Хуучин Гэрээт сударт чухлыг судлах нь, Хуучин Гэрээт ба бидний өдрийн хоорондох зайг судлах, Хуучин Гэрээт сударт хамаарал, Хуучин Гэрээт сударт зааварчилгааг судлах.
From the transcript
Библийн бүх эшлэлийг Ариун Библи 2019 (АБ2019), Ариун Бичээс Нийгэмлэг.
дахь мянган үйлчлэл нь 1997 онд үүсгэн байгуулагдсан, ашгийн бус, Христитгэлийн Сайнмэдээний үйлчлэл бөгөөд дараах талбаруудад чиглэдэг:
Библийн боловсролыг. Бүх дэлхийд. Үнэгүй.
Бидний зорилго бол үйлчлэлд нь тохирсон сургалт хэрэгтэй байгаа зуу зуун, мянга мянган пастор, удирдагч нарт Христитгэлийн боловсролыг үнэгүй олгох явдал юм. Бид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан, дахин давтагдашгүй, цуврал хичээлүүдийг Англи, Араб, Мандарин, Орос болон Испани хэл дээр бэлтгэн дэлхий дахинд түгээж байна. Мөн манай хөтөлбөрүүд хамтран ажилладаг үйлчлэлүүдээр маань дамжуулан өөр олон орны хэл уруу орчуулагдаж байгаа билээ. Хөтөлбөр бүр зурагт мэдээлэл бүхий бичлэг, дүрст заавар болон цахим эх сурвалжуудаас бүрдсэн байдаг. Эдгээр нь сургууль, бүлгүүд, хувь хүмүүс танхимаар болон цахимаар ашиглахад зориулагдсан болно.
Дээд зэргийн агуулга болон чанартай шилдэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бүхий хичээлүүдийг хамгийн хямд зардлаар бүтээх аргыг бид олон жилийн хугацаанд боловсруулсан. Манай зохиолч, хянан тохиолдуулагчид теологийн мэргэжлийн сургагч багш нар байдаг бөгөөд орчуулагчид нь орон нутгийнхаа унаган хэлтэй теологийн мэдлэгтэй хүмүүс байдгаараа давуу талтай. Мөн дэлхийн өнцөг булан бүрийн нэр хүндтэй эрдэмтэд болон номлогчдын үг манай хичээлүүдэд гүн шингэсэн байдаг. Үүнээс гадна зураглаач болон эх бэлтгэгч нар маань мэргэжлийн түвшний тоног төхөөрөмж болон арга хэрэгслийг ашиглан өндөр чанарын бүтээл гаргахаар зорьдог билээ.
Бүтээлүүдээ дэлхий дахинд түгээхийн тулд Гурав дахь мянган үйлчлэл нь сүм чуулганууд, сургалтууд, Библийн сургуулиуд, илгээлтийн эзэд, Христитгэлийн нэвтрүүлэгчид болон өргөн нэвтрүүлгийн сувгууд гэх мэт олон төрлийн байгууллагуудтай бодлогын түншлэлийг бий болгосоор ирсэн. Энэхүү бодлогын түншлэлийн үр дүнд тоо томшгүй олон дүрст бичлэг бүхий хичээлүүд нь орон орны уугуул удирдагч нар, пасторууд болон оюутнуудад хүрчээ. Мөн бид цахим хуудсаараа дамжуулан суралцах бүлгээ хэрхэн эхлүүлэх зэрэг хичээлүүдийг баяжуулах нэмэлт хэрэглэгдэхүүнүүдийг тараан түгээсээр байна.
Гурав Дахь Мянган Үйлчлэл нь татвараас чөлөөлөгдөх зөвшөөрөлтэй (IRS as a 501(c) (3) corporation). Бид сүм чуулганууд, сангууд, аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татвараас чөлөөлөгдсөн өгөөмөр хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай үйлчлэлийн тухай болон хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл цахим хуудсаар зочлоорой.
Агуулга
удиртгал
Хэрэв бид уламжлалт еврей биш эсвэл Христитгэгч биш хүмүүсээс "Бид яагаад Хуучин Гэрээг судлах ёстой вэ?" гэж асуувал олон хүн "Хуучин гэрээ эртнийх бөгөөд бидэнд хамаарал байхгүй тул унших шаардлагагүй" гэж хэлэх байх. Христийн дагалдагчид бид Хуучин Гэрээг Бурханы Үг хэмээн хүлээн авдаг. Энэ бол ариун Бичвэр юм. Гэвч гайхмаар сонсогдож байж болох ч хэрэв бид Христитгэгчдээс “Яагаад Хуучин Гэрээг судлах ёстой вэ?” гэж асуувал хамгийн сайндаа л тэд "Хуучин Гэрээний зарим хэсгүүдэд бидэнд хэрэгтэй цөөн хэдэн зүйлс бий" гэж хэлнэ. Үнэндээ Христитгэгчдийн олонх нь хүртэл "Хуучин Гэрээ маш эртнийх тул уншаад байх шаардлагагүй" гэж хэлдэг. Тэгвэл Христийн дагалдагчид яагаад Хуучин Гэрээг судлах ёстой вэ?
Энэ хичээл бол Хуучин Гэрээний Хаанчлал, Гэрээ ба Канон гэсэн цуврал хичээлийн эхний хичээл юм. Уг цувралаараа бид Бурханы хаанчлал ба гэрээ гэсэн сэдвийг судлах бөгөөд энэхүү сэдэв нь Хуучин Гэрээний Каноны номуудад хэрхэн илэрхийлэгдсэн болохыг харах болно. Эхний хичээлээрээ бид “Яагаад Хуучин Гэрээг судлах ёстой вэ?” гэсэн чухал асуултыг авч үзнэ. Орчин үеийн Христийн дагалдагчид яагаад Библийн энэ хэсгийг анхаарч үзэх ёстой вэ? Яагаад бид эдгээр эртний Бичвэрийг судлах үйлсэд өөрсдийгөө зориулах ёстой гэж?
Бид анхнаасаа л Хуучин гэрээг судлах нь дэлхий дээрх хамгийн амар хялбар зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ялангуяа Хуучин Гэрээний канон нь 1000 орчим жилийн хугацаанд өөр өөр зохиогчдын, өөр өөр түүхэн нөхцөл байдалд бичигдсэн олон номоос бүрддэг тул тун ярвигтай байдаг. Гэхдээ энэ цувралаас бид нэг зүйлийг ухаарвал маш том ахиц дэвшлийг гаргаж чадна. Энэ нь эдгээр бүх номууд Хуучин Гэрээний зохиогчдын баримталдаг нийтлэг үндсэн итгэл үнэмшилд тулгуурладаг явдал юм. Бурхан гэрээнүүдээрээ дамжуулан тогтоосон бодлогоороо Израильтай харилцах харилцаагаа зохицуулдаг гэдэгт тэд бүгд итгэдэг байв. Үүнээс гадна тэд эдгээр гэрээнүүд нь түүхийн турш буй Бурханы агуу зорилгыг биелүүлэхийн тулд байдаг. Өөрөө хэлбэл тэд бүх бүтээлийг Өөрийн хаанчлал болгон хувиргах замаар Өөрийгөө алдаршуулах зорилготой гэдэгт итгэдэг байв. Хуучин Гэрээний бичээчид Хуучин Гэрээний номуудын тодорхой нөхцөл байдалд хандахдаа Бурханы хаанчлал болон гэрээнүүдийн талаарх үндсэн итгэл үнэмшилдээ тулгуурласан.
Бид “Яагаад Хуучин Гэрээг судлах ёстой вэ?” гэсэн асуултад хариулахдаа үндсэн гурван зүйлд анхаарлаа хандуулах болно. Нэгдүгээрт, бид үүнийг судлахад өөрсдийгөө зориулах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь Хуучин Гэрээнээс биднийг заагладаг алслал гэж бий. Хоёрдугаарт, Хуучин Гэрээний Бичвэрүүд бидний цаг үед ч хамаатай учраас Христийн дагалдагчид үүнийг судлах ёстой гэдгийг харах болно. Гуравдугаарт, Хуучин Гэрээг амьдралдаа хэрэгжүүлэх үүрэг хариуцлага бидэнд байгаа тул үүнийг бид судлах ёстой байдаг. Ингээд Хуучин Гэрээний Бичвэрүүд ихэвчлэн биднээс алс мэт санагддаг гэсэн тэрхүү бодит үнэнийг эхлээд авч үзэцгээе.
Алслал
Библийн оюутнууд Хуучин Гэрээг судалж эхлэхдээ урьдчилан таамаглаж болохуйц ижил үйл явцыг туулдаг. Бидэнд Хуучин Гэрээ бол алдаа мадаггүй бөгөөд онгод оруулагдсан Бурханы Үг гэж зөв зүйтэй заадаг. Тиймээс бидний ихэнх нь эдгээр Бичвэр нь Христитгэлийн амьдралд хэрэгжүүлэхэд ойлгомжтой сургаалуудтай байх ёстой гэж үздэг. Ийм нөхцөлд бид Бурханы шинж чанаруудын талаарх үндсэн сэдвүүдийг болон “Чи бүү хулгайл”, “Чи хүн бүү ал” зэрэг тушаалуудыг л сонгон авч ярилцдаг. Эдгээр нь биднийг яг нэг газар нутагт буй мэт санагдуулдаг. Гэтэл бид Хуучин Гэрээг илүү анхааралтай судлах үед байдал өөрчлөгдөж эхэлдэг. Бид илүү гүнзгий нарийвчлан судлах үед Хуучин Гэрээний олон хэсэг нь бидэнд танил бус үзэл санааг илэрхийлдэг болохыг олж мэддэг. Бид үнэндээ үүнийг унших тусам эртний, алс холын ертөнцийг судалж байгаа мэт санагддаг.
Бид Хуучин Гэрээний алслалыг хоёр замаар авч үзэх болно. Нэгдүгээрт, бид энэхүү алслалын учир шалтгааныг буюу эдгээр Бичвэрүүд нь яагаад бидэнд үргэлж харь хол мэт санагддаг болохыг үзнэ. Хоёрдугаарт, бид ямар ямар төрлийн алслалуудтай нүүр тулгардаг болохыг судална. Хуучин Гэрээний ямар төрлийн үзэл санаа нь орчин үеийн Христитгэгчдийн итгэл үнэмшлээс тэс өөр мэт санагддаг вэ? Тэгэхээр эхлээд биднийг Хуучин Гэрээнээс алс хол мэт санагдуулдаг үндсэн учир шалтгаануудыг авч үзье.
Учир шалтгаан
Биднийг Хуучин Гэрээнээс алс хол мэт санагдахад хүргэдэг дор хаяж хоёр хүчин зүйлс бий. Нэг талаас, Бурхан хүн төрөлхтөнд эдгээр Бичвэрүүдийг органик онгод гэж нэрлэгддэг үйл явцаар дамжуулан өгсөн. Нөгөө талаас, Бурхан Хуучин Гэрээг тэнгэрлэг нийцүүлэл гэж нэрлэгддэг үйл явцаар дамжуулан зорилгоо биелүүлэхийн тулд бий болгосон. Хуучин Гэрээний эдгээр чанарууд нь Библийн энэ хэсгийг судлах явцад бидэнд тулгардаг олон бэрхшээлийг тайлбарлаж өгдөг. Эхлээд органик онгодын үйл явцыг судалцгаая.
Органик онгод
Тэнгэрлэг онгодын талаарх евангелийн түүхэн үзлийг “органик онгод” гэж тайлбарлах нь түгээмэл байдаг. Бид Бичвэр нь Ариун Сүнсээр онгод оруулагдсан гэхийн сацуу бичээчийнх нь хувь чанар, туршлага ба бодол санаанаас ангид биш гэдгийг илэрхийлэхийн тулд онгодын энэхүү нэр томьёог ашигладаг. Өөрөөр хэлбэл энэ нь бичээч нь Ариун Сүнсний онцгой, алдаа мадаггүй удирдлага дор өөрөө юу бичихээ тодорхойлсон гэсэн үг юм. Мөн Библи нь “механик” онгодоор бичигдээгүй юм. Өөрөөр хэлбэл Бурхан бичээчийн ямар ч оролцоогүйгээр түүнийг зүгээр л суваг болгон ашигласан гэсэн үг биш юм. Түүнчлэн Бичвэр нь романтик онгодоор ч бичигдээгүй. Өөрөөр хэлбэл хөгжимчид, уран бүтээлчдийн онгод нь “орох” гэж ярьдаг шиг Бурхан библийн бичээчдийг зүгээр л бичихэд нь урамшуулсан төдий зүйл байгаагүй юм. Харин үүний оронд Бурхан Судрын агуулгыг нарийн нягт удирдан чиглүүлсэн байдаг. Тиймээс л энэ нь алдаа мадаггүй бөгөөд зүй ёсоор Бурханы Үг хэмээгддэг. Түүнчлэн Бурхан бичээчийн хувь чанар, туршлага болон зорилгыг ашигласан байдаг тул Бичвэрийг мөн ариун хүмүүсийн үгс гэж хэлж болно.
2 Петр 3:15-16 дээр Петр Паулын захидлуудын талаар хэрхэн хэлснийг харцгаая. Энд:
“Хайрт ах Паул маань өгөгдсөн мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц. Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгогдоход хэцүү зүйл байдаг бөгөөд юу ч мэдэхгүй, туйлбаргүйчүүд Бичвэрийн бусад зүйлсийг гуйвуулдаг шигээ тэдгээрийг ч мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг” гэжээ (2 Петр 3:15-16).
Эдгээр эшлэлүүдэд Петр хэлэхдээ Паулын захидлууд нь Бурханаас түүнд өгөгдсөн мэргэн ухаанаар бичигдсэн гэжээ. Өөрөөр хэлбэл Паулын захидлуудыг Бурханы Сүнс онгод оруулсан бөгөөд эдгээр нь зүгээр нэг хүний бичсэн бичээс бус харин Бурханаас өгөгдсөн бичээс гэсэн үг юм. Тэгэхдээ Петр мөн эдгээр захидлуудад Паулын хувийн чанар ч бас шингэсэн болохыг баталжээ. Тэрээр энэ тухай хэлэхдээ: “Паул маань түүнд өгөгдсөн мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн” гэжээ. Эдгээр Бичвэрүүд нь Паулын захидал хэвээр л байсан. Бид үүнийг Паулын захидлууд нь Бурхан ба хүмүүн бичээчийн аль алиных нь оролцооны үндсэнд бий болсон гэсэн Петрийн санаанаас харж болно.
Энэ нь Хуучин Гэрээнд ч мөн адил байна. Ийм учраас Хуучин Гэрээний хуулийг Бурханы хууль гэж нэрлэхээс гадна Мосегийн хууль гэдэг. Хууль нь Бурханаас болон Мосегоос ирсэн. Мөн Дууллуудыг Давидын Дуулал гэдэг нь ч ийм учиртай. Органик онгодын талаарх үзэл нь библийн бичээчид нь яагаад Исаиа, Иеремиа, Даниел зэрэг хүмүүн зохиогчдын тухай өгүүлдэг болохыг тайлбарладаг. Хэдий Бурхан Өөрөө Хуучин Гэрээний анхдагч зохиогч нь мөн боловч Тэрээр Өөрийн ариун эш үзүүлэгч нараа хэрэглэсэн. Ингэхдээ тэд хэн байсан, тэд хаана хэзээ амьдарч байсан зэргийг нь тусгах замаар бичүүлжээ.
Та ийнхүү бодох юм бол Библийн органик онгод нь яагаад биднийг Хуучин Гэрээнээс алслан холдуулж байдгийг хялбархан ойлгох болно. Хуучин Гэрээний бичээчид бүгд эртний хүмүүс байсан. Тэд эртний ойрх дорнодод амьдардаг байв. Тиймээс тэд бүхий л талаараа эртний хүмүүсийн л адил бодож сэтгэж,бичиж байсан гэсэн үг. Үүнээс илүү чухал зүйл бол Хуучин Гэрээний зохиогчид нь үүнийг Христ ирэхээс өмнө бичсэн явдал юм. Тэдэнд өнөөдрийн бидэнд байгаа шиг бүрэн боловсруулсан Христитгэлийн Шинэ Гэрээний теологи байгаагүй. Тийм учраас та бид Хуучин Гэрээг судлах явцад тэр цаг үеийн ертөнц бидний өнөөдрийн дэлхий ертөнцөөс асар их ялгаатай болохыг бид удалгүй олж хардаг.
Хуучин Гэрээний Иудейчууд амьдралынх нь бүхий л талбарууд болох ёс суртахууны, иргэний болон сүнслэг талбаруудыг багтаасан 600 гаруй хуультай байлаа. Тэдгээр нь эрэгтэй эмэгтэй хүмүүс, мал амьтад, газар тариалан, баяр ёслолын гэх мэт харилцааг нь зохицуулдаг байв. Тиймээс эдгээр асуудлууд нь бидний тайлбар ба ойлголтод тун чухал байдаг. Мөн 21-р зууны ертөнцийг 1-р зуун руу эсвэл МЭӨ ертөнц рүү дахин аваачих оролдлого хийхгүй байхад тусалдаг.
— Доктор. Таддеус Ж. Жемс, Жр.
Библийн зохиогчдын талаарх органик онгодын үзлээс бий болж буй асуудлуудаас гадна Хуучин Гэрээг бидний мэдрэмжээс алс хол байлгадаг бас нэгэн шалтгааныг бид анхаарах хэрэгтэй. Энэ бол тэнгэрлэг нийцүүлэл юм.
Тэнгэрлэг нийцүүлэл
Бурхан Өөрийгөө хүмүүст илчлэхдээ хүний хязгаарлагдмал байдалд тохируулан ярьдаг. Үүнийг тайлбарлахдаа ашигладаг теологичдийн үг хэллэгийг “нийцүүлэл” гэдэг. Бурхан бол хязгааргүй, цаглашгүй, ухаарагдашгүй тул Өөрийгөө илчлэхдээ хязгаарлагдмал хүний ойлгож чадах арга замаар бидэнд болгоож айлддаг. Эс тэгвээс бид Түүнийг ойлгож ухаарах ямар ч боломжгүй билээ. Та Исаиа 55:8-9-р эшлэлээс эдгээр үгсийг олж уншдаг. Энд:
“Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас өөр, бодол минь та нарын бодлоо өндөр” гэжээ (Исаиа 55:8-9).
