурханы эдгээр мөн чанарыг дуурайх ёстой гэж Библид үзээгүй байдаг. Бид өнө мөнхийн, бас бие махбодгүй, эд эрхтэнгүй, хязгааргүй болох гэж оролдох шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ, бид Бурханы эдгээр мөн чанарыг буюу Тэр биднээс хэр ялгаатай болохыг даруу сэтгэлээр бишрэн хүндэлж, магтаал өргөх учиртай болохыг Библид хэлсэн байна.
Бурханы онцгой мөн чанарын тухай энэхүү ойлголттой хамт Бурханы мөн чанарын хоёр дахь төрөл болох Түүний нийтлэг мөн чанарыг харцгаая.
Нийтлэг мөн чанар. Аугсбургийн итгэлийн тунхгийн эхний хэсэгт жагсаасан мөн чанараас хүч чадал, мэргэн ухаан, сайн сайхан байдалтай холбоотой чанаруудыг нийтлэг мөн чанар гэж үзэх нь олонтоо.
“Нийтлэг мөн чанарууд” гэсэн нэр томьёо нь хуваалцах боломжтой гэсэн утгатай. Энэ тохиолдолд бид Бурханы мөнхийн төгс байдлын зарим нь Түүний бүтээлд, ялангуяа Бурханы дүр төрх болох хүн төрөлхтөнд нийтлэг байдаг гэсэн санааг илэрхийлж байна. Хүн төрөлхтөнд хүч чадал, мэргэн ухаан, сайн сайхан бий. Хэдийгээр энэ нь төгс бус, хэмжээ хязгаартай боловч хүмүүс бидэнд эдгээр чанар тодорхой хэмжээгээр заавал байдаг.
Бурханы нийтлэг мөн чанарыг ойлгох гол арга бол харьцуулалт юм. Энэ утгаараа нийтлэг мөн чанар нь дундад зууны схоластик теологичдын “учир шалтгааны арга зам” болон “давуу байдлын арга зам” гэж тодорхойлсон чанаруудтай ерөнхийдөө тохирч байна. Бид Бурханы эдгээр мөн чанарыг хүндлэн бишрээд зогсохгүй, даган дуурайх ёстой гэсэн тушаал Библид хаа сайгүй гардаг. Бид хүч, чадвараа ашиглаж, Бурхантай улам бүр адилхан болон өөрчлөгдөх ёстой. Мөн бид мэргэн ухаан, сайн сайхныг хөгжүүлж, эдгээрийг амьдралаараа харуулах замаар Түүнийг дуурайх учиртай юм.
Бурханы төгс чанарын талаарх энэхүү хоёр ангиллын тухай ярих шаардлагатай зүйл олон бий. Түүнчлэн бид энэ цуврал хичээлийн төгсгөл хэсэгт эдгээрийн ач холбогдлын талаар илүү гүнзгий судлах болно. Гэхдээ одоохондоо бид Бурханы төгс байдлыг бие биеэс нь ялгах хамгийн нийтлэг аргуудын нэг бол Бурханы онцгой болон нийтлэг мөн чанарын тухай ярих явдал гэдгийг санаж байхад хангалттай.
Системт теологийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудад Бурханы нийтлэг болон онцгой мөн чанаруудын ялгааг ойлгох нь их чухал байдаг. Учир нь бидний ялгаа юу болохыг ойлгох хэрэгтэй, тийм биз дээ? Хэдийгээр Бурхан Өөрийн бүтээлээс тэс өөр боловч бид Түүний дүр төрхөөр бүтээгдсэн. Тиймээс бид Түүний дүр төрхийг тээгчдийн хувьд ямар талаараа Бурхантай адилхан, ямар талаараа ялгаатай вэ гэдгээ ойлгох нь чухал юм. Бурхан бол хязгааргүй, мөнхийн, хувиршгүй, гэтэл бид хязгаарлагдмал, олон талаараа хувирч өөрчлөгддөг, бас бүтэлгүйтдэг. Гэхдээ л бидний зарим чанар Бурханыхтай ижилхэн гэдгийг үргэлж санаж байх нь чухал юм. Хэдийгээр эдгээр чанар маань хязгаарлагдмал боловч бид мэдлэг эзэмшиж, хайрлаж, шударга ёс, өршөөлийг эрэлхийлдэг гэдгээрээ Бурхантай адил юм. Бурхан энэ бүгдийг төгс хийж, бид дутуу дулимаг хийдэг боловч энэ нь бидний хувьд биднийг Бүтээгч гэж хэн бэ, Түүний дүр төрхийг тээгч бид хэн юм бэ гэдгээ ойлгоход маш чухал юм.
— Профессор Брандон П. Роббинс
Энэ хүртэл бид Бурханы мөн чанарын талаар судалж үзээд байна. Харин одоо дараагийн хэсгээр Бурханы талаарх өөр нэг чухал зүйлийг буюу Түүний ажил үйлсийн талаар үзэх болно.
