Номын 3-р хичээлтэй дагалдах видео бичлэг бөгөөд дараахь асуултуудыг асууна: Та бид Бурханыг байгалийн теологиос бүхнийг мэдэх боломжтой юу, эсвэл бидэнд тусгай илчлэлт хэрэгтэй юу? Библид Бурханы тухай өгүүлсэн зүйрлэлүүд Бурханы шинж чанаруудыг зааж өгдөг вэ? Зургаа дахь зүүлтэд юу зааж өгдөг вэ? Бурханы дүрээр бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурханыг мэдэхгүйгээр өөрийгөө үнэхээр мэдэх боломжтой юу, мөн өөрийгөө мэдэхгүйгээр Бурханыг үнэхээр мэдэх боломжтой юу? Заримдаа Библиэс, ялангуяа өгүүллэг, шүлгээс теологийн заалтуудыг гаргахад яагаад хэцүү байдаг вэ? Библийн өгүүллэг, шүлгээс теологийн заалтуудыг хэрхэн гаргах вэ? Бурхан бидэнд хайртай гэдгээ хэрхэн харуулдаг вэ? Бурханы хайртай шинж чанар бидний амьдралд хэрхэн нөлөөлөх ёстой вэ? Бурхан бүтээлд хэрхэн мэргэн ухаанаа харуулдаг вэ? Библид Бурхан ариун бөгөөд бид ч ариун байх ёстой гэж хэлсэн үед юу гэсэн үг вэ? Бурханы ариун шинж чанар бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
From the transcript
Олонд хүндлэгдсэн нэгэн математикч эрдэмтэн, профессор байжээ. Түүний бичсэн номууд болон лекцүүдийг хэр баргийн хүн ойлгож чаддаггүй, хамгийн шилдэг оюутнууд нь ч арайхийн ойлгодог байж. Гэтэл нэгэн өдөр дэлхийд алдартай мөнөөх профессорын талаарх түгээмэл ойлголт үүрд өөрчлөгдсөн байна. Тэр өдөр сургуулийнх нь гадаад оюутнууд хамтдаа тэр профессорын гэрт Христмас баяр тэмдэглэхээр уригдан очжээ. Тэнд тэд нөгөө алдартай профессорын талаар урьд өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй тийм дүр зургийг олж харсан байна. Учир нь нөгөө алдартай профессор маань ач, зээ нар болон зочдоо тойруулан гэрийнхээ шалан дээр суучихаад дөрөв, таван насны хүүхдүүдэд зориулсан хөлөгт тоглоомоор оройжин наадсан ажээ. Тэгээд маргааш нь тэнд байсан оюутнууд өөр хоорондоо, “Тийм агуу хүнийг бидэнтэй л адилхан хүн гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү юм аа” хэмээн ярилцсан гэдэг.
Тэгвэл Библи ч бас бидэнд Бурханы талаар үүнтэй адил зүйлийг өгүүлдэг. Библид Бурханыг бүх бүтээлээсээ ангид оршдог гэдгийг тодорхой өгүүлсэн байдаг. Бурхан бүтээлүүдээсээ үнэхээр ялгаатай. Гэвч Бурханы бүтээлүүд болон Бурханы хооронд олон адил төстэй чанарууд ч бий. Хэдийгээр үүнийг бүрэн дүүрэн ойлгоход хэцүү ч Библи бидэнд Бурханыг бидэнтэй адилхан хэмээн гэрчилдэг.
Энэ бол бидний үзэж буй “Бид Бурханд итгэдэг” цувралын гурав дахь хичээл. Бид энэ хичээлээ “Бурхан бидэнтэй юугаараа адилхан бэ?” гэж нэрлэсэн. Энэ хичээлээр бид теологичдын нэрлэж заншсанаар Бурханы “нийтлэг мөн чанарын” талаар буюу Бурхан болон Түүний бүтээлүүдийн хоорондох адил төстэй чанаруудын талаар үзэх болно. Энэхүү цувралынхаа эхэнд бид Бурханы мөн чанаруудыг дараах байдлаар тодорхойлсныг та бүхэн санаж байгаа байх:
Бурханы үндсэн мөн чанар гэдэг нь Бурханы үндсэн чанарын төгс төгөлдөр байдал бөгөөд энэ нь янз бүрийн түүхэн илрэлээр илчлэгдсэн.
Мөн бид эвангелийн теологичид Бурханы мөн чанарыг хоёр хэсэгт хувааж үздэг тухай үзсэн. Үүний нэг нь болох “Бурханы онцгой мөн чанар” гэдэг нь Түүнийг бүтээлүүдээс нь туйлын ялгаатай болгож буй үндсэн мөн чанарын төгс төгөлдөр байдал юм. Харин хоёр дахь хэсэг нь буюу “Бурханы нийтлэг мөн чанарууд” гэдэг нь Түүний бүтээлүүдийн мөн чанартай адил төстэй үндсэн мөн чанарын төгс төгөлдөр байдлууд юм. Тэгвэл энэхүү хичээлдээ бид энэ хоёр чанарын хоёр дахь нь буюу “Бурханы нийтлэг мөн чанарын” талаар үзэх болно.
Энэхүү хичээлийнхээ хүрээнд “Бурхан бидэнтэй юугаараа адилхан юм бэ?” гэдгийг судлах судлал маань дараах хоёр үндсэн хэсэгт хуваагдах болно. Нэгдүгээрт, бид Бурханы онолын энэ хэсгийг судалж үзэх үндэслэл болж буй Библийн үндэс суурийг авч үзэх болно. Харин хоёрдугаарт, бид Бурханы нийтлэг мөн чанарын талаарх евангелийн системчилсэн теологичдын теологийн үзэл баримтлалыг авч үзэх болно. Ингээд хамтдаа энэхүү асуудлыг авч үзэх Библийн үндэслэлийг судалж эхэлцгээе.
Хүмүүс бид хязгаарлагдмал байдлынхаа улмаас Бурханы тухай заасан Библийн үгсийн тоолж барам олон нууцтай нүүр тулдаг. Тэр тусмаа Бурханы нийтлэг мөн чанарын тухай авч үзэх үед бид бүр ч олон нууцлаг зүйлстэй учирдаг. Бид энэхүү цувралаараа Бурхан бол бүтээлүүдээсээ туйлын ялгаатай гэдгийг үзсэн. Зөвхөн зарим нэг төгс төгөлдөр байдлаараа бус, харин бүх төгс төгөлдөр байдлаараа бүтээлүүдээсээ туйлын ялгаатай юм. Гэвч үүний зэрэгцээ, Библид Бурханыг бүтээлүүдтэйгээ маш адилхан хэмээн зурагласан байдгийг Библийг уншиж үзсэн хүн бүр сайн мэднэ. Библид гардаг “ариун”, “шударга”, “зөвт”, “сайн”, “итгэмжит”, “хайрын”, “хүчирхэг” гэсэн үгс нь Бурханд болон Түүний бүтээлүүдэд аль алинтай холбогдох боломжтой тодорхойлолтууд юм. Тиймээс хэдийгээр энэ хоёр ойлголт хэрхэн нэг дор багтаж байгааг бүрэн дүүрэн ойлгоход хэцүү байж болох ч Библийн итгэл биднийг Бурхан бүтээлүүдээсээ ялгаатай атлаа бүтээлүүдтэйгээ адилхан гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг.
Бидний хувьд Бурханы нийтлэг мөн чанарын талаар судлах Библийн үндэслэлийг хэд хэдэн янзаар нэгтгэн дүгнэх боломжтой. Гэхдээ энэ удаад зорилгоосоо шалтгаалаад зөвхөн хоёр л чиглэлийг авч үзэх болно. Нэгдүгээрт, бид Библийн бичигчид энэхүү сэдвийг авч үзэхдээ баримталж байсан гурван үндсэн стратегийг авч үзэх болно. Харин хоёрдугаарт, бид Бурхан болон бүтээлийн хоорондох нийтлэг чанарыг судалж үзэхэд амин чухал ойлголт болох хүн төрөлхтний талаарх Библийн үзэл баримтлалыг авч үзэх болно. Ингээд хамтдаа эхлээд Библийн бичигчид уншигчдадаа Бурханы тухай заахдаа ашиглаж байсан гурван үндсэн стратегийг авч үзэцгээе.
Өмнөх хичээлээр бид дундад зууны үеийн схоластик теологичид байгалийн теологид анхаарлаа гүнзгий хандуулж байсан тухай үзсэн. Тэд Библид төдийлөн ихээр анхааралгүйгээр байгаль дэлхийг шууд ажиглах замаар Бурханы талаар таньж мэдэхийг эрмэлзэж байсан юм. Ингэхдээ тэд байгаль дэлхийгээс Бурханы үнэнийг таньж мэдэх дараах гурван албан ёсны стратегийг бий болгосон байна. Эдгээр нь “үгүйсгэлийн арга” буюу латинаар “via negationis”, “учирзүйн арга” буюу латинаар “via causalitatis”, “өргөмжлөлийн арга” буюу “via eminentiae” юм.
Өнгөрсөн зуунуудын туршид протестант теологичид эдгээр арга замуудаар байгаль дэлхийг судлан Бурханы талаар олон зүйлийг таньж мэдэж болно гэдэгтэй санал нийлсээр ирсэн юм. Гэхдээ протестантуудын хувьд үүний зэрэгцээ бидэнд Библийн онцгой илчлэлийн удирдамж хэрэгтэй гэдгийг онцолсоор ирсэн. Өөрөөр хэлбэл Библи нь бидэнд ерөнхий илчлэлээр Бурханы Өөрийгөө илчилж буй илчлэлийг илүү тодорхой харах нүдний шил болдог гэсэн үг юм. Энэ тухай Жон Калвин өөрийн “Institutes of the Christian Religion” хэмээх номын 1-р дэвтэр, 6-р бүлэг, 1-р хэсэг ийнхүү бичсэн байдаг:
Хараа муутай хүн шил зүүснийхээ дараа тодорхой уншиж эхэлдгийн адил, Библи бидний оюунд бүдэг бадаг байсан Бурханы тухай мэдлэгийг цэгцэлж, оюуны мананг сарниулж, бидэнд жинхэнэ Бурханыг тодоос тод харуулж өгдөг.
Байгалийн теологи гэдэг нь бидний байгалиас сурч мэдэж болох зүйлс юм. Үүнийг хамгийн энгийн ойлгомжтойгоор ингэж тодорхойлж болно. Харин онцгой илчлэл гэдэг нь Бурхан байгалиар бус, бидний дотоод бодгалиар бус, бидний эргэн тойронд буй ертөнцөөр бус, харин Библиэр дамжуулан, эцсийн дүндээ бол Христийн дотор, Ариун Сүнсний үйлчлэлээр Өөрийгөө илчилсэн илчлэл юм. Тэр утгаараа Библи нь Бурханы нүдэнд үл үзэгдэх шинж чанар нь бүтээлээр дамжин бидний эргэн тойронд илчлэгдэн байгааг тодорхой өгүүлдэг (Ром 1-р бүлэг, Дуулал 8). ...Харах нүдтэй нэгэнд энэ нь илэрхий юм. Харин гол асуудал нь бид харах нүдгүй буюу сохор учраас Бурхан Өөрийгөө бидэнд онцгой арга замаар илчилсэн ажээ. Энэ нь эцсийн дүндээ бол Түүний Үг болох Хуучин болон Шинэ Гэрээний гэрчлэлийн дагуу, загалмай дээрх Христийн дотроос илчлэгдсэн илчлэл юм.
— Доктор Жош Мүүди
Ерөнхий илчлэл үргэлж байсаар байсан. Тэнгэр өөд харахдаа та ерөнхий илчлэлийг харна. Ёс зүйн хуулийг харвал энэ нь ч мөн ерөнхий илчлэл юм. Хүмүүний мөс чанар хэрхэн ажиллаж байгааг харвал энэ ч мөн та ерөнхий илчлэлийг харж байна гэсэн үг... Гэвч эцсийн дүндээ, ерөнхий илчлэл хүмүүс бидэнд зөвхөн Бурхан оршин байдаг гэдгийг, Тэр хүчирхэг гэдгийг, Тэр мөнхийн гэдгийг л мэдүүлдэг. Харин аливаа хүн энэхүү мөнхийн, хүчирхэг Бурхан ариун, зөвт, сайхан сэтгэлтэй, хайр энэрлээр дүүрэн, өршөөнгүй гэдгийг зөвхөн онцгой илчлэлээр л ойлгох боломжтой. Онцгой илчлэлийг ойлгох нь яг л мастер түлхүүрийг олж, тэр түлхүүрээрээ ерөнхий илчлэлийн нууцыг тайлан ойлгохтой ижил юм. Тэр цагт бидний өмнө бүх зүйл тод томруун, ойлгомжтой болж ирдэг.
— Пастор, доктор Стефен Тонг, орчуулга
Тэгвэл энэ бүхнийг илүү дэлгэрэнгүй ойлгохын тулд бид Библид гардаг эдгээр үндсэн гурван стратегийг тус бүрд нь авч үзэх нь зүйтэй. Нэгдүгээрт, бид үгүйсгэлийн аргыг товч үзэцгээе. Хоёрдугаарт бид учирзүйн аргыг илүү нухацтай авч үзэх болно. Харин гуравдугаарт, бид өргөмжлөлийн аргын ач холбогдлын талаар тусгайлан авч үзье. Ингээд хамтдаа үгүйсгэлийн аргын талаар судалж үзэцгээе.
Товчоор хэлбэл үгүйсгэлийн арга гэдэг нь Бурханыг бүтээлтэй нь эсрэгцүүлэн харьцуулах замаар Бурханы тухай үнэнийг таньж мэдэх явдал юм. Библийн бичигчид Бурхан болон Түүний бүтээлүүдийн хоорондох эсрэгцэлд үргэлж анхаарч ирсэн. Ингэхдээ тэд Бурханы бүтээлүүдийн гэм нүгэлт, ёрын муу чанарыг Бурхантай эсрэгцүүлэн авч үзээд зогсохгүй Бурханаас тэдэнд өгсөн сайн сайхан чанаруудыг ч мөн харьцуулан авч үздэг байв. Үүний зэрэгцээ тэд Бурханыг бүх харьцуулалтуудаас дээгүүр ангид оршигч Нэгэн хэмээн ямагт хүндлэн дээдэлдэг байжээ. Энэ шалтгааны улмаас энэхүү арга нь бидний анхаарлыг голчлон Бурханы онцгой мөн чанарт чиглүүлдэг. Гэхдээ Бурханы онцгой мөн чанар руу анхаарлаа хандуулах нь эргээд бидэнд Бурханы нийтлэг мөн чанарт анхаарах үндэс суурь болж өгдөг юм. Эцсийн дүндээ, бид эхлээд Бурхан биднээс ямар өөр юм бэ гэдгийг ухаарч байж сая Бурхан бидэнтэй юугаараа адилхан болохыг олж харж чадна. Тиймээс хэдийгээр энэ хичээлээрээ бид голчлон Бурханы нийтлэг мөн чанарын талаар үзэх боловч Библи дэх үгүйсгэлийн арга зам нь бидэнд Бурханы бүхий л мөн чанар нь угтаа бол онцгой мөн чанар юм гэдэг агуу нууцыг ямагт сануулж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тэгвэл бидний дараа нь үзэх учирзүйн арга нь голчлон Бурханы нийтлэг мөн чанарт анхаарал хандуулдгаараа үгүйсгэлийн аргаас ялгаатай юм.
Библи дэх учирзүйн арга нь бидэнд Бурханы бүтээсэн сайн сайхан бүхэнтэй Бурханыг харьцуулах замаар Бурхан бидэнтэй юугаараа адилхан юм бэ гэдгийг таньж мэдэх боломжийг олгодог. Энэ нь яг л уран зураг нь зураачийнхаа ур чадвар, сэтгэл хөдлөл, бодол санааг илэрхийлдэгтэй адил юм. Эсвэл хөгжмийн зохиол нь зохиолчийнхоо авьяас чадвар, төсөөллийг илтгэдэг шиг. Үр дүнд нь бид тухайн уран бүтээлийг нь судлах замаар уран бүтээлчийнх нь талаар олон зүйлийг олж мэдэж чаддаг шүү дээ. Тэгвэл үүний нэгэн адил Библийн бичигчид ч мөн Бурханы бүтээлүүдийг анхааралтай ажигласан ажиглалтдаа тулгуурлан Бурханы тухай дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Бурхан бол “Анхдагч шалтгаан” буюу Бүтээгч гэдгийг нэгэнт мэдэж байгаа учраас тэд Түүний бүтээлүүддээ шингээж өгсөн аливаа сайн сайхан чанарууд нь Түүнд ч мөн оршин байх нь гарцаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн юм.
Библид энэхүү учирзүйн аргыг дараах хоёр үндсэн аргаар ашигласан байна. Эхнийх нь, тэд Бурханыг бүтээлүүдтэй нь шууд харьцуулсан байдаг. Жишээ нь, Дуулал 94:9-д энэ стратегийг ашигласан байна:
Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү? Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү? (Дуулал 94:9).
Эндээс үзвэл Бурхан “чихийг бүтээсэн”, “нүдийг бүтээсэн” учраас Бурханд “сонсох” болон “харах” чадвар байгаа гэдэгт бид итгэлтэй байж болно гэсэн үг байх нь.
Дэлхий ертөнцийг ийм үзэсгэлэнтэйгээр бүтээсэн Бурхан Өөрөө үзэсгэлэнтэй л байж таарна шүү дээ. Бүтээлүүдийг ийм эмх цэгцтэйгээр бүтээсэн юм чинь тэр Бурхан Өөрөө эмх цэгцтэй л байж таарна шүү дээ. Бүтээлүүддээ амийг өгсөн тэр Бурхан Өөрөө амьд л байж таарна шүү дээ. Энэ мэтчилэн Бурханы бүтээсэн сайн сайхан бүхнийг эш татах замаар Бурханы тухай үнэнийг ойлгож мэдэхэд үнэндээ хязгаар үгүй юм.
Тэгвэл шууд харьцуулалтын аргаас гадна Библийн бичигчид Бурханыг бүтээлүүдтэй нь адилтган харьцуулах байдлаар учирзүйн аргыг ашигласан байдаг. Тэр бүү хэл заримдаа амьгүй эд зүйлстэй ч адилтган харьцуулсан тохиолдлууд бий. Жишээ нь, Исаиа 10:17-д ийнхүү бичигдсэн байдаг:
Израилийн гэрэл нь гал, Ариун Нэгэн нь дөл болж, өргөст бут сундуу бутыг нь ганцхан өдөрт шатаана (Исаиа 10:17).
Энэ эшлэлийг хам сэдвийнх нь хүрээнд авч үзвэл Бурхан Ассирийн эзэнт гүрнийг устгаж сүйрүүлэх гэж байгаа тухай өгүүлсэн байдаг. Харин Бурхан үүнийгээ хэрхэн хийх тухай өгүүлэхдээ Исаиа Бурханыг “шатааж” устгах “гал” болон “дөлтэй” зүйрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Исаиа галын шатаагч хүчийг Бурханы устгагч хүчтэй адилтган авч үзсэн гэсэн үг.
Үүнтэй адил зүй тогтлыг бид Бурханы тухай олон зүйрлэлүүдээс харж болно. Жишээ нь, Дуулал 18:2-т дуулаач ийнхүү өгүүлсэн байдаг:
ЭЗЭН бол миний хад, миний цайз... миний хоргодох хад, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм (Дуулал 18:2).
Энд дуулаач нь Бурханыг Бурханы бүтээсэн “хад”, “цайз”, “бамбай”, “эвэр”, “бэхлэлт” гэх мэт хэд хэдэн зүйлтэй адилтган харьцуулсан байна. Тэрээр эдгээр адилтгалуудаар Бурхан өөрийг нь хэрхэн хамгаалж, дайснуудаас нь өмгөөлж байсныг илэрхийлжээ.
Цаашилбал, Библид Бурханыг ан амьтадтай адилтган зүйрлэсэн тохиолдол бий. Жишээ нь, Дэд хууль 32:10-11-д Мосе ийнхүү өгүүлсэн байна:
...Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, нүднийхээ цэцгий мэт хамгаалсан. Үүрээ сандаан дэгдээхэй дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхэйгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт (Дэд хууль 32:10-11).
Мөн Дуулал 91:4-т ийнхүү бичигдсэн байна:
Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно (Дуулал 91:4).
Энэ мэтчилэн Бурханыг бүтээлүүдтэй нь өөр олон янзаар адилтган харьцуулсан маш олон жишээ Библид бий. Библийн энэхүү чухал үзэл баримтлал нь бидэнд Бурханы бүтээлүүдтэйгээ адил төстэй мөн чанарыг олон талаар судалж үзэх үндэслэл болж байна.
Бурханыг болон Түүний мөн чанарыг ойлгоход зүйрлэл, дүрслэл чухал үүрэгтэй юм. Бид Бурханыг бүрэн ойлгож чадахгүй. Бурхан бол зүгээр нэг томруулсан хүн биш ээ. Бурхан бол Бурхан. Тиймээс Бурхан бидэнд нигүүлсэнгүй хандаж, Өөрийгөө бидэнд илчлэхдээ бидний ойлгож чадахааргүй арга замуудыг ашиглаагүй. Харин Тэр бидэнд Өөрийг нь таньж мэдэх боломжийг олгосон нь Бурханы өршөөл нигүүлслийн илрэл байсан юм. Иймээс дүрслэл, жишээ, адилтгал, зүйрлэл, харьцуулалт зэрэг нь бидэнд Бурханыг хэн бэ гэдгийг ойлгох үндэс суурийг тавих цорын ганц арга зам юм.
— Доктор Водди Баукхам Жүнёр
Тэгвэл үгүйсгэлийн арга, учирзүйн арга гэсэн үндсэн стратегиудаас гадна дундад зууны үед түгээмэл ашиглагдаж байсан гурав дахь чухал стратеги болох өргөмжлөлийн аргыг ч мөн Библи хүлээн зөвшөөрдөг болох нь ажиглагддаг.
Өргөмжлөлийн арга гэдэг нь “хамгийн дээд”, “агуу” хэмээн өргөмжлөх гэсэн утгатай юм. Энэ арга нь Бурханыг бүтээлүүдтэй нь харьцуулах замаар Бурханы нийтлэг мөн чанарыг таньж мэдэхэд тусалдаг гэдгээрээ өмнөх аргатай адил. Гэхдээ энэхүү гурав дахь стратеги нь Бурхан бүтээлүүдтэйгээ адил төстэй боловч бүх бүтээлүүдээсээ ямагт хавьгүй илүү агуу, хавьгүй илүү эрхэм дээд хэмээн үзэх Библийн үзэл баримтлал дээр тулгуурладгаараа өмнөх стратегиас ялгаатай юм. Энэ талаар Паул 1Тимот 6:15-16-д ийнхүү өгүүлсэн байна:
Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен (1Тимот 6:15-16).
Бурханыг энд “Эрх мэдэлтэн”, “Хаан”, “Эзэн” хэмээн тунхагласнаараа Паул Бурхан бол энэ дэлхий дээрх эрх мэдэлтнүүд, хаад, эзэдтэй адилхан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ нөгөөтээгүүр Паул Бурханы бүхнээс дээгүүр Нэгэн гэдгийг онцлон өгүүлжээ. Тиймээс ч Паул Бурханыг “цор ганц хэмжээлшгүй Эрхт”, “хаадын Хаан” мөн “эздийн Эзэн” хэмээн өргөмжилж, Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог хэмээн тунхагласан байна.
Бурхан Өөрийн бүтээлдээ агуу хүч чадал, нарийн зохион байгуулалт, агуу уудам байдал, эрхэм сайхан чанар, ер бусын гайхамшгуудыг харамгүйгээр өгсөн болохыг Библид дахин давтан өгүүлсэн байдаг. Тиймээс ч Бурхан болон Түүний бүтээлүүдийн хооронд адил төстэй зүйлс энэ мэтчилэн олон бий. Хэдий тийм ч, Бурханы агуу хүч чадал, нарийн зохион байгуулалт, агуу уудам байдал, эрхэм сайхан чанар, ер бусын гайхамшгууд бүтээлүүдэд нь оршин байгаагаас хавьгүй илүү агуу, зүйрлэшгүй давуу юм.
Тэгэхээр Библийн бичигчид Бурханы тухай үнэнийг бидэнд илчлэн харуулахдаа үгүйсгэлийн, учирзүйн болон өргөмжлөлийн арга гэсэн энэ гурван уламжлалт стратегийг даган баримталж байсан болохыг бид үзлээ. Энэ гурван үндсэн стратегийг хамтатгаад үзвэл эдгээр нь бидэнд Бурхан Өөрийнхөө бүтээлүүдтэй юугаараа адил төстэй болохыг системт теологийн хүрээнд судлан үзэх Библийн найдвартай үндэс суурь болдог.
Бурханы нийтлэг мөн чанарыг судалж үзэх Библийн үндэс суурийг тавихад эдгээр гурван үндсэн стратеги нь бидэнд хэрхэн тусалдаг болохыг бид үзлээ. Тэгвэл одоо хамтдаа хүн төрөлхтний талаарх Библийн үзэл баримтлал нь бидэнд Бурханы нийтлэг мөн чанарыг буюу Бурхан бүтээлүүдтэйгээ юугаараа адилхан болохыг хэрхэн илчлэн харуулдаг болохыг авч үзэцгээе.
Бурханы бүтээлүүд олон талаараа Бурхантай адил төстэй гэдгийг Библи гэрчилдэг. Тиймээс бид Бурханы бүтээлүүдийг нарийвчлан судлах замаар Бурханы тухай олон зүйлийг сурч мэдэж болно. Тэгвэл тэр дундаа Бурханы бүтээсэн хүмүүнийг нарийвчлан судалснаар Бурханы тухай илүү ихийг ойлгож мэдэж болно гэдгийг Библи бидэнд сургадаг. Учир нь Бурхан хүн төрөлхтөнд бусад бүх бүтээлүүдээс илүүгээр Бурхантай адил байх эрхэм хүндлэлийг соёрхсон юм. Тэгвэл энэхүү адил төстэй байдал нь эргээд Бурханы нийтлэг төгс төгөлдөр байдлыг судалж үзэх Библийн нэгэн хөдөлшгүй үндэс суурь болдог юм.
Орчин үеийн шинжлэх ухаан бидэнд орчлон ертөнцийн хязгааргүй өргөн уудмыг бага ч болов ойлгож ухаарах боломжийг өгсөн. Тиймээс ч өнөөдөр хүмүүний үнэ цэнийг дутуу үнэлэхэд илүү амархан болсон байна. Учир нь үнэндээ бид энэ гараг дээр байгаа өчүүхэн тоосонцор төдий юм. Харин бидний дэлхий бол бидний нарны аймаг дахь өчүүхэн жижиг цэнхэр цэг. Бидний нарны аймаг нь оршин буй галактикийнхаа өчүүхэн жижиг хэсэг. Гэтэл орчлон ертөнцөд тоолж баршгүй олон, хэмжээлшгүй том галактикууд бий. Энэ шалтгааны улмаас бид Бүтээгч Бурханы тухай судлахад хүн гэдэг дэндүү өчүүхэн, ач холбогдол багатай мэт санагдаж болох юм. Гэхдээ хэдийгээр бид өчүүхэн гэдэг нь үнэн боловч бодит байдал дээр хүн төрөлхтөн бол Бурханы бүтээлүүдийн дээд титэм гэдгийг Библи бидэнд сургадаг. Энэ талаар Дуулал 8:3-5-д ийнхүү өгүүлсэн байна:
Таны мутрын бүтээл тэнгэрсийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодму. Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? Та түүнийг Бурханаас арай доохно болгожээ, алдар хүндийн титмийг түүнд өмсгөжээ (Дуулал 8:3-5).
Энд өгүүлсэнчлэн, гаднаас нь харвал хүн төрөлхтөн сансар огторгуйтай харьцуулахад өчүүхэн жижиг, ач холбогдолгүй мэт санагдаж болно. Гэвч үүнээс үл шалтгаалаад Бурхан биднийг “Бурханаас арай доохно болгож”, бидэнд “алдар хүндийн титмийг” өмсгөжээ.
Еврей номыг бичигч эрхэм Еврей 2:5-9-д тайлбарласанчлан, хүн төрөлхтөн одоогоор тэнгэрэлч нараас дорд байгаа нь хүртэл түр зуурынх юм. Учир нь Христийг сүр жавхлантайгаар дахин ирэх үед Христийг дагагч хүмүүс тэнгэрэлч нараас ч илүү агуугаар өргөмжлөгдөх болно. Библид хамгийн анх Эхлэл 1:26-д хүн төрөлхтний энэхүү онцгой байр суурийг хүлээн зөвшөөрч дараах байдлаар бичсэн байдаг:
Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё (Эхлэл 1:26).
Энд бичигдсэнчлэн бусад бүтээлүүдээс ялгаатай нь хүн Бурханы дүр төрхийн дагуу, Бурхантай адилхнаар бүтээгдсэн юм.
Угтаа бол хүн төрөлхтний тухай Библийн сургаал нь энэ хичээлийн цар хүрээнээс хавьгүй илүү өргөн ажээ. Гэвч хичээлтэйгээ уялдуулах үүднээс бид зөвхөн энд гарч буй “дүр төрх” болон “адилхан” гэсэн үгэнд анхаарлаа хандуулах болно. Эдгээр үгс нь хүмүүс бид бусад бүтээлүүдээс илүү Бурхантай адилхан гэдгийг илтгэж байна. Бурхан хүнийг Өөртэйгөө адилхан байдлаар бүтээсэн нь бид Түүний хаант тахилчид болж Түүний алдрын төлөө газар дэлхийг дүүргэн захирахын тулд байсан юм. Эхэндээ анхны хүмүүс ямар ч гэм нүгэлгүй, өө сэвгүй байсан. Гэвч хожим нь гэм нүгэл, Бурханы эсрэг тэрслэх тэрслэлт нь хүн төрөлхтний оршихуйн бүхий л талбарыг бохирлосон юм. Хэдий тийм ч гэм нүгэлд унаж, Бурханаас тэрсэлсэн хүн төрөлхтөн одоо хэр нь Бурханы дүр төрх, Бурхантай адил чанарыг үргэлжлүүлэн тээх эрхэм хүндлэлээ хадгалсаар байгаа гэдгийг Эхлэл 9:6, Иаков 3:9 зэрэг эшлэлүүд батлан өгүүлдэг. Үүнээс гадна, гэм нүглээсээ эргэн Христтэй адил дүр төрхийн дагуу шинэчлэгдэхийн тулд Христийн золилтыг хүлээж авсан хүмүүсийг Бурхан Өөрөө дуудаж, Өөрөө бэлтгэдэг байна. Энэ тухай Ефес 4:22-24-т ийнхүү өгүүлжээ:
Амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс (Ефес 4:22-24).
Нэгэнт хүн төрөлхтөн Бурханы дүр төрхөөр, Бурхантай адилхан байдлаар бүтээгдсэн учир Бурханыг хэн болохыг бидэнд илчлэхдээ Библид Бурханыг ихэвчлэн хүнтэй харьцуулсан байдаг. Цөөн хэдэн жишээ дурдвал, Матай 7:11-д Эцэг Бурханыг эцэг хүнтэй харьцуулсан байдаг. Цаашилбал Исаиа 5:1-7, Иохан 15:1 зэрэг эшлэлүүдэд Бурханыг цэцэрлэгчтэй зүйрлэсэн байна. Мөн Тооллого 23:21, 1Тимот 1:17-д Бурханыг эзэн хаантай зүйрлэсэн байдаг бол Эхлэл 48:15, Еврей 13:20 зэрэг эшлэлүүдэд Бурханыг хоньчинтой зүйрлэсэн байна. Цаашилбал Исаиа 54:5-д Бурханыг эр нөхөртэй адилтгасан байдаг. Энэ мэтчилэн маш олон жишээг дурдаж болно. Гэхдээ мэдээж өргөмжлөлийн аргын дагуу авч үзвэл Бурхан энэ дэлхий дээрх ямар ч эцэг, ямар ч цэцэрлэгч, ямар ч хаан, ямар ч хоньчин, ямар ч эр нөхрөөс илүү агуу юм. Хэдий тийм ч энэ олон харьцуулалт, зүйрлэл нь бидэнд хүнийг ойлгох замаар Бурханы талаар олон зүйлсийг сурч мэдэх боломжтой гэдгийг илтгэн харуулж байна.
Хүмүүс бид өөрсдийгөө их бага ямар нэгэн байдлаар таньж мэдэлгүйгээр Бурханыг болон Түүний мөн чанарыг ойлгож мэдэж чадах уу гэдэг өөрөө чухал асуулт юм. Тэгвэл энэ асуултад энэ хоёр ойлголт хоорондоо салшгүй холбоотой гэж хариулбал зохино. Жон Калвин “Institutes of the Christian Religion” номдоо энэ санааг онцолсон байдаг. Юуны түрүүнд бид эхлээд Бурханы тухай мэдлэгийг олж аваад дараа нь өөрийгөө таних мэдлэгийг олж авах учиртай. Учир нь Бурханыг мэдэхгүйгээр бид өөрсдийгөө жинхэнэ утгаар нь ойлгох боломжгүй юм... Бид Бурханы зүг татагдаж байхаар бүтээгдсэн бөгөөд Түүнийг танин мэдэх мэдлэг нь өөрсдийгөө таньж мэдэх мэдлэг рүү хөтөлдөг. Үүний нэгэн адилаар, өөрийгөө үнэн зөвөөр таних нь Бурханыг таньж мэдэхийн салшгүй нэг хэсэг юм.
Доктор Ричард Филипс
Чуулганы түүхийн туршид христитгэлт теологичид хүний Бурхантай адил адил төстэй чанаруудыг олон янзаар тайлбарлаж ирсэн байна. Гэхдээ тэдгээрийг ерөнхийд нь нэгтгээд үзвэл хүнд байдаг гурван шинж чанар дээр голчлон төвлөрсөн байдаг. Бид энэ гурван шинж чанарын талаар энэ хичээлийн төгсгөлд илүү дэлгэрэнгүй авч үзэх болно. Харин энэ удаад хүнд байдаг эдгээр гурван шинж чанарын талаар ерөнхийд нь тоймлон авч үзье.
Юуны түрүүнд, теологичид хүмүүний оюун ухаант чанарын талаар Библид юу гэж заадаг болохыг онцолсоор ирсэн байдаг. Хэдийгээр гэм нүгэлд унаснаар оюун санаа маань бохирлогдсон боловч хүмүүс бид оюун ухаант чанараараа дэлхий дээрх бусад бүх бүтээлүүдээс илүү онцгой юм. Мэдээж, Бурханы оюун ухаан хүний оюун ухаантай зүйрлэшгүй агуу. Гэсэн ч бидний сэтгэн бодох чадвар маань биднийг Бурхантай адил төстэй болгож байдаг. Үнэхээр Бурхан бидний нэгэн адил боддог, төлөвлөдөг, эргэцүүлдэг гэдгийг Библи олонтоо өгүүлсэн байдаг.
Хоёрдугаарт, теологичид хүмүүний хүсэл зориг бүхий шинж чанарыг онцолж ирсэн байдаг. Учир нь Бурхан хүмүүс бидэнд хүсэл зоригийг өгсөн. Хэдийгээр энэхүү хүсэл зориг маань мөн л гэм нүглийн нөлөөгөөр бохирлогдсон боловч хад чулуу юм уу өөр ямар нэгэн амьгүй эд зүйлээс ялгаатай нь Бурхан бидэнд аливаа сонголтыг хийх чадварыг өгсөн юм. Мэдээж Бурханы хүсэл зориг хүмүүний хүсэл зоригоос хүршгүй өндөрт гэдгийг бид мэднэ. Гэсэн ч хүмүүс бидэнд өгөгдсөн энэхүү хүсэл зориг биднийг Бурхантай адил төстэй болгодог гэдгийг санах хэрэгтэй.
Гуравдугаарт, хүмүүний ёс суртахуунт шинж нь биднийг Бурхантай адил төстэй болгодог нэгэн онцгой чанар хэмээн теологичид чухалчлан үзэж ирсэн байна. Бусад бүтээлүүдээс ялгаатай нь бидний бодол санаа болон сонголтууд нь цаагуураа ёс суртахууны шинж чанарыг агуулж байдаг. Бурханы ёс суртахуун нь туйлын төгс учир хүмүүний хувьд хүршгүй өндөр юм. Гэсэн ч тэнгэрэлч нар болон чөтгөрүүдийн нэгэн адил хүмүүс бид өөрсдийн хийж буй сонголтын цаадах ёс суртахууны үр дагаврын хариуцлагыг ямагт үүрч байдаг.
Библид хүмүүний эдгээр гурван шинж чанарыг онцгойлон авч үзсэн нь хэрхэн системт теологичдод Бурханы нийтлэг мөн чанарыг судлах чиглэл болж өгсөн талаар хожим энэхүү хичээлээрээ үзэх болно. Сударт хүмүүний оюун ухаан, хүсэл зориг, ёс суртахуунтай холбоотой өгүүлсэн бүхэн нь эргээд теологичдын хувьд Бурхан бүтээлтэйгээ юугаараа адил төстэй болохыг тодорхойлох албан ёсны хэлэлцүүлгүүдийн үндсэн сэдэв болсоор ирсэн юм.
Энэ хүртэл бид хамтдаа Бурхан бидэнтэй юугаараа адилхан болохыг судлах Библийн үндэс суурь нь юу болохыг авч үзлээ. Тэгвэл эндээс үргэлжлүүлээд хоёр дахь үндсэн сэдэв рүүгээ шилжицгээе. Энэ бол энэхүү сэдвийн талаар албан ёсны системт теологийн хүрээнд бүрэлдэн бий болсон теологийн үзэл баримтлал юм.
Now that we’ve touched on the biblical foundations for exploring how God is like us, we can move to our second main topic: the theological outlooks on this subject that have developed in formal systematic theology.
Бурхан бүтээлтэйгээ юугаараа адилхан талаар сургасан Библийн арга замуудыг судалж ойлгох нь нэг хэрэг. Харин Библийн энэхүү суурин дээр системт теологичдын барьж босгосон зүйлсийг ойлгоно гэдэг тэс өөр зүйл юм гэдгийг бид удахгүй харах болно. Уламжлалт Христийн теологичид Бурханы төгс төгөлдөр байдал, тэр дундаа Түүний хязгааргүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй төгс төгөлдөр байдлыг аль болон оновчтойгоор тодорхойлохыг оролдож ирсэн байдаг. Тиймээс үүний тулд тэд хэд хэдэн чухал асуултуудыг тавьсан байна. Жишээ нь, эдгээр нь ямар мөн чанар вэ? Эдгээр мөн чанар нь бүтээлд, тэр дундаа хүний амьдралд хэрхэн илэрч байна вэ? Мөн теологийн зөв үзэл баримтлалд хэрхэн тодорхой бөгөөд зохистойгоор боловсруулах хамгийн сайн арга юу вэ? Теологийн энэ ойлголтыг цогц үзэл баримтлал болгон томьёолох хамгийн сайн арга зам нь юу байх вэ? гэх мэт асуултуудыг тавьсан байна.
Угтаа бол Бурханы нийтлэг мөн чанарын тухай теологийн үзэл баримтлалыг олон янзаар тодорхойлох боломжтой юм. Гэхдээ бид тэдгээрээс зөвхөн дөрвийг нь л авч үзэх болно. Нэгдүгээрт, бид уламжлалт системт теологичид энэ сэдэвт хандахдаа дагаж мөрдөж ирсэн хоёр үндсэн процессыг авч үзэх болно. Хоёрдугаарт, Бурханы төгс төгөлдөр чанарын талаарх протестант үзэл баримтлалыг төлөөлөх хэд хэдэн түүхэн баримт бичгүүдэд анхаарлаа хандуулах болно. Гуравдугаарт, бид уламжлалт системт теологийн хүрээнд Бурханы нийтлэг мөн чанарын бүтэц зохион байгуулалтын талаар үзэх болно. Дөрөвдүгээрт, бид эдгээр албан ёсны үзэл баримтлалуудын зарим практик ач холбогдлын талаар үзэх болно. Ингээд хамтдаа системт теологичдын дагаж мөрдөж ирсэн процессуудын талаар үзэж эхэлцгээе.
Энэхүү хичээлийнхээ эхэнд хэлсэнчлэн Библи дэх Бурханы мөн чанарын тухай сургаалууд нь Сударт хаа сайгүй таардаг нь системт теологичдод тулгардаг томоохон бэрхшээлүүдийн нэг юм. Библи бидэнд Бурханы мөн чанарын талаар бүрэн гүйцэд, эрх мэдэл бүхий жагсаалтыг бэлээхэн гаргаж өгдөггүйгээс гадна нэг бүрчлэн тодорхойлж, тайлбарласан удаа үгүй. Тиймээс өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд системт теологичид тэдгээр олон янзын хэлбэр дүрс, өнгө будгуудыг хооронд нь хольж байж дундаас нь цогц зураглал буюу мозаик зураг бүхий “цонхнуудыг” гаргаж авах ёстой болжээ. Харин эдгээр “цонхнууд” нь бидэнд Бурханы нийтлэг мөн чанарын талаар цогц ойлголтуудыг өгөх учиртай юм. Тиймээс эдгээр нэгдмэл ойлголтуудыг бий болгохын тулд системт теологичид хэд хэдэн процессыг ашиглаж ирсэн байна.
Гэвч цаг хэмнэх үүднээс бид системт теологичдын дагаж мөрдөж ирсэн тэр олон процессуудаас ердөө хоёрыг нь л үзэх болно. Энэ хүрээнд бид юуны түрүүнд тэдний ашиглаж ирсэн техник нэр томьёонуудыг авч үзэх бол, хоёрдугаарт, бид тэд теологийн дүгнэлтүүдийг хэрхэн томьёолж байсан болохыг үзэх болно. Ингээд хамтдаа системm теологичид техник нэр томьёог хэрхэн ашигладаг болохыг үзэцгээе.
Библид Бурханы нийтлэг мөн чанарыг илэрхийлэхдээ маш өргөн хүрээний үгсийн санг ашигласан байдаг. Үнэндээ, Библийн бичигчид ижил ойлголтыг илэрхийлэхдээ хүртэл ихэвчлэн өөр өөр үг хэллэг хэрэглэсэн байдаг. Тэр бүү хэл эсрэгээрээ өөр хоорондоо ялгаатай ойлголтыг нэг нэр томьёогоор илэрхийлсэн байх нь ч бий.
Тиймээс Бурханы мөн чанарын талаарх Библийн сургаалуудыг алдаа мадаггүйгээр эмхлэн нэгтгэхийн тулд теологичид тогтсон техник нэр томьёог ашиглах болсон байна. Өөрөөр хэлбэл тэд тодорхой нэг үг хэллэгийг сонгож, тэр бүрдээ тогтсон утга учрыг оноож өгсөн байна. Учир нь системт теологичид нэг нэр томьёог яг нэг утгаар ойлгодог байвал Бурханы нийтлэг мөн чанарын талаарх албан ёсны хэлэлцүүлэг хавьгүй илүү хялбар болох байлаа. Харамсалтай нь теологичид нэр томьёо дээр нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй юм. Жишээ нь, зарим теологичид Бурханы “мэргэн ухааныг” илүү өргөн хүрээтэй ойлголт гэж үзээд энэ ойлголт дотор Бурханы “мэдлэг” багтаж байгаа гэж үзэж байв. Гэтэл зарим теологичид Бурханы “мэргэн ухаан” болон “мэдлэг” хоёрыг эрс ялган авч үзэх ёстой гэж зүтгэж байв. Үүний нэгэн адил зарим теологичид Бурханы “сайн сайхан” чанарыг өргөн хүрээтэй ойлголт гэж үзэж байв. Тиймээс тэд Библид өгүүлсэн Бурханы “нигүүлсэл”, “өршөөл”, “хайр” гэх мэт ойлголтыг Бурханы сайн сайхан чанарын олон янзын илэрхийллүүд хэмээн авч үзэж байжээ. Гэтэл зарим теологичид Бурханы сайн сайхан, нигүүлсэл, өршөөл, хайр гэх мэт чанарыг бүгдийг нь тус тусад нь нарийвчлан ялгаж салгаж тодорхойлсон байдаг.
Энэ болон өөр бусад шалтгаануудын улмаас системт теологичдын ашиглаж буй тодорхой нэр томьёонуудад хэт их өргөлт өгөх шаардлагагүй байдаг. Эвангелийн системт теологийн гол зорилго бол Библийн ойлголтуудыг оновчтой зөвөөр нэгтгэн дүгнэх явдал болохоос Библи дэх баялаг үгсийн санг нэг бүрчлэн тоть шиг давтах явдал биш. Тэгээд ч Бурханы тухай Библийн ойлголтуудыг маш олон янзын техник нэр томьёогоор илэрхийлэх боломжтой юм.
Теологичид Бурханы мөн чанарыг олон янзаар ангилж буюу зохион байгуулж ирсэн. Угтаа бол энэ бүхэн нь Бурханыг илүү сайн ойлгох нэг төрлийн арга зам юм. Тиймээс бид хайр, үнэн гэх мэт Бурханы нийтлэг шинж чанарын талаар ярихдаа эдгээрээс гадна өөр олон мөн чанарыг жагсааж болно. Зарим хүмүүсийн жагсаалт богино байхад, зарим хүмүүсийн жагсаалт урт байж болно. Гэхдээ энгийнээр бодоод үзвэл, тэр бүх олон янзын жагсаалтууд нь эцсийн дүндээ “Хүн ямар байх ёстой вэ?”, “Юу хийх ёстой вэ?”, “Бурхан ямар байдаг вэ?”, “Бурхан юу хийдэг вэ?” гэсэн асуултуудад хариулт өгөх хамгийн энгийн арга зам гэж ойлгож болно.
— Пастор Вермон Пиер
Системт теологичдын техник нэр томьёонуудыг хэрэглэх гэсэн янз бүрийн оролдлогуудыг бид ойлгож мэдэхээс гадна, Бурхан бидэнтэй юугаараа адилхан болохыг тайлбарлахын тулд системт теологичид теологийн дүгнэлтүүдийг хэрхэн ашиглаж байсныг авч үзэх нь зүйтэй юм.
Теологийн дүгнэлтүүд гэдэг нь системт теологийн салбар бүрийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Өргөн утгаар нь авч үзвэл, теологийн дүгнэлт гэдэг нь теологийн нэг хөдөлшгүй үнэнийг шууд байдлаар илэрхийлэхийг эрмэлзсэн нэг өгүүлбэр бүхий дүгнэлт юм. Бурханы нийтлэг мөн чанарыг энэ аргаар тодорхойлох маш энгийн ойлгомжтой юм шиг санагдаж болох ч үнэн хэрэгтээ Библид Бурханы нийтлэг мөн чанарыг хүүрнэл, яруу найраг, хууль, эш үзүүллэг, захидлууд гэх мэт маш олон янзын жанраар илэрхийлсэн байдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Харин эдгээр жанр тус бүр нь Бурханы тухай үнэнийг өөр өөр арга замаар илэрхийлсэн байдаг. Тиймээс Библийн тэр бүх сургаалуудаа логикийн хувьд уялдаатай цогц дүгнэлтийг гаргаж авахын тулд системт теологичид Библийн жанр тус бүрээс теологийн дүгнэлтийг гаргаж авах ёстой болсон юм.
Тэгвэл Библийн зарим эшлэлүүдээс теологийн дүгнэлтийг гаргаж авахад харьцангуй амархан байдаг. Жишээ нь, Библид Бурханы төгс төгөлдөр байдлыг дүгнэн илэрхийлсэн тунхаглалууд олон бий. Дуулал 34:8-д Давид хаан “ЭЗЭН сайн” хэмээн шүлэглэсэн байдаг. Мөн 1Иохан 4:8-д “Бурхан бол хайр” гэж бичигдсэн байдгийг бид уншиж болно. Энэ мэт Библийн дүгнэлтүүд нь Бурханы нийтлэг мөн чанарын талаарх албан ёсны теологийн хэлэлцүүлэгт маш нийцтэй байдаг.
Библид Бурханыг шууд тодорхойлон бичсэн эшлэлүүд өөр олон бий. Жишээ нь, эш үзүүллэгийн Исаиа номын 1:4-т Бурханыг “Ариун Нэгэн” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ эшлэлд бичигдсэн тодорхойлолтод тулгуурлаад системт теологичид “Бурхан бол ариун” гэдэг дүгнэлтийг хийх маш амархан байх нь гарцаагүй. Хуулийн номуудын нэг болох Дэд хууль 7:9-д Бурханыг “итгэмжит Бурхан” хэмээн тодорхойлсон байна. Үүнийг өөрөөр “Бурхан бол итгэмжит” хэмээн дүгнэж болно.
Гэвч Библийн бүх эшлэл энэ мэтчилэн албан ёсны системт теологид амархан нийцдэг гэж ойлгож болохгүй. Учир нь Библийн өгүүлэмжүүдийг судалж үзэхдээ бид нэг түүхээс олон янзын дүгнэлтийг хийх боломжтой байдаг. Жишээ нь Эхлэл 2-р бүлэгт гарч буй бүтээлийн тухай түүх бидэнд “Бурхан бол хүчирхэг” гэдгийг, “Бурхан бол мэргэн ухаантай” гэдгийг, “Бурхан бол сайн” гэдгийг илтгэн харуулдаг. Эхлэл 19-р бүлэгт гарч буй Содом, Гоморрагийн түүх бидэнд “Бурхан бол ариун”, “Бурхан бол өршөөнгүй”, “Бурхан бол шударга” гэдгийг илтгэн харуулдаг. Энэ мэтчилэн Библийн өгүүлэмж бүр нь системт теологичдод Бурханы нийтлэг мөн чанарын талаар олон янзын дүгнэлтүүдийг хийх боломжийг олгож байдаг.
Үүнээс гадна бид Библи дэх зүйрлэл, харьцуулалт, адилтгалыг ихээр ашигласан эшлэлүүдээс ч Бурханы нийтлэг мөн чанарыг олж харах боломжтой юм. Библийн яруу найрагт ийм илэрхийлэл түгээмэл ашиглагдсан байдаг. Жишээ нь, Дуулал номын 89:26 зэрэг яруу найргийн эшлэлүүдэд ч, Исаиа номын 64:8 гэх мэт эш үзүүллэгийн эшлэлүүдэд Бурханыг “Эцэг” хэмээн зүйрлэсэн тохиолдол олон бий. Гэхдээ системт теологичид Бурханыг ”Эцэг” гэх мэт олон шинж тэмдгийг нэг дор агуулсан зүйрлэлээр тодорхойлохын оронд ихэвчлэн “Бурхан бол сайн” гэх мэт шууд тодорхойлсон дүгнэлтүүдийг илүүтэй чухалчилдаг.
Дуулал 24:8, Гэтлэл 15:3 гэх мэт яруу найргийн эшлэлүүдэд эсвэл Иошуа 23:10 гэх мэт хүүрнэлийн эшлэлд Бурханыг “дайчин” хэмээн зурагласан байдаг. Гэвч системт теологичид үүнийг илүү нарийвчилж “Бурхан бол хүчирхэг” гэсэн дүгнэлтийг хийж байх жишээтэй. Яруу найргийн эшлэл болох Дуулал 11:27, захидал хэлбэрээр бичигдсэн 1Иохан 1:5 зэрэг эшлэлүүдэд тулгуурлаад бид “Бурхан бол гэрэл” хэмээн дүгнэж болно. Гэвч системт теологичид энэ мэт зүйрлэлийг илүү нарийвчилж “Бурхан бол ёс суртахууны хувьд цэвэр ариун” хэмээн тодорхойлж ирсэн байна.
Тэгэхээр бид Бурхан Өөрийн бүтээлүүдтэйгээ адил төстэй гэдгийг илтгэх энэ мэт олон жишээг харж болно. Нөгөөтээгүүр дээр дурдсанчлан зүйрлэл, адилтгал ашиглан Бурханыг тодорхойлох нь өөрөө Бурханы нийтлэг мөн чанарын тухай хэлэлцэх бидний хэлэлцүүлгийг илүү баяжуулж өгдөг давуу талтай. Гэвч системт теологичид Бурханы тухай теологийн дүгнэлтийг хийхдээ зүйрлэл, адилтгалаас илүүгээр шууд тодорхойлсон байдлаар дүгнэхийг илүүд үзсээр ирсэн юм. Ингэснээрээ тэд Бурханы нийтлэг мөн чанарын талаар логикийн хувьд өөр хоорондоо уялдаатай цогц сургаалыг бий болгох боломжтой болсон билээ.
Теологийн аргазүйн гол асуулт нь ямагт Библид төвлөрдөг. Яагаад гэвэл Библи нь бидний бүх теологийн анхдагч эх сурвалж, туйлын эрх мэдэл буюу хэм хэмжээ нь юм. Тиймээс бид Библид хандах бүрдээ үргэлж өөрсдөөсөө “Библи энд бидэнд юуг зааж сургаж байна вэ?” гэсэн теологийн асуултыг асуухыг эрмэлздэг. Тэгвэл бид ийнхүү асуух үедээ Библи рүү улам бүр татагдаж, улмаар нэг зүйлийг ойлгодог. Библи бол системт теологийн гарын авлага биш гэдгийг бид ухаардаг. Библид хүүрнэл өгүүлэмжийн зохион байгуулалт зонхилдог бөгөөд Библийн ихэнх хэсэг шууд утгаараа хүүрнэл өгүүлэмж байдаг. Нөгөө талаар Библид дууллууд бий, сургаалт зүйрлэлүүд бий, уран зохиолын өөр олон янзын бичиглэлийн хэв маягууд бий. Тиймээс бидэнд бидний өмнө байгаа эхийг хэрхэн зөв ойлгох вэ гэдгээс эхлээд тухайн эхээс теологийн томьёолол болон аргументуудад ашиглаж болохуйц номлол, онол сургаалуудыг хэрхэн гаргаж авах вэ гэх мэт тайлбар зүйн олон асуулт тулгардаг. Нэг талаас Библид Бурханы тухай маш тодорхой заан өгүүлсэн тунхаглалууд олон бий... Гэтэл нөгөө талаас... Библид тухайн эхийг сайтар уншиж судалж байж дүгнэлт хийж гаргаж авах теологийн ойлголт ч маш олон байдаг... Тиймээс бидэнд тухайн эхийг зөвөөр тайлж ойлгохын тулд тайлбар зүйн тодорхой үндсэн зарчмууд хэрэгтэй юм. Хэрвээ бид үүнийг хийж чадвал Бурхан гэж хэн бэ гэдгийг илүү гүн гүнзгий таньж мэдэж чадах болно.
— Доктор Брюс Богас
Энэ хүртэл бид Бурханы нийтлэг мөн чанарын талаар теологийн дүгнэлтүүдийг хэлбэржүүлсэн зарим нэгэн чухал процессуудыг авч үзлээ. Энэ нь эргээд бидэнд эвангелийнхан теологийн энэ асуудлыг хэрхэн дүгнэж тодорхойлж ирсэн болохыг хэлээд өгөх хэд хэдэн түүхэн баримт бичгүүдийг судалж үзэхэд тус болох юм.
Хэрэв бид эвангелийн тэргүүлэх теологичдын бүтээлүүдийг судалж үзвэл, Бурханы нийтлэг мөн чанарын тухай тэдний үзэл баримтлал ихэвчлэн өөр хоорондоо адил төстэй болохыг тэр дороо ойлгох болно. Бидний хувьд Бурхан бидэнтэй юугаараа адилхан болохыг илэрхийлэн өгүүлсэн, чуулганы түүхийн туршид ашиглагдсаар ирсэн маш олон түүхэн баримт бичгүүдийг судалж үзэх боломжтой. Гэвч энгийн ойлгомжтой байх үүднээс энэ удаад энэхүү цуврал хичээлд маань хэд хэдэн удаа дурдагдсан гурван түүхэн баримт бичгийг л авч үзье. Эдгээр түүхэн баримт бичгүүд нь Бурханы нийтлэг төгс төгөлдөр чанарыг албан ёсоор нэгтгэн дүгнэхдээ эвангелийн итгэгчдийн ашиглаж ирсэн нийтлэг арга замуудыг бидэнд илтгэн харуулах болно.
Бид эдгээр түүхэн баримт бичгүүдийг авч үзэхдээ эхлээд 1530 онд бичигдсэн Аугсбургийн итгэлийн тунхгийг судлах болно. Дараа нь бид 1561 онд бичигдсэн Бельгийн итгэлийн тунхгийг авч үзэцгээе. Харин эцэст нь, 1647 онд бичигдсэн Вестминстерийн товч катехизмийг тоймлон судалъя. Ингээд хамтдаа эхлээд лютериануудын итгэлийн тунхаг болох Аугсбургийн итгэлийн тунхгийг авч үзэцгээе.
Аугсбургийн итгэлийн тунхгийн эхний зүйлд Бурханы мөн чанарыг дараах байдлаар дүгнэн тодорхойлсон байдаг:
Мөнхийн, бие үгүй, хуваагдал үгүй, хязгааргүй хүчтэй, мэргэн ухаантай, сайн Бурхан хэмээн нэрлэгддэг цорын ганц Тэнгэрлэг Оршигч бий бөгөөд Тэр Өөрөө Бурхан юм.
Энэхүү тунхгийн эхэнд Бурханы онцгой мөн чанарт багтах элементүүдийг өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Бурхан бүтээлүүдээсээ юугаараа өөр болохыг онцолжээ. Гэвч нөгөөтээгүүр энэхүү итгэлийн тунхагт Бурханы хүч чадал, мэргэн ухаан, сайн сайхны тухай дурдсан байгааг бид харж байна.
Бурхан бүтээлүүддээ эдгээр төгс чанаруудаа өгсөн. Гэхдээ Бурхантай харьцуулбал харьцангуй бага хэмжээгээр өгөгдсөн. Дуулал 68:34,35 зэрэг эшлэлүүдэд Бурхан хүч чадалтай бөгөөд Тэрээр бүтээлүүддээ энэхүү хүч чадлаасаа бага хэмжээгээр өгсөн хэмээн сургасан байдаг. Цаашилбал Даниел 2:20, 21 гэх мэт эшлэлүүдэд Бурхан хэмжээлшгүй мэргэн ухаантай бөгөөд тэрхүү мэргэн ухаанаасаа хүмүүст тодорхой хэмжээгээр өгсөн гэдгийг илчлэн харуулдаг. Мөн Дуулал 119:68, 2Петр 1:3-5-д Бурхан Өөрөө сайн төдийгүй энэхүү сайн чанараа бүтээлүүддээ ч мөн өгсөн гэдгийг хэлсэн байдаг. Тиймээс Библийн сургаалуудад тулгуурлаад бид Бурханы хүч чадал, мэргэн ухаан, сайн сайхан нь бүгд нийтлэг мөн чанар юм байна гэсэн дүгнэлтэд хүрэх бүрэн боломжтой юм.
Тэгэхээр хамтдаа Аугсбургийн итгэлийн тунхагт бичигдсэн Бурханы нийтлэг мөн чанарыг санангаа үргэлжлүүлээд хоёр дахь түүхэн баримт бичиг болох Бельгийн итгэлийн тунхагт Бурханы нийтлэг мөн чанарыг хэрхэн тодорхойлсон болохыг харцгаая.
Бельгийн итгэлийн тунхгийн эхний зүйлд дараах үгс бичигдсэн байна:
Цорын ганц энгийн бөгөөд сүнслэг Оршигч байдаг бөгөөд бид түүнийг Бурхан гэж нэрлэдэг... Тэр бол мөнхийн, ойлгогдошгүй, үл үзэгдэгч, хувиршгүй, хязгааргүй, төгс хүчит, төгс мэргэн ухаант, шударга, сайн бөгөөд бүх сайн сайхны бялхам ундарга билээ.
Бельгийн итгэлийн тунхгийн энэ зүйлд Бурханы мөн чанарыг арван нэршлээр тодорхойлсон байна. Тэдгээрээс эхний зургаа нь Бурханы онцгой мөн чанартай холбогдож байгаа бол харин үлдсэн мөн чанар болох төгс хүчит, төгс мэргэн ухаант, шударга, сайн гэсэн мөн чанар нь ихэвчлэн Бурханы нийтлэг мөн чанарт тооцогддог.
Аугсбургийн итгэлийн тунхгийн нэгэн адил Бельгийн итгэлийн тунхаг ч мөн Бурханыг төгс хүчит буюу хүч чадалтай, мэргэн ухаантай, сайн хэмээн тодорхойлсон байна. Гэхдээ энд Бурханыг “шударга” буюу “зөвт” хэмээн тодорхойлж Бурханы өөр нэгэн мөн чанарыг нэмж дурдсан байна. Бурханы энэхүү нийтлэг мөн чанарыг батлан өгүүлэхдээ Дуулал 7:9 гэх мэт Библийн олон эшлэлүүдэд Бурханыг шударга буюу зөвт хэмээн өгүүлсэн байдаг. Цаашилбал Хосеа 12:6, 2Тимот 3:16 гэх мэт эшлэлүүдэд хүмүүсийг өөрсдийнхөө хэм хэмжээнд “шударга” буюу “зөвт” байж чадна хэмээн сургажээ. Тиймээс Бурханы хүч чадал, мэргэн ухаан, сайн сайхан мөн чанараас гадна Түүний зөвт шударга мөн чанарыг Бурханы нийтлэг мөн чанарт тооцож үзэх бүрэн үндэслэл байна.
Тэгвэл эндээс үргэлжлүүлээд хамтдаа гурав дахь түүхэн баримт бичгийг авч үзэцгээе. Аугсбургийн итгэлийн тунхаг болон Бельгийн итгэлийн тунхгийн нэгэн адил Вестминстерийн товч катехизмд ч мөн Бурханы нийтлэг мөн чанарыг жагсаан өгүүлсэн байдаг.
Товч катехизмын дөрөв дэх асуулт болох “Бурхан гэж юу вэ?” гэсэн асуултад катехизм ийнхүү хариулсан байдаг:
Бурхан бол Сүнс, хэмжээлшгүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй Өөрөөрөө оршигч, мэргэн ухаантай, хүч чадалтай, ариун, шударга, сайн бөгөөд үнэн.
Энд дурдагдаж буй сүүлийн долоон төгс төгөлдөр чанар буюу Бурханы Өөрөөрөө оршигч, мэргэн ухаантай, хүч чадалтай, ариун, шударга, сайн бөгөөд үнэн чанар нь бүгд Бурханы нийтлэг мөн чанар юм.
Аугсбургийн итгэлийн тунхаг болон Бельгийн итгэлийн тунхгийн нэгэн адил Товч катехизм нь Бурханы мэргэн ухаан, хүч чадал болон сайн сайхан чанарын тухай өгүүлсэн байна. Мөн Бельгийн итгэлийн тунхгийн нэгэн адил Бурханы шударга зөвт мөн чанарыг дурдсан байна. Гэхдээ өмнөх хоёр итгэлийн тунхгаас ялгаатай нь Товч катехизмд Бурханы оршихуйн талаар болон Бурханы ариун чанарын талаар мөн Түүний үнэн буюу итгэмжит байдлын талаар нэмж өгүүлсэн байна. Эхлэл 1:1, Иохан 1:3 зэрэг эшлэлүүдэд аливаа бүтээлүүдийн оршин байгаа нь анхдагч биш хоёрдогч бөгөөд Бурханы оршихуйгаас бүрэн хамааралтай гэдгийг тунхагласан байдаг. Гэсэн ч бид оршихуйн хувьд Бурхантай адил төстэй юм. Ефес 4:24-г үзвэл Бурханы ариун чанар нь Түүний бүтээлүүдээс тэр дундаа хүмүүсээс олон арга замаар илэрч байдаг гэдгийг өгүүлсэн байдаг. Мөн Библийн Дуулал 25:5 гэх мэт эшлэлүүдэд үнэн буюу итгэмжит байдал нь Бурханы төгс төгөлдөр чанар төдийгүй энэхүү мөн чанар нь хүн төрөлхтөнд ч мөн өгөгдсөн гэдгийг тунхагласан байна.
Бурхан бидэнд Өөрийн оршихуй, хайр, өршөөл энэрэл, ариун байдал, шударга чанар гэх мэт тодорхой мөн чанаруудаа дамжуулан өгсөн... үүнийг Вестминстерийн товч катехизмд хамгийн энгийн байдлаар тодорхойлсон байдаг. “Бурхан гэж юу вэ?”. Бурхан бол Сүнс, хэмжээлшгүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй”- энд дурдагдсан сүүлийн гурван мөн чанар бол Бурханы онцгой мөн чанар юм. Харин “Өөрөөрөө оршигч, мэргэн ухаантай, хүч чадалтай, ариун, шударга, сайн бөгөөд үнэн” гэсэн мөн чанарууд нь Бурханы нийтлэг мөн чанар юм. Тиймээс бид Бурханы эдгээр мөн чанарыг хуваалцдаг байх нь. Харин хэмжээлшгүй, мөнхийн болон өөрчлөгдөшгүй мөн чанар бидэнд байхгүй. Тиймээс мэдээж бид Бурханыг хэмжээлгүй, мөнхийн болон өөрчлөгдөшгүй агуу мөн чанарынх нь төлөө алдаршуулдаг. Учир нь бид энэ мөн чанарыг хуваалцдаггүй. Гэхдээ үүний нэгэн адил бид Бурхантай хуваалцдаг нийтлэг мөн чанар буюу Түүний оршихуй, Түүний мэргэн ухаан, Түүний ариун байдал, Түүний шударга чанар, Түүний сайн сайхан, Түүний үнэнч шударга байдлын төлөө ч мөн Бурханыг алдаршуулан дээдэлдэг билээ.
— Доктор Сандэрс Л.Виллсон
Энд дурдагдсан түүхэн баримт бичгүүд нь Бурханы нийтлэг мөн чанарын талаарх протестант эвангелийн үзэл баримтлалыг илтгэх төлөөлөгчид юм. Гэхдээ эдгээр баримт бичгүүд нь теологичдын олж тогтоосон Бурханы нийтлэг мөн чанарыг бүгдийг нь багтааж чадаагүй гэдгийг бид нэмж ойлгох нь зүйтэй. Хувь теологичид Бурханы өөр олон нийтлэг мөн чанарыг онцолсон байдаг. Жишээ нь өмнө нь дурдаж байсанчлан, Бурханы мэдлэгийг бид Түүний нийтлэг мөн чанар хэмээн тооцож болно. Колоссай 1:10 гэх мэт эшлэлүүдэд Бурхан болон хүмүүсийн аль аль нь мэдлэгтэй гэдгийг тодорхой өгүүлсэн байдаг. Цаашилбал, Бурханы өршөөлийг ч мөн Түүний нийтлэг мөн чанарын нэг хэмээн тооцдог. Учир нь Лук 6:36 гэх мэт Библийн олон эшлэлд Бурхан болон хүмүүс аль аль нь өршөөнгүй байж чадна гэдгийг тодорхой өгүүлсэн. Цаашилбал, мэдээж Бурханы хайрыг Бурханы нийтлэг мөн чанар гэдгийг Дэд хууль 7:9 гэх мэт эшлэлүүдэд илэрхийлсэн байдаг.
Энэ хүртэл бид теологичдын дагаж мөрдөж ирсэн процессууд болон түүхийн баримт бичгүүдийн зарим нэг төлөөллийг авч үзлээ. Тэгвэл хамтдаа Бурханы нийтлэг мөн чанарыг авч үздэг теологийн гурав дахь чухал үзэл баримтлал руу очицгооё. Энэ бол Бурханы нийтлэг мөн чанарыг авч үзэх системт теологийн бүтэц зохион байгуулалтын асуудал юм.
Бид чуулганы түүхэн баримт бичгүүд болон шилдэг теологичид Бурханы нийтлэг мөн чанарыг өөр өөр байдлаар бичсэн болохыг харсан. Харамсалтай нь энэ бүх ялгаатай байдал нь туршлагагүй суралцагчдын дотор эдгээр жагсаалтуудын аль нь үнэн зөв юм бол? гэсэн асуултыг төрүүлэх нь лавтай. Хэдий тийм ч бодит байдал дээр Бурханы нийтлэг мөн чанарын цаана нэгэн нийтлэг бүтэц зохион байгуулалт оршиж байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энэхүү логик бүхий бүтэц зохион байгуулалт нь бидэнд Бурхан бидэнтэй юугаараа адилхан болохыг өгүүлсэн тэдгээр эвангелийнхний баримт бичгүүд нь өөр хоорондоо олон талаараа адилхан гэдгийг олж харахад туслах болно.
Энэхүү хичээлийнхээ эхэнд бид хүмүүс бидэнд бусад бүтээлүүдээс илүүгээр Бурхантай адил байх завшаан тохиосон тухай үзсэн. Чухамдаа энэ л шалтгааны улмаас Библид Бурханыг тодорхойлохдоо ихэвчлэн хүнд байдаг зан чанаруудаар тодорхойлсон байдаг. Библид ийнхүү Бурхан болон хүн хоёрын хооронд буй адил төстэй чанаруудад төвлөрсөн байдаг нь системт теологид Бурханы нийтлэг мөн чанарын бүтэц зохион байгуулалтыг тодорхойлоход олон талаараа чухал нөлөөг үзүүлсэн юм.
Өнгөрсөн зуунуудын туршид системт теологичид янз бүрийн итгэлийн тунхгуудаар Бурханы нийтлэг мөн чанарыг маш олон янзын бүтэц зохион байгуулалтаар илэрхийлсэн байдаг... Гэхдээ тэдгээрийг анхааралтай ажиглаад, тэгээд “яагаад энэ мөн чанарыг эхэнд тавьсан юм бол?”, “яагаад үүнийг хоёрт тавьсан юм бол?”, “яагаад үүнийг гуравт жагсаасан юм бол?” гэх мэт асуултуудыг асууж эхлэх юм бол тэндээс их бага ямар нэгэн хэмжээгээр дахин дахин давтагдсаар байгаа нэгэн ерөнхий бүтэц зохион байгуулалтыг олж харах болно. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханы нийтлэг мөн чанарыг “Хүн гэж хэн бэ?” гэдэг ойлголтын дагуу бүтэц зохион байгуулалтад оруулж ирсэн болохыг та ойлгох болно. Үүний цаад шалтгаан нь хүмүүс бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэгтэй салшгүй холбоотой юм. Харин Бурханы нийтлэг мөн чанар гэдэг бол Бурхан бидэнтэй юугаараа адилхан юм бэ гэдгийг илтгэх мөн чанарууд юм... Үнэнийг хэлэхэд Библи бидэнд Бурханы нийтлэг мөн чанарыг жагсаасан тодорхой жагсаалтыг өгөөгүй. Харин бид тэдгээрийг өөрсдөө Библиэс судлан гаргаж ирдэг. Тиймээс бид Бурханы нийтлэг мөн чанарын тухай бодохдоо Бурхан болон хүмүүсийн хоорондох холбоос буюу адил төстэй талуудыг түрүүлж бодож байгаа л бол хүмүүсийн талаарх бодол санаа маань Бурханы нийтлэг мөн чанарын бүтэц зохион байгуулалтыг хэрхэн хийх вэ гэдэгт шууд нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм.
— Доктор Ричард Л.Пратт Жюнёр
Биологи, антропологи, психологи, социологи гэх мэт орчин үеийн шинжлэх ухаануудад хүнийг таньж мэдэх маш олон янзын арга замуудыг санал болгосон байдгийг бид мэднэ. Орчин үеийн эдгээр үзэл баримтлалуудын зарим нь бидэнд хүний талаар маш олон үнэн зөв мэдээллүүдийг өгдөг бол зарим нь хүний жинхэнэ мөн чанарын талаар буруу ойлголтуудыг өгөх нь ч бий. Гэхдээ өмнө нь дурдсанчлан уламжлалт системт теологи нь хүнийг гурван үндсэн чанараараа Бурхантай адилхан гэж үздэг. Энэ бол бидний оюун ухаант чанар, бидний хүсэл зоригт чанар болон бидний ёс суртахуунт чанар юм. Хүмүүс бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь ямар учиртай болохыг энэхүү гурван үндсэн чанар илтгэн харуулдаг гэсэн энэхүү ойлголт нь системт теологичдод Бурханы нийтлэг мөн чанарын бүтэц зохион байгуулалтыг тодорхойлоход нь хүчтэй нөлөөлсөн байдаг.
Ерөнхийд нь аваад үзвэл, Бурханы нийтлэг төгс төгөлдөр чанаруудыг хүн төрөлхтний Бурхантай адил төстэй талуудад тулгуурлан дараах гурван ерөнхий мөн чанарт хуваан авч үзэж болох юм. Эдгээр нь Бурханы оюун ухаант мөн чанар, Бурханы хүсэл зоригт мөн чанар болон Бурханы ёс суртахуунт мөн чанар юм.
Жишээ нь Аугсбургийн итгэлийн тунхагт Бурханы мэргэн ухаан, хүч чадал, сайн сайхны тухай дурдсан нь энэ гурван ерөнхий категоритой хэрхэн нийцэж байгааг бид амархан харж чадна. Мэргэн ухаантай гэдэг нь Бурханы бодол санаатай холбоотой бөгөөд Бурханы оюун ухаант мөн чанарыг илэрхийлж байна. Харин хязгааргүй хүчтэй гэдэг нь Бурханы хүсэл зоригт мөн чанарыг илэрхийлж байгаа бол сайн сайхан гэдэг нь Бурхан ёс суртахуунт мөн чанарыг илэрхийлж байна.
Бельгийн итгэлийн тунхагт өгүүлсэн Бурханы дөрвөн нийтлэг мөн чанар ч мөн үүнтэй адилхан юм. Төгс мэргэн ухаант гэдэг нь Бурханы оюун ухаант мөн чанарыг илэрхийлж байгаа бол төгс хүчит гэдэг нь Бурханы хүсэл зоригт мөн чанарыг илэрхийлж байна. Харин шударга буюу зөвт, мөн сайн сайхан гэдэг нь Бурханы ёс суртахуунт мөн чанарыг илтгэж байна.
Үүний нэгэн адил Вестминстерийн товч катехизмийн дөрөв дэх хариулт ч мөн үүнтэй адил зохион байгуулалтыг баримталж байгааг бид харж болно. Бурханы Өөрөөрөө оршигч онцгой мөн чанарыг дурдсаны дараа Түүнийг мэргэн ухаантай хэмээн тодорхойлсон нь Бурханы оюун ухаант мөн чанарыг илэрхийлж байна. Хүч чадалтай гэдэг нь Бурханы хүсэл зоригт мөн чанарыг, харин ариун, шударга, сайн бөгөөд үнэн чанарууд нь бүгд Бурханы ёс суртахуунт мөн чанарыг илтгэж байна.
Тэгвэл түүхэн баримт бичгүүд нь өөр хоорондоо яг адилхан биш боловч үзэл баримтлалын хувьд эрс тэс ялгаатай биш болохыг энэ бүх ажиглалтууд илтгэж байна. Хэдийгээр өөр хоорондоо адилгүй боловч эдгээр нь бүгд Бурханы нийтлэг мөн чанарыг Бурхан болон Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүнд байдаг гурван үндсэн мөн чанарт хувааж авч үзсэн байгааг бид харлаа.
Энэхүү гурван талт бүтэц зохион байгуулалт нь бидэнд хувь теологичдын санал болгож буй бусад жагсаалтуудыг ч судлан шинжлэх боломжийг олгож байна. Жишээ нь Бурханы мэдлэгийг Бурханы мэргэн ухаанаас ялгаатай гэж авч үзвэл энэ нь Бурханы оюун ухаант мөн чанарыг хоёр хуваан авч үзэж буй нэгэн арга хэлбэр болно гэсэн үг. Бурханы хэмжээлшгүй эрх мэдэлт мөн чанарыг Бурханы хүч чадал гэдгээс салгаж авч үзнэ гэдэг нь Бурханы хүсэл зоригт мөн чанарыг хоёр талаас нь авч үзэж байна гэсэн үг. Цаашилбал өршөөл болон хайр гэх мэт мөн чанарууд нь мөн л Бурханы ёс суртахуунт мөн чанарын өөр өөр илрэлүүд юм.
Эндээс аваад үзвэл ямар чанаруудыг Бурханы нийтлэг мөн чанар гэж авч үзэх вэ гэдэг дээр эвангелийн системт теологи нь маш нэгдмэл байр суурьтай байдаг болох нь илэрхий байна. Хэдийгээр бид Бурханы төгс төгөлдөр чанарыг өөр өөр байдлаар тодорхойлон авч үзэж болох ч ганц нэг тохиолдлыг эс тооцвол Бурханы нийтлэг мөн чанар нь дараах ерөнхий гурван категорид буюу Бурханы оюун ухаант мөн чанар, хүсэл зоригт мөн чанар болон ёс суртахуунт мөн чанарт хуваагддаг байна.
Энэ хүртэл бид Бурханы нийтлэг мөн чанарын талаарх теологийн олон янзын үзэл баримтлалуудын талаар үзлээ. Ингэхдээ бид системт теологичдын ашиглаж байсан процессууд болон мөн холбогдох хэд хэдэн түүхэн баримт бичгүүдийг авч үзсэн. Эцэст нь бид теологийн энэхүү чухал ойлголтын цаана буй логик бүтэц зохион байгуулалтыг авч үзлээ. Тэгвэл үргэлжлүүлээд хамтдаа дөрөв дэх чухал зүйл буюу энэхүү теологийн үзэл баримтлалаас урган гарч ирж буй практик ач холбогдлын талаар авч үзэцгээе.
Бурханы нийтлэг мөн чанарын практик ач холбогдлыг судлан авч үзэх олон арга зам бий. Гэхдээ илүү хялбарчлах үүднээс бид зөвхөн хоёр чиглэлийг авч үзье. Нэгдүгээрт, энэ нь Бурханаас хүлээх бидний хүлээлтүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар үзэх болно. Харин хоёрдугаарт, энэ нь бид Бурханыг даган дуурайхад хэрхэн нөлөөлдөг талаар үзэх болно. Ингээд хамтдаа Бурханы нийтлэг мөн чанарыг авч үзэхдээ Бурханаас ямар хүлээлттэй байвал зохих вэ гэдэг талаар ярилцацгаая.
Харамсалтай нь Христийн дагалдагчдын дунд Бурханы нийтлэг мөн чанарын талаар судалж мэдэх үедээ Библийн цаг үед Бурханы хийж байсан үйлдлүүдийг буруугаар тайлж ойлгодог хүмүүс олон бий. Улмаар өнөөдөр тэдний амьдралд хийгдэж буй Бурханы ажлуудын талаар алдаа магадтай хүлээлтийг тэд дотроо бий болгодог байна. Бурханы мөн чанар үргэлж Бурхантай хамт байдаг. Тэдгээр мөн чанар асаж, унтарна гэж байхгүй. Мөн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ тэглээ гээд энэ нь Бурханы нийтлэг мөн чанар бүх хүнд, өдөр бүр, хором мөч бүрд илэрхий харагдаж байна гэсэн үг биш ээ. Библид дахин дахин өгүүлсэнчлэн Бурхан Өөрөө хэзээ ч өөрчлөгддөггүй. Мөн бидний амьдралд хийгдэж буй Түүний аливаа ажлууд хэзээ ч Түүний мөн чанартай зөрчилддөггүй. Гэхдээ нөгөөтээгүүр түүхийн аль цаг үед Бурхан ямар үйлдэл хийхийг хэзээ ч хөдөлшгүйгээр тааж мэдэж чадахгүй юм. Учир нь Бурхан Өөрийн мөн чанарыг үргэлж өөр өөр арга замуудаар илчлэн харуулдаг.
Бурханаас хүлээх хүлээлтийн хувьд Библийн дагуух хүлээлттэй байхын тулд бид энэхүү цувралаараа өмнө нь хэд хэдэн удаа дурдсан нэг чухал ялгааг ойлгох учиртай юм. Энэ бол Бурханы мөн чанар болон тэдгээрийн түүхэн илрэлүүдийн ялгаа юм.
Бид өмнө нь үзсэнчлэн Бурханы онцгой болон нийтлэг мөн чанарт хязгаар үгүй. Эдгээр мөн чанар нь цаг хугацаагаар хязгаарлагдахгүй бөгөөд өөрчлөлт үгүй. Гэвч Бурханы Өөрийн хязгаарлагдмал, түр зуурын шинжтэй, хувьсамтгай бүтээлүүдтэйгээ харилцахдаа Өөрийн мөн чанараа өөр өөр цаг үед, өөр өөр арга замаар илэрхийлдэг. Заримдаа энэхүү илрэл нь маш урт цаг хугацаа зарцуулдаг бол зарим нь тодорхой нөхцөл байдалд, тодорхой цаг хугацаанд илрээд өнгөрөх нь бий. Гэхдээ Бурханы мөн чанараа илчлэн харуулах арга замуудыг хүмүүс бид хэзээ ч бүрэн таамаглах боломжгүй гэдгийг ерөнхий илчлэл болон Библийн түүхэн тэмдэглэлүүд бидэнд тодорхой харуулдаг.
Энэхүү чухал үнэн нь Бурханы нийтлэг мөн чанарын уламжлалт гурван категоритой хэрхэн холбогдож байгааг хамтдаа бодож үзэцгээе. Жишээ нь, Бурханы оюун ухаант мөн чанар хэзээд Бурхантай хамт байх болно. Тэр үргэлж бүхнийг мэдэгч, бүхнээс мэргэн ухаантай Нэгэн байх болно. Гэвч заримдаа, библийн түүхэн цаг үед ч тэр, өнөөгийн бидний амьдралд ч тэр Бурханы Өөрийн мэдлэг болон мэргэн ухааныг илэрхий илчлэн харуулдаг бол заримдаа илэрхий харуулдаггүй. Тиймээс Библийн зарим баатрууд Бурханы өөрсдөд нь илчилж өгсөн бүхнийг баяр хөөртэйгөөр хүлээн авч байсан бол зарим нь Бурханы бодол санааг илүү ихээр таньж мэдэхийг хүсэн тэмүүлж байсан юм.
Үүний нэгэн адил Бурханы хүсэл зоригт мөн чанар ч мөн өөрчлөгдөшгүй. Тэр үргэлж бүхнээс хүчирхэг хэвээрээ байна. Гэвч Библийн түүхийн туршид, мөн бидний амьдралд ч ялгаагүй Бурхан заримдаа Өөрийн хүч чадлыг гайхамшигтайгаар илчлэн харуулж байсан бол заримдаа илчлэн харуулдаггүй байсан. Тийм учраас Библийн баатруудын зарим нь Бурханы агуу үйлсийн төлөө Бурханы магтан алдаршуулж байхад зарим нь дайснууддаа дарлагдан зовж шаналан байхдаа Бурханыг хүч чадлаа илчлэн харуулахыг уйлан хайлан гуйж байсан юм.
Бурханы ёс суртахуунт мөн чанар ч мөн адил хувиршгүй. Бурханы үргэлжид сайн, ариун, шударга, хайрын, өршөөнгүй, нигүүлсэнгүй Бурхан байсаар ирсэн. Гэвч Библийн түүхээс үзсэн ч тэр, бидний амьдралын туршлагаас харсан ч тэр Бурхан энэ бүх ёс суртахуунт мөн чанараа үргэлж өөр өөр арга замаар илэрхийлэн харуулдаг гэдэг нь илэрхий харагддаг. Заримдаа Бурханы сайн сайхныг бид илэрхий харж чаддаг бол зарим тохиолдолд Түүний сайн сайхныг нөхцөл байдлаасаа ялгаж салгаж харахад хэцүү байдаг. Чухамдаа тийм учраас л Библийн зарим баатрууд Бурханаас хүлээн авсан ивээл ерөөлүүдийнхээ төлөө Бурханд талархлыг өргөж байхад зарим нь амьдралд нь тохиолдож буй зовлон бэрхшээл, хавчлага дарамтын улмаас гашуудан уйлж байсан юм.
Энэ бүхнээс үзвэл Бурханы нийтлэг мөн чанар болон тэдгээр мөн чанарын илрэл хоёрыг ялгаж салгаж ойлгох нь Бурханаас хүлээх хүлээлт маань Библийн дагуу байхад чухал нөлөөтэй байна.
Миний бодлоор Бурханы мэргэн ухаан, хайр, хүч чадлыг болон Түүний бүтээлүүдэд оршин буй эдгээр мөн чанарыг олж харах асуудал нь Бурханы гэхээс илүү хүмүүс бидний хувьд тулгамдсан асуудал юм. Библиэс бид үүний нэгэн тод жишээг харж болно. Дуулал 73-р бүлгийн эхэнд дуулаач баян чинээлэг бөгөөд ёрын муу хүмүүс дэвжин дээшилж байгааг хараад гашуудан халагласан байдаг. “Би Таны төлөө амьдрах гэж хичээж байгаа хэр нь өдөржин сахилгажуулагдаж байна” гэж тэр гомдоллож байсан. Гэвч дуулал дундаа орохын алдад эргэлтийн цэгтээ ирж, дуулаач маань “Бурханы ариун газарт орох хүртэл минь ийн үргэлжлэв. Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан” гэж шүлэглэдэг шүү дээ. Жишээлбэл, Августин ч зүрх сэтгэлийн эдгэрлийн тухай өгүүлсэн байдаг. Юу гэвэл, гэм нүгэл бидний зүрх сэтгэлд нөлөөсөн учраас бидний бодол, эргэцүүлэл, ойлголт бүхэлдээ гажуудсан байдаг байна. Тиймээс Бурханы Өөрийн ажлуудыг хийх үед л сая бид аливааг эрүүл зөвөөр тайлж ойлгож чаддаг ажээ. Тэгэхээр асуудал Бурханд биш, харин бидний ойлголтод оршдог байх нь. Гэхдээ аливаа хүн Бурхан руу ойртох тусам Бурханы мөн чанарыг болон Бурхан хэрхэн ажиллаж байгааг илүү тодорхой олж харж чаддаг гэдгийг л би хэлж чадна. Гэхдээ эцсийн дүндээ энэ нь Бурханы биш, харин бидний л асуудал юм.
— Доктор Брюс Л.Филдс
Тэгэхээр Бурханы нийтлэг мөн чанарыг зөвөөр ойлгохын практик ач холбогдол нь Бурханаас хүлээх бидний хүлээлтэд эергээр нөлөөлдөг байх нь. Гэхдээ үүгээр зогсохгүй энэ нь бидэнд Бурханыг дуурайхын чухлыг дахин сануулж өгдөг.
Библид хүмүүсийг Бурханы онцгой мөн чанарыг даган дуурайхад хэзээ ч уриалж байгаагүй. Библи биднийг Бурхан шиг хэмжээлшгүй, мөнхийн эсвэл өөрчлөгдөшгүй бай гэж сургадаггүй. Харин эсрэгээрээ биднийг Бурханы энэхүү биднээс эрс ялгаатай агуу чанарынх нь төлөө Түүнд даруугаар хүндлэл магтаалыг өргөхийг уриалан дуудсан байдаг. Гэхдээ Бурханы нийтлэг мөн чанарыг таньж мэдэхийн практик ач холбогдол нь үүнээс өөр чиглэл рүү биднийг хандуулдаг. Мэдээж бид Бурханыг нийтлэг мөн чанарынх нь төлөө ч мөн магтан алдаршуулах учиртай. Гэхдээ нөгөөтээгүүр бид бүгдийг Бурханы нийтлэг мөн чанарыг даган дуурайхад Библи уриалан дуудсан байдаг.
Жишээ нь Лук 6:36-д Есүс ийнхүү сургасан байна:
Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай (Лук 6:36).
Энд Есүс шавь нартаа Бурханы өршөөлийг даган дуурайхыг сургасан байна. Ингэхдээ Тэрээр хүмүүс бидний өршөөл ямар байх ёстой гэдэг хэм хэмжээг тогтоож өгчээ. Өөрөөр хэлбэл бидний өршөөл нь Бурханы өршөөлтэй адил байх учиртайг энд өгүүлсэн байна.
Паул ч мөн Ефес 4:32-т үүнтэй адил заавруудыг өгч ийнхүү бичсэн байна:
Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд (Ефес 4:32).
Бурханы сайхан сэтгэл, хайр энэрэл зэрэг Түүний сайн сайхан чанарууд нь Христийг дагагч хүн бүрийн хувьд заавал даган дуурайх ёстой хэм хэмжээ юм. Үүний нэгэн адил 1Петр 1:15-16-д ийнхүү өгүүлсэн байна:
Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм (1Петр 1:15-16).
Энд Петр Леви номд бичигдсэн ариун байх уриалгыг “Бурхантай адил” ариун байх явдал хэмээн тайлбарласан байгааг бид харж байна.
Бурхан бол ариун гэдгийг Библид тодорхой өгүүлсэн байдаг. Харин 1Петр захидалд биднийг Бурхан ариун учраас бид ариун байх ёстой хэмээн уриалжээ... Манай пастор нэг удаа надад “Зөвхөн Христэд итгэгчид бид л Бурханы энэ онцгой мөн чанар буюу Түүний ариун байдлыг илтгэн харуулж чадах хүмүүс юм” хэмээн хэлж байсныг би санаж байна. Тиймээс бид ариун амьдарч, энэ утгаараа энэ ертөнцөөс ангид байх үедээ Бурханы дуудлагыг биелүүлээд зогсохгүй, Бурханы хүсэж дуудсанчлан гэм нүглээсээ эргээд зогсохгүй, бусад хүмүүст Бурханы амин чухал мөн чанарыг илтгэн харуулж байдаг юм. Тиймээс энэ дэлхийн хүмүүс биднийг харахдаа бидний ариун байдлыг, биднийг энэ ертөнцөөс тусгаарлагдсан гэдгийг харах болно. Үүгээрээ тэд Бурханы хамгийн чухал мөн чанарыг харж байна гэсэн үг. Тиймээс Библийн дагуу яривал, Бурхан ариун учраас бид ариун байх ёстой бөгөөд үүгээрээ бид зөвхөн Эзэнийг баярлуулаад зогсохгүй Түүний зан чанарыг бусдад илтгэн харуулж байдаг юм шүү.
— Доктор Мэт Кратэр
Хуучин болон Шинэ гэрээний аль алинд нь ариун Бурхан Өөрийн хүмүүсийг ариун байхад уриалан дуудсан байдаг. Тиймээс Бурханы ариун байдал бол үеийн үед Бурханы ард түмний хувьд маш чухал практик ач холбогдолтой чанар байна гэсэн үг юм. Тэгвэл энэхүү ариун байдал нь дор хаяж хоёр зүйлийг өөртөө агуулдаг. Энэ нь нэг талаас ямар нэгэн зүйлээс “тусгаарлагдах” гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ тохиолдолд бид гэм нүглээс тусгаар байх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бурханы ард түмэн гэм нүгэлтэй хутгалдахгүй байх ёстой гэсэн үг байх нь. Гэхдээ нөгөөтээгүүр энэ нь бид ёс суртахууны хувьд Бурхантай адил болон өөрчлөгдөж, бүтээлийнх нь хувьд Бурхантай аль болох адилхан болно гэсэн үг юм. Тиймээс бид юу ч хийж байсан, хаана ч байсан бусадтай харилцах харилцаа, ажил хөдөлмөр, үйл хөдлөл гээд бүхий л талбартаа Бурхантай адил байж, хийж үйлдэж, хэлж ярьж байгаа бүхнээрээ Түүний зан чанарыг дуурайна гэсэн үг юм.
— Доктор Гаи Уотерс
Бурханы нийтлэг мөн чанарыг багцалсан гурван үндсэн категорийн хувьд авч үзвэл бид оюун санаагаа Бурханы оюун санаатай адил болгон өөрчлөх ёстой юм. Мөн бид өөрсдийн хүсэл зоригийг Бурханы хүсэл зоригт нийцүүлэх ёстой. Эцэст нь бид ёс суртахууны хувьд ч Бурханы ёс суртахууны мөн чанартай адил болон өөрчлөгдөх учиртай. Гэхдээ энд бид нэг зүйл дээр болгоомжтой хандах ёстой. Бурхан бүтээлүүдтэйгээ харилцахдаа Өөрийн мэргэн ухаант, хүсэл зоригт, ёс суртахуунт мөн чанарыг өөр өөр арга замаар илэрхийлдэг гэдгийг бид өмнө нь үзсэн. Тэгвэл Бурханы дуурайхыг эрмэлзэж буй хүмүүст ч энэ үнэн олон талаараа хамаатай юм. Учир нь Бурханы оюун ухаанаар бодож сэтгэнэ гэдэг нэг хэвийнхээр сэтгэн бодох бус, өөр өөр нөхцөл байдалд өөр өөрөөр сэтгэн бодно гэсэн үг юм. Хүсэл зоригоо Бурханы хүсэл зоригт нийцүүлнэ гэдэг нь ч мөн өөр өөр цаг үед биднээс өөр өөр үйлдлийг шаардана гэсэн үг. Бурханы ёс суртахууны дагуу амьдарна гэдэг нь ч мөн өөр өөр нөхцөл байдал, цаг үед өөр өөр үйлдэл хийнэ гэсэн үг юм.
Энэ шалтгааны улмаас Бурханы итгэмжит хүмүүс Бурханаа дуурайхдаа Библид бичигдсэн Бурханы тушаалуудын дагуу аливааг үйлдэж сурах ёстой юм. Библид биднийг өдөр тутмын амьдралд маань хөтлөн дагуулах үй олон заавар зөвлөмжүүд бичигдсэн байдаг. Бидний хувьд Библийн зааж сургаж буй тэр бүх сургаалуудыг амьдралдаа хэрэгжүүлж байж сая аливаа нөхцөл байдал дунд Бурханы мэргэн ухааныг илтгэн харуулж амьдарч сурдаг. Бид янз бүрийн нөхцөл байдал дунд Бурханы дуудлагын дагуу хүсэл зоригоо олон талаар Бурханд дуулгавартайгаар захируулснаараа аливаа нөхцөл байдал дунд Бурханы хүч чадлыг дуурайн амьдрахад суралцдаг. Бид Библид бичигдсэн бүх ёс суртахууны заавар зөвлөмжүүдийг анхааран амьдарснаараа аливаа нөхцөл байдал дунд Бурханы сайн сайхныг дуурайн амьдрахад суралцдаг.
Бид Ариун Сүнс бидний амьдралд ажлаа хийсээр байна гэсэн бүрэн итгэлээр Библийн янз бүрийн сургаалуудад дуулгавартай захирагдах үедээ Есүс Христтэй бүрэн дүүрэн адил болон өөрчлөгдөх тэр өдөрт зориулан өөрсдийгөө бэлтгэж байдаг юм. Энэ тухай 1Иохан 3:2-3-д ийнхүү өгүүлсэн байна:
Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно. Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг (1 Иохан 3:2-3).
Энэхүү хичээлээрээ бид Бурханы нийтлэг мөн чанарыг судлан шинжлэх замаар Бурхан бидэнтэй юугаараа адилхан болохыг авч үзлээ. Энэхүү ойлголтын Библийн үндэс суурийг тодорхой болгох үүднээс бид Библийн бичигчид Бурханыг бүтээлүүдтэй, тэр дундаа Түүний дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүстэй хэрхэн харьцуулж ирснийг судалсан. Цаашилбал бид системт теологичид Бурханы эдгээр мөн чанарын талаар албан ёсны теологийн үзэл баримтлалуудыг хэрхэн хөгжүүлж ирснийг авч үзсэн. Ингэхдээ бид тэдний ашиглаж байсан процессуудыг, түүхэн баримт бичгүүдийн төлөөллүүдийг болон Бурханы нийтлэг мөн чанартай холбогдуулан гаргаж ирсэн логик бүтэц зохион байгуулалтыг авч үзсэн. Эцэст нь бид теологийн энэхүү үзэл баримтлал нь Христийн дагалдагчдад ямар практик ач холбогдолтой болохыг үзсэн билээ.
Хэдийгээр ойлгоход хэцүү мэт боловч бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бурхан олон талаараа бүтээлүүдээсээ эрс тэс ялгаатай. Гэхдээ нөгөө талаас энэ хичээлд үзсэнчлэн Бурханы нийтлэг мөн чанар ч бас зүгээр нэг онолын ойлголт төдий зүйл биш юм. Бид Бурханы онолын энэ чухал хэсгийг сайтар ойлгосноороо Бурхан гэж хэн бэ гэдгийг илүү гүн гүнзгий ойлгож ухаарах боломжтой болдог. Мөн бид Бурхан биднийг өдөр тутмын амьдралдаа ямар хүмүүс байгаасай гэж хүсдэг болохыг ч илүү сайн ухамсарлан ойлгодог юм шүү.
Доктор, пастор Турман Виллиамс (хөтлөгч) нь Миссури мужийн Сэнт-Луис хот дахь “Нигүүлсэл ба Амар тайван” чуулганы туслах пастор. Доктор Виллиамс нь Чесапик Теологийн сургуульд Библи судлалын Магистр (M.Div.), Ковенант Теологийн сургуульд Үйлчлэлийн докторын (D.Min.) зэрэг хамгаалсан. Тэрээр “Нигүүлсэл ба Амар тайван” чуулганд үйлчлэхээсээ өмнө Балтимор хотын “Шинэ дуу коммунити чуулганы” ахлах пастораар үйлчилж байв. Мөн “Итгэл христэч нөхөрлөл” чуулганд гадаад харилцаа болон залуучуудын үйлчлэлийн пастораар, Ян-Лайф байгууллагын бүсийн удирдагчаар тус тус ажиллаж байжээ.
Доктор Води Ваукам, Жр. бол Замби улсын Африк Христийн Их сургуулийн Теологийн тэнхимийн хичээлийн эрхлэгч юм.
Доктор Bruce Baugus бол Реформед Теологийн сургуулийн философи болон теологи судлалын дэд профессор.
Доктор Matt Carter бол Техас мужийн Аустин дахь Аустин стоун коммунити чуулганы алсын хараа, номлол хариуцсан пастор.
Доктор Брюс Л. Фийлдс бол Тринити Эвангелийн Дивинити сургуулийн Библийн болон Системт теологийн тэнхимийн тэргүүн, тус тэнхимийн дэд профессор.
Доктор Жош Мүүди бол Иллинойс мужийн Вийтон Коллеж чуулганы тэргүүн пастор.
Доктор Ричард Филипс бол Өмнөд Каролина мужийн Грийнвилл дэх Хоёр дахь пресбитериан чуулганы тэргүүн үйлчлэгч, Шинэчлэлийн теологийн Филадельф конференцийн тэргүүн.
Пастор Вермон Пиерре бол Аризона мужийн Фоеникс дахь Рузвельт Коммунити чуулганы илгээлт болон номлол хариуцсан пастор.
Доктор Ричард Л. Пратт, Жр. бол Гурав дахь мянган үйлчлэлийн ерөнхийлөгч, Реформ Теологийн сургуулийн Орландо дахь салбарын Хуучин Гэрээний зочин профессор.
Доктор, пастор Стивен Тонг бол Реформед Эвангелийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэгч, Хятадын нэрд гарсан сайн мэдээ тараагч, теологич. Тэрээр Индонез дахь Реформед Эвангелийн чуулган ба сургуулийг, мөн Стивен Тонг Эвангелийн Олон улсын үйлчлэлийг (STEMI) үүсгэн байгуулжээ.
Доктор Гаи Ватерс бол Реформед Теологийн сургуулийн Шинэ Гэрээний профессор.
Доктор Сандерс Л. Вилсон бол Теннеси мужийн Мемфис дахь Хоёр дахь пресбитериан чуулганы тэргүүн үйлчлэгч бөгөөд Реформед Теологийн сургууль, Сайнмэдээний эвсэл, Юнион их сургууль зэрэг хэд хэдэн удирдах зөвлөлд үйлчилдэг.
Аугсбургийн итгэлийн тунхаг- Германы шашны шинэчлэгч Филипп Меланхтоны бичсэн энэхүү баримт бичиг нь Лютеран чуулганы хамгийн чухал итгэлийн тунхаг бөгөөд 1530 оны зургадугаар сарын 25-нд Аугсбургийн уулзалт дээр анх танилцуулсан.
Бельгийн итгэлийн тунхаг- Нидерландын шашны шинэчлэгч Гүидо де Брэсийн 1961 онд бичсэн итгэлийн тунхаг. Шинэчлэгдсэн чуулганы онол сургаалын гол баримт бичгүүдийн нэг.
Калвин, Жон- (1509-1564) Францын теологич, Протестант Шинэчлэлийн голлох зүтгэлтэн бөгөөд Христийн шашны институт (Institutes of the Christian Religion) номын зохиолч.
Нийтлэг мөн чанарууд– Бурханы бүтээлдээ ямар нэгэн байдлаар дамжуулж өгсөн Бурханы чанарууд (жишээ нь: мэргэн ухаан, хүч чадал, сайн сайхан чанар г.м)
Бурханы мөн чанар– Янз бүрийн түүхэн илрэлээр илэрсэн Бурханы төгс төгөлдөр чанар, зөвхөн Бурханд л орших мөн чанар
Анхдагч шалтгаан– Бурханыг Бүтээгч бөгөөд түүхэнд тохиолдсон бүхний цаана оршигч туйлын учир шалтгаан хэмээн үзэх теологийн нэршил
Түүхэн илрэл– Библийн түүхээр дамжуулан Бурханы Өөрийгөө илчилсэн арга замууд
Онцгой мөн чанарууд– Бурханаас хүнд өгөгдөх боломжгүй Бурханы мөн чанар (жишээ нь бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршигч, мөнхийн г.м)
Хэмжээлшгүй эрх мэдэлт– Бурханы бүх бүтээлээ захирах бүрэн төгс эрх мэдлийг илэрхийлсэн теологийн нэр томьёо
Теологийн дүгнэлт– Теологийн аль нэг баримтыг шууд илэрхийлэн тайлбарласан тодорхойлох чиглэлийн өгүүлбэр
via causalitatis– “Учирзүйн арга” гэсэн Латин нэршил. Энэ нь “Бурханы бүтээлүүд дэх сайн сайхныг ажиглах замаар Бурханыг таньж мэдэх” гэсэн утгатай бөгөөд дундад зууны үеийн схоластик теологичдын байгалийн теологийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон гурван талт стратегийн нэг юм.
via eminentiae- “Өргөмжлөлийн арга” гэсэн Латин нэршил. Энэ нь “Бурханыг бүтээлүүдээсээ хэр агуу вэ гэдгийг судлах замаар Бурханыг таньж мэдэх” гэсэн утгатай бөгөөд дундад зууны үеийн схоластик теологичдын байгалийн теологийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон гурван талт стратегийн нэг юм.
via negationis- “Үгүйсгэлийн арга” гэсэн Латин нэршил. Энэ нь “Бурханыг бүтээлүүдтэй нь эсрэгцүүлэн харьцуулах замаар Бурханыг таньж мэдэх” гэсэн утгатай бөгөөд дундад зууны үеийн схоластик теологичдын байгалийн теологийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон гурван талт стратегийн нэг юм.
Вестминстерийн товч катехизм– 1647 онд анх хэвлэгдсэн, уламжлалт протестант христитгэлийн онол сургаалын эмхэтгэл.
Continue reading the full transcript