Бурханы бодол санаа хийгээд арга зам нь цаглашгүй бөгөөд бидний хязгаараас хэт давсан байдаг. Тиймээс Түүний илчлэл бүр хүмүүний чадвар, хэмжээнд нийцсэн байдаг. Тэрээр ийнхүү илчилсэн учраас л бидний зарим нь үүнийг ойлгож, дагах боломжтой болсон.
Ерөнхийдөө Хуучин Гэрээний Бурхан Өөрийгөө хүмүүний хязгаарт зүгээр л нийцүүлчхээгүй байдгийг ойлгох нь чухал юм. Үүнээс илүүтэй Тэрээр Өөрийгөө эртний Ойрх дорнод дахь Изриалийн түүхэн тодорхой нөхцөл байдалд тохируулсан байдаг. Тэрээр Хуучин Гэрээний Бичвэрүүдийг юуны түрүүнд Израильчуудад ойлгуулахын тулд бичсэн.
Хуучин Гэрээний анхны хүлээн авагчид нь эртний Иудейчууд байсан тул энэ нь еврей болон арамей хэлээр бичигдсэн байдаг. Бурхан арван хуулиа чулуун хавтан дээр өгсөн. Учир нь энэ нь аливаа хааны хууль тушаал болон үндэсний чухал бичиг баримт зэргийг бичиж буулгадаг олон улсын соёл байсан аж. Хуучин Гэрээний хүүрнэл, хууль, яруу найраг, мэргэн ухааны зохиолуудын хэв маяг нь эртний Ойрх дорнодын утга зохиолын тогтсон хэв загварын дагуу бичигдсэн байдаг. Эдгээр болон бусад олон арга замаар Бурхан Хуучин Гэрээг Өөрийн эртний ард түмэнд нийцүүлсэн байдаг учраас л тэд ойлгох боломжтой болсон байх нь.
Энэ шалтгааны улмаас л өнөө цагийн та бид Хуучин Гэрээг судлах явцдаа энэ нь олон жилийн өмнө амьдарч байсан хүмүүст нийцүүлэн бичигдсэн гэдэг асуудалтай байнга тулгардаг. Энэ нь онцгойлон эртний Изриалийн ард түмэнд хандаж бичсэн шүү дээ.
Библийн ном тус бүр анхны хүлээн авагчдадаа хандан бичигдсэн. Энэ нь 21-р зууны та бид бол анхны хүлээн авагчид нь биш гэсэг үг. Шинэ Гэрээний номуудын дийлэнх нь захиа буюу захидал гэдгийг ойлгох нь тун сонирхолтой төдийгүй бидэнд тустай гэж би боддог. Тиймээс эдгээр захидлуудыг унших үедээ та үүнийг Библийн том зургаар өргөжүүлэн харах хэрэгтэй... бид чинь бусдын захиаг уншиж байна шүү дээ. Бид чуулганых тул эдгээр нь ч мөн бидэнд зориулагдсан. Гэвч угтаа эдгээр нь эхлээд анхны хүлээн авагчдад хандан бичигдсэн юм.
— Доктор. Роберт МакЕван
Ингээд бид Хуучин Гэрээний алслалын зарим шалтгаануудыг харлаа. Одоо дараагийн сэдэв болох Хуучин Гэрээ ба бидний хооронд ямар төрөл буюу хэлбэрийн алслал байдаг талаар авч үзье. Ямар төрлийн зүйлс бидэнд Хуучин Гэрээг алс харийн болгодог вэ?
Төрлүүд
Орчин цагийн бидэнд Хуучин Гэрээ нь ихэнхдээ алс хол санагддаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Гэвч энэхүү бодит байдал биднийг эргэлзүүлж, Библийн энэ хэсгийг судлах урам зоригийг минь мохоож болох юм. Ингэж сэтгэлээр унахгүй байх нэг арга бол Хуучин Гэрээний ямар төрлийн зүйлс биднийг ийм байдалд оруулж буйг олж тогтоох явдал юм. Ийнхүү мэдсэнээр бид Бичвэрийг илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж чадна.
Хуучин Гэрээний алслалын үндсэн төрлүүдийг жагсаах олон арга зам байдаг ч бид зөвхөн гурвыг нь л авч үзэх болно. Нэгдүгээрт, теологийн алслал. Хоёрдугаарт, соёлын алслал. Гуравдугаарт, хувь хүний алслал. Эдгээр гурван төрлийн алслал нь олон талаар хоорондоо холбогддог. Гэвч энэ талаар ярилцахын тулд бид Хуучин Гэрээг судлах явцад бидэнд тулгардаг теологийн алслалаас эхлэн нэг нэгээр нь авч үзэх болно.
Теологийн алслал
Теологийн алслал тухай ярих үед бид Хуучин Гэрээний зохиогчдын хүлээн авсан илчлэл ба Христ дотор бидний хүлээн авсан бүрэн илчлэл хоёрын хоорондын ялгааг голчлон боддог. Хуучин Гэрээний теологийн үзэл санаа нь анхандаа Шинэ Гэрээний сургаалтай үл нийцэх мэт харагддаг болохыг Христитгэгч бүр анзаардаг. Хэдхэн жишээ авч үзье л дээ.
Эхлэл 22-р бүлэгт Бурхан Абрахамд өөрийн хүүг тахил болгон өргө гэсэн бөгөөд түүний дуулгавартай байдлыг Бурхан ерөөсөн байдаг. Тэгвэл өнөө цагт хэн нэгэн Бурхан өөрийг нь хүүгээ тахил болгон өргө гэсэн гэж итгэсэн гэвэл бид юу гэж бодох вэ? Хэн маань ч үүнийг теологийн гаргалаа гэж үзэхгүй нь ойлгомжтой.
Мосегийн өдрүүдэд Бурхан Өөрийн итгэмжит хүмүүсийг Египетээс Амлагдсан газар руу агуу их арми болон гарч явахыг хүссэн. Тэгвэл өнөө цагт зарим нэг бүлэг Христитгэгчид Амлагдсан газар руу очихоор шууд л Синайн цөлийг туулахаар явна гэвэл хачин санагдах нь ойлгомжтой.
Хуучин Гэрээнд эр хүн өөрийгөө Бурханы үйлчлэлд бүрэн зориулахдаа үсэндээ тонгорго хүргэхгүй хэмээн Назирын тангараг өргөдөг ёсон байсан тухай бид уншдаг. Мөн Бурхан Иерусалимийн сүмийг ард түмнийхээ мөргөл үйлдэх цор ганц газар байхаар зааварласан талаар бид суралцдаг. Бурхан Өөрийн хүмүүсээс гэм нүглийнхээ төлөөсөнд амьтдаар тахил өргөхийг шаарддаг. Тэрээр мөн Канаан нутгийг хүүхэд, эмэгтэйчүүдтэй нь бүхэлд нь устгахыг тэдэнд тушаасан байдаг.
Хуучин Гэрээнд буй Бурханы илчилсэн эдгээр зүйлс нь Шинэ Гэрээнд Түүний илчилсэн зүйлсээс тэс өөр мэт санагддаг. Тэгсэн ч үүнд итгэ хэмээн дууддагт нь бид гайхдаггүй гэж үү? Энэ төрлийн теологийн ялгаа бүхий жагсаалт хөвөрсөөр байх болно. Бид юу гэж ч тайлбарласан Хуучин Гэрээ ба бидний хооронд теологийн томоохон алслал байгаа нь тодорхой байна.
Бурхан бидэнд Өөрийгөө тодорхой цаг хугацаа ба орон зайд илчилдэг… Та Хуучин Гэрээнд зарим хоол хүнсний хууль болон цэвэр ба цэвэр бус зан үйлийн талаар бодсон байх. Үүнийг Хуучин Гэрээний Израильчууд хэрэгжүүлэх ёстой байсан бол өнөөдөр Гэрээ өөрчлөгдсөнтэй холбогдон бид эдгээрийг дагаж мөрдөх шаардлагагүй болсон. Хэн нэгэн эдгээрийг мөрдөх боломжтой ч тэгэх шаардаггүй юм. Энэ бол гэрээний шаардлага биш. Үнэндээ хэрэв та Хуучин Гэрээ эдгээр зүйлсийг үйлдээрэй гэсэн гээд бусдаас эдгээрийг үйлдэхийг шаардах гэж байгаа бол маш болгоомжтой байх ёстой. Учир нь та “Бурхантай зөв харилцаатай болохын тулд хэдийнээ биеллээ олсон Хуучин гэрээнд захирагдах ёстой” гэж хэлэхэд хүрнэ гэсэн үг. Тиймээс гэрээний өөрчлөлтөөс улбаалан эдгээр олон янзын шаардлагууд нь чухал биш болсон.
— Доктор. Стефен Ж. Веллум
Теологийн алслалаас гадна өөр нэг төрлийн алслал биднийг Хуучин Гэрээнээс холдуулдаг. Энэ нь Ойрх Дорнод ба орчин цагийн ертөнцийн соёлын алслал юм.
Соёлын зай зааг
Хүн төрөлхтний соёл байнгын хувьсан өөрчлөгдсөөр байдаг. Тиймээс Хуучин Гэрээ ба бидний хооронд соёлын зааг ялгаа байсаар байна. Нийгмийн бүтэц өөрчлөгдөн солигддог. Эртний ёс заншил үеэ өнгөрөөсөн, хачин жигтэй санагддаг. Та 200 жилийн өмнөх өөрийн улсдаа зочилж байна гээд төсөөлдөө. Хэдхэн эриний наана цаана байгаа ч олон ялгаа нь бидэнд өөр ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэгвэл мэддэг газартаа л гэхэд 200 жилийн өмнө очиход ийм их соёлын ялгааг харж болдог юм бол бидний уншиж буй Хуучин Гэрээний цаг үе нь биднийхээс ямар их ялгаатай байх бол? Эртний Ойрх Дорнод ба орчин цагийн ертөнцийн хооронд маш их ялгаа байдаг тул Хуучин Гэрээнээс бидний уншдаг олон зүйлс үнэхээр танил бус байх нь аргагүй юм.
Хуучин Гэрээ нь эртний олон улс орны аж амьдралын тухай өгүүлдэг ба бид үүнээс соёлын томоохон ялгаануудыг олж хардаг. Энд Израиль, Канаан, Египет, Ассири, Вавилон, Перс болон бусад өөр олон соёл иргэншлүүдийг нэрлэж болох юм. Тэдгээрт өнөөгийн бидэнтэй л адил тоо томшгүй соёлын итгэл үнэмшил, үнэ цэн, зан заншилтай байдаг. Гэвч эдгээр нь өнөөгийн бидний соёлын итгэл үнэмшил, үнэ цэн, зан заншлаас эрс ялгаатай байдаг. Хуучин Гэрээнд гардаг соёлын цөөн хэдэн жишээг харцгаая.
Хуучин Гэрээний ихээхэн хэсэгт газар тариалангийн тухай өгүүлсэн байдаг. Бид Бичвэрийн туршид газар тариалан, мал аж ахуйн талаар олж уншдаг. Тэгвэл орчин үеийн хот суурины хүмүүст эртний амьдралын энэхүү хэв маягийн талаар төсөөлөхөд ч бэрх. Мөн Хуучин Гэрээний үеийн технологи ч гэсэн өнөөдрийнхөөс өөр байв. Өнөөгийн бидний нь харилцах, ажиллах, хялбарлахдаа ашигладаг технологиуд нь эрт цагт огт байгаагүй юм.
Бид түүнчлэн Хуучин Гэрээнээс сүй тавих талаар олж уншдаг. Мөн библийн гол баатрууд олон эхнэр авдаг байсан тухай ч олж хардаг. Мөн энд боолчлолын олон янзын төрлүүд гардаг. Улс төрийн дарангуйлал нь Израиль болон бусад улс үндэстний соёл ахуйд хүчтэй нөлөө үзүүлсэн байдгийг ч харж болно. Мэдээж хэрэг, ялангуяа цөлийн овог аймгууд энд хамаардаггүй ч Бичвэрийн турш агуу хаад ба эзэн хаад, тэдний хүчирхэг арми нь чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Хуучин Гэрээний дүрүүд орчин цагийн ардчилсан үзэл санааны талаар ямар ч ойлголтгүй байсан.
Бид Хуучин Гэрээний амьдралын эдгээр болон эдгээртэй төстэй зүйлсийг хараад ихэнхдээ хэрхэн хандахаа мэдэхгүй гайхаж хоцордог. Биднийхээс тэс өөр соёл гүн гүнзгий шингэсэн Библийг хараад бид юу хийх ёстой вэ? Энэхүү соёлын ялгаа нь биднийг Хуучин Гэрээнээс асар их ялгаатай гэж бодоход хүргэдэг.
Жишээ нь, хэрэв та Хуучин Гэрээ рүү эргэн нэг харах юм бол энэ нь өнөөдрийн бидний эргэн тойронд буй зүйлсээс ямар их ялгаатай болохыг олж харах нь дамжиггүй. Нэг л зүйл дурдахад Хуучин Гэрээний орчин нөхцөл ба аж амьдрал нь бараг бүхэлдээ хөдөө аж ахуйн шинжтэй байсан. Өөр нэг зүйл гэвэл олон эхнэр авах нь маш түгээмэл явдал байв. Тиймээс л энэ нь биднээс соёлын хувьд алс хол байдаг.
— Др. Луис Ортеза
Хуучин Гэрээний теологи ба соёл нь бидэнд хэрхэн алс хол санагддаг болохыг авч үзлээ. Одоо тэгвэл бид гуравдах алслал буюу “хувь хүний” алслалын талаар хамтдаа харцгаая.
Хувь хүний алслал
Бид “хувь хүний” алслалын тухай ярихдаа Хуучин Гэрээний үед амьдарч байсан хүмүүс орчин цагийн хүмүүсээс ялгаатай байсныг тайлбарладаг. Энэхүү ялгаа нь ихэнхдээ маш хувийн бөгөөд хүний хүчин зүйлстэй холбоотой байдаг. Мэдээж Хуучин Гэрээний үеийн хүмүүс биднээс тэс өөр байгаагүй. Бид энэ хичээлийнхээ төгсгөлд тэд бол бидэнтэй олон талаараа адил байсан гэдгийг үзэх болно. Гэвч үүнтэй зэрэгцэн тэдний амсаж туулсан бүхэн нь тэднийг өнөөдрийн биднээс тэс өөр болгосон.
Хуучин Гэрээний үеийн хүмүүс биднээс ялгаатай байсанд гайхах хэрэггүй. Эцсийн эцэст тэдний зан байдал, үйл ажиллагаа нь тэдний амьдарч байсан үеийн соёл ба теологиос урган гарсан байдаг юм. Теологийн түвшний хувьд Хуучин Гэрээний олон хүмүүс бидний өнөөдрийнхтэй адилгүй гайхалтай сүнслэг туршлага хуримтлуулсан.
Тэд тэнгэрийн улсыг үзэгдлээр харж, Бурханы дуу хоолойг бодитоор сонссон байдаг. Тэд тэнгэрлэг биетүүдтэй учирсан. Тэгвэл та түр зогсоод өөрөөсөө ийнхүү асуугаарай. Хэрэв та дээрх туршлагуудаас амсаж мэдэрсэн бол одоо та хэр өөр байх байсан бол? Хэрэв та тэнгэрлэг үзэгдлийг үзэж, дуу хоолойг сонсон, тэнгэр элч ба чөтгөртэй нүүр тулсан бол ямар хүн байх байсан бэ? Ийм учралууд биднийг эрс өөрчлөх нь дамжиггүй. Энэ үнэн биднийг Хуучин Гэрээний үеийн хүмүүсээс олон талаараа ялгаатайг маань ойлгоход тусалдаг.
Үүнээс гадна өнөөгийн соёлын нөлөө нь биднийг Хуучин Гэрээний хүмүүсээс хэр их ялгаатай болгодгийг анзаараарай. Хуучин Гэрээний хүмүүс бидэнд харь хол санагдахаар соёлын үүрэг нөлөөнд ихээхэн автсан байсан. Тэр үед хаад, хатад, үйлчлэгч, зарц гэж байсан. Тэд эрэгтэй эмэгтэй хүний үүргийн талаар тэс өөр үзэлтэй байсан. Энэ нь өнөөдрийн бидний үзлээс эрс ялгаатай байдаг. Эртний дайн тулааны айдас хүйдэс нь Хуучин Гэрээний хүмүүсийн хувийн шинж чанарт гүн гүнзгий нөлөөлсөн. Өлсгөлөн ба ган гачгийг орчин үеийн технологийн тусламжгүйгээр даван туулдаг байсан нь тэдний бие махбод ба сэтгэл санаанд нөлөөлсөн байдаг. Бидний ихэнх нь ийм зүйлстэй нүүр тулж үзээгүй. Тиймдээ ч бид Хуучин Гэрээний хүмүүсийг ойлгон хүлээн авахад амаргүй байдаг.
Ингээд бид Хуучин Гэрээг биднээс холдуулж байдаг алслалын учир шалтгаан болон төрлүүдийг авч үзлээ. Одоо харин бид Хуучин Гэрээ нь орчин цагийн хүмүүст хамааралтай эсэх талаар судалцгаая. Хуучин Гэрээ эрт дээр үед бичигдсэн байхад өнөөгийн бид яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй гэж?
ХАМААТАЙ БАЙДАЛ
Хуучин Гэрээ нь Христитгэгчдийн амьдралд чухал ач холбогдолтой хэмээн үзэх тоо томшгүй шалтгаан бий. Гэвч үүний хамгийн чухал баталгаа нь Есүс болон Түүний анхны зууны үед амьдарч байсан элч ба эш үзүүлэгчдээс улбаатай байдаг. Тэд Хуучин Гэрээ нь дан ганц эртний Израильчуудад зориулагдсан Бурханы эрх мэдэлтэй үг бус харин тэдний цаг үеийн Христитгэгчдэд ч зориулагдсан Бурханы Үг болохыг итгэлтэйгээр заадаг байсан. Өнөөгийн маш олон Христитгэгчид Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээг няцаан, хүчингүй болгохын тулд бичигдсэн хэмээн итгэдэг. Гэтэл үнэндээ бол Есүс болон Түүний элч, эш үзүүлэгчид үүний яг эсрэгээр нь хэлсэн байдаг.Тэд Хуучин Гэрээ нь үе үеийн итгэмжит Христитгэгчдийн амьдралд амин чухал хэмээн заасан.