Бид энэ цувралынхаа төгсгөлд Бурханы ажлын талаар илүү нарийвчлан судлах учраас энэ хичээлээр товчхон авч үзэх болно. Бид ингэж тойм маягаар судалж үзэхдээ, эхлээд Бурханы ажил үйлсийн талаарх үндсэн ойлголтуудыг тайлбарлана. Хоёрдугаарт, Бурханы ажлын төрлийг танилцуулах болно. Эхлээд Бурханы ажлын талаарх үндсэн ойлголтыг авч үзье.
Хэрэв та эвангелийн итгэгчдээс “Бурханы ажил гэж юу вэ?” гэж асуувал бидний ихэнх нь Бурхан энийг хийсэн, тэрийг хийсэн гэж бичсэн Библийн хэсгүүдийг зааж харуулах байх. Мэдээж энэ нь нэг талаар зөв. Гэхдээ системт теологичид Бурханы ажлын тухай ярихдаа үүнийг Түүний мөн чанартай нь адилтгаж авч үздэг. Тэд тодорхой түүхэн үйл явдлуудад анхаарлаа хандуулахын оронд эдгээр үйл явдлын ард юу байгааг ойлгохыг хичээдэг. Тэд "Бурханы хийсэн, хийж байгаа, цаашид ч хийх тэрхүү ажил үйлстэй үргэлж тохирох үнэнийг бид яаж мэдэх вэ?" гэж асуудаг.
Системт теологи дахь Бурханы ажилтай холбоотой сэдвүүдийг ярихдаа Бурханы ажил үйлсэд хандах энэхүү үндсэн хандлагыг дараах байдлаар нэгтгэн дүгнэж болно.
Бурхан Өөрийн мөнхийн зорилгын дагуу хэрхэн бүх зүйлийг ажиллуулдаг вэ?
Энэ сэдвийн хоёр талыг бид онцолж авч үзэх болно. Ингэхдээ Бурханы ажил үйлс нь бүх зүйлийг агуулж байдаг гэдгээс эхэлье. Бурханы ажил гэдэгт бүх үйл явдал багтдаг гэсэн санаа нь теологийн чиглэлээр суралцаж буй нэгдүгээр курсийн оюутнуудад онолын шинжтэй, таамаглал шиг санагдаж болох юм. Тиймээс бид Бурханы ажлын энэ хэмжээсийн талаар хэдэн үг хэлэх ёстой. Ефес 1:11-д Паул Бурханыг ингэж магтжээ.
Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон (Ефес 1:11).
Бурхан “бүх юмсыг үйлддэг” гэж Паул хэлж байсныг эндээс харж болно. Бурхан зарим нэг юм уу олон үйл явдалд оролцсон гэж тэр хэлээгүй. Харин нэг ёсондоо Бурхан өнөөг хүртэл болж өнгөрсөн бүхий л үйл явдал төдийгүй ирээдүйд ч тохиолдох бүх үйл явдлыг бүгдийг нь шийддэг гэсэн санааг энд илэрхийлж байна.
Орчин үеийн эвангелийн итгэгчид Бурханы ажлыг ийм өргөн хүрээнд авч үзэх нь тийм ч нийтлэг биш байдаг. Бидний олонх нь Библийг уншаад Бурхан зөвхөн зарим нэг зүйлийг л хийдэг, харин бүтээлийн бусад хэсэг нь өөр бусад зүйлсийг хийдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
Иймэрхүү төрлийн ялгаануудыг Бичээсээс харж болно. Библид заримдаа Бурхан дэлхийд шууд ажиллаж байгаа тухай өгүүлдэг. Жишээлбэл, Тэрээр Израилийн ард түмнийг тэнгисийн дундуур гаргаж, аварсан. Түүнчлэн Библид Сатан Иовоор Бурханыг хараалгах гэж уруу татсан гэх мэт дэлхий дээр байдаггүй ер бусын бүтээлийн тухай дурдсан байдаг. Үүнээс гадна хүмүүс аливаа зүйлийг хийж үйлдэж байгаа тухай Библиэс уншиж болно. Жишээ нь, Давид Соломоны сүм барих ажилд зориулж хичээнгүйлэн бэлтгэсэн. Түүнчлэн дэлхий ертөнцөд нөлөөлж буй амьтан, ургамлын талаар энд гардаг. Мөн Библид нар гэх мэт амьгүй биетүүд дэлхий дээрх амьдралд нөлөөлдөг тухай өгүүлдэг.
