Ижил цувралын 2-р хичээлд дагалдах видео нь дараахь асуултуудыг асууна: Бурханы харилцааны болон харилцаагүй шинж чанаруудыг яагаад ялгах ёстой вэ? Библийн бичвэрүүд Бурханы сүнслэг байдлын талаар юу гэж хэлдэг вэ? Богословчид Бурханы энгийн байдлын талаар юу гэсэн үг вэ? Бурханы бүхнийг мэдэхүй гэж юу вэ? Богословчид Бурханы асеит эсвэл өөрийгөө оршихуйн талаар юу гэсэн үг вэ? Бурханы асеит, эсвэл өөрийгөө оршихуй нь түүний бүтээлээс хараат бус байдлын талаар юу заадаг вэ? Бурханы бесконечность гэж юу вэ? Бурхан нь мөнхөд оршихуй гэж юу гэсэн үг вэ? Бурханы өөрчлөгдөхгүй байдал гэж юу вэ? Библид Бурхан заримдаа санаа бодлоо өөрчилдөг гэж хэлсэн ч Бурхан яагаад өөрчлөгдөхгүй байж чаддаг вэ? Бурхан хаа сайгүй байдаг гэж юу гэсэн үг вэ? Бүхнийг чадахуй гэж юу гэсэн үг вэ? Библийн Бурхан зарим зүйлийг хийж чадахгүй гэж хэлсэн хэсгүүдийг та хэрхэн тайлбарлах вэ? Бурханы хайр хаана хамгийн сайн харагдаж байна вэ?
From the transcript
Хотод нь шинээр ирсэн хөгжимчний тоглолтыг үзэхээр найзыгаа дагуулан явсан нэгэн залуугийн яриаг би сонссон юм. “Чамд энэ хүн яг таалагдана аа, баталгаатай” гэж нөгөө залуу найздаа хэлж.
“Тэр хөгжимчин хэнтэй төстэй вэ?” гэж найз нь асуув.
Залуу сэтгэл хөдөлсөн байдалтай “Чиний урьд өмнө сонсож байсан хүмүүсээс огт өөр. Чи түүнийг үнэхээр өөр болохыг нь сонсоод л үнэхээр гайхна” гэж хариулав.
Бид бүгд л ийм зүйлийг амсаж туулдаг. Бидний биширдэг хүмүүс бусадтай л адил хүмүүс байдаг ч тэдний нийтлэг шинж чанар бидний анхаарлыг тэр бүр татаад байдаггүй. Харин ихэнх тохиолдолд тэдний бусдаас ялгарах чанарыг хамгийн их хүндэлж, биширдэг. Бурханы талаарх үнэн ч үүнтэй олон талаараа ижил. Христийг итгэмжтэйгээр дагадаг бүх хүн Бурханыг мөн чанарынх нь төлөө болон Түүний хийдэг бүхний төлөө хүндэтгэн, мөргөдөг. Гэхдээ Бурхан бүтээсэн бүхнээсээ ямар гайхамшигтай ялгаатай болохыг ухаарахдаа бид гайхан бахархдаг билээ.
Энэ хичээл бол "Бид Бурханд итгэдэг" цувралын хоёр дахь хичээл юм. Энэхүү цуврал нь системт теологийн Бурхан судлалыг болон Бурханы онолыг судлахад зориулагдсан болно. Бид энэ хичээлийг “Бурхан юугаараа ялгаатай вэ” гэж нэрлэсэн. Энэ хичээлээр бид теологичдийн ихэвчлэн Бурханы онцгой чанар гэж нэрлэдэг чанарыг буюу Бурхан Өөрийн бүтээлээс ямар ялгаатай сүр жавхлант оршигч болохыг тухайлан судлах болно.
Сүүлийн хичээлээр бид Бурханы мөн чанарыг дараах байдлаар тодорхойлсон:
Бурханы үндсэн мөн чанарын төгс төгөлдөр байдал нь янз бүрийн түүхэн үзэгдлүүдээр илчлэгдсэн.
Бурханы мөн чанар нь Түүний үндсэн чанарыг хэлж байгаа бөгөөд үүнгүйгээр Түүнийг Бурхан гэж хэлэх боломжгүй юм.
Түүнчлэн теологичид Бурханы мөн чанарыг хоёр үндсэн төрөлд буюу хоёр ангилалд ерөнхийд нь хувааж авч үздэг гэдгийг бид үзсэн. Бурханы нийтлэг мөн чанар гэдэг нь Түүний бүтээлүүд хязгаарлагдмал байдлаар илэрхийлж байдаг Бурханы үндсэн чанарын зарим чанарууд юм. Харин Бурханы онцгой мөн чанар гэдэг нь Түүний бүтээлтэйгээ хуваалцдаггүй тэрхүү чанаруудыг хэлдэг. Энэ хичээлээр бид хоёр дахь ангилал буюу Бурханы онцгой мөн чанарыг, Бурхан бүтээлээсээ хэрхэн гайхалтай ялгардаг болохыг авч үзэх болно.
Бурхан гэж хэн бэ, Бурханыг Библи хэн гэж илчилдэг (Хүмүүс үүнийг Бурханы мөн чанар гэж нэрлэдэг) болохыг ярихдаа Бурханы нийтлэг чанар буюу хүмүүс бидэнд байдаг Түүнтэй төстэй чанарууд, мөн онцгой чанар буюу хүмүүс болон Бурханы хоорондох ялгааг харуулдаг мөн чанар гэж хуваан авч үздэг… Энэ ялгаа яагаад чухал вэ? Энэ ялгаа нь Бурхан гэж хэн болохыг, Бурхан биднээс өөр онцгой Нэгэн гэдгийг ойлгоход тусалдаг учраас маш чухал юм. “Өөрөөрөө оршигч” гэх үг нь Бурхан юунаас ч хамааралгүй оршдог гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, бид оршин тогтнохын тулд бүхэлдээ Бурханаас хамаарч байдаг бол Бурхан хэнээс ч, юунаас ч хамаардаггүй. Энэ нь Бурхан чухам хэн болох нь хүмүүн бид хэн бэ гэдгээс огт өөр гэдгийг хэлээд өгч байна. Тийм ч учраас Бурханы онцгой болон нийтлэг чанар нь Бурханыг хэн бэ гэдгийг мэдэхэд бидэнд туслаад зогсохгүй Бурхан бол Бурхан, харин бид бол Бурхан биш гэдгийг мэдэхэд тусалдаг.
— Доктор Винсент Бэйкот
Бурханы мөн чанар Бурхан бүтээлээсээ хэрхэн ялгаатай болохыг харуулдаг бөгөөд Бурханы мөн чанарын тухай энэхүү хичээлийг бид хоёр үндсэн хэсэгт хувааж үзнэ. Нэгдүгээрт, тодорхойлох үйл явц буюу Бурханы бусадтай хуваалцах боломжгүй онцгой мөн чанарыг хэрхэн таньж, тодорхойлох талаар авч үзнэ. Хоёрдугаарт, нэгтгэх үйл явц буюу эдгээр Бурханы мөн чанарын талаарх бидний итгэл үнэмшлийг Бурханы бусад төгс байдлын талаарх бидний ойлголттой хэрхэн уялдуулах талаар судлах болно. Бурханы онцгой төгс байдлыг тодорхойлох талаар эхлээд үзэцгээе.
Бурханы мөн чанарыг тодорхойлох олон арга зам бий. Гэхдээ хичээлийн цагтаа багтаан бид зөвхөн гурван үндсэн асуудлыг хөндөх болно. Эхлээд бид энэхүү зорилгыг хэрэгжүүлэх Библийн үндэслэлийг үзнэ. Хоёрдугаарт, бид эдгээрийн талаарх эвангелийн итгэгчдийн теологийн ялгаатай үзлүүдийг судална. Гуравдугаарт, бид Бурханы онцгой мөн чанарыг тодорхойлохдоо санаж байх ёстой өргөн цар хүрээтэй Библийн үзэл баримтлалд анхаарал хандуулах болно. Ингээд Бурханы эдгээр төгс байдлыг тодорхойлох Библийн үндэслэлийг авч үзье.
Ерөнхий илчлэлт нь Бурханы үндсэн мөн чанарыг бүтээлийнх нь мөн чанартай харьцуулах үед Бурханы онцгой мөн чанарын талаарх олон чухал ойлголтыг бидэнд нээж харуулдаг. Дундад зууны схоластик философичид энэ стратегийг “via negationis” буюу “үгүйсгэлийн арга” гэж нэрлэсэн. Гэхдээ бид өмнө үзсэнчлэн, ерөнхий илчлэлийг ойлгоход нь туслахын тулд Бурхан түүхийн турш ард түмэндээ онцгой илчлэлийг өгсөөр ирсэн болохыг харж болно. Өнөө цагийн Христийг дагагчдын хувьд энэ нь эдгээр зүйлийн талаарх итгэл үнэмшлээ Библи суурьтай байлгахын тулд маш их хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн үг юм.
Өмнөх хичээлд дурдсанчлан, чуулганы эцгүүдийн үе болон дундад зууны үеийн Бурхан судлалд Грекийн гүн ухаан дахь бурхны талаарх ойлголт хүчтэй нөлөөлсөн байв. Грекийн гүн ухаанд Бурхан бол трансцендент буюу ангид оршигч гэдгийг онцолдог, тийм ч учраас түүхээс бүрэн тусдаа, ангид гэж үздэг. Үүний нөлөөгөөр христитгэлт теологичид Библийн бараг хуудас бүрээс Бурханы онцгой мөн чанарыг олж илрүүлж байв. Харин орчин үед нөлөө бүхий шүүмжит теологичид, тэр ч байтугай эвангелийн олон судлаачид Грек гүн ухааны энэхүү нөлөөнөөс зайлсхийх болсон байна. Бурханы ангид орших чанарыг онцлохын оронд тэд Бурханы хамт оршигч чанарыг, өөрөөр хэлбэл түүхэн дэх Түүний оролцоонд анхаарал хандуулах болжээ. Ийм шалтгааны улмаас жинхэнэ христитгэгчид Бурханы онцгой мөн чанарын талаарх уламжлалт сургаалыг Библи сайшаан дэмждэг болохыг үл ойшоох, бүр эрс үгүйсгэх явдал ч элбэг байв. Энэ асуудалтай холбоотой алив эргэлзээ төрж байгаа бол Библид нэвт шингэсэн Бурханы талаарх үндсэн ойлголтуудыг олж унших нь бидэнд тус болно. Энд бид Библийн бичигчид болон Библийн баатрууд Бурханыг юутай ч зүйрлэшгүй, юутай ч харьцуулж, жишиж боломгүй, онцгой дээд Нэгэн гэдгийг байнга дурддаг байсныг санах хэрэгтэй. Жишээлбэл, 1Хаад 8:23-т Соломон хаан сүмийг Эзэнд өргөхдөө Бурханыг дараах байдлаар магтсан байдаг.
Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! ...Тантай адил Бурхан дээр тэнгэрт, доор газар дээр үгүй билээ (1Хаад 8:23).
Бурханыг юутай ч зүйрлэшгүй тухай хэлж буй Соломоны тунхаглал нь онцгой тохиолдол биш гэдгийг анзаараарай. “Бурхантай адил” Бурхан “дээр тэнгэрт ч бай, доор газар ч бай” хаана ч байхгүй. Үүнтэй төстэй тунхгийг бид Дуулал 71:19, Дуулал 86:8, Дуулал 89:6-аас харж болно. Мөн Давид 2Самуел 7:22-т ийн хэлсэн байдаг:
Ийм учраас Эзэн БУРХАН минь Та аугаа билээ. Учир нь Тантай адил хэн ч үгүй бөгөөд бидний чихээрээ сонссон бүхний дагуу Танаас өөр Бурхан байхгүй билээ (2Самуел 7:22).
Давид Бурханы зүйрлэшгүй онцгой чанарын талаар өгүүлэхдээ Бурхан байх гэдэг нь юу гэсэн үг болохыг илчлэн хэлж байгааг бид эндээс харж байна. Бурхан агуу бөгөөд Түүнтэй адил хэн ч байхгүй гэдгийг Давид хэлжээ. Гэхдээ тэрээр мөн Хамгийн дээд Эзэн- "Эзэн, ЯАВЭ (ЭЗЭН) буюу еврейгээр “Адонай ЯАВЭ" (אֲדֹנָי יהוה) [Бурханаас]- өөр Бурхан байхгүй" гэж хэлж байна. Давид үүнийг хэлэхдээ, Бурханыг Бурхан болгож байгаа хамгийн гол зүйл бол Бурханы зүйрлэшгүй онцгой чанар гэдгийг илэрхийлжээ. Исаиа 40-46, Иов 40-41-р бүлэгт үүнтэй бараг ижилхэн зүйлийг өгүүлсэн байдаг.
Эдгээр болон үүнтэй төстэй эшлэлүүд нь Бурханы онцгой төгс байдлыг анхааралтай судлах учиртай болохыг батлах Библийн үндэслэл болж байна. Эдгээр эшлэл Бурхан бол бүтээлтэйгээ харьцуулшгүй агуу Нэгэн гэх Библийн хэзээ ч үл өөрчлөгдөх сургаалыг тусгасан. Өнөө цагт Бурхан судлалын зарим асуудалд тодорхой хүрээнийхэн эргэлзэж, өөр нэг хүрээнд ач холбогдлыг нь үлэмж багасган үзэх болсон хэдий ч Бурханы зүйрлэшгүй онцгой чанарыг Библи илчилсээр байна. Мөн Бурханы онцгой мөн чанар Тэрээр Өөрийн бүтээлээс ямар ялгаатай болохыг судалж, ойлгохыг биднээс шаарддаг.
Бурханы онцгой мөн чанарыг тодорхойлох Библийн үндэслэлийг үзсэний дараа бид хоёр дахь асуудлыг буюу энэ талаарх эвангелийн итгэгчдийн теологийн ялгаатай үзлүүдийг авч үзэх гэж байна.
Библи бидэнд Бурханы онцгой мөн чанарын талаар бүрэн гүйцэд гэж хэлж болохуйц, эрх мэдэл бүхий жагсаалтад дөхөх зүйл ч бичиж үлдээсэнгүй. Харин энэ асуудлын талаар Библийн сургаалын энд нэг, тэнд нэг өөр өөрөөр бичигдэн үлдсэн нь бий. Тиймээс энэхүү бурханлаг төгс байдлыг олж илрүүлэх нь Библийн янз бүрийн хэсгээс олон янзын өнгө, хэлбэр бүхий шилийг цуглуулж, өнгөт шилтэй цонхыг бүтээхтэй адил байдаг. Энэ бүх хэлбэр дүрс, өнгийг ялгаж таних, төрөлжүүлэн ангилахын тулд нарийн төвөгтэй үйл явц шаардагдахыг та төсөөлж байгаа биз ээ. Тиймээс хэдийгээр бидэнд нийтлэг үзэл санаа байдаг ч эвангелийн итгэгчид Бурханы онцгой мөн чанарын талаар өөр өөр жагсаалт гаргахад гайхах зүйл үгүй юм.
Теологийн энэхүү олон салаа мөчрийг бид хэд хэдэн аргаар ойлгож авах боломжтой. Гэхдээ хялбар болгох үүднээс бид протестант чуулганы өөр өөр урсгалаас гаралтай гурван түүхэн баримт бичгээс үүнийг харцгаая. Эхлээд Аугсбургийн итгэлийн тунхгийг үзнэ. Хоёрдугаарт, Бельгийн итгэлийн тунхгийг харцгаая. Гуравдугаарт, Вестминстерийн товч катехизмийг үзэцгээнэ. Эхлээд 1530 онд бичсэн Аугсбургийн итгэлийн тунхгийн талаар авч үзье.
Өмнөх хичээлдээ бид Лютеран урсгалын Аугсбургийн итгэлийн тунхгийн эхний хэсэгт Бурханы мөн чанарыг дараах байдлаар тодорхойлсон байдаг гэдгийг үзсэн билээ.