Хуучин Гэрээ нь өнөөдрийн бидний амьдралд ч хамаатай болохыг Шинэ Гэрээний олон хэсэгт өгүүлдэг. Тэгвэл бид үүнийг зөвхөн хоёр чиглэлд авч үзэх болно. Нэгдүгээрт, бид энэ талаарх Есүсийн сургаалыг харна. Хоёрдугаарт, элч Паулын сургаалыг авч үзнэ. Ингээд эхлээд Хуучин Гэрээний хамаатай байдлын талаарх Есүсийн заасан сургаалыг хамтдаа судалцгаая.
Есүсийн сургаалууд
Есүс Хуучин Гэрээний хамаатай байдал болон эрх мэдлийн тухай дагалдагчдадаа юу гэж заасныг ойлгохын тулд Түүний сургаалыг хоёр хэсэгт хуваан авч үзье. Ингэхдээ юуны түрүүнд Хуучин Гэрээний талаарх Түүний хэлсэн сөрөг тайлбаруудыг судална. Дараа нь Хуучин Гэрээний хамаатай байдлын талаарх Түүний тодорхой эерэг баталгаануудыг нягтлан харцгаая. Ингээд эхлээд олон судлаачдын Хуучин Гэрээний талаарх сөрөг үзэл санаа байна хэмээн үздэг Есүсийн хэлсэн зарим тайлбарыг авч үзэцгээе.
Сөрөг тайлбар
Бидний ихэнх нь Матай 5-7-р бүлэгт буй Есүсийн уулан дээрх сургаалыг маш сайн мэддэг. Энд Есүс ёс зүйн хэд хэдэн асуудлыг нэгэнтээ хөндсөн байдаг. Түүний эдгээр асуудлуудад хандсан уг хандлага нь олон сайн итгэгчдэд Есүс Хуучин Гэрээг засах гэсэн эсвэл үүний эсрэг байр суурьтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Эдгээрээс хамтдаа сонсоцгооё. Тэрээр Матай 5:21-22 дээр хүний аминд хүрэх тухай өгүүлсэн. Энд:
“Хүн бүү ал, хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино” гэж хууччуулд айлдсаныг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно” гэжээ (Матай 5:21-22).
Есүс Матай 5:27-28 дээр завхайрлыг тодорхойлохдоо:
“Чи бүү завхайр” гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийн завхайрсан хэрэг юм” гэсэн байна. (Матай 5:27-28).
Тэрээр мөн гэр бүл салалтын талаар Матай 5:31-32 дээр хэлэхдээ:
“Хэрэв эхнэрээсээ салбал цуцлалтын бичгээ түүнд өг” гэж хэлсэн байдаг. Харин Би та нарт хэлье. Садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салсан хэн боловч эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд салсан эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрч буй хэрэг мөн” гэжээ (Матай 5:31-32).
Түүнчлэн Тэрээр тангараг өргөх тухай Матай 5:33-34 дээр анхааруулсан байдаг. Энд:
“Хуурамчаар бүү тангарагла, харин Эзэнд амласнаа биелүүл” гэж хууччуулд хэлснийг та нар мөн сонссон. Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, энэ нь Бурханы сэнтий юм" гэжээ (Матай 5:33-34).
Мөн өш хонзонгоо авах тухай Матай 5:38-39 дээр:
“Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье. Ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн рүү нөгөө хацраа ч бас эргүүл” гэжээ (Матай 5:38-39).
Эцэст нь Христ дайснаа хайрлах талаар Матай 5:43-44 дээр ийнхүү өгүүлсэн байдаг:
“Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир.” (Матай 5:43-44).
Есүс бол Бурханы төгс илчлэл бөгөөд Түүний сургаалууд нь Хуучин Гэрээнээс илүү бүрэн дүүрэн хэмээн Христийн бүхий л дагалдагчид санал нэгдэх ёстой. Тэрээр зүрх сэтгэлд нэвтрэн орж, Хуучин Гэрээний хэзээ ч хүрч чадаагүй алс хязгаарт хүртэл дүүрэн бялхсан юм. Харамсалтай нь олон Христитгэгчид эдгээр аллага, завхайрал, салалт, тангараг, өш хонзон ба дайснаа хайрлах хайрын талаарх Есүсийн үзэл нь Хуучин Гэрээтэй зөрчилддөг гэж дүгнэсээр ирсэн.
Тэр ч бүү хэл Есүс Хуучин Гэрээний сургаалыг үгүйсгэн, Өөрийнхөө тааллын дагуух бүрэн дэлгэрэнгүй заавраа өгсөн хэмээн эндүүрдэг. Хэрэв энэхүү түгээмэл ойлголт үнэн бол бид Есүс Хуучин Гэрээний ёс зүйн хэм хэмжээнээс биднийг холдуулах гэж ирсэн гэж бодох боломжтой. Гэвч Есүс Матай 5-р бүлэгт чухам яг юуны тухай өгүүлснийг илүү нягтлан харвал уг ойлголт нь үнэнээс хол болохыг ухаарах болно. Есүс Хуучин Гэрээний аль ч хэсгийг, ямар ч байдлаар эсэргүүцээгүй юм. Харин ч Тэрээр тухайн үед байсан Хуучин Гэрээний талаарх нийтлэг буруу ойлголтуудыг засаж, залруулан, эрх мэдлийг нь бататгаж байсан.
Есүс Хуучин Гэрээтэй зөрчилдөхийн оронд тухай үед Хуучин Гэрээний талаарх Фарсайчууд болон хуулийн багш нарын тайлбарыг л эсэргүүцсэн байдаг. Есүсийн цаг үед цөөн хэдэн хүн л Библийг шууд судлах боломжтой байв. Тиймээс Израилийн эгэл ард нь шашны удирдагчдынхаа аман заавар, тайлбараас бүрэн хамааралтай байжээ. Фарисайчууд Хуучин Гэрээнээсээ шууд заахаасаа илүү Хуучин Гэрээн дээр нэмсэн уламжлалдаа тулгуурлан зааварчилдаг байжээ. Гэвч харамсалтай нь тэдгээр уламжлалууд нь Есүс болон Хуучин Гэрээний аль алиных нь анхдагч чухал нөхцөл болох хүмүүний дотоод зүрх сэтгэлд бус харин гадаад дуулгавартай байдалд хэт ач холбогдол өгсөн байв.
Ерөнхийдөө Есүс Хуучин Гэрээтэй нийцдэг тэдгээр сургаалуудаа та нарт “хэлсэн”, та нар “сонссон” гэдэг сургаалуудтай харьцуулан сөргүүлж тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл Тэрээр аман уламжлалаар хүлээн авсан сургаалуудын эсрэг байсан гэсэн үг юм. Есүс болон Шинэ Гэрээний дүрүүд Хуучин Гэрээг үргэлж “бичсэнчлэн” эсвэл “уншсаны” дагуу хэмээн эш татсан байдаг. Есүс Шинэ Гэрээний аль ч хэсэгт ийнхүү хэлэгдсэн зүйлсийг үгүйсгээгүй. Тиймээс Есүс уулан дээрх сургаалаараа Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлсийг няцаагаагүй. Харин Израилийн багш нарын үлдээсэн аман уламжлалтай санал нийлээгүй хэрэг юм. Яг үүний гэрэлд бид Есүс эдгээр аман уламжлал бүхий зааварчилгааны талаар чухам юу гэснийг нягталж үзэх шаардлагатай болдог.
Есүс уулан дээрх сургаалаа айлдахдаа “Та нар ийнхүү сонссон, харин Би та нарт хэлье” гэсэн хэллэгийг ашигласан нь Тэрээр Хуучин Гэрээний хуулийг хүчингүй гэж хэлээгүй юм. Үнэндээ Тэрээр яг эсрэгээр нь буюу “Би хуулийг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэдгээ маш тодорхой хэлсэн. Харин Тэрээр Хуулийн багш нар өөрсдийн сургаалын эрх мэдлийн тухай ярихдаа ашигладаг байсан Рабби нарын арга техникийг ашигласан. Энэ нь “Та бүхэн уламжлалын дагуу өөр өөр хүмүүс Хууль дахь сургаалын талаар ийнхүү хэлэхийг нь сонссон. Гэвч би та нарт хэлье” гэдэг байж. Ингэхдээ энэ нь одоо байгаа эрх мэдэл дээр нь нэмэлт эрх мэдлээр ярьсан хэрэг байв. Тиймээс Есүс Өөрийн сургаалын эрх мэдлийг бүх хүмүүсийн мэддэг арга барилаар тогтоож өгсөн. Ингэсэн нь Хуучин Гэрээний хуулийг үгүйсгэхийн тулд бус, харин теологийн болон Христийн талаарх онцгой чухал онол сургаалыг хүргэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл Тэрээр Хуучин Гэрээний хуулийг Өөртэй нь болон Өөрийнх нь сургаалтай холбож ойлгох нь чухал гэдгийг харуулахыг зорьсон.
— Др. Грегори Р. Перри
Есүсийн дүрсэлсэн ялгааг дахин нэг бодоод үзье л дээ. Хүний амь бүрэлгэх тал дээр л гэхэд Есүс энд үзэн ядалтыг хүртэл хамруулснаараа аллагын хориг заалтыг өргөжүүлж орхисон гэж олон хүн боддог. Гэтэл Хуучин Гэрээ нь дан ганц аллагыг буруутгаад зогсохгүй Бурханы хүмүүсийн хоорондын зөрчил маргааныг ч эсэргүүцдэг гэдгийг санах хэрэгтэй.
Бурханы ард түмний дунд буй эв эе, энх амрын талаар Дуулал 133:1-д маш тодорхой өгүүлдэг. Энд:
“Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хэчнээн сайхан, хэчнээн тааламжтай вэ!” гэжээ (Дуулал 133:1).
Есүсийн цаг үед Иудейчуудын дунд амь насанд нь л хүрэхгүй бол үзэн ядаж, зөрчил маргаан дэгдээх нь байдаг л зөвт явдал байлаа. Тэгвэл Есүс үүний яг эсрэгээр нь буюу аллагын эсрэг хоригийг үзэн ядалтын эсрэг хоригтой холбосноороо Хуучин Гэрээний жинхэнэ жишгийг дахин бататгасан юм.
Завхайрлын тухайд гэвэл Есүс зүрх сэтгэлийн завхайрлын тухай хөндсөнөөрөө бие махбодын завхайрлын эсрэг өгсөн Хуучин Гэрээний хоригийг давж орхисон хэмээн олон хүн андуурдаг. Гэвч Гэтлэл 20:17 дээр буй арав дахь тушаалд хэлэхдээ:
“Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэр, зарц, шивэгчин, үхэр, илжиг гээд хөршийнхөө юунд ч бүү шунахайр” гэсэн байдаг. (Гэтлэл 20:17).
Эндээс харвал Хуучин Гэрээ нь хэн нэгний хань ижилд шунахыг хориглосон нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл энэ нь зүрх сэтгэлийн завхайрлыг хэлсэн гэсэн үг юм. Есүсийн үндсэн санаа нь Хуучин Гэрээний хуулийг үгүйсгээгүй, харин ч дахин бататгаж өгчээ.
Гэр бүл салалтын талаар эрэгтэй хүн ямар ч шалтгаанаар эхнэрээсээ салж болно хэмээн тухайн үеийн Израилийн шашны олон удирдагчид итгэдэг байжээ. Тэд хэрэв хууль ёсны бичгээ өгсөн л бол Хуучин Гэрээний хууль тогтоомж нь ийнхүү салах эрхийг нь өгдөг хэмээн зааж байв. Гэтэл Хуучин Гэрээнд ийм харилцааг Бурхан огтхон ч зөвшөөрч байгаагүй юм. Үүнийг бид Малахи 2:16-аас харж болж. Энд:
“Учир нь Би салалтыг үзэн яддаг гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна” гэжээ (Малахи 2:16, АБ2019).
Есүс салалтын талаарх байр сууриа Матай 19:3-9-р эшлэлд илүү тодорхой тайлбарласан. Тэрээр салалтын эсрэг энэхүү байр сууриа Хуучин Гэрээнд үндэслэсэн гэдгээ тодорхой болгосон байдаг. Ялангуяа Тэрээр Адам, Евагийн талаарх бүтээлийн түүхэнд үндэслэн юм.
Тангараг өргөх тухайд гэвэл Есүсийн үеийн зарим рабби нар биелүүлнэ гэж ам тангараг өргөөгүй л бол худал хэлж болно гэж заадаг байжээ. Есүс уг сургаалын эсрэг байсан бөгөөд Хуучин Гэрээ нь дан ганц тангаргаа зөрчин худал хэлэхийг бус, харин бүхий л худал хуурмаг үгсийг хориглосон болохыг нотолсон. Тухайлбал, Сургаалт Үгс 6:16-17-ийн эхний хэсгийг харвал. Энд:
“Энэ зургаан зүйлийг ЭЗЭН үзэн яддаг Энэ долоо дахийг нь ч Тэрээр жигшдэг. Дээгүүр харц, худалч хэл…” гэсэн байна (Сургаалт үгс 6:16-17).
Ийм учир Есүс Матай 5:37 дээр хэлэхдээ:
“Харин үг чинь “За бол за, үгүй бол үгүй ” байг” гэжээ (Матай 5:37).
Есүс Хуучин Гэрээг эсэргүүцээгүй. Харин Фарисай болон хуулийн багш нарын аман уламжлалт тайлбар нь Хуучин Гэрээний хэм хэмжээнд хүрэхгүй байгааг харуулсан юм.
Өшөө авалтын тухайд гэвэл тэдэнд Гэтлэл 21:24 дээрх “нүдийг нүдээр” гэх Хуучин Гэрээний анхны хууль заавар байсан. Есүсийн үед хүмүүс үүнийг хувийн өш хонзонгоо авах зөвшөөрөл хэмээн ойлгож байв. Тиймээс хэн нэгэн чамд гэм хор учруулах бүрд чи түүнд яг ижил хариуг нь өгөх эрхтэй гэж тэд итгэсэн юм. Гэвч угтаа “нүдийг нүдээр” гэдэг нь шүүгчдэд зориулсан Мосегийн хууль зааврын нэг хэсэг нь байсан юм. Энэ нь Израилийн шүүхийн цэцдийг чиглүүлэх зорилгоор өгөгдсөн байдаг. Одоо үетэй л адил шүүгчид ял шийтгэлийг шударгаар оноож, аливаа хэрэгт ийнхүү эн тэнцүү хандах ёстой байсан аж.
Мосе үүнийг хүмүүс хоорондын хувийн харилцаанд заавар болгож өгөөгүй. Үүний оронд хүмүүс өдөр тутмын энгийн амьдралдаа бие биедээ энэрэл нигүүлслээр хандах ёстой болохыг Хуучин Гэрээ заадаг. Энэ тухай Левит 19:18 дээр өгүүлдэг: Энд:
“Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал…Би ЭЗЭН” гэжээ (Левит 19:18).
Есүс шүүгчдийн шүүх хуралдаа мөрдөж байсан хуулийн худал хуурмаг тайлбартай санал нийлээгүй юм. Тэрээр хүмүүс хувийн харилцаандаа нэгнээ уучлан, өршөөх ёстой гэсэн Хуучин Гэрээний сургаалыг бататгасан билээ.
Эцэст нь дайснаа хайрлах хайрын тухайд гэвэл Түүний үед хуулийн зарим багш нар дайснаа үзэн ядах нь зүйн хэрэг гэж заадаг байжээ. Тэд Левит 19:18 дээрх “хөршөө өөрийн адил хайрла” гэсэн тушаалаас дайснаа үзэн ядах нь мөн адил зохистой хэмээн ойлгож байсан бололтой. Гэвч Хуучин Гэрээ нь өөрийн дайсныг хайрлах тухай байнга урамшуулан заадаг. Тухайлбал Гэтлэл 23:4 –г харцгаая. Энд:
“Хэрэв дайсныхаа алдуул үхэр, илжигтэй тааралдвал түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг” гэжээ (Гэтлэл 23:4).
Бидний харсанчлан Есүс Хуучин Гэрээний эсрэг ямар ч санаа дэвшүүлээгүй. Харин ч тухайн цаг үеийн худал хуурмаг тайлбаруудыг эсэргүүцэж, Хуучин Гэрээний үнэн сургаалыг баталсан юм.
Есүс Уулан дээрх сургаалдаа “Та нар ингэж хэлэхийг сонссон. Харин Би та нарт хэлье” хэмээн тунхагласан нь Хуулийн жинхэнэ утгыг тодруулах хамгийн сайн арга байсан гэж би боддог. Тэрээр цоо шинэ зүйл танилцуулаагүй. Харин энэ нь Бурханы зорилго чухам юу байсныг илчлэн тайлбарласан хэрэг байв. Тиймээс хууль “чи бүү завхайр” хэмээснээрээ Бурхан хүмүүсийг бусдын эмэгтэйг төдийгүй өөрийн эхнэр рүүгээ ч тачаадан харах нь байж болох зүйл гэж бодохыг хүсээгүй аж. Иймд Есүс шинэ шаардлага тавиагүй. Харин хуульд хэдийнээ буй зүйлсийг тодорхой болгосон хэрэг юм.
— Доктор. Жемс M. Хамилтон
Бид Хуучин Гэрээний талаарх Есүсийн сөрөг тайлбарууд хэмээн тооцогддог Түүний зарим сургаалыг авч үзлээ. Одоо тэгвэл Хуучин Гэрээний эрх мэдэл болон энэ нь дагалдагч бүрд хамаатай болохыг нь харуулсан Есүсийн эерэг баталгаануудын тухай хамтдаа харцгаая.
Эерэг баталгаанууд
Хуучин Гэрээний бүрэн эрх мэдэл болон хамаатай байдлынх нь талаарх Христийн эерэг үзэл санааг тодорхой харуулсан тоо томшгүй олон хэсгүүд Сайнмэдээний номуудад бий. Тэр үргэлж Хуучин Гэрээг Өөрийн сургаалын үндэс суурь болгон эш татдаг байв. Бид хуулийг өгсөн Мосе болон эш үзүүлэгч Елиа нартай хамт зогсож байсан Есүсийн хувирч өөрчлөгдсөн явдлыг мартаж болохгүй юм. Сайнмэдээний дөрвөн ном бүгд Есүсийн төгс зөвт байдлыг буюу Тэрээр эш үзүүллэг болон хуульд бүрэн дүүрэн захирагддаг байсныг онцлон харуулдаг. Есүсийн амьдрал бүхэлдээ Хуучин Гэрээний үг сургаалын дагуу байсан. Тэрээр эдгээр бүх сургаалыг биелүүлэхээр ирсэн бөгөөд дагалдагч нартаа ч мөн ийнхүү үйлдэх дуудлагыг өгсөн.
Матай 5:17-18 дээр Есүсийн хэлж буйг сонсоцгооё. Энд:
“Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин биелүүлэхийн тулд Би ирсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдэх хүртэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй” гэжээ (Матай 5:17-18).
Энд Есүс 1-р зууны үед Хуучин Гэрээг бүхэлд нь тодорхойлдог байсан “хууль ба эш үзүүлэгчдийг” хэрэгсэхгүй болгохоор ирээгүй гэдгээ нотолсон. Үнэндээ 17-р эшлэлийн эхний хэсгийг зүгээр л “бүү бод” гэж бус харин “бүү бодож эхлээрэй” хэмээн орчуулж болох юм. Тиймээс Тэрээр цааш нь “бүгд биелэгдэх хүртэл” Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй гэснээрээ Хуучин Гэрээг бүрэн баталгаажуулсан байна. Харамсалтай нь олон Христитгэгч энэ хэсгийг уншаад энэ нь “Есүс Хуучин Гэрээг хэрэгсэхгүй болгохоор бус харин хамааралгүй болгох” гэж ирсэн хэмээн ойлгодог. Гэтэл энэ тийм биш юм. Есүс Матай 5:19 дээр энэ тухай өгүүлсэн байдаг. Энд:
“Тиймээс эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч болов үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно” гэжээ (Матай 5:19).
Энэ эшлэлд Есүс юу гэснийг сайн анзаараарай. Хэрэв хүн эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч болов үл сахин, бусдыг нь ч мөн тийн үл тооход урамшуулбаас “тэнгэрийн хаанчлалд өчүүхэн” гэгдэх юм. Харин эдгээр тушаалуудыг сахиж, тийнхүү сахихыг заасан хэн боловч “тэнгэрийн хаанчлалд агуу” нэгэн” болно гэжээ.
Есүс тухайн үеийнхээ Иудейчүүдийн талаар сайн мэдэж байсан бөгөөд одоо ч энэ нь бидэнд үнэн хэвээр буй юм. Бид бүгд л Хуучин Гэрээг өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлэхдээ энэ нь сонголт юм шиг хандах гээд байдаг. Бидэнд таалагддаг хэсгээ дагаад, таалагддаггүй хэсгээ үл дагаж, орхигдуулах гэдэг. Гэвч Есүс дагалдагч нараасаа Хуучин Гэрээний зарим хэсгийг нь бус харин бүхэлд нь буюу бүхий л хэсэг тус бүрийг нь хүлээн зөвшөөрч, сахиж амьдрахыг шаарддаг.
Тэрээр Матай 5:20 дээр энэ тухай хэрхэн өгүүлснийг сонсоцгооё. Энд:
“Би та нарт хэлье, та нарын зөвт байдал хуулийн багш нар ба фарисайчуудынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй” гэжээ (Матай 5:20).
Христийн дагалдагчид Хуучин Гэрээг Бурханы Үг хэмээн итгэж, хүлээн зөвшөөрчхөөд үүнд дуулгаваргүй хандаж хэрхэвч болохгүй юм.
Хуучин Гэрээний тухайд Лук 24-р бүлэгт амилсан Есүс Еммау орох замд явж байсан дагалдагч нартайгаа уулзсан байдаг. Тэгээд Тэрээр тэднийг Хуучин Гэрээний түүхээр аялуулж, бүгдийг нь тайлбарлаж өгсөн. Ингэхдээ Тэрээр Өөрийнх нь талаар өгүүлсэн Бичвэрийн бүхий л хэсгүүдийг тэдэнд харуулсан. Ийнхүү Өөрийг нь заадаг гэсэн нь Тэрээр Хуучин Гэрээг чухалчилдаг байсан гэсэн үг юм. Энэ нь бараг л “Харагтун, чамд одоо амилалт байна, Миний амилалт байна. Гайхалтай биш гэж үү? Чамд Би байна. Тиймээс чамд бичээс хэрэггүй, түүхийн ном ч хэрэггүй. Харин энэ бүгд нь Намайг илүү сайн таньж мэдэн, Бурханы зорилгыг ухаарахад чинь хэрэгтэй” гэж байгаа юм шиг санагддаг. Тиймээс Есүс Хуучин Гэрээг бататгаж байгааг бид бусад олон жишээнээс харж болдог. Ухаандаа энэ нь Тэрээр цөлд соригдохдоо “ийнхүү бичигдсэн... бичигдсэн... бичигдсэн” хэмээн давтсаар байсан шүү дээ. Ийнхүү бидний Багш болсон Есүс Бичвэрт захирагдаж байгаа нь Түүний шавь нар болсон бид ч тийнхүү захирагдах ёстойг харуулж байгаа юм.
— Др. Петр Вокер
Ингээд бид Хуучин Гэрээний сургаалууд нь өнөөгийн бидэнд хэр хамаатай болохыг хамтдаа харлаа. Тэгвэл одоо Шинэ Гэрээний нэг хэсэг болох элч Паулын сургаалаас товчхон судлах хэрэгтэй.
Паулын сургаал
Евангелийн Христитгэгчид ерөнхийдөө Шинэ Гэрээн дэх Паулын захидлуудаас ихээхэн хамаардаг. Гэвч бид Христитгэгчдийн амьдрал дахь Хуучин Гэрээний хамаатай байдлын талаарх Паулын санааг буруугаар ойлгох хандлагатай байдаг. Сайн санаат Христитгэгчид Паул Христийн дагалдагчдыг Хуучин Гэрээний эрх мэдлээс чөлөөлсөн хэмээн үргэлж маргадаг. Гэтэл маш олон судлаачид Есүс болон Паулын сургаал хоорондоо бүрэн төгс нийцдэг гэдгийг онцолсоор ирсэн байдаг. Паул Есүсийн адил хүмүүсийн Хуучин Гэрээнд буруугаар хандах явдлыг эсэргүүцсэн. Харин тэрээр үүнийг Христитгэлийн амьдралд маргаангүй эрх мэдэлтэй бөгөөд хамаатай гэдгийг баталсан байдаг.
Бид энэ талаарх Есүсийн үзэл хандлагыг авч үзсэнтэй адил Паулын сургаалыг судлах болно. Нэгдүгээрт, бид Паулын Хуучин Гэрээний талаарх сөрөг тайлбаруудыг, хоёрдугаарт, Хуучин Гэрээ нь Христийн дагалдагчдад хамаатай болохыг баталсан эерэг нотолгоонуудыг тус тус авч үзнэ. Ингээд эхлээд Хуучин Гэрээний талаарх Паулын сөрөг гэж харагддаг тайлбаруудыг харцгаая.
Сөрөг тайлбар
Хамтдаа Галат 3:1-5 дээр гардаг алдартай хэсгийг сонсоцгооё. Энд:
“Мунхаг галатчууд аа, хэн та нарыг ховсдов? Есүс Христ нийтийн өмнө загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн биш үү? Та нар Сүнсийг хэрхэн хүлээн авсан юм бэ? Хуулийн үйлсээр үү, эсвэл сонссондоо итгэснээр үү? Зөвхөн үүнийг л би та нараас мэдэхийг хүсэж байна. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махбодоор төгс болгогдож байна гэж үү? Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Үнэхээр дэмий байсан юм уу? Та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг хуулийн үйлсээр үйлддэг үү, эсвэл сонссондоо итгэснээр чинь үйлддэг үү?” гэжээ (Галат 3:1-5).
Энэ хэсэгт элч Паул “хуулийн үйлс” болон “итгэл”-ийг эсрэгцүүлэн тавьсан байгааг анхаараарай. Уг эсрэгцэл нь Хуучин Гэрээний ёс суртахууны сургаалыг Шинэ Гэрээний заавар буюу Христитгэгчдийн амьдралын хэв маягтай зөрчилдөхөд хүргэдэг гэж олон хүн үздэг.
Паулын бичээсүүд дэх эдгээр болон эдгээртэй төстэй тунхаглалууд нь Христитгэлийн итгэл үнэмшлээс эрс өөр сургаалыг хүлээн зөвшөөрсөн тул Хуучин Гэрээний хамаатай байдлыг үгүйсгэсэн хэмээн олон хүнийг бодоход хүргэсэн байдаг. Тэр ч бүү хэл Хуучин Гэрээг эрх мэдэлтэй хүчин төгөлдөр гэж үзэх нь Сайнмэдээг эсэргүүцсэн хэрэг болно хэмээн олон Христитгэгчид маргах нь бий. Гэтэл бид Галатчуудад бичсэн захидлыг бүхэлд нь төдийгүй мөн түүний бусад захидлуудыг ч сайтар нягтлан харах шаардлагатай юм. Эндээс бид Паул яг Есүстэй л адил Хуучин Гэрээг эсэргүүцээгүй гэдгийг олж мэддэг. Тэрээр үнэнийг гуйвуулж буй явдлыг л эсэргүүцсэн юм. Паул Хуучин Гэрээг хуулиар аврагддаг шашны удирдамж болгон зүй бусаар ашиглахын эсрэг бат зогсож байлаа. Дараа нь Галат 3:10-13-р эшлэлд Паул Галатын чуулганд хандан юу гэснийг хамтдаа сонсоцгооё. Энд:
“Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал дор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ. Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”. Харин хууль нь итгэлээс гараагүй ч “Тэдгээрийг үйлдэгч нь тэдгээрээр амьдарна.” Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан” гэж бичигдсэн байдаг” гэжээ (Галат 3:10-13).
Энэ хэсэгт Паул хуульд дуулгавартай байснаараа зөвтгөгдөнө хэмээн найдаж байсан хуурамч багш нарыг эсэргүүцэж байна. Хэрэв үүнийг бид чиг баримжаагаа болговол хэзээ ч Бурханы хуулийг төгс гүйцэлдүүлж чадахгүй тул хараагдах учиртай. Энэхүү хуулийн хараалаас мултрах цор ганц зам бол Бурханы хараалыг Өөртөө үүрсэн Христэд итгэх явдал билээ.
Паул хэзээ ч Хуучин Гэрээг эсэргүүцээгүй. Тэр хэзээ ч Хуучин Гэрээний сургаалыг Христитгэгчдэд хамаагүй гэж хэлээгүй. Харин ч тэрээр аврал нь Христэд итгэх итгэлээр бус харин хуульд дуулгавартай байхаас хамаарна хэмээн тунхаглаж байсан хуурамч багш нарыг эсэргүүцсэн аж. Үнэн хэрэгтээ Паул Галатчуудад бичсэн захидалдаа Бурханы өмнө зөвхөн итгэлээр л зөвтгөгдөнө гэсэн Шинэ Гэрээний зарчмыг батлахын тулд Хуучин Гэрээг авч үзсэн юм. Паул Галат 3:11 дээр Хабаккук 2:4-р эшлэлээс эш татсан байдаг. Энд:
“Зөвт нэгэн итгэлээр амьдардаг” гэжээ (Галат 3:11).
Үүнтэй адилаар Паул Хуучин Гэрээний энэхүү зарчмыг Ром 4:1-12-т Абрахамын амьдралаар дүрсэлсэн байдаг. Түүнийхээр бол зөвхөн итгэлээр л зөвтгөгдөх тухай Шинэ Гэрээний сургаал нь чухамдаа Хуучин Гэрээний сургаалд үндэслэсэн гэжээ.
Паул… хэдий харь үндэстнүүдийн элч байсан ч өөрийн ард түмэнд буюу Иудейчүүдэд ч мөн хайртай байлаа. Тэрээр тэднийг үнэнийг олж хараасай, Есүс Христтэй амьд харилцаатай болоосой хэмээн хүссэн. Тэрээр Хуучин Гэрээ нь хүн зөвхөн итгэлээр л аврагддаг хэмээн заадаг тэдний жинхэнэ өвийг харуулахыг хичээж, зовлон зовуурь тээн байв. Паул Абрахам зэрэг итгэлийн гол эцгүүдийг жишээ болгохдоо бидний итгэлийн агуу эцэг Абрахам хүртэл итгэлээрээ аврагдсан гэжээ. Энэ нь Паул өөрийнх нь зааж буй зүйлс үнэндээ Хуучин Гэрээнд үндэслэсэн бөгөөд Есүс бол энэхүү Хуучин Гэрээний бүрэн биелэл байсан гэдгийг өөрийн ард түмэндээ ятган ойлгуулахад нэн чухал байв. Тиймээс зөвхөн итгэлээр аврагддаг гэсэн үнэнийг харуулахад Хуучин Гэрээг ашиглах нь түүнд тун чухал ач холбогдолтой байлаа.
— Др. Вуани Синдо
Паул Мосегийн хуулийг оролцуулаад Хуучин Гэрээг нандигнан хайрладаг байжээ. Тэрээр Ром 7:12 дээр хууль бол “ариун, зөв бөгөөд сайн” хэмээсэн. Гэтэл бид Бурханы хуулийг авралыг олж авах арга зам болгон буруугаар ашиглах үедээ үүний гол зорилгыг гуйвуулж орхидог. Хуучин Гэрээний туршид хүмүүс Мессиаг өгнө гэсэн Бурханы амлалтад итгэснээр л нигүүлслээр нь Түүний уур хилэнгээс аврагддаг байсан.
Бурханы хуульд дуулгавартай захирагдах нь нигүүлслээр аврагдсандаа талархаж буйн хариу үйлдэл юм. Өнөөдөр ч бид энэхүү ялгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хуучин Гэрээний ёс суртахууны заавар тушаалууд нь өнөөгийн Христитгэгчдэд ч хамаатай. Ингэхдээ эдгээр тушаал зааврыг авралыг авахын тулд дагах бус харин Христ дотор авралыг үнэгүй хүлээн авсандаа талархан дагаж, гүйцэлдүүлэх ёстой юм.
Ингээд бид Паулын сургаал дахь Хуучин Гэрээний талаарх сөрөг тайлбарууд нь үнэндээ Хуучин Гэрээг үйлсээр зөвтгөгдөх тогтолцоо болгон буруугаар ашигласан тухай байсныг олж харлаа. Одоо бүгдээрээ элч Паулын Хуучин Гэрээ нь эрх мэдэлтэй бөгөөд Христийн дагалдагчдад одоо ч хамаатай гэдгийг харуулсан хүчтэй, эерэг баталгаануудыг авч үзэцгээе.
Эерэг баталгаанууд
Паул Иудей хүн байсан. Тэрээр үргэлж л Иудей байсан. Түүний гарал үүсэл нь ч Иудей... Тэрээр үүнийгээ ч үргэлж ярьдаг байсан. Тэрээр Бичвэрт үнэнч нэгэн байв. Филиппой номд тэрээр өөрийгөө Фарисай хүний хувьд ч бичвэрт үнэнч байсан гэж хэлдэг. Мөн тэрээр эцэг өвгөдөө мэдэх тал дээр бусдаасаа хавь илүү хичээл зүтгэлтэй байсан тухайгаа Галат номд бичсэн байдаг. Энд тэрээр Иудейзмийн тухай өгүүлдэг. Хуучин Гэрээний сургаал болох Еврей Библийн сургаалд өөрийгөө зориулах тухай ярьдаг. Энэ бол түүний харь үндэстэн рүү явахдаа Есүс гэж хэн бэ гэдэг сургаалаа эхлүүлдэг Иудейн үндэс суурь нь байлаа. Тэр харь үндэстнүүдэд очихдоо Есүсийн ирэлт нь Иудейн Мессиагийн ирэлт байсныг мөн харь үндэстнүүдэд Сайнмэдээ хүрч буй нь Бурханы Абрахамд өгсөн амлалтын биелэл юм гэдгийг ойлгуулахыг хүсэж байсан… Тэрээр Бичвэрийг үгүйсгээгүй. Харин үүнийг шинээр ойлгосон хэрэг байв. Есүс бол Еврей Библид өгүүлж буй бүхний биелэл юм гэдгийг тэрээр маш сайн ойлгосон юм.
— Доктор. Марк А. Женинс
Паул Хуучин Гэрээний тухай Ром 15:4 дээр юу гэснийг харцгаая. Энд:
“Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн. Ингэснээр Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм” гэжээ (Ром 15:4).
Паул энд “эрт үед бичигдсэн” болон “Бичвэр” хэмээхдээ Хуучин Гэрээг хэлж байсан юм. Энд өгүүлсэнчлэн Хуучин Гэрээ бол Христитгэгчдийн найдварыг бэхжүүлж,барьж байгуулахад чухал ач холбогдолтой байдаг. Хуучин Гэрээний түүхүүд, хуулиуд, дууллууд болон эш үзүүллэгүүд нь бүгд биднийг “зааварчлан чиглүүлэхийн тулд” байгаа юм.
Харин Паул 2 Тимот 3:16-17 дээр Хуучин Гэрээний хамаатай байдлын талаарх хамгийн тодорхой бөгөөд хүчирхэг баталгааг өгсөн нь эргэлзээгүй байдаг. Тэрээр энд:
“Бичвэр бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвд чиглүүлэхэд тустай. Үүгээр Бурханы хүн чадамгай болж, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгддэг. (2 Тимот 3:16-17).
Ихэнх Христитгэгч энэ хэсгийг мэддэг ч “Бичвэр бүр” гэдгийг Шинэ Гэрээ л гэж ойлгох гээд байдаг. Мэдээж энэ нь Шинэ Гэрээний талаарх бидний үзэл санаанд хандан хэлсэн гэдэг нь маргаангүй. Гэвч Паул ийнхүү Тимотод хандан “Бичвэр бүр” гэснээрээ Хуучин Гэрээг онцлон хэлсэн байдаг. Хуучин Гэрээний бидэнд үзүүлдэг гайхамшигт үр нөлөөг харцгаая л даа. Энэ нь зааж, зэмлэж, залруулж, зөвд чиглүүлдэг. Ингэснээрээ биднийг сайн үйлд бүрэн бэлддэг. Товчхондоо Паул Хуучин Гэрээг Христитгэгчдийн амьдралд зайлшгүй шаардлагатай гэж хэлжээ.
Тэгэхээр Паул “Бичвэр бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвд чиглүүлэхэд тустай” гэж хэлэхдээ тэрээр Хуучин Гэрээний тухай ярьсан. Тэр Хуучин Гэрээний хамаатай байдлын тухай хэлсэн юм. Тэрээр энэ нь хамаатай байгаад зогсохгүй бүхэлдээ хамаатай гэжээ. Хуучин Гэрээгүйгээр бид Шинэ Гэрээний бүхий л ойлголт нэр томьёог ойлгох боломжгүй. Жишээ нь, Бурхан гэхэд энэ Бурхан гэж чухам хэн болох? Мөн энд буй Христ гээд байгаа нь үнэндээ хэнийг хэлж байгаа? Эсвэл гэм нүгэл, аврал, Сайнмэдээ зэрэг ойлголтууд ч үүнд мөн орно. Хуучин Гэрээнд л эдгээр ойлголтуудыг анхлан танилцуулж, тайлбарласан байдаг. Тиймээс энэ бүх ойлголтуудын талаарх Хуучин Гэрээний хэрэглээг ойлгосноор л бид Шинэ Гэрээг утга учиртайгаар, ухамсарлан ойлгож чадна.
— Доктор Матай Нюкирк
Ингээд бид Хуучин Гэрээний алслал болон бидэнд хамаатай эсэх талаарх асуудлаас шалтгаалан үүнийг зайлшгүй судлах шаардлагатай болохыг авч үзлээ. Тэгвэл одоо энэ хичээлийнхээ гуравдах үндсэн сэдэв болох Хуучин Гэрээг өнөөгийн амьдралдаа хэрэгжүүлэх үүрэг даалгаврын тухай судалцгаая.
ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
Хуучин Гэрээ нь орчин цагийн Христитгэгчдэд хамаатай гэж хэлэх нэг хэрэг. Харин энэхүү үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх нь огт өөр хэрэг байдаг. Зарим тохиолдолд Хуучин Гэрээг бид амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг олж харахад тийм ч хэцүү биш байдаг. Гэвч ихэнхдээ Хуучин Гэрээ ба өнөө цагийн хоорондох алслалаас улбаалан энэ нь тун ярвигтай болж орхидог. Тэгвэл одоо Ариун Сүнс Христийн дагалдагчдад Хуучин Гэрээг судлан, хэрэгжүүлэхэд тусалдаг нь бидний тайвшрал болдог. Тэрээр бидэнд өөрсдийн хүчээр үйлдэж чадахаас минь ч хавь илүү арга замыг зааж өгдөг. Гэвч Хуучин Гэрээг аль чадахаараа гүнзгий судлах нь бидний үүрэг бөгөөд ийнхүү бид амьдралдаа зөв зүйтэй хэрэгжүүлж чадна.
Элч Паул энэхүү үүрэг хариуцлагын талаар 2 Тимот 2:15дээр дурдсан байдаг. Энд тэрээр:
“Ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд өөрийгөө сайшаалган харуулахыг хичээ” гэжээ (2 Тимот 2:15).
Паул энд батлан харуулах гэсэн нь биднийг Хуучин Гэрээнд “ажилчин” мэт хандах ёстойг хэлжээ. Энэ нь Грек хэл дээр ergates (ἐργάτης) буюу Бурханы үгийг зөв зүйтэй заахын тулд хичээнгүй ажиллаж, хөдөлмөрлөдөг нэгэн гэсэн утгатай байна.
Хуучин Гэрээний орчин цагийн хэрэгжүүлэлтийг бид гурван хэсэгт авч үзнэ. Нэгдүгээрт, өнөөгийн амьдралдаа Хуучин Гэрээг хэрэгжүүлэхэд тулгардаг бидний даван туулах ёстой сорилт бэрхшээлүүдийг тодорхойлно. Хоёрдугаарт, энэ цагт хэрэгжүүлэх боломжтой болгодог уялдаа холбоог авч үзнэ. Гуравдугаарт, эдгээрийг хэрэгжүүлэхдээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай хөгжлийн талаар судлах болно. Ингээд хамтдаа Хуучин Гэрээг өнөөгийн амьдралд хэрэгжүүлэхэд тулгардаг сорилт бэрхшээлүүдийг авч үзэцгээе.
Сорилтууд
Бид хичээлийнхээ эхэнд үзсэнчлэн Бурхан Хуучин Гэрээг эрт үед амьдарч байсан Өөрийн хүмүүст өгсөн билээ. Тиймээс тэд тухайн цаг үедээ үүнийг сахин амьдрах боломжтой байв. Мөн Бурхан Өөрийн энэхүү Бичвэрээ өнөөгийн бидэнд ч өгсөн гэдгийг бид харсан. Тийм учраас бид одоо ч үүнийг сахин биелүүлж чадах учиртай. Гэвч бид Хуучин Гэрээний цаг үеэс тэс өөр ертөнцөд амьдарч байна шүү дээ. Энэ нь одоо ба Хуучин Гэрээний үеийн хооронд асар том ангал байгаа гэсэн үг юм. Иймээс бид Хуучин Гэрээг хэрэгжүүлэхдээ үүнийг харгалзан үзэх шаардлагатай болдог. Элч Паул 1 Коринт 10:11 дээр Хуучин Гэрээг хэрэгжүүлэхэд тулгардаг сорилт бэрхшээлийн талаар тоймлон бичсэн байдаг. Энд:
“Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ” гэсэн байна (1 Коринт 10:11).
Энэ хэсгийн хам сэдвийг бид өргөн хүрээнд харвал Паул Израильчуудын Египетээс гарсан талаарх Хуучин Гэрээний түүхийг өгүүлсэн байдаг. Ингэхдээ тэрээр үүнийг Коринтын итгэгчид хэрхэн хэрэгжүүлэхийг заасан гэдгийг бид олж хардаг. Тэрээр энд дор хаяж гурван зүйлийг онцолсон. Нэгдүгээрт, тэрээр “Энэ бүхэн тохиолдсон... эдгээрийг бичжээ” хэмээн өнгөрсөнд болсон үйл явдлын тухай өгүүлсэн. Хоёрдугаарт, Паул энэхүү түүхийг “бидэнд сануулга болгон бичжээ” хэмээн өөрийгөө болон Коринт дахь итгэлийн ахан дүүсийг хэлсэн байна. Гуравдугаарт, Паул Христийн дагалдагчдыг “үеийн төгсгөл тохиож буй бидэнд” хэмээн хэлснээрээ Хуучин Гэрээний үе ба Христитгэгчдийн үеийн хооронд олон зүйлс болж өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Христитгэгчид түүхийн төгсгөл үед буюу түүхийн биеллийн цагт амьдарч байна. Паул элчийн эдгээр үгс орчин цагт Хуучин Гэрээг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтыг дэлгэн харуулдаг.
Паул элчийн 1 Коринт 10 дээр хэлсэн зүйлд би дуртай. Тэрээр энэ хэсэгт Израилийн түүхийг болон энэхүү түүх нь Хуучин Гэрээний Бичвэрүүдэд бичигдсэн гэдгийг тусган харуулдаг. Тэрээр ихэнх нь өмнө нь шүтээн шүтэгчид байсан, харь үндэстэн болох Коринтчуудад хандан “Энэ бүхэн тохиолдсон бөгөөд эдгээрийг бидэнд сануулга болгон бичжээ” гэсэн байна. Тиймээс Бичвэр нь хүмүүсийн дээгүүрх эрх мэдэлтэй бөгөөд хэдийгээр эдгээр хүмүүс эхлээд ийнхүү хараагүй боловч Бурхан тэднийг хэдийнээ тийнхүү харж байсан юм. Бурхан Бичвэрт өгүүлж буй зүйлсээс ч дээгүүр бүрэн эрх мэдэлтэй. Хэдийгээр Бичвэр нь өөр хүмүүст хандан анхлан бичигдсэн ч Бурхан үүнийг өнөөгийн бидэнд ч хандан бичигдсэн байхаар төлөвлөсөн байгаа юм.
— Др. Стефан И. Витмер
Паулын эдгээр үгийн дагуу бид Хуучин Гэрээг өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлэхийн тулд гурван зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй юм. Нэгдүгээрт, бид Хуучин Гэрээний үеийн эртний ертөнцийг ойлгох ёстой. Хоёрдугаарт, одоо үе ба эртний үеийн хоорондох түүхэн хөгжлийг тооцож үзэх шаардлагатай. Гуравдугаарт, эдгээр хөгжлөөс анзаарч суралцсан зүйлсээ өөрсдийн ертөнцдөө авчрах хэрэгтэй. Тэгэхээр эхлээд Хуучин Гэрээний үеийн эртний ертөнцийг ойлгох нь хэр чухал болохыг харцгаая.
Эртний ертөнц
Бидний үндсэн үүрэг даалгаврын нэг бол Хуучин Гэрээг аль болох анх бичигдсэн эрт үеийн утга агуулгаар нь тайлбарлах явдал юм. Гэвч бид энэ тал дээр шаргуу хичээж, ажилласан ч бүрэн төгс хийж чадахгүй. Бидний амьдарч буй дэлхий ертөнц бидэнд гүн гүнзгий нөлөөлсөн байдаг. Тиймээс бид зугтан зайлсхийхийн аргагүй орчин үеийн урьдач ойлголтоороо эртний Бичвэрийг хүлээн авчихдаг. Гэвч үүнийг орчин үеийн хүмүүс Хуучин Гэрээг хөнгөн хийсвэрээр уншиж буйг зөвтгөх шалтаг болгодог нь харамсалтай. Ингэснээрээ бид өөрсдийгөө Бичвэрт захируулах бус, харин Бичвэрийг захирахад хүргэдэг. Бид орчин үеийн энэхүү өрөөсгөл хандлагаас зугтах боломжгүй ч Хуучин Гэрээг судалж буй бүхий л итгэмжит суралцагчид нь аль болох анхны утга санааг ойлгохын тулд хичээнгүйлэн судлах хэрэгтэй.
Энгийнээр хэлбэл Хуучин Гэрээний анхны утга санаа гэдэг нь Бурхан болон Түүний онгод бүхий зохиогчдын анхны уншигчдадаа зориулан бичсэн бичээсийн нөлөө гэсэн үг юм. Энэ утгаараа бид Бурхан ба Түүний онгод бүхий зохиогчдын бидэнд шууд хандан хэлсэн үгсийг бус, харин бусдад хандан хэлсэн үгсийг сонсож буй хэрэг гэдгийг ойлгох нь нэн чухал.
Тиймээс бид Хуучин Гэрээг судлахдаа дараах асуултуудыг асуух шаардлагатай. Эдгээр нь: Анхны уншигчдад юу чухал байсан бэ? Тэд юунд итгэсэн бэ? Тэдний нөхцөл байдал ямар байсан бэ? Бурхан тэднийг тухайн үед хэрхэн Өөрт нь захирагдахыг уриалан дуудсан байна вэ? Энэ мэт асуултуудад хариулах нь тийм ч амар байдаггүй. Гэвч анхны утга санааг олж авах нь өнөө үеийн бүхий л хэрэгжүүлэлтийн чигийг тодорхой болгож өгдөг.
Бид Хуучин Гэрээнд буй эртний дэлхийн талаар зохих ёсоор анхаарч үзэх шаардлагатай байх нь. Тэгвэл одоо бид Хуучин Гэрээний үе ба одоо үеийн хооронд бий болсон түүхэн хөгжлийг хэрхэн авч үзэх ёстой болохыг харах нь зүйтэй.
Түүхэн хөгжил
Бусад шашны ариун судруудаас ялгаатай нь Хуучин Гэрээний теологийн сургаал нь цаг хугацааны явцад илүү тодрон, хөгжиж ирсэн байдаг. Хуучин Гэрээ нь эрт үеэс эхлэн Бурханы Өөрийнхөө болон хүн ба дэлхий ертөнцийн талаарх үнэнийг илчилсэн олон арга замуудыг өгүүлдэг. Энэ нь Израилийн өвөг эцгүүдийн өдрүүдэд болон Мосегийн өдрүүдэд, мөн Израильчууд амлагдсан нутагт орох үед өгөгдсөн Бурханы илчлэлээр үргэлжилдэг. Түүний илчлэл энд хүрээд зогсоогүй юм. Түүнчлэн бид Бурханы илчлэлийг Израилийн хаант улсын үед болон тэд амлагдсан нутгаасаа цөлөгдөөд, эцэст нь эргэн ирсний дараах зөрчил тэмцлийн цаг үед ч олж харж болдог. Бурхан ямар нэг зүйлийг илчилчхээд түүнтэйгээ холбоотой зүйлсийг дахиж ярилгүйгээр хэзээ ч орхиж байгаагүй юм. Харин ч эсрэгээрээ Хуучин Гэрээний туршид Тэрээр улам илүү тодорхой болгон илчилсээр байв.
Цаашилбал Библийн итгэл үнэмшил дэх нэн чухал хөгжил нь Шинэ Гэрээний сургаалаас харагддаг. Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээний эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энд дараагийн хөгжлийг илчилдэг. Тиймээс бид Хуучин Гэрээг өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлэх бүртээ эдгээрийн анхны утга санаанаас нь хальж, Хуучин Гэрээний эртний үе хийгээд одоо үеийн хооронд болж өнгөрсөн бүхий л түүхэн үйл явдлуудын хөгжлийг авч үзэх хэрэгтэй болдог.
Библийн итгэл нь олон зууны туршид нэгэн хэвээр үлдчихээгүй. Гэвч Бурхан нэг итгэл үнэмшлийг гаргаж ирчхээд, буцаж болиод, дараа нь үүнийгээ өөр нэг итгэл үнэмшлээр сольсон хэрэг огт биш. Харин Библи нь өсөж, хөгжиж буй нэг л итгэл үнэмшлийг илэрхийлдэг. Теологичид Библийн итгэл үнэмшлийн хөгжлийг органик гэж тодорхойлдог. Энэ нь яг л үрээс соёолон ургаад, улмаар боловсорч гүйцсэн модтой адил юм. Нээрээ л үр нь ургаж гүйцсэн модноос тэс өөр харагддаг шүү дээ. Ургах үе шат бүр нь өөр хоорондоо их ялгаатай байдаг. Гэсэн хэдий ч нэг л ургамал, нэг л мод хэвээр байна. Үүний адил Хуучин Гэрээний сүүлийн хэсэг нь эхний хэсгээсээ өөр харагддаг. Мөн Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээнээс ч ялгаатай харагдана. Гэвч эдгээр ялгаанууд нь органик өсөлтийг тусган харуулдаг. Бидний итгэл эрт үед таригдсан нэг үрээс үндэслэж, Хуучин Гэрээний туршид ургасаар, Шинэ Гэрээний үед бүрэн боловсорч гүйцсэн юм.
Бурхан Өөрийгөө өсөн нэмэгдэх байдлаар илчилсэн болохыг Библи бидэнд харуулдаг. Үүнийг бид “органик өсөлт” гэдэг. Энэ нь Бурханы талаарх сургаал, сэдэв, ойлголтууд нь үр төдийгөөс ургаж, бүрэн дүр зургаа олохыг хэлдэг. Тиймээс Библи Өөрөө өсөн нэмэгдэх мэдээг хүргэдэг юм. Тэгэхээр Библи болон Пентатухт өсөн нэмэгдэх хэв загвар байдаг гэсэн үг л дээ. Энэ нь яг л цэцэг дэлбээлэх үйл явцыг харуулдаг зурагтай адил буюу Бурханы илчлэл соёолон ургасаар бүрэн дэлгэрэх хүртэлх үйл явцтай адил байдаг.
— Хүндэт Майкл Ж.Глодо
Ийнхүү бид Хуучин Гэрээг орчин цагт хэрэгжүүлэхэд тулгардаг сорилт бэрхшээлүүдийг даван гарахын тулд зөвхөн Хуучин Гэрээний үеийн ертөнц болон Бичвэрийн өөрийнх нь түүхэн хөгжилд анхаарлаа хандуулах ёсгүй юм. Бид мөн Бурхан Хуучин Гэрээг онгодоор бичүүлэхдээ бидний өнөөгийн дэлхийг бодолдоо тээсэн гэдгийг баттай мэдэх нь чухал.
Бидний ертөнц
Паул 1 Коринт 10:11 дээр хэлсэнчлэн Хуучин Гэрээ нь “залруулахын тулд” бичигдсэн. Энэ үг нь орчин цагийн Христийн дагалдагч бидний чухал үүрэг хариуцлагыг сануулдаг.
Өнөө цагт Хуучин Гэрээг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийн тулд бид өөрсдөөсөө дараах асуултуудыг үргэлж асуух хэрэгтэй. Үүнд: Хуучин Гэрээний анхны утга санаа өнөөдрийн бидний ертөнцөд хэрхэн хэрэгжих вэ? Энэ нь өнөөгийн хүмүүс болон нөхцөл байдалд хэрхэн ханддаг вэ? Бидний давуу болон сул тал юу вэ? Эдгээр асуултууд нь Хуучин Гэрээг одоо цагт хэрэгжүүлэх үйл явцад нэн чухал байдаг.
Ингээд дээрх сорилт бэрхшээлүүдтэй зэрэгцэн бид хоёрдох чухал асуудлыг авч үзэх шаардлагатай. Хуучин Гэрээний анхны утга санааг авч, орчин үед хэрэгжүүлэх боломжийг бидэнд олгодог ямар ямар холбоосууд байна вэ?
Холбоосууд
Хуучин Гэрээний орчин цагийн хэрэгжүүлэлт нь эртний ертөнцөөс ямар нэг олдворыг авч, олон мянган жил хадгалж байгаад, өнөө үед авчран, одоо цагт ямар хамааралтай болохыг нь задлан шинжлэхтэй адил байдаг. Ингээд бодохоор энэ нь сонирхолтой аялал мэт. Үүнийг юу бидэнд боломжтой гэж бодоход хүргэдэг вэ? Ийм зүйл байж болох уу? Бид үүнийг хэрхэн амжилттай гүйцэтгэх вэ? Эртний ном орчин цагийн уншигчдад үр нөлөөтэй байхын тулд тухайн ном хийгээд уншигчдынх нь хооронд ямар нэгэн холбоос заавал байх хэрэгтэй. Хэрэв ямар ч уялдаа байхгүй бол бид юу ч ойлгохгүй бөгөөд зүгээр л тоохгүй орхино шүү дээ. Энэ нь Хуучин Гэрээтэй ч гэсэн хамаатай ойлголт юм. Бид Хуучин Гэрээ ба орчин үе хоорондын зайг холбодог холбоосуудыг буюу нийтлэг байдлуудыг үргэлж санаж байх ёстой.
Эдгээр холбоосуудыг жагсаах олон арга зам байдаг ч гурван нийтлэг байдлыг онцлон харах нь зүйтэй. Нэгдүгээрт, Бичвэрийг анхлан хүлээн авсан Израильчуудад байсантай нэг л ижил Бурхан бидэнд бий. Хоёрдугаарт, бид тэдний амьдарч байсан тэр л дэлхийд амьдарч байна. Гуравдугаарт, бид мөн яг л тэдний л адил хүмүүс гэдэг юм. Ингээд хамтдаа дээрх холбоосуудыг дэлгэрүүлэн харцгаая. Эхлээд Шинэ Гэрээний Христитгэгчдийн Бурхан бол Хуучин Гэрээнийхтэй нэг л ижил Бурхан гэдгийг авч үзэцгээе.
Нэг ижил Бурхан
Бид орчин үе болон Хуучин Гэрээний үеийн хооронд томоохон ангал буй болохыг үзсэн. Гэвч чухамдаа үндсэн чухал үнэнүүд болох бид өөрсдөө болон бидний амьдарч буй дэлхий, мөн бидний үйлчилж буй Бурхан одоо ч хэвээр байгаа билээ. Өнөө цагийн итгэмжит Христитгэгчдийн магтан, үйлчилж буй Бурхан бол Хуучин Гэрээний үеийн итгэмжит Израильчуудын үйлчилж байсан Бурхан юм. Энэ баримт нь маш чухал холбоог бий болгодог. Учир нь Бичвэрт Бурхан бол хувиршгүй, өөрчлөгдөшгүй хэмээн заадаг. Тэрээр эрт үед байсан тэр л Бурхан мөн. Бид энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хувиршгүй гэдэг нь Бурхан хөдөлшгүй үлдчихсэн буюу түүхээс ангид гэсэн үг биш юм.
Мөнхийн Зөвлөгөө. Уламжлалт Христитгэлийн теологичид Бурхан бол хувиршгүй Бурхан гэдгийг гурван үндсэн арга замаар тайлбарласан байдаг. Түүний мөнхийн зөвлөгөө, Түүний тэнгэрлэг мөн чанар, Түүний гэрээний амлалтууд өөрчлөгдөшгүй байдаг. Эдгээр арга замуудыг нэг нэгээр авч үзэцгээе. Ингэхдээ эдгээр нь Хуучин Гэрээнд байсан Бурхан одоо ч хэвээр гэдгийг хэрхэн баталж буйг харах болно. Нэгдүгээрт, Бурханы мөнхийн зөвлөгөө буюу Түүний дэлхий ертөнцөд хандсан төлөвлөгөө нь өөрчлөгдөшгүй.
Энэ дэлхийд ямар нэг зүйл тохиолдох үед хүмүүс энэ үнэхээр Бурханы төлөвлөгөө мөн үү? Үгүй юу хэмээн эргэлздэг. Тэр тусмаа юмс буруугаар эргэх үед Бурхан хаана байна? Түүний зорилго юу байв? хэмээн гайхдаг. Бурханы туйлын хүсэл, зорилгоос гадуур юу ч тохиолддоггүй гэдэг нь тодорхой. Тийм учраас бид Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийн талаарх библийн онол сургаалыг бүрэн дүүрэн ойлгох нь тун чухал гэж би боддог. Бид Бичвэрээс олон хэсгийг дурдаж болно л доо. Эдгээрийн нэг нь яах аргагүй Ефес 1-р бүлэг юм. Энд Бурхан бүх зүйлийг Өөрийн хүсэл тааллынхаа зорилгын дагуу үйлддэг гэсэн байдаг. Тэгэхээр түүхэнд болсон бүх үйл явдлууд нь үнэндээ Бурханы зорилгын дагуу байсан хэрэг шүү дээ… Энэ бол хязгаарлагдмал оюун ухаантай бидний хувьд тайлагдашгүй нууц юм. Хүн төрөлхтний түүхийн турш ажилласаар буй зорилго Бурханд бий.
— Др. Филип Райкэн
Энэ тухай эш үзүүлэгч Исаиа 46:10-т өгүүлсэн байдаг. Энд:
“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэсэн. Би эхлэлээс авхуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн” гэжээ (Исаиа 46:10).
Энэ хэсэгт Бурханы хийсэн бүхэн мөн хийж буй бүхий л зүйлс нь Түүний бүтээлийн үйлсээс ч өмнө товлогдсон, өөрчлөгдөшгүй, бүрэн цогц төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэдгийг Библи бидэн заадаг.
Эдгээр хичээлээр бид энэхүү мөнхийн төлөвлөгөөний зорилго, чиглэлийг, ялангуяа хаанчлалаа тэнгэрт байгаа шиг газарт авчрах гэсэн Бурханы төлөвлөгөөг нарийвчлан судлах болно. Гэвч энд Бурханы мөнхийн төлөвлөгөөний хувиршгүй байдал бидэнд Хуучин Гэрээний зорилго нь Шинэ Гэрээний зорилготой нийцэж байгааг заадаг гэж хэлэхэд хангалттай. Бид ямар ч ялгааг олж харсан бай эдгээр хоёр Гэрээ нь хоёр өөр төлөвлөгөөг танилцуулдаггүй. Гэрээнүүдийн аль нь ч нөгөөгөө сольж өөрчлөн, зөрчилддөггүй. Харин эсрэгээрээ Хуучин ба Шинэ Гэрээ нь түүхийн турш өөрчлөгдөшгүй байсаар ирсэн, байсаар ч байх нэг л нэгдмэл зорилгод хүрэх үе шат ба алхам юм. Энэ зорилго бол газар дэлхийг Бурханы хаанчлал болгох явдал билээ.
Бурхан чанарууд. Хоёрдугаарт, Бурхан бол Бурхан чанарынхаа хувьд буюу оршихуйн мөн чанарынхаа хувьд нэг л ижил Бурхан юм.
Мэдээжийн хэрэг, Бурхан түүхийн турш өөр өөр цаг хугацаан зан чанарынхаа өөр өөр талуудыг илчлэн харуулсан байдаг. Жишээлбэл, Тэрээр заримдаа нигүүлслээ, заримдаа уур хилэнгээ харуулдаг. Заримдаа агуу хүчээ үзүүлж, харин зарим үед хүчээ хязгаарласан байдаг. Гэвч Түүний мөнхийн мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй. Еврей номын зохиогч Еврей 1:10-12-т Христийн мөнхийн мөн чанарын тухай өгүүлсэн. Энд:
“Эзэн минь, Та эхэнд дэлхийг суурилуулсан, Тэнгэрс ч мутрын тань бүтээл билээ. Тэд мөхөх боловч Та үлдэнэ. Тэд бүгд хувцас адил элэгдэнэ. Та тэднийг бүтээлэг мэт эвхэж, Тэд хувцас мэт солигдоно. Харин Та хэвээрээ Таны он жилүүд төгсөшгүй” гэжээ (Еврей 1:10-12).
Мөн Иаков 1:17 дээр энэ тухай хэлэхдээ:
“Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй” гэсэн байдаг (Иаков 1:17).
Иаковын энд хэлсэнчлэн бидний Бурхан өөрчлөгддөггүй.
Харамсалтай нь сайн санаат Христитгэгчид Бурханыг Хуучин Гэрээнд нэг шинж чанартай байсан бол одоо Шинэ Гэрээнд тэс өөр шинж чанартай болчихсон юм шиг ярьдаг. Зургаан настай байхад минь Иерихо дахь Иошуагийн тулалдааны талаар багш маань юу гэж ярьж байсныг би тодхон санаж байна. Тэр бидэнд түүхийг ярьж дуусаад, бидэн рүү харан “Хөвгүүд, охид оо, Хуучин Гэрээнд Бурхан маш харгис байсан. Тэр үед Бурхан хүүхдүүдийг ч үхүүлэхийг хүссэн. Харин Бурхан одоо өөрчлөгдсөн. Шинэ Гэрээнд Тэрээр хүн бүрийг хайрладаг. Чи Хуучин Гэрээний биш Шинэ Гэрээний цаг үед амьдарч байгаадаа баярлахгүй байна уу?” гэж билээ. Мэдээж хэрэг, бид бүгд маш их баярлаж байсан. Бидний хэн нь ч Иерихогийн хүүхдүүд шиг үхэхийг хүсээгүй юм.
Одоо бодоход багш маань сайхан сэтгэлтэй байсан ч тун ноцтой буруу ойлголттой байсан юм. Бурханы мөн чанарууд нь Хуучин ба Шинэ Гэрээний хугацаанд өөрчлөгдөөгүй. Харин ч Тэр бол Хуучин ба Шинэ Гэрээн дээрх шүүлтийн Бурхан юм. Мөн Тэрээр Хуучин ба Шинэ Гэрээний хайрын Бурхан юм. Бурханы мөн чанарууд нь мөнх юм. Тэдгээр нь үргэлжид өөрчлөгдөөгүй бөгөөд өөрчлөгдөх ч үгүй билээ.
Бурханы мөн чанаруудын хувиршгүй байдал нь түүхийн бүх хугацаанд бидний хүсэн хүлээх ёстой холбоосуудыг илчилдэг. Бурханы мөн чанарууд нь өчүүхэн ч өөрчлөгдөөгүй. Тиймээс бид Хуучин Гэрээний үед ч, Шинэ Гэрээний үед ч, мөн бидний үед ч Түүний үйл хэрэг ба илчлэлүүд нь Түүний мөнхийн мөн чанарыг тууштай тусган харуулдаг гэдэгт итгэлтэй байж болно. Тэр бол бидний өнөөдрийн итгэдэг Бурхан мөн бөгөөд байсаар ирсэн бөгөөд байсаар ч байх Нэгэн билээ.
Гэрээний амлалтууд. Гуравдугаарт, Бурхан бол гэрээнийхээ амлалтдаа ч мөн нэг л хэвээр байдаг Бурхан юм. Тэрээр ард түмэнтэйгээ байгуулсан гэрээндээ хийхээр амласан бүхнээ гүйцэлдүүлэх нь дамжиггүй юм.
Бид энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бичвэрт Бурхан Өөрийн гүйцэлдүүлдэггүй зүйлсээрээ хүмүүсийг сүрдүүлж мөн санал болгосон байдаг. Гэвч сүрдүүлэг болон санал нь гэрээний амлалт биш юм. Гэрээний амлалтууд бол Бурханы хийхээр тангарагласан зүйлс бөгөөд эдгээр нь хэзээ хөсөрддөггүй. Энэ тухай Еврей 6:17-д хэлэхдээ:
“Тиймээс амлалтыг авах өв залгамжлагчдад Бурхан Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүйг үзүүлэхийг хүсэж андгай өгчээ” гэсэн байдаг (Еврей 6:17).
Ийм учраас л Бурханы гэрээнүүд нь энэхүү хэсэгт маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Бурхан хэд хэдэн томоохон гэрээнүүдээр дамжуулан хаанчлалынхаа зорилгыг гүйцэлдүүлдэг учраас Хуучин Гэрээний сургаалууд болон Шинэ Гэрээний сургаалууд хоорондоо нягт холбоотой байдаг. Гэрээ бүр нь өмнөх гэрээнүүд дээр тулгуурлаж, өргөжсөн байдаг.
Нэгдүгээрт, Бурхан Адамын үед Өөрийн хаанчлалын зорилго болон хүн төрөлхтний үүргийг тогтоосон гэрээг байгуулсан. Ноагийн өдрүүдэд Бурхан энэхүү гэрээн дээр тулгуурлан байгалийн тогтвортой байдлын баталгааг өгсөн байдаг. Абрахамын үед Бурхан Израилийг үржиж олшрон, бүх дэлхийд ерөөлийн үндэс болно хэмээн амласан. Мосетэй хийсэн гэрээндээ Бурхан Израилийн овог аймгуудад хандан хуулиа өгсөн. Давидын өдрүүдэд Тэрээр Израилийг хаант улс болгон байгуулж, Давидын үр удам хаан ширээнд сууж, мөнхөд хаанчлах болно гэдгийг онцолсон. Эцэст нь Бурхан Христ дотор шинэ гэрээг байгуулж, өнгөрсөн үеийн алдаа зөрчлийг эргүүлж, хаанчлалынхаа зорилгыг гүйцэлдүүлсэн билээ. Мэдээж Бурхан Өөрийн хэмжээлшгүй мэргэн ухааныхаа дагуу гэрээ бүрдээ хаанчлалын өөр өөр нөхцөлийг онцолсон байдаг. Гэвч гэрээ бүрдээ амласан Түүний амлалт бүр бүрэн дүүрэн биелэх болно. Учир нь Түүний амлалтууд хувиршгүй юм.
Гэвч үе үе Бурхан зарим амлалтаа мартсан эсвэл хүчингүй болгосон мэт харагддаг гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрөх байх. Үнэндээ бид Бичвэрийг зөв зүйтэй ойлгох үед буюу Бурхан өөрчлөгдөөгүй гэдгийг санах үед гэрээний амлалт бүр биелдэг эсвэл биелэх болно гэдгийг олж хардаг. Бурхан амлалтуудаа хэний ч төсөөлж байгаагүй арга замаар биелүүлж болох юм. Ямартай ч Тэрээр биелүүлэх нь дамжиггүй. Одоо буй Бурхан Хуучин Гэрээнд байсан тэр л хувиршгүй Бурхан мөн тул Түүний гэрээний амлалтууд нь биднийг Хуучин Гэрээний эртний сургаалуудтай холбодог.
Хуучин Гэрээ болон өнөөгийн итгэл нь бидэнд нэг л ижил хувиршгүй Бурхан байгаа гэдэг үнэнээр холбогддог болохыг бид харлаа. Одоо бид Хуучин Гэрээний итгэл ба өнөөгийн Христитгэгчдийн итгэл хоёрыг холбодог хоёрдох төрлийн холбоосыг авч үзэх хэрэгтэй. Энэ бол бид нэг л ижил ертөнцөд амьдардаг гэсэн үнэн юм.
Нэг ижил ертөнц
Өмнө дурдсанчлан бидэнд Хуучин Гэрээ ба одоо үеийн хоорондох ялгааг олж харахад амархан байдаг. Гэвч эртний Израилийн цаг үеэс хойш их зүйл өөрчлөгдсөн хэдий ч бид нэг л ижил дэлхийд амьдарч байна. Бид хэзээ ч Хуучин Гэрээг бидний ертөнцөөс бүхэлдээ тэс өөр ертөнцөд л зориулан бичсэн хэмээн бодож болохгүй. Хуучин Гэрээний ертөнц бол өнөөдөр та бидний амьдарч буй дэлхий ертөнц л байсан. Бидэнд нэг л түүх, нэг л нийтлэг нөхцөл байдал байдаг шүү дээ.
Түүхэн нөхцөл. Хуучин Гэрээний итгэгчид нь бидэнтэй нэг л ижил ертөнцөд амьдарч байсан нь Хуучин ба Шинэ Гэрээний итгэлийн хооронд дор хаяж хоёр төрлийн холбоосыг бий болгодог. Нэгдүгээрт, Хуучин Гэрээ нь өнөөгийн бидний туулж буй олон зүйлсийг тайлбарласан түүхэн нөхцөлөөр хангаж өгдөг. Хоёрдугаарт, Хуучин Гэрээнд бидний туулж буй олон зүйлсийг тусгасан зэрэгцээ нөхцөл байдлыг дүрсэлсэн байдаг. Ингээд Хуучин Гэрээ нь бидний итгэлийн амьдралдаа туулж буй зүйлсийн түүхэн нөхцөл болдог гэдэг нь чухам юу гэсэн үг болохыг хамтдаа харцгаая
Хуучин Гэрээний хамгийн тодорхой бөгөөд онцлог шинжүүдийнх нь нэг бол энэ нь Шинэ Гэрээний сургаал ба өнөөгийн ертөнцийн үйл явдлын талаарх суурь нөхцөлийг өгдөг явдал юм. Хуучин Гэрээний үйл явдлууд хязгаарлагдмал орчинд өрнөөгүй. Эдгээр нь зохиомол зүйлс байгаагүй. Харин түүхэн бодит үйл явдал байсан төдийгүй ихэнх нь бүхий л цаг хугацааг даван туулж, өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн байдаг.
Жишээлбэл, Синай ууланд Израильд өгөгдсөн Арван хууль нь Шинэ Гэрээний ёс суртахууны сургаалын бат бөх суурийг бий болгосон. Мөн бид Арван хууль нь өнөөгийн энэ ертөнцөд хэрхэн нөлөөлснийг дэлхий даяар буй хөшөө дурсгал, ёс зүйн сургаал зэргээс бэлхнээ харж болдог. Үүнчлэн Бурхан Давидыг Өөрийн ард түмний мөнхийн угсааны тэргүүн болгон сонгосон нь түүний агуу Хүү болох Есүсийн удам угсааны түүхэн тайлбар болдог. Мэдээжийн хэрэг, Давидын удмын Хүү болохынхоо хувьд Есүс бүгдийн хаан буюу бидэнд авралыг өгөх цор ганц Нэгэн хэвээр үлддэг. Эдгээр болон бусад тоо томшгүй олон арга замаар Хуучин Гэрээ нь биднийг түүхэн нөхцөлүүдээр хангаж өгдөг.
Зэрэгцээ нөхцөл байдал. Хоёрдугаарт, бид Хуучин Гэрээний итгэгчдийн амьдарч байсан тэр л дэлхий дээр байгаа гэдгээ мэддэг. Учир нь бид өөрсдийн амсаж туулж буй зүйлсийн түүхэн нөхцөлийг таньж мэдээд зогсохгүй Хуучин Гэрээ ба бидний цаг үеийн хооронд олон зэрэгцээ нөхцөл байдал буйг олж хардаг.
Бид Хуучин Гэрээний итгэгчдийн л нэгэн адил Бурханы бүтээсэн боловч гэм нүгэлд унасан дэлхийд амьдарч байна. Хуучин Гэрээний итгэмжит итгэгчид нь бусад хүмүүс болон чөтгөрийн хүчнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Тэгвэл өнөөдөр бид ч мөн яг л ийм эсэргүүцэлтэй тулгарсаар л байна. Тэд эдгээрийг даван туулахын тулд Бурханы тусламжид найдаж байсан. Түүнчлэн бид ч бас Түүний тусламжаас бүрэн хамаардаг шүү дээ. Эдгээр төрлийн зэрэгцлүүд нь өргөн хүрээтэй байдаг. Гаднаа ялгаатай харагдах өнгөц байдлыг лавшруулан харвал бид Хуучин Гэрээний зохиогчид болон хүлээн авагчдынхтай тун ижил нөхцөл байдалд амьдарч байгаагаа олж харна.
Бичвэрийн хамгийн анхаарал татахуйц зүйлсийн нэг бол энэ нь өмнөх ба дараагийн үйл явдал нь хоорондоо хэрхэн зэрэгцэж буйг харуулдаг явдал юм. Эш үзүүлэгчид нь Израилийн Египетээс гарсан хийгээд цөллөгөөс буцаж ирсэн үйл явдлыг хооронд нь зэрэгцүүлэн тавьсан байдаг. Мөн Сайнмэдээний номууд нь Есүсийн амьдралыг Израилийн Египетээс гарсан үйл явдалтай зэрэгцүүлсэн нь ч бий. Элч Паул Амласан газар руу явж буй Израилийн ард түмний аян зам нь Христийг даган шинэ тэнгэр, шинэ газар руу явж буй Христитгэгчдийн амьдралтай зэрэгцэж буйг онцолдог. Мосе цөлд могой өргөсөн нь Өөрийнх нь загалмай дээр өргөгдөх үйл явдалтай хэрхэн зэрэгцэж буйг Есүс тэмдэглэсэн байдаг. Энэ мэтчилэн жишээнүүд ар араасаа хөвөрнө. Теологичид эдгээр зэрэгцлүүдийг ихэвчлэн "библийн типологи" гэж нэрлэдэг. Энэхүү Библийн типологи буюу хэв загварууд нь хожмын нөхцөл байдал нь өмнөх нөхцөл байдалтайгаа зэрэгцээ байдаг гэсэн баримт дээр суурилдаг. Энэ мэт зэрэгцлүүд элбэг бий. Учир нь бид Хуучин Гэрээний үеийн Бурханы хүмүүсийн амьдарч байсан дэлхийд л амьдарч байна шүү дээ.
Бид нэг л ижил Бурхантай, нэг л ижил дэлхий дээр амьдарч байгаагаас гадна бид мөн нэг л ижил төрлийн хүмүүсийн тухай ярьж байдаг. Тиймээс бид мөн эндээс Хуучин Гэрээ ба одоо үеийн хоорондох холбоог олж харах боломжтой.
Нэг ижил хүмүүс
Хуучин Гэрээ болон орчин үеийн хүмүүсийн хооронд олон ялгаа бий. Гэвч Бичвэр бид бүгдийг нэг л ижил төрлийн хүмүүс гэж заадаг. Бид ялгаатай байдлын маань үндэс болсон үндсэн чухал үргэлжлэх чанараараа хоорондоо холбогдог. Энэ нь соёл ба цаг хугацааг дамнан биднийг нэгтгэдэг юм.
Бурханы дүр төрх. Бид Хуучин Гэрээний хүмүүстэй дор хаяж гурван зүйлээрээ ижил байдаг. Эдгээр нь бүх хүн төрөлхтөн Бурханы дүр төрх бөгөөд бид бүгд нүгэлтэй ба хүн бүр Бурхантай гэрээний харилцаанд байдаг зэрэг нь юм. Нэгдүгээрт, бүх хүн төрөлхтөн хэзээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран тэд Бурханы дүр төрх мөн. Энэ бол Хуучин ба Шинэ Гэрээний туршид тодорхой заасан сургаал юм. Эхлэл 1:27-оос бид энэ тухай уншиж болно. Энд:
“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ” гэдэг (Эхлэл 1:27).
Нүгэл нь хүн төрөлхтнийг завхруулсны дараа ч тэд Бурханы дүр төрх хэвээр байгаа гэдгийг Эхлэл 9:6-аас бид харж болдог. Энд:
“Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ” гэсэн байна (Эхлэл 9:6).
Үүнээс гадна Шинэ Гэрээ ч мөн бүх хүмүүс Бурханы дүр төрх гэдгийг баталсан байдаг. Энэ талаар Иаков 3:9-д хэлэхдээ:
“Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг” гэжээ (Иаков 3:9).
Мөн энэ тухай Паул 1 Коринт 11:7 дээр дурдсан байдаг. Энд:
“Эр хүн Бурханы дүр ба алдар мөн” гэжээ (1 Коринт 11:7).
Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Энэ нь бидэнд Хуучин Гэрээний үеийн бүх хүмүүст, мэдээж анхны эрэгтэй, эмэгтэй хүмүүс болох Адам, Ева хоёрт ч байсан нийтлэг зүйл бидэнд бий гэдгийг харуулдаг. Тиймээс энэ нь алга болоогүй бөгөөд үндсэн суурь зүйл юм л даа. Өөрөөр хэлбэл энэ нь бидний өмнө байсан ариун хүмүүс болон биднээс урьд амьдарч байсан бүхий л хүмүүст байсан, мөн одоо бидэнд буй нийтлэг ижил төстэй байдал гэсэн үг юм.
— Рев. Тимот Маунтфорт
Бид бол Бурханы дүр төрх юм гэдэг үнэнийг ойлгох нь түүхийн туршид буй Бурханы хаанчлалын зорилгыг таньж мэдэхэд тун чухал. Бурханы дүр төрх байх гэдэг нь чухам юу гэсэн үг болохыг бид дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй авч үзэх болно. Гэвч энд хүн төрөлхтнийг тодорхойлдог маш олон нийтлэг чанарууд байдаг гэдгийг хэлэхэд хангалттай байх. Өнгөрсөн хугацаанд чуулган хүн төрөлхтнийг ухаалаг буюу хэл ярианы гойд чадвартай, ёс суртахуун ба сүсэг бишрэл бүхий бүтээл юм гэдэгт онцгой анхаарал хандуулсаар ирсэн байдаг.
Хүн бүр Бурханы дүр төрх юм гэдгийг Хуучин ба Шинэ Гэрээний аль аль нь баталдаг. Тиймээс бид Хуучин Гэрээ болон орчин үеийн хүмүүсийн хоорондын ялгааг хэтрүүлж үзэхгүй байх хэрэгтэй. Мэдээж бид олон талаараа ялгаатай харагддаг ч чухамдаа бид тэднээс тэс өөр хүмүүс огтхон ч биш билээ. Хэдий бид яг тэдэн шиг биш ч тэднийг тодорхойлдог байсан оюун ухаан, хэл яриа, ёс суртахууны шинж чанарууд нь биднийг ч мөн тодорхойлдог. Тэд бидэнтэй тун адил бодож сэтгэдэг байсан. Тэд аливаа хэлийг бидний ойлгодог шиг л ойлгодог байв. Мөн тэд бидний л адил ёс суртахуун болон итгэл бишрэлийн талаарх асуултуудтай нүүр тулдаг байсан юм. Тийм учраас бид Хуучин Гэрээг амьдралдаа хэрэгжүүлэхдээ итгэлтэй байж болно. Үүнийг бичсэн болон хүлээн авсан хүмүүс нь яг л бидэнтэй адил Бурханы дүр төрх байсан билээ.
Нүгэлт чанар. Хоёрдугаарт, бүх хүн төрөлхтөн гэм нүгэлтэй учраас бид Хуучин Гэрээний хүмүүстэй адилхан хүмүүс гэсэн үг. Паул Ром 3:12 дээр хүмүүсийн гэм нүгэлтэй байдлыг дүрслэхдээ Дуулал номоос эш татсан байдаг. Тэрээр энд:
“Бүгд гажиж, цөмөөрөө хэрэггүй болжээ. Сайныг үйлддэг нь алга бүр ганц ч алга” гэжээ (Ром 3:12).
Элч Паул энд бүх хүмүүс нүгэл үйлдсэн гэдгийг тодорхой хэлсэн байна. Мөн энэ нь зөвхөн Шинэ Гэрээний сургаал биш юм. 1 Хаад 8:46-дээр Соломон хаан сүмийг Бурханд өргөх үедээ үүнтэй адил зүйлийг хэлсэн байдаг. Энд:
“Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээр (Нүгэл хийдэггүй хүн гэж үгүй)” гэсэн байдаг… (1 Хаад 8:46).
Системт теологид "бүрэн завхрал" гэдэг ойлголт бий. Хүн бүхэлдээ буюу хүмүүний бодол, мэдрэмж, зан авир нь гэм нүглийн улмаас бохирлогдсон байдаг. Тиймээс хүмүүний хийж буй бүхий л зүйлс нь Бурханы тушаал хийгээд ариун хэм хэмжээг эсэргүүцдэг. Бүрэн завхрал гэж үүнийг л хэлж байгаа юм. Тиймээ, нүгэлт мөн чанар гэж бий.
— Доктор Луис Ортеза
Бид гэм нүгэлтэй буюу гэм нүгэлд унасан Бурханы дүр төрх юм. Тийм учраас Хуучин Гэрээний бичээчид яагаад нүглийн талаар ингэтлээ анхаарч үздэгийг ойлгоход тийм ч хэцүү байдаггүй. Хуучин Гэрээний анхны хүлээн авагчид болон түүнээс хойш амьдарч байсан бүхий л хүмүүсийн нэгэн адил бид нүгэлтнүүд гэдгээ мэддэг. Иймээс л бид энэ тал дээр Хуучин Гэрээтэй холбогддог юм шүү дээ. Бид мөн Хуучин Гэрээ яагаад нүгэлтнүүдийн золилт дээр анхаардаг болохыг ойлгодог. Хүн төрөлхтөн нүгэлд унасан цагаас л бүх хүмүүст золилт хэрэгтэй болсон юм. Түүнчлэн энэхүү үнэн биднийг Хуучин Гэрээний эртний дэлхийтэй мөн холбож өгдөг.
Гэрээ. Гуравдугаарт, Хуучин Гэрээ болон тэрнээс хойш өнөөдрийг хүртэлх бүхий л хүмүүс Бурхантай гэрээгээр холбогдсон байдаг. Тийм учраас бид нэг л ижил хүмүүс юм. Хуучин ба Шинэ Гэрээ нь бүх хүн Бурхантай гэрээний харилцаагаар холбогдсон тухай байнга өгүүлдэг. Бурханы Адам, Ноа нартай байгуулсан гэрээнүүд нь бүх хүн төрөлхтөнтэй хийгдсэн гэрээ учраас "ертөнц дахины гэрээ" гэрээ гэж нэрлэгдсэн болохыг бид дараагийн хичээлээрээ үзэх болно. Эдгээр гэрээнүүд нь бүх хүмүүсийг эелдэг энэрэнгүй Хаан болох Бурханы өмнө үүрэг хүлээхэд хүргэдэг. Хуучин Гэрээний үлдсэн хэсэг нь Бурханы Израилийн ард түмэнтэй байгуулсан онцгой гэрээнүүд дээр голчлон төвлөрдөг. Үүнийг “үндэстний” гэрээ гэж нэрлэдэг.
Израилийн ард түмэн Бурханы Абрахам, Мосе, Давид нартай байгуулсан гэрээнүүдээр болон хожим нь Израилийн эш үзүүлэгчдийн зөгнөж байсан Шинэ Гэрээгээр дамжуулан Бурхантай харилцсан байдаг. Мөн өнөөдөр бид бүгд үүнтэй ижил нөхцөлд байна. Хүн бүр Бурханы Адам болон Ноатай байгуулсан гэрээгээр Түүнтэй холбоотой болсон. Өнөөгийн чуулган нь Хуучин Гэрээнд Израиль үндэстэнтэй хийсэн онцгой гэрээнүүд болон Христ доторх шинэ гэрээгээр дамжин Бурхантай холбогдсон юм. Гэтлэл 19:6-д Бурхан Синай уулан дээр Израильтай байгуулсан онцгой гэрээнийхээ харилцааг өгүүлсэн байдаг. Энд Тэрээр:
“Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно…” гэжээ (Гэтлэл 19:6).
Элч Петр энэ хэсгийг 1 Петр 2:9 дээр эш татсан байдаг. Гэхдээ тэрээр үүнийг Шинэ Гэрээний чуулганд хандан хэлсэн. Энд Тэрээр:
“Харин та нар сонгогдсон угсаа хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм” гэжээ (1 Петр 2:9).
Элч Петр энд Христийн чуулганд хандан Бурханы гэрээний онцгой ард түмэн болох Израильд хэлсэн үгсийг ашигласан байна. Христийн дагалдагчид одоо Христ доторх шинэ гэрээгээр дамжуулан Бурхантай нэгдсэн учраас тэрээр ийнхүү хэлжээ. Энэ бол түүхийн туршид үргэлжилсэн холбоос юм.
Ингээд бид Хуучин Гэрээг хэрэгжүүлэхэд даван туулах ёстой сорилтуудыг судалж, Хуучин Гэрээтэй биднийг холбодог холбоосуудыг авч үзлээ. Харин одоо бид Хуучин Гэрээг хэрэгжүүлэхийн тулд хүлээн зөвшөөрөх ёстой байдаг хөгжлийн талаар анхаарч үзэх хэрэгтэй.
Хөгжил
Бид Хуучин Гэрээг хэрэгжүүлэхдээ Хуучин ба Шинэ Гэрээн дэх библийн итгэл үнэмшлийн түүхэн хөгжлийг харгалзан үзэх ёстой болохыг авч үзсэн. Хуучин, Шинэ Гэрээ болон бидний одоогийн итгэл үнэмшил нь нэг л сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг тусган харуулдаг. Гэсэн ч бид янз бүрийн хөгжил өөрчлөлт явагдсан гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрөх ёстой.
Энэхүү хөгжлийг тайлбарлах олон арга байдаг ч бид гурвыг нь онцлон судлах болно. Эдгээрт: цаг үеийн хөгжил, соёлын хөгжил, хувь хүний хөгжил орно. Юуны өмнө Бурхан Өөрийгөө болон Өөрийнхөө хүслийг цаг үе ба эрин үед илчилсэн байдаг.
Цаг үеийн хөгжил
Библийн түүх нь Бурхан Христ дотор тэнгэрлэгээр тогтоосон төгсгөл хүртэл хэрхэн Өөрийнхөө хүмүүст Өөрийгөө өсөн нэмэгдэх байдлаар илчлэн харуулж буй талаарх үргэлжилсэн тайлбар түүх юм.
Энэхүү түүхийг судлах олон арга зам бий. Гэвч нэг үр дүнтэй арга бол Бурханы ард түмэнтэйгээ байгуулсан гэрээнүүдийг гол цаг хугацаа буюу цаг үеүдэд хуваан авч үзэх явдал юм. Эдгээр гэрээний цаг хугацаа бүрд Бурхан Өөрийгөө илүү ихээр илчилж байв. Энгийнээр хэлбэл, Бурхан Адамд илчилснээсээ илүү ихийг Ноад илчилсэн. Тэрээр Ноад илчилснээсээ илүү ихийг Абрахамд илчилсэн. Мосе Абрахамаас ч илүү их илчлэлийг Бурханаас хүлээн авсан. Мөн Бурхан Мосегоос илүү их илчлэлийг Давидад өгсөн. Үүнчлэн Шинэ Гэрээний эрин үед Бурхан урьд урьдынхаас ч илүү ихийг илчилсэн байдаг.
Еврей номын зохиолч Еврей 1:1-2-р эшлэлд энэ тухай өгүүлсэн байдаг. Энд:
“Эрт үед эш үзүүлэгчээр дамжуулан эцэг өвгөдөд маань олонтоо айлдсан бөгөөд эдгээр эцсийн өдрүүдэд Хүүгээрээ дамжуулан бидэнтэй ярьсан юм” гэжээ (Еврей 1:1-2).
Библийн зохиогчдын нэгэн адил Христитгэгчид нь Библийн түүхийг өөр өөр цаг хугацаа буюу цаг үеүдэд, өөр өөр арга замаар хуваасаар ирсэн. Гэвч ерөнхийдөө Библийн түүхэн дэх цаг үеийн хамгийн том хөгжил нь Хуучин ба Шинэ Гэрээний хооронд болсон гэдгийг Христитгэгчид хүлээн зөвшөөрдөг. Цаг үеийг ийнхүү хуваасан нь өнөөдөр Бурханы Үгийг хэрэгжүүлэхэд нэн чухал юм. Христитгэгчид олон мянган жилийн турш "Хуучин Гэрээний сургаалыг Шинэ Гэрээний үед хэрхэн хэрэгжүүлэх вэ?" хэмээн асуусаар ирсэн.
Итгэмжит Христитгэгчид Хуучин Гэрээг бид хэрэгжүүлэх ёстой хэмээн үздэг нь тун зөв. Гэвч тэд өнөө үед үүнийг хэрэгжүүлэхдээ өөр арга замаар хэрэгжүүлдэг. Нэг талд нь библийн түүхийн хэсэгчилсэн үзлийг дэмждэг хүмүүс байдаг. Эдгээр Христитгэгчид нь Хуучин ба Шинэ Гэрээний хоорондын ялгааг тухайлан онцолдог. Тэд орчин цагийн итгэгчид нь зөвхөн Шинэ Гэрээнд тодорхойгоор дахин баталсан Хуучин Гэрээний сургаалуудыг л хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Бусад тохиолдолд Хуучин Гэрээ нь Христийн дагалдагчдад хэрэгжих боломжгүй гэдэг.
Харин нөгөө талд нь библийн итгэлийн тэгш үзлийг дэмжигчид байдаг. Эдгээр Христитгэгчид нь Хуучин ба Шинэ Гэрээний цаг хугацааны тасралтгүй үргэлжлэх байдлыг онцолдог. Уг үзлээр Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээний сургаалыг илт үгүйсгэж, өөрчлөөгүй л бол Христитгэгчид нь үүнийг Христээс өмнө амьдарч байсан хүмүүсийн л адил дагаж амьдрах үүрэгтэй гэж үздэг.
Энэхүү хичээлээрээ бид энэ хоёр туйлширсан үзлээс зайлсхийх болно. Ингэхдээ бид библийн итгэлийн “хөгжлийн үзэл”-ийг онцолно. Уг үзэл нь Хуучин Гэрээ нь Шинэ Гэрээний Христитгэгчдэд хэрэгжих ёстой гэдэг үзэл юм. Гэвч бид мөн Хуучин Гэрээний цар хүрээ нь Бурхан Христ дотор юуг гүйцэлдүүлсэн бэ гэдгээс улбаалан хөгжсөөр ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хуучин Гэрээний бүх сургаал Христитгэгчдэд хэрэгжих боловч үргэлж Шинэ Гэрээний гэрэлд тийнхүү хэрэгжих ёстой аж.
Хуучин Гэрээ ба Шинэ Гэрээний хоорондын харилцаа хамаарал нь маш олон маргааныг дагуулдаг. Энэ нь өнөөдөр ч гэсэн олон олон хэлэлцүүлгийн гол асуудал болоод байна. Цаг үеийн хөгжлийг бид "Өсөн нэмэгдэх илчлэл" гэж нэрлэдэг. Энэ нь Бурхан эхэнд нь бүгдийг илчлээгүй гэсэн үг юм. Теологийн хөгжлийн энэхүү ойлголотоор Хуучин болон Шинэ гэрээний харилцаа холбоог тайлбарлахдаа, Хуучин гэрээнд дутуу илчлэгдсэн зүйлс нь Шинэ гэрээн дэх Есүсийн номлол сургаалууд болон элч нарын захидлуудаар дамжин бүтэн илчлэл болж сүмийн теологи бүрдэж байна гэж ойлгодог.
— Доктор Даниел Стеффен
Галат 3:24 дээр Паул Хуучин ба Шинэ Гэрээний итгэлийн хоорондын харилцааны талаар дурддаг. Энд:
“Тиймээс Христ ирж, биднийг итгэлээр зөвтгөх хүртэл, хууль нь бидний зааварлагч болж байв” гэжээ (Галат 3:24).
Энд буй "зааварлагч" гэдэг нь Грек хэл дээр паидагогос (παιδαγωγός) гэдэг нэр үг байдаг. Уг нэр томьёо нь хүүхдийг нас бие гүйцэж өсөж төлөвших хүртэл нь зааж, чиглүүлж, сахилгажуулдаг асрамжлагч, харгалзан хамгаалагч гэсэн утгатай. Тиймээс, Паулын энд дурдсанчлан Хуучин Гэрээний сургаал нь хүүхдэд өгсөн заавартай адил байсан бол Шинэ Гэрээний сургаал нь нас биед хүрсэн өв залгамжлагчид өгсөн заавартай адил юм.
Эцэг эхчүүд бага насны хүүхдэд “Гудамжаар бүү яв”, “Галаас хол бай” гэх зэргийг зааж сургадаг гэдгийг бид бүгд мэднэ. Харин хүүхдүүд насанд хүрэх үед нь бид тэднийг гудамжаар явахгүй байж, галаас хол байхыг сануулахаа больдог шүү дээ. Учир нь тэд насанд хүрчихсэн. Гэсэн ч эцэг эхчүүд насанд хүрсэн хүүхдүүд нь бага насныхаа дүрэм заавар бүхий мэргэн ухааныг санаж байгаасай хэмээн хүсдэг. Бид нас бие гүйцсэн хүмүүсээс гудамж ба гал түймэр нь аюултай гэдгийг санаж, болгоомжтой хандахыг хүсдэг. Том хүнтэй жаахан хүүхэд шиг харьцах нь бидний хувьд мунхаг хэрэг. Мөн насанд хүрсэн хүмүүс өөрсдөө бага насандаа сурсан зүйлсээ мартах нь ч мунхаглал мөн.
Хуучин Гэрээ нь олон талаараа хүүхдэд өгсөн дүрэмтэй төстэй. Энэ нь Хуучин Гэрээ нь Израилийн ард түмний сүнсний нөхцөлд буюу нас биед хүрч төлөвшихөд нь зориулагдсан юм. Шинэ Гэрээ бол Христ доторх Бурханы илчлэлээс хойш амьдарч буй хүмүүст зориулсан заавар юм. Хэрэв Шинэ Гэрээний итгэгчид болох бид Хуучин Гэрээг тэр үеийнх нь хүмүүсийн адил дагавал Христийн ач холбогдлыг үгүйсгэсэн хэрэг болно. Гэвч хэрэв бид Хуучин Гэрээнд заасан мэргэн ухаанаас татгалзвал Хуучин Гэрээний эрх мэдлийг чухалчилсан Христийг үгүйсгэх ёстой болно. Христийн үнэнч дагалдагчдын хувьд бид Хуучин Гэрээний эрх мэдэлд захирагдах ёстой. Ингэхдээ бид эрин үе биеллээ олсон хүмүүсийн ёсоор үүнийг хийх ёстой.
Хэрэв бид Хуучин Гэрээг өнөө үед хэрэгжүүлэх гэж байгаа бол цаг үеийн хөгжлөөс гадна соёлын хөгжлийг ч мөн авч үзэх хэрэгтэй.
Соёлын хөгжил
Бид Хуучин Гэрээг судлахдаа үүнд тусгагдсан соёлын хэв маяг болон орчин үеийн дэлхий ертөнцийн соёлын хэв маяг хоорондын ижил төстэй ба ялгаатай талуудыг харгалзан үзэх ёстой. Өнөө үеийн соёлын ямар онцлогууд Абрахамын үеийнхтэй ижил төстэй байна вэ? Бидний соёл Давидынхтай хэр адилхан байна вэ? Хүн төрөлхтний соёл Хуучин Гэрээний үеийнхээс хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ямар ёс заншил, уламжлалууд нь хоорондоо ялгаатай байна вэ? Хэрэв бид Хуучин Гэрээг орчин үеийн амьдралдаа хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийг хүсвэл эдгээр асуултад хариулах ёстой юм.
Бид 21-р зуунд амьдарч байна. Мөн бидний соёл Хуучин Гэрээний соёл хоорондоо ялгаатай. Тиймээс бид библийн соёлыг гүн гүнзгий судлах шаардлагатай болдог. Тэгж байж л бид бичээсийг ойлгож чадна. Бидний аливааг хийдэг арга барил Хуучин Гэрээний үеийн арга барилаас өөр байдаг. Бурхан Хуучин Гэрээний үеийн хүмүүсийн амьдралд юу хийж байсныг ойлгохын тулд Хуучин Гэрээний нөхцөл байдал болон соёлыг бид зайлшгүй анхаарч харах хэрэгтэй юм.
— Др. Даниел Симанго
Бид Хуучин Гэрээг өнөө үед хэрэгжүүлэхийн тулд цаг үеийн болон соёлын хөгжлийг авч үзэхээс гадна хувь хүний хөгжлийг харгалзан үзэх шаардлагатай.
Хувь хүний хөгжил
Хуучин Гэрээний болон орчин үеийн хүмүүсийн хооронд төсөөтэй болон ялгаатай талууд ихээхэн бий. Хэрэв бид Хуучин Гэрээний бичээсийг зохих ёсоор нь хэрэгжүүлье гэвэл бид дараах асуултуудыг асуух хэрэгтэй. Бидний хувийн амьдрал Хуучин Гэрээний үеийн амьдралаас хэр ялгаатай байна вэ? Бид нийгэмдээ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Эдгээр үүргийг Хуучин Гэрээний хүмүүсийн үүрэгтэй харьцуулбал юуг харж болох вэ? Бидний сүнслэг байдал ямар байна вэ? Бидний бодол санаа, үйлдэл, мэдрэмж нь Хуучин Гэрээний үеийн хүмүүсийнхээс хэр өөр байна вэ? Хуучин Гэрээний болон орчин үеийн хүмүүсийн хоорондох төсөөтэй болон ялгаатай талуудыг авч үзсэнээр бид Хуучин Гэрээг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ илүү сайн ойлгож чадна.
Дүгнэлт
Энэ хичээлээрээ бид яагаад Хуучин Гэрээг судлах ёстой вэ? гэдэг асуудлыг авч үзлээ. Ингэхдээ энэхүү эртний ном болон бидний хооронд байдаг алслалын улмаас бидэнд тулгардаг ярвигтай асуудлуудыг хүлээн зөвшөөрсөн. Энд бид энэхүү алслалын учир шалтгаан болон төрлүүдийг авч үзсэн. Түүнчлэн Хуучин Гэрээ нь бидний өнөөгийн амьдралд хамаатай гэдгийг Шинэ Гэрээ баттай нотолдог болохыг бид олж харсан. Ялангуяа, Есүс болон Паулын сургаалаар ийнхүү нотлогддог. Мөн бид Хуучин Гэрээг амьдралдаа хэрэгжүүлэхтэй холбоотой бэрхшээлүүд, холбоосууд, мөн түүхэн хөгжлийг авч үзэх замаар дагах ёстой замаа тодорхойлсон.
Христийн дагалдагчид ихэнхдээ Хуучин Гэрээний талаар багахныг мэдэхэд хангалттай гэж үзээд, зөвхөн Шинэ Гэрээг л өөрсдөд нь зориулсан Бурханы Үг гэж харах гээд байдаг. Шинэ Гэрээ хэдий чухал ч итгэлээр өсөхийг хүсэж буй Христитгэгчдийн хувьд энэ нь хангалттай биш юм. Бидэнд мөн Хуучин Гэрээ хэрэгтэй. Хуучин Гэрээг судлахын тулд маш их хөдөлмөр шаардагдах боловч хүчин чармайлт бүр үнэ цэнтэй юм. Хуучин гэрээ бол Бурханы үг. Христийн үнэнч дагалдагчдын хувьд Христ Бичвэрт Өөрийгөө зориулсны адил бид ч эдгээрт өөрсдийгөө зориулах ёстой. Ингэж чадвал бид Хуучин Гэрээ бол бүхий л газарт, бүхий л цаг үед бидний дагах ёстой, Бурханаас бидэнд өгсөн гайхамшигт бэлэг юм гэдгийг олж мэдэх болно.
Хамтрагчид
Др. Ричард Л. Пратт Жр. (Хөтлөгч) бол Гурав дахь мянган үйлчлэлийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч юм. Тэрээр Шинэчлэгдсэн Теологийн Сургуульд Хуучин Гэрээний профессороор 20 гаруй жил үйлчилсэн бөгөөд Хуучин Гэрээний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Др. Пратт нь сайнмэдээг түгээх, заах зорилгоор маш их аялдаг, илгээлтийн үйлчлэгч юм. Тэрээр Вестминстерийн Теологийн Сургуульд суралцаж, Магистрийн зэргээ Нэгдсэн Теологийн Сургуулиас авсан. Мөн тэрээр докторын зэргээ Харвардын Их Сургуульд Хуучин Гэрээ судлалаар хамгаалсан. Др. Пратт нь NIV Spirit of Reformation Study Bible-ийн ерөнхий редактор бөгөөд NLT библийн орчуулгын орчуулагч билээ. Мөн тэрээр
“Pray with Your Eyes Open”, “Every Thought Captive”, “Designed for Dignity”, “He Gave Us Stories” зэрэг олон олон ном, нийтлэлийн зохиогч бөгөөд 1 ба 2-р Шастир, 1, 2-р Коринт номын тайлбарыг бичсэн нэгэн юм.
Майкл Ж.Глодо Флоридагийн Орландо дахь Шинэчлэгдсэн Теологийн Сургуулийн Библи судлалын Дэд Профессор.
Доктор Жеймс М.Хэмилтон Өмнөд Баптист Теологийн Сургуулийн Библийн Теологийн Дэд Профессор бөгөөд Кенвудын Баптист сүмийн пастор.
Доктор Таддеус Ж.Жеймс, Бирмингемийн Теологийн Сургуулийн Эрдмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч.
Доктор Марк А.Женнингс Гордон-Конвелийн Теологийн Сургуулын Шинэ Гэрээний багш.
Доктор Роберт МакЭвен Сингапурын Зүүн Азийн Теологийн сургуулийн Библи судлалын багш, Хятадын Теологийн тэнхимийн захирал.
Тимоти Маунтфорт Өрнөд Хятадын Гэрээний Теологийн Сургуулийн Хичээлийн Эрхлэгч.
Доктор Мэттью Ньюкирк Японы Оказаки дахь Христийн Библийн Сургуулийн ерөнхийлөгч, Хуучин Гэрээний Профессор.
Др. Луис Ортеза Бирмингемийн Теологийн Сургуулийн Зөвлөх Профессор.
Др. Филип Райкен Уитон Коллежийн Ерөнхийлөгч.
Др. Даниел Симанго Кейптаун дахь Өмнөд Африкийн Библийн Хүрээлэнгийн захирал.
Др. Вуйани Синдо Өмнөд Африкийн Жорж Уайтфилд Коллежийн багш.
Др. Даниел Стеффен Гватемал хотын Центроамерикано Сургуульд зочин Профессор.
Доктор Питер Уолкер нь Тринити Үйлчлэлийн Сургуулийн Библи судлалын профессор, Оксфордын Уиклиф Холл-д дэд захирлаар тус тус ажиллаж байсан. Тэрээр одоо Библи судлалын Иерусалим төвийн багшаар ажилладаг.
Др. Стивен Ж.Веллум Өмнөд Баптист Теологийн Сургуулийн Христэч Теологийн Профессор.
Др. Стивен Е. Витмер нь Гордон-Конвелийн Теологийн Сургуулийн Шинэ Гэрээний Профессор, Пепперелл дахь Христчин Нөхөрлөлийн Тэргүүн Пастор.
ТАЙЛБАР ТОЛЬ
Нийцэл – Хязгааргүй Бурхан бидэнтэй хэрхэн хязгаарлагдмал үг хэллэгээр харилцаагаа тохируулах замаар ярьж байгааг тайлбарлахад хэрэглэгддэг нэр томьёо. Ийнхүү бид үүнийг ойлгох боломжтой болдог.
canon – Эрх мэдэл бүхий жишиг буюу Иудей-Христитгэгчдийн уламжлалд Бичвэр гэж хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийн онцгой цуглуулга /эмхэтгэл/
гэрээ – Хоёр хүн эсвэл бүлэг хүмүүсийн хооронд, мөн Бурхан аливаа хүн ба бүлэг хүмүүстэй байгуулсан заавал биелүүлэх үүрэг бүхий хууль ёсны хэлцэл
хөгжлийн үзэл – Хуучин ба Шинэ Гэрээн дэх үргэлжлэх чанар ба өөрчлөлтийг авч үздэг үзэл. Энэ нь Хуучин Гэрээ бүхэлдээ хамаатай гэж баталдаг боловч Шинэ Гэрээний гэрэлд хэрэгжүүлэх ёстойг заадаг.
Бурхан чанарууд - Түүхийн олон янзын нотолгоогоор дамжуулан илчлэгдсэн Бурханы оршихуйн мөн чанарын төгс төгөлдөр байдал буюу зөвхөн Бурханд л байдаг шинж чанарууд
эргатес – “ажилчин” эсвэл “хөдөлмөрлөгч” гэсэн утгатай Грек нэр томьёо (хөрвүүлэг)
мөнхийн зөвлөгөө – бүтээлийн үйлсээс ч өмнө байсан орчлон ертөнцөд хандсан Бурханы мөнхийн төлөвлөгөө
тэгш үзэл – Хуучин ба Шинэ Гэрээний үргэлжлэх чанар ба өөрчлөлтийг авч үздэг үзэл. Энэ нь хэрэв Шинэ Гэрээнд өөрчлөлтийн талаар дурдаагүй бол бид Хуучин Гэрээг аль болох нягт дагах ёстой гэж баталдаг.
хувиршгүй - "өөрчлөгдөшгүй" гэсэн утгатай нэр томьёо бөгөөд үүнийг Бурханы зан чанар, төгс төгөлдөр байдлын өөрчлөгдөшгүй мөн чанарыг илэрхийлэхэд ашигладаг
механик онгод – Ариун Сүнс хүмүүнд үгээ хэлж Библийг бичүүлсэн гэдэг онгодын нэг хэлбэр бөгөөд энэ нь хүмүүс Түүний хэлснийг үг бүрчлэн бичиж тэмдэглэсэн гэдэг үзэл
үндэстний гэрээ – Израиль үндэстнийг (Абрахам, Мосе, Давид) төлөөлсөн хувь хүнтэй хийсэн гэрээ
шинэ гэрээ – Иеремиа 31:31-д анх дурдсан, Христ доторх биеллийн гэрээ
органик онгод – Ариун Сүнс хувь хүний зан чанар, үзэл бодол болон амьдралын туршлагыг ашиглан эрх мэдэлтэйгээр бас алдаа мадаггүйгээр хөтлөн бичүүлсэн гэдэг үзэл
анхны утга – Бурхан болон Түүний Сүнсээр хөтлөгдсөн бичээчдийн анхны уншигчдадаа хандан бичсэн бичээсийн нөлөө ба утга санаа
романтик онгод - Ариун Сүнс Библийг бичсэн хүмүүсийг онгод оруулсан хэдий ч бичих зүйлд нь захирах байдлаар оролцоогүй гэсэн үзэл
Хэсэгчилсэн үзэл – Хуучин ба Шинэ Гэрээний үргэлжлэх чанар, өөрчлөлтийг авч үздэг. Энэ нь Шинэ Гэрээнд дурдаагүй аливаа зүйлийг хэрэгжүүлэх шаардлагагүй гэдэг үзэл.
типологи – Библийн түүхэн дэх тодорхой хүн, нэгдэл ба үйл явдал нь хэрхэн Библийн дараа дараагийн хүн, нэгдэл ба үйл явдал зэрэгт урьдач загвар болдог талаарх судлал
бүх нийтийн гэрээ – Бүх хүн төрөлхтнийг төлөөлсөн хувь хүнтэй (Адам, Ноа) хийсэн гэрээ
Continue reading the full transcript