Энэ хичээл нь Бурханы Вант улсын тухай Библийн теологийг зөв ойлгоход тусална. Энэ нь Хуучин Гэрээний тухай хамгийн иж бүрэн ойлголтыг өгдөг.
From the transcript
Жижиг хэсгүүдэд хэт анхаарснаас болж төөрөлдөж орхисон хүнийг тодорхойлдог нэгэн хэлц үг Англи хэлэнд бий. Үүнийг бид “модон дотроос ойг хардаггүй” гэж хэлдэг. Үүнтэй төстэй хэлц олон орны соёлд байдаг тул юу гэх гээд байгааг минь та ойлгож байгаа байх. Бүхий л хэсгүүд нь хоорондоо хэрхэн уялдаж буйг харж чадахгүй болтлоо жижиг сажиг зүйлст амархан төрөөлдөх тохиолдол бий. Тиймээс бид нэг нэгэндээ иймэрхүү цогц, ойлгомжгүй нөхцөл байдалд орсон үедээ алхам ухраад, том зургаар нь харах хэрэгтэй гэдгийг сануулдаг шүү дээ.
Бид Хуучин Гэрээг судлахдаа энэхүү зөвлөгөөг үргэлж санах хэрэгтэй. Хуучин Гэрээний нарийн ширийн зүйлс нь маш цогц ээдрээтэй байдаг. Тиймээс энд гардаг олон нэрс, газар нутаг, үйл явдал, теологийн сургаал, ёс суртахууны заавар дунд бид будилж орхидог. Тэгээд бид Хуучин Гэрээний үндсэн суурь нэгдмэл байдлыг харж чадахаа больдог. Энэ асуудлыг даван туулахын тулд бид нэг алхам ухраад, Хуучин Гэрээг бүхэлд нь холбосон том зургийг ойлгох хэрэгтэй.
Энэ бол “Хуучин Гэрээний Хаанчлал, Гэрээ ба Канон" цувралын хоёр дахь хичээл юм. Бид энэ хичээлийг “Бурханы хаанчлал” гэж нэрлэсэн. Бурханы хаанчлал бол эртний Израилийн ард түмний итгэлийнх нь үндэс суурь байсан. Тиймээс хаанчлалын талаарх зөв тодорхой ойлголт нь Хуучин Гэрээн дээрх хамгийн цогц, нэгдмэл үзэл харааг бидэнд өгдөг.
Библи судалдаг хүн бүр Хуучин Гэрээний номууд нь хоорондоо их ялгаатай гэдгийг мэддэг. Эдгээр нь янз бүрийн сэдвийн талаар, олон өөр хэв маягаар бичигдсэн ба өөр өөр нөхцөл байдал, цаг үед амьдарч буй Бурханы хүмүүсийн хэрэгцээнд хандсан байдаг. Гэсэн ч эдгээр номын зохиогчид өөрсдийн нийтлэг үзэл баримтлалыг баттай сахидаг байв. Хуучин Гэрээний бүх бичээчид Бурхан ард түмэнтэйгээ түүхийн өөр өөр цаг үед хэд хэдэн томоохон гэрээ байгуулсан гэдэгт итгэдэг байв. Тэд мөн эдгээр гэрээ нь Бурханы хаанчлалыг энэ дэлхийн хязгаар хүртэл тэлэх гэсэн нэг л үндсэн зорилгын төлөө байсан гэдэгт бат итгэсэн.
Энэ хичээл нь, Бурханы хаанчлалыг цаашид өргөжүүлэх Израилийн нэгдмэл, үндсэн зүйлсийн дөрвөн хүрээг харах болно. Нэгдүгээрт, Бичвэрт Бурханы хаанчлал ба засаглалын тухай өргөн ба явцуу утгаараа хэрхэн өгүүлснийг харах болно. Хоёрдугаарт, бид дэлхийн түүхийн хамгийн эртний үе болох өнө эртний түүхэн дэх Бурханы хаанчлалыг авч үзнэ. Гуравдугаарт, Израиль үндэстний түүхэн дэх Бурханы хаанчлалын хөгжлийг судална. Дөрөвдүгээрт, Бурханы хаанчлалын талаарх Хуучин Гэрээний ойлголт нь Шинэ Гэрээний эрин үед хэрхэн бүрэн биеллээ олсныг харах болно. Ингээд эхлээд Хуучин Гэрээнд Бурханы хаанчлалыг өргөн ба явцуу утгаар нь хэрхэн авч үзсэнийг хамтдаа харцгаая.
Шинэ Гэрээнд Бурханы хаанчлалын тухай байнга дурдсан байдаг тул ихэнх Христитгэгчид сонссон байдаг. Зөвхөн Матай, Марк, Лук нарын Сайнмэдээний номуудад л гэхэд Бурханы хаанчлалын талаар өгүүлсэн 60 гаруй хэсэг бий. Энэ хичээлээрээ бид Бурханы хаанчлалын талаарх энэхүү Шинэ Гэрээний тодорхойлолтууд нь хэрхэн Хуучин Гэрээнд үндэслэсэн болохыг олж харах юм. Хаанчлалууд ба эзэнт гүрнүүд, хаад ба захирагчид нь эртний Израильчуудын түүхийн нэг хэсэг байсан. Тиймээс библийн зохиогчид нь Бурханы хаанчлалын талаар тодорхой, товч тайлбар өгөх шаардлагагүй гэж үзсэн. Гэвч энэ нь өнөөдрийн та бидэнд томоохон асуудлыг бий болгодог. Бид Хуучин Гэрээний эртний дэлхийгээс алс хол байгаа учраас бид эхлээд Хуучин Гэрээний хуудас бүрийн цаана агуулагдаж буй Бурханы хаанчлалын талаарх үндсэн ойлголтыг хураангуйлан үзэх хэрэгтэй.
Хуучин Гэрээ нь Бурханы хаанчлалын тухай хэрхэн өгүүлж буйг нэгтгэн харах олон арга бий. Гэвч бид үүнийг зөвхөн хоёр чиглэлд авч үзэх юм. Нэгдүгээрт, Бурханы засаглал нь өргөн утгаараа бүрэн төгс бөгөөд өөрчлөгдөшгүй гэдгийг, хоёрдугаарт, Бурханы засаглал нь явцуу утгаараа төгс болоогүй байгаа бөгөөд түүхийн туршид хөгжиж байгаа гэдгийг тус тус харах болно. Эхлээд Бурханы бүрэн төгс бөгөөд өөрчлөгдөшгүй хаанчлалыг авч үзье.
Дуулал 93:1-2 дээр Бүтээгч Бурханыг магтан алдаршуулсан байдаг. Энд:
“ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй. Сэнтий тань эрт дээр үеэс тогтжээ. Та өнө мөнхөөс байсаар..” гэжээ (Дуулал 93:1-2).
Бурхан бүхнийг бүтээсэн бөгөөд дэмнэн тэтгэдэг гэдэг үнэн нь дуулаачийг ийнхүү “Эзэн захирдаг” хэмээн тунхаглахад хүргэсэн болохыг бид харж байна. Тэр бол бүх бүтээлийн дээгүүр орших хамгийн дээд Хаан юм. Хуучин Гэрээнд энэхүү суурь итгэл үнэмшлийг дахин дахин хүлээн зөвшөөрсөн байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн бөгөөд дэмнэн тэтгэдэг. Тэрээр бүхнийг захирдаг. Энэ нь өргөн утгаараа Түүний засаглал ба хаанчлал нь ертөнц дахиныг хамарсан байх ба хувиршгүй гэсэн үг.
Бурхан бол Бүтээгч, Тэтгэгч бөгөөд Түүний хаанчлал нь ганхашгүй, ертөнц дахины хаанчлал юм гэсэн энэ итгэл үнэмшил нь эртний Израильчууд ба бусад үндэстнүүдийн шашны хоорондох эн тэргүүний ялгаа нь болдог. Хөрш улсуудынх нь шашны бурхад ихэвчлэн хэмжээлшгүй эрх мэдлийн төлөө өрсөлддөг бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан хүч чадал нь нэмэгдэж эсвэл буурдаг гэж үздэг. Зарим тохиолдолд тэдгээр бурхад нь жил бүрийн улирлын мөчлөгөөс улбаалан хүч чадал бүхий байр сууриндаа нэг бол заларч нэг бол буудаг гэлцэнэ. Мөн заримдаа тэдгээр бурхдын таалсан улс орон нь дайнд ялах, ялагдахаас шалтгаалан тэд тэнгэрлэг эрх мэдэл бүхий байр сууринаасаа унадаг эсвэл босдог хэмээн үзнэ.
Гэвч энэ мэт ойлголтууд нь Библийн итгэл үнэмшил байгаагүй юм. ЯВЭ Бурхан буюу Израилийн Бурхан нь цорын ганц Бүтээгч, бүгдийг Тэтгэгч, бүх бүтээлийн ганхашгүй захирагч байв. Тэрээр мөн “бурхад” гэгдэх хүчирхэг сүнслэг бүтээлүүдийг ч захирдаг Нэгэн мөн. Байгал дэлхий ээлжлэн улирсан ч, дайн тулаанд ялсан ч, ялагдсан ч Бурханы хаанчлал нь бүх ертөнцийнх бөгөөд хувирч өөрчлөгдөшгүй билээ. Иймээс бүх бүтээл Түүний хаанчлалд байсан, байгаа, байсаар ч байх болно.