Мөнхийн, бие үгүй, хуваагдал үгүй, хязгааргүй хүчтэй, мэргэн ухаантай, сайн Бурхан хэмээн нэрлэгддэг цорын ганц Тэнгэрлэг Оршигч бий бөгөөд Тэр Өөрөө Бурхан юм.
Харж байгаачлан энэ хэсэгт Бурханы зургаан төгс чанарын тухай өгүүлж байна. Хэдийгээр энэ нь хэт хялбарчилсан илэрхийлэл боловч хүч чадал, мэргэн ухаан, сайн гэсэн нэр томьёог Бурханы нийтлэг мөн чанартай холбоотой гэж үзэх нь түгээмэл байдаг. Энэ бол Түүний бүтээл, ялангуяа хүн төрөлхтөн хуваалцдаг чанар юм. Мөн мөнхийн, бие үгүй, хуваагдал үгүй, хязгааргүй гэсэн үгсийг Бурханы онцгой чанар гэж үзэх нь түгээмэл байдаг. Энэ бол Бурханыг бүтээлээс нь ялгадаг чанар юм.
Аугсбургийн итгэлийн тунхагт дурдагдсан Бурханы онцгой мөн чанарыг санахын сацуу 1561 онд бичигдсэн Шинэчлэгчдийн (реформ) Бельгийн итгэлийн тунхгийг авч үзээд эвангелийн итгэгчдийн дундах теологийн ялгаатай үзлийг ажиглацгаая.
Бельгийн итгэлийн тунхгийн эхний зүйлд дараах үгсийг бичсэн байдаг:
Цорын ганц энгийн бөгөөд сүнслэг Оршигч байдаг бөгөөд бид түүнийг Бурхан гэж нэрлэдэг... Тэр бол мөнхийн, ойлгогдошгүй, үл үзэгдэгч, хувиршгүй, хязгааргүй, төгс хүчит, төгс мэргэн ухаант, шударга, сайн бөгөөд бүх сайн сайхны бялхам ундарга билээ.
Энд харж байгаачлан Бельгийн итгэлийн тунхаг нь Иохан 4:24-т гардаг Есүсийн үгэнд үндэслэн Бурхан бол Сүнс гэдгийг хэлэхийн зэрэгцээ арван өөр үгээр нэмж тодорхойлсон байна. Дахин хэлэхэд, энэ нь хэтэрхий хялбарчилсан тодорхойлолт боловч ерөнхийдөө теологичид төгс хүчит, мэргэн, шударга, сайн гэсэн нэршлүүдийг Бурханы нийтлэг мөн чанар гэдэгтэй санал нийлсээр ирсэн. Учир нь бид бүтээлийн түвшинд Бурханы хүч чадал, мэргэн ухаан, шударга ёс, сайн чанарыг нь хуваалцаж байдаг. Харин энгийн (энэ нь Бурхан хэсгүүдэд хуваагддаггүй гэсэн утга), мөнхийн, ухааршгүй (энэ нь бид Бурханы тухай юуг ч бүрэн гүйцэд ойлгож чадахгүй гэсэн утга), үл үзэгдэх, хувиршгүй буюу өөрчлөгдөшгүй, хязгааргүй гэсэн чанарууд нь Бурханы онцгой мөн чанарыг илэрхийлж байна гэж үздэг.
Бурханы мөн чанарыг тодорхойлохтой холбоотой теологийн ялгаатай үзэл баримтлалыг авч үзэхийн тулд бид Аугсбургийн итгэлийн тунхаг болон Бельгийн итгэлийн тунхагт дурдсан Бурханы онцгой мөн чанарын талаар үзээд байна. Харин одоо гурав дахь чухал баримт бичиг болох 1647 онд бичигдсэн пуританчуудын Вестминстерийн товч катехизмыг авч үзэцгээе.
Вестминстерийн товч катехизмийн 4-р асуулт хариулт ингэж бичигджээ:
Бурхан гэж хэн бэ?
Катехизм үүнд ингэж хариулдаг:
Бурхан бол Сүнс, хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй Өөрөөрөө оршигч, мэргэн ухаантай, хүч чадалтай, ариун, шударга, сайн бөгөөд үнэн.
Товч катехизмд Бурханыг Сүнс гэж дүрсэлснийхээ араас Бурханы арван төгс чанарыг жагсаажээ. Дахин хэлэхэд, энэ нь тийм ч хялбар энгийн ойлголт биш болохыг бид дараа авч үзэх хэдий ч Бурханы оршихуй, мэргэн ухаан, хүч чадал, ариун байдал, шударга, сайн хийгээд үнэн чанарыг Түүний нийтлэг мөн чанар гэж үзэх нь түгээмэл байдаг. Мөн хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй буюу хувиршгүй чанарыг нь Бурханы онцгой мөн чанар гэж үзэх нь ч түгээмэл ойлголт юм.
Бурханы онцгой мөн чанарын дээрх жагсаалтуудыг хооронд нь харьцуулан ажвал өөр хоорондоо адилгүй байгааг харж болно. Гурван баримт бичигт гурвууланд нь Бурхан бол мөнх бөгөөд хязгааргүй гэдгийг дурдсан байна. Харин зөвхөн Бельгийн итгэлийн тунхаг болон Товч катехизмд Бурхан бол сүнслэг оршихуй буюу Сүнс гэдгийг, мөн Бурхан бол хувиршгүй буюу өөрчлөгдөшгүй гэдгийг хэлсэн. Зөвхөн Аугсбургийн итгэлийн тунхагт Бурхан бие үгүй, хуваагдал үгүй гэж заажээ. Түүнчлэн зөвхөн Бельгийн итгэлийн тунхагт Бурхан бол энгийн, ойлгогдошгүй, үл үзэгдэгч мөн чанартай гэдгийг хэлсэн байна.
Эвангелийн итгэгчид Бурханы онцгой мөн чанарыг янз бүрийн байдлаар илэрхийлдэг болохыг бид дээрх харьцуулалтаас харж байна. Гэхдээ энд хэр том ялгаа ажиглагдаж байна вэ?
Эвангелийн итгэгчид Бурханы онцгой мөн чанарыг илэрхийлэхдээ бүгд нэг ижил нэр томьёо хэрэглэдэггүй болохыг Библийн сургуулийн оюутнууд анх олж мэдэх үедээ бид Бурханы талаар өөр хоорондоо ялгаатай зүйлд итгэдэг юм байна гэж бодоход хүрдэг. Системт теологийн бүх сэдэвт байдгийн адил бидний дундах үзэл бодлын ялгаа нь үнэндээ бид теологийн өөр өөр зүйлсийг онцолдогт оршдог. Гэхдээ ихэнх тохиолдолд Бурханы онцгой мөн чанарын жагсаалтын ялгаа нь ердөө нэр томьёоны ялгаа төдийхөн байдаг. Бид теологийн зарим тодорхойлолт, нэр томьёог Системт теологийг бүрдүүлэх нь цуврал хичээлээр дэлгэрэнгүй авч үздэг. Тиймээс энэ хэсэгт үүнийг товч тайлбарлахад хангалттай гэж бодож байна. Хэдийгээр Христийн итгэмжит дагагчид Бурханы онцгой мөн чанарыг илэрхийлэхдээ өөр өөр нэр томьёо ашигладаг ч ерөнхийдөө Бурханы талаарх бидний ойлголт болон итгэл үнэмшилд нөлөөлөхүйц том ялгаа байдаггүй.
Өмнө хэлсэнчлэн, Аугсбургийн итгэлийн тунхагт Бурханыг бие үгүй гэдгийг онцлон дурдсан байдаг. Бельгийн итгэлийн тунхаг болон Вестминстерийн товч катехизм нь энэ илэрхийллийг ашиглаагүй боловч үүнтэй ижил төстэй итгэл үнэмшил, ойлголтыг оруулсан. Бельгийн итгэлийн тунхагт Бурхан бол сүнслэг оршихуй бөгөөд үл үзэгдэх Нэгэн гэж хэлсэн. Харин Вестминстер нь Бурхан бол Сүнс гэдгийг батлан хэлсэн бөгөөд энэ нь бие үгүй гэдэгтэй утга нэгэн дүрслэл байна.
Аугсбургийн итгэлийн тунхагт Бурханыг хуваагдал үгүй гэсэн байдаг. Мөн Бельгийн итгэлийн тунхагт Бурханыг энгийн гэж хэлсэн нь үүнтэй ижил утга юм. Өмнө дурдсанчлан "энгийн" гэдэг нь "хуваагдахгүй" эсвэл "хэсэггүй" гэсэн утгыг илэрхийлдэг эртний хэллэг юм. Вестминстерт Бурхан бол хязгааргүй гэсэн нь энэ мөн чанарыг илэрхийлж байна. Бурханы төгс байдалд хязгаар үгүй учир Түүнд ямар ч хуваагдал байхгүй.
Үүний адилаар, Бельгийн итгэлийн тунхагт Бурхан бол ойлгогдошгүй гэж хэлдэг. Харин Аугсбургийн итгэлийн тунхаг болон Вестминстерийн товч катехизмд хязгааргүй гэсэн нэр томьёогоор Бурханы энэ мөн чанарыг илэрхийлсэн байна. Бурханы бодол санаа хязгаар үгүй тул бид Түүнийг ухаарч ойлгож чадахгүй.
Теологичид Бурханы онцгой мөн чанарыг янз бүрийн байдлаар ангилж үздэг нь тодорхой байна. Гэвч бид өмнө үзсэнчлэн Бурханы талаарх бидний ойлголтууд тийм ч их ялгаатай биш. Тиймээс бид тодорхой оноосон нэр томьёоноос илүүтэй илэрхийлж байгаа ойлголт, итгэл үнэмшилд анхаарлаа хандуулах учиртай.
Теологичид судалгаагаа хийж байгаа, чуулганыхаа итгэл үнэмшил хийгээд теологийг тодорхойлох итгэлийн тунхгийг бичихээр олон итгэгч нар хамтдаа нэгэн дор цугласан бол энэ бүх тохиолдолд хүмүүс хэрвээ үнэхээр санал нийлж л байгаа бол үнэндээ нэг ижил бодит үнэнийг тайлбарлах гэж оролдож байгаа гэсэн үг. Гэхдээ тэд өөр өөр сонголт хийх боломжтой. Хэрэв бид Бурханыг тодорхойлохоор бодож байгаа бол Бурхан бол гурвалаар оршигч нэг Бурхан юм. Гэхдээ Бурхан олон мөн чанартай... Гайхалтай агуу бөгөөд үнэхээр чухал зүйлийн талаар ярьж эхлэх үедээ бид өөр өөр үг хэрэглэх боломжтой, энэ нь ч гайхаад байх зүйл биш. Эдгээр үгс юуг дүрсэлж, цаад санаа нь яг юу болохыг, үүнийг юутай харьцуулан хэлж байгаа зэргийг бид олж мэдэхийг хичээх хэрэгтэй. Түүнчлэн хоёр өөр бүлэг хүмүүс тэс өөр хоёр зүйлийг тайлбарлахын тулд нэг ижил үгийг ашиглах нь бүр ч илүү будилаан үүсгэж болох юм. Мөн бид зүгээр л хэдэн үг жагсаагаад биччихэж болохгүй гэдгийг ойлгох ёстой. Теологичид, эдгээр тунхгийг бичигчид юуг тайлбарлах гээд байгаа, энэ үгсийн ард ямар утга санаа агуулагдаж байгаа болохыг олж мэдэхийн тулд бид үгийн утгыг ухаж, цаана нь байгаа утгыг олж, харьцуулж харах ёстой. Ингэж чадвал бидний бодсоноос хавьгүй бага ялгаа бидний дунд байгааг олж харах болно. Учир нь эдгээр нь нэгэн адил Бичээсийн эрх мэдэл болон Христийн ажилд тулгуурласан итгэлийн тунхаг байдаг. Тиймээс хэдийгээр тэд нэг бодит үнэнийг дүрслэхийн тулд өөр өөр үг хэрэглэдэг ч тэдний илэрхийлэхийг зорьж буй зүйл нь нэг бодит үнэн хэвээр байдаг.
— Доктор Тим Сансбири
Эдгээр мөн чанарыг илэрхийлэхдээ өөр бусад нэр томьёог ч түгээмэл ашигласаар ирсэн гэдгийг ойлгох нь маш чухал. Жишээ нь, эвангелийн итгэгчид Бурхан хаа сайгүй оршдог гэдгийг илэрхийлэхдээ Бурханы хязгааргүй оршигч (омнипресент) чанар, Бурхан бүхнийг мэддэг гэдгийг илэрхийлэхдээ Бурханы бүхнийг мэдэгч (омнисиент) чанар, Бурхан бүхнийг чаддаг гэдгийг илэрхийлэхдээ Бурханы бүхнийг чадагч (омнипотент) чанар гэдэг үгсийг хэрэглэдэг. Мөн олон теологич Бурхан бүтээлээсээ хараат бус, ангид оршдог гэдгийг илэрхийлэхдээ Бурханы Өөрөөрөө оршигч чанар гэдэг үгийг ашигладаг. Мөн төгс хүчит Бурхан гэдэг үг нь Бурхан бүх бүтээлийг хянан захирч байдаг гэдгийг илэрхийлдэг байна. Эдгээр онол сургаалын нарийвчилсан тайлбар зэрэгт багахан хэмжээний санал зөрөлдөх зүйл байдаг нь үнэн. Гэхдээ том зургаар нь авч үзвэл нэр томьёоны ялгаатай хэрэглээ нь эвангелийн теологичдын дунд үзэл бодлын томоохон ялгаа байдаг гэдгийг харуулж байгаа хэрэг биш.
Одоо бид Бурхан бүтээлээсээ ямар ялгаатай болохыг тодорхойлох Библийн үндэслэл болон Бурханы онолын энэ тал дээрх эвангелийн итгэгчдийн дундах теологийн ялгаатай үзлийг нягтлан үзсэнээр Бурханы эдгээр төгс чанарыг илүү төгс тодорхойлоход тус болохуйц өргөн хүрээтэй Библийн үзэл баримтлалд анхаарал хандуулах нь зүйтэй.
Бурхан Өөрийн бүтээлээс хэр ялгаатайг тайлбарласан нэр томьёоны жагсаалт гаргах, тэдгээр нэр томьёог холбогдох Библийн олон сургаалтай уялдуулан ойлгох нь хоёр тусдаа асуудал юм. Бурханы онцгой мөн чанар нь христэч теологийн хамгийн хийсвэр ойлголтуудын нэг байдаг. Үүний дүнд христитгэгчид эдгээр нэр томьёоны утгыг тодорхойлохдоо хэт туйлшрах үзэгдэл олонтаа ажиглагдсаар иржээ. Тун удалгүй бид энэ талаар авч үзэх ч, Бурханы онцгой мөн чанарын талаарх ноцтой буруу ойлголтоос зайлсхийхийн тулд бид Бурханы талаарх Библийн үзэл баримтлалыг илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай.
Библийн үзэл баримтлалыг илүү өргөн хүрээнд авч үзэхийн тулд бид үүнийг хоёр талаас нь авч үзье. Нэгдүгээрт, Бурханы онцгой мөн чанарыг илүү тодорхой харуулахын тулд Библи хэрхэн Бурханы трансцендент чанар буюу бүтээлээс ангид оршигч чанарт фокусласан болохыг харцгаая. Хоёрдугаарт, Бурханы хамт оршигч чанарын тухай Библид юу заасан болохыг бид судалцгаая. Эхлээд Бурханы бүтээлээс ангид орших чанарын талаар Библи бидэнд юу зааж буйг харъя.
Трансцендент буюу ангид оршигч чанар гэдэг нь дээр, дээрээс дээгүүр болон түүнээс цааших гэсэн ойлголтыг агуулдаг. Тиймээс бид Бурханы трансцендент мөн чанарын тухай ярихад ашиглаж байгаа үг нь нэг талаар Бурханыг хэн болохыг шууд, нөгөө талаар Бурханыг дүгнэж байгаа бодлоо илэрхийлж буй буюу энгийн хүмүүнээс хамаагүй агуу Нэгэн гэдгийг нь хэлэхдээ дүрслэлийн хэл ашиглаж байгаа хэрэг юм. Иймээс Бурханы трансцендент буюу бурханлаг ангид оршигч чанарын тухай ярина гэдэг нь Бурханыг мөн чанарынхаа хувьд, оршин байгаагаараа Бурхан гэдгийг нь хэлж байгаа хэрэг. Зүгээр нэг хуурамч шүтээн, эсвэл хүмүүсийн хүслээр жолоодогдож байдаг, эсвэл ид шидэнд хөтлөгдсөн бурхан биш болохыг дүрслэн өгүүлж байна гэсэн үг юм. Тиймээс Бурхан гэж хэн бэ гэдгийг тунгаан бодох нь Тэр үнэхээр Бурхан бөгөөд мөргөл хүндэтгэлийг авах зохистой Нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хэлж байна. Исаиа “Ариун, Ариун” гэсэн нь Тэр бол үнэхээр агуу, гайхамшигтай Бурхан, Бүтээгч, бүх цаг хугацаа, орон зайн эзэн, хүний хүслээр үл хязгаарлагдах, дээр оршигч, бүтээлээсээ давсан агуу Нэгэн гэдгийг, өөрөөр хэлбэл транцендент мөн чанартай гэдгийг илэрхийлдэг. Бурхан үнэхээр Өөрийн гэсэн онцгой чанартай.
— Доктор Жош Мүүди
Товчхондоо, бид Бурханы трансцендент мөн чанарын талаар ярихад Бурхан Өөрийн бүтээлдээ тавьсан тэрхүү хязгаарлалд захирагддаггүй гэсэн утгыг ярьж байна гэсэн үг. Тэр бол бүх бүтээлээс ангид, дээр оршдог. Бурханы онцгой мөн чанарыг өгүүлсэн стандарт жагсаалт бүр нь Бурханы трансцендент чанарын тухай Библид заасан зүйлсэд суурилсан байдаг. Гэхдээ цаг хэмнэх, мөн ойлгомжтой байх үүднээс Вестминстерийн товч катехизмын 4-р асуулт хариултыг ашиглан өөрсдийн хэлэх гэсэн санаагаа тодруулъя.
Товч катехизм Бурханы трансендент чанарын тухай өгүүлэхдээ гурван онцгой төгс төгөлдөр чанарыг нь тоочсон байдаг. Бурхан бол хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй гэж хэлсэн. Бурханы хязгааргүй мөн чанарын талаар Библи юу заадгийг эхлээд авч үзэцгээе.
Хязгааргүй. Христитгэгч олон хүн Библид "хязгааргүй" гэсэн үг гардаггүй болохыг олж мэдэхээрээ гайхдаг. Гэвч энэ үг бол Сударт бүхэлдээ, янз бүрийн хэлбэрээр илэрхийлэгддэг ойлголтыг нэрлэсэн гүн ухааны тогтсон хэллэг юм. Англи хэлэн дэх "хязгааргүй" гэдэг үг латин хэлэн дэх теологийн хоёр нэр томьёоноос эх үндэстэй. Эхний латин үг нь immensus (имменсус) буюу "хэмжиж баршгүй", "тооцоолж барамгүй" гэсэн утгатай. Хоёр дахь нь "эцэс төгсгөлгүй" эсвэл "хязгаар үгүй" гэсэн утгатай infititus (инфититус) гэдэг үгээс эхтэй. Тиймээс бид Бурханыг хязгааргүй гэж хэлэхдээ Бурхан бол хязгаарлагдмал бүтээлүүдээсээ ялгаатай гэсэн санааг илэрхийлдэг. Тэр бол хэмжээлшгүй, тооцоолж баршгүй, төгсгөл үгүй, хязгаар үгүй юм. Товчдоо, Бурханы төгс төгөлдөрт хэмжээ хязгаар үгүй.
Библийн олон эшлэлд Бурханы хязгааргүй мөн чанарыг янз бүрийн арга замаар, маш тодорхой дурдсан байдаг. Жишээлбэл, 1Хаад 8:27-д Соломон "Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ” хэмээн хэлэхдээ Бурхан орон зайд хязгаарлагддаггүй гэсэн санааг илэрхийлсэн байдаг. Мөн Ром 11:33-т Паул Бурханы мэдлэг хийгээд мэргэн ухааныг хэмжих боломжгүй гэдгийг “юутай гүн... ойлгож баршгүй... олж илрүүлшгүй вэ?” хэмээн хэлжээ. Түүнчлэн Дуулал 139:6-д дууллыг бичигч Бурхан үнэхээр агуу тул Түүний тухай мэдлэг нь “дэндүү гайхамшигтай... хүршгүй... өндөр” гэсэн байдаг. Эдгээр эшлэл болон үүнтэй төстэй эшлэлүүдэд Бурханы Түүний төгс чанарын нэг хязгааргүй чанарынх нь талаар ярих нь зүйтэй болохыг илэрхийлж байна.
Бурханы хязгааргүй чанар гэсэн нь Бурханы хязгааргүй байдлын талаар өгүүлж буй нэг арга хэлбэр юм. Бид цаг хугацаа, орон зай гэх хоёр хэмжээс дунд амьдардаг. Бидний амьдралын хөгжил дэвшил цаг хугацаа, орон зайд өрнөдөг. Энэ хоёр хэмжээсийн талаар ч хийсвэрлэн ярихад төвөгтэй. Тиймээс бид Бурханы хязгааргүй чанарын талаар ярихдаа Түүнийг цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагддаггүй гэдгийг илэрхийлэхийг, дамжуулахыг хүсдэг. Тийм ч учраас Бурханыг тодорхой цаг хугацаа, эсвэл орон зайд оршин буй мэтээр илэрхийлэх нь угтаа Түүнийг буруугаар илэрхийлж байгаа явдал юм. Нэг талаас, бид өөрсдийн хэлээр өөрсдийн амьдрал туршлагад байхгүй илүү агуу Нэгний талаар ярих гэж оролдож байгаа нөгөөтэйгүүр цаг хугацаанаас ангид оршигч Бурханы талаар ярих гэж байгаа атлаа бид цаг хугацаа, орон зайд хязгаарлагддаг үг хэлээ ашиглаж байгаа шүү дээ. Тиймээс Бурханы хязгааргүй мөн чанарын тухай ярина гэдэг нь Бурхан бидний нэгэн адил хязгаарлагддаггүй гэдгийг хэлнэ гэсэн үг юм.
— Доктор Ричард Линтс
Библид Бурханы хязгааргүй мөн чанарыг илчлэх замаар Бурханы трансцендент чанарыг баталдаг бөгөөд үүнээс гадна Бурхан бол мөнхийн гэсэн нэгэн хийсвэр ойлголтыг бас тодорхой хэлсэн байдаг.
Мөнхийн. Библи, Хуучин гэрээний “ад” (עַד), “олам” (עוֹלָם)-г ихэвчлэн, заримдаа “нацах” (נֵצַח) болон грек хэлээрх Хуучин Гэрээний буюу Септуагинтын “аиун” (αἰών), ба “аиуниос” (αἰώνιος) гэдэг үгсийг англи хэлнээ “мөнхийн” гэх үгээр орчуулдаг. Мэдээж, эдгээр үгсийг бүтээлийн талаар өгүүлэхэд хэрэглэдэг боловч ингэхдээ Бурханд хэрэглэдэгтэй адил утгаар хэрэглэдэггүй. Бүтээл бол түр зуурынх бөгөөд олон талаараа цаг хугацаанд хязгаарлагддаг. Харин Бурхан бол тийм биш. Бурханы төгс байдал нь цаг хугацаанаас хамаардаггүй бөгөөд Бурхан бол мөнх юм.
Библийн олон эшлэлд Бурханы мөнх мөн чанарын ялгаатай талуудыг өгүүлсэн байдаг. Жишээлбэл, 1Тимот 1:17-д Бурханыг мөнхийн Захирагч гэж хэлдэг. Ингэхдээ “Эрин үеүдийн Хаан, мөхөшгүй, үл үзэгдэх цор ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай.” гэсэн байна. Илчлэл 4:8-д тэнгэрлэг биетүүд Бурханыг “Байсан, байгаа, ирэх Нэгэн” хэмээн магтаж байгаа нь Түүнийг үүрд мөнхийн болохыг хэлжээ. Мөн 2Петр 3:8-д “Эзэнд нэг өдөр мянган жил, мянган жил нэг өдөртэй адил юм” гэсэн нь Бурхан бүх түүхээс ангид оршдог гэдгийг харуулж байна. Эдгээр эшлэл болон үүнтэй төстэй өөр олон эшлэлд Бурханы төгс чанарын нэг нь Түүний мөнх чанар гэдгийг тодорхой харуулсан байдаг.
Библид олон удаа Бурханыг мөнх хэмээн хэлдэг. Энэ нь үүрдээс үүрд гэсэн утга бөгөөд Бурхан оршин байгаагүй үе, Бурхан үгүй эхлэл гэж байхгүй гэсэн үг юм. Бүтээл бол мөнхийнх биш. Бүтээлд эхлэл гэж байсан. Орчлон ертөнц, гариг эрхэс бүгд эхлэлтэй байсан. Бурхан тэнгэрс хийгээд газрыг оргүй хоосноос бүтээсэн. Гэвч Бурханд эхлэл гэж байхгүй. Бурхан үүрд мөнхөд байсан, төгсгөл үгүй бөгөөд Бурхан бол мөнхийн Бурхан учраас үүрдээс үүрд оршдог. Тиймээс "мөнхийн" гэдэг нь Тэр үүрдээс үүрд байна гэсэн үг юм. Өнгөрсөнд ч, ирээдүйд ч Бурхан оршин байхгүй цаг хугацаа гэж үгүй.
— Пастор, доктор Паул Р. Раабе
Бичээст Бурхан бол хязгааргүй, мөнх гэдгийг хэлснээрээ Бурханы трансцендент буюу ангид орших мөн чанарыг нотлоод зогсохгүй, Бурхан өөрчлөгдөшгүй гэдгийг тодорхой харуулдаг.
Өөрчлөгдөшгүй. Бурхан өөрчлөгдөшгүй болохыг харуулсан олон эшлэл Библид бий. "Шанах" (שָׁנָה) гэсэн еврей үйл үг нь "өөрчлөгдөх" гэсэн утгатай. "Начам" (נָחַם) гэх үйл үг нь "санаагаа өөрчлөх" гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн Шинэ Гэрээн дэх "параллаге" (παραλλαγή) гэсэн грек үг "өөрчлөлт" эсвэл "хувилбар" гэсэн утгатай. Бүтээгдсэн бүх юмс тодорхой хэмжээгээр хувирч өөрчлөгддөг гэдгийг хүн бүр өдөр тутмын амьдралдаа мэдэрч харж байдаг бөгөөд үүнийг Библид ч тодорхой харуулсан байдаг. Харин эдгээр үг хэллэгийг Бурханы тухай ярих үед хэрэглэхдээ энэ Бурхан бол бүтээлээсээ гайхалтай өөр буюу асар их ялгаатай Нэгэн гэсэн утгыг илтгэдэг. Бурханы төгс төгөлдөр мөн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг Библи бидэнд маш тодорхой хэлээд өгнө.
Малахи 3:6-д Бурхан Өөрийгөө өөрчлөгдөшгүй гэдгийг хэлсэн байдаг. Энэ эшлэлд Тэрээр “ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй” хэмээн айлдахдаа Өөрийн хувиршгүй байдлыг Израилийн тогтворгүй, тууштай бус байдалтай харьцуулжээ. Тооллого 23:19-д "Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүмүүн ч бус...” гэж Бурханыг хүнтэй харьцуулсан байна. Мөн Иаков 1:17-д Иаков уншигчдадаа хандан Бурханыг “гэрлүүдийн Эцэг” гээд “Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй" хэмээн батлан хэлжээ. Үүнтэй төстэй олон эшлэлд Бурханыг хувиршгүй бөгөөд өөрчлөгдөшгүй хэмээн дүрсэлжээ.
Бурхан өөрчлөгддөггүй бөгөөд энэ талаар Библийн олон газарт шууд утгаар нь хэлсэн байдаг. Үүний хамгийн тод жишээ бол “Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч, мөнхөд хэвээрээ” гэх эшлэл юм. Бурхан өөрчлөгддөггүй гэдгийг Библи тодорхой хэлдэг ч заримдаа өөрчлөгдөж байгаа юм шиг харагдахуйц хэсгүүд бас бий... Жишээ нь, Бурханы хуулийн талаар ярья л даа. Бурхан цаг хугацаа өнгөрөхөд арай зөөлөн ханддаг болсон гэж Библид хэлээгүй. Бурхан Өөрийн хэм хэмжээг бууруулдаггүй. Олон мянган жилийн турш хүн төрөлхтнийг ажиглаж хараад, “За, Би тэднийг төгс биш гэдгийг мэдэж байсан ч, тэд үнэхээр төгс биш болохыг харлаа, тиймээс тэдэнд өмнөх шигээ өндөр стандарт тавих шаардлагагүй юм байна” гэж хэлдэггүй. Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Синаи ууланд Бурханы Мосед айлдсан утга санаа болон Бурхан Бичээсээр дамжин илчилсэн утга санаа, үгс өнөөдөр ч хэвээр. Бид нэг амьдарсаар байгаа ч хэрвээ сайнмэдээний үгс өөрчлөгддөг байсан бол энэ нь харин ч айдас түгшүүр дагуулах байсан. Өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Өөрийн бүтээлийг хайрласаар ирсэн учир, тэр дундаа хүн төрөлхтнийг онцгойлон хайрласан тул бидний амьдралыг өөрчлөхийн тулд энэ ертөнцөд ирсэн. Ингэснээр бид тамд мөнхөд хоригдохоос аврагдаж, Бурхантай хамт тэнгэрийн улсад үүрд мөнх амьдрах боломжтой болсон билээ... Бурханы хувиршгүй мөн чанар нь нэг талаас бидэнд сануулга, нөгөө талаас агуу тайтгарал болдог.
— Доктор Жеффери Мүүр
Ерөнхий илчлэл болон Бичээсийг бүхэлд нь судалж үзэхэд Бурхан Өөрийн бүтээлээс энэ гурван талаар хол давуу гэдгийг үгүйсгэхэд аргагүй байдаг. Бүтээл бол хэмжээ хязгаартай, харин Бурхан бол хязгаар үгүй. Бүтээл бол тогтоосон хугацаатай, харин Бурхан бол мөнх. Бүтээл өөрчлөгдөж болох ч Бурхан өөрчлөгдөхгүй.
Гэхдээ бид үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. "Хязгааргүй", "мөнхийн", "өөрчлөгддөггүй" гэх мэт нэр томьёо нь маш хийсвэр ойлголт тул буруугаар ойлгогдоход амархан байдаг. Жишээлбэл, теологийн чиглэлээр суралцаж эхэлж буй олон оюутан энэ тал дээр хэт туйлширч ойлгох явдал ажиглагдана. Бурханы онцгой мөн чанар нь Бурхан болон Түүний бүтээлийн хооронд нэвтэршгүй хана хэрэм үүсгэж байгаа мэтээр ойлгож, тийн үйлдсээр. Хэдийгээр Библи болон системт теологийн аль алинд нь үүний эсрэг маш тодорхой сургаалууд байдаг ч зарим хүн Бурханы зөвхөн онцгой чанарт анхаарлаа хандуулах нь бий. Бурхан бол хязгааргүй, мөнхийн, хувиршгүй учраас хязгаарлагдмал, хэсэг зуурын, өөрчлөгддөг дэлхий ертөнцөд ирж, бидний хэрэгт оролцох боломжгүй гэж тэд өөрсдөдөө бат итгүүлчихдэг.
Жишээлбэл, олон хүн Бурхан хязгааргүй мэдлэгтэй учраас нөхцөл байдлыг хэзээ ч шалгадаггүй хэмээн маргадаг. Гэвч Бичээс голдуу үүний эсрэг зүйлийг бидэнд хэлж өгөөд байна. Жишээ нь, Эхлэл 18:20-21-д Бурхан Содом, Гоморрагийн нүглийг мөрдөн шалгахаар тагнуулч тэнгэрэлч нарыг илгээсэн тухай гардаг.
Үүний нэгэн адил, Бурхан мөнх учраас хүмүүний дуулгавартай, эсвэл дуулгаваргүй байсан ч хариу үйлдэл хийх гэж хүлээдэггүй хэмээн зарим хүн маргадаг. Гэтэл үнэндээ ихэнх тохиолдолд Бурхан хүлээцтэй ханддаг тухай Библид гарах ажээ. Жишээлбэл, Израилийг Египетээс гарах үед Бурхан тэднийг дуулгавартай байх эсэхийн сорилтод бүдрэх хүртэл шүүлгүй хүлээж байсан гэдгийг Дэд хууль 8:2-т өгүүлдэг.
Түүнчлэн Бурхан хувиршгүй учраас залбиралд огт хариулдаггүй гэж олон хүн итгэдэг. Гэвч Бурхан залбиралд үргэлж хариулдаг болохыг Библи бүхэлдээ хэлээд өгдөг шүү дээ. Бид үүнийг Гэтлэл 32:14-р эшлэлээс харж болно. Бурхан Синаи уулын бэлд израильчуудыг устгана гэж айлдсаныхаа дараа Мосегийн залбирлын хариу болгож ард түмнийг устгалгүй өнгөрсөн.
Тэгвэл эдгээр эвангелийн итгэгчид Бурханы онцгой мөн чанарын талаарх үзэл баримтлалаа Бичээс дэх үүнтэй төстэй сургаалтай хэрхэн уялдуулан холбодог вэ? Харамсалтай нь, Бурханы бүтээлтэйгээ харилцах харилцааны талаар бичсэн Библийн хэсгүүдийг тэд тайлбарлахдаа зүгээр нэг “харагдах байдал” гэж үзэх явдал дэндүү олон бий. Энэ үзлээр бол Бурхан үнэндээ бүтээлийнхээ амьдралд оролцдоггүй, зөвхөн оролцож байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэсэн үг болно. Гэтэл Бурханы онцгой мөн чанарыг ингэж үзэх нь Түүний бүтээлтэй харилцдаг бодит харилцааг үгүйсгэж байгаа явдал бөгөөд үнэн хэрэгтээ Библи суурьтай итгэлийн гол үнэ цэн рүүгээ довтолж буй хэрэг юм. Бурхан хэмжээ хязгаартай, түр зуурын, өөрчлөгдөж хувирдаг бүтээлтэйгээ төгс, үнэхээр сэтгэл тавин холбоотой байдаг өгүүлэхээс өөр илүү чухал зүйл Бичээст юу байх билээ? Бидэнд ч мөн Бурхан бидэнтэй харилцаатай, хамаатай байдгаас илүү чухал зүйл байна гэж үү?
Энэ мэт ноцтой буруу ойлголтоос зайлсхийхийн тулд бид Бурханы онцгой мөн чанарын талаарх Библийн байр суурийг бүх талаас нь анхааран судалж үзэх шаардлагатай. Бид одоогоор Бурханы трансцендент буюу ангид орших чанарыг Бичээст хэрхэн авч үздэг талаар судлаад байна. Одоо харин Бурханы хамт оршигч мөн чанарыг хэрхэн баталдаг тухай үзэцгээе.
Бүхэлдээ "Бурханы хамт оршигч чанар" гэдэг нь Бурханы бүтээлдээ оролцоотой байх бодит байдлыг хэлдэг. Үнэндээ Бичээст Бурханы ангид оршигч мөн чанараас илүүгээр Түүний дэлхий ертөнцийн үйл хэрэгт оролцох, бүтээлтэйгээ хамт оршигч чанарын талаар өгүүлсэн. Бурханы түүхэн илэрхийллийг бид Бичээсээс олон өөр замаар хардаг. “Түүхэн илэрхийлэл” гэсэн нь Библийн түүхийн өрнөлд Бурханы оролцооны арга замыг хэлж байна. Бичээст Бурханыг олон янзаар дүрсэлж, тодорхойлсон байдаг. Үүнд Бурханы нэрс, Түүний талаарх тоолж үл барам олон зүйрлэл, адилтгал болон Бурханы хийсэн үйлс гээд олон зүйлийг хамруулж ойлгож болно. Зарим тохиолдолд Бичээст тухайн багахан цаг хугацаан дахь Бурханы түүхэн илрэлийг онцлон тэмдэглэдэг. Харин зарим үед урт хугацаан дахь түүхэн илрэлийг тод томруун харуулахдаа газар дэлхий дэх хийгээд тэнгэрлэг шүүх дэх Бурханы үйлсийг өгүүлдэг. Түүнчлэн Бурхан сүнслэг болон бодит ертөнцтэй хэрхэн харилцаж байгаа, олон тооны хүмүүстэй эсвэл цөөхөн хэдэн хүнтэй, гэр бүлүүдтэй, тэр ч байтугай хувь хүнтэй хэрхэн харилцаж байгааг хүртэл дурдсан байдаг.
Харамсалтай нь, сайхан сэтгэлт зарим христитгэгчид Бурханы хамт оршигч мөн чанарын талаар Библид цохон тэмдэглэснийг буруугаар тайлж уншдаг ажээ. Бурханы бүтээлтэйгээ ийнхүү харилцаж байгаа нь Түүний трансцендент буюу ангид оршигч мөн чанарыг үгүйсгэж байна хэмээн үздэг. Зарим ийм үзэл нь хэт туйлшрах хандлагатай болохоороо тэд Бурханы хамт оршигч чанарыг хэт их дөвийлгөн чухалчилж, Бурханы онцгой мөн чанарыг үгүйсгэдэг ажээ.
Тухайлбал, Бурхан асуулт асууж, бухимдлаа илэрхийлж, бузар мууг тэр даруй ялахгүй байгаа нь Түүнийг хязгаарлагдмал гэдгийг харуулж байна гээд тэд дүгнэчихдэг. Зарим теологичид Бурхан ард түмнээ сорьж, авралыг санал болгож, шүүлтээр заналхийлж байж үйлддэг нь Бурхан мөнх биш гэдгийг харуулж байна гэж үздэг. Ийм үзэлтэй теологичид Бурхан залбиралд хариулж, харамсаж, заавар зөвлөгөөгөө засан сайжруулдаг тул Бурхан өөрчлөгддөг хувирамтгай хэмээн дүгнэдэг. Энэхүү үзэл нь Бурханы хамт байх мөн чанарыг онцлон үзэж, трансцендент буюу ангид орших чанарыг нь үгүйсгэдэг байна.
Гэхдээ ийм байдлаар Бурхан бол хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй гэдгийг үгүйсгэх нь Библийн итгэл үнэмшлийн үнэ цэнд халдаж байгаа хэрэг болно. Хэрэв Бурханы хүч чадал хязгаарлагдмал юм бол Бурханы санаа зорилго бүтэлгүйтэхгүй гэдэгт бид хэрхэн бат итгэх вэ? Хэрэв Бурхан цаг хугацаанд захирагддаг юм бол Христ бидэнд үүрд мөнхийн авралыг өгсөн гэдэгт бид хэрхэн баттай итгэлтэй байж чадах вэ? Хэрэв Бурхан өөрчлөгддөг хувирамтгай юм бол Түүний амлалтад итгэж болно гэдгийг бид лавтайяа хэлж чадна гэж үү? Тэгэхээр Бурханы хамт байх чанар өөрөөр хэлбэл түүхэн дэх Бурханы бүрэн оролцоог батлах нь чухлын нэгэн адил бид Бурханы онцгой мөн чанарын талаар Бичээст заасан зүйлсийг бас батлах учиртай.
Бурханы онцгой мөн чанарыг ойлгохыг хүсвэл бид Бурханы ангид орших чанар болон хамт орших чанарын талаарх Библийн байр суурийг бүхэлд нь баттай баримтлах шаардлагатай. Гэхдээ Бурханы далд нууц зүйлсэд нэвтрэн орох хүмүүний чадвар хязгаартай бөгөөд бид энэ хязгаарт хурдан хүрдэг тул энэ нь тийм ч амархан байдаггүй. Гурвал, Христийн хоёр мөн чанар гэх зэрэг ойлгоход хэцүү өөр олон сэдвийн нэгэн адил Бурхан бидний ойлголт, ухаарах чадвараас хамаагүй агуу гэдэг үнэнтэй нүүр тулах цаг бидэнд ирээд байна. Гэхдээ эцэст нь дүгнэж хэлэхэд, бид Бурханы трансцендент буюу ангид оршигч чанар болон хамт орших чанарыг хоёуланг нь хүлээж авах учиртай гэдгийг Бичээс харуулдаг. Бурханы бүрэн төгс онцгой чанарууд үнэн бодитой болохыг, мөн Бурхан бүтээлтэйгээ нягт харилцаатай оролцоотой байдаг гэсэн бодит үнэнийг аль алийг нь бид хүлээн зөвшөөрдөг.
Дуулал 115:3-т энэ талаарх Библийн үзэл баримтлалыг нэгтгэн дүгнэж, ийн хэлжээ.
Бурхан маань тэнгэрт байдаг. Тэр хүссэн бүхнээ үйлддэг (Дуулал 115:3).
Энэ эшлэлд "Бурхан маань тэнгэрт байдаг" гэсэн нь Бурханы ангид оршигч чанарыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Түүний "хүссэн бүхнээ үйлддэг" гэсэн нь бид итгэлтэй байх үндэс суурь болж байгааг анзаараарай.
Хэдийгээр Бурхан бол хязгааргүй гэдэг нь нууцлаг ойлголт боловч энэ нь Тэрээр хязгаарлагдмал зүйлсэд оролцдоггүй гэсэн үг биш ээ. Библийн нүдээр харвал Бурхан бол хязгааргүй, тийм ч учраас Тэрээр хүссэнээрээ хязгаарлагдмал ертөнцөд бүрэн нэвтэрч чадна гэдгийг ч мөн илэрхийлж байна.
Бурхан бол мөнх, гэхдээ энэ нь Түүнийг цаг хугацаанаас гадуур байдаг гэж хэлээгүй. Харин ч Түүний мөнх байдал нь хүссэн цаг хугацаандаа оролцож чадах шалтгаан болдог.
Бурхан бол өөрчлөлт үгүй Оршигч, гэхдээ энэ нь Тэр өөрчлөгддөг ертөнцөд огт оролцоогүй гэсэн үг биш. Харин ч Бурхан бүхий л төгс төгөлдөр мөн чанар дотроо өөрчлөгддөггүй учраас Түүний тааллын дагуу бүтээлүүд нь өөрчлөгдөж байдаг.
Өмнө үзсэнчлэн, хэрэв бид Бурханы онцгой мөн чанарын талаар зөв ойлголттой болохыг хүсвэл Бурханы ангид орших чанар болон хамт байх чанарын талаар Библи юу хэлдгийг бүрэн утгаар нь, зөв ойлгох шаардлагатай.
Теологичид Бурханы ангид оршигч чанарыг, өөрөөр хэлбэл Тэрээр ямар дээр өндөрт өргөмжлөгддөгийг зөвхөн ярьдаг бус, Бурханы хамт оршигч чанар, Бурхан ойр буйг, Түүний оршихуй ямар ойрхон гэдгийг ч бас ярьдаг. Бурхан энэ дэлхий ертөнцөд болж буй зүйлсэд идэвхтэй оролцож, бидэнтэй маш ойр байдаг. Үүнийг бид ялангуяа Есүс Христ болон Түүний энэ дэлхийд хүн болж ирсэн үйл явдлаас, үл үзэгдэх Бурханы Хүү хүмүүний махбодтой үзэгдэх Нэгэн болж, хүмүүс бидний нөхцөл байдал дунд оршин байснаас харж болно. Түүнчлэн бид Бурханы хамт оршигч чанарыг Ариун Сүнс Бурханы оршихуй бидэнд ямар ойр байдгаас харж болно гэж би боддог. Энэ бол Бурханы мөн чанар болон бодгалийн нууцлаг зүйлсийн нэг юм. Тэр бол биднээс ангид оршигч Нэгэн, биднээс алс хол боловч бидэнтэй дэндүү ойрхон, мөш ойр байдаг Нэгэн билээ. Тэр бол хамт оршигч Нэгэн.
— Доктор Филип Раикен
Бурхан бүтээлээсээ хэрхэн ялгаатай болохыг бид судалснаараа Түүний онцгой мөн чанарыг мөн тодорхойлоход суралцсан. Одоо бид хичээлийнхээ хоёр дахь гол сэдэв болох Бурханы онцгой мөн чанарыг Түүний бусад төгс чанартай нэгтгэн авч үзэхэд бэлэн болоод байна.
Системт теологичид Бурханы онцгой болон нийтлэг мөн чанарыг тус тусад нь ялгаж судлах нь заншил болсон байв. Гэхдээ ийнхүү тусдаа сэдэв болгон судлах нь үр дүнтэй эсэхэд олон хүн эргэлздэг. Библи ч Бурханы эдгээр мөн чанарыг тусад нь авч үздэггүй. Үнэндээ Библийг бичигчид ч Бурханы мөн чанарыг бүгдийг нь өөр хоорондоо нягт холбоотой гэж үзэж байсныг бид удахгүй үзэх болно. Тиймээс, хэрэв бид Бурхан бүтээлээсээ хэр ялгаатай болохыг мэдэхийг хүсвэл Бурханы бүх мөн чанар биднийхээс ялгаатай гэдгийг ойлгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Бурхан бол бүтээлээсээ ангид оршдог, зөвхөн зарим талаараа бус, харин Бурханы үндсэн мөн чанарын бүх талаараа ангид оршдог юм.
Бид Бурханы онцгой мөн чанарыг Түүний бусад төгс чанартай уялдуулан гурван үе шаттай авч үзэх болно. Нэгдүгээрт, бид Бурханы мөн чанаруудыг нэгтгэн авч үзэхийн Библийн үндэслэлийг үзнэ. Хоёрдугаарт, бид энэ талаарх эвангелийн итгэгчдийн теологийн ялгаатай үзлүүдийг судална. Гуравдугаарт, бид Бурханы бүх мөн чанарыг нэгтгэн авч үзэхэд шаардлагатай Библийн үндэслэлийг авч үзэх болно. Ингээд Бурханы мөн чанарын нэгдмэл байдлыг судлах Библийн үндэслэлээс эхэлцгээе.
Бурханы мөн чанарыг нэгтгэн авч үзэх нь “Бурханы энгийн мөн чанар” хэмээх эртнээс уламжилж ирсэн христэч онолтой адил юм. Бурхан амархан ойлгогдохуйц энгийн оршихуй биш. Теологичид Бурханы энгийн мөн чанарын тухай ярихдаа Бурханы үндсэн чанар нь нийлмэл биш, тийм ч учраас хуваагддаггүй гэж хэлдэг. Аугсбургийн итгэлийн тунхгийн эхний зүйлд хэлсэнчлэн Бурхан бол “хуваагдал үгүй”. Бельгийн итгэлийн тунхгийн эхний зүйлд мөн адил Бурхан бол “цорын ганц, энгийн бөгөөд сүнслэг Оршигч” гэдэг.
Энгийн байдлын онол сургаал нь олон зууны турш маргааны сэдэв байсаар ирсэн. Гэхдээ энэ нь Бурханд ямар ч хувь чанар, үйлдэл, хөдөлгөх хүч, онцлог шинж байхгүй гэсэн үг биш. Энэ нь бас Тэрээр ямар ч мөн чанаргүй, нэг төрлийн платоник (ямар нэг шинж чанар, хувьсал үгүй төгс) оршихуй гэсэн утга биш юм. Миний хувьд үүнийг “Тэр бол оршихуй” гэсэн утгатай гэж хэлмээр байна. Тэр Өөрөөсөө гадна, Өөртөө юу ч нэмдэггүй. Тэрээр зохион бүтээгээгүй. Тэр бол зарим теологичдын боддог шиг олон хэсгээс бүрдсэн оршихуй биш. Харин Библид хэлсэнчлэн Бурхан бол Сүнс юм. Сүнс гэсэн нь үндсэн утгаараа энгийн оршихуй бөгөөд нийлмэл биш, төвөгтэй биш, олон бурхны шинжтэй биш. Дахин хэлэхэд энэ нь бидний хувьд үнэхээр сэтгэл тайвшруулам онол сургаал байдаг. Учир нь бидний Бурхан бол хольцгүй шижир бөгөөд олон зүйлээс цуглуулж, бүрдсэн бодгаль биш гэсэн үг. Тиймээс Бурхан бол энгийн нэг юм, сонирхолгүй, хувийн онцлог шинжгүй, хайр үгүй, мөн чанар үгүй гэсэн үг биш, Түүний оршихуй нь янз бүрийн зүйлсийн нийлбэр биш гэсэн утгатай. Бурхан бол хольцгүй цэвэр Сүнс юм.
— Доктор Виллиам Эдгар
Чуулганы эцгүүдийн үе болон дундад зууны үед Грекийн гүн ухаан ихээхэн нөлөөтэй байсан тул христитгэлт нөлөө бүхий теологичдод Бурханы энгийн байдлын онол сургаалыг батлахад хялбар болгожээ. Грекийн гүн ухааны хувьд Бурханы бүрэн төгс нэгдлийг, нэг мөн чанарыг онцолдог байв. Энэхүү суурь ойлголтын улмаас библи тайлбарлагчид Бичээс дэх энэ сэдвийг нарийвчлан судлахад хүрчээ. Гэхдээ сүүлийн үеийн түүхэнд Грекийн гүн ухааны нөлөө буурсантай холбоотойгоор нөлөө бүхий теологичид Бурханы үндсэн чанарын нэгдэл болон энгийн байдлын талаар Библи сургадаг гэдэгт эргэлзэх болсон байна. Тиймээс энэхүү онол сургаалын Библийн үндэслэлийг тодорхойлох нь чухал. Бурханы энгийн мөн чанарын талаарх итгэл үнэмшлийг таниулахад Дэд хууль номын 6:4-т Мосегийн хэлсэн алдартай үгийг үргэлж ашиглаж ирсэн.
Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН (Дэд хууль 6:4).
Орчин цагийн орчуулагчид энэ эшлэлийг хэд хэдэн өөр хувилбараар орчуулсан байдаг: “Бидний Бурхан Эзэн бол нэг Эзэн.”, “Эзэн бол бидний Бурхан бөгөөд ЭЗЭН бол нэг”, эсвэл “Эзэн бол бидний Бурхан, цорын ганц Эзэн".
Энэ эшлэл дэх Бурханы энгийн байдлыг олж хардаггүй хүмүүс Израиль өөр ямар нэг шүтээнд бус, зөвхөн Яавэ ЭЗЭНд үйлчлэх ёстой гэсэн утга гэж тайлбарладаг. Харин “ганц ЭЗЭН” гэсэн уламжлалт орчуулга нь Бурханы Өөрийнх нь нэг буюу нэгдмэл байдлыг илэрхийлдэг. Хэдийгээр еврей хэлэн дэх хэл зүйн дүрэм энэ хоёр хувилбарыг хоёуланг нь дэмждэг ч Мосе сүүлийнх нь утгыг илэрхийлэхийг зорьсон гэж үзэх хангалттай шалтгаан бий.
Уламжлалт орчуулга нь илүү дээр гэж бид олон зүйл хэлж чадах боловч дараах байдлаар илэрхийлэхэд хангалттай биз ээ. Дэд хууль номд, Израилийг өөрсдийн Бурханд үнэнч байж, өөр бусад шүтээнүүдээс эргэхийг Мосе ятгасан. Израильчууд зарим үед ЭЗЭНийг бүрмөсөн үгүйсгэн, харь үндэстнүүдийн бурхдад үйлчилснээрээ итгэлээсээ урваж байсныг бид мэднэ. Гэхдээ израильчууд шашны синкретизмд автахдаа бусад үндэстнүүдийн шашин, итгэл үнэмшил, зан үйлтэй өөрсдийн итгэл үнэмшлийг хольж хутган ойлгох явдал илүү олон тохиолдож байжээ. Бусад улс үндэстнүүд Баал, Аштарот зэрэг бурхдыг олон тоонд нэрлэн дууддаг байв. Учир нь тэд эдгээр бурхдаа олон өөр газарт хуваагдан оршдог гэж итгэдэг байжээ. Тэдгээр бурхдаа нэг газарт нэг байдлаар, өөр нэг газар өөр байдлаар оршин байдаг хэмээн итгэдэг байсан юм.
Эсрэгээрээ, Мосе дахин давтан Израиль зөвхөн Бурханы тогтоосон нэг л газарт мөргөж хүндэтгэх ёстой хэмээн сургаж байв. Бусад үндэстний бурхдаас ялгаатай нь “ганц ЭЗЭН байдаг” учраас Бурхан өөр өөр газар хуваагдан оршдоггүй. Энэ утгаараа Дэд хууль 6:4 нь Бурханы энгийн мөн чанарын талаарх христэч онол сургаалын үндэс суурийг бий болгож, Бурхан олон хэсэгт хуваагддаггүй болохыг хэлж өгдөг. Иаков 2:19-ийн үгчилсэн орчуулгыг харвал, Иаков Дэд хууль 6:4 дэх энэхүү ойлголтыг баталсан байдаг.
Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн (Иаков 2:19).
Орчуулгын зарим хувилбар шиг “Чи нэг Бурхан байдаг гэдэгт итгэдэг” гэж Иаков бичээгүй. Тэр шууд утгаар нь “Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг” гэсэн байна. Үүгээрээ Иаков Дэд хууль 6:4 нь Бурханы нэгдмэл байдал, нэг мөн чанар, энгийн мөн чанарын талаар сургадаг болохыг баталж байна.
Бурханы энгийн мөн чанарын талаарх библийн онол сургаал нь Бурхан судлалд олон талын ач холбогдолтой. Гэхдээ бидний сая үзсэнчлэн, энэ онол сургаал нь Бурханы мөн чанарын нэгдмэл байдлыг судлах Библийн үндэс суурь болдог. Бурханы төгс чанар бол Бурханы өөр ямар нэгэн хэсэг биш. Эдгээр нь бүгд Түүний нэг үндсэн мөн чанарын бүрэн нэгдмэл, харилцан уялдаатай мөн чанар юм.
Бурханы мөн чанарыг нэгтгэх Библийн үндэслэлд тулгуурлан бид хоёр дахь сэдвийг буюу Бурханы нийтлэг болон онцгой төгс чанарыг нэгтгэн авч үзэхтэй холбогдох эвангелийн итгэгчдийн дунд байдаг теологийн ялгаатай үзлийг авч үзэх гэж байна.
Хичээлийн эхний хэсэгт бид үзсэнчлэн эвангелийн итгэгчид Бурханы онцгой мөн чанарыг нэгтгэн дүгнэхийн тулд янз бүрийн нэр томьёо ашигладаг байсан боловч олон зүйл дээр нэгдмэл байдаг байв. Бурханы онцгой мөн чанар болон нийтлэг мөн чанарыг хооронд нь уялдуулахад ч мөн олон талаараа үүнтэй адил билээ. Энэхүү нэгдмэл байдлыг олон өөр аргаар илэрхийлдэг байв. Харин эвангелийн итгэгчид тодорхой хэмжээнд эдгээр хоёр мөн чанарыг нэгтгэхийн үнэ цэнийг дэмжсээр ирсэн байдаг.
Эвангелийн итгэгчдийн дунд байдаг теологийн ялгаатай үзлийг судлахдаа өмнө дурдсан гурван чухал бичиг баримтыг дахин авч үзэцгээе. Эхлээд бид Аугсбургийн итгэлийн тунхгийг судалж үзнэ. Үүний дараа бид Бельгийн итгэлийн тунхгийг, гуравт нь Вестминстерийн товч катехизмыг авч үзэх болно. Ингээд Аусбургийн итгэлийн тунхгаас эхэлцгээе.
Аугсбургийн итгэлийн тунхгийн эхний зүйлд Бурханыг тодорхойлсон үгсийг санаж байгаа биз дээ.
Мөнхийн, бие үгүй, хуваагдал үгүй, хязгааргүй хүчтэй, мэргэн ухаантай, сайн.
Өмнө дурдсанчлан, мөнхийн, бие үгүй, хуваагдал үгүй, хязгааргүй гэсэн нэр томьёо нь Бурханы онцгой мөн чанартай холбоотой яригддаг бөгөөд Бурхан бүтээлээсээ ялгаатай болохыг харуулдаг. Сүүлийн гурван нэр томьёо болох хүч чадал, мэргэн ухаан, сайн мөн чанар нь бид бүтээл нь болохынхоо хувьд Бурханы эдгээр мөн чанарыг бас тээдэг учраас Бурханы нийтлэг мөн чанар гэж тодорхойлдог.
Гэхдээ энэхүү Итгэлийн тунхагт эдгээр чанарыг хатуу ангилж, хуваагаагүй байгааг анхаарна уу. Энд зөвхөн Бурханы хүч, мэргэн ухаан, сайны талаар яригдаж байгаа биш. Харин “хязгааргүй” буюу immensus гэсэн латин хэлэн дэх тэмдэг нэрийг нэмсэн байдаг. Латин эх бичвэрийн хэл зүйн дүрмээр авч үзвэл Бурханы хүч чадал нь хязгааргүй, мөн мэргэн ухаан нь хязгааргүй, сайн сайхан нь хязгааргүй гэсэн санааг илэрхийлдэг байна.
Үнэндээ Аугсбургийн итгэлийн тунхаг нь Бурханы хязгааргүй чанарыг, Түүнд ямар нэг хязгаар байхгүй хэмээх үнэнээр дамжуулан харж, Бурханы хязгааргүйд дулдуйдан Түүний хүч чадал, мэргэн ухаан, сайн сайхныг дурддаг. Ийнхүү тус итгэлийн тунхаг нь Бурханы хязгааргүй мөн чанар хэмээгч онцгой мөн чанар нь Түүний нийтлэг мөн чанартай нэгдмэл байх ёстойг хүлээн зөвшөөрдөг.
Бид Аугсбургийн итгэлийн тунхгаас харсан агуулгаа Бельгийн итгэлийн тунхгийн эхний зүйлтэй харьцуулснаар Бурханы мөн чанарын талаарх теологийн ялгаатай үзэл баримтлалуудыг олж харах болно.
Бельгийн итгэлийн тунхагт Бурханыг ийн хэлсэн байдаг:
Мөнхийн, ойлгогдошгүй, үл үзэгдэгч, хувиршгүй, хязгааргүй, төгс хүчит, төгс мэргэн ухаант, шударга, [бөгөөд] сайн.
Мөнхийн, ойлгогдошгүй, үл үзэгдэгч, хувиршгүй, хязгааргүй гэсэн нэр томьёог ихэнх тохиолдолд Бурханы онцгой мөн чанар гэсэн ангилалд багтаан ойлгодог болохыг бид өмнө дурдсан билээ. Харин сүүлийн дөрвөн нэр томьёог ихэвчлэн Бурханы нийтлэг мөн чанартай холбоотой гэж үздэг. Гэхдээ энэхүү сүүлийн дөрвөн мөн чанарыг зүгээр нэг “хүчит, мэргэн ухаант, шударга бөгөөд сайн” гэж хэлээгүй байгааг анхаарна уу. Хэдийгээр бусад хэлэн дэх орчуулгад тодорхой харагддаггүй боловч тус тунхгийг бичсэн франц хэлэн дэх эх бичвэрт нь “бүрэн эсвэл төгс хүчирхэг” гэсэн утгатай “tout puissant”, “бүрэн эсвэл төгс мэргэн” гэсэн утгатай “tout sage” гэсэн хэллэгийг ашигласан байдаг. Нэмж хэлэхэд, “tout” гэсэн тэмдэг нэр нь “зөвт” болон “сайн” гэсэн үгстэй шууд бус байдлаар холбогдож болох бөгөөд эдгээр үгсийг “төгс шударга”, “төгс сайн” гэж орчуулж болно.
Аугсбургийн итгэлийн тунхагийн нэгэн адилаар Бельгийн итгэлийн тунхагт Бурханыг хязгааргүй гэж хэлсэн бөгөөд Түүний хүч чадал, мэргэн ухаан, шударга ёс, сайныг Бурханы хязгааргүй байдалтай холбож үздэг. Хэдийгээр Бельгийн итгэлийн тунхагт Аугсбургийн тунхагтай яг ижилхэн үг хэллэгийг ашиглаагүй ч ижил төстэй байгааг харж болно.
Аугсбургийн итгэлийн тунхаг болон Бельгийн итгэлийн тунхагаас олж харсан теологийн ялгаатай үзэл баримтлалуудыг марталгүйгээр Вестминстерийн товч катехизмд илчлэгдэх илүү өргөн цар хүрээтэй нэгдмэл, уялдаа холбоо бүхий талуудыг олж нээцгээе.
Та санаж байгаа бол Вестминстерийн 4-р асуултын хариу дараах тунхгаар эхэлдэг.
Бурхан бол Сүнс.
Үүний дараа Сүнс болох Бурханы гурван онцгой мөн чанарыг дурдсан байдаг:
хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй
Гэхдээ Вестминстер эдгээр онцгой төгс чанаруудыг тус тусад нь авч үзэлгүй, харин энэ гурав гурвуулаа Бурханы чанар мөн болохыг тайлбарласан байдаг.
Өөрөөрөө оршигч, мэргэн ухаантай, хүч чадалтай, ариун, шударга, сайн бөгөөд үнэн.
Вестминстерийн катехизмийн Бурханы мөн чанарыг нэгтгэх стратеги нь олон давуу талыг санал болгодог. Юун түрүүнд, Бурханы онцгой мөн чанарыг нэгтгэн дүгнэхдээ гурван ерөнхий ангиллыг ашигласан. Бурхан бүтээлээсээ хэр ялгаатай вэ? Тэр бол “хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй.” Үүний дараагаар Катехизм Бурхан хэрхэн хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй вэ гэдэг асуултад хариулж, ингэхдээ энэхүү гурван онцгой мөн чанарыг Бурханы бусад нийтлэг мөн чанартай холбон тайлбарлажээ. Бурханы “мэргэн ухаан, хүч чадал, ариун, шударга, сайн хийгээд үнэн” нь хязгааргүй. Бурханы “мэргэн ухаан, хүч чадал, ариун, шударга, сайн хийгээд үнэн” нь мөнхийн. Бурханы “мэргэн ухаан, хүч чадал, ариун, шударга, сайн хийгээд үнэн” нь өөрчлөгдөшгүй. Вестминстерийн товч катехизм нь ийнхүү Бурханы онцгой мөн чанарыг нийтлэг төгс мөн чанартай нь бүрэн нэгдмэл байдлаар, системтэйгээр судлах арга замыг нээсэн юм.
Энэ хүртэл бид Библийн үндэслэл болон эвангелийн итгэгчдийн дундах теологийн ялгаатай үзэл зэргийг шүүн тунгааж Бурханы онцгой мөн чанар нь Түүний бусад чанартай нэгдмэл байдаг тухай авч үзсэн. Одоо бүгдээрээ үүнтэй холбогдох Библийн үзэл баримтлалыг авч үзэцгээе.
Энэ хичээлээр бидний үзэж байгаа бүхэн “Бурхан бүтээлээсээ юугаараа ялгаатай вэ?” гэсэн асуултад хариулахад туслах зорилготой. Бурхан бүх төгс төгөлдөр байдлаараа бүтээлээсээ ялгаатай болохыг бид сурсан. Бичээс үүнийг маш олон замаар бидэнд зааж өгсөн байдаг тул энэ хэсэгт бид тэдгээр Библийн үзэл баримтлалаас цөөн хэдийг нь л хөндөж авч үзье. Гэхдээ асуудлын цөм нь энэ юм. Бид Библи бидэнд зааж буй бүхнийг нарийвчлан авч судлах үед Бурханы нэг хэсэг биш, харин бүх мөн чанар нь тэр дундаа онцгой мөн чанар нь илүүтэй тодорч харагддаг.
Вестминстерийн товч катехизмын дөрөвдүгээр асуулт болон хариултын стратегийн дагуу бид өөрсдийн зорьж буй хэргээ тайлбарлая. Өмнө дурдсанчлан, тус Катехизм Бурханы нийтлэг мөн чанар тус бүр нь хязгааргүй, мөнх, өөрчлөгдөшгүй гэдгийг хэлээд үүнийг системчилсэн байдаг.
Бурханы мөн чанарыг нэгтгэх Библийн үзэл баримтлалыг өргөн хүрээнд харахын тулд бид Катехизмд дурдагдсан долоон нийтлэг мөн чанарыг нарийвчлан авч үзэх болно. Ингээд Бурханы оршихуйгаас эхэлье.
Аль ч талаас харсан Бурханы оршихуй бол Бурханы бүтээлтэйгээ хуваалцдаг, дамждаг мөн чанар байдаг. Бурханы бүтээсэн бүхэн, тэр дундаа хүн төрөлхтөн бодитоор оршин тогтносоор байгааг бид мэддэг. Гэхдээ бид Бурханы оршихуй болон бидний оршин тогтнохуйн үндсэн ялгааг хүлээн зөвшөөрөхгүй бол Бурханы оршихуйн сүр жавхланг үнэнээр нь ухаарч ойлгож чадахгүй. Бидний оршин буй нь хязгаарлагдмал, хэсэг зуурын, өөрчлөгддөг ч харин Бурханы оршихуй бол хязгаар үгүй, мөнхийн, хувиршгүй юм.
Уламжлалт системт теологид Бурханы оршихуй болон бүтээлийн ялгааг ихэвчлэн хоёр үндсэн аргаар онцлон авч үздэг. Системт теологичид Бурханы “хэмжээлшгүй чанар” болон Түүний “хаа сайгүй оршигч чанартай” үүнийг холбож тайлбарладаг.
Нэг талаас, Бурханы хэмжээлшгүй чанар бол бүтээлээс давж гардаг Түүний хязгааргүй, мөнхийн, хувиршгүй оршихуйг илэрхийлдэг. 1Хаад 8:27-д Соломон сүмийг Эзэнд өргөн залбирахдаа Библи дэх бүх зүйлийн үндэс суурь болсон теологийн нэгэн агуу ойлголтыг батлан хэлсэн байдаг. Соломон залбиралдаа “тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг [Бурханыг] багтааж чадахгүй билээ” хэмээн өгүүлсэн. Бурханы оршихуй хэзээ ч бүтээлээрээ хязгаарлагддаггүй бөгөөд үүгээрээ Бурхан бүтээлээсээ ялгардаг. Тэрээр бүтээлээс өмнө оршин байсан, одоо ч хязгааргүй оршдог, мөн бүх бүтээлээс дээр үүрд мөнх оршсоор байх болно.
Нөгөө талаас, Бурханы омнипресент буюу хаа сайгүй орших чанар гэсэн ойлголтод бүтээгдсэн дэлхий ертөнцийнхөө хаа ч оршин байх гэсэн утгыг багтаан ойлгож болно. Системт теологичид хязгаарлагдмал, цаг хугацаанд баригдсан, хувьсан өөрчлөгддөг бүтээгдсэн юмсаас аль ч талаараа ялгаатай нь Бурханы оршихуй хаа сайгүй байна гэж онцлон хэлдэг. Иеремиа 23:24-т Бурхан “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” хэмээн айлдсан. Бурханы хаа сайгүй оршигч чанарт итгэх нь Библийн үндсэн итгэл үнэмшлийн нэг бөгөөд Үйлс 17:28-д Паул грек яруу найрагчдаас иш татан “Бид Түүний (Бурханы) дотор амьдарч, хөдөлж, оршин тогтнодог” гэжээ. Дуулал 139:7–10, Исаиа 66:1, Үйлс 7:48-49 гэх мэт олон эшлэлд Бурханы хаа сайгүй оршигч чанарыг илэрхийлсэн нь бий.
Бурханы омнипресент буюу хаа сайгүй оршигч чанарын тухай онол сургаалын үндэс болсон сонгодог багц эшлэл бол Үйлс 17:24-28 юм. Паул энд афинчуудад хандан үг хэлж байгаа бөгөөд Бурхан өөрсдийн шүтээнтэй харь үндэстэн эдгээр хүмүүст ч хүрч байгаа нь үнэхээр гайхалтай байдаг. Паул энэ талаар тайлбарлахдаа Бурхан бол зөвхөн иудейчүүдийн Бурхан биш, харин Бурхан бол газар дэлхий дэх бүх хүний Бурхан гэдгийг хэлсэн. Үүгээр ч зогсохгүй Бурхан бол бүх ертөнцийн, бүх тэнгэр газрын Эзэн гэдгийг нэмж хэлсэн байдаг. Паул Бурханы талаар энэ бүхнийг хэлэхийн зэрэгцээ Бурхан бол иудей болон харь үндэстэн хэн ч бай, бид бүхнээс холгүй оршдог... Үнэндээ бид энэ Бурханы дотор амьдарч, хөдөлж, оршин тогтнодог, өөрөөр хэлбэл Тэр хаа сайгүй оршдог гэдгийг хэлсэн. Үйлс 17:24-28-тай төстэй агуулга бүхий өөр нэг багц ишлэл бол Иеремиа 23:23-24 юм. Энд хүн Бурханаас зугтаж чадахгүй, Бурханаас нуугдаж чадах газар далд нууц газар гэж байхгүй гэдгийг хэлсэн байдаг. Та зугтах гэж оролдож чадах ч үнэндээ Бурханаас зугтаж, нуугдаж чадах хүн нэг ч үгүй. Учир нь, Иеремиагийн хэлсэнчлэн Бурхан тэнгэр газрыг дүүргэдэг юм.
— Доктор Р. Тодд Мангум
Түүнчлэн Бурханы оршихуй нь Бурханы мэргэн ухаан хязгааргүй, мөнхийн, хувиршгүй гэдгийг Товч катехизм бас батлан хэлж байна.
Аль ч талаас харсан мэргэн ухаан бол Бурханы оюун ухаант бүтээлтэйгээ хуваалцдаг нийтлэг мөн чанар байдаг. Гэхдээ хүн хэчнээн мэргэн ухаантай байлаа гээд бидний мэргэн ухаан бол хэмжээ хязгаартай, түр зуурын, хувьсан өөрчлөгддөг болохыг Библи ч, ерөнхий илчлэл ч тодорхой хэлээд өгдөг. Тиймээс Бурханы бүтээлээсээ ялгардаг нэг зүйл бол Түүний хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй мэргэн ухаан юм.
Уламжлалт системт теологичид Бурханы онцгой мэргэн ухааны талаар онцлон ярихдаа Бурханы бүхнийг мэдэгч чанар болон Түүний ойлгогдошгүй чанартай холбон авч үздэг.
Бурханы омнисиент буюу бүхнийг мэдэгч чанар гэдэг нь Бурхан бүх зүйлийг төгс мэддэг гэсэн утгатай. Иов 37:16-д Бурханы “төгс мэдлэг”-ийн тухай өгүүлдэг бол Еврей 4:13-т “Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй” гэсэн байдаг. Мөн Дуулал 33:15-д “Бүгдийн зүрхийг бүтээсэн Тэрээр (Бурхан) бүгдийн (хүмүүсийн) үйлсийг анхаардаг (ойлгож мэдэх) юм.” гэжээ. Бидний мэдэхгүй зүйлийг Бурхан мэддэг гэдгийг, өөрөөр хэлбэл Бурханы бүхнийг мэдэгч чанарыг өөр олон эшлэлд онцлон өгүүлдэг. Жишээлбэл, Иеремиа 23:24-т Бурхан “Надад харагдахгүй байхаар хүн далд газруудад нуугдаж чадах уу?” хэмээн асуусан байна.
Бурханы мэргэн ухаан буюу Бурханы энэхүү онцгой мөн чанар нь Бурханы ойлгогдошгүй чанарын онол сургаалд судлагддаг сэдэв юм. Энэхүү нэр томьёо нь бид Бурханы бодол санааг огтоос ойлгож чадахгүй гэсэн утгатай биш. Харин ч эсрэгээрээ бид Бурханы бодлоос заримыг нь буюу Түүний бидэнд илчилсэн зүйлсийг бид мэдэж ойлгож чаддаг. Гэхдээ Бурханы бодлуудыг бүрэн гүйцэд мэдэж чадахгүй гэсэн утгаараа Бурханы мэргэн ухаан нь онцгой мөн чанар юм. Ром 11:33-т Паулын хэлсэнчлэн, Бурханы шүүлтүүд болон замууд нь “ойлгож баршгүй... олж илрүүлшгүй” юм. Мөн Иов 11:7-д бид “Бурханы гүн гүнзгийг” олж ухаарч чадахгүй гэдгийг хэлсэн. Дуулал 139:6-д “(Бурханы) Мэдлэг нь... дэндүү гайхамшигтай... өндөр бөгөөд... хүршгүй” гэсэн байдаг. 1Самуел 16:7, 1Шастир 28:9, Дуулал 139:1-4, Иеремиа 17:10-т Бурханы бүтээлээсээ ялгардаг нэг зүйл бол Түүний хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй мэргэн ухаан юм гэсэн санааг илэрхийлсэн байна.
Бурханы мэргэн ухаан бол трансцендент буюу дээгүүрх бодол бөгөөд энэ нь Бурханд л хамаарах бодол, Бурхантай хамт орших бодол, Түүний бидэнтэй хуваалцахыг хүссэн бодол юм. Үнэндээ Бурхан биднийг дээгүүрх зүйлсийг харж, бодож амьдрахыг хүсдэг боловч энэ нь бидний хязгаарыг давсан зүйл байдаг. Зөвхөн Бурханы нигүүлслээр л бид амьдралын ийм түвшинд хүрч чадах боломжтой... Бидэнд Бурханы ийм илүү дээгүүрх бодлууд хэрэгтэй бөгөөд Түүний Ариун Сүнс бидний дотор орших үед бид тэр арга замаар бодож, тэр замаар амьдраад зогсохгүй, “Энэ бол мэргэн ухааны зам” хэмээн бусдад хэлж, ойлгуулж чадах юм.
— Доктор Матт Фриедеман
Гуравдугаарт, Бурханы оршихуй, мэргэн ухаан төдийгүй хүч чадал нь ч хязгааргүй, мөнхийн бөгөөд өөрчлөгдөшгүй юм.
Библи ч тэр, ерөнхий илчлэл ч тэр Бурханы хүч чадал бол олон талаараа нийтлэг мөн чанар болохыг бидэнд хэлээд өгдөг. Учир нь хүч чадал бол бүтээлд мөн байдаг чанар юм. Гэвч бүтээлд байх хамгийн агуу хүч чадал ч хязгаартай, түр зуурын, амархан өөрчлөгддөг. Тиймээс Библид Бурханы хүч чадал юугаараа онцгой болохыг тодорхой заадаг.
Бүтээлийн болон Бурханы хүч чадлын ялгааг системт теологид ихэвчлэн Бурханы “омнипотент буюу бүхнийг чадагч” мөн чанар болон Бурханы “хэмжээлшгүй эрх мэдэл” гэсэн ойлголтуудаар илэрхийлдэг.
Нэг талаас, Бурханы омнипотент чанарын талаар ярихдаа бид Бурхан бол бүхнийг чадагч гэж хэлдэг. Жишээлбэл, Иов 42:2-т Иов “Та бүхнийг үйлдэж чаддаг” гэж хэлсэн бол Дуулал 115:3-т “Тэр [Бурхан] хүссэн бүхнээ үйлддэг” гэсэн. Иеремиа 32:17-д “Танд юу ч дэндүү хэцүү биш” хэмээн Бурханыг магтдаг бол Матай 19:26-д Есүс шавь нартаа хандан “Бурханд бүх юм боломжтой” гэж батлан хэлсэн байдаг.
Харин одоо бид энд нэгэн чухал чанарыг нэмж хэлэх шаардлагатай: Бурханы хүч чадал Түүний бусад мөн чанартай хэзээд нийцтэй байдаг. Тэр Өөрийн мөн чанарын төгс төгөлдөр байдалд харшлах зүйлсийг хийж чаддаггүй. Жишээ нь, Бурханы хийж чадахгүй зарим нэг зүйлийг Библид маш тодорхой тунхагласан нь бий. Бурхан худал хэлж, нүгэл үйлдэж, өөрчлөгдөж, эсвэл Өөрийгөө үгүйсгэж чадахгүй гэдгийг Тооллого 23:19, 1Самуел 15:29, 2Тимот 2:13, Еврей 6:18, Иаков 1:13,17 зэрэг эшлэлээс харж болно. Бид энэ чанарыг нь ойлговол Бурхан бүхнийг чадагч гэдэгт бүрнээ итгэх юм. Өөрөөр хэлбэл Түүний хүч чадал хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж чадна.
Библи дэх Бурхан зарим зүйлийг хийж чадахгүй гэсэн санааг илэрхийлдэг багц эшлэлүүд нь үнэндээ Бурхан бүхнийг чадагч гэсэн үгийн жинхэнэ утгыг үгүйсгэж байгаа хэрэг биш юм... Бурхан зөвхөн мөн чанартаа нийцэхүйц зүйлийг л хийж чадна. Худал хэлэх нь Бурханы мөн чанартай бүрэн зөрчилдөх болно. Тиймээс Бурхан зарим нэг зүйлийг хийж чаддаггүй, гэхдээ энэ нь зөвхөн Түүний мөн чанарт нийцэхүйц бус хүрээнд л хамаатай байдаг.
— Пастор Клит Хакс
Нөгөөтээгүүр, системт теологичид Бурханы хүч чадлын хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй мөн чанарыг “Бурханы хэмжээлшгүй дээд эрх мэдэл” гэж нэрлэдэг. Энгийнээр хэлэхэд, Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл бол Түүний бүтээлээ бүрэн төгс захирахуйг хийгээд хяналтыг хэлж байгаа юм.
Өөр өөр урсгал чиглэлийн чуулганууд Бурхан хэмжээлшгүй эрх мэдлээрээ хэрхэн бүтээлдээ хяналт тавьдаг талаар ялгаатай үзлийг баримталдаг. Бид энэ талаар дараагийн хичээлээр ярилцах болно. Харин одоо Библид Бурхан бүхнийг хянах хязгааргүй, мөнх, өөрчлөгдөшгүй хүч чадалтай хэмээн заадаг гэдгийг бид анхаарах шаардлагатай. 2Шастир 20:6-д Иехошафат хаан “Хүч чадал Таны мутарт байдаг тул Таны эсрэг зогсож хэн ч үл чадна” гэж тунхагласан. Түүнчлэн Иов 42:2-т Иов “Зорьсонд тань боломжгүй нь үгүй” гэсэн бол, Даниел 4:35-д Небухаднезар хаан Бурханыг “тэнгэрсийнхэнд ч, газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ефес 1:11-д бичсэнчлэн, Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл маш өргөн хүрээтэй тул Тэрээр “бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг”. Ром 8:28-д “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг” гэсэн нь хүнд хэцүү зовлон бэрхшээл дунд ч Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл оршсоор байдгийг бидэнд баталж байна. Эдгээр болон өөр олон эшлэлд Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл нь хязгааргүй, мөнхийн бөгөөд өөрчлөгдөшгүй гэдгийг тодорхой хэлж өгдөг.
Нэмж хэлэхэд, Вестминстерийн товч катехизм нь Бурханы оршихуй, мэргэн ухаан, хүч чадлын талаар өгүүлэхээс гадна Бурханы ариун байдал нь хязгааргүй, мөнхийн бөгөөд өөрчлөгддөггүй гэдгийг хэлсэн байна.
Аль ч талаас нь харсан, ариун хэмээх мөн чанар нь Бурханы нийтлэг мөн чанар юм. Учир нь бүтээгдсэн дэлхийн зарим нэг зүйлс ариун байдлыг хуваалцаж байдаг. Библид газар нутаг, эд зүйл, сүнс, мөн хүмүүсийг ариун гэж хэлсэн тохиолдол олон гардаг. Мөн Библид “ариун” гэж орчуулагддаг еврей хэлний кадош (קָדוֹשׁ), грек хэлэн дэх хагиос (ἅγιος) гэдэг тэмдэг нэр нь үнэндээ “салгах”, “тусгаарлах” гэсэн утгатай үгс байдаг. Гэхдээ Библиэс ч тэр, ерөнхий илчлэлээс ч тэр бүтээлийн ариун байдал нь хязгаартай, түр зуурын, хувьсан өөрчлөгддөг бол харин Бурханы ариун байдал нь хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй гэдгийг тов тодорхой харж болно.
Системт теологид теологичид Бурханы ариун мөн чанарын онцгой мөн чанарыг Бурханы ёс суртахууны ариун чанартай холбож үзээд Бурханы онцгой мөн чанар гэж үзэх хандлагатай байдаг. Түүнчлэн үүнийг бас Бурханы сүр жавхлант ариун байдал гэж онцлон хэлдэг.
Нэг талаас, Бурханы ёс суртахууны ариун чанар гэсэн нь Бурхан бүхий л бузар муугаас тусгаар байдаг гэсэн утгыг илэрхийлдэг. Дуулал 92:15-д “Түүн дотор зөвт бус юм гэж үгүй” гэжээ. Хабаккук 1:12-13-т “Таны мэлмий муу муухайг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ” гэсэн. Бурханы ёс суртахууны ариун байдал нь Библийн итгэл үнэмшлийн үндэс суурь болдог. Тийм ч учраас Иаков 1:13-т “Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй” гэсэн байна.
Нөгөөтээгүүр, Бичээс мөн Бурханы сүр жавхлант ариун байдал гэж нэрлэгддэг зүйлийг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ нэр томьёо нь Бурхан бүх бүтээлээс, тэр ч байтугай ёс суртахууны хувьд цэвэр ариун бүтээлээсээ ч тусгаар байдаг гэсэн санааг илэрхийлдэг.
Бурханы ёс суртахууны болон онтологийн (оршихуйн хувьд) ариун байдал буюу сүр жавхлант ариун байдлын хоорондох ялгаа нь “ариун” гэдэг үг ямар утгатай тухай эртний ойлголтоос үүдэлтэй. Энэ үг нь үндсэндээ “салангид, тусдаа, тусгаар” гэсэн утгатай. Бурхан хоёр зүйлээс салангид буюу тусдаа оршдог. Нэгдүгээрт, Тэр нүгэлтнүүдээс тусгаар оршдог. Бурхан бол цэвэр ариун, Тэр огт гэм нүгэл үйлддэггүй. Тэр төгс зөвт учраас, өөрөөр хэлбэл ёс суртахууны хувьд төгс, цэвэр, ариун гэдэг утгаараа нүгэлтнүүдээс тусгаар байдаг. Гэхдээ үүнээс гадна Бурхан бол ариун гэдэг нь өөр нэг утгыг илэрхийлж байдаг. Энэ нь Тэр биднээс дээд гэсэн утга юм. Тэр биднээс ялгаатай. Бурхан өөр мөн чанартай, онтологийн буюу оршихуйн хувьд өөр статустай, илүү дээд оршихуй бөгөөд энэ утгаараа бас ариун юм. Түүний бодол санаа, арга замууд нь биднийхээс хавьгүй өндөр дээд. Тиймээс Бурхан Өөрийн оршихуй болон зөвт зан байдлаараа ариун буюу тусгаар оршдог юм.
— Пастор Дан Хендли
Бурханы сүр жавхлант ариун байдлыг Исаиа 6:3-т хамгийн тод томруун дүрсэлсэн байдаг.
Түг түмдийн ЭЗЭН. Ариун, ариун, ариун (Исаиа 6:3).
Энэ хэсэгт Бурханы сэнтийн өмнө үйлчилж буй ёс суртахууны хувьд цэвэр бүтээл болох серафим нь Бурханыг гурвантаа ариун гэж хүндлэн мөргөх ёстой гэж хэлжээ. Бурханы сүр жавхлант ариун байдлын талаарх үүнтэй ижил төстэй илэрхийллийг Гэтлэл 15:11, 1Самуел 2:2, Исаиа 57:15, Хосеа 11:9 зэрэг эшлэлээс харж болно.
Бурханы мэргэн ухаан, хүч чадал, ариун байдал төдийгүй Түүний шударга байдал нь мөн хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй юм.
Аль ч талаас харсан, ерөнхий болон онцгой илчлэлийн аль алинд шударга чанар нийтлэг мөн чанарт хамааруулан ойлгодог. Ёс суртахуунт бүтээлүүд, ялангуяа хүн төрөлхтөн зөвт, шударга байж чаддаг тул ийн ойлгодог. Бурханы шударга ёсны талаарх ойлголтыг ерөнхийд нь еврей хэлний цаддик (צַדִּיק) гэсэн үгтэй холбоотой бүлэг үгс, мөн грек хэлний дикайосуне (δικαιοσύνη) гэсэн нэр томьёотой холбоотой үгсээр илэрхийлдэг. Бид эдгээр нэр томьёог ихэвчлэн “зөвт байдал” эсвэл “шударга ёс” гэж орчуулдаг. Хүмүүний зөвт байдал, шударга ёс нь хязгаарлагдмал, түр зуурын бөгөөд өөрчлөгддөг бол Бурханы зөвт байдал, шударга ёс нь хязгааргүй, мөнхийн бөгөөд өөрчлөгддөггүй.
Бурханы шударга ёстой холбоотой мөн чанар нь Бичээс дэх Түүний тэнгэрлэг шүүх, шүүлттэй ихэвчлэн холбоотой байдаг. 1Петр 1:17-д бичсэний дагуу, бид “хүн бүрийг ялгаварлалгүйгээр үйлсийнх нь дагуу” шүүдэг Аавтай бөгөөд Ром 2:5–6-д хэлсэнчлэн “зөв шүүлтийн... Бурхан, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө” гэсэн байдаг. Мөн Бурханы шүүлт үргэлж зөв байдаг учраас Ром 9:14-т Паул “Шударга бус юм Бурханд байдаг уу?” гэж асуугаад, дараа нь “Огт үгүй!” хэмээн хариулжээ. Дэд хууль 32:4-т Мосе “Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр зөвт бөгөөд шулуун шударга билээ” хэмээн тунхагласан. Түүнчлэн Иохан 17:25-д Есүс тэнгэр дэх Эцэгээ “зөвт Аав аа” гэж дуудаж байгаад гайхах зүйл үгүй юм.
Системт теологичид Бурханы шударга чанарыг Бурханы шударга шагнал болон шударга шийтгэл гэсэн хоёр үндсэн хүрээнд авч үздэг.
Нэг талаас, Бурхан мөн чанарынхаа дагуу зөвт хүнийг шударга зөв байдлынх төлөө шагнадаг. Энэ талаар Дуулал 58:11-д “Зөвт нэгэнд нь шагнал байна. [учир нь] шүүдэг Бурхан газар дэлхийд үнэхээр байна” гэжээ. 2Тимот 4:8-д Паул “Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн... Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно” гэсэн байдаг. Заримдаа зөвт байдлын төлөө ямар ч шагнал байхгүй байгаа юм шиг санагдаж болох юм. Гэхдээ Бурханы шударга чанар хязгааргүй, мөнхийн, өөрчлөгддөггүй учраас бид Бурханы зөвийн шагналд итгэж болно.
Нөгөөтээгүүр, Бурхан мөн чанарынхаа дагуу бузар мууд шударга шийтгэл оногдуулдаг. 2Тесалоник 1:6-8-д Паул “Бурхан шударга тул... Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж” гэсэн байдаг. Үйлс 17:31-д Паул хүмүүсийг гэмшилд уриалж, “Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр [Бурхан] тогтоосон” гэдгийг хэлжээ. Үнэндээ, гэм нүгэлд оноох Бурханы шударга шийтгэлийг Библийн итгэлийн нэгэн багана гэж хэлж болно. Ром 3:26-д Паул Бурхан бол “зөв” бөгөөд Христийн цагаатгал нь итгэсэн бүх хүнийг зөв болгодог учир Тэр “Есүст итгэгчийг зөвтгөх” болно гэдгийг хэлж байна. Эдгээр эшлэлд болон бусад олон багц эшлэлд Бурханы хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй шударга чанар нь Түүний шударга шийтгэлд хэрхэн илэрдэг болохыг харуулсан байдаг.
Товч катехизмд Бурханы оршихуй, мэргэн ухаан, хүч чадал, ариун байдал, шударга чанарын зэрэгцээ Түүний сайныг дурдсан байдаг.
Аль ч талаас харсан, Библид бүтээлийг сайн гэж хэлсэн байдаг тул сайн чанарыг нийтлэг мөн чанар гэж үзэх нь түгээмэл байдаг. Эхлэл 1:31-д Бурхан бүтээлээ “нэн сайн болсныг” харсан гэдэг. Түүнчлэн 1Тимот 4:4-т Паул Бурханы энэхүү тунхаглалыг дахин баталсан байна. Ерөнхийдөө еврей хэлний тоб (טוֹב) болон грек хэлний агатос (ἀγαθός) гэдэг үгс хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг батлах гэсэн утгыг илэрхийлдэг. Тийм ч учраас бүтээлийн олон шинж чанарыг “сайн” гэж тодорхойлох нь зөв тодорхойлолт юм. Гэхдээ бүтээлийн сайн нь хязгаарлагдмал, түр зуурынх бөгөөд өөрчлөгдөх боломжтой гэдэг нь мэдээж. Харин эсрэгээрээ, Бурханы сайн чанар нь хязгааргүй, мөнхийн бөгөөд хувиршгүй билээ.
Библид Бурханыг “сайн” гэж хэлсэн нь Тэр бол хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүйгээр хүлээн зөвшөөрөгдөх зохистой гэсэн утгатай байдаг. Энэ тухай ярихдаа бид нэг зүйлийг буюу Бурханаас Өөрөөс нь гадна Түүний сайныг хэмжих хэмжүүр гэж байхгүй гэдгийг зайлшгүй тодотгож хэлэх шаардлагатай. Бурхан бол сайны жинхэнэ тодорхойлолт юм. Бельгийн итгэлийн тунхгийн эхний зүйлд дурдсанчлан, Бурхан бол “сайн бөгөөд бүхий л сайн сайхны эх булаг” юм.
Системт теологид Бурханы сайн чанар нь Библийн олон сургаалтай нягт холбоотой байдаг. Гэхдээ үүнийг ерөнхийд нь Бурханы сайны шууд болон шууд бус илрэл гэж хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзэж болно.
Нэг талаас, бид Бурханы сайны шууд илрэлийг бүтээлд хандах Түүний өршөөл, энэрэл, хайр, тэвчээр зэргээр илэрдэг Бурханы сайн чанар гэж ойлгож болно. Жишээлбэл, Дуулал 34:8-д Бурханы өршөөлийг Түүний сайны баталгаа хэмээгээд, “ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ!” гэсэн байдаг. Бурханы сайн чанар нь Түүний энэрэл нигүүлсэлтэй холбоотой гэдгийг Гэтлэл 33:19-д Бурханы Мосед хандан “Би бүх сайн сайхнаа өмнүүр чинь өнгөрүүлж... Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно” гэж айлдсанаас харж болно. Дуулал 25:7-д Бурханы хайр Түүний сайнаас урсан гардаг гэдгийг өгүүлэхдээ “Хайр энэрлийнхээ дагуу Намайг санаач! ЭЗЭН, сайн чанарынхаа учир санаач!” гэсэн байдаг.
Дуулал 23:6, Дуулал 73:1, Дуулал 145:9,15–16, Марк 10:18 зэрэг өөр олон багц эшлэлд Бурханы сайныг олон талаас нь онцлон харуулдаг. Гэхдээ Бурханы хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй сайн чанарын хамгийн шууд илрэл бол Христийг болон Христ доторх бүх хүнийг хайрласан Түүний мөнхийн хайр юм. Паул энэ тухайд Ефес 1:4-6-д ийн хэлсэн байдаг.
...Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ. Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой (Ефес1:4-6).
Энэ эшлэлийн хам сэдвийг илүү өргөн хүрээнд харвал, Бурхан хайр дотор биднийг хүүхдээ болгож үрчилж авсан бөгөөд энэ хайр нь бүтээлээс ч өмнө биднийг хайрласан хайр байсан гэдэг нь тодорхой байдаг. Христ доторх буюу Бурханы хайртай Нэгэний доторх ард түмнээ хайрлах Бурханы мөнхийн хайр ч мөн бүтээлээс өмнө байсан. Христ доторх хүмүүсийг хайрлах Бурханы хайр нь Эцэг Бурханы Хүүгээ гэсэн хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй хайраас эхтэй.
Биднийг хайрладаг Бурханы хайрын тухай Библид олонтаа өгүүлсэн байдаг. Бурхан биднийг янз бүрийн байдлаар хайрлаж, биднийг хайрлах хайраа олон янзаар илэрхийлдэг. Гэхдээ Бурхан биднийг хайрладаг гэдгийг хамгийн тодорхой, төгс харуулсан нь цор ганц Хүүгээ бидний төлөө өгсөн явдал байсан гэдгийг Библид тодорхой хэлсэн. Иохан 3:16-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн” гэж хэлдэг. Ертөнцийг аврахын тулд Хүүгээ энэ ертөнц рүү илгээсэн нь Бурханы хайрын хамгийн агуу илрэл байв. Гэхдээ үүгээр ч зогсохгүй Бурхан Хүүгээ бидний төлөө юуг хийлгэхээр явуулсан бэ гэдгээс Бурханы хайрыг харж болно. Бурханы Хүү бидний гэм нүглийн төлөө золиос болохоор ирсэн юм. Үнэндээ бид Бурханыг хайрласан биш, харин Бурхан биднийг хайрлаж, бидний гэм нүглийн төлөөс болгож Өөрийн Хүүг илгээсэн билээ... Тийм ч учраас энэ нь бидэнд маш их урам зоригийг өгдөг. Паул Ром 8-р бүлэгт энэ санааг илэрхийлж, Бурхан “Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?” гэсэн үгсээр биднийг урамшуулж байна. Ийнхүү Бурхан бидний төлөө Өөрийн Хүүг өгч, биднийг хайрладаг хайраа хамгийн тодорхой, хамгийн агуу байдлаар, төгс илэрхийлсэн юм. Тийм ч учраас бид Түүнд итгэж найдан, Бурханы үнэхээр биднийг хайрладаг гэдэгт итгэлтэй байж чаддаг.
— Доктор Брандон Д. Кроув
Нөгөө талаас, Библид бас Бурханы сайны шууд бус илрэлийг онцлон харуулах замаар Бурханы сайн нь хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй гэдгийг илэрхийлдэг. Бүтээлд нь тохиолддог түр зуурын гай гамшиг, зовлон шаналлын үед ч Бурхан сайны төлөө ажилласаар байдаг гэдэгт бид итгэлтэй байж болно. Бурханы бүтээл дунд бузар муу оршин байгааг харах үед Бурхан сайн гэдэгт итгэх хамгийн хэцүү байдаг. Гэхдээ Бурханы сайн чанар нь төгс учраас бузар муугаас ч сайн үр дүнд хүргэж чадна гэдгийг Библийг бичигчид хэлсээр ирсэн. Жишээ нь, “Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг” (Иаков 1:17) учраас хүнд хэцүү сорилтууд нь бидний сайны төлөө байдаг гэдгийг Иаков хэлсэн. Түүнчлэн Ром 8:28-д “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ” хэмээн Паул Ромын христитгэгчдэд батлан хэлсэн байдаг.
Бурханы оршихуй, мэргэн ухаан, хүч чадал, ариун чанар, шударга чанар, сайны талаарх Библийн үзэл баримтлалын дараа одоо бид Бурханы үнэний тухай ярилцах гэж байна. Энэ бол Вестминстерийн товч катехизмд дурдагдсан нийтлэг мөн чанарын сүүлийнх юм.
Үнэн бол нийтлэг мөн чанар гэдгийг Библид болон ерөнхий илчлэлд олон талаас нь тодорхой харуулдаг. Бурханы оюун ухаантай, ёс суртахуунтай бүтээл нь үнэн, шударга, итгэж болохоор, найдаж болохуйц байж чадна. Бурханы үнэний тухай ойлголт нь ихэвчлэн “баттай байх”, “үнэн зөв байх” гэсэн утгатай еврей хэлний аманאָמַן) ) гэдэг үйл үг болон “хайр энэрэл”, “итгэмжит байдал” гэж орчуулагддаг та бидний сайн мэдэх хесед (חֶסֶד) гэдэг үгнээс гаралтай. Энэхүү ойлголт нь мөн Шинэ гэрээний грек хэлний алетеиа (ἀλήθεια) болон пистис (πίστις) гэсэн үгтэй холбогдоно. Библийн эдгээр нэр томьёо нь чин сэтгэл, үнэнч, найдвартай, итгэмжит байдал гэсэн утгыг илэрхийлдэг. Бурханы бүтээлд эдгээр чанар байдаг боловч энэ нь хязгаарлагдмал, түр зуурын, хувьсан өөрчлөгдөх шинжтэй байдаг. Харин эсрэгээрээ, Бурханы үнэн бол хязгааргүй, мөнхийн бөгөөд хувиршгүй юм. Паул Бурханы үнэний онцгой чанарын талаар Ром 3:4-т ийн хэлсэн:
Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн (Ром 3:4).
Системт теологичид Бурханы энэ мөн чанарыг ерөнхийд нь хоёр үндсэн хэлбэрээр онцлон авч үздэг. Бурхан бол үнэний итгэмжит эх сурвалж бөгөөд амлалтдаа итгэмжит байдаг.
Нэг талаараа, Бурханыг үнэний итгэмжит эх сурвалж хэмээн Библид магтан дуулсан байдаг. Дуулал 119:43-т дууллыг бичигч Библи бол Бурханы “үнэний үг” гэж хэлсэн. Мөн Дуулал 142-т “Таны хууль үнэн” хэмээн итгэлтэйгээр тунхаглажээ. Дуулал 25:5-д “Намайг чиглүүлж, Өөрийн үнэнээр надад зааж өгөөч” гэж Бурханаас залбиран гуйсан байдаг. Иохан 8:32-т Есүс шавь нартаа сургаалыг нь сахивал тэд “үнэнийг мэдэж, үнэн [тэднийг] чөлөөлөх болно” гэж тайлбарласан. Иохан 16:13-т Христ элч нарт “Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана” гэж амласан. Мөн Иохан 17:17-д Есүс Эцэгтээ залбирч, “Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн” гэсэн байдаг. Бурханы мөн чанар нь үнэн бөгөөд итгэмжит тул Бурхан үнэнийг илчлэх үед бид үүнд бүрэн найдаж болно гэдгийг Библийн эдгээр эшлэлд болон өөр олон эшлэлд тодорхой хэлдэг.
Нөгөөтээгүүр, Бурхан бас хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүйгээр амлалтдаа үнэнч, итгэмжит байдаг. Бурхан бүх амлалтаа биелүүлнэ гэдэгт найдаж болно. Гэхдээ бид энд болгоомжтой хандах хэрэгтэй. Библид олон удаа Бурханы өгсөн амлалт мэт харагддаг зүйл нь үнэндээ Бурханы санал болгосон зүйл эсвэл тодорхой нөхцөл болзол бүхий үгс байдаг. Тухайн болзол хангагдаагүй бол Бурханы санал эсвэл хэлсэн үгс биелэхгүй. Гэхдээ Паул Тит 1:2-т бичсэнчлэн Бурхан бол “мэхэлдэггүй.” Хэрвээ Бурхан амласан бол амлалтаа биелүүлэх болно. Тооллого 23:19, Дуулал 33:4, Еврей 6:18 болон бусад олон эшлэлд Бурхан бүх амлалтаа итгэмжтэйгээр биелүүлж байгааг харуулдаг. Тийм ч учраас Илчлэл 3:14-т өргөмжлөгдсөн Христийг “итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн” гэж танилцуулсанд гайхах зүйлгүй юм.
Бурханы онол сургаалын энэ хэсэгт бид өөр олон зүйлийг ярьж болох ч цөөн хэдийг нь энд хөндлөө. Гэхдээ Вестминстерийн товч катехизм нь Бурханы онцгой төгс байдлын талаар судлах үед заавал авч үзэх ёстой Библийн үзэл баримтлалыг нэлээн өргөн хүрээнд харах боломжийг олгодог. Бидний үзсэнчлэн, Библид Бурханыг зарим талаараа биш, харин бүхий л талаараа хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй гэдгийг харуулдаг. Бурханы мөн чанар бүхэн юутай ч харьцуулшгүй. Энэ утгаараа Бурханы бүх мөн чанар нь онцгой мөн чанар юм.
Энэ хичээлээр бид Бурхан Өөрийн бүтээлээс хоёр үндсэн зүйлээр хэрхэн ялгардаг болохыг судалж үзсэн билээ. Эхлээд бид Бурханы онцгой мөн чанарыг тодорхойлох талаар сурсан. Бурханы төгс байдлыг батлах Библийн үндэслэл, энэ талбар дахь эвангелийн итгэгчдийн дунд байдаг теологийн ялгаатай үзэл баримтлалууд, мөн эдгээр мөн чанарыг тодорхойлоход шаардлагатай Библийн үзэл баримтлалыг өргөн цар хүрээнд авч үзлээ. Бид мөн Бурханы бүх төгс төгөлдөр байдал өөр хоорондоо нэгдмэл болохыг судалж, үүний Библийн үндэс суурь, эвангелийн итгэгчдийн дунд байдаг теологийн ялгаатай үзэл, үүнийг судлахдаа анхаарах ёстой Библийн байр суурь зэргийг үзээд байна.
Ихэнх тохиолдолд Христийн дагалдагчид Бурханы онцгой мөн чанарын талаар анхааралтай авч үзэх нь чухал гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ Бурхан бүтээлээсээ олон талаар ялгаатай гэдэгт итгэх нь Христэч итгэл үнэмшилд маш чухал бөгөөд энэ нь бидний бүхий л онол сургаал, зан үйл, хандлагад нөлөөлдөг. Христэч онол сургаалын тулгуур олон багана нь Бурханы онцгой төгс чанарын талаарх зөв ойлголтод суурилдаг. Бидний өдөр тутмын ажил амьдрал ч эдгээр үнэнээр бас чиглүүлэгдэж байдаг. Бурхан судлалын энэ ухагдахууны талаар бид ямар итгэл үнэмшилтэй байх нь бидний даруу зан, итгэлтэй байдал, баяр баясгалан, Бурханд өргөх хүндэтгэл мөргөл зэрэг олон зүйлд нөлөөлдөг. Бурханы онцгой мөн чанарын талаар Библид юу гэж заадгийг ойлгох нь биднийг Христэч үйлчлэлийн бүхий л талбарт үйлчлэхэд бэлтгэж байдаг билээ.
Доктор, пастор Турман Виллиамс (хөтлөгч) нь Миссури мужийн Сэнт-Луис хот дахь “Нигүүлсэл ба Амар тайван” чуулганы туслах пастор. Доктор Виллиамс нь Чесапик Теологийн сургуульд Библи судлалын Магистр (M.Div.), Ковенант Теологийн сургуульд Үйлчлэлийн докторын (D.Min.) зэрэг хамгаалсан. Тэрээр “Нигүүлсэл ба Амар тайван” чуулганд үйлчлэхээсээ өмнө Балтимор хотын “Шинэ дуу коммунити чуулганы” ахлах пастораар үйлчилж байв. Мөн “Итгэл христэч нөхөрлөл” чуулганд гадаад харилцаа болон залуучуудын үйлчлэлийн пастораар, Ян-Лайф байгууллагын бүсийн удирдагчаар тус тус ажиллаж байжээ.
Доктор Винсент Бэйкот бол Вийтон Коллеж ба Их сургуулийн Теологи судлалын профессор бөгөөд Христэч ёсзүйн хэрэглээний төвийн захирал.
Доктор Брандон Д. Кроув бол Вестминстер Теологийн сургуулийн Шинэ Гэрээний дэд профессор.
Доктор Виллиам Эдгар бол Вестминстер Теологийн сургуулийн Аположетик судлалын профессор
Доктор Матт Фриедеман бол Вэсли Библийн сургуулийн Эвангелизм ба дагалдагч бэлтгэх ухааны профессор
Пастор Дан Хендли бол Пенсильвани мужийн Вексфорд дахь Норт Парк чуулганы тэргүүн пастор.
Пастор Клит Хакс бол Алабама мужийн Бирмингхам дахь Аположетик судалгааны төвийн захирал, гаж урсгалын эсрэг аположист.
Доктор Ричард Линтс бол Гордон-Конвелл Теологийн сургуулийн академик хэрэг эрхэлсэн дэд ерөнхийлөгч, Теологийн ухааны профессор.
Доктор Р. Тодд Мангум бол Библийн Теологийн сургуулийн хичээлийн эрхлэгч, Теологийн ухааны профессор.
Доктор Жош Мүүди бол Иллинойс мужийн Вийтон Коллеж чуулганы тэргүүн пастор.
Доктор Жеффри Мур нь 2003-2014 оны хооронд Тринити Даунтаун Орландо чуулганы тэргүүн пастораар ажиллаж байсан.
Доктор, пастор Паул Р. Раабе бол Конкорд сургуулийн Библи тайлбарлах ухааны профессор.
Доктор Филип Райкен бол Вийтон Коллежийн ерөнхийлөгч
Доктор Тим Сансбури бол Кнокс Теологийн сургуулийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Философи болон теологи судлалын дэд профессор.
Адонай Яавэ– Ихэвчлэн “Эзэн Бурхан гэж орчуулагддаг “хамгийн дээд Эзэн” гэсэн утга бүхий еврей нэрийн галиг
Асейти– Өөрөөсөө хамаарч, өөрөөрөө орших чанар; бүрэн бие даасан.
Аугсбургийн итгэлийн тунхаг- Германы шашны шинэчлэгч Филипп Меланхтоны бичсэн энэхүү баримт бичиг нь Лютеран чуулганы хамгийн чухал итгэлийн тунхаг бөгөөд 1530 оны зургадугаар сарын 25-нд Аугсбургийн уулзалт дээр анх танилцуулсан байдаг.
Бельгийн итгэлийн тунхаг- Нидерландын шашны шинэчлэгч Гүидо де Брэсийн 1961 онд бичсэн итгэлийн тунхаг. Шинэчлэгдсэн чуулганы онол сургаалын гол баримт бичгүүдийн нэг.
Нийтлэг мөн чанарууд– Бурханы бүтээлдээ ямар нэгэн байдлаар дамжуулж өгсөн Бурханы чанарууд (жишээ нь: мэргэн ухаан, хүч чадал, сайн сайхан чанар г.м)
Бурханы мөн чанар– Янз бүрийн түүхэн илрэлээр илэрсэн Бурханы төгс төгөлдөр чанар, зөвхөн Бурханд л орших мөн чанар
Бурханы хамт оршигч чанар– Attribute of God referring to his closeness to man and creation; God’s active involvement in space and time
Бурханы ангид оршигч чанар– Бурхан бол хүнээс болон цаг хугацаа, орон зай зэрэг Өөрийн бүтээлд тавьсан бүх хэмжээ хязгаараас ангид, дээгүүр оршдог гэдгийг харуулдаг Бурханы мөн чанар
мөнхийн– цаг хугацаагаар хязгаарлагд-даггүй; эхлэл юмуу төгсгөл үгүй.
хагиос – “ариун” эсвэл “тусгаарлагдсан” гэсэн утгатай грек үгийн галиг
Хелленистик– Агуу Александрын дараах цаг үеийн эртний Грекийн хэл, соёл, иргэншилтэй холбоотой соёл
Түүхэн илрэл– Библийн түүхээр дамжуулан Бурханы Өөрийгөө илчилсэн арга замууд
Бурханы хязгааргүй чанар– Бурхан бол хязгааргүй, мөнхийн, бүтээлээс ангид оршдог бөгөөд өөрчлөгдөшгүй гэдгийг илэрхийлсэн теологийн нэр томьёо
имменсус– “хэмжиж баршгүй”, мөн “тооцоолж барамгүй” гэсэн утгатай латин нэршил Latin term meaning "immeasurable, "incalculable"
Онцгой мөн чанарууд– Бурханаас хүнд өгөгдөх боломжгүй Бурханы мөн чанар (жишээ нь бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршигч, мөнхийн г.м)
Бурханы ойлгогдошгүй чанар– Бид Бурханы тухай бидэнд илчилсэн зүйлсийг ойлгож чадах боловч Бурханы тухай бүх зүйлийг ойлгож хэзээ ч чадахгүй гэдгийг илэрхийлэхэд ашигладаг теологийн нэр томьёо
хязгааргүй– хэмжиж болохгүй, тооцоолох боломжгүй, төгсгөлгүй, хэмжээ хязгаар үгүй
инфититус– “хязгааргүй”, эсвэл “эцэс төгсгөлгүй” гэсэн утгатай латин нэршил
омнипотент– Бурханы бүхнийг чадагч чанар, хязгааргүй хүч чадал
омнипресент– Бурханы хязгааргүй буюу хаа сайгүй оршигч чанар
омнисиент– Бурханы бүхнийг мэдэгч чанар
пистис– “итгэл”, “итгэмжит байдал” “хайр энэрэл” гэсэн утгатай грек үгийн галиг
кадош– “ариун”, “ариусгасан” гэсэн утгатай еврей үгийн галиг
энгийн/ Бурханы энгийн мөн чанар– Бурханы мөн чанар нь олон ялгаатай зүйлийн нийлбэр биш, харин хольцгүй, цорын ганц нэгдмэл мөн чанар гэдгийг тайлбарлахад хэрэглэдэг теологийн нэр томьёо
Хэмжээлшгүй эрх мэдэлт– Бурханы бүх бүтээлээ захирах бүрэн төгс эрх мэдлийг илэрхийлсэн теологийн нэр томьёо
Синкретизм- Гүн ухааныг шашинтай, эсвэл янз бүрийн шашныг хооронд нь хольж нэгтгэх зан үйл
Вестминстерийн товч катехизм– 1647 онд анх хэвлэгдсэн, уламжлалт протестант христитгэлийн онол сургаалын эмхэтгэл
Continue reading the full transcript