Гэхдээ уламжлалт Христэч теологид нэг ийм асуулт тулгардаг. Бид “Бурханы ажил үйлс” гэж нэрлэдэг зүйлээ Библи дэх зөвхөн Бурхантай холбоотой гэж үздэг үйл явдлуудаар хязгаарлах ёстой юу? Христийнхний уламжлалт теологийн гол урсгал энэ асуултад “үгүй” гэж хариулдаг. Христэч теологичид Аристотелийн нэр томьёог ашиглан, Бурханыг бүх зүйлийн “Анхдагч шалтгаан” гэж тодорхойлсон байдаг. Эвангелийн теологийн хувьд Бурхан “Анхдагч шалтгаан” болдог гэсэн нь Бурхан зүгээр л түүхийг эхлүүлсэн гэсэн үг биш. Харин түүхийн хором мөч бүрийн үйл явдлын эцсийн шалтгаан нь Бурхан юм.
Гэхдээ эвангелийн системт теологичид Бурханыг анхдагч шалтгаан гэж нэрлэхээс гадна хоёрдогч шалтгааны талаар бас ярьдаг. Хоёрдогч шалтгаан гэдэг нь бодитоор аливаа зүйлийг үйлдэж буй бүтээл буюу объектыг хэлдэг бөгөөд эдгээр нь тухайн үйл явдлыг үйлдэхэд хоёрдогч байдлаар үүрэг гүйцэтгэдэг байна.
Анхдагч болон хоёрдогч шалтгааныг ялгах нь Библид Израилийг тэнгисийн дундуур гаргасан зэрэг хэд хэдэн сүр жавхлантай, гайхамшигт үйл явдлыг Бурханы ажил гэж үздэгтэй холбоотой юм. Иов 1-р бүлэгт Бурхан Сатанд Иовыг уруу татахыг зөвшөөрсөн гэдгийг тодорхой өгүүлсэн байдаг. 1Шастир 29:16-д Соломоны сүмийг барихад амжилттай бэлтгэснийхээ төлөө Давид Бурханыг магтаж, Бурханд алдар гавьяаг өргөдөг. Дуулал 147:7-9 нь Бурхан амьтан, ургамлын хийж буй бүхнийг хянадаг гэсэн санааг илэрхийлж байна. Мөн нар гэх мэт амьгүй биетүүдийн нөлөөг Исаиа 45:6-7 гэх зэрэг эшлэлд Бурхантай холбож тайлбарласан байдаг.
Энэ цуврал хичээлийн сүүл хэсэгт бид Анхдагч шалтгаан болох Бурхан бүтээлийг буюу хоёрдогч шалтгааныг хэрхэн янз бүрийн аргаар ашигладаг болохыг судлах болно. Ялангуяа энэ нь Бурхан бол бузар мууг бүтээгч биш гэдгийг ойлгоход хэрхэн тусалдаг болохыг бид үзнэ. Харин энэ хэсэгт бид Бурханы ажил үйлс гэдэгт түүхэнд шууд болон шууд бус ямар нэг байдлаар тохиолдсон бүх үйл явдлыг багтаадаг гэдгийг онцлон хэлмээр байна. Бурханы ажлын талаарх үндсэн ухагдахууныг эргэн харвал, “Бурханы бүхий л ажил үйлс нь Түүний [Бурханы] мөнхийн зорилгын дагуу” байдаг гэдгийг олж харж болно.
Теологичид Бурхан судлал дээр Бурханы мөнхийн бөгөөд хувиршгүй мөн чанарт ихээхэн анхаарал хандуулдаг гэдгийг бид өмнөх хичээлээр үзсэн. Үүний нэгэн адил тэд бас Бурханы мөнхийн, өөрчлөгдөшгүй төлөвлөгөө, зорилгын дагуу ажилладаг Түүний ажил үйлсэд ихээхэн анхаардаг байна. Орчин үеийн эвангелийн олон итгэгч энэ ойлголтыг сайн мэддэггүй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Мөн эдгээр асуудлыг ярьж байгаа хүмүүс ч гэсэн өөр өөр ойлголттой байдаг. Тиймээс бид үндсэн санаагаа тайлбарлахын тулд хэсэг хугацаа зарцуулах хэрэгтэй болов уу. Паул Ефес 1:11-д Бурханыг магтан ийн хэлсэн гэдгийг та санаж байгаа биз дээ.
Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон (Ефес 1:11).
Паул энд "бүх юмсыг" Бурханы ажил гэж хэлээд зогсоогүй, бас Бурханы бүх ажил "Түүний хүслийн дагуу" байдаг гэж хэлснийг анзаараарай. Дэлхийн түүхэнд зориулсан мөнхийн төлөвлөгөө Бурханд байдаг бөгөөд Бурхан энэ төлөвлөгөөг гарцаагүй биелүүлэх болно гэсэн Хуучин Гэрээний ойлголтыг Паул энд дурдаж байна. Жишээ нь, Исаиа 46:10-д Бурхан ингэж хэлсэн байдаг:
“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авхуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн (Исаиа 46:10).
Бурханы ажил үйлсийн энэ тал нь маш нууцлаг учир Христэд итгэгчид үүнийг олон янзаар ойлгодог. Гэхдээ ерөнхийдөө христийнхний үндсэн теологид Бурханд мөнхийн төлөвлөгөө байдаг гэдгийг үргэлж баталж иржээ. Мөн Бурханы ажил нь (үүнд түүхийн бүхий л цар хүрээн дэх ажил үйлс нь орно) Түүний мөнхийн зорилгыг үргэлж биелүүлж байдаг. Бурхан дэлхийн түүхэнд тохиолдож буй зүйлсийг ойшоолгүй өнгөрөөдөггүй. Бас Тэр түүхэнд болж буй зүйлсээс болж хэзээ ч гайхдаггүй. Түүний зорилгод саад болох зүйл үгүй. Хэдийгээр энэ нь маш нууцлаг боловч Христийн дотор биелсэн тэрхүү бүхнийг хамарсан төлөвлөгөөнөөс агуу зүйл гэж байхгүй.
Дэлхий дээр ямар нэгэн зүйл тохиолдох бүрд хүмүүс "Энэ үнэхээр Бурханы хүсэл мөн үү, биш үү?" гэж гайхдаг. Ялангуяа дэлхий дээр байдал буруу тийшээ эргээд байх үед бид “Бурхан энэ нөхцөл байдлын хаана нь байна вэ? Түүний зорилго юу вэ?” гэж гайхдаг. Миний бодлоор, бид Бурханы хамгийн дээд эрх мэдлийн талаарх Библийн сургаалыг бүрэн ойлгох нь маш чухал. Учир нь Бурханы туйлын хүсэл, зорилгоос гадуур тохиолддог зүйл нэг ч байхгүй гэдэг нь тодорхой юм. Мөн Библид энэ талаар онцолж болох олон газар байдаг. Ефес 1-р бүлэг бол Бурхан бүх зүйлийг Өөрийн хүслийн дагуу хийдэг гэдгийг хэлсэн Библийн олон эшлэлийн нэг юм. Тиймээс түүхэнд болж буй бүх зүйл эцсийн дүндээ Бурханы зорилгын нэг хэсэг байдаг... Мөн Бурхан (хэдийгээр энэ нь хязгаарлагдмал оюун ухаантай бидний хувьд агуу нууц байдаг боловч) ЭЗЭНд хүн төрөлхтний түүхэнд зориулсан зорилго байдаг бөгөөд үүнийхээ дагуу түүхийн туршид ажилласаар байдаг юм.
— Доктор Филип Рикен
Хэрэв Бурхан бүхнийг чадагч юм бол, хэрэв Түүний мэдлэг өнгөрсөн, одоо, ирээдүйг багтаасан, мөн боломжтой, бодитой бүхнийг багтаадаг юм бол түүхэн үйл явдал бүр Түүний төлөвлөгөөний нэг хэсэг гэсэн үг.
— Доктор Гленн Р. Креидер
Бурханы ажлын талаарх үндсэн ойлголтуудыг авч үзсэнийхээ дараа бид Бурханы онол сургаалын албан ёсны хэлэлцүүлэгт Бурханы ажлын янз бүрийн төрлийг хэрхэн авч үздэг болохыг үзэх болно.
Үүний нэг жишээ болгож, Аугсбургийн итгэлийн тунхгийн эхний хэсгийг дахиад харцгаая.
Мөнхийн, бие үгүй, хуваагдал үгүй, хязгааргүй хүчтэй, мэргэн ухаантай, сайн, үзэгдэх ба үл үзэгдэх бүхнийг Бүтээгч мөн Хадгалагч Бурхан хэмээн нэрлэгддэг цорын ганц Тэнгэрлэг Оршигч бий бөгөөд Тэр Өөрөө Бурхан юм.
Энд харж байгаачлан, энэхүү итгэлийн тунхагт Бурханы янз бүрийн мөн чанарыг дурдсаныхаа дараа Түүний хоёр төрлийн ажилд анхаарлаа хандуулсан байна. Нэгд, Бурхан бол “үзэгдэх ба үл үзэгдэх бүх зүйлийг Бүтээгч” гэжээ. Хоёрдугаарт, Бурханыг “үзэгдэх ба үл үзэгдэх бүх зүйлийг Хадгалагч” гэж нэрлэсэн байна.
Аугсбургийн итгэлийн тунхгийн энэ хэсэгт Бурханы хоёр төрлийн уламжлалт, маш тодорхой ялгааг илэрхийлжээ. Эхнийх нь Бурханы бүтээлийн ажил. Библи дараах өгүүлбэрээр эхэлж байгааг Эхлэл 1:1-ээс харж болно.
Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ (Эхлэл 1:1).
Энэ эшлэл Бурханы ажлын талаарх бидний итгэл үнэмшлийн үндэс суурь болдог учраас Библи энэ сургаалаар эхэлдэг гэж хэлж болно.
Бурхан судлалд Бурханы бүтээлийн ажлын талаарх уламжлалт хандлагыг нэгтгэн дүгнэх хэд хэдэн арга байдаг. Мөн бид дараагийн хичээлүүдээр эдгээр асуудлыг илүү гүнзгий судлах болно. Гэхдээ энэ хичээл дээр гурван гол зүйлийг дурдахад хангалттай. Нэгд, бүтээлийн баримт: Бурхан оршин буй бүхнийг бүтээсэн тухай. Хоёрдугаарт, бүтээлийн олон талт байдал: Бурхан материаллаг болон сүнслэг ертөнцийн аль алинд нь олон янзын, ялгаатай зүйлсийг бүтээсэн тухай. Гуравдугаарт, бүтээлийн зорилго: Бурхан мөнхийн зорилгоо биелүүлэхийн тулд бүтээлийг хэрхэн анх бий болгосон тухай.
Бүтээлийн ажлаас гадна Бурханы хоёр дахь ажил бол Бурханы хангалт буюу өөрөөр хэлбэл Бурхан Өөрийн бүтээлийг хадгалан хамгаалж, хангаж байдаг явдал юм.
Харамсалтай нь, өнөөдөр эвангелийн олон итгэгч Бурханы хангалтын ажил ямар гүн гүнзгий болохыг ойлгодоггүй. Бурхан дэлхийг бүтээхдээ тодорхой хэмжээний бие даасан байдлыг өгсөн учраас Түүний анхаарал заавал шаардлагагүй болсон гэж тэд боддог. Гэсэн хэдий ч уламжлалт системт теологийн хувьд "хангалт" (латинаар "providentia") гэгддэг нэр томьёо нь "ямар нэгэн зүйлийг анхаарч халамжлах, анхаарал тавих” гэсэн утгатай. Мөн энэ нэр томьёо нь бүтээл нь бүтээлийн эхэн үеийнх шигээ Бурханаас хамааралтай гэсэн христэч итгэл үнэмшлийг илэрхийлдэг. Элч Паулын Колоссай 1:16-17-д хэлсэн үгийг харцгаая.
[Христэд] бүх зүйл, тэнгэр, газар, харагдах ба үл үзэгдэх, сэнтий, эрх мэдэл, засаг захиргаа, эрх мэдэл бүхий бүх зүйл бүтээгдсэн. Бүх зүйл түүний төлөө бүтээгдсэн. Тэр бүх зүйлийн өмнө байдаг ба бүх зүйл Түүнд байдаг (Колоссай 1:16-17).
Энэ эшлэлээс харахад бүх зүйл Христ дотор бүтээгдсэн төдийгүй бүх зүйл Христ дотор нэгдмэл байдаг. Элч Паул энэ хоёрыг параллель байдлаар авч үзэж байгаа нь Бурханы хангалт буюу Түүний хамгаалалт, анхаарал халамж байхгүй бол, өөрөөр хэлбэл Бурхан бүтээлийн дотор байнга ажиллахгүй бол бүтээл сүйрэх болно гэдгийг тодорхой харуулж байна.
Товчхондоо, Бурханы хангалтын ажлыг бүтээлийн ажлын нэгэн адил гурван үндсэн хэсэгт нэгтгэн авч үзэж болно. (1) Бүтээлийн төлөөх Бурханы анхаарал халамж: дэлхий ертөнцийг болон Өөрийнхөө бүтээсэн бүх зүйлийг хэрхэн хангаж, хамгаалдаг тухай. (2) Бурханы анхаарал халамжийн олон талт байдал: Бурхан өөр өөр бүтээлтэйгээ хэрхэн янз янз бүрийн байдлаар харилцан адилгүй харьцдаг тухай; (3) мөн Бурханы хангалтын зорилго: Бурхан хэрхэн бүтээлээр дамжуулан мөнхийн зорилгоо биелүүлдэг тухай. Бид энэ хичээлээр эдгээрийг нарийвчлан судлахгүй. Гэхдээ бид Бурханы онолыг үргэлжлүүлэн судлах явцдаа Бурханы бүтээлийн ажил болон хангалтын ажлыг хоёуланг нь ойлгох нь хэчнээн чухал болохыг илүү тодорхой харах болно.
Тэгэхээр бид Бурханы хангалтын тухай ярихдаа Бурхан бүтээлдээ буюу Өөрийн бүтээсэн бүхий л зүйлдээ үргэлж анхаарал халамж тавьдаг тухай ярьж байна гэсэн үг юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээчихээд, дараа нь өөр зүйл хийх гээд орхиод явчихсан гэдэгт бид итгэдэггүй. Үгүй ээ, Бурхан хүчирхэг үгээрээ дэлхийг дэмжсээр байна. Өөрийн үгээр, мөн Ариун Сүнсээр Бурхан ертөнцийг үргэлжлүүлэн тэтгэсээр байна. Тиймээс Бурхан бидэнд хоол хүнс, ус, агаар гээд хэрэгтэй бүхнийг өгдөг бөгөөд бид энэ бүх авч байгаа зүйлээ байх л ёстой зүйл шиг үздэг, гэтэл үнэндээ Бурхан биднийг хангаж байдаг юм. Тийм ч учраас бид Бурханд талархах нь маш чухал. Бид хоолоо идэхийн өмнө Бурханд хандан залбирч, Түүнд магтаал, талархлыг өргөдөг. Бүх сайн сайхан бэлэг дээрээс буюу Бурхан Эцэгээс ирдэг. Тиймээс Тэр бидэнд хэрэгтэй бүхнийг маань өгдөг гэдгийг санаж байх ёстой. Тэр бол захирагч. Тэр үнэндээ бүх үйл явдлыг хянадаг, тэр ч байтугай заримдаа хяналтаас гадуур байгаа мэт санагдах түүхэн үйл явдлуудыг ч хянаж байдаг. Гэхдээ Бурхан бол бүхнийг чадагч бөгөөд бүгдийг удирдаж, аливаа үйл явдал тохиолдохыг зөвшөөрдөг. Заримдаа энэ нь ойлгогдошгүй нууцлаг зүйл шиг санагдаж болох ч Бурхан эдгээрийг бүгдийг нь захирч, Өөрийн зорилгын дагуу удирдан чиглүүлсэн хэвээр байна гэдэгт бид итгэдэг. Гэхдээ үүнээс гадна Бурхан онцгойлон бидний төлөө, бидний авралын төлөө хэрэгцээтэй бүхнээр хангаж байдаг. Биднийг дахин барьж байгуулах, сэргээн босгох Бурханы нигүүлслийн ажлын хэрэгцээг ойлгож ухаарахад Тэр бидэнд тусалдаг. Түүнчлэн, хэрэв бид Түүнд итгэвэл Тэр биднийг нэгэн цагт шинэ тэнгэр, шинэ газарт аваачих болно. …Тэр биднийг энэхүү шинэ хаант улс руу удирдан дагуулдаг. Агуу тэнгэрлэг Эцэг маань биднийг маш их хайрлаж, бидэнд даалгасан ажлыг нь хийхэд шаардлагатай сайн бэлэг бүрээр биднийг энэ дэлхий дээр байхад хангасаар байдаг. Үүний нэгэн адил Бурханы шинэ хаанчлалд Бурханы хангалт халамж бялхан дүүрч байхыг бид харах болно.
— Пастор, доктор Жастин Терри
Энэ хичээлээр бид Бурханы онол болон Бурхан судлалын талаар ерөнхий ойлголттой болж, Бурханыг хэрхэн улам илүү таньж мэдэх вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Бурханы талаарх бидний мэдлэг Бурханы илчлэл болон Бурханы нууцуудаар дамжин, тэр дундаа онцгой болон ерөнхий илчлэл, түр зуурын ба мөнхийн нууцаар дамжин хэрхэн хэлбэржин тогтож байдгийг үзсэн. Мөн бид Бурханы талаарх илүү ихийг мэдэхийн тулд Түүний мөн чанар болон Түүний ажил үйлсээр, тэр дундаа Түүний нийтлэг ба онцгой мөн чанар, Түүний бүтээлийн болон хангалтын ажлын талаар мэдэх шаардлагатай гэдгийг сурсан билээ.
Христийн бүхий л дагалдагч нар Бурханы талаарх хувьчлан мэддэг болоод зогсохгүй Бурхан дэлхий ертөнц дээр хэрхэн ажиллаж байгааг илүү их мэддэг болохын тулд үргэлж тэмүүлж байх учиртай. Гэхдээ ингэхийн тулд бид аль болох Бурханы талаар тууштай суралцах ёстой. Энэ хичээлээр бид Бурхан судлалын хүрээнд яригддаг цөөн хэдэн гол асуудлыг хөндлөө. Гэхдээ та дараа дараагийн хичээлийг үргэлжлүүлэн үзэх тусам Бурхан гэж хэн болохыг, Тэр юу хийдэг гэдгийг илүү судалж, Бурханы онолын талаар улам илүү ихийг мэдэж авах болно. Ингэснээрээ бид Бурханы талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх нь Христэч теологийн салбар бүрд, мөн Бурханд үйлчлэх үйлчлэлийн бүхий л талбарт ямар чухал болохыг олж харах нь дамжиггүй.
Доктор, пастор Турман Виллиамс (хөтлөгч) нь Миссури мужийн Сэнт-Луис хот дахь “Нигүүлсэл ба Амар тайван” чуулганы туслах пастор. Доктор Виллиамс нь Чесапик Теологийн сургуульд Библи судлалын Магистр (M.Div.), Ковенант Теологийн сургуульд Үйлчлэлийн докторын (D.Min.) зэрэг хамгаалсан. Тэрээр “Нигүүлсэл ба Амар тайван” чуулганд үйлчлэхээсээ өмнө Балтимор хотын “Шинэ дуу коммунити чуулганы” ахлах пастораар үйлчилж байв. Мөн “Итгэл христэч нөхөрлөл” чуулганд гадаад харилцаа болон залуучуудын үйлчлэлийн пастораар, Ян-Лайф байгууллагын бүсийн удирдагчаар тус тус ажиллаж байжээ.
Доктор Рик Бойд бол Вэсли Библийн сургуулийн Библи тайлбарлах ухааны профессор.
Доктор Гэри М. Бёрж нь Вийтон Коллеж ба Их сургуулийн Шинэ Гэрээний профессор.
Доктор Гарет Кокерилл бол Вэсли Библийн Сургуулийн Шинэ Гэрээ болон Библийн теологийн профессор.
Пастор Ларри Кокрелл бол “Итгэлийн гэр бүл” чуулганы тэргүүн пастор бөгөөд Бирмингхам Теологийн сургуулийн багш.
Доктор Виллиам Эдгар бол Вестминстер Теологийн сургуулийн Аположетик судлалын профессор.
Доктор Брюс Л. Фийлдс бол Тринити Эвангелийн Дивинити сургуулийн Библийн болон Системт теологийн тэнхимийн тэргүүн, тус тэнхимийн дэд профессор.
Доктор Ж. Скотт Хоррелл бол Даллас Теологийн сургуулийн Теологи судлалын профессор.
Доктор Гленн Р. Крейдер бол Даллас Теологийн сургуулийн Теологи судлалын профессор.
Доктор Самуэл Ламерсон бол Кнокс Теологийн сургуулийн ерөнхийлөгч бөгөөд Шинэ Гэрээний профессор.
Доктор Жеффри Мур нь 2003-2014 оны хооронд Тринити Даунтаун Орландо чуулганы тэргүүн пастораар ажиллаж байсан.
Профессор Брандон П. Роббинс бол Бирмингхам Теологийн сургуулийн Аположетик судалгааны төвийн ажилтан, аположист.
Пастор Рик Родехивер бол Калифорни мужийн Лагуна Хиллс дахь “Христ коммунити чуулганы” тэргүүн пастор.
Доктор Филип Райкен бол Вийтон Коллежийн ерөнхийлөгч.
Доктор, пастор Жастин Терри бол Тринити үйлчлэлийн сургуулийн эрхлэгч, ерөнхийлөгч бөгөөд Системт теологийн профессор.
Доктор К. Эрик Тённес бол Биола их сургуулийн Талбот Теологийн сургуулийн Библийн болон Теологи судлалын профессор, Библи болон теологи судлалын тэнхимийн тэргүүн.
Доктор Карл Р. Труман бол Пеннсилвани мужийн Гленсайд дахь Вестминстер Теологийн сургуулийн Түүхэн теологи болон Чуулганы түүхийн профессор, мөн Паул Вуллигийн нэрэмжит Түүхийн тэнхимийн тэргүүн.
Доктор, пастор Люус Винклер бол Зүүн Азийн Теологийн сургуулийн Теологи болон Түүх судлалын профессор.
андропоморф– Бурхан зарим үед бараг хүн шиг ярьж, үйлдэж буй илэрхийлсэн нэршил
Аристотель– (о. МЭӨ 384-322) Платогийн удирдлага дор суралцаж байсан эртний Грекийн эрдэмтэн, гүн ухаанч. Афинд лицей байгуулсан нэгэн.
Аугсбургийн итгэлийн тунхаг- Германы шашны шинэчлэгч Филипп Меланхтоны бичсэн энэхүү баримт бичиг нь Лютеран чуулганы хамгийн чухал итгэлийн тунхаг бөгөөд 1530 оны зургадугаар сарын 25-нд Аугсбургийн уулзалт дээр анх танилцуулсан байдаг.
Нийтлэг мөн чанарууд– Бурханы бүтээлдээ ямар нэгэн байдлаар дамжуулж өгсөн Бурханы чанарууд (жишээ нь: мэргэн ухаан, хүч чадал, сайн сайхан чанар г.м)
Дейзм– Бурхан орчлон ертөнцийг бүтээснийхээ дараа үйл хэрэгт нь оролцолгүй орхисон гэж заадаг 17-18-р зуунд нэлээн түгээмэл байсан гүн ухаан
Бурханы мөн чанар– Янз бүрийн түүхэн илрэлээр илэрсэн Бурханы төгс төгөлдөр чанар, зөвхөн Бурханд л орших мөн чанар.
Бурханы далд нууц зүйлс– Бурханы тухай тоолж баршгүй олон илчлэгдээгүй үнэн нь Бурханы тухай бидний ойлголтыг хязгаарлаж байдаг.
Бурханы илчлэл– Бурхан Өөрийгөө үргэлж хүний үг ярианд нийцүүлэн илэрхийлдэг бөгөөд Христийн дотор хамгийн бүрэн төгс илчлэгдсэн.
Соён гэгээрлийн үе– 17-18-р зууны үеийн гүн ухааны хөдөлгөөн бөгөөд шашин, нийгэм, улс төрийн уламжлал зэргээс илүү хүний учир шалтгааныг онцолж үздэг.
Бурханы үндсэн чанар– Бурханы гадна талдаа харагдах байдал болон хувирч өөрчлөгдөж буй илэрхийллийн цаана орших үл өөрчлөгдөх, үндсэн бодит чанар
эссентиа – “гол үндсэн чанар”, эсвэл “оршихуй” гэсэн утгатай латин нэршил.
Ерөнхий илчлэл– Бурхан байгаль дэлхий, бүтээлийн ажлыг ашиглан Өөрийнхөө оршихуй, мөн чанар, үйл хэргийг бүх хүн төрөлхтөнд мэдүүлж, Өөрийгөө илчилсэн.
Хелленист– Агуу Александрын дараах цаг үеийн эртний Грекийн хэл, соёл, иргэншилтэй холбоотой соёл
Чарльз Ходж– (1797-1878) Принстоны теологийн семинарын алдартай теологич. Системт теологийн гурван боть ном болон өөр олон Библийн тайлбар толь, нийтлэл, ном зохиол бичсэн.
Онцгой мөн чанарууд– Бурханаас хүнд өгөгдөх боломжгүй Бурханы мөн чанар (жишээ нь бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршигч, мөнхийн г.м)
Мистик үзэл– Сүнслэг онцгой гэгээрлээр дамжуулан илчлэлийг хүлээж авах нь чухал гэдгийг онцолдог итгэл үнэмшлийн систем
Байгалийн теологи– Ерөнхий илчлэлээр дамжуулан Бурханыг таньж мэдэх гэсэн байнгын оролдлого
Патристик теологи– МЭ 150-600 оны үеийн христитгэлийг хелленист буюу грек соёлтой холбох маягаар тайлбарлаж, хамгаалах гэж оролдож байсан теологи
Плато– (о. МЭӨ 427-347) Сократын сурагч байсан эртний грекийн гүн ухаанч. Афин дахь академийг байгуулсан нэгэн.
Хангалт– Өөрийн хүмүүс болон бүтээлийнхээ сайн сайхны төлөө тогтоож өгсөн мөнхийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хүн төрөлхтний түүхэнд оролцож буй Бурханы идэвхтэй оролцоо
Провидентиа– “харж хандах”, “анхаарал тавих”, “ханган тэтгэх” гэсэн утгатай латин нэршил
Схоластик– Дундад зууны үед эрдэмтэн багш нарын (буюу "схоластикуудын") зааж байсан философийн нэг урсгал бөгөөд Аристотелийн логикийг хэрэглэж, Христэч теологийг эртний сонгодог философитой хослуулах гэж оролдож байв.
Онцгой илчлэл – Библи, эш үзүүлэгчид, үзэгдэл, зүүд зэргээр дамжуулан сонгож авсан хүмүүстээ Өөрийнхөө тухай болон Өөрийн хүслийг илчилж буй Бурханы илчлэлийн нэг хэлбэр.
сабстантиа– “матери, бодис” гэсэн утгатай латин нэр томьёо
теофани– хэн нэг хүнд эсвэл хүмүүст үзэгдсэн Бурханы үзэгдэх дүр төрх
via causalitatis– “Учирзүйн арга” гэсэн Латин нэршил. Энэ нь “Бурханы бүтээлүүд дэх сайн сайхныг ажиглах замаар Бурханыг таньж мэдэх” гэсэн утгатай бөгөөд дундад зууны үеийн схоластик теологичдын байгалийн теологийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон гурван талт стратегийн нэг юм.
via eminentiae- “Өргөмжлөлийн арга” гэсэн Латин нэршил. Энэ нь “Бурханыг бүтээлүүдээсээ хэр агуу вэ гэдгийг судлах замаар Бурханыг таньж мэдэх” гэсэн утгатай бөгөөд дундад зууны үеийн схоластик теологичдын байгалийн теологийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон гурван талт стратегийн нэг юм.
via negationis- “Үгүйсгэлийн арга” гэсэн Латин нэршил. Энэ нь “Бурханыг бүтээлүүдтэй нь эсрэгцүүлэн харьцуулах замаар Бурханыг таньж мэдэх” гэсэн утгатай бөгөөд дундад зууны үеийн схоластик теологичдын байгалийн теологийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон гурван талт стратегийн нэг юм.
Continue reading the full transcript