Тэгэхээр, Бурхан бол бүхний хаан. Бүх бүтээлүүд Түүнд хэрхэн захирагддаг болохыг та Эхлэл 1-р бүлгээс харж болно. Дуулал 24-р бүлэгт "Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн Эзэнийх" хэмээсэн байдаг. Учир нь Тэрээр үүнийг бүтээсэн. "Сүр жавхлангийн энэ хаан хэн бэ? [Энэ бол] Эзэн!" гэдэг. Харж байна уу, Тэр бол бүгдийн хаан юм шүү дээ. Бүх зүйлс Түүнийх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй... Хэрэв та Библийг Эхлэлээс Илчлэл хүртэл харвал Бурхан бүтээлээс авхуулаад хүн төрөлхтөн гээд бүхий л зүйлсийг захирч байгааг харах боломжтой.
- Др. Жонатан Д.Вортингтон
Бурхан бол туйлын бүрэн эрхт бөгөөд энэ нь Арминиан төдийгүй Калвинистуудын байр суурь юм. Энэ бол Бичвэрт буй маш тодорхой байр суурь мөн. Бурхан бол бүрэн эрхт бөгөөд бид Түүний хүслийн дагуу л алхдаг. Бидний сонголт Түүний хүслийг ганхуулдаггүй. Бидний сонголт Түүний бүрэн эрхт хүсэл таалал дотор л хийгддэг.
- Др. Грант Р.Осборн
Өргөн утгаар нь авч үзвэл Хуучин Гэрээний зохиогчид бүх бүтээлийн дээгүүрх Бурханы захиргаа нь бүрэн төгс бөгөөд өөрчлөгдөшгүй хэмээн итгэдэг байжээ. Түүнчлэн тэд мөн явцуу утгаар нь Бурханы хаанчлал буюу засаглал нь бүрэн бус бөгөөд түүхийн туршид хөгжиж буй хэмээн үзсэн.
Бичвэрүүд нь Бурханы хаанчлалыг өсөж хөгждөг зүйл хэмээн хэлэхдээ цаг хугацаа улиран өнгөрсөн ч Бурхан Өөрийн гуйвшгүй бүрэн эрхт байдлаа хэрхэн илчлэн харуулдаг вэ гэдэгт анхаарлаа хандуулсан байдаг. Орчин үеийн Христитгэгчдийн олонх нь хязгааргүй дээд эрх мэдэл бүхий хаант засаглалтай улс оронд амьдарч үзээгүй байдаг. Тиймээс энэ сэдэв Библид хэр их чухал болохыг бид олж хардаггүй. Хуучин Гэрээний зохиогчид дэлхийн түүхнээ Өөрийн хаанчлалыг илчилсэн Бурханы тухай өгүүлэхдээ Бурхан болон хүмүүн хаадын нийтлэг дүрслэлийг байнга ашигладаг байжээ. Бид үүнийг төдийлөн анзаардаггүй. Жишээлбэл, тэд Бурханыг хаан угсаат уран барилгач, ард түмнийхээ хаан эцэг, хууль тогтоогч, гэрээ байгуулагч гэж ярьдаг. Тэд мөн Бурханыг хаан угсаат дайчин, нөхөр, хоньчин хэмээн дүрсэлсэн байдаг.
Орчин үеийн хүмүүс хаад болон хаант улсуудыг ихэвчлэн утгагүй, бүр олиггүй улс төрийн тогтолцоо гэж боддог. Гэвч Бурханы энэхүү түүхэн хаанчлал дэлхийд ирэх талаарх библийн энэ сэдэв нь баялаг, бүр гайхам сайхан дүрслэлүүдтэй байдаг. Энэ нь Бурханы гайхамшиг бол бүтээлийн дээгүүрх хосгүй бүрэн эрхт байдал гэдгийг, мөн Түүний дэлхий дээрх хаанчлал бол бидний яруу алдарт туйлын зорилго гэдгийг илчилдэг. Хуучин ба Шинэ Гэрээний туршид Бурхан тэнгэр дэх сэнтийнээсээ зарлиг тушаалаа айлдсан. Тэрээр эцэг хүн хүүхдүүдээ хайрладаг шиг хаанчлалынхаа ард түмнийг тийнхүү хайрладаг. Мөн Тэрээр тэнгэрэлч нар хийгээд ард түмнээ Өөрийнхөө ажил үйлсэд дуудсан байдаг. Өөрийн таалсан Изриалийг оролцуулаад улс үндэстнүүдийг босгож мөн унагахдаа Тэрээр хаан адил үйлдсэн билээ.
Бурханы хаанчлалын эдгээр түүхэн илрэлүүдийн гол зорилго бол газар бүр дэх гарынх нь бүтээлүүд Түүнийг Хаан гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал байв. Эцсийн эцэст, бүтээл бүхэлдээ овог аймаг, үндэстэн бүрээс ирэх Бурханы хүмүүст зориулсан хайр, баяр баясгалан, сайн сайхан, шударга ёс, эдгэрэл ба энх тайвнаар дүүрэн тэрхүү газар болох учиртай ажээ. Мөн Бурхан дэлхийг Өөрийнхөө үзэгдэх алдар суугаараа дүүргэж, Өөрийн агуу байдал, үйлдсэн бүхнийхээ төлөө эцэс төгсгөлгүй магтаал хүндлэлийг хүлээн авах болно.
Энэхүү Хуучин Гэрээний сэдвийг танилцуулах энгийн арга бол “Эзэний заасан гуйлт”-ын эхний хэсгийг харах явдал юм. Матай 6:9-10-р эшлэлд Есүс шавь нартаа ийнхүү залбирахыг заасан нь Бурханы өсөн тэлж буй хаанчлалын талаарх Хуучин Гэрээний үзэл санааг нэгтгэн дүгнэсэн хэрэг байв. Энд:
“Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй, Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй” гэжээ (Матай 6:9-10).
Есүс бидэнд “Таны хаанчлал иртүгэй” хэмээн заахдаа Хуучин Гэрээний бичээч бүрийн харахыг хүсэн хүлээдэг зүйлийг илэрхийлсэн. Христитгэгчид хаанчлалын ирэлтийн талаар их ярьдаг боловч уг итгэл үнэмшил нь Хуучин Гэрээнд үндэслэсэн болохыг төдийлөн анзаардаггүй. Тиймээс, Есүс биднийг хаанчлал ирэхийн төлөө залбираарай хэмээн заахдаа чухам ямар утгаар хэлснийг нь бид анхааран үзэх шаардлагатай.
Есүс шавь нартаа хэрхэн залбирахыг заахдаа Дуулаачийн анотологийг бүхэлд нь илэрхийлж, итгэмжит залбирлын үндсэн санааг гаргаж өгсөн. Тэгээд залбирал нь эхлэхдээ: “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй, Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй” гэдэг. Есүсийн хувьд Бурхан Эцэг гэсэн нь Түүний хаант угсаатай шууд холбоотой гэдгийг анзаараарай. Бурхан бол Эцэг байгаад зогсохгүй, Тэр бол Хаан Эцэг юм. Тиймээс, итгэлт хүүгийн хувьд та Эцэгийнхээ өмнө ирэхдээ Түүний хаанчлал өргөжин тэлэхийг хүснэ шүү дээ. Та Түүний хаанчлалыг хүмүүний амьдралын бүхий л талбарт үр нөлөөгөө авчирч буйг харахыг хүсэх нь дамжиггүй.
- Др. Скотт Редд
Эртний Еврей яруу найргийн уламжлалын дагуу Есүс бидэнд Бурханы хаанчлал ирэхийн төлөө залбираарай хэмээн заахдаа үүгээрээ чухам юу гэж хэлэх гэснээ тайлбарласан юм. Юун түрүүнд Есүс Бурханыг "Тэнгэр дэх Эцэг" гэж хэлсэн нь Бурханыг тэнгэрт залран буй хаан Эцэг ба Хаан гэжээ. Мөн Тэрээр бидэнд Бурханы нэр ариун байхын төлөө залбирахыг заахдаа “Таны нэр ариунаар дуурстугай” хэмээсэн. Энэхүү гуйлтаа Тэрээр ийнхүү дэлгэрүүлснээрээ хаанчлал ирэх үед Бурханы нэр ариун гэгдэх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Дараа нь Есүс Бурханы хаанчлал ирнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарлахын тулд Бурханы хүсэл таалал гүйцэлдэх үед Бурханы хаанчлал ба засаглал бүрэн дүүрэн ирэх болно гэдгийг нэмж хэлсэн. Гэвч Есүс Бурханы таалал хаана биелээсэй хэмээн хүссэнийг анзаараарай. Энд "тэнгэрт шигээ газарт" гэсэн байна. Өнөөгийн олон Христитгэгчдээс ялгаатай нь Есүс түүхийн гол зорилго бол Бурханы ард түмэн Бурхантай хамт тэнгэрт үүрд мөнх байх явдал гэж заагаагүй юм. Харин Тэрээр түүхийн зорилго бол Бурханы хүсэл таалал нь тэнгэрт хэдийнээ биелсэн шиг газарт биелэх явдал юм хэмээн заажээ.
Бидний найдвар бол Бурхан бүх зүйлийг шинэчлэх үед тэрхүү өдөр ирэх болно гэсэн итгэл юм... Бид үүнийг Есүсийн бидэнд болон шавь нартаа заасан залбирлынх нь гайхамшигтай үгсээс харж болно. Тэрээр энд “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй, Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй" гэсэн. Христитгэлийн чухал, гол, үндсэн санаа бол бид тэнгэрийн улсын бодит байдал нь газар дэлхийн бодит байдал болохыг хүсэн хүлээж буй үед амьдарч байгаа гэдэг нь юм. Энэ нь Бурханы нэр ариунаар дуурсагдаж, бүх зүйл зөв зүйтэй болж, алдар, үнэн, хайр, зөвт байдал нь хаанчлахыг хэлж байна. Тэнгэрийн улсад эдгээр нь хэдийнээ бодит байгаа билээ. Тэгэхээр Христитгэгчид бидний найдвар бол тэнгэрийн улсын бодит байдал нь энэ дэлхийн бодит байдал болох явдал юм. Энэ бол шинэ бүтээл болох бидний мөнхийн гэр орны талаарх найдвараар дүүрэн Бичвэрийн амлалт мөн.
- Др. Жонатан Т.Пеннингтон
Есүс энэ дэлхийг хэрхэн тэнгэрийн улс шиг болно хэмээн найдаж байсныг илүү сайн ойлгохын тулд Даниел 7:9–10-ыг авч үзье. Эндээс бид тэнгэр дэх Бурханы хаан сэнтийн талаарх Хуучин Гэрээний нийтлэг дүрслэлийг олж харах болно. Энд:
“Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн суудалдаа залрав. Түүний хувцас цас шиг цагаан, толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Сэнтий нь галын дөл шиг, дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв. Өмнөөс нь галтай мөрөн урсаж, үй түмээрээ Түүнд үйлчилж, үй түмээрээ өмнө нь зогсоцгоож байлаа” гэсэн байдаг (Даниел 7:9-10).
Тэнгэрийн улсын тухай энэ дүрслэл бол ер бусын зүйл биш ээ. Хуучин ба Шинэ Гэрээнд ч үүнтэй төстэй дүрслэлүүд гардаг. Гэвч бид Даниелын үзэгдлийн хоёр хүрээг онцолж үзэх хэрэгтэй.
Нэг талаас, Бурхан Өөрийн үзэгдэхүйц, сүр жавхлант оршихуйгаа тэнгэр дэх сэнтийнийх нь өмнө байх бүтээлүүддээ харуулж байна. Бичвэрт өгүүлсэнчлэн Бурхан бол хаа сайгүй оршигч юм. Тэрээр хаа сайгүй байдаг. Тэрээр сансар огторгуйн хязгаарт ч, өчүүхэн бидний гариг дээр ч, гүн ой, хуурай цөлд ч, бяцхан тосгод, сүрлэг хотуудад ч оршин байдаг. Гэсэн ч хаа сайгүй байх Түүний оршихуй нь үл үзэгдэх хэвээрээ. Даниелын үзэгдэл хийгээд бусад олон бичвэрт тэнгэр дэх сэнтийн өмнө байх бүх бүтээлд Бурханы оршихуй харагдаж буйг өгүүлдэг. Бурхан сэнтийдээ цас шиг цагаан хувцастай, ноос шиг цагаан үстэй үзэгдэх ажээ. Түүний сэнтий нь галын дөл мэт байх агаад түүнээс нь галтай мөрөн урсана.
Тэнгэрийн улсын энэхүү дүрслэл нь тэнгэр ба газрын талаарх Есүсийн залбирлаас ялгаатай харагддаг. Бид бүтээлийн гайхамшгаас Бурханы алдрын тусгалыг олж хардаг. Мөн библийн түүхээс харвал Бурханы алдар суу зарим үед дэлхий дээр үзэгдсэн байдаг. Гэвч Бурханы алдрын эдгээр гялбааг Түүний тэнгэр дэх сэнтийн агуу сүр жавхлантай харьцуулшгүй билээ. Тиймээс Есүс биднийг Бурханы хаанчлал тэнгэрт шигээ энэ газарт бас иртүгэй хэмээн залбираарай гэж хэлэхдээ тэнгэрт хэдийнээ дүүрэн буй Түүний үзэгдэх алдрын яруу сүр жавхлан нь энэ дэлхийг дүүргэхийн төлөө залбираарай гэсэн хэрэг байв. Элч Иохан Илчлэл 21:23-т Шинэ Иерусамлимыг дүрслэхдээ яг л энэхүү алдрын тухай хэлсэн бөгөөд энэ нь Христийг дахин ирэх үед газар дэлхийг дүүргэнэ. Энд тэрээр:
“Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа” гэжээ (Илчлэл 21:23).
Есүс биднийг Бурханы хаанчлал тэнгэрт шигээ энэ газарт ирээсэй хэмээн залбир гэсэн нь угтаа Өөрийнхөө агуу цог жавхлангаараа газар дэлхийг дүүргэж өгөөч хэмээн Бурханаас хүсэж, залбираарай гэсэн аж.
Нөгөөтээгүүр, Даниелын тэнгэрийн улсын талаарх үзэгдэл нь Бурханы гайхалтай, аруу алдарт оршихуйг тэнд буй бүтээлүүдийн үйлстэй холбодог. Хамтдаа Даниел 7:10-ыг харцгаая. Энд:
“Үй түмээрээ Түүнд үйлчилж, үй түмээрээ өмнө нь зогсоцгоож байлаа” гэжээ (Даниел 7:10).
Тэнгэр дэх Бурханы сэнтийн өмнө буй үй түмэн бүтээлүүд Түүнд үйлчилж, тушаалыг нь даруугаар гүйцэлдүүлж байна.
Тэнгэр дэх тэнгэрэлч нар үнэндээ тэнгэр дэх тахилчийн үүргийг гүйцэтгэдэг. Тэд өдөр ч шөнө ч сүмд үйлчилж, Түүнийг магтан хүндэлдэг. Тэд мөн энэ дэлхий дээрх бидэнд Бурханы үгийг дамжуулагч, Бурханы туслагчид гэдэг нь Бичвэрийн туршид тодорхой байдаг. Гэвч удирдлага нь хязгааргүй бүрэн эрхт байх бөгөөд энэ нь Бурханых, зөвхөн Бурханых л билээ.
- Др. Грант Р.Осборн
Бурхан болж буй бүхий л зүйлсийг захирдаг. Тэрээр энэ бүх зүйлс тохиолдохыг зөвшөөрдөг ч бүгдийг нь сайшааж, дэмжээд байдаггүй юм л даа. Гэвч бид Бурханы ёс суртахууны хүсэл тааллыг дуулгавартай дагах үедээ хаанчлалыг амсаж мэдрэх юм. Тэдний зүрх сэтгэлд хууль бичигдсэн байх тул тэд үүнийг дуртайяа дагах болно.
- Др. Роберт Б.Чишолм, Жр.
Энэ бол Филиппой 2:10-11-т буй элч Паулын тэрхүү өдрийг тэсэн ядан хүлээж байсан гол шалтгаан юм. Энд:
“Ингэснээр Есүсийн нэрд Тэнгэр дэх, газар дээрх, газрын доорх бүгд өвдөг сөгдөж, хэл бүхэн Есүс Христийг Эзэн хэмээн өчиж, Эцэг Бурханд алдрыг өргөхийн төлөө ажээ” гэсэн байна (Филиппой 2:10-11).
Эзэний заасан гуйлтын эхний мөрөнд Есүс Хуучин Гэрээн дэх Бурханы хаанчлалыг өсөж буй, түүхэн, мөн бодит хэмээн хураангуйлан дүгнэсэн. Түүхийн турш байсан Бурханы итгэмжит эш үзүүлэгчдийн нэгэн адил Бурханы Хүү ч газар дэлхий дээр бүрэн дүүрэн илчлэгдэх Бурханы хязгааргүй, өөрчлөгдөшгүй хаанчлалыг хүсэн хүлээж байлаа. Тэр өдөр Бурханы алдар суу дэлхийг дүүргэж, бүх бүтээл тэнгэрт шигээ газар дээр ч Түүний тушаалуудыг төгс дуулгавартай дагах болно. Түүхийн энэхүү үзэгдэл нь Хуучин ба Шинэ Гэрээний бүх сургаалыг дэмждэг.
Бид Бичвэрт Бурханы хаанчлалын талаар өргөн ба явцуу утгаараа хэрхэн өгүүлсэн байдгийг олж харлаа. Тиймээс бид одоо дэлхий дээрх Бурханы хаанчлалын түүхэн хөгжлийг Библид хэрхэн дүрсэлснийг судлах боломжтой болжээ. Ингээд бид Эхлэл 1:1–11:9-д гарч буй үйл явдлуудын талаар өгүүлэх “өнө эртний түүх” гэж нэрлэгддэг цаг үеийг авч үзье.
Орчин үеийн евангелийн итгэгчид бид Эхлэл ном дээрх өнө эртний түүхийг уншихдаа дэлхий ертөнцийн насжилт, хүмүүний амьдралын гарал үүсэл болон сүүлийн үеийн шинжлэх ухааны бусад асуултуудын талаар юу гэж өгүүлсэн байдаг вэ гэдэгт ихэд анхаардаг. Эдгээр асуултууд чухал хэдий ч биднийг Бурханы хаанчлалын тэлэлтийн эхний үе шатыг олж харахад саад болдог. Өөрөөр хэлбэл энд Израильчуудын талаар анхлан танилцуулсан байдаг. Бидний харж байгаагаар өнө эртний түүх нь Бурхан энэ үед хэрхэн хааны ёсоор үйлдэж байсныг буюу Өөрийнхөө эрх мэдлийг хэрхэн энэ дэлхийг бүтээж, эмхэлж, суурьшуулахдаа ашигласан болохыг онцолдог. Ингэснээр энэ нь Тэнгэрээс Өөрийн засаг захиргааг өргөжүүлэн тэлэх газар болох учиртай байв.
Өнө эртний түүх нь Эхлэл 1–11-р бүлэг дээрх түүхийг хамардаг. Энэ бол Абрахамаас өмнөх түүх юм. Тиймээс, энэ нь Эхлэл 1 дээрх дэлхийн гарал үүсэл зэргийг багтаасан байдаг. Мөн хүн төрөлхтний үүсэл буюу тэд энэ ертөнцөд хэрхэн бий болсон тухай ч гардаг. Энд Саббат өдрийн тухай төдийгүй гэрлэлт, гэр бүлийн тухай өгүүлдэг. Мөн Абрахамаас өмнө Бурхан Өөрийн хүмүүстэй хэрхэн харилцаж байсан болон Ноа ба үер гээд л олон түүхүүд бий.
- Др. Даниел Симанго
Энэхүү өнө эртний түүх нь Бурханы өсөж буй хаанчлал ба захиргааг дэлхийн түүхэнд хэрхэн дэлгэн танилцуулж буйг судална. Ингэхдээ гурван асуудлын тухай ярилцах болно. Нэгдүгээрт, газар дэлхий бол Бурханы хаанчлалын газар нутаг юм гэдгийг Библийн энэ хэсэг хэрхэн тайлбарлаж буйг авч үзнэ. Хоёрдугаарт, энэ нь Бурханы хаанчлалын зорилгын төлөөх хүмүүсийг хэрхэн тодорхойлж байгааг харна. Гуравдугаарт, Бурханы хаанчлалын ахиц дэвшлийг хэрхэн дүрсэлснийг үзнэ. Тэгэхээр эхлээд газар дэлхий нь Бурханы хаанчлалын газар нутаг гэдгийг хамтдаа харцгаая.
Эхлэл номын эхний бүлгүүдэд дэлхий нь Бурханы хаант засаглалын газар нутаг байхаар бүтээгдсэн гэдгийг олон талаараа илчилсэн байдаг. Гэхдээ бид эдгээрээс хоёрыг нь л авч үзэх болно. Нэгдүгээрт, Бурханы бүтээлийн анхны бэлтгэл нь газар дэлхийд хандсан Түүний зорилгыг хэрхэн тусгасан болохыг харах болно. Хоёрдугаарт, Бурхан дэлхий дээрх хаанчлалаа тасралтгүй өргөжүүлэх суурийг хэрхэн тавьсныг үзэх болно. Юун түрүүнд Бурханы гайхамшигт бүтээлийн загвар дахь анхны бэлтгэлийг харцгаая.
Бурханы дэлхий дээрх хаанчлалын анхны бэлтгэлийн талаар эртний түүх чухам юу өгүүлснийг ойлгохын тулд одоо цагийн олон асуултаа түр хойш тавих хэрэгтэй. Бид эхлээд эртний Израильчууд Эхлэл 1:1–2:3 дээрх түүхийг хэрхэн ойлгодог байсан бэ хэмээн асуух нь зүйтэй. Эртний ертөнцөд тэнгэрлэг болон хүмүүн хаад нь зохион бүтээгч, бүтээн байгуулагчид хэмээн хүндлэгддэг байсныг мэдэх нь чухал. Үүний дагуу олон тайлбарлагчид бүтээлийн түүх нь Бурханыг тэнгэрлэг дээд зохион бүтээгч, бүтээн байгуулагч гэж танилцуулдаг гэдэг. Ингэхдээ Тэрээр бүтээлийг Өөрийн асар том хааны ордон байхаар бүтээсэн гэж тайлбарладаг. Бүтээл бүрийг бүтээхдээ Бурхан “бий болог” хэмээн хэлсэн нь бүтээлийн бүтээн байгуулалтыг Өөрийн тэнгэрлэг сэнтийнээс тушаал буулган удирдаж байсныг дүрсэлдэг. Үүнтэй төстэй бусад эртний зохиолуудад Бурхан Саббат өдөр амарсан гэдэг нь Тэрээр бүтээлүүдийнхээ дээгүүрх эрх мэдэл, хүч чадлаа амжилттай тогтоож, хүндэтгэлийг авахаар сэнтийдээ заларч буйг дүрсэлдэг гэж үздэг. Энэ мэтчилэн Эхлэл номын эхний хэсэг нь тэнгэрлэг зохион бүтээгч, бүтээн байгуулагч Бурхан хэрхэн тэнгэр дэх хүч чадлаа үзэгдэх дэлхийд анхлан илэрхийлсэн болохыг эртний Израильчуудад заадаг. Бүтээлийн түүх нь Эхлэл 1:1 дээрх дараах танил үгсээр эхэлдэг. Энэ нь:
“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” гэдэг (Эхлэл 1:1).
Эдгээр үгс нь Бурхан дээр тэнгэр ба доор газар гэсэн хоёр хүрээ буюу түвшнийг бүтээсэн гэдэг үнэнийг харуулдаг. Эхлэл 1:2–2:3-т Бурхан дэлхийг Өөрийн сүр жавхлант хаанчлалыг тэнгэрээс газарт өргөжүүлэх газар болгон бүтээн байгуулж эхэлсэн байна. Бид Эхлэл номын энэ хэсгийг гурван хэсэгт хувааж болно. Эхлэл 1:2 дээр дэлхий нь хэлбэрээ олоогүй байсан тухай дүрсэлдэг. Энд:
“Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа” гэжээ (Эхлэл 1:2).
Бидний харж буйгаар эхэнд дэлхий буюу тэнгэрийн доорх бүтээлүүд нь “хэлбэржээгүй, хоосон” байсан бөгөөд харанхуй, гүнд бүрхэгдсэн байжээ.
Энэ үед дэлхий нь Бурханы сүр жавхлант тэнгэрийн сэнтийнээс эрс ялгаатай байв. Бидний саяхан үзсэнчлэн, Бичвэрийн туршид тэнгэр нь Бурханы нүд гялбам алдар суугаар дүүрэн байдаг ч дэлхий тийм байсангүй. Энд "хэлбэржээгүй" болон "хоосон" гэж орчуулагдсан еврей үгийг Хуучин Гэрээний бусад хэсэгт хүн төрөлхтөн амьдрах боломжгүй зэрлэг, цөл газрыг хэлэхдээ ашигладаг. Мөн "харанхуй" ба "гүн" гэсэн хэллэг нь Бичвэрт маш сөрөг утгатай байдаг.
Гэвч Эхлэл 1:2 дээр дэлхийн түүхийн эхлэлийн тухайд бас нэгэн чухал баримтыг өгүүлдэг. Энд "Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа" гэдэг. Гэрэл ба амь амьдралын Бурхан дэлхийг анхны хэлбэр дүрсгүй замбараагүй байдалд нь орхихыг хүссэнгүй. Түүний Сүнс харанхуй, амьдрал үгүй дэлхий дээр хөдөлж эхлэв.
Эхлэл дэх бүтээлийн түүхийн хоёрдох гол хэсэг бол 3-31-р эшлэл юм. Энд Бурхан ертөнцийг чамин тансаг орд харш мэт бүтээн захирч буй зургаан өдрийн тухай гардаг. Эдгээр зургаан өдөр нь Бурханы ер бусын бүтээн байгуулалтын мэргэн ухаан, хүч чадлын харагдахуйц загвар болдог.
Эхний гурван өдөрт Бурхан ямар ч хэлбэржээгүй байсан газар дэлхийн асуудлыг шийдсэн. Харин хоёр дахь гурван хоногт нь Тэрээр хоосон, зэлүүд байсан газар дэлхийн асуудлыг тус тус шийдсэн юм. Эдгээр хоёр багц гурван өдөр нь хоорондоо онцгой байдлаар зэрэгцэж харагддаг.
Нэг дэх өдөр Бурхан өдрийг бүтээж, харанхуйг шөнө болгон салгажээ. Үүний адилаар дөрөв дэх өдөр Тэрээр эдгээрийг сахиулахаар нар, сар, оддыг тэнгэрт байрлуулав. Хоёр дахь өдөр Бурхан огторгуйг бий болгон, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгажээ. Дараа нь тав дахь өдөр Бурхан огторгуй ба усны хоорондох зайг дүүлэн нисэх шувуудаар, харин усан доторхыг далай тэнгисийн амьтдаар дүүргэв. Гурав дахь өдөр Бурхан ургац сайтай, үржил шимтэй газрыг бий болгосноороо тэнгэрийн доорх усыг хязгаарлав. Мөн зургаа дахь өдөр Бурхан газрын араатан амьтанд болон хүн төрөлхтнийг бий болгон байршуулжээ. Бурхан газар дэлхийг эмхлэн бүтээж, суурьшуулахдаа юутай ч зүйрлэшгүй эрхэм дээд мэргэн ухаан, хүч чадлаа харуулсан байна.
Эхлэл 2:1-3-р эшлэлд буй бүтээлийн гурав дахь буюу төгсгөлийн хэсэг нь Саббат өдрийг дүрсэлдэг. Өмнөх эшлэлүүдийн нэгэн адил энэ нь Бурханыг бүх бүтээлийн эрхэм дээд зохион бүтээгч, урлаач гэдгийг онцолсон байдаг.
Энэ тухай Эхлэл 2:3 дээр хэлэхдээ Тэрээр:
“Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов” гэжээ (Эхлэл 2:3).
Энд Бурхан тэнгэр дэх сэнтийдээ эргэн заларч, гүйцэлдүүлсэн бүхнээ харан баясан бахдаж, ийнхүү хийсэн зүйлсийнхээ төлөөх хүндэтгэл магтаалыг хүлээн авч байна. Түүний энэхүү үйлс хосгүй гайхалтай байсан тул хожим Арван хуульдаа Тэрээр Саббат өдрийг дурсан тэмдэглэхийг Израильд хандан тушаасан байдаг.
Чухамдаа Эхлэл 1:1–2:3-р эшлэл нь Бурхан зургаан өдрийн турш тэнгэр дэх сэнтийнээсээ зарлигаа буулгаж, харанхуй, хэлбэржээгүй газар дэлхийг хосгүй гайхамшигтай орд харш адил болгон хувиргасан тухай өгүүлдэг. Эцэст нь Бурхан бүх бүтээлийн эрхэм дээд зохион бүтээгч, урлаачийнхаа хувьд хийсэн бүх зүйлийнхээ төлөө хүндэтгэл магтаалыг хүлээн авсан.
Бид "Эхлэл" номын эхэнд Бурхан хаанчлалынхаа газар нутгийн анхны бэлтгэлийг хэрхэн хийсэн болохыг үзлээ. Одоо бид энэхүү бүтээн байгуулалтын онцгой шинж чанарыг авч үзэх хэрэгтэй. Бид үүнийг ихэвчлэн анзаарахгүй өнгөрөөх гээд байдаг. Түүний эрхэм дээд захиргаа нь дэлхийн төгсгөл хүртэл тасралтгүй өргөжин тэлсээр байх болно гэдгийг Бурхан урьдаас илчилсэн билээ.
Эхлэл 1:3-30-р эшлэлд Бурхан бүтээлээ "сайн" болсныг харлаа гэж зургаан удаа хэлсэн байдаг. Мөн Тэрээр зургаа дахь өдрөө Өөрийн бүтээсэн бүгдийг үзээд эдгээр нь бүгд "нэн сайн" болсныг харлаа гэжээ. Энд "сайн" гэж орчуулагдсан тоов (טוֹב) гэдэг Еврей үг нь Хуучин Гэрээнд болон бусад газарт “тааламжтай”, “яруу сайхан”, төдийгүй “үзэсгэлэнтэй” гэсэн утгатай байдаг. Библид бүтээл нь сайн байлаа гэсэн нь Бурхан Өөрийнхөө үйлсийг батлан сайшаасан гэсэн үг юм. Гэвч Бурханы хийсэн эдгээр зүйлс бол газар дэлхийд болох илүү агуу зүйлсийн зөвхөн эхлэл гэж харагддаг.
Олон сайн санаат Христитгэгчид Бурхан Өөрийн бүтээлийг "нэн сайн" гэж хэлсэн нь одоо хийгээд байх, сайжруулаад байх зүйлс үлдээгүй хэмээн андуурдаг. Үнэндээ тийм биш байсан юм. Эцэст нь Эхлэл 2:18-д Бурхан "Хүн ганцаараа байх нь сайн биш" гэж хэлжээ. Нэгэн цагт дэлхийг бүрхэн байсан оёоргүй гүн, хэлбэржээгүй байдал, харанхуй хоосон нь зөвхөн хязгаарлагдсан байсан бөгөөд устаж алга болчхоогүй байлаа. Бурхан хүн төрөлхтнийг Өөрийн ариун цэцэрлэгт байрлуулсан. Гэвч Эхлэл 1:28-с харвал Тэрээр Адамыг газар дэлхийг дүүргэж, эрхшээн захируулахаар дуудсан байдаг. Бүтээлийн эхний долоо хоногийн төгсгөлд бүх зүйл "нэн сайн" байсан. Гэвч энэ нь Бурханы хаанчлалын илүү агуу зорилгыг гүйцэлдүүлэхэд бүх зүйлс бэлэн байсан гэсэн утгатай юм.
Бид Эхлэл 2:8-9-ийг уншвал энд:
“Эзэн Бурхан зүүн зүгийн Еденд цэцэрлэг тариад ... Бас хөрснөөс ЭЗЭН Бурханы ургуулсан янз бүрийн модод нь хараа булаам, хүнсэнд сайн байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ” гэжээ (Эхлэл 2:8-9).
Та Эхлэл номын эхний бүлгүүдэд Бурхан газар дэлхийг яг л зураач хүн зургаа бүхэлд нь будахаасаа өмнө ихэвчлэн харандаагаар хар зураг гаргадаг шиг хэлбэржүүлсэн гээд бодоод үзээрэй. Бурхан энэ газар дэлхийг хэзээ нэг өдөр Өөрийнх нь төлөвлөсний дагуух дэлхий болгохын тулд шаардлагатай байсан үндсэн цэгцэд нь оруулсан хэрэг байлаа. Энэ нь Тэрээр газар дэлхийг бүхэлд нь шууд будчихаагүй гэсэн үг юм.
Харин үүний оронд Тэрээр Өөрийн хэмжээлшгүй мэргэн ухаанаараа дэлхийн зөвхөн нэг л хэсгийг хосгүй сайхнаар буджээ. Тэгээд дэлхийн төв хэсэг болгон чимэглэсэн нь тэр байв. Газар дэлхийн энэ хэсгийг Еден гэж нэрлэжээ. Еден дотор тэнгэрийн улсын Хааны оршихуйд тохирох гайхам үзэсгэлэнт, хосгүй ариун цэцэрлэг байв. Энэхүү цэцэрлэг нь үнэхээр ариун бөгөөд бусад бүтээлээс ч онцгой байсан тул Бурхан тэнд алхаж, Өөрийнхөө алдрыг харуулж байлаа. Хэдий энэ нь хосгүй сүр жавхлантай байсан ч газар дэлхийг ийнхүү үлдээх нь Бурханы зорилго байсангүй. Харин энэ нь бүхэлдээ ариун дагшин Еден цэцэрлэг шиг болж, нэг л өдөр Түүний үзэгдэх алдар бүх бүтээлийг дүүргэх ёстой байв. Эхний долоо хоногийн эцэст байсан газар дэлхийн нөхцөл байдал нь үнэндээ Бурханы өсөж буй, түүхэн хаанчлалын талаар Хуучин Гэрээнд заасан бүх зүйлийн эхлэл цэг байсан юм.
Тиймээс бидний бүтээлийн үүрэг бол нярав байх явдал юм. Мөн бид Түүнтэй харилцдаг Бурханы бүтээлүүд байж, тэрхүү ариун цэцэрлэгийн хил хязгаарыг тэлэх явдал билээ. Ингэхдээ магтаал, мөргөл, дуулгавартай байдал дотор Бурханы бүтээлийн бүхий л эх сурвалжийг судалж мэдэх хэрэгтэй. Эцэст нь мэдээж шинэ тэнгэр, шинэ газарт үр дүнг нь бид хүлээн авах болно. /орчуулга хянах/
- Доктор Стивен Ж.Вэллум
Өнө эртний цаг үе нь Бурхан газар дэлхийг Өөрийн өсөж буй, түүхэн хаанчлалын газар нутаг болгохоор бэлтгэж буйгаар эхэлсэн болохыг бид харлаа. Тэгэхээр одоо бид Библид тэмдэглэгдсэн хоёр дахь нэн чухал хэсэг болох дэлхийн түүхийн энэ үеийн хүмүүст зориулж Бурханы тогтоосон үүргийг авч үзэх хэрэгтэй.
Бичвэрт хүн төрөлхтний тухай хэр их дурддагийг та анзаарч байсан уу? Хүмүүсийн тухай ямар нэгэн байдлаар огт дурдаагүй Библийн нэг хуудсыг олно гэдэг бараг боломжгүй зүйл. Ихэвчлэн бид Библийг Бурхан гэж хэн бэ, Тэр юу хийсэн бэ гэдийг илчилдэг хэмээн боддог учраас энэ асуулт эхэндээ хачин санагдаж болох юм. Энэ нь ч үнэхээр үнэн. Гэвч Бурханы бүтээлийн төлөвлөгөөнд хүн төрөлхтөн ямар онцгой, чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Библийн түүхэн үйл явдлууд онцолдог. Хүн төрөлхтөн мэдээж Бурханы сайн сайхнаас ангид ямар ч сайн зүйл хийж чадахгүй. Ийм ч учраас эцсийн эцэст бүх алдар суу нь зөвхөн Бурханых байдаг юм шүү дээ. Гэвч Бичвэрт Бурхан хаанчлалынхаа зорилгыг юуны түрүүнд хүн төрөлхтнөөр дамжуулан гүйцэлдүүлэхээр шийдсэн гэдгийг тодорхой харуулдаг. Тийм болохоор л Бичвэрт хүмүүсийн тухай төдий их зүйлийг өгүүлсэн байдаг. Эдгээр нь мөн Шинэ Гэрээ яагаад цорын ганц, төгс, зөвт хүн болох Есүсийн хүмүүн талыг онцолсон болохыг тайлбарладаг. Тэрээр хүн төрөлхтний анх бүтээгдсэн зорилгыг гүйцэлдүүлэх Нэгэн байсан юм. Хүн төрөлхтөнд зориулсан энэхүү онцгой үүрэг нь Эхлэл 2:18-д тодорхой харагдаг. Энд Бурхан Еден цэцэрлэгт Адамын тухай ийнхүү өгүүлсэн байдаг.
“Эзэн Бурхан -Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг буй болгоё гэжээ” (Эхлэл 2:18).
Өмнө нь, Эхлэл 1-р бүлэгт Бурхан бүтээлийг "нэн сайн" гэж дүгнэсэн. Гэвч Тэрээр мөн цэцэрлэгээсээ нэгэн "сайн биш" зүйлийг олжээ. Тэр нь Адам эхнэргүй байсан явдал байв. Тэгвэл энэ нь яагаад сайн биш гэж? Учир нь гэвэл Бурхан нэг хүн ганцаараа биелүүлэхэд дэндүү агуу зорилгын төлөө хүн төрөлхтнийг бий болгосон явдал юм. Газар дэлхий дээр Бурханы хаанчлалыг өсгөж тэлэхэд олон хүн шаардлагатай байлаа.
Хүмүүсийн гүйцэтгэх энэ чухал үүргийг хоёр янзаар дүрсэлсэн байдаг. Бурхан Адам, Ева хоёрыг Өөрийн тахилчид байлгахаар, мөн төлөөлөгч буюу орлогчид болгон үйлчлүүлэхээр бүтээсэн. Бичвэрт эдгээр үүргүүд нь харилцан уялдаатай байдаг ч бид нэг нэгээр нь авч үзэх болно. Ингээд эхлээд тахилч байх хүн төрөлхтний үүргийг хамтдаа судалцгаая.
Эхлээд Адам дараа нь түүнтэй хамт Ева Бурханы тахилчаар үйлчлэх үүргийг хүлээн авсан. Тэрээр үйлсээрээ Бурханыг магтан, хүндэтгэхээр дуудагдсан байв. Бидний өмнө нь үзсэнчлэн Даниелийн үзэгдэлд тоо томшгүй олон бүтээлүүд Эзэний тэнгэр дэх оршихуйн өмнө үйлчилж байлаа. Адам, Ева хоёр ч дэлхий дээр яг л ийнхүү Бурханд үйлчлэхээр дуудагдсан аж. Бид хүн төрөлхтний энэхүү тахилчийн үүргийн талаар Эхлэл 2:15 дээрээс харж болно. Энд:
“Эзэн Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав” гэжээ (Эхлэл 2:15).
Энэ хэсгийг бид өнгөц харвал Бурхан Адамыг зүгээр л цэцэрлэгч болгохоор дуудсан юм байна хэмээн бодож магадгүй юм. Гэвч түүний даалгавар бол үүнээс ч илүү агуу байлаа. Учир нь Еден цэцэрлэг бол Бурханы ариун нандин цэцэрлэг билээ. Мосе болон эртний Израилийн хувьд "арчлуулан, сахиулах" гэдэг нь онцгой бөгөөд ач холбогдолтой ойлголт байв. Пентатухын маш олон хэсэгт үүнтэй төстэй хэллэгийг Майхан сүм дэх Бурханы алдрын өмнө үйлчилдэг тахилчид болон Левичүүдийн үүргийг тайлбарлахдаа ашигласан байдаг. Жишээлбэл, Тооллого 3:8-дээр энэ тухай өгүүлдэг. Энд:
“Тэд бас уулзалтын майхны хэрэгслийг бүгдийг нь хадгалах агаад майхны үйлчлэлд Израилийн хөвгүүдийн өмнөөс үүрэг хүлээнэ” гэжээ (Тооллого 3:8).
Адам Ева хоёрын цэцэрлэг дэх үүрэг нь Бурханы тахилчид болох Левичүүдийн үүргийг тусган харуулдаг. Тэднийг дэлхий дээрх тэнгэрлэг Хааны суу алдрын газар болсон Бурханы ариун цэцэрлэгт байрлуулсан. Дараа нь тэд тахилчид болон Левичүүд майхан сүмд үйлчилсэн шиг Бурханд үйлчилсэн. Уг майхан сүм бол Бурханы алдар Израильчуудад үзэгдсэн газар билээ. Өөрсдийн бүх үйлсийг ариун тахилчийн үйлчлэл болгон гүйцэтгэхээр Адам Ева хоёр дуудагдсан. Тэдний эдгээр үйлс нь агуу тэнгэрлэг Хаанд хүндлэл өргөх зорилготой байлаа.
Нөгөө талаасаа, дэлхий дээр амьдарч байсан анхны хүмүүс зөвхөн Бурханы тахилчид байгаад зогсоогүй юм. Бурхан тэднийг Өөрийн төлөөлөгч буюу орлогчид болгон үйлчлүүлэхээр дуудсан. Үнэндээ Адам Ева хоёр Бурханы хаант тахилчид байсан.
Бид Эхлэл 1:26-дээрээс Адам, Ева хоёрыг хэрхэн тодорхойлсныг олж харж болно. Энд:
“Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав” гэжээ (Эхлэл 1:26).
Эдгээр болон Хуучин ба Шинэ Гэрээний олон хэсгүүдэд хүмүүнийг Бурханы “дүр төрх” буюу “дүр” гэж нэрлэдгийг Бичвэрийг судалсан хүн бүр мэддэг. Өнгөрсөн хугацаанд олон теологичид үүнийг хүн бол ухаалаг, ёс суртахуунтай, итгэл сүсэг бүхий бүтээл хэмээн хөнгөн хүлээж авдаг байсан. Энэхүү Христитгэлийн уламжлалт үзэл баримтлал нь үнэн боловч энэ нь Эхлэл 1-р бүлгийн гол зүйл нь биш юм.
Бурхан хүн төрөлхтнийг Өөрийн дүр төрх ба Өөртэйгөө адил хэмээсний ач холбогдлыг ойлгохын тулд эртний ертөнцийн нийтлэг зүйлсийг мэдэх нь бидэнд тус болдог. Израилийн гадна орших фараон, хаад, эздийг ихэвчлэн өөрсдийнхөө бурхдын "дүр төрх", "дүр" төдийгүй "хөвгүүд" гэж нэрлэдэг байв. Тэднийг бүр бурхдынхаа хүсэл сонирхлыг төлөөлдөг дэлхий дээрх амьд дүрүүд гэж үздэг байжээ. Тэнгэрлэг төлөөлөгчид болохынхоо хувьд хаад нь тухайн нийгэмдээ тэнгэр дэх бурхдынхаа хүслийг таньж мэдээд, дараа нь тэр хүслийг газар дээр биелүүлэхийн тулд эрх мэдлээ ашиглах онцгой үүрэгтэй байх аж. Есүс дагалдагчдаа Бурханы хүсэл тэнгэрт шигээ газарт мөн биелүүлэхийн төлөө залбираарай гэсэнд гайхах зүйлгүй юм. Энэ бол Түүний эрхэм үүрэг байв.
Стефан Үйлс 7:22 дээр Мосег Египетийн эрдэм бүхэнд боловсорсон нэгэн байсан гэдэг. Мосе бол Египетийн фараонуудыг болон бусад үндэстний хаадыг эгэл хүмүүсээс ялгахын тулд бурхдыг нь "дүр төрх" ба "дүр" эсвэл "хөвгүүд" хэмээн дууддаг байсныг маш сайн мэддэг байсан гэсэн үг юм. Гэвч Ариун Сүнсний онгодоор тэрээр энэхүү нийтлэг худал хуурмаг итгэл үнэмшлийг няцаасан хэрэг байлаа. Эхэнд Израилийн үнэн Бурхан тунхаглахдаа зөвхөн цөөн хэдхэн хаад ба эзэд бус харин бүх хүн төрөлхтөн Түүний дүр төрх буюу жинхэнэ хаант тахилчид байсан гэжээ. Энэ нь эртний Израильчуудад итгэхэд тун бэрх асуудал байсан нь дамжиггүй. Учир нь энэ ойлголт тэднийг өөрсдийгөө болон энэ дэлхий дээрх өөрсдийнхөө үүргийг харах хараагаа үндсээр нь өөрчлөхийг шаардсан юм. Бурхан Израиль хүн бүрийг бусад хүн төрөлхтний хамт Өөрийн хаант тахилч бүхий төлөөлөгч байхаар урьдаас томилсон байна шүү дээ.
Мөн бидний цаг үед орчин үеийн шашнаас ангид соёл ахуй нь хүн төрөлхтнийг түүхийн санамсаргүй нөхцөл байдлын үр дүнд бий болсон гэж заадаг. Гэтэл библи биднийг өөрсдийнхөө хийгээд бусдын талаарх үзэл бодлоо Бурханы бидэнд зориулсан анхны зорилгод нийцүүлэхийг шаарддаг. Бид бүгд Бурханы дүр төрх, хаант тахилчид байхаар бүтээгдсэн бөгөөд Түүний хүслийг тэнгэрт байгаа шиг газар дээр биелүүлэхийн тулд дуудагдсан хүмүүс билээ.
Эхлэл 1:27-28-р эшлэлд Бурхан тэнгэрийн улсаас ерөөлийн үгсээ айлдахдаа хүн төрөлхтний үйлчлэлийг нарийн тодорхойлсон болохыг олж хардаг. Энд:
“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг ерөөж -Үржиж олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээрх хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг!” гэжээ (Эхлэл 1: 27-28)
Бурхан эхнээсээ л хүн бүрийг Өөрийнх нь хаант тахилч бүхий дүр төрх байхаар дуудсан байна. Үүнийг теологичид ихэвчлэн "тогтоогдсон үүрэг" гэж нэрлэдэг.
Ийнхүү бидний харж байгаагаар Бурхан бүтээлийнхээ эмх цэгц, гоо үзэсгэлэнгийн хэмжүүрийг тогтоож, хүн төрөлхтнийг Өөрийн гайхамшигт ариун цэцэрлэгтээ Өөрт нь хаант тахилчаар үйлчлүүлэхээр байрлуулжээ. Тэнгэрийн агуу Хаан Тэрээр хүн төрөлхтнийг хаанчлалаа өргөжүүлэн тэлэх суваг болгон урьдаас томилсон. Бүх дэлхий Бурханд үйлчилж, Түүний хүслийг газарт гүйцэлдүүлэхийн тулд хүн төрөлхтөн үржиж олшрон, тархан суурьшаад, дэлхийг Еден цэцэрлэг шиг болгох ёстой байв. Бурханы хаанчлалыг дэлхий даяар өргөжүүлэн, тэлэх нь хүмүүсийг дэлхий дээр бий болгосон Бурханы гол зорилго юм.
Орчин үеийн хүмүүс бид оршин тогтнох зорилгынхоо талаар ийнхүү бодох нь тун ховор гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой болов уу. Хэн нэгэн чамаас “Чи юу хийдэг вэ?” гэж асуувал та юу гэж хариулдаг вэ? Та “За, би үр жимс гаргадаг. Би өсөн үрждэг. Би газар дэлхийг дүүргэн, эзэмшиж, Бурханы өмнөөс захирдаг” гэж хариулдаг уу? Эдгээр ойлголтууд нь Христийн олон дагалдагчдад маш харь мэт байдаг. Тиймээс бид өөрсдийн амьдралдаа хийж буй зүйлсээ ийнхүү тайлбарлах нь тун ховор. Тэгэхээр та амьдралынхаа зорилгын талаар эргэлзэж байгаа бол гайхах хэрэггүй. Бид Бурхан хүмүүний тухай чухам юу гэж өгүүлсэн бэ гэдэгт зүрх сэтгэлээ авчирснаар амьдралынхаа зорилгоо эрж олох хэрэгтэй юм шүү. Бид Бурханы хаант тахилчид байхаар бүтээгдсэн. Бид Бурханы захиргааг дэлхийн хязгаар хүртэл түгээн дэлгэрүүлэхийн тулд бүтээгдсэн. Энэ нь нэг л өдөр бүх бүтээл Бурханы үзэгдэх алдраар дүүрч, Түүнийг зогсолтгүй магтан хүндлэхийн тулд юм.
Бид өнө эртний түүхэнд Бурхан дэлхийг Өөрийн хаанчлалын газар нутаг хийгээд ард түмнийг хаанчлалынхаа үйлчлэгчид болгон тогтоосон гэдгийг харлаа. Одоо бид энэ цаг хугацаанд дэлхий дээрх Бурханы өсөж буй хаанчлалын ахиц дэвшлийг тоймлон харуулах нь зүйтэй.
Хэрэв Адам Ева хоёр нүгэл үйлдээгүй бол Бурханы дүр болох хүн төрөлхтний үйлчлэлийн замнал шулуун дардан байх байсан. Адам, Ева хоёр хүүхэдтэй болж, хүүхдүүд нь ч үр хүүхэдтэй болцгоон, өсөж үржээд л үргэлжлэх байлаа. Тэгээд тэдгээр Бурханы дүр төрх болсон үй олон тахилчид нэгдэн нийлээд газар дэлхийг дүүргэн, эзэмшиж, Бурханы тушаалуудын дагуу захирах байв. Гэвч бид бүгдийн сайн мэдэж байгаачлан бүх зүйл ийнхүү өрнөөгүй. Нүгэл нь хүн төрөлхтний шулуун дардан замыг маш хурдан уртаас урт, тойруу муруй бэрхшээлийн зам болгон хувиргасан. Гэсэн ч эдгээр асуудлыг үл харгалзан Бурхан өнө эртний түүхийн эхлэлээс л хүн төрөлхтөнд зориулсан Өөрийнх нь төлөвлөгөө бүтэлгүйтэхгүй гэдгийг баталсан.
Өнө эртний түүхийн цаг хугацаан дахь Бурханы хаанчлалын ахиц дэвшлийн талаар олон зүйл ярьж болох ч бид үүнийг гурван үе шатаар нэгтгэн харах болно. Юуны өмнө тэнгэр дэх тэрслэлийн талаар авч үзнэ. Хоёрдугаарт, хүн төрөлхтний завхрал нэмэгдсэнээр энэ нь хэрхэн тэнгэрлэг хатуу шүүлтэд хөтөлсөн болохыг харна. Гуравдугаарт, Бурхан Өөрийн хаанчлалын зорилгоо биелүүлэх боломжийг хүн төрөлхтөнд олгох урт хугацааны стратегийг бий болгосон гэдгийг олж мэднэ. Ингээд эхлээд тэнгэрлэг Хааны эсрэг болсон тэнгэр дэх тэрслэлийн талаар авч үзье.
Адам, Ева хоёр тэнгэрлэг Хааныхаа тушаалыг итгэмжтэйгээр гүйцэлдүүлэхийн оронд Сатаны уруу таталтад орж, хориотой жимс идэн тэрсэлсэн билээ. Ийнхүү тэд Еден цэцэрлэгийг дэлхийн хязгаар хүртэл тэлэх ёстой байсан авч хараал дор амьдрахаар цэцэрлэгээс хөөгдсөн. Хэдий тийм ч хаанчлалыг байгуулах хүн төрөлхтний үүрэг хариуцлага ингээд л дуусчхаагүй юм. Адам, Ева хоёр болон тэдний үр удам өсөж үржин, Бурханд үйлчлэн, газар дэлхийг захирах ёстой хэвээр байв. Гэвч Бурхан хүн төрөлхтөн ба газар дэлхийг хараасан тул үржин олширч, удирдан захирна гэдэг нь хүнд хэцүү, зовлонтой, бүтэшгүй мэт ажил болж хувирсан юм. Өсөн үржих тухайд Эхлэл 3:16-д Бурхан Евад хандан дараах үгсийг хэлсэн. Энэ нь:
“Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ” гэжээ (Эхлэл 3:16).
Захирах тухайд 17-р эшлэлд Бурхан Адамд ийнхүү анхааруулсан. Энд:
“Чамаас болж газар хараагдлаа. Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд түүнээс хооллох болно” гэжээ (Эхлэл 3:17).
Харамсалтай нь Бурханы хаант тахилчийн дүр төрх болсон хүмүүс Бурханы өгсөн үүргийг гүйцэлдүүлэхийн тулд өст дэлхийд, өвчин зовлон, үгүйрэл хоосролд амьдрахаас өөр аргагүй болсон юм.
Өнө эртний үеийн Бурханы хаанчлалын ахиц дэвшлийн түүх нь Адам, Ева хоёрын тэрслэлээр эхэлсэн харагддаг. Гэвч тэдний үр удам завхралын замаар замнасан нь эцэстээ тэднийг Бурханы хатуу шүүлтэд хөтөлсөн.
Эхлэл номд бичигдсэнээр Адам, Ева хоёрыг гэм нүгэлд унасан цагаас л тэдний үр удам ч Бурханд итгэмжтэй байна гэсэн найдлага тасарсан юм. Үнэндээ Бурханы аврал өршөөлөөс ангид хэн нь ч Түүний итгэмжит дүр төрхийн ёсоор үйлчилж чадахгүй байв. Хүн төрөлхтөн бүхэлдээ л Бурханыг үргэлжлүүлэн эсэргүүцсээр байсан юм. Адам, Ева хоёрын анхны хүү Каин дүү Абелиа хөнөөсөн. Мөн Эхлэл 4-р бүлэг дэх Каины угийн бичгийг харвал тэдний үр удам өсөж үржихийн хэрээр тэрслэл нь ч улам бүр ихэссэн байдаг. Каины үр удам Бурханы хаант тахилчаар үйлчлэхийн оронд Бурханы хаанчлалыг эсэргүүцэн, өөрсдийгөө өргөмжилж, бусад хүмүүсийн эсрэг үйлдсэн нүглээрээ дэлхийг хүчирхийллээр дүүргэжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн төрөлхтний хүчирхийлэл хэрээс хэтэрч, Бурхан дэлхийг үерээр цэвэрлэхэд хүргэсэн юм.
Бид энэ тухай Эхлэл 6:5-7-р эшлэлээс харж болно. Энд:
“Эзэн, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. Эзэн - Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авхуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв” гэжээ (Эхлэл 6:5-7).
Өнө эртний түүхэн дэх Бурханы хаанчлалын ахиц дэвшлийг харвал энд дан ганц хүн төрөлхтний тэрслэл, завхрал ба шүүлтийг багтаагаагүй. Энэ нь мөн Бурхан Өөрийн хаанчлалыг дэлхий даяар тэлэх урт хугацааны стратегийг ч илчилдэг. Чухамдаа, Бурхан ард түмнээ авран зольж, тэднээр дамжуулан хаанчлалаа байгуулахаар шийдсэн байв.
Бурхан энэхүү урт хугацааны стратегийнхаа талаар анх Эхлэл 3:15-д танилцуулсан байдаг. Бурхан Адам, Ева хоёрыг нүгэлд турхирсан могойг ийнхүү хараасан. Энд Тэрээр:
“Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, бас чиний үр тэр эмэгтэйн үр хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална” гэжээ (Эхлэл 3:15).
Энэ хэсэгт Бурхан хүн төрөлхтнийг хоёр хэсэгт хуваагдана хэмээн могойд хэлжээ. Нэг нь Сатаны удам буюу ихэвчлэн “үр” гэж орчуулагддаг Сатаны тэрслүү замд нэгдсэн хүмүүс. Нөгөө нь Евагийн үр удам буюу Бурханд итгэмжтэйгээр үйлчлэхийг зорьдог хүмүүс. Эдгээр хоёр бүлэг хүмүүс түүхийн туршид бие биетэйгээ дайсагналцсаар байх болно. Бурхан мөн нэг л өдөр Евагийн үр удам болох золигдсон хүн төрөлхтөн нь могойн толгойг бяц цохиж, ертөнцийг тэрслэлд хөтөлсөн нэгнийг ялна гэж амласан. Энэ амлалт эцсийн эцэст Христээр биеллээ олдог. Үүнийг Ром 16:20-дээр Паул Христийн дагалдагчдад хандан батлан хэлсэн байдаг. Энд:
“Амар тайвны Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй няцална” гэжээ (Ром 16:20).
Бурханы золигдсон, итгэмжит дүр төрх болсон хүмүүст хандсан ёр муу нэгнийг ялах найдвар нь түүхийн туршид өгөгдсөн байдаг. Энэ нь Бурханы төгс дүр төрх болох Христ дотор биеллээ олсон.
Бурханы хаанчлалын урт хугацааны стратегийн улмаас Адамын гурав дахь хүү болох Сет төрж, Абелыг орложээ. Эхлэл 5-р бүлэг дээрх угийн бичигт өгүүлснээр Сет болон түүний үр удам Бурханыг хүндэтгэж, хаанчлалыг нь дэлхий дээр тэлэхийг эрмэлзсэн байдаг. Хүмүүний хүчирхийлэл дэлхийг дүүргэснээр Бурхан хүн төрөлхтний ихэнхийг устгасан ч Сетийн үр удам болох Ноа Бурханд итгэмжит байж, Бурханы мэлмийд тааллыг олсон билээ. Ноагийн үеийн их үерийн дараа Өөрийнх нь хаанчлалд үйлчлэх хүн төрөлхтөнд зориулсан урт хугацааны стратегиа Тэрээр дахин баталсан юм.
Энэ талаар Эхлэл 8:21-22 дээр өгүүлсэн нь бий. Энд:
“Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. Газар дэлхий байсан цагт тариа тарих ба ургац хураах, хүйтэн ба халуун, зун ба өвөл, өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно” гэжээ (Эхлэл 8:21-22).
Бүх хүн төрөлхтөн бүр бага балчраасаа л ёр муу руу амархан эргэдэг гэдгийг Бурхан хүлээн зөвшөөрсөн байгааг анзаараарай. Нүгэл нь Түүний нүгэлд унасан дүр төрх болох хүмүүнд хор хохирол учруулсаар байх болно гэдгийг Тэрээр хүлээн зөвшөөрчээ. Тиймээс солонгыг тэмдэг болгон өгснөөрөө газар дэлхий байгаа цагт Тэрээр “үр суулгах ба ургац хураах цаг, хүйтэн ба халуун, зун ба өвөл, өдөр ба шөнө” зэрэг байгалийн зүй тогтлыг тогтвортой байлгахаа амласан. Яагаад Бурхан үерийн дараа байгаль дэлхийд аюулгүй байдлыг тогтоосон бэ? Хэрэв бид Эхлэл 9:1-ийг харах юм бол бүх зүйл тодорхой болдог. Энд:
“Бурхан, Ноа болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд “Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй!” гэсэн байна (Эхлэл 9:1).
Уг эшлэлд өгүүлснээр Бурхан хаанчлалынхаа зорилгод үйлчлүүлэх хүн төрөлхтний дуудлагыг дахин сэргээж өгчээ. Тэрээр байгалийн тогтвортой байдлыг бий болгосон. Тиймээс одоо Бурханы дүр төрх болсон хүмүүс Түүний хаанчлалын төлөөх анхны зорилгоо гүйцэлдүүлж чадах юм.
Бид Эхлэл 1-р бүлэгт эргээд очвол Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ Өөрийн дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг буй болгоод "Үржиж, олширч, газар дэлхийг дүүргэ” хэмээн айлдсан байдаг. Гэм нүгэл орж ирэхээс өмнө ч, газар дэлхийг үерээр устгасны дараа ч Бурхан ийнхүү айлдсан болохыг бид харж болно. Ноа болон түүний эхнэр, түүний хөвгүүд ба бэрүүд бүгд хөвөгч авдраас гарч ирэхэд Тэрээр дахин "Үржиж, олширтугай, газар дэлхийг дүүргэ” гэсэн юм. Бурхан энэ дэлхийг бидний сайн сайхны төлөө, мөн Өөрийнхөө алдрын төлөө бидэнд өгсөн билээ.
- Др. Рик Бойд
Энэ үеэс эхлэн Бичвэр нь Бурханы хаанчлалд үйлчлэх хүн төрөлхтний замнал шулуун дардан, саад тотгоргүй байгаагүй гэдгийг илчилдэг. Бурханы ард түмэн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, унаж, бүтэлгүйтэн олон бэрхшээл амссан. Гэсэн ч Бурхан байгалийн урт хугацааны тогтвортой байдлаар хангаснаар нэг л өдөр Түүний дүр төрх болсон хүмүүн Түүний хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл тэлэх үүрэг даалгаврыг биелүүлэх учиртай юм.
Бид Бурханы хаанчлалын талаар өнө эртний түүхийн үед чухам юу өгүүлсэн байдаг тухай олж мэдлээ. Тиймээс бид одоо Хуучин Гэрээн дэх хаанчлалын түүхийн дараагийн гол үе шатыг авч үзэхэд бэлэн болжээ. Энэ нь Бурхан хаанчлалынхаа сонгогдсон ард түмэн болох Израильтай харилцаж байсан үе юм.
Израиль бол Библийн түүхэнд голлох үүрэг гүйцэтгэдэг үндэстэн гэдгийг мэдэхгүй өнгөрөх боломжгүй байдаг. Яагаад тэр вэ? Бичвэр нь Изриалийн ард түмний тухай ямагт өгүүлдэг. Учир нь Бурханы дүр төрх болох хүн төрөлхтөнд урьдаас тогтоож өгсөн тэрхүү үйлчлэлийг удирдуулахаар энэ ард түмнийг Тэрээр сонгосон юм. Израильчууд бол тэр эмэгтэйн үр, хаант тахилчид, Түүний үнэт эзэмшил, үндэстнүүдийн дундах ууган нь байв. Тиймээс тэд өсөж олшрон, Бурханы хаанчлалд үйлчлэхийн тулд дэлхийг захирах ёстой байв. Гэвч Израильчууд удаа дараа Бурханд үнэнч бус хандсан тул Тэрээр тэдэнд хүнд хэцүү шийтгэлийг авчирсан. Гэсэн ч Бурхан Израилийн энэхүү үүргийг хэзээ ч хүчингүй болгоогүй юм. Бүх үндэстнийг Өөрийнх нь үйлчлэлд хөтлөх Израилийн ард түмэнд Бурхан үнэнч хэвээр үлдсэн болохыг бид Бичвэрийн турш харж болдог.
Израиль үндэстний түүхийн туршид Бурханы хаанчлал хэрхэн өрнөж байсныг харахын тулд бид үүнийг дахин гурван хүрээнд авч үзэх болно. Нэгдүгээрт, бид хаанчлалын газар нутаг буюу байрлалыг судлах болно. Хоёрдугаарт, бид Израиль үндэстний доторх хаанчлалын ард түмний тухай үзнэ. Гуравдугаарт, бид Израиль дахь хаанчлалын ахиц дэвшлийг тоймлон харах болно. Ингээд эхлээд Бурханы хаанчлалын газар нутгийг харцгаая.
Бурхан Адам, Ева хоёрыг газар дэлхийд анх бүтээхдээ Еден цэцэрлэг гэх онцгой газарт суурьшуулсан. Мөн Тэрээр Өөрийнх нь хүслийг дэлхий даяар гүйцэлдүүлэх замаар Өөрийнх нь дүр төрх болж үйлчил хэмээн тушаасан байдаг. Одоо энд Бурхан Абрахам болон түүний үр удмыг сонгохдоо тэднийг Еден зүг дахин нэг удаа чиглүүлэхээр дуудсан харагдаж байна. Тэндээс тэд хүн төрөлхтний анхны үүргийг гүйцэлдүүлэх учиртай байжээ.
Эхлэл 12:1-3-т Бурхан анх Израилийн эцэг Абрахамыг онцгой зарц болгохоор дуудсан байдаг. Энд Бурхан:
“Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явагтун. Чамаас би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай. Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно” гэжээ (Эхлэл 12:1-3).
Энэ хэсгийн газарзүйн байрлалыг анзаараарай. Бурхан Абрахамыг Месопотами дахь эцгийнхээ төрсөн нутгийг орхиж, хараахан хараагүй газар руу явж суурьшуулахаар дуудсан.
Бурхан Абрахамыг Месопотамийн Ур гэх газраас Харан нутаг руу удирдсан. Тэгээд дараа нь Бурхан түүнийг Харанаас “Амлагдсан газар” гэж нэрлэгддэг Канаан нутаг руу дуудсан байдаг. Абрахамыг тийнхүү Канаан нутагт ирэхэд нь Бурхан түүний үр удам уг газрыг өнөд оршин суух эх нутгаа болгон эзэмшинэ гэв. Тэр цагаас хойш Амлагдсан газар нь Израилийн хаанчлалын үйлчлэлийн түшиц төв газар болсон.
Абрахамыг амласан газар руу дуудсан нь Израилийн түүхэн дэх Бурханы хаанчлалын газар нутгийг ойлгоход бидэнд тусалдаг бөгөөд үүнийг дор хаяж хоёр замаар харж болно. Нэгдүгээрт, Бурхан Абрахам болон түүний үр удмыг газарзүйн хувьд хаанчлалынхаа анхны төв болсон тэрхүү газарт үйлчлүүлэхээр дуудсан. Хоёрдугаарт, Бурхан мөн тэднийг Амлагдсан газрын хүрээ хязгаарыг давж, хаанчлалыг нь газарзүйн хувьд улам өргөжүүлэн тэлүүлэхээр дуудсан юм. Ингээд хамтдаа Бурхан Абрахам болон түүний үр удмыг дэлхий дээрх хаанчлалынхаа анхны төв болсон газарт үйлчлүүлэхээр дуудсан болохыг эхлээд харцгаая.
Хэдхэн хормын өмнө бид Бурханы дэлхий дээрх хаанчлалын анхны гол төв бол Еден нутаг ба түүн доторх ариун цэцэрлэг байсан хэмээн үