<link rel="stylesheet" href="https://cdn.plyr.io/3.7.8/plyr.css" />
Каталог руу буцахGODБурханд Итгэдэг
Бурханд Итгэдэг ·VideoАнгли хэлнээс орчуулсан

GOD-04 Бурханы Төлөвлөгөө ба Үйлдлүүд

Бүрэн бичвэрийг уншина уу

Ижил цувралын 4-р хичээлд дагалдах видео бичлэг бөгөөд дараахь асуултуудыг хөнддөг: Бурханы яг оршихуй гэж юу вэ? Бурханы өндөр оршихуй гэж юу вэ? Бурханы өндөр ба яг оршихуйг Бурханы доктриныг тэнцвэртэй байлгах нь яагаад чухал вэ? Бурханы мөнхийн төлөвлөгөө өөрчлөгдөхгүй байх ёстой юу? Бурхан ертөнцийн төлөө мөнхийн төлөвлөгөөтэй бол хэрхэн хувь заяаны үзлийг 피할 수 вэ? Нээлттэй теологийн сургаалийг итгэгчид хэрхэн үнэлэх ёстой вэ? Бурхан ирээдүйг мэдэх боломжтой юу? Бурханы зарлигуудын дарааллын талаарх үзэл бодлын хоорондын маргаан хэр чухал вэ? Бурханы урьдчилан мэдэхүй гэж юу вэ? Сүнслэгүүдийн авралын талаар Бурханы урьдчилан мэдэхүйн үүрэг ролийн талаар та хаана зогсож байна вэ? Бурханы мөнхийн төлөвлөгөө, зөвлөгөө эсвэл зарлиг нь системчилсэн теологийн хувьд ямар үнэ цэнэтэй вэ? Библид Бурханы алдар яагаад ийм нэвтэрч байна вэ? Теологичид Бурханы засал гэж юу гэж ойлгодог вэ? Теологичид Бурхан ихэвчлэн хоёрдогч шалтгаануудаар үйл ажиллагаа явуулдаг гэж хэлэхдээ юу гэж ойлгодог вэ? Бурханы бүтээлийн ямар нэгэн тал нь Бурханы эрх мэдэл эсвэл бүрэн эрхт байдлын хүрээнээс гадуур байдаг уу? Сатан энэ ертөнцөд ямар хүч чадалтай вэ? Бурханы онцгой засал гэж юу болохыг бид гайхамшиг гэж нэрлэж болох вэ?


From the transcript

Бидний ихэнх нь нэгэн цагт ирээдүйгээ томоор төлөвлөж, амьдралдаа хүрэхийг хүссэн зүйлээ төсөөлөн зураглаж байсан. Бага насны хүүхдүүд бүгд л өөрсдийг нь гайхамшигтай ирээдүй хүлээж байгаа гэж төсөөлдөг. Залуучууд байсхийгээд л өмнөө агуу том зорилгыг тавьдаг. Гэвч нас явах хэрээр бидний тэр бүх төлөвлөгөөний зарим нь биелэх ч, зарим нь биелэхгүй гэдэг нь тодорхой болж ирдэг. Эцэст нь бодоод үзэхээр бид ирээдүйгээ хэзээ ч бүрэн дүүрэн төсөөлж чаддаггүйгээс гадна, хүссэн бүхнээ гүйцэлдүүлж чаддаггүй ажээ. Гэвч Бурханы хувьд энэ бүхэн яг эсрэгээрээ юм. Библид Бурханд төлөвлөгөө бий гэдгийг илчлэн хэлсэн байдаг. Гэхдээ та бидний гаргадаг төлөвлөгөөнүүдээс ялгаатай нь Бурханы төлөвлөгөө хэзээ ч бүтэлгүйтдэггүй. Тиймээс Бурхан бүхнийг урдаас бодож төлөвлөж чаддагаас гадна хийхийг хүссэн бүхнээ бүрэн гүйцэлдүүлэх чадвартай байх нь ээ.

Ийнхүү “Бид Бурханд итгэдэг” цувралын маань дөрөвдүгээр хичээл эхэлж байна. Энэхүү цувралаараа бид системт теологийн Бурханы онол, Бурхан судлалын талаар үзэж байгаа билээ. Тэгвэл энэхүү хичээлээ бид “Бурханы төлөвлөгөө ба ажлууд” гэж нэрлэсэн юм. Энэ хичээлээрээ бид системт теологичид Бурханы төлөвлөгөө болон Түүний төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр хийж буй ажлуудыг хэрхэн авч үздэг болохыг судлах болно.

Хэрэв та санаж байгаа бол өмнөх хичээлүүддээ бид Бурханы мөн чанарт анхаарлаа хандуулсан шүү дээ. Хелленист философийн нөлөөгөөр чуулганы эцгүүдийн үеийн болон дундад зууны үеийн теологичид Бурханы мөн чанарын төгс төгөлдөр байдлыг тодорхойлон тайлбарлахыг эн тэргүүнд чухалчилж байжээ. Өнгөрсөн зуунуудын туршид эвангелийн системт теологичид ч үүнийг чухалчилж ирсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ Бурханы мөн чанар дангаараа Бурханы онолын цор ганц судлагдахуун биш юм. Юу гэвэл, Бурханы онол нь Бурханы төлөвлөгөө болон Бурхан төлөвлөгөөнүүдээ хэрхэн биелүүлдэг вэ гэдэгт ч мөн онцгой анхаарал хандуулдаг.

Тэгвэл Бурханы төлөвлөгөө болон ажлуудын талаарх энэхүү хичээл маань үндсэн хоёр хэсэгт хуваагдаж байна. Нэгдүгээрт, бид Бурханы төлөвлөгөөний талаар Библид хэрхэн сургасан байдгийг авч үзнэ. Хоёрдугаарт, бид Бурханы ажлуудыг авч үзэх болно. Ингээд хамтдаа эхлээд Бурханы төлөвлөгөө гэдэг нь яг ямар утгатай болохыг авч үзэцгээе.

Энэхүү цувралд үзсэнчлэн эвангелийнхан Бурханы мөн чанарын тухай авч үзэхдээ нэр томьёонуудаас гадна итгэл үнэмшлийн хувьд олон талаараа өөр хоорондоо адил төстэй байдаг. Гэвч Бурханы төлөвлөгөөний хувьд тэд тийм ч санал нэгтэй байж чаддаггүй. Энэ сэдэв нь өөрөө Бурханы бүхнийг урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтсон товлол гэх мэт маргаантай сэдвүүдтэй холбогддог учир энэ сэдвийн хүрээнд теологичдын дунд санал зөрөлдөх зүйлс маш олон гардаг. Сайтар сурч боловсорсон эвангелийнхан ч олон зууны туршид энэ сэдэв дээр эрс тэс ялгаатай үзэл баримтлалуудыг баримталсаар ирсэн байдаг бөгөөд цаашид бүрэн санал нэгдэх магадлал ч маш бага юм. Тиймээс энэхүү хичээлийн хүрээнд уг асуудлыг судлахдаа эвангелийн янз бүрийн бүлгүүдийн дунд аль болох харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох талаас нь авч үзэхийг зорилгоо болголоо.

Тийнхүү энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид Бурханы төлөвлөгөөг хоёр чиглэлээс авч үзэх болно. Нэгдүгээрт, бид энэ сэдвийг Библийн байр сууринаас авч үзнэ. Өөрөөр хэлбэл Бурханы төлөвлөгөө буюу төлөвлөгөөнүүдийн талаар Библид юу гэж өгүүлсэн байдгийг авч үзэх болно. Хоёрдугаарт, энэхүү Библийн үзэл баримтлал нь биднийг эвангелийн теологийн өөр өөр байр суурь руу хэрхэн хөтөлдөг болохыг авч үзье. Ингээд хамтдаа Бурханы төлөвлөгөөг Библид юу гэж авч үзсэн байдгийг харцгаая.

Системт теологид “төлөвлөгөө”, “зарлиг”, “Бурханы зарлиг” зэрэг үгс маш тодорхой, нийтлэг, тогтсон утга санааг илэрхийлдэг. Гэвч Библид теологийн энэхүү утга санааг илэрхийлэхдээ Еврей болон Грек хэл дээр янз бүрийн үгээр илэрхийлсэн байдаг. Тэдгээр үгс нь зарим тохиолдолд Бурханы төлөвлөгөө буюу төлөвлөгөөнүүдийг шууд утгаар нь илэрхийлсэн байдаг бол зарим тохиолдолд Бурханы зорилго, зарлиг, хүсэл зориг болон сайн тааллыг илэрхийлдэг байна. Жишээ нь Хуучин гэрээнд бичигдсэн дараах Еврей үгсийг бид эш татаж болно: Чашав (חָשַׁב) гэдэг үг нь голдуу “бодох”, “төлөвлөх” эсвэл “шийдэх” гэсэн утгыг илэрхийлдэг; замам (זָמַם) гэдэг үгийг голдуу “зорилго тавих” эсвэл “төлөвлөх” гэж орчуулдаг; яац (יָעַץ) гэдэг үг нь “зөвлөгөө өгөх” эсвэл “зарлиг буулгах” гэсэн утгыг илэрхийлдэг; рашцовн (רָצוֹן) гэдэг үгийг ихэвчлэн “таалал” эсвэл “тааламжтай” гэж орчуулдаг; мөн чапец (חָפֵץ) гэсэн үгийг “таатай” гэж орчуулдаг. Цаашилбал Шинэ гэрээний Грек хэлэнд боулэ (βουλή) гэсэн үгийг “зорилго”, “төлөвлөгөө” эсвэл “хүсэл зориг” гэж орчуулсан байдаг; протесис (πρόθεσις) гэдэг үгийг ихэвчлэн “зорилго” эсвэл “төлөвлөгөө” гэж орчуулсан байдаг; телэма (θέλημα) гэдэг үг нь “хүсэл зориг” эсвэл “хүсэл таалал” гэсэн утгыг илэрхийлдэг; эүдокиа (εὐδοκία) гэсэн үгийг ихэвчлэн “таалал” хэмээн орчуулсан байдаг.

Системт теологид ашиглагддаг тогтсон техник нэр томьёонуудаас ялгаатай нь эдгээр үгс Библид бичигдэхдээ тус бүр тодорхой тогтсон нэг утга санааг илэрхийлээгүй байдаг. Өмнө нь энэхүү цувралдаа олон удаа хэлж байсанчлан Библид эрс тэс ялгаатай ойлголтуудыг илэрхийлэхдээ адил үг ашиглах, эсрэгээрээ өөр хоорондоо адил төстэй утга санааг илэрхийлэхдээ өөр өөр үг ашиглах тохиолдол түгээмэл байдаг. Угтаа бол дээр дурдсан болон бусад өөр хоорондоо төстэй утга бүхий еврей болон грек нэр томьёонууд нь Библид бичигдэхдээ ихэвчлэн утгын хувьд давхардсан байдаг. Мөн эдгээр үгс нь өөр хоорондоо янз бүрээр холбогдон бичигдсэн байх тохиолдол түгээмэл бөгөөд өөр хооронд нь хольж солин харилцан орлуулж бичсэн тохиолдол ч олон бий. Тиймээс ч Бурханы төлөвлөгөөний тухай өгүүлэхдээ ашигласан үгс өөр өөр эшлэлд өөр өөр утга санааг илэрхийлсэн байдаг болохыг бид удахгүй харах болно.

Бурханы төлөвлөгөөг Библид хэрхэн авч үзсэнийг судалж үзэхдээ бид дээрх ялгаатай ойлголтуудыг маш олон аргаар нэгтгэн дүгнэх боломжтой юм. Гэвч энгийн ойлгомжтой байх үүднээс бид өмнөх хичээлээр үзсэн хоёр ойлголт дээр гол анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ингэхдээ бид Библид Бурханы төлөвлөгөөг Түүний хамт оршигч чанартай холбогдуулан хэрхэн өгүүлсэн байдгийг авч үзэх болно. Дараа нь Библид Бурханы төлөвлөгөөг Түүний бүхнээс дээгүүр, ангид оршигч чанартай холбогдуулан хэрхэн өгүүлсэн байдгийг авч үзэх болно. Ингээд юуны түрүүнд, Бурханы төлөвлөгөө болон Түүний хамт оршигч чанарын талаар Библид юу гэж өгүүлсэн байдгийг хамтдаа харцгаая.

Хуучин гэрээнд Бурхан Адам, Ева хоёртой цэцэрлэг дотор алхаж байсан хэмээн бичигдсэнийг бид мэднэ. Энэ бол Бурханы хамт оршигч чанарын илрэл. Бурхан бүтээлүүдтэйгээ, Өөрийнхөө хүмүүстэй ойр байж, дотно харилцаатай байхыг хүсэж байсан. Гэвч гэм нүгэл үүнд сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ тэглээ гээд Бурханы гэнэт алга болчихсон юм биш ээ. Хуучин гэрээний үед жишээ нь Бурхан Өөрийн хүмүүстэй хамт байхын тулд тэдэнд асар барихыг тушааж байсан. Тиймээс Бурханы хамт оршигч чанар гэдэг бол Бурхан Өөрийн ард түмэнтэйгээ, Өөрийн бүтээлүүдтэйгээ Өөрийн оршихуйгаараа ойр дотно байхыг илэрхийлж байгаа үг. Шинэ гэрээн дэх Христийн биежилт бол үүний илүү тод жишээ юм. Иохан 1:14-т “Үг нь махбод болж бидний дунд оршсон” гэсэн байдаг. Энэ бүхнээс бид Өөрийн бүтээлүүдтэйгээ, Өөрийн ард түмэнтэйгээ хамт байх гэсэн Эзэний хүслийг илэрхий харж чадна... Асраар дамжин Өөрийн хүмүүсийн дотор нутаглах нь Бурханы хүсэл байсан. Христийн биежилтээр Өөрийн ард түмэнтэйгээ хамт байх нь ч мөн Түүний хүсэл байсан. Тэр бидэнтэй хамт байхыг хүсдэг. Тэр бүтээлүүдтэйгээ хамт байхыг хүсдэг. Тэр бидэнтэй ойр байхыг хүсдэг.

— Доктор Скотт Мэйнор

Өмнөх хичээлүүдээр бид Бурханд бүхнээс дээгүүр буюу ангид оршигч чанар болон бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанар нэгэн зэрэг оршин байдгийн сүнслэг нууцыг хүлээн зөвшөөрөх нь ямар чухал болох талаар ярилцсан шүү дээ. Үнэхээр Бурхан бол бүтээлүүдийнх нь салшгүй хэсэг болсон тэр бүх хил хязгаараас дээгүүр оршигч Нэгэн. Учир нь Тэр бол хэмжээлшгүй, мөнхийн, өөрчлөгдөшгүй Нэгэн. Гэхдээ тэглээ гээд энэ нь Бурхан бүтээлүүдээсээ ангид алс хол байдаг гэсэн үг биш ээ. Харин ч эсрэгээрээ Библид Бурханы хамт оршигч чанарын тухай тодорхой өгүүлсэн. Тэрээр хязгаарлагдмал, түр зуурын, хувьсан өөрчлөгдөх шинэ чанартай бүтээлүүдтэйгээ бүрэн дүүрэн харилцахыг таалсан байдаг. Тиймээс ч бид Библийг анхааралтай судалж үзэх юм бол Библийн бичигчид Бурханы төлөвлөгөөний тухай өгүүлэхдээ үүнийгээ Түүний бүхнээс дээгүүр буюу ангид оршигч чанар болон Түүний бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанарын аль алинтай нь холбож авч үзсэн байгааг хялбархан олж харах болно.

Бид удахгүй Бурханы төлөвлөгөөг Түүний бүхнээс дээгүүр буюу ангид оршигч чанартай холбон тайлбарласан Библийн сургаалуудыг авч үзэцгээнэ. Гэхдээ эхлээд Бурханы төлөвлөгөөг Түүний бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанартай холбон өгүүлсэн Библийн эшлэлүүдэд анхаарлаа хандуулцгаая. Иеремиа 18:7-8-д Бурхан ийнхүү айлдсан байна:

Би үндэстнийг эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай нэгэнтээ ярьж магадгүй. Нөгөө талаар, хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн бузар муугаасаа эргэвэл, тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн тухайд Би зөөлөрнө (Иеремиа 18:7-8).

Энэ эшлэлд Бурханы “төлөвлөсөн” зүйлийн тухай өгүүлэхдээ “бодох”, “төлөвлөх”, “шийдэх” гэсэн утга бүхий чашав (חָשַׁב) гэсэн еврей үгийг ашигласан байна. Христэд итгэгчдийн ихэнх нь Бурханы “төлөвлөгөөний” тухай сонсохдоо Библи Бурханы өнө мөнхөөс төлөвлөсөн тэрхүү төлөвлөгөөний тухай өгүүлж байна гэж автоматаар бодох гээд байдаг. Гэтэл энэ эшлэлд Бурханы төлөвлөгөөг ийм утгаар авч үзээгүй байна. Харин ч эсрэгээрээ энэхүү төлөвлөгөө нь Бурханы бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанарын илрэл болон тунхаглагдсан байна. Өөрөөр хэлбэл Бурхан “үндэстэн эсвэл хаанчлалын” дуулгаваргүй байдлын хариуд энэхүү төлөвлөгөөг “тунхагласан” болохыг бид харж болно. Энэ бол Бурхан дуулгаваргүй үндэстэн эсвэл хаанчлалыг “үндсээр нь тастаж, нурааж, устгах” төлөвлөгөө юм. Гэхдээ үүнээс илүүгээр энэхүү төлөвлөгөөгөө буцаах боломжтой гэдгээ Бурхан Өөрөө тунхагласан байна. Тиймээс ч энд “Хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн бузар муугаасаа эргэвэл, тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн тухайд Би зөөлөрнө” хэмээн бичигдсэн байна. Библиэс үзвэл Бурхан энэ мэт түүхэн цаг үеийн шинжтэй төлөвлөгөөнүүдийг олон удаа гаргаж байсан болохыг, Бурхан бүтээлүүдтэйгээ харилцахдаа энэ мэт олон төлөвлөгөөг гаргаж мөн эргүүлэн татаж байсан болохыг харж болдог. Тэгвэл үргэлжлүүлээд Лук 7:30-д Бурханы “зорилгын” тухай юу гэж өгүүлсэн байгааг хамтдаа харцгаая:

Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүй-гээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв (Лук 7:30).

Энэ эшлэлд Бурханы “зорилго” гэсэн үгийг илэрхийлэхдээ грек хэлний боулэ (βουλή) гэсэн үгийг ашигласан байна. Энэ үг нь “зорилго, “төлөвлөгөө”, “зарлиг” эсвэл “хүсэл зориг” гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэ эшлэлд өгүүлэгдэж буй Бурханы “зорилго”, “төлөвлөгөө”, “зарлиг” буюу “хүсэл зориг” нь Бурханы бүхнээс дээгүүр буюу ангид оршигч чанартай биш, харин Бурханы хамт оршигч чанартай шууд холбогдож байгааг бид харж байна. Бурханы тэнгэрлэг зорилго нь фарисай нар болон хуулийн багш нар Иоханаас баптисм хүртэхээр дуудагдсан түүхэн цаг үед ил гарч ирсэн. Зарлигийг хүлээн авахаас тэд татгалзах үед тэрхүү зорилгоо эргүүлэн татсан. Одоо хамтдаа 1Тесалоник5:18-д Бурханы “хүсэл”-ийн тухай юу хэлснийг харцгаая:

Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн (1Тесалоник 5:18).

Энд Паул Бурханы “хүсэл зоригийг” телэма (θέλημα) гэдэг үгээр илэрхийлсэн байна. Гэхдээ энэ эшлэлд ч мөн Бурханы хүсэл зоригийг Бурханы ангид оршигч чанартай холбож тайлбарлаагүй. Харин энэ эшлэлд Бурханы хүсэл зориг Паулын өгсөн “Бүх зүйлд таларх” гэсэн заавраар илэрхийлэгджээ.

Теологичид Библид бичигдсэн ийм төрлийн зааврыг “Бурханы зааварчилсан хүсэл зориг” буюу Бурханы “зааварчилсан тушаалууд” гэж нэрлэдэг. Библийн түүхийн туршид Бурхан Өөрийнх нь ард түмэн хүсэл зоригийг нь дуулгавартай дагаасай гэж хүсэж ирсэн байдаг. Бурхан Өөрийн ард түмнийг тодорхой үйлдэл, тодорхой мэдрэмж, тодорхой итгэлд уриалан дуудсан тохиолдол Библид олон зуун удаа, магадгүй олон мянган удаа дурдагдсан байгаа. Тэгвэл Библид тунхаглагдсан Бурханы тэр бүх зааварчилсан хүсэл зориг нь ямагт Бурханы хэмжээлшгүй, мөнхийн, хувиршгүй мөн чанартай бүрэн нийцдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Гэсэн ч Бурхан зааварчилсан хүсэл зоригоо Өөрийн хүмүүстээ илэрхийлэхдээ өөр өөр цаг үеүдэд, өөр өөр арга замаар илэрхийлж байсан юм. Нөгөөтээгүүр Бурханы зааварчилсан хүсэл зориг ихэвчлэн бүрэн биелдэггүй байсан. Учир нь Түүний бүтээлүүд ихэнхдээ Түүний тушаалуудыг дуулгавартай дагадаггүй байсан.

Үүний нэг жишээг хамтдаа харцгаая. Матай 23:37-д Есүс Өөрийн хүсэл буюу “хүсэл зоригийг” дараах байдлаар тунхагласан байна:

Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо. Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хэчнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй (Матай 23:37).

Энэ эшлэлд Есүс “Би хүссэн” гэж хэлэхдээ тело (θέλω) гэсэн үгийг хэрэглэсэн нь бидний өмнө нь дурдсан телэма (θέλημα) гэсэн үйл үгийн хувирал юм. Нөгөөтээгүүр энэ эшлэл Бурханы бүхнээс дээгүүр буюу ангид оршигч чанарыг илтгэхгүй байгааг бид харж байна. Библийн түүхийн туршид Есүс олон удаа Иерусалим дахь “хүүхдүүдээ цуглуулж” дайснуудаас нь хамгаалахыг хүсэж, тэмүүлж, зорьж байсан. Гэвч Иерусалимын ард түмэн “хүсээгүй” учраас Есүсийн энэ хүсэл биелээгүй юм. Израиль Бурханы эш үзүүлэгчдээс, тэр бүү хэл Есүсээс хүртэл татгалзсан билээ.

Энэ болон үүнтэй төстэй эшлэлүүд нь Библид олон удаа давтагдсан дүр зургийг илтгэж байна. Бурхан бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанарынхаа улмаас, мөн бүтээлүүдтэйгээ харилцахын тулд төлөвлөгөө гаргаж, зорилго тээж, зөвлөгөө өгч, зарлиг тушаалаа буулгаж, Өөрийн хүсэл болон тааллуудаа илэрхийлж байсан тухай Библид маш олон удаа дурдагдсан байдаг. Гэхдээ Бурханы энэ бүх түүхэн төлөвлөгөөнүүд нь хэмжээ хязгаартай, түр зуурын, өөрчлөгдөх шинж чанартай байсан.

Энэ хүртэл бид хамтдаа Бурханы төлөвлөгөө нь Түүний бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанартай хэрхэн холбогдож байсан болохыг Библийн байр сууринд тулгуурлан авч үзлээ. Тэгвэл одоо хамтдаа үргэлжлүүлээд Библид Бурханы төлөвлөгөөг Түүний бүхнээс дээгүүр буюу ангид оршигч чанартай хэрхэн холбож авч үзсэн болохыг харцгаая.

Бидний өмнө нь үзсэнчлэн Бурханы төлөвлөгөө нь Түүний бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанартай хэрхэн нягт холбоотой болохыг Библид дахин дахин онцолсон байдаг. Гэхдээ энэ бол ердөө зоосны нэг тал нь юм. Учир нь Бурхан бүтээлүүдийнхээ бүхий л хэмжээ хязгааруудаас хавьгүй өндөрт оршдог гэдгийг бид мэднэ. Тиймээс ч Библид Бурханы төлөвлөгөөнүүдийн тухай дурдахдаа Түүний бүхнээс ангид, дээгүүр оршигч энэхүү мөн чанартай уялдуулж, Түүний хэмжээлшгүй, мөнхийн, хувиршгүй мөн чанартай холбож өгүүлсэн байдаг. Хамтдаа Исаиа 46:10-т Бурханы “зорилго” болон “тааламжийн” талаар хэрхэн өгүүлсэн байгааг уншицгаая:

“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн (Исаиа 46:10).

Энэ эшлэлд Бурханы төлөвлөгөөг Түүний түүхийн туршид бүтээлүүдтэйгээ харилцаж ирсэн харилцаанаас эрс ялгаатай байдлаар илэрхийлсэн байгааг бид харж болно. Энд Бурханы “зорилгыг” яац (יָעַץ) гэсэн еврей үгээр илэрхийлсэн бол Түүний “тааламжийг” чапец (חָפֵץ) гэсэн еврей үгээр илэрхийлсэн байна. Гэхдээ Бурхан энд Өөрийн зорилго болон тааламжийг Өөрийн бүхнээс ангид буюу дээгүүр оршигч чанартай холбож тайлбарласан байгааг бид харж болно. “Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн” гэж хэлсэн нь Түүний мөнхийн мөн чанарыг илтгэж байна. Мөн Тэрээр “Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдахдаа Түүний зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй, хэзээ ч бүтэлгүйтэхгүй гэдгийг тодорхой илэрхийлсэн байна. Тэгвэл бид Иов 42:2-т Бурханд хандсан Иовын өчлөөс үүнтэй адилхан утга санааг олж харах болно:

Та бүхнийг үйлдэж чаддаг, зорьсонд тань боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ (Иов 42:2).

Бурханы төлөвлөгөөг Бурханы бүхнээс ангид буюу дээгүүр оршигч чанартай холбож үзсэн утга санааг бидний сайн мэдэх Ефес 1:11-р эшлэлд ч мөн илэрхийлсэн байдаг. Энд Паул ийнхүү бичсэн байна:

Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон (Ефес 1:11).

Энэ эшлэлд хэд хэдэн чухал грек нэр томъёо гарч байна. Паул энд Бурханы зорилгыг протесис (πρόθεσις) гэсэн үгээр, Бурханы шийдвэрийг боулэ (βουλή) гэсэн үгээр, харин Бурханы хүслийг телэма (θέλημα) гэсэн үгээр тус тус илэрхийлсэн байна. Ингэхдээ Паул энэ бүхнийг Бурханы бүхнээс ангид буюу дээгүүр оршигч чанартай холбож үзсэн байгааг бид харж болно.

Нэгдүгээрт, энэ эшлэлд Бурханы “зорилгыг” авч үзэхдээ нарийвчилсан байдлаар биш, харин “бүхнийг хамарсан” асар өргөн цар хүрээтэйгээр авч үзсэн байна. Хоёрдугаарт, энэхүү зорилго нь түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас урган гарч ирсэн биш, харин мөнхийн шинж чанартай байна. Тиймээс ч энд Христийн дотор сонгогдсон бүхэн “Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсон” гэдгийг энд онцолжээ. Мөн үүнээс өмнөхөн нь энэ бүлгийн 4-р эшлэлд Бурхан Өөрийн хүмүүсийг Христийн дотор “ертөнцийн сууриас урьд” сонгосон байсан гэдгийг Паул тодорхой өгүүлсэн байдаг. Гуравдугаарт, энэ эшлэлд Бурханы зорилгыг саадгүй, тасалдахгүй шинж чанартай гэсэн утгаар илэрхийлжээ. Тиймээс ч Паул Бурханыг “бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг” хэмээн тодорхойлсон байна. Ингэхдээ тэрээр боулэ (βουλή) болон телэма (θέλημα) гэсэн үгийг ашиглажээ.

Үйлс 2:23-т боулэ гэсэн үгээр Бурханы “зориудаар тогтоосон төлөвлөгөө” гэсэн утгыг мөн илэрхийлсэн байдаг. Энэ эшлэлд Петр хэлэхдээ, Назарын Есүс нь “тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан” гэж тунхагласан байдаг. Цаашилбал Үйлс 4:28-д чуулган Бурханд хандан Бурханы “урьдаас тогтоосон шийдвэр бүхэн” гарцаагүй биелэх болно хэмээн залбирсан тухай өгүүлэхдээ боулэ гэсэн үгээр Бурханы “урьдаас тогтоосон шийдвэр” гэсэн утгыг илэрхийлсэн байна. Цаашилбал, Еврей 6:17-д Бурханы “зорилгын өөрчлөгдөшгүйг” тунхаглан өгүүлэхдээ энэ үгийг “зорилго” хэмээн орчуулсан байна.

Бид өмнө нь боулэ болон телэма гэсэн эдгээр грек нэр томьёог Бурханы түүхэн болон зааварчилсан хүсэл зоригийг илэрхийлэхдээ хэрхэн ашигласан тухай үзсэн. Тэгвэл Ефес 1:11-д Паул Бурханы “хүсэл” болон “шийдвэрийн” тухай өгүүлэхдээ Бурханы зааварчилсан хүсэл зоригийн тухай өгүүлээгүй гэдгийг бид харсан. Харин ч энэ эшлэлд Паул теологичдийн нэрлэдэгчлэн “Бурханы тушаасан хүсэл зоригийн” тухай өгүүлсэн байна. Энэ нь Бурханы хөдөлшгүй тушаал буюу ямар ч саадгүйгээр бүрэн биелэх тушаал гэсэн үг юм.

Бурханы мөнхийн төлөвлөгөө өөрчлөгдөшгүй байх ёстой. Учир нь Бурхан Өөрөө өөрчлөгдөшгүй юм. Бурхан өөрчлөгдөшгүй гэдэг нь Тэр бидэнтэй адил хөгжиж, суралцаж, цаг хугацааны явцад өөрчлөгдөх шаардлагагүй гэсэн үг... Бурхан өөрчлөгдөшгүй учраас Түүний мөнхийн төлөвлөгөөний хүрээнд Түүнээс гарсан бүхэн мөн Түүний адил өөрчлөгдөшгүй байх учиртай... Тиймээс, Адам, Ева хоёр Эден цэцэрлэгт нүгэл үйлдэхээс ч өмнө, дэлхийн суурь тавигдахаас ч өмнө Христ аль хэдийн нүглийн төлөөс болох Алгасал баярын Хурга болохоор тогтоогдсон байсан гэсэн үг. Энэ нь Бурханы мөн чанарын улмаас Бурханы төлөвлөгөө ч мөн өөрчлөгдөшгүй бөгөөд Түүний мөнхийн хүсэл гарцаагүй биелэх болно гэдгийг илтгэж байна.

— Пастор Ларри Кокрел

Есүс Бурханы энэ тушаасан хүсэл зоригийн тухай Иохан 6:39-40-д ийнхүү өгүүлсэн байна:

Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа (Иохан 6:39-40).

Есүс энд “Намайг Илгээгчийн хүсэл” болон “Эцэгийн минь хүсэл” гэсэн үгийг хэлэхдээ телэма (θέλημα) гэсэн грек үгийг ашигласан байна. Гэхдээ энэ нь дагахгүй байж болох тушаал биш, харин заавал дагаж биелүүлэх ёстой тушаал байсан. Тиймээс ч Есүс Бурханы энэхүү хүсэл зоригийг хөдөлшгүй, тодорхой, зөрчих боломжгүй зүйл хэмээн авч үзсэн байна. Өөрөөр хэлбэл “Түүний өгсөн бүгдээс” Есүс хэнийг нь ч алдахгүй гэдгийг Бурхан хүсэж, тушаасан гэсэн үг. Мөн “Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь” Бурхан Эцэгийн хүсэл гэдгийг энд тодорхой өгүүлжээ. Бурханы энэхүү хүсэл зориг нь Түүний хамгийн дээд эрхт тогтоол бөгөөд хэзээ ч сааташгүй, хэзээ ч буцаагдашгүй юм.

Энэхүү товч судалгаанд тулгуурлаад бид Библид Бурханы төлөвлөгөөтэй холбоотой хоёр чиг хандлага байдаг болохыг авч үзэцгээлээ. Заримдаа Библид Бурханы төлөвлөгөө, зорилго, зөвлөгөө, тушаал, хүсэл зориг болон хүсэл тааллуудыг Түүний бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанартай холбож авч үздэг. Ингэхдээ Түүний бүтээлүүдтэйгээ харилцсан хязгаарлагдмал, түр зуурын, хувирч өөрчлөгдөх шинж чанар бүхий харилцаатай холбож авч үзсэн байна. Харин зарим тохиолдолд Библид дээрхтэй адил нэр томьёог Бурханы хэмжээлшгүй, мөнхийн, хувиршгүй мөн чанар буюу Түүний бүхнээс ангид буюу дээгүүр оршигч мөн чанартай холбож хэрэглэсэн байна. Хэдийгээр амаргүй боловч бид Бурханы төлөвлөгөөг Библийн дагуу ойлгохыг хүсвэл энэ хоёр чиг хандлагыг хоёуланг нь хүлээн зөвшөөрөх ёстой болно гэсэн үг.

Ингээд хамтдаа Бурхны төлөвлөгөөтэй холбоотой Библийн энэ хоёр үзэл баримтлалыг дотроо санахын зэрэгцээ дараагийн сэдэв рүү шилжицгээе. Энэ бол Бурханы төлөвлөгөөний талаар эвангелийн итгэгчдийн баримталдаг теологийн байр суурь юм.

Харамсалтай нь Христэд итгэгчдийн дунд Бурханы төлөвлөгөөний талаар Библийн баримталдаг дээрх хоёр чиг хандлагын зөвхөн нэгийг нь л чухалчлан үзэх хандлага түгээмэл байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ мэт өрөөсгөл чин хандлагыг протестантуудын аль нэг урсгалтай нь холбон тайлбарлахад илүү хялбар байв. Учир нь олон зуун жилийн хугацаанд баптистууд, льютерианууд, пентекостууд, методистууд, пресбитерианууд, шинэчлэгдсэн теологитнууд, англиканууд болон бусад протестант урсгал чиглэлүүд тус бүрдээ өөр өөрийн гэсэн үзэл баримтлалыг тодорхойлж ирсэн. Гэвч сүүлийн үед эдгээр урсгал чиглэлүүдийг тусгаарлаж байсан ялгаа аажмаар бүдгэрч, уламжлалт олон чиг хандлагууд аажмаар алга болжээ. Тиймээс бид энэ хэсгийг авч үзэхдээ тодорхой нэг урсгал чиглэл эсвэл хэсэг бүлэг итгэгчидтэй холбогдуулан үзэх бус, харин илүү ерөнхий байдлаар, урсгал чиглэлүүд харгалзалгүй түгээмэл ажиглагддаг чиг хандлагуудыг авч үзье.

Бид хамтдаа Бурханы төлөвлөгөөтэй холбоотой теологийн хэд хэдэн байр суурийг авч үзэхдээ дараах хоёр алхмын хүрээнд үзэх болно. Нэгдүгээрт, бид эвангелийнхны түгээмэл дагадаг хоёр туйлширсан үзэл баримтлалыг товч авч үзнэ. Хоёрдугаарт, бид эвангелийнхны энэ талаар баримталдаг төвийг сахисан үзэл баримтлалын талаар үзье. Ингээд хамтдаа туйлширсан үзэл баримтлалуудын талаар эхлээд авч үзэцгээе.

Уламжлалт системт теологийн гол үнэт зүйлсийн нэг нь сэдэв тухай бүрийн талаар Библид зааж сургасан бүхнийг логик уялдаатайгаар дүгнэн нэгтгэх явдал байв. Тиймээс ч Бурханы төлөвлөгөөний талаар Библид юу заадаг талаар судлахдаа эвангелийнхан энэ зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллаж ирснийг онцлох нь зүйтэй. Гэвч логик уялдааг хангах гэж хэт их хичээх нь эргээд биднийг Бурханы төлөвлөгөөний талаарх Библийн сургаалын зөвхөн аль нэг хэмжээсийг нь туйлшран баримтлах байдал руу хөтөлдөг.

Бидний хувьд Бурханы төлөвлөгөөний талаарх туйлширсан үзэл баримтлалуудыг нэг бүрчлэн авч үзэх цаг байхгүй. Гэхдээ бид үүнийг ерөнхийд нь авч үзэх боломжтой. Ингээд сайн санаат Христийн дагалдагчдын нийтлэг баримталдаг нэгэн теологийг авч үзье. Энэ бол “фаталист теологи” юм.

Фаталист теологи. Фаталистик теологи нь дотроо олон янз байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол фатализм нь түүхэнд тохиолдож буй бүх зүйлсийг дан ганц Бурханы бүхнээс ангид буюу дээр оршигч мөн чанартай холбож авч үздэг. Энэхүү хичээлээр үзсэнчлэн Библийн зарим эшлэлүүд Бурханы төлөвлөгөө, зорилго, зөвлөгөө, тушаал, хүсэл зориг, хүсэл тааллуудыг Түүний бүхнээс ангид буюу бүтээлүүдээсээ дээр оршигч мөн чанартай холбосон байдаг. Хэрвээ бид энэ үүднээс авч үзвэл өмнө нь болж өнгөрсөн бүхэн болон цаашид тохиолдол бүхэн Бурханы бүхнийг хамрагч, мөнхийн, сааташгүй төлөвлөгөөний дагуу болсон гэж үзнэ гэсэн үг. Гэвч фатализм нь энэ сэдвийг Библийн сургаалын дагуу цогцоор авч үзэх тал дээр учир дутагдалтай ханддаг. Өөрөөр хэлбэл фатализм нь Бурхан Өөрийн хэмжээ хягаартай, түр зуурын, хувирч өөрчлөгдөж байдаг бүтээлүүдтэйгээ харилцах үед Түүний төлөвлөгөө, зорилго, зөвлөгөө, тушаал, хүсэл зориг болон хүсэл таалал нь хэрхэн өөрчлөгддөг талаар өгүүлсэн Библийн сургаалыг орхигдуулдаг.

Би фаталист үзэлтэн биш. Учир нь миний хийж буй зүйлс ач холбогдолтой гэдэгт би итгэдэг. Чухамдаа тийм учраас л шүүлтийн сэнтий байдаг юм. Би юу хийж байгаагаа мэддэг гэдэгт би итгэдэг. Учир нь би робот биш. Миний үйлдэл бол миний өөрийн үйлдэл. Гэхдээ нөгөөтээгүүр Бурхан миний үйлдлүүдээр хязгаарлагдахгүй гэдэгт би итгэдэг. Тэр миний дуулгавартай байдлыг ч тэр, дуулгаваргүй байдлыг ч тэр адилхан Өөртөө авч, Өөрийн зорилгын төлөө хэрэглэж чадна гэдэгт би итгэдэг. “Бурхан бүхнээс дээд эрх мэдэлтэй бөгөөд тахир муруй саваагаар ч шулуун зураасыг зурах чадвартай” гэдэгт би итгэдэг. Тиймээс хэдийгээр би тахир муруй саваа байж болох ч Тэр Өөрийн шулуун зураасыг зурах л болно. Тиймээс бид Бурхан биднийг роботууд болгон хувиргах чадалтай гэдэгт бус, харин бидэнд чөлөөт ёс суртахууныг өгөөд, биднээр дамжуулан Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлж чаддаг Түүний сүр жавхлант хүч чадалд итгэж найддаг юм... Энэ бол Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийн онол. Бурхан бидэнд чөлөөт ёс суртахууныг өгсөн учраас Бурхан хүмүүсийг утсан хүүхэлдэй болгодоггүй. Мөн Бурхан хэмжээлшгүй эрх мэдэлтэй байлаа гээд Тэр биднийг утсан хүүхэлдэйгээ болгодоггүй. Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл нь бидэнд сонголтуудыг өгч, бидний хийж байгаа бүхнээр Түүний зорилгуудыг гүйцэлдүүлдэг билээ.

— Доктор Харри Л.Ридер III

Хэрвээ бид фаталист онолыг баримталдаг хүнтэй ярилцвал тэд бидний асуултуудад ихэвчлэн дараах байдлаар хариулах болно:

Бурхан ямар нэгэн зүйлийг төлөвлөсөн ч бүтээлүүдтэйгээ харилцахдаа тэр төлөвлөгөөгөө хойш тавьдаг уу? гэсэн асуултад фаталистууд ихэвчлэн “хэзээ ч үгүй” гэж хариулах болно.

Бурханы төлөвлөгөө эсвэл тушаалууд биелэхгүй байх боломжтой юу? гэж асуувал фаталист хүн “Мэдээж үгүй” гэж хариулах болно.

Бурханы хүсэл зориг болон хүсэл таалалд саад учрах боломжтой юу? гэж асуувал фаталистууд “Тэгэх боломжгүй” гэж хариулах болно.

Улмаар Библи дээрх асуултуудад өөр хариулт өгч эхлэх үед фаталистууд Библид тухайн үйл явдлыг жинхэнэ бодит байдлаар нь бус, хүмүүст харагдаж байгаа байдлаар нь илэрхийлсэн нь тэр гэж зүтгэдэг.

Энэ хүртэл бид Христэд итгэгчдийн нэг хэсэг нь фаталист теологийг баримталдаг болохыг үзлээ. Тэгвэл нөгөө талаас Христэд итгэгчид олон зуун жилийн туршид үүний яг эсрэг үзэл баримтлалыг баримталж ирсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Ингээд хамтдаа сүүлийн жилүүдэд “нээлттэй теологи” гэж нэрлэгдэх болсон өөр нэгэн үзэл баримтлалыг авч үзэцгээе.

Нээлттэй теологи. Нээлттэй теологи ч мөн дотроо олон янз. Гэхдээ ерөнхийд нь аваад үзвэл нээлттэй теологи нь түүхэнд болж өнгөрсөн бүх үйл явдлыг Бурханы бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанартай холбож авч үзсэн байдаг. Бурхан бүтээлүүдтэйгээ харилцахдаа олон янзын төлөвлөгөөнүүдийг боловсруулж байсан гэдгийг Библи баталдаг. Тэр утгаараа Бурхан Өөрийн хэмжээ хязгаартай, түр зуурын, хувирч өөрчлөгддөг бүтээлүүдтэйгээ харилцах үед Түүний түүхэн төлөвлөгөөнүүд, зорилгууд, зөвлөгөөнүүд, тушаалууд, хүсэл зориг болон хүсэл тааллууд нь тэр бүр бүрэн биеллээ олж чаддаггүй байсан. Гэвч нээлттэй теологи нь Библийн энэ үнэнийг хэт туйлшруулан авч үздэг байна. Өөрөөр хэлбэл нээлттэй теологи нь Бурхан мөнхийн, бүхнийг хамарсан, сааташгүй төлөвлөгөөг зохих хэмжээнд чухалчлан авч үздэггүй. Энэхүү туйлширсан үзэл баримтлалыг баримтлагчдын ихэнх нь цөөн хэдэн онцгой үйл явдлыг л Бурханы мөнхийн, бүхнийг хамарсан, сааташгүй төлөвлөгөөтэй холбож үздэг. Ингэхдээ Христийн мэндэлсэн үйл явдал, Түүний сүр жавхлантай дахин ирэлт болон түүхийн төгсгөлийг л Бурхан Өөрийн хэмжээлшгүй эрх мэдлээрээ хөдөлшгүйгээр тогтоосон гэж үздэг. Харин эдгээрээс бусад бүх үйл явдалд Бурханы төлөвлөгөө, зорилго болон хүсэл зориг амжилтад хүрэх эсэх нь түүхээс, тэр дундаа хүмүүс болон сүнснүүдийн сонголтоос бүрэн хамаардаг гэж нээлттэй теологичид үздэг байна.

Хэрвээ бид нээлттэй теологийг баримталдаг хүмүүстэй ярилцаад тэднээс хэд хэдэн чухал асуултыг асуувал тэд дараах байдлаар хариулах болно:

Бурханд хүн төрөлхтний түүхэнд хандсан бүхнийг хамарсан, мөнхийн, сааташгүй төлөвлөгөө бий юу? гэж асуувал нээлттэй теологи баримтлагчид “Үгүй” гэж хариулах болно.

Бурханы төлөвлөгөө болон тушаалууд нь хүмүүсийн тэрслэлээс шалтгаалан бүтэлгүйтэх боломжтой юу? гэж асуувал тэд “Ихэнхдээ боломжтой” гэж хариулах болно.

Бурханы хүсэл зориг болон хүсэл таалалд саад учрах боломжтой юу? гэж асуувал нээлттэй теологийг баримтлагчид мөн л “Ихэнхдээ боломжтой” гэж хариулах болно.

Туйлширсан үзэл баримтлалын нэг жишээ болох нээлттэй теологийн үзэл баримтлал нь Бурханы мөнхийн, сааташгүй төлөвлөгөөг зөвхөн цөөн тооны хэдэн үйл явдалтай л холбож авч үздэг байх нь.

Нээлттэй теологи буюу “нээлттэй теизм” нь сонгодог Арминианизмын нэг төрөл юм. Энэ нь сонгодог Арминианизмтай олон талаараа нийтлэг боловч үүнээс илүү туйлширсан үзэл баримтлалтайгаараа онцлог юм. Тэр дундаа Бурханы ирээдүйг мэдэх мэдлэгийн талаар маш туйлширсан үзлийг баримталдаг. Тэд “одоо цагийн үзэл” гэх үзлийг баримталдаг бөгөөд Бурханы өнгөрсөн бүхнийг мэддэг... гэхдээ хүний чөлөөт сонголт буюу хүний чөлөөт сонголтоос хамааралтай аливаа зүйлсийг мэддэггүй гэж үздэг. Гэвч христитгэлийн томоохон уламжлалыг баримтлагч итгэгч хүн бүр энэ үзэл баримтлалтай санал зөрөлдөж, Бурхан ирээдүйг бүхлээр нь мэддэг гэсэн байр суурийг баримталдаг... Дуулал 139-р бүлэгт Бурхан биднийг амаа нээхээс ч өмнө бидний хэлэх гэсэн үгсийг мэддэг тухай өгүүлсэн байдаг. 1Хаад болон 2Хаад номуудад эш үзүүллэгүүд болон тэдгээрийн биеллүүд олонтоо бичигдсэн. Исаиа 40-48-р бүлэгт Яавэ Бурхан бусад үндэстнүүдийн бурхдаас юугаараа ялгаатай болохыг, ингэхдээ ирээдүйг мэдэх мэдлэгээрээ онцгой болохыг тодорхой өгүүлсэн байдаг. Цаашлаад Шинэ гэрээнд бидний Бурхан Эцэг бидэнд юу хэрэгтэйг гуйхаас маань ч өмнө мэддэг гэдгийг Эзэн Есүс айлдсан байдаг. Тэрээр Өөрийн загалмайн үйлсийг, Өөрийн эдлэх зовлон болон үхлийг урьдаас зөгнөж, Петрийн үгүйсгэл болон Иудасын урвалтыг хүртэл урьдаас хэлсэн байдаг. Бодит байдал дээр энэ мэт маш олон жишээг бид дурдаж болно... Петрийн үгүйсгэл болон Иудасын урвалтын талаар урьдаас хэлэхдээ Есүс шавь нартаа хандан “Эдгээр зүйлс та нарт тохиолдох үед та нар Намайг Тэр гэдгийг мэдэхийн тулд Би эдгээр зүйлсийг урьдаас хэлж байна” гэсэн санааг илэрхийлсэн байдаг. Энэ бол Түүний Өөрийгөө Бурхан хэмээн тунхагласан тунхаглал байсан. Тэгвэл эндээс нэг асуулт гарч ирнэ. Бурхан Хуучин гэрээ болон Шинэ гэрээнд Өөрийгөө Бурхан хэмээн батлахдаа Өөрийн сайн мэдэхгүй, тодорхойгүй зүйл дээр үндэслэх байсан гэж үү? Бурхан ирээдүйг бүхэлд нь мэддэг биш, харин тодорхой зарим үйл явдлыг л таамаглаж чаддаг гэж үзэх нь хэр үндэслэлтэй байх вэ? Тиймээс эдгээр шалтгаануудын улмаас христитгэлийн бүхий л үндсэн уламжлалуудыг баримтлагч итгэгчид нээлттэй теизмтэй санал зөрөлдөж, Бурхан ирээдүйг бүхэлд нь мэддэг гэдэг дээр бүгд санал нэгддэг.

Доктор Стивэн С.Рой

Энэ хүртэл бид туйлширсан үзэл баримтлалуудын жишээ болгож фаталист болон нээлттэй теологиудыг үзлээ. Тэгвэл хамтдаа Бурханы төлөвлөгөөний талаар итгэгчдийн баримталдаг бусад теологийн байр сууриудыг авч үзэцгээе. Ингэхдээ юуны түрүүнд эвангелийнхний баримталдаг төвийг сахисан байр суурийг авч үзэцгээе.

Эвангелийн албан ёсны системт теологи нь Бурханы төлөвлөгөөний талаар Библийн заасан хоёр чиг хандлагыг их бага ямар нэг байдлаар хоёуланг нь хамтатгасан гэж үзэж болно. Төвийг сахисан үзэл баримтлал нь хүн төрөлхтний түүхэнд хандсан бүхнийг хамарсан, мөнхийн бөгөөд сааташгүй төлөвлөгөө Бурханд бий гэдэгтэй нэг талаас санал нийлдэг. Мөн нөгөө талаас Бурхан бүтээлүүдтэйгээ харилцахдаа хязгаарлагдмал цар хүрээтэй, түр зуурын, хувирч өөрчлөгдөх шинж чанартай олон янзын төлөвлөгөөг боловсруулдаг гэдэгтэй ч санал нийлдэг. Өөрөөр хэлбэл энэ хоёрын зөвхөн аль нэг нь л үнэн, нөгөөх нь худал гэж үзэхгүй гэсэн үг. Харин эсрэгээрээ аль нэг тал руу туйлширсан үзэл баримтлалаас ялгаатай нь эвангелийн теологичид нь энэ хоёр үзэл баримтлалыг хоёулаа үнэн гэж авч үздэг.

Библид Бурханы төлөвлөгөөний тухай өгүүлэхдээ Түүний бүхнээс ангид буюу дээгүүр орших чанар болон бүтээлүүдтэйгээ хамт оршигч чанартай хоёулантай нь холбож авч үздэг гэдгийг хүлээн зөвшөөрөх үедээ бид Христитгэлийн хамгийн агуу нууцуудын нэгтэй нүүр тулдаг. Хүмүүс бид эдгээрийг Бурханы Библид тайлбарлаж өгсөн тэр цар хүрээнд нь ойлгож ухаарах боломжтой. Гэхдээ бидний энэхүү ойлголт нь бүх нууцыг илчлэх, эсвэл бүх асуултуудын хариултыг өгөх хэмжээнд бүрэн биш юм. Тиймээс бид энэхүү асуудалд хандахдаа Бурханы Гурвалын тухай ойлголт эсвэл Христийн хоёр мөн чанарын асуудалд ханддагтайгаа адил байдлаар хандваас зохилтой юм. Өөрөөр хэлбэл Бурханы төлөвлөгөөний тухай бүх нууцыг тайлах гэж оролдохын оронд бид Библийн үзэл баримтлалын хоёр талыг хоёуланг нь чадах чинээгээрээ ойлгохыг хичээхийн зэрэгцээ хүмүүс бидний ойлголт ухаарал нь хязгаартай гэдэгтэй санал нийлэх учиртай юм.

Хэрвээ бид Бурханы төлөвлөгөөний талаар энэхүү төвийг сахисан эвангелийн үзэл баримтлал бүхий теологичтой ярилцаж, тэднээс хэд хэдэн чухал асуултыг асуувал тэд дараах байдлаар хариулах болно:

Бурханд хүн төрөлхтний түүхэнд хандсан бүхнийг хамарсан, мөнхийн, сааташгүй төлөвлөгөө бий юу? “Тийм”.

Бурханд хүн төрөлхтний түүхэнд хөндлөнгөөс оролцохдоо тухайн нөхцөлд тохирсон тухайлсан төлөвлөгөөг боловсруулдаг уу? “Тийм”.

Бурханы мөнхийн төлөвлөгөө, зорилго, зөвлөгөө, тушаалууд, хүсэл зориг болон хүсэл таалал нь саадгүйгээр биелэх үү? “Тийм”.

Бурханы түүхэн төлөвлөгөөнүүд, зорилгууд, зөвлөгөө, тушаалууд, хүсэл зориг болон хүсэл таалалд саад тотгор учрах боломжтой юу? “Тийм”.

Өөрөөр хэлбэл, эвангелийн теологи нь Библийн сургаалын хоёр талыг хоёуланг нь адилхан чухалчлан авч үзэхийг эрмэлздэг гэсэн үг юм. Тэр утгаараа энэ нь Бурханы бүхнээс ангид буюу дээгүүр оршигч төлөвлөгөөг ч тэр, Бурханы бүтээлүүдтэйгээ хамт байдаг, түүхэн төлөвлөгөөг ч тэр хүлээн зөвшөөрдөг гэсэн үг юм.

Хэдийгээр энэхүү төвийг сахисан үзэл баримтлал нь эвангелийн системт теологид голлох байр суурийг эзэлдэг боловч энэ үзэл баримтлалыг баримтлагчид нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Тэгвэл хамтдаа тэдгээр ялгаануудаас уламжлалт системт теологид ихэвчлэн илэрдэг, хамгийн том гэж хэлж болох хоёр ялгааг авч үзэцгээе. Эхнийх нь Бурханы мөнхийн тушаалуудын дараалалтай холбоотой үзэл баримтлалууд юм.

Бурханы мөнхийн тушаалуудын дараалал. Системт теологичид Бурханы мөнхийн тушаалуудын дарааллын тухай ярихдаа голчлон хүн төрөлхтний түүхэнд хандсан Бурханы мөнхийн төлөвлөгөөний логик дарааллын тухай ойлголтыг авч үздэг. Өөрөөр хэлбэл энэ нь Бурхан бүтээлийн үйлсээсээ өмнө мөнхийн тушаалуудаа урьдаас тогтоосон нь өөр хоорондоо ямар уялдаа холбоотой байсан бэ? гэсэн асуулт юм. Энэ үзэл баримтлалтай холбоотой маш олон янзын хувилбар байдаг ч тэдгээрийг ерөнхийд нь дараах гурван төрөлд нэгтгэн авч үзэх боломжтой байдаг:

Нэгдүгээрт, супралапсарианизм гэсэн латин үгийг бид дурдах ёстой болно. Латинаар супра гэдэг нь “дээд”, лапсус гэдэг нь “уналт” гэсэн утгатай үг юм. Энэ нэрнээс үзвэл Өөрийнхөө хүмүүсийг аврах Бурханы тушаал нь хүн төрөлхтнийг гэм нүгэлд унахыг зөвшөөрсөн тушаалаас “дээр” буюу “өмнө” гарсан гэсэн утгатай юм. Энэ үзэл баримтлалын дагуу авч үзвэл Бурханы мөнхийн тушаалуудыг дараах байдлаар дарааллуулах боломжтой юм. Нэгдүгээрт, Христийн дотор Бурханы сонгосон хүмүүсийг аварч, бусдыг нь шүүх тушаал, хоёрдугаарт, бүтээлийн тушаал, гуравдугаарт, гэм нүгэлд унахыг зөвшөөрсөн тушаал, дөрөвдүгээрт, Христээр дамжин золилтыг гүйцэлдүүлж, санал болгох тушаал, тавдугаарт, Христийн дотроос золилтыг бүх жинхэнэ итгэгчдэд хүртээх тушаал байх ажээ.

Хоёрдугаарт, бид инфралапсарианизм гэсэн латин үгийг дурдах ёстой болно. Латинаар инфра гэдэг нь “доод” гэсэн үг харин лапсус гэдэг нь “уналт” гэсэн үг. Энэхүү үзэл баримтлал нь энэ нэрэнд бичигдсэнчлэн Өөрийнхөө хүмүүсийг аврах Бурханы тушаал нь хүн төрөлхтнийг гэм нүгэлд унахыг зөвшөөрсөн тушаалын “доор” буюу дараа нь гарсан гэсэн үг юм. Энэ үзэл баримтлалын дагуу үзвэл Бурханы мөнхийн тушаалуудын дарааллыг дараах байдлаар байрлуулах боломжтой юм. Үүнд, нэгдүгээрт, бүтээлийн тушаал, хоёрдугаарт, гэм нүгэлд унахыг зөвшөөрсөн тушаал, гуравдугаарт, Бурханы сонгосон хүмүүсийг аврах тушаал, дөрөвдүгээрт, Христээр дамжин золилтыг гүйцэлдүүлж, санал болгох тушаал, тавдугаарт, Христийн дотроос золилтыг бүх жинхэнэ итгэгчдэд хүртээх тушаал байх ажээ.

Цаашилбал, гуравдугаарт, бид саблапсарианизм гэсэн Латин үгийг авч үзэх хэрэгтэй болно. Саб гэдэг Латин үг нь “доор” гэсэн утгатай бол лапсус гэдэг нь “уналт” гэсэн утгатай үг. Энэ үзэл баримтлалыг зарим нь бидний өмнө үзсэн инфралапсарианизмын өөр нэгэн дэд категори гэж үздэг. Учир нь энэ үзэл баримтлал нь Бурхан Өөрийнхөө хүмүүсийг аврах тушаалаа хүн төрөлхтнийг гэм нүгэлд унахыг зөвшөөрсөн тушаалаасаа “доор” буюу өмнө буулгасан гэсэн үг юм. Гэхдээ өмнөх үзэл баримтлалаас ялгаатай нь энэ үзэл баримтлалд энэхүү авралын тушаал нь Бурхан золилтыг санал болгохоос өмнө биш харин дараа нь гарсан гэж үздэг. Энэхүү үзэл баримтлалыг дараах байдлаар нэгтгэн дүгнэж болох юм. Үүнд, нэгдүгээрт, бүтээлийн тушаал, хоёрдугаарт, хүн төрөлхтнийг гэм нүгэлд унахыг зөвшөөрсөн тушаал, гуравдугаарт, Христээр дамжин золилтыг гүйцэлдүүлж, санал болгох тушаал, дөрөвдүгээрт итгэсэн бүхнийг аврах тушаал, тавдугаарт, Христийн дотроос золилтыг бүх жинхэнэ итгэгчдэд хүртээх тушаал байх ажээ.

Энд бид нэг зүйлийг ойлгох нь чухал юм. Эдгээр өөр хоорондоо ялгаатай үзэл баримтлалууд нь ихэвчлэн теологичдийг теологийн бусад асуултуудад хариулт өгөхөд нь туслах үүднээс урган гарч ирсэн байдаг. Энэ мэтчилэн Бурханы мөнхийн тушаалуудыг дараалалд оруулан авч үзэх нь теологичдод дараах чухал асуултуудад хариулт олоход нь тус болдог байна:

Хүн төрөлхтнийг гэм нүгэлд унахыг зөвшөөрч, зөвхөн заримд нь авралаа өгөхөөр төлөвлөсөн тэр Бурханыг бид хэрхэн сайн Бурхан гэж хүлээн зөвшөөрөх вэ?

Бурханд бүхнийг хамарсан, мөнхийн, сааташгүй төлөвлөгөө байсаар байтал хүн төрөлхтөнд санал болгож буй Бурханы сайнмэдээ нь жинхэнэ санал байж чадна гэж үү?

Бурхан бидний бүх үйлдлийг захирах эрх мэдэлтэй байхад хүмүүсийн ёс суртахууны үүрэг хариуцлагыг бид яагаад хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

Эдгээр асуулт бол үнэхээр чухал асуултууд юм. Гэвч эвангелийн шилдэг теологичдын ихэнх нь Библид Бурханы мөнхийн тушаалуудын логик дарааллын талаар хангалттай тодорхой мэдээлэл өгөгдөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс төвийг сахисан эвангелийнхан бүгд дээрх гурван үзэл баримтлалын аль нэгийг нь их бага ямар нэг байдлаар бусдаас нь илүүд үзэх хандлагатай байдаг бөгөөд ингэхдээ эдгээр нь бараг бүхэлдээ бидний таамаглал төдий зүйл гэдэгтэй санал нэгддэг. Учир нь эдгээр үзэл баримтлалууд нь Бурханы Библиэр дамжин бидэнд илчилж өгсөн бүхнээс хамаагүй давсан ойлголтууд юм.

Тэгэхээр, хэн нэгэн хүн Бурханы тушаалуудын дарааллын тухай ярихдаа энэ асуудлыг ихэвчлэн Бурханы аливаа ажлуудыг хийдэг логик дарааллыг олж тогтоох зорилгын хүрээнд авч үздэг... Бүх зүйлээс өмнө, бидний мэдэх “цаг хугацаа” гэх мэт зүйлсээс ч өмнө Бурхан аль хэдийн оршин байсан. Тиймээс энэ нөхцөл байдал нь Бурханы хувьд ямар харагдаж байсан болохыг бид таамаглахаас өөр аргагүй юм. Тиймээс ч хамгийн шилдэг теологич ч Бурханы мөнхийн тушаалуудын дарааллын тухай ярихдаа тухайн асуудлыг цаг хугацааны дарааллын хувьд гэхээс илүү логик болон уялдаа холбооны хувьд авч үздэг юм шиг надад санагддаг. Тэр утгаараа энэ нь Библид өгүүлэгдсэн Бурханы тухай, уналтын тухай, Бурханы төлөвлөгөөнүүдийн дарааллын тухай гэх мэт олон асуудлыг логик уялдаа холбооны дагуу, Библийн гэрчлэлд нийцүүлэн нэгтгэн уялдуулах гэсэн оролдлого болохоос цаг хугацааны дараалалд оруулах гэсэн оролдлого биш юм.

— Доктор Д.А.Карсон

Цаашилбал, эвангелийнхан хоорондоо Бурханы мөнхийн тушаалуудын дарааллыг авч үзэх төвийг сахисан байр суурин дээр дээрхийн адил санал зөрөлддөгөөс гадна Бурханы мөнхийн тушаал нь Түүний бүгдийг урьдаас мэдэх мэдлэгтэй хэрхэн уялдаж холбогддог талаар өөр хоорондоо харилцан адилгүй байр суурийг баримталдаг ажээ.

Бурханы мөнхийн тушаалууд болон Бурханы бүхнийг урьдаас мэдэх мэдлэг. Энэ асуудлын хүрээнд теологичид Шинэ гэрээний гурван эшлэлийг голчлон тойрч хэлэлцдэг. Үйлс 2:23-т Петр Христийн загалмайн үхлийн тухай өгүүлэхдээ үүнийг Бурханы урьдаас “тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу” болсон гэж тунхагласан байдаг. Мөн 1Петр 1:1-2-т Бурханаар сонгогдсон хүмүүсийг Бурханы “урьдаас харсны дагуу” сонгогдсон гэсэн байдаг. Мөн Ром 8:29-д хэлэхдээ, “урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас мэдэж тогтоосон юм” гэсэн байдаг. Эдгээр эшлэлүүдээс үзвэл Бурханы мөнхийн тушаалууд болон Түүний бүхнийг урьдаас мэдэх мэдлэг нь өөр хоорондоо нягт уялдаатай болох нь харагдаж байна.

Тэгвэл эвангелийнхан эдгээр эшлэлийг Бурханы мөнхийн тушаалууд болон Түүний бүхнийг урьдаас мэдэх мэдлэгтэй холбон тайлбарлахдаа ихэвчлэн дараах хоёр арга замаар тайлбарладаг. Нэг талаас, бидний олонх Бурханы бүхнийг урьдаас мэдэх мэдлэг нь Түүний мөнхийн тушаалуудын үндэс суурь гэж итгэдэг. Өөрөөр хэлбэл, бидэнд юу тохиолдохыг Бурхан өнө мөнхөөс бүгдийг мэдэж байсан. Тэр бүх үйл явдал хэрхэн өрнөхийг эхнээс нь мэдэж байсан бөгөөд хүмүүс болон сүнснүүдийн хийх сонголтуудыг, тэдгээр сонголтуудад Өөрөө хэрхэн хандах вэ гэдгээ ч мэдэж байсан. Тиймээс энэ бүхнийг урьдаас мэдэх мэдлэгийнхээ хүрээнд Бурхан хэзээ ч бүтэлгүйтэх боломжгүй мөнхийн төлөвлөгөөгөө тушаасан гэсэн үг.

Гэхдээ нөгөөтээгүүр, эвангелийн зарим теологичид Бурханы түүхийг урьдаас мэдэх мэдлэг нь Бурханы мөнхийн тушаалуудын үндэс болдог гэж үздэг. Энэ үзэл баримтлалын дагуу үзвэл Бурхан хүн төрөлхтний түүхэнд тохиолдох бүхнийг урьдаас төлөвлөж, тушаахдаа цэвэр Өөрийн сайн тааллын дагуу тушаасан байна. Улмаар энэхүү хувиршгүй төлөвлөгөө нь өөрөө Бурханд ирээдүйд тохиолдох түүхийг урьдаас мэдэх мэдлэгийг өгдөг ажээ.

Энэ мэт асуудлуудын дагуух маргаан мэтгэлцээн нь ихэвчлэн Бурханы сайн сайхан чанар, хүний чөлөөт хүсэл зориг гэх мэт теологийн сэдэвтэй холбоотойгоор урган гарч ирдэг. Нөгөө талаас Бурханы бүхнийг урьдаас мэдэх мэдлэгийн талаар Библид өгүүлэхдээ аливаа үйл явдлыг урьдаас мэдэх мэдлэгийн тухай ярьж байна уу, эсвэл Өөрийн авралд сонгосон хүмүүсийг урьдаас хувьчлан мэдэх мэдлэгийн тухай ярьж байна уу гэдэг дээр хүртэл санал зөрөлдөөн үүсдэг.

Гэвч бид зарим зүйл дээр бүрэн санал нийлэх боломжтой. Жишээ нь, Библид Бурхан бүхнийг урьдаас мэддэг гэж сургадаг уу? Тийм. Библид Бурхан бүхнийг урьдаас тогтсон, тэр дундаа мөнхийн авралыг ч урьдаас тогтоосон гэж заадаг уу? Тийм. Хэдийгээр бид аль нэг үзэл баримтлалыг нөгөөгөөс нь илүүд үзэж болох ч эцсийн дүндээ Бурханы мөнхийн тушаалууд болон Түүний бүхнийг урьдаас мэдэх мэдлэг нь өөр хоорондоо янз бүрээр уялдах боломжтой гэдэг дээр бид бүгд санал нийлэх нь гарцаагүй. Нөгөөтээгүүр бид мөнхийн Бурханы тухай ярьж байгаа бөгөөд тэр утгаараа бидний эгэл жирийн сэтгэлгээ үүнийг ойлгоход хангалтгүй гэдгийг бид үргэлж санах ёстой юм. Тэр утгаараа Бурханы мөнхийн тушаалууд эсвэл Түүний бүхнийг урьдаас мэдэх мэдлэгийг логик эрэмбэ дарааллыг хатуу тогтоох гэж оролдох нь өөрөө Библийн илчилж байгаа бүхнээс хальсан алхам гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Institutes of the Christian Religion номын 3-р дэвтэр, 21-р бүлэг, 5-р хэсэгт Жон Калвин ийнхүү бичсэн байдаг:

Бид Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон мөнхийн тушаалуудын онолыг хоёуланг нь баримталдаг боловч эдгээрийн аль нэгийг нөгөөд нь захируулна гэдэг утгагүй хэрэг.

Түүхийн бүхий л үйл явцад Бурхан хамгийн дээд эрх мэдэлтэй гэдэгт Калвин хатуу итгэдэг байсан. Түүний энд онцолсончлон Бурханы бүхнийг урьдаас мэдэх мэдлэг болон мөнхийн тушаалууд нь өөр хоорондоо хэрхэн уялдаж холбогддог болохыг Библид тодорхой өгүүлээгүй. Тиймээс ч түүний хэлсэнчлэн “Эдгээрийн аль нэгийг нөгөөд нь захируулах нь утгагүй хэрэг” юм.

Эцэст нь хэлэхэд, бид Бурханы төлөвлөгөөний тухай авч үзэхдээ төвийг сахисан эвангелийн үзэл баримтлалын дагуу Библийн хоёр байр суурийг хоёуланг авч үзэх нь бидний итгэлийн амьдралд амин чухал. Бурхан бол бидний амьдралд тулгардаг аливаа зовлон бэрхшээл бүхнээс дээгүүр эрх мэдэлтэй Нэгэн. Бидний амьдралд тохиолдож буй бүхэн Бурханы тогтоосны дагуу юм. Гэхдээ нөгөө талаар, Бурхан бидний амьдралд бүрэн оролцдог. Тэрээр түүхийг нэг тийш нь залж, дараа нь өөр тийш нь чиглүүлдэг. Ингэхдээ энэ нь ихэвчлэн бидний хийж буй сонголтоос шалтгаалдаг. Тиймээс хэрвээ бид энэ хоёр үзэл баримтлалын аль нэгийг нь үгүйсгэвэл бид Библийн хамгийн хүчирхэг, амь өгөгч сургаалуудыг амьдралаасаа түлхэн гаргах болно. Бурханы төлөвлөгөөний тухай, Түүний зорилгын тухай, Түүний өгдөг зөвлөгөө, Түүний буулгадаг тушаалууд, Түүний хүсэл зориг болон хүсэл тааллын тухай Библид сургасан энэхүү хоёр талт байр суурь нь хоёулаа Христийн дагалдагч нарын итгэмжит үйлчлэлд амин чухал нөлөөтэй байдаг.

Бурханы хамгийн дээд эрх мэдэл ба хүний эрх чөлөө, бидний хийж буй сонголт болон Бурханы туйлын хүсэл зориг, зорилго. Энэ бүхний хоорондох харилцаа холбоо бол теологийн хамгийн маргаантай сэдвүүдийн нэг юм. Ихэнх теологичид эдгээр асуудалд аль нэг талыг нь нөгөөгөөс нь илүүд тавьж авч үздэг болохыг та анзаарсан байх гэж би бодож байна. Хэдий тийм ч эдгээр асуудлуудын аль алиныг нь Библийн зарчимд үндсэлэн зааж буй теологичид бол хамгийн агуу теологичид гэж би боддог. Нөгөөтээгүүр бидний үзэл баримтлал ямар байхаас үл шалтгаалан бид бие биеэсээ суралцаж чадна гэж би бодож байна. Миний бодлоор хүмүүсийн сонголтод өргөлт өгдөг хүмүүс Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийн талаар болон бидэнд тохиолдож буй бүх зүйлс эцсийн дүндээ Бурханы зорилгын дагуу байдаг болохыг нотолсон Библийн эшлэлүүдийн ач холбогдлыг дутуу үнэлэх хандлагатай байдаг. Харин эсрэгээрээ Бурханы хэмжээлшгүй эрх мэдэлд өргөлт өгдөг хүмүүс хүмүүсийн хийдэг бодит сонголтууд болон энэ дэлхийд өрнөж буй үйл явдлуудад тэдгээр сонголтууд нь хэрхэн хүчтэй нөлөөлдөг болохыг дутуу үнэлэх хандлагатай байдаг. Үүгээр зогсохгүй бид дор бүрнээ бидний теологитой санал нийлж буй эшлэлүүдэд илүү татагдаж, цаад хүний үзэл бодлыг дэмжсэн эшлэлүүдээс зайлсхийх буюу ач холбогдлыг нь бууруулж үзэх хандлага гаргадаг юм шиг надад санагддаг. Тиймээс бид өөр хоорондоо теологийн харилцан яриаг өрнүүлэх тусам энэ нь эргээд биднийг Библийн эшлэл бүрийн ач холбогдлыг адилхан авч үзэж, цаад утга санааг нь бодитоор ойлгож хүлээж авахад тусална гэж би бодож байна.

— Доктор Филип Райкен

Энэ хүртэл бид хамтдаа Библи болон системт теологи нь Бурханы төлөвлөгөөний талаар ямар үзэл баримтлалтай байдаг болохыг үзлээ. Тэгвэл үргэлжлүүлээд хамтдаа энэхүү хичээлийнхээ хоёр дахь томоохон сэдэв рүү очицгооё. Энэ удаад бид Бурхан Өөрийн мөнхийн төлөвлөгөө болон бүтээлүүддээ хандсан түүхэн төлөвлөгөөнүүдээ хэрхэн гүйцэлдүүлдэг талаар үзэх болно.

Библи Бурханы энэ дэлхийн түүхэнд урьд өмнө нь хийсэн, одоо хийж байгаа болон ирээдүйд хийх ажлуудад маш их анхаарал хандуулсан байдаг. Библи эдгээр сэдвүүдэд чухал ач холбогдол өгч ирсэн нь теологичдыг ч мөн эдгээр сэдвүүдэд онцгой анхаарал хандуулахад хүргэсэн юм. Улмаар теологийн хүрээнд системт теологичид нь Бурханы бүх ажлын үндсэн шинж чанар буюу Бурханы бүтээлүүдтэйгээ харилцсан харилцаа бүрээс ажиглагдаж буй нийтлэг шинжүүдийг судалж иржээ.

Олон зуун жилийн турш Бурханы ажлын талаарх сэдэв нь ерөнхийдөө Бурханы бүтээлийн ажил болон Бурханы хангалтын ажил гэсэн хоёр хэсэгт хуваагдан судлагдаж ирсэн юм. Ингээд хамтдаа эхлээд Бурханы бүтээлийн ажил руу анхаарлаа хандуулцгаая.

Системт теологичид Бурхан экс нихильо буюу “оргүй хоосноос” бүхнийг бүтээсэн тэр үйл явдалд маш их анхаарал хандуулж ирсэн юм. Эхлэл 1:1, Иохан 1:3, Еврей 1:2 зэрэг эшлэлүүд нь Бурхан анхнаасаа оршин байсан бөгөөд Бурхан бүхнийг бүтээсэн гэдгээс өөр утга санааг илэрхийлдэггүй. Тиймээс эвангелийнхан политеизм буюу олон бурхад эсвэл бурхадтай төстэй бүтээлүүд Бурханы бүтээлийн ажилд тусалсан гэдэг итгэл үнэмшлийг бүхэлд нь үгүйсгэдэг. Нөгөөтээгүүр тэд бүгд пантеизм буюу Бурханыг бүтээлтэй нь адилтган үзэх үзлийг үгүйсгэдэг. Мөн тэд дуализм буюу бүтээл нь анхнаасаа Бурхантай зэрэгцэн мөнхөд оршин байсан гэж үзэх үзлийн аливаа хэлбэрүүдийг үгүйсгэдэг. Үүний оронд системт теологи нь Бүтээгч болон Түүний бүтээлийн хоорондох ялгааг тууштайгаар хатуу баримталж ирсэн юм.

Гэхдээ системт теологи нь бүтээлийн анхны мөчөөс илүү гүнзгийрүүлэн судалж улмаар Бурхан бүтээлийн ажлаа анхлан хоёр хуваасан гэж үзэх үзэлтэй нүүр тулсан байдаг. Энэхүү бүтээлийн ажлын хоёр талт шинж чанарын талаар Колоссай 1:16-д элч Паул ийнхүү бичсэн байдаг:

Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна (Колоссай 1:16).

Энд Паул Христийг бүхнийг бүтээсэн Нэгэн хэмээн өргөмжилсөн байна. Ингэхдээ тэрээр Эхлэл 1:1-д бичигдсэн тэнгэр ба газрыг хоёр салгаж дурдсан байна. Гэхдээ Паул үргэлжлүүлээд бүтээлийг нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх юмс хэмээн параллель хоёр хуваасан байгааг бид харж байна. Бүтээлийг ийнхүү хувааж авч үзсэн үзэл баримтлалыг чухалд тооцогдох олон итгэлийн тунхагт онцлон дурдаж, Бурханыг “үзэгдэх ба үл үзэгдэх бүхнийг” Бүтээгч хэмээн тунхагласан байдаг.

Гэхдээ энэ талаар үргэлжлүүлэн судлахаас өмнө бид нэг зүйлийг дурдах нь зүйтэй юм. Исаиа 66:1 гэх мэт Библийн олон эшлэлд бүтээлийн энэхүү хоёр талт чанарыг нэгтгэн нэг болгож авч үзсэн байдаг. Хамтдаа уншицгаая:

“Тэнгэр болбоос Миний сэнтий, газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ (Исаиа 66:1).

Энэ эшлэл нь Библийн хуудас бүрд нэвт шингэж ирсэн нэгэн үзэл баримтлалыг товчоор илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл бүтээл нь бүхэлдээ Бурханы орших ордон буюу сүм бөгөөд тэнгэр нь дээр, газар нь доор, үл үзэгдэх нь дээр, үзэгдэх нь доор байна гэсэн үг байх нь.

Хуучин гэрээнд Израилийн сүмийн загвар нь бүтээлийн энэхүү хоёр талт шинж чанарыг илэрхийлдэг байсан. Сүмийн дотоод хэсэгт нэгэн танхимыг дээш өндөрлөн барьж түүнийгээ онцгой ариун газар буюу ариунаас ариун газар хэмээн нэрлэж байжээ. Энэ танхим нь дээд буюу бүтээлийн нүдэнд үл үзэгдэх ертөнцийг захирах Бурханы захиргааг илэрхийлж байв. Энэхүү дээш өргөгдсөн танхимыг тойруулан арай нам дор хэсэгт ариун газар болон гадаах талбайг барьж байгуулсан байжээ. Энэхүү хоёр хэсэг нь хоёулаа доод буюу бүтээлийн нүдэнд үзэгдэх ертөнцийг илэрхийлж байна.

Бүтээлийн энэхүү хоёр талт үндсэн шинж чанар нь бидэнд Бурханы бүтээлүүддээ хандсан агуу зорилгыг ойлгож ухаарахад тустай юм. Энгийнээр хэлбэл түүхийн эцсийн зорилго нь дээд, үл үзэгдэх ертөнц дэх Бурханы сүр жавхлант хаанчлал нь доошоо тэлж, нэг л өдөр нүдэнд үзэгдэх ертөнцийн өнцөг булан бүрийг нөмрөх явдал юм. Ийнхүү эцэст нь Бурханы сүр жавхлан бүх бүтээлийг дүүргэж, улмаар дээр болон доор орших бүхий л бүтээлүүд Түүнийг үүрд мөнхөд магтан алдаршуулах болно. Бурханы бүтээлийн ажлын талаар Библид өгүүлдэг бүхэн бидэнд энэ л үндсэн үзэл баримтлалыг тунхаглаж байдаг.

Хүн төрөлхтний түүхийн эцсийн зорилго бол дэлхий ертөнц бүхэлдээ Бурханы нүдэнд үзэгдэх мөн бүтээлүүдтэйгээ хамт орших сүм, цэцэрлэг, хаанчлал болон хаан сэнтий болон хувирах явдал юм. Библийн эхэнд бичигдсэн Эхлэл 1 болон 2-р бүлгээс ч мөн ийм зорилгыг харах боломжтой. Бурхан орчлон ертөнцийг сайн сайхнаар бүтээсэн. Ингэхдээ Тэрээр Өөрөө бүтээлүүдтэйгээ хамт байж, оршихуй нь бүтээлүүдэд нь илэрхий харагдах нэгэн цэцэрлэгийг бүтээсэн нь Бурханы орших ариун газар байсан. Улмаар Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ерөөж цэцэрлэг даяар тархан үржиж олшрон өнөр өтгөн болж улмаар газар дэлхийг дүүргэн захирахыг тушаасан. Мэдээж Уналтын улмаас энэ төлөвлөгөө тасалдсан. Гэсэн хэдий ч хожим нь эмэгтэйн үр могойн толгойг бяцлах болно гэсэн амлалтыг Бурхан тэр цэцэрлэг дотор өгч тэр амлалт ч эцсийн дүндээ биеллээ олсон юм. Тиймээс энэ газар дэлхий нь Бурханы алдар нууцлагдсан газар бус, харин ч Бурханы суу алдраар дүүрэн бялхсан газар болон өөрчлөгдөх болно.

— Пастор Майкл Ж.Глодо

Бурханы бүтээлийн энэхүү хоёр талт шинж чанар нь маш чухал ойлголт учраас бид дээд буюу бүтээлийн үл үзэгдэх хэмжээс болон доод буюу бүтээлийн үзэгдэх хэмжээсийн аль алиныг нь авч үзэх нь зүйтэй юм. Ингээд хамтдаа эхлээд Бурханы бүтээлийн үл үзэгдэх хэмжээсүүдийн талаар авч үзэцгээе.

Орчин үеийн материализм нь Христийн дагалдагчдад хүчтэй нөлөөлсөн учраас өнөөдөр теологи судлаачдын дунд бүтээлийн нүдэнд үл үзэгдэх хэмжээсүүдийн талаарх Библийн сургаалыг хойш тавих хандлага түгээмэл ажиглагдах болжээ. Үнэнийг хэлэхэд зарим Христэд итгэгчдийн дунд нүдэнд үл үзэгдэх ертөнцөд хэтэрхий их анхаарал хандуулах хандлага түгээмэл байдаг ч харин академик талбарт бид туйлшралаас сэрэмжлэх хэрэгтэй болоод байна. Бүтээлд хандсан Бурханы төлөвлөгөөний дийлэнх хэсэг нь нүдэнд үл үзэгдэх ертөнцөөс эхэлж, тэнд өрнөж буй үйл явдлаас улбаалан урагшилж байдаг. Тиймээс ч бид Бурханы онолыг судлахдаа теологичдын “ер бусын ертөнц” гэж нэрлэдэг тэрхүү ертөнцийн талаар судалж үзэхгүй байхын аргагүй юм.

Энэхүү дээд буюу бүтээлийн нүдэнд үл үзэгдэх хэмжээсүүдийг тодорхойлох маш олон арга зам бий. Гэхдээ зорилготойгоо уялдуулах үүднээс бид эхлээд нүдэнд үл үзэгдэх ертөнцийн бүтэц, зохион байгуулалтын талаар авч үзье. Үүний дараа бид нүдэнд үл үзэгдэх ертөнцөд оршин суугчдын талаар үзэх болно. Ингээд хамтдаа эхлээд энэхүү ер бусын ертөнцийн бүтэц, зохион байгуулалтыг авч үзэцгээе.

Бүтэц, зохион байгуулалт. Бүтээлийн энэхүү хэмжээсийг Библид голчлон “тэнгэр” буюу “тэнгэрс” гэж нэрлэсэн байдаг. Еврей хэлний шамаим (שָׁמַיִם) болон грек хэлний оуранос (οὐρανός) гэсэн хоёр үгийг хоёуланг нь “тэнгэр” буюу “тэнгэрс” гэж орчуулах боломжтой юм. Гэхдээ нөгөөтээгүүр зарим тохиолдолд эдгээр үгс нь бидний мэдэх “цэнхэр тэнгэр” болон “сансар огторгуй” гэсэн утгыг илэрхийлсэн тохиолдлууд ч бий. Тиймээс бид энэхүү ер бусын ертөнцийн талаар үзэхдээ эдгээр үгс нь зөвхөн дээд ертөнц буюу Бурхан нүдийг нь онцгойгоор нээж өгөхөөс нааш жирийн хүний нүдэнд үл үзэгдэх тэрхүү ертөнц гэсэн утгыг илэрхийлсэн тохиолдлуудыг л түүвэрлэн авч үзэх болно.

Үнэндээ Библид нүдэнд үл үзэгдэх тэнгэрсийн бүтэц, зохион байгуулалтын талаар тодорхой зүйлийг хэлээгүй боловч маш нарийн бүтэц зохион байгуулалттай болохыг илтгэсэн утга санааг олонтоо илэрхийлсэн байдаг. Жишээ нь, Дуулал 104:3-т Бурханы дээд өрөө буюу “дээврийн тасалгааны” тухай өгүүлсэн байдаг. 1Хаад 8:30 болон өөр олон эшлэлүүдэд үүнийг өөрөөр Бурханы “тэнгэр дэх орших газар” буюу “тэнгэр дэх залрах газар” хэмээн илэрхийлсэн байдаг. Исаиа 63:15-д энэхүү тэнгэрлэг ордныг “ариун, цог жавхлант газар” гэж тодорхойлсон байна. Үүнээс гадна 2Коринт 12:2-4-т Паул рабби нарын теологиос эш татаж “гурав дахь тэнгэрийн” тухай өгүүлэхдээ үүнийг “диваажин... хүний илэрхийлшгүй, хэлж боломгүй” хэмээн тодорхойлсон байдаг. Цаашилбал, Дэд хууль 10:14, Дуулал 115:16 болон өөр олон эшлэлд “Эзэний тэнгэрс” буюу “тэнгэрсийн тэнгэрийн” тухай дурдсан байна. Библийн эдгээр болон эдгээртэй төстэй өөр олон эшлэлүүд нь үл үзэгдэх ертөнцийн бүтэц зохион байгуулалт нь маш нарийн төвөгтэй бөгөөд бидний ойлголтоос хэтийдсэн гэдгийг илтгэж байна. Хэдий тийм боловч эдгээр болон бусад эшлэлүүд нь нүдэнд үл үзэгдэх тэнгэрлэг ертөнц нь эрхэм дээд, Бурханы ордон мэт сүр жавхлантай, өндөрт өргөмжлөгдсөн байдлаар зохион байгуулагдсан болох нь илэрхий байна.

Тэгвэл бидний хувьд нүдэнд үл үзэгдэх ертөнцийн энэхүү нарийн төвөгтэй бүтэц зохион байгуулалтыг ойлгохоос гадна тэрхүү нүдэнд үл үзэгдэх ертөнцөд ямар бүтээлүүд оршин байдаг болохыг авч үзэх нь чухал юм.

Оршин суугчид. Мэдээж нүдэнд үл үзэгдэх тэнгэрлэг ертөнцөд оршигч хамгийн агуу, сүр жавхлантай Нэгэн бол Бурхан Өөрөө юм. Гэхдээ бид энэ асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй. Учир нь олон хүн тэнгэр гэхээр Бурханы бүхнээс ангид буюу дээгүүр оршигч чанарынхаа бүрэн илрэлээр орших тэр газар гэж боддог. Гэвч үнэндээ тийм биш. Тэнгэр бол Бурханы бүтээлийн нэг хэсэг. Энэ бол хэмжээ хязгаартай, түр зуурын бөгөөд хувирч өөрчлөгддөг ертөнц. Хэдийгээр тэнгэр нь нүдэнд үзэгдэх ертөнцөөс дээгүүр оршдог боловч энэ ч мөн Бурханы бүтээлүүдтэйгээ харилцдаг газар юм. Тиймээс ч 1Хаад 8:27-д Соломон хаан Бурханыг өргөмжлөхдөө “тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ” хэмээн тунхагласан байдаг. Гэхдээ Соломон хаан үргэлжлүүлэн залбирахдаа тэнгэрийг Бурханы “залрах газар” буюу Өөрийнхөө хүмүүсийн залбирлыг сонсож, хариулдаг газар хэмээн тодорхойлсон байна. Тэгэхээр тэнгэр нь Бурханы сэнтийдээ заларч Өөрийн тэнгэрлэг бүтээлүүдтэйгээ харилцдаг тэр газар гэж ойлгож болох нь. Бид ийм дүр зургийг Иов 1:6-12, Даниел 7:9-11 болон Лук 22:21 зэрэг эшлэлүүдээс харах боломжтой. Тэгэхээр Бурханы тэнгэрлэг сэнтийн танхим нь нүдэнд үзэгдэх ертөнцөөс дээгүүр өндөрт өргөмжлөгдсөн байна. Гэсэн хэдий ч энэ нь Бурханы бүтээлийн нэгээхэн хэсэг мөнөөсөө мөн. Тиймээс ч түүхийн эхэнд Бурхан “гэрэл бий болог” хэмээн айлдахдаа л тэнгэрлэг сэнтийдээ заларсан бүтээлүүдийн их Хааны ёсоор түүхийг бүхэлд нь Өөрийн хүслээр найруулсан билээ.

Гэхдээ дээд, нүдэнд үл үзэгдэх ертөнцөд зөвхөн Бурхан ганцаараа оршин байдаг биш ээ. Жишээ нь, махбодтой бүтээлүүд нүдэнд үл үзэгдэх ертөнц рүү нэвтрэх нь маш ховор боловч огт боломжгүй зүйл биш байна. Жишээ нь Үйлс 2:31-33-аас үзвэл Есүс Өөрийн алдрын биеэрээ эцэг Давидынхаа сэнтийд заларсан тухай өгүүлсэн байдаг. Тэрээр одоо тэнгэр дэх Бурхан Эцэгийнхээ баруун гар талын хүндэт суудалд заларсан байна.

Үүнээс гадна тэнгэр нь сүнслэг бүтээлүүд болон нас барсан зөвт хүмүүсийн сүнсээр дүүрэн байна. Гэхдээ тэднийг болон тэдний үйлсийг ёс бусын үзэгдлээр биш л бол өөрөөр харах боломжгүй юм. Тэднийг Матай 8:16 болон Еврей 1:14-т “сүнснүүд” гэсэн байдаг бол Дуулал 29:1 болон Дуулал 89:6-д “Бурханы хөвгүүд” буюу тэнгэрлэг биес, Дуулал 89:5 болон Зехариа 14:5-д “ариун нэгнүүд”, Даниел 4:13 болон Дуулал 91:11-д “тэнгэрэлч”, Дуулал 148:2, Даниел 8:10 болон өөр олон газарт “түмэн цэрэг” буюу “түг түмд” хэмээн нэрлэсэн байдаг. Дуулал 82-р бүлгээс үзвэл тэдгээр сүнснүүдийн заримд нь энэ дэлхий дээрх улс үндэстнүүдийг хариуцуулсан байдаг ажээ. Габриел, Михаел нар бол тэнгэрэлч нарын хүчирхэг удирдагчид бөгөөд Бурханы сонгосон ард түмний өмнөөс Бурханд үйлчилдэг байна. Херубууд нь Бурханы ариун байдлыг хамгаалах хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг бол серафууд нь Бурханы сэнтийн өмнө үйлчилдэг ажээ.

Библиэс үзвэл тэнгэрлэг ертөнц дэх сүнснүүд нь бүгд бусад бүтээлүүдийн нэгэн адил анхандаа сайнаар бүтээгдсэн байна. 1Тимот 5:21-д Бурханы нигүүлслээр Бурханд итгэмжит үлдсэн сүнснүүдийг “сонгогдсон тэнгэрэлч нар” хэмээн нэрлэсэн байдаг. Гэвч тэднээс бусад сүнснүүд нь Бурханы эсрэг тэрсэлсэн байна. Иохан 8:44, 1Тимот 3:6, 2Петр 2:4, Иуда 6-гаас бид үүнийг харж болно. Энэхүү тэнгэрэлч нарын тэрслэлийн талаар бид их зүйлийг мэдэхгүй ч энэ нь өргөн хүрээг хамарснаас гадна, Сатан болон магадгүй бусад сүнснүүд Адам, Ева хоёрыг уруу татагдахаас ч өмнө Бурханы эсрэг тэрсэлсэн гэдгийг бид мэднэ. Иов 1:6-12, Дуулал 82 болон 2Коринт 18:18-22 зэрэг эшлэлүүдэд дайсан болох Сатан (мөн Диавол эсвэл Буруутгагч гэгддэг) болон түүний ёрын муу сүнснүүд буюу чөтгөрүүд (мөн захирагчид, эрх баригчид, хүчнүүд гэгддэг) нь үе үе тэнгэр дэх үйл ажиллагаанд оролцсоор байдаг ажээ. Тэд тэнгэр дэх шүүх үйл ажиллагаанд оролцож, ёрын муу сэдлээр үйлдэж буй бүхнээрээ энэ дэлхийд хандсан Бурханы хүсэл зоригийг гүйцэлдүүлсээр байдаг ажээ.

Гэвч Сатан болон бусад ёрын муу сүнснүүд тэнгэрлэг шүүх үйл ажиллагаанд мөнхөд оролцохгүй юм. Учир нь тэдэнд болон Бурханы эсрэг тэрсэлсэн хүмүүст зориулсан мөнхийн шүүлтийн газар нь үхэгсдийн ертөнцөд аль хэдийн бэлтгэгдсэн юм.

Бид энд тэнгэрэлч нарын ертөнцийн тухай ярьж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид энд тэнгэрийн тухай болон тэнгэр дэх оршин суугчдын тухай ярьж байна. Ингэхдээ бид тэнгэрлэг эрх мэдэлтнүүд, тэр дундаа ёрын муу хүчнүүд болон уналтад орсон тэнгэрэлч нарыг ч мөн үүнд багтааж үзэх ёстой. Үнэн хэрэгтээ Бурхан сайн тэнгэрэлч нарыг захирдаг шигээ уналтад орсон тэнгэрэлч нарыг ч яг адилхан захирах бүрэн эрх мэдэлтэй юм... Бид заримдаа уналтад орсон тэнгэрэлч нар нь сайн тэнгэрэлч нараас арай илүү эрх чөлөөтэй юм шиг боддог. Учир нь сайн тэнгэрэлч нар нь Бурхан бүрэн хяналт дор байж Бурханд үйлчилдэг бол уналтад орсон тэнгэрэлч нар нь дураараа хөгжилдөж, энэ дэлхий дээр хүссэнээрээ үймүүлж байгаа юм шиг санадаг. Гэхдээ энэ тал дээр Библи маш тодорхой хариултыг өгдөг. Бурхан уналтад орсон тэнгэрэлч нарыг бүхэн хяналтдаа байлгадаг. Тиймээс ч тэдний хийж байгаа бүхэн Бурханы зөвшөөрлийн дагуу юм... Мөн Сатаны хийж байгаа бүхэн, мөн Илчлэл 13:5-8-аас үзвэл эцсийн цаг үед араатан, антихрист нарын хийж байгаа бүхэн ч Бурханы зөвшөөрлийн дагуу юм. Тэр бүү хэл Бурхан тэдэнд Бурханы нэрийг доромжлохыг хүртэл зөвшөөрсөн байдаг. Тиймээс Бурхан уналтад орсон ертөнцийг бүхэлд нь хянадгаас гадна тэнгэрлэг ертөнцийг ч мөн бүхэлд нь бүрэн хянадаг байх нь ээ.

— Доктор Грант Р.Осборн

Энэ хүртэл бид хамтдаа Бурханы бүтээлийн үл үзэгдэх хэмжээсүүдийн талаар үзлээ. Тэгвэл хамтдаа Бурханы бүтээлийн үзэгдэх хэмжээсүүд буюу та бидний амьдарч буй материаллаг ертөнцийн талаар үзэцгээе.

Бид Бурханы бүтээлийн үл үзэгдэх ертөнцийг хэрхэн авч үзсэнтэй адил үзэгдэх хэмжээсүүдийг Библид хэрхэн зурагласан болохыг ч мөн тийнхүү авч үзэх болно. Нэгдүгээрт, бид үзэгдэх ертөнцийн үндсэн бүтэц, зохион байгуулалтыг авч үзье. Харин хоёрдугаарт, бид энэ ертөнцөд оршин суугчдын талаар үзэх болно. Ингээд хамтдаа бүтээлийн үзэгдэх хэмжээсүүдийн бүтэц зохион байгуулалтыг авч үзэцгээе.

Өмнө нь хэлж байсанчлан Библид Бурханы бүх бүтээлийг Бурханы тэнгэрлэг ордон буюу сүм гэж танилцуулсан байдаг. Тиймээс ч олон зуун жилийн туршид системт теологичид Бурханы энэхүү ордон буюу сүмийн нүдэнд үзэгдэх хэсэг нь ямар зохион байгуулалттай болохыг олж харахын тулд Эхлэл номын нэгдүгээр бүлгийг судалж ирсэн. Эхлэл 1:2-оос үзвэл нүдэнд үзэгдэх ертөнц нь эхэндээ “хэлбэржээгүй, хоосон” байжээ. Гэвч эхний долоо хоногийн сүүлийн өдөр гэхэд Эхлэл 2:1-3-т бичигдсэнчлэн Бурхан бүтээлийн хамгийн эхний, тааламжтай бүтэц зохион байгуулалтыг бий болгож дууссан байна. Тэгээд Тэрээр тэнгэрлэг сэнтийдээ амарчээ. Тэгвэл энэхүү нүдэнд үзэгдэх ертөнцийн анхны бүтэц зохион байгуулалт нь ямар байсан бэ?

Эхлэл 1-р бүлгээс үзвэл эхний өдөр Бурхан Өөрийн ордны нүдэнд үзэгдэх хэсэгт өдөр шөнийг буюу гэрэл болон харанхуйг бүтээсэн байна. Хоёр дахь өдөр нь Бурхан нүдэнд үзэгдэх тэнгэр болон тэнгис далайг бүтээжээ. Гурав дахь өдөр нь Бурхан тэнгэрлэг ордныхоо шалан дээр хуурай газрыг болон ургамлын ертөнцийг бүтээсэн.

Орчлон ертөнцийг ширтэн харах төдийд л Бурхан ямар гайхамшигтай мэргэн ухаан, агуу их хүч чадлаар орчлон ертөнцийг бүтээсэн болохыг та бэлээхэн харж чадна. Бурхан бүх зүйлийг маш нарийн загвартайгаар зохиож, орон зай, хол ойрыг хүртэл гайхамшигтайгаар тохируулжээ. Галактикуудыг аваад үзье л дээ. Хэдэн зуу мянган галактикууд... Тэд бүгд үнэхээр гайхамшигтайгаар загварчлагдсан байна. Тэр бүхнээс Бурханы мэргэн ухаан илэрхий харагдана. Гэтэл Бурхан тэр бүхнийг бүтээхдээ оргүй хоосноос бүтээсэн шүү дээ... Үнэхээр бүх бүтээл болон сансар огторгуйгаас Бурханы агуу гайхамшигтай мэргэн ухаан хийгээд хүч чадал бэлээхэн харагдаж байна.

— Доктор Фрэнк Баркер

Тэгвэл хамтдаа үзэгдэх ертөнцийн бүтэц зохион байгуулалтыг дотроо санахын зэрэгцээ Бурханы бүтээлийн ажлыг өгүүлсэн Библийн тэмдэглэлд үзэгдэх ертөнцийн оршин суугчдын талаар юуг өгүүлсэн болохыг судалж үзэцгээе.

Нүдэнд үл үзэгдэх ертөнцийн оршин суугчид нь тэнгэр дэх их Хааны зорилгод үйлчлэхийн тулд үзэгдэх ертөнцөд ирж үзэгдсэн зарим нэг тохиолдлууд бий. Мөн Библид теофани буюу Бурхан Өөрөө хүмүүст үзэгдсэн тухай Библийн түүхэн тэмдэглэлүүд ч цөөнгүй бий. Жишээ нь Бурхан Еден цэцэрлэгт Адам, Ева хоёрт үзэгдсэн. Тэрээр израильчуудад зүүд болон үзэгдлүүдээр, үүлэн болон галан баганаар үзэгдэж байсан. Бас мэдээж Шинэ гэрээнд сургасанчлан Бурхан Христийн биежилтээр болон Түүний энэ дэлхий дээрх үйлчлэлээр дамжин Өөрийгөө харуулсан.

Гэхдээ Эхлэл номын нэгдүгээр бүлэгт голчлон нүдэнд үзэгдэх ертөнцийн эгэл жирийн нүдэнд үзэгдэх оршин суугчдын талаар өгүүлсэн байдаг. Жишээ нь, эхний өдөр Бурхан гэрэл болон харанхуйг салгасан. Дараа нь дөрөв дэх өдөр Бурхан өдөр болон шөнийг захируулахаар нар, сар болон оддыг бүтээсэн. Мөн хоёр дахь өдөр нь Бурхан нүдэнд үзэгдэх тэнгэр болон далай тэнгисийг бүтээсэн. Дараа нь тав дахь өдөр Бурхан тэнгэрийн шувууд болон далайн ан амьтдыг бүтээсэн. Гурав дахь өдөр нь Бурхан хуурай газрыг болон ургамлын ертөнцийг бүтээсэн. Дараа нь зургаа дахь өдөр Бурхан ан амьтад болон хүнийг бүтээсэн. Нүдэнд үзэгдэх ертөнцөд оршин сууж буй энэ бүх оршин суугчид нь бүгдээрээ бүтээлд хандсан Бурханы зорилгод чухал үүрэгтэй юм. Гэхдээ Эхлэл 1:26-31-ээс үзвэл зөвхөн хүн төрөлхтөнд л Бурхантай адил дүр төрхөөр бүтээгдэх онцгой эрх оногдсон байна. Хамтдаа Эхлэл 1:28-ыг уншицгаая:

Бурхан тэднийг ерөөж “Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг!” гэв (Эхлэл 1:28).

Тэгвэл хүн төрөлхтөн буюу эрэгтэй эмэгтэй хүн хоёулаа Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн утгатай юм бэ? Энэ нь яг юу гэсэн утгатай болох талаар теологичдын дунд маш их маргаан мэтгэлцээн өрнөж байсан. Улмаар Хуучин гэрээ судлаачид нь Сирийн Телл Фахарияахаас олдсон олдворын талаар олж мэдсэн байна. Тэрхүү олдвор нь тухайн бүс нутгийг захирч байсан нэгэн захирагчийн хөшөө байжээ. Уг хөшөөг тухайн захирагчийн “дүр төрх” гэж нэрлэсэн байв. Тэгвэл энэ ойлголт дээр тулгуурлаад Эхлэл 1-р бүлгийг үзвэл хүмүүс Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь хүмүүс энэ дэлхий дээрх Бурханы хөшөөтэй адил буюу энэ дэлхийн жинхэнэ Хаан болох Бурханы төлөөлөгчид байна гэсэн үг юм. Тиймээс хүмүүс бид Бурханы “дүр төрхийг тээгч” гэдэг нь бид бүтээлүүдийг хайрлан хамгаалах замаар энэ дэлхийд Бурханыг төлөөлж, Бурханыг тусган харуулахын тулд дуудагдсан гэсэн утгатай гэж ойлгож болно.

— Доктор Эндрью Абэрнэти

Эхлэл номын хоёрдугаар бүлэгт тайлбарласанчлан эхэнд Бурхан Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгт тавьсан. Дэлхий дээр Бурханы бүтээсэн энэхүү цэцэрлэг дэндүү төгс, дэндүү үзэсгэлэнтэй, дэндүү ариун байсан учир Бурхан Өөрөө нүдэнд үзэгдэх яруу алдраараа тэрхүү цэцэрлэгт оршин байсан. Гэхдээ түүхийн гол зорилго нь энэхүү цэцэрлэгийн төгс, үзэсгэлэнтэй, ариун байдлыг дэлхийн хязгаар хүртэл тэлэх явдал байв. Ингэснээр энэ нь Бурханы нүдэнд үзэгдэх сүр жавхлан хаа сайгүйгээр гэрэлтэж, бүгд Түүнд дуусашгүй магтаалыг өргөх учиртай байв. Харин дэлхий даяар энэхүү ариун байдал болон Бурханы сүр жавхлан түгэн тархах үндсэн хэрэгсэл нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн төрөлхтөн байлаа. Тэгвэл өнөөдөр Бурханаар золигдсон хүмүүс бүгдээрээ Бурханы нигүүлслийн хүчээр болон тэнгэрэлч нарын үйлчлэлийн дэмжлэгтэйгээр бие махбодын болон сүнслэг дайснуудаа ялан дийлж, Бурханд үйлчлэх үйлчлэл дотроос түүхийн энэхүү эцсийн зорилгыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлэх хувь тавиланг хүлээн авсан ажээ.

Тийм ч учраас Библид болон эвангелийн системт теологид Христийн Бурханы төгс дүр төрхийг илэрхийлэх үүрэгт маш их өргөлтийг өгдөг. Тэрээр Өөрийн зольсон хүмүүсийн гэм нүглийн төлөөсийг бүрэн төлөөд зогсохгүй дахин ирж цоо шинэ тэнгэр болон газрыг бүтээж, газар дэлхийг бүхэлд нь Бурханы ариун дүр төрхөөр дүүргэж, бүх зүйлсийг цоо шинэ болгох болно. Бурханы үзэгдэх яруу алдар нь бүтээлийн үзэгдэх болон үл үзэгдэх ертөнц даяар нэвт гэрэлтэж, бүх бүтээлүүд Бурханыг хүндлэн дээдлэх болно. Үүнийг Филиппой 2:10-11-д Паул ийнхүү зурагласан байна:

Энэ нь Есүсийн нэрд тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сөгдөж, Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ (Филиппой 2:10-11).

Энэ хүртэл бид хамтдаа түүхэн дэх Бурханы бүтээлийн ажлуудын бүтэц зохион байгуулалтууд болон үзэгдэх хийгээд үл үзэгдэх ертөнцийн оршин суугчдын талаар үзэцгээлээ. Тэгвэл хамтдаа үргэлжлүүлээд Бурханы хангалтын дор түүх хэрхэн өрнөж байгаа талаар хамтдаа судалж үзэцгээе.

Латинаар провидентиа хэмээх теологийн нэр томьёо нь Бурхан Өөрийн мөнхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Өөрийн бүтээлүүдээ “харж хандах”, “анхаарал тавих”, “ханган тэтгэх” гэсэн санааг илэрхийлдэг. Энэ утгаараа Бурханы хангалт гэдэг ойлголтод маш олон янзын үйл ажиллагааг хамруулан ойлгох боломжтой юм. Учир нь Бурханы ханган тэтгэгч хүч нь бүх зүйлсийг, бүх цаг хугацааны туршид, бүгдийг нь тогтоон тэтгэж байдаг агуу хүч юм. Хэрвээ энэ сэдвийг Бурхан судлалын хүрээнд бус, системт теологийн бусад сэдвийн хүрээнд авч үзвэл энэ нь Бурханы хангалтын зөвхөн тодорхой нэг хүрээг буюу Бурхан хэрхэн гэм нүглийн асуудлыг шийдэж, авралыг өгсөн болохыг авч үздэг байна. Харин эсрэгээрээ Бурхан судлалын хүрээнд энэ сэдвийг авч үзвэл бүхий л түүхийн туршид бүтээлүүдээ ханган тэтгэж ирсэн Бурханы хангалтын бүхий л хэмжээсүүдийг, тэдгээрийн нийтлэг онцлог шинж чанарыг авч үздэг ажээ.

“Хангалт” гэдэг үг нь латин хэлнээс гаралтай үг бөгөөд шууд утгаараа бол аливааг урьдаас харах гэсэн утгатай үг юм. Гэхдээ эцсийн дүндээ бол энэ нь Бурхан бүх бүтээлүүдээ харж хандаж, анхааран халамжилсаар байна гэсэн утгыг илэрхийлдэг... Бурханы хангалтын тухай энэхүү ойлголт нь бусад олон чухал онол сургаалтай шууд холбогддог. Харамсалтай нь Христэд итгэгчид бид Бурхан хэрхэн гайхамшигтайгаар биднийг харж хандаж байдгийг тэр бүр анзаарч талархаж чаддаггүй гэж би боддог. Бурхан бүтээлүүдээ харж ханддаг... энэ ойлголт бидэнд гайхамшигтай тайвшралыг өгдөг. Энэ ойлголт бидэнд Бурханы сайныг сануулж, Тэр бол алс хол оршдог Нэгэн биш, уурлаж хилэгнэсэн Бурхан биш, харин бүтээлүүдээ ханган тэтгэхдээ баярладаг, юу хийхээ сайн мэддэг, бүх зүйлсийг Өөрийнхөө зорилго болон төлөвлөгөөнүүдийн дагуу хөдөлгөж байдаг агуу Бурхан гэдгийг бидэнд сануулдаг.

— Пастор, доктор Льюис Винклер

Уламжлалт системт теологичид Бурханы хангалтын загвар хэв маягийг тодорхойлохдоо бидний өмнөх хичээлээрээ үзсэн нэгэн чухал нэр томъёог ашигласан байна. Нэг талаас тэд Бурханыг анхдагч шалтгаан буюу түүхэнд тохиолдож буй бүхний цаадах туйлын учир шалтгаан гэж үзсэн байна. Харин нөгөө талаас тэд бүтээлийн олон хэмжээсийг хоёрдогч шалтгаан гэж нэрлэсэн байна. Үүгээрээ тэд түүхэнд тохиолдож буй аливаа үйл явдлуудыг нөхцөлдүүлж байдаг үзэгдэх хийгээд үл үзэгдэх ертөнцүүдийн олон талт чанарыг илэрхийлсэн байна.

Бурханы хангалтын ажлыг тодорхойлох зорилгын хүрээнд дээрх нэршилтэй холбоотой олон зүйлийг өгүүлж болно. Гэхдээ цагаа хэмнэх үүднээс бид зөвхөн хоёр зүйлийг л авч үзье. Нэгдүгээрт, бид хоёрдогч шалтгаануудын ач холбогдлын талаар үзэх болно. Хоёрдугаарт, бид Бурхан болон хоёрдогч шалтгаануудын хоорондын харилцааг судалж үзнэ. Ингээд хамтдаа хоёрдогч шалтгаануудын ач холбогдлыг авч үзэцгээе.

Юуны түрүүнд бид Вестминстерийн итгэлийн тунхгийн “Хангалтын тухайд” гарчигтай хэсгээс эш татах нь зүйтэй гэж би бодож байна. Вестминстерийн итгэлийн тунхгийн тавдугаар бүлгийн хоёр дахь догол мөрд ийнхүү бичигдсэн байна:

Хэдийгээр анхдагч шалтгаан болох Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон Бурханы тушаалтай холбоотойгоор бүх зүйлс хөдөлшгүй, алдаа мадаггүйгээр биелэх учиртай боловч мөн Тэр л Бурхан Өөрийн хангалтын дагуу, хоёрдогч шалтгааны мөн чанарын улмаас зайлшгүйгээр, чөлөөтэйгөөр, бас зориудын чанартайгаар аливаа зүйл тохиолдохыг зөвшөөрдөг.

Энэ тодорхойлолтоос бид Бурханы төлөвлөгөөний тухай эвангелийн төвийг сахисан үзэл баримтлалыг харж болно. Энэ хэсэгт “бүх зүйлс хөдөлшгүй, алдаа мадаггүйгээр биелэх учиртай” хэмээн тунхаглахдаа үүнийгээ “Анхдагч шалтгаан болох Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон Бурханы тушаалтай холбоотойгоор” хэмээн тайлбарласан байна. Бидний өмнө нь үзсэнчлэн түүхэнд тохиолдож буй бүх зүйл Бурхан бүхнийг хамарсан, мөнхийн, сааташгүй төлөвлөгөөний дагуу байдаг гэдгийг Библи сургадаг. Гэхдээ олон тохиолдолд Христийн дагалдагчид энэхүү Итгэлийн тунхгийн өгүүлсэн дараагийн санааг орхигдуулдаг. Энд тунхаглахдаа “хоёрдогч шалтгааны мөн чанарын улмаас... бүтэлгүйтэхийг зөвшөөрдөг” гэсэн байна. Энэхүү илэрхийлэл нь дундад зууны үеийн схоластик теологичдоос эхлэн өнөөг хүртэл өрнөсөөр байгаа нэгэн томоохон маргаан мэтгэлцээнийг илэрхийлж байна. Гэхдээ энэхүү мэтгэлцээнийг нарийвчилж авч үзвэл тэр нь бидний үзэж буй энэхүү хичээлийн цар хүрээнээс хальсан зүйл болох учир товч авч үзэхээр шийдлээ.

Олон зууны туршид маш олон теологич болон философич Бурхан бол зөвхөн анхдагч шалтгаан төдийгүй цорын ганц шалтгаан хэмээн маргаж ирсэн байдаг. Үүгээрээ тэд бүтээлийг яг л амьгүй хүүхэлдэй мэт, бүхий л түүхэн үйл явдлууд нь гагцхүү Бурханы зүгээс бүтээлүүдэд хийж буй үйлс бөгөөд Бурханыг аварга том хүүхэлдэй тоглуулагч мэтээр үзэж байна гэсэн үг юм. Энэ үзлээр бол, хэрвээ Бурхан Өөрөө шууд болон хувьчилж оролцохгүй л бол юу ч тохиолдохгүй ажээ. Дэлхий нарыг тойрон эргэлддэг нь ч Бурхан дэлхийг ингэж хөдлөхөөр тогтоосон учраас тэр юм. Мод өндөр болон ургаж байгаа нь Бурхан Өөрөө түүнийг ургуулж байгаа учраас тэр юм. Ан амьтад хөлхөж, далай тэнгист загас сэлж байгаа нь ч Бурхан тэр болгоныг нэг бүрчлэн Өөрөө хөдөлгөж байгаа учраас тэр юм. Энэ үзлээр бол хүн болон үл үзэгдэх сүнснүүд сайн эсвэл мууг сонгож байгаа нь ч Бурхан тэдний өмнөөс сонголтыг хийж өгч байгаа учраас тэр ажээ.

Нэг талаас, Бурхан бүх бүтээлийг ханган тэтгэж байдаг нь үнэн. Үйлс 17:28-д Паул хэлэхдээ, “Бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог” гэсэн байдаг. Гэхдээ бүтээл нь Бурхан утсыг нь татаж, бүх зүйлийг хөдөлгөхийг хүлээж суудаг амьгүй хүүхэлдэй төдий биш гэдгийг бид удахгүй үзэх болно. Харин ч эсрэгээрээ Бурхан бүтээлийн өөр өөр хэсгүүдэд өөр өөр чадваруудыг өгч, улмаар бүтээл нь аливаа түүхэн үйл явдлын жинхэнэ бөгөөд хоёрдогч шалтгаан болох боломжийг олгосон гэдгийг Библи бидэнд сургадаг.

Вестминстерийн итгэлийн тунхагт өгүүлсэнчлэн Бурхан Өөрөө бүх зүйлийн анхдагч шалтгаан боловч Тэр Өөрөө хоёрдогч шалтгаануудыг бүтээж, хэрэглэж, хүлээн зөвшөөрдөг гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энд хүмүүс бидний хийж байгаа бүхэн чухал ач холбогдолтой гэдгийг батлан хэлэхийн тулд энд бичигдсэн үг бүрийг маш анхааралтайгаар сонгожээ. Тиймээс ч энд “шалтгаан” гэсэн үгийг зориудаар оруулсан байна. Ингэхдээ хамгийн дээд эрх мэдэл Бурханд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхийн тулд бусдыг нь “хоёрдогч” гэдэг үгээр ялгажээ... Харин Бурхан Өөрөө анхдагч шалтгаан юм. Харин Бурханы бидэнд өгсөн нигүүлслийн бэлгүүд буюу номлол, Библийн эшлэл цээжлэх, хуваалцах, сайнмэдээ тараах, залбирах, Эзэний зоог барих, баптисм хүртээх гэх мэт зүйлс бүгд хоёрдогч шалтгаан бөгөөд бид энэ бүхнийг баяртайгаар хүлээж авдаг. Тариачин үр суулгалаа гэж бодъё. Хөлс байна. Үр байна. Тэглээ гээд яах вэ? Тэр өөрөө үрийг ургуулж чадахгүй. Ганцхан Бурхан л үүнийг ургуулж чадна. Гэхдээ Бурхан түүнд бордоо болон ус гэх мэт хэрэгцээтэй зүйлсийг буюу хоёрдогч шалтгаануудыг аль хэдийн өгсөн юм.

— Доктор Харри Л.Рийдэр III

Итгэлийн тунхагт бүтээл нь түүхэн үйл явдлын шалтгаан болдог гурван арга замыг тодорхой өгүүлсэн байна. Ингэхдээ “зайлшгүйгээр, чөлөөтэйгөөр эсвэл зориудын чанартайгаар аливаа зүйл тохиолдохыг зөвшөөрдөг” гэсэн байна. Тэгвэл энэ нь юу гэсэн үг болохыг хамтдаа авч үзэцгээе.

Нэгдүгээрт, энд түүхэн үйл явдлуудад хоёрдогч шалтгаан чухал ач холбогдолтой болохыг тодорхойлохдоо “зайлшгүйгээр” гэсэн үгийг ашигласан байна. Товчоор хэлбэл “зайлшгүй” гэдэг нь Бурханы бүтээл нь олон талаараа Түүний зорилгыг “механикаар” буюу байгалийн хуулийн дагуу гүйцэлдүүлж байдаг байна. Нарны цацраг дэлхийг зайлшгүй гэрэлтүүлэх шаардлагатай байдаг. Дэлхийн таталцлын хуулийн улмаас аливаа зүйлс газарт зайлшгүй унаж байдаг. Химийн урвал нь зайлшгүй тодорхой үр дүнд хүрч байдаг. Биологийн аливаа процесс нь тааварлах боломжтой, механик үр дүнд заавал хүрч байдаг. Энэ мэтчилэн дурдаад байвал дуусашгүй. Эхлэл 8:22-т өгүүлсэнчлэн өдөр шөнө, халуу хүйтэн, өвөл зун гэх мэт цикл тасралтгүй үргэлжилсээр байх болно гэдгийг бид урьдаас мэддэг. Өөрөөр хэлбэл Бурхан бүтээлээрээ дамжин тоолж баршгүй олон хоёрдогч шалтгаануудыг бий болгож, тэдгээрийн уялдаа холбоогоор дамжуулан түүхийг Өөрийн зорилго өөд урагшлуулан хөдөлгөж байдаг ажээ.

Хоёрдугаарт, хоёрдогч шалтгаануудыг “зайлшгүйгээр” буюу механик шинж чанартай хэмээн тодорхойлсноос гадна “чөлөөтэйгөөр” гэсэн үгээр илэрхийлсэн байна.

Энд гарч буй “чөлөөтэй” гэдэг үг нь хоёрдогч шалтгааны механик бус талыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хоёрдогч шалтгаан нь “чөлөөтэйгөөр” ажиллах боломжтой бөгөөд тэдгээрийн үр дүн нь заавал хоёрдогч шалтгааны хүсэн хүлээсэн үр дүн байх албагүй гэсэн үг юм. Мэдээж Бурхан үр дүнг нь бүрэн хянаж байгаа. Гэхдээ хоёрдогч шалтгааны байр сууринаас авч үзвэл тэдний үйлдлүүдийн маш олон үр дагавар нь тодорхойгүй, зорилгын дагуу бус, тэр бүү хэл тохиолдлын шинж чанартай байх боломжтой ажээ. Жишээ нь, Гэтлэл 21:13 гэх мэт эшлэлүүдэд санамсаргүй үйлдсэн нүглийн тухай өгүүлсэн байдаг. 1Хаад 22:29-34-т Ахаб хаан “тэнэсэн” суманд оногдож амиа алсдан тухай бичигдсэн байдаг. Энэ мэтчилэн хоёрдогч шалтгааны таамаглаагүй буюу “чөлөөт” үр дүн нь эргээд Бурханы хангалтын хувьд маш чухал хэрэгсэл болдог гэдгийг Библид олонтоо батлан өгүүлсэн байдаг.

Гуравдугаарт, Итгэлийн тунхагт Бурханы хангалт дахь хоёрдогч шалтгаанууд нь “зайлшгүй” болон “чөлөөтэй” шинж чанартайгаас гадна “зориудын чанартай” байдаг гэдгийг онцолсон байна. “Зориудын чанартай” гэдэг үгээр хүмүүс болон сүнснүүдийн зориудын сонголт хэрхэн түүхэнд нөлөөлж байдаг болохыг илэрхийлсэн байна. Мэдээж Бурхан бүхнийг мэддэг. Тэр утгаараа Бурханы тэнгэрлэг байр сууринаас харвал Түүнд ямар ч гэнэтийн зүйл гэж байхгүй. Гэвч Бурханы бүтээлүүдийн зориудын сонголт нь түүхэнд хэрхэн хүчтэйгээр нөлөөлж ирсэн тухай Библид дахин дахин өгүүлсэн байдаг. Эхлэл 2:17-д Бурхан Адамд хориотой жимсийг идвэл үхэх болно гэж хатуу сануулсан. Гэвч Адамын зориудын сонголт түүхийг хэрхэн эргүүлснийг бид мэднэ. Үнэн хэрэгтээ мөнхийн авралыг авч, нүглийн хараалаас чөлөөлөгдөх маань хүртэл бидний хийж буй зориудын сонголтоос шууд хамааралтай юм. Ром 10:9-д Паул хэлэхдээ “хэрэв” бид Есүсийг Эзэн хэмээн тунхаглаж, мөн “хэрэв” бид Бурхан Түүнийг үхлээс амилуулсан гэдэгт итгэвэл аврагдах болно гэсэн шүү дээ.

Тэгвэл бодит байдал дээр ямар ч нөхцөл байдалд хоёрдогч шалтгааны ач холбогдол нь энэ гурван үйл ажиллагааны нийлмэл хослолд оршдог байна. Тиймээс Бурхан Өөрөө түүхийг удирдан чиглүүлж, харин хоёрдогч шалтгаанууд нь зайлшгүйгээр, чөлөөтэйгөөр, зориудын чанартайгаар энэхүү түүхэнд нөлөөлж байдаг ажээ.

Энэ хүртэл бид Бурханы хангалтад хоёрдогч шалтгаанууд ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгож авлаа. Ингэснээр бид Бурханы болон хоёрдогч шалтгаануудын хоорондын харилцаа холбооны талаар эргэцүүлэн бодох боломжтой болж байна. Тэгвэл Бурхан түүхэнд хандсан Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Өөрийн бүтээсэн хоёрдогч шалтгаануудтайгаа хэрхэн харилцдаг вэ? Үүнтэй холбогдуулан Библийг судалж үзвэл ямар хэв маяг ажиглагдах бол?

Вестминтсерийн итгэлийн тунхгийн тавдугаар бүлгийн гурав дахь догол мөрөнд энэ асуудлын талаар маш чухал зүйлсийг өгүүлсэн байдаг. Энд ийнхүү бичигджээ:

Бурхан Өөрийн ердийн хангалтын хүрээнд аливаа зүйлсийг хэрэглэдэг боловч хүсвэл тэдгээрээс ангид, тэдгээрээс дээгүүр, бүр тэдгээрээс тэс эсрэгээр ч чөлөөтэйгөөр үйлддэг.

Энэхүү өгүүлбэрийн нэг хэсгийг онцлохгүй байхын аргагүй юм. Бурхан хоёрдогч шалтгаануудтай харилцахдаа Өөрийн “хүсэл” тааллын дагуу харилцдаг гэдгийг энд онцолсон байна. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийн юу хүссэн, хэзээ хүссэн, яаж хүссэн тэр бүхнийхээ дагуу үйлддэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бурхан хоёрдогч шалтгааны улмаас ямар нэг тогтсон арга замд баригддаггүй гэсэн үг. Нөгөөтээгүүр энэхүү Итгэлийн тунхагт Бурханы “ердийн хангалтын” талаар болон Бурханы ер бусын арга замуудаар дамжуулан ажиллах “эрх чөлөөний” талаар, мөн эдгээр нь ямар ялгаатай болохыг тодорхой өгүүлсэн байна.

Бидний хувьд Бурхан болон хоёрдогч шалтгаануудын талаар авч үзэхдээ энэ хоёрын ялгааг санаж байх нь чухал юм. Энэ удаад бид хамтдаа эхлээд Бурханы ердийн хангалтын талаар үзэх болно. Үүний дараа бид Бурханы ер бусын хангалтын талаар үзье. Ингээд хамтдаа ердийн хангалтын талаар үзэж эхэлцгээе.

Ердийн хангалт. Энэ бол Бурханы хоёрдогч шалтгаануудтай харилцдаг түгээмэл арга зам юм. Итгэлийн тунхагт өгүүлсэнчлэн Бурхан зорилгынхоо төлөө аливаа зүйлсийг ашигладаг. Өөрөөр хэлбэл Бурхан зорилгынхоо төлөө Өөрийнхөө бүтээсэн хоёрдогч шалтгаануудаар дамжуулан ажилладаг гэсэн үг.

Үүнийг бид үзэгдэх ертөнцөөс хялбархан олж харж чадна. Бурхан ургамал моддыг хэрхэн ургуулдаг вэ? Энгийнээр хэлбэл Бурхан хөрсөнд агуулагдаж буй шим тэжээл, ус болон нарны гэрлээр дамжуулан ургуулдаг. Тэгвэл Бурхан хүмүүсийг хэрхэн амьд байлгадаг вэ? Ихэвчлэн Бурхан хоол хүнс, хүчилтөрөгч, ус болон бусад зүйлсээр дамжин амьд байлгадаг. Тэр бүү хэл Бурхан Христийн авралын ажлыг дэлхий даяар түгээхдээ хүртэл хоёрдогч шалтгаануудыг ашигласан тухай Библид тодорхой өгүүлсэн байдаг. Ром 10:14-15-г уншвал хүмүүсийн Христэд итгэдэг энгийн арга замын талаар ийнхүү өгүүлсэн байна:

Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ (Ром 10:14-15)?

Гэхдээ Бурхан ердийн хангалтдаа зөвхөн үзэгдэх хоёрдогч шалтгаануудыг ашигладаг гэсэн үг биш ээ. Бурхан үл үзэгдэгч хоёрдогч шалтгаануудыг, тухайлбал тэнгэрэлч нар, чөтгөрүүд, тэр бүү хэл Сатаныг хүртэл Өөрийнхөө зорилгын төлөө ашигладаг тухай Библид олонтоо бичигдсэн байдаг. Жишээ нь Дуулал 103:20-21-д ийнхүү бичигдсэн байдаг:

Үгийнх нь дуу хоолойг даган үгийг нь биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэрэлч нар аа, ЭЗЭНийг магтагтун. Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг, Түүний түг түмд та нар ЭЗЭНийг магтагтун (Дуулал 103:20-21).

Бурхан бүтээлүүдтэйгээ харилцахдаа үзэгдэх хийгээд үл үзэгдэх хоёрдогч шалтгаануудыг ашигласан тухай тоолж баршгүй олон тохиолдол Библид бичигдсэн байдаг. Гэхдээ системт теологичид энэ талаар өгүүлэхдээ голчлон Бурханыг өмгөөлөхүйн /theodicy/ сэдэв рүү орж, Бурханы сайн сайхан хэрхэн ёрын муутай зэрэгцэн оршдог болохыг тайлбарлахыг оролдож ирсэн юм. Тэгвэл Бурхан хоёрдогч шалтгаануудаараа дамжин хэрхэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг болохыг ойлгох нь бидэнд Бурхан хэрхэн бүтээл дунд нь оршин буй ёрын муугаас үл хамааран Өөрөө зөвт, ариун хэвээр оршин байдаг болохыг ойлгоход тустай ажээ. Тэгвэл Бурханы ердийн хангалтын тухай ойлголт нь энэ сэдэвт дор хаяж хоёр янзын хариултыг өгдөг.

Юуны түрүүнд, Бурхан ёрын мууг захирах хэмжээлшгүй эрх мэдэлтэй гэдгийг Библид тодорхой өгүүлсэн байдаг. Ёрын муу бүхэлдээ Бурханы хяналтад байдаг гэсэн үг. Иов 1:6-12 гэх мэт олон эшлэлд Бурхан тэнгэрлэг сэнтийгээсээ Сатанд ажил үүргийг даалган тушааж байгаа тухай өгүүлсэн байдаг. Лук 22:31-32-д Есүс Петрт ийнхүү тайлбарласан байдаг:

Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан (Лук 22:31-32).

Тийм учраас Матай 6:13-т Есүс шавь нартаа ийнхүү залбирахыг заасан байна:

Биднийг уруу татлагад бүү автуулаач, ёрын муугаас гэтэлгээч (Матай 6:13).

Энд өгүүлж буй Есүсийн үгс бидэнд Бурхан Өөрөө ёрын муу нэгнийг бүрэн хянаж байдаг учраас биднийг ёрын муугаас гэтэлгэж өгөхийн төлөө залбирах ёстой гэсэн санааг илэрхийлж байна.

Библид бичигдсэн тэнгэрлэг хүч чадлуудын тухай судлаад үзвэл Сатан нь магадгүй Библид бичигдсэн хоёр дахь хамгийн хүчтэй бодгаль болж харагддаг. Гэхдээ хамгийн чухал нь тэр хаа сайгүйгээр оршигч биш, тэр бүхнийг мэдэгч биш, тэр бүхнийг чадагч биш... Тэр Бурхантай огт адилгүй. Тэр Бурханаас тэс өөр. Бурхан Сатан хоёр адил тэнцүү хүчтэй учраас харилцан бие биеэ цохиж, дээр доороо орон тэмцэлдэж байдаг юм биш. Үнэндээ сатан Бурханы хаана ч хүрэхгүй... Библид Сатаныг ялан дийлж болох олон арга замуудын талаар, тэр дундаа Христэд итгэгч хүмүүсийн залбирал, тэдний хүч чадал буюу эв нэгдэл Сатаныг ялан дийлэх хүчтэй байдаг тухай тодорхой бичигдсэн байдаг. Мөн Ариун Сүнс Сатаныг эсэргүүцэх үед Сатан юу ч хийж чадахгүй болдог. Тийм ээ, Сатан хүчтэй. Гэхдээ түүний хүч чадал хязгаартай бөгөөд Бурханы хүч чадалд ойртож ч очихгүй юм.

— Доктор Сукхвант С.Бхатиа

Тиймээс нэгдүгээрт, Бурхан ёрын мууг захирах бүрэн эрх мэдэлтэй боловч, хоёрдугаарт Бурхан Өөрөө хэзээ ч ёрын муугийн шалтгаан болдоггүй гэдгийг Бурханы ердийн хангалт илэрхийлж байна. Харин уруу татлага нь ёрын муу хоёрдогч шалтгаанаас шууд бус байдлаар ирдэг гэдгийг Библид өгүүлсэн байдаг. Энэ талаар Иаков 1:13-т ийнхүү тодорхой өгүүлсэн байна:

Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй (Иаков 1:13).

Энд бид уруу татагдах үедээ дараах хоёр шалтгааны улмаас Бурханыг буруутгаж болохгүй гэдгийг Иаков өгүүлсэн байна. Нэг талаас, “Бурхан муу муухайд уруу татагддаггүй” учир нь Бурхан бол сайн бөгөөд ёрын муу Түүнийг уруу татаж чадахгүй юм. Харин нөгөө талаас, Бурхан “Өөрөө хэнийг ч уруу татдаггүй”. Грек текстийг махчлан орчуулсан дараах орчуулга энэ үгийн санааг илүү тодорхой харуулах болно. “Бурхан Өөрөө” огт уруу татдаггүй. Өөрөөр хэлбэл Бурхан биднийг ёрын мууд шууд уруу татдаггүй гэсэн үг. Харин Сатан болон түүний чөтгөрүүд гэх мэт ер бусын бүтээлүүдээр дамжуулан биднийг уруу татагдахыг зөвшөөрдөг байна. Иаков 1:14-өөс үзвэл хүмүүсийн хоёрдогч шалтгааны ёрын муу байдлын улмаас тэдгээрийн уруу татлага амжилттай болдог байна. Энэ талаар Иаков ийнхүү бичжээ:

Харин тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг (Иаков 1:14).

Эндээс үзвэл бид уруу татлагад автдаг нь бидний өөрсдийн ёрын муу хүсэлтэй шууд холбоотой байна. Эцэст нь, Бурханы хоёрдогч шалтгаануудыг ашигладаг Бурханы энгийн арга замууд нь Бурхан ёрын мууг захирах бүрэн эрх мэдэлтэй болохыг, мөн ёрын муугийн хариуцлага нь өөрсдийг нь бүтээсэн Нэгэний тушаалуудын эсрэг тэрсэлсэн ерийн болон ер бусын хоёрдогч шалтгаануудад өөрсдөд нь оршдог гэдгийг хэлээд өгч байна.

Тэгвэл Бурхан ердийн хангалтынхаа хүрээнд хоёрдогч шалтгаануудыг хэрхэн хэрэглэдэг болохыг ойлгож мэдэхийн зэрэгцээ Бурханы ер бусын хангалтын талаар ч тодорхой мэдлэгтэй байх ёстой юм.

Ер бусын хангалт. Итгэлийн тунхгийн тавдугаар бүлгийн гурав дахь догол мөрд Бурханыг “хүсвэл тэдгээрээс ангид, тэдгээрээс дээгүүр, бүр тэдгээрээс тэс эсрэгээр ч чөлөөтэйгөөр үйлддэг” хэмээн тодорхойлсон байсныг санацгаая. Итгэлийн тунхгийн энэ хэсэг нь Бурхан бүтээлтэйгээ харилцахдаа ер бусын арга замуудаар буюу бидний хэлж сурсанчлан тэнгэрлэг оролцоогоор эсвэл гайхамшгаа үйлдэх замаар харилцах боломжтой гэсэн санааг илэрхийлж байна. Заримдаа Бурхан аливаа зүйлсийг хоёрдогч шалтгаанаас “ангид” үйлддэг байна. Өөрөөр хэлбэл түүхийн үйл явцад Бурхан Өөрөө шууд оролцдог гэсэн үг. Мөн зарим тохиолдолд Бурхан түүхийн үйл явцад хоёрдогч шалтгаануудаас “дээгүүр” оролцдог байна. Өөрөөр хэлбэл Бурхан хоёрдогч шалтгааны энгийн үр дагавраас дээгүүрх зүйлсийг үйлддэг гэсэн үг. Мөн зарим тохиолдолд Бурхан хоёрдогч шалтгаануудаас “эсрэгээр” үйлддэг байна. Өөрөөр хэлбэл Бурхан хоёрдогч шалтаануудын үр дагаврыг эсрэгээр нь эргүүлдэг гэсэн үг. Энэ нь голчлон Бурхан ёрын муугаас сайн сайхныг гаргаж авах замаар илэрдэг.

Библид Бурханы ер бусын хангалтын талаар буюу Бурхан түүхэнд хоёрдогч шалтгаанаас ангид, түүнээс дээгүүр болон түүний эсрэг үйлдсэн тохиолдлуудыг олонтоо дурдсан байдаг. Хуучин гэрээнд гэхэд эдгээр ер бусын хангалтыг үйлдэхдээ Бурхан голчлон Өөрийг нь төлөөлж буй хаад, эш үзүүлэгчид эсвэл тахилчдын эрх мэдлийг батлах тэмдэг болгон үйлддэг байжээ. Харин Шинэ гэрээнд ер бусын хангалт нь голдуу Есүс Христийн болон нэгдүгээр зууны үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн эрх мэдлийг илчилдэг байсан байна. Нөгөөтээгүүр Бурханы эгэл бус буюу ер бусын хангалт нь Бурханы онцгой үйлчлэгчдийн эрх мэдэлтэй холбоогүйгээр харин Бурханы ивээл ерөөл эсвэл шүүлтийн онцгой илэрхийлэл болон үйлдэгдэх тохиолдол ч түгээмэл байсан юм.

Тэр бүү хэл өнөөгийн бидний цаг үед ч Бурхан ямагт аливаа зүйлсийг бидний огт тааварлаагүй арга замуудаар үйлддэг. Нэг талаас бид энэ дэлхий ертөнцийг ажиглан харвал Бурханы ердийн хангалтыг алхам бүртээ олж харах болно. Бурхан бидний өдөр тутмын амьдралд хоёрдогч шалтгаануудыг ашиглаж байдагт бид үргэлж талархвал зохилтой. Гэвч нөгөөтээгүүр Христийн итгэмжит дагагчид бид Бурханы ер бусын хангалтыг ч мөн амсаж үзнэ гэсэн хүлээлттэй амьдрах учиртай. Бурханы бидний амьдралд хэрэглэдэг энгийн хоёрдогч шалтгаанууд бүтэлгүйтэх цагт өнгөрсөн олон зууны туршид Бурханы итгэмжит хүмүүсийн үйлдэж ирсний нэгэн адил бид ч бас Бурхан руу Өөр лүү нь шууд хандах боломжтой юм. Тийнхүү бид Түүнийг бидний амьдралын түүхэнд ер бусын байдлаар оролцохыг хүсэн гуйх боломжтой. Учир нь Бурхан хүсвэл бүтээлээсээ ангид, тэдгээрээс дээгүүр, бүр тэдгээрээс тэс эсрэгээр хэзээд чөлөөтэйгөөр үйлдэж чадна. Түүнийг юу ч эсэргүүцэн зогсож чадахгүй билээ.

“Бурханы төлөвлөгөө ба ажлууд” хэмээх энэхүү хичээлээрээ бид системт теологи нь Бурханы төлөвлөгөөг Библийн өнцгөөс болон янз бүрийн теологийн байр сууринаас хэрхэн авч үздэг болохыг үзэцгээлээ. Бурханд энэ ертөнцийн түүхэнд хандсан үнэхээр бүхнийг хамарсан, мөнхийн, сааташгүй төлөвлөгөө бий. Гэхдээ нөгөөтээгүүр Бурхан бүтээлүүдтэйгээ хором мөч бүрд харилцан байхдаа олон тооны хязгаарлагдмал, түр зуурын, хувьсан өөрчлөгдөх шинж чанартай төлөвлөгөөнүүдийг бий болгож байдаг гэдгийг бид үзсэн. Мөн үүний зэрэгцээ бид систем теологичид бүтээл болон хангалтаар дамжин хийгддэг Бурханы ажлуудыг хэрхэн авч үздэг болохыг судалсан. Бурхан бүтээлдээ үзэгдэх хийгээд үл үзэгдэх хэмжээсийг тогтоож өгчээ. Ингэхдээ тэр бүхэн нь Түүний сайн тааламжит тааллыг гүйцэлдүүлж, Түүнд дуусашгүй алдрыг өргөхийн тулд ердийн хийгээд ер бусын хангалтаараа дамжин Бурхан Өөрөө тэр бүгдийг ханган тэтгэж байдаг ажээ.

Бурханы төлөвлөгөө болон ажлуудын талаар өгүүлсэн Библийн олон янзын сургаалуудыг эмх цэгцтэйгээр ойлгоход маань туслах олон янзын тустай арга замуудыг уламжлалт систем теологичид бидэнд бэлдэж өгчээ. Гэхдээ үүнээс илүүгээр энэхүү хичээлээр яригдаж буй сэдвүүд нь та бидний өдөр тутмын итгэлийн амьдралд үнэлж баршгүй их тусыг хүргэх олон практик удирдамжуудыг агуулсан болохыг бид харлаа. Бид Бурханы ивээл ерөөлүүдийг таашаан амьдарч байна уу, эсвэл энэхүү гэм нүгэлд унасан ертөнцөд зовлон бэрхшээлээр дүүрэн амьдарч байна уу хамаагүй Бурханы төлөвлөгөө болон Түүний ажлуудын талаар сургаж буй Библийн сургаал бүхэн биднийг хүчирхэгжүүлж, биднийг Христ болон Түүний хаанчлалын төлөө улам илүү итгэмжтэйгээр үйлчлэх үйлчлэл өөд хөтлөн дагуулсаар байдаг билээ.

Доктор, пастор Турман Виллиамс (хөтлөгч) нь Миссури мужийн Сэнт-Луис хот дахь “Нигүүлсэл ба Амар тайван” чуулганы туслах пастор. Доктор Виллиамс нь Чесапик Теологийн сургуульд Библи судлалын Магистр (M.Div.), Ковенант Теологийн сургуульд Үйлчлэлийн докторын (D.Min.) зэрэг хамгаалсан. Тэрээр “Нигүүлсэл ба Амар тайван” чуулганд үйлчлэхээсээ өмнө Балтимор хотын “Шинэ дуу коммунити чуулганы” ахлах пастораар үйлчилж байв. Мөн “Итгэл христэч нөхөрлөл” чуулганд гадаад харилцаа болон залуучуудын үйлчлэлийн пастораар, Ян-Лайф байгууллагын бүсийн удирдагчаар тус тус ажиллаж байжээ.

Доктор Андрей Абернети бол Вийтон Коллеж ба Их сургуулийн Хуучин Гэрээний туслах профессор.

Доктор Франк Баркер бол Бриарвүүд пресбитириан чуулганы хүндэт пастор бөгөөд Бирмингхам Теологийн сургуулийг үүсгэн байгуулагч юм.

Доктор Сухвант С. Бхатия бол Энэтхэг улсын Чандигарх хот дахь Хойд Энэтхэгийн Теологи судлалын институтийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч.

Доктор Д.А. Карсон бол Тринити Эвангелийн Дивинити сургуулийн Шинэ Гэрээний судалгааны профессор, Сайнмэдээний эвслийг хамтран үүсгэн байгуулагч.

Пастор Ларри Кокрелл бол Итгэлийн гэр бүл чуулганы тэргүүн пастор, Бирмингхам Теологийн сургуулийн тэнхимийн гишүүн.

Пастор Майкл Ж. Глодо бол Флорида мужийн Орландо дахь Реформед Теологийн сургуулийн Библи судлалын дэд профессор.

Доктор Скотт Манор бол Кнокс Теологийн сургуулийн академик хэрэг эрхэлсэн дэд ерөнхийлөгч, хичээлийн эрхлэгч бөгөөд Түүхэн Теологийн ухааны туслах профессор.

Доктор Грант Р. Осборн бол Тринити Эвангелийн Дивинити сургуулийн Шинэ Гэрээний профессор.

Доктор Харри Л. Рийдер III бол Алабама мужийн Бирмингхам дахь Бриарвүүд пресбитериан чуулганы тэргүүн пастор.

Доктор Стивен С. Рои бол Тринити Эвангелийн Дивинити сургуулийн Хоньчлолын теологи судлалын дэд профессор.

Доктор Филип Райкен бол Вийтон Коллежийн ерөнхийлөгч.

Доктор, пастор Луис Винклер бол Зүүн Азийн Теологийн сургуулийн Теологи болон Түүх судлалын профессор.

Боулэ– “Зорилго”, “зөвлөгөө”, “тушаал”, “хүсэл зориг” гэсэн утга бүхий грек үгийн галиг

Жон Калвин- (1509-1564) Францын теологич, Протестант Шинэчлэлийн голлох зүтгэлтэн бөгөөд Institutes of the Christian Religion номын зохиолч.

Чапец – “тааламжит” гэсэн утгатай еврей үгийн галиг

Чашав – “бодох”, “төлөвлөх”, “тодорхой-лох” гэсэн утгатай еврей үгийн галиг

Бүтээлийн үйлс– Бурханы үзэгдэх болон үл үзэгдэх ертөнцийг бий болгон бүтээх үйл явц

Тушаасан хүсэл зориг– Бурханы гарцаагүй биелэхээр тогтоогдон тушаагдсан хэмжээлшгүй эрх мэдэл бүхий хүсэл зориг

Бурханы мөн чанар– Янз бүрийн түүхэн илрэлүүдээр илэрсэн Бурханы төгс төгөлдөр мөн чанар, зөвхөн Бурханд л орших мөн чанар

Бурханы хамт оршигч чанар– Хүн болон бүтээлтэйгээ ойр байх Бурханы мөн чанар, цаг хугацаа орон зайд оролцох Бурханы идэвхтэй оролцоо

Бурханы ангид оршигч чанар– Хүн болон бүтээгдсэн орчлон ертөнцийн аливаа хэмжээ хязгаараас (цаг хугацаа, орон зай гэх мэт) дээгүүр буюу ангид орших Бурханы мөн чанар

Дуализм– Аливаа сэдвийг зөвхөн эсрэг тэсрэг хоёр зарчим буюу хоёр нэгжид хуваан авч үзэх онол

Эудокиа– “сайн таалал”, “тааламж” гэсэн утга бүхий грек үгийн галиг

Экс нихилио– “оргүй хоосноос гарч ирэх” гэсэн утгатай латин нэршил

Фатализм– ирээдүйд тохиолдох бүхнээс зайлсхийх ямар ч боломжгүй учир тэр бүгдийг зүгээр л байгаагаар нь хүлээж авах ёстой гэсэн үзэл баримтлал. Энэ үзэл баримтлал нь Бурханыг эзэн биегүй бөгөөд хүнтэй огт харилцдаггүй гэж үздэг.

Анхдагч шалтгаан– Бурханыг Бүтээгч бөгөөд түүхэнд тохиолдсон бүхний цаана оршигч туйлын учир шалтгаан хэмээн үзэх теологийн нэршил

Урьдаас мэдэх мэдлэг– Түүхэнд тохиолдох үйл явдал бүрийг бүтээлийн үйлсээс ч өмнө, анхнаасаа мэдэж байсан Бурханы төгс мэдлэг

Хелленист– Агуу Александрын дараах цаг үеийн эртний Грекийн хэл, соёл, иргэншилтэй холбоотой соёл

Инфра– "доор" гэсэн утгатай латин үг

Инфралапсарианизм– Бурханы Өөрийн хүмүүсийг аврах тушаал нь Түүний хүн төрөлхтнийг гэм нүгэлд унахыг зөвшөөрсөн тушаалын дараа гарсан гэх үзэл

Лапсус– "Уналт" гэсэн утгатай латин нэршил

Нээлттэй теизм– Бурханы төлөвлөгөө, зорилго болон хүсэл зориг амжилтад хүрэх эсэх нь түүхээс, тэр дундаа сүнснүүд болон хүмүүсийн хийж буй сонголтуудаас шууд хамааралтай гэж үзэх теологийн үзэл баримтлал

Пантеизм– Бурханыг бүтээлтэй нь адилтган авч үзэх итгэл үнэмшил

Политеизм– Олон бурхад бий гэдэгт итгэх итгэл үнэмшил

Зааварчилсан хүсэл зориг– Бурханы зааварчилсан тушаалууд. Хуулиудаар нь дамжин илчлэгдсэн хүн төрөлхтөнд хандсан Бурханы сайн сайхан хүсэл зориг

Ер бусын ертөнц– бидний мэдэх ертөнцөөс цаана буюу зэрэгцээ орших ертөнц. Энэ ертөнцөд тэнгэрэлч нар болон чөтгөрүүд гэх мэт нүдэнд үл үзэгдэх сүнснүүд оршдог.

Протесис– “зорилго”, “төлөвлөгөө” гэсэн утгатай грек үгийн галиг

Хангалт– Өөрийн хүмүүс болон бүтээлийнхээ сайн сайхны төлөө тогтоож өгсөн мөнхийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хүн төрөлхтний түүхэнд оролцож буй Бурханы идэвхтэй оролцоо

Провидентиа– “харж хандах”, “анхаарал тавих”, “ханган тэтгэх” гэсэн утгатай латин нэршил

Рахцовн– “таалал” эсвэл “тааламжтай” гэсэн утгатай еврей үгийн галиг

Хоёрдогч шалтгаан– түүхэнд аливаа үйл явдал тохиолдоход бүтээлийн зүгээс нөлөөлдөг аливаа хүчин зүйлийг (анхдагч шалтгаанаас гадна) нэрлэх теологийн нэршил

Шамаиш– “тэнгэр” буюу “тэнгэрс”, “цэнхэр тэнгэр” гэсэн утгатай еврей үгийн галиг

саб – "доод" гэсэн утгатай латин үг

Саблапсарианизм– Бурханы Өөрийн хүмүүсээ аврах тушаал нь хүн төрөлхтнийг гэм нүгэлд унахыг зөвшөөрсөн тушаалын дараа, мөн хүн төрөлхтөнд золилтыг санал болгосны дараа гарсан гэх үзэл баримтлал

Телэма– “хүсэл зориг” эсвэл “хүсэл таалал” гэсэн утгатай грек үгийн галиг

Бурхан судлал– Бурханыг судлах онол буюу судлал; Бурхантай шууд холбоотой теологийн аливаа асуудлууд

Вестминстерийн итгэлийн тунхаг– Вестминстерийн Бурханы чуулганаас эмхлэн гаргаж, 1647 онд хэвлэгдсэн нэгдсэн онол сургаалын хураангуй

Яац– “зөвлөгөө өгөх”, “зарлиг буулгах” гэсэн утгатай еврей үгийн галиг

Замам– “зорилго тавих”, “төлөвлөх” гэсэн утгатай еврей үгийн галиг

Continue reading the full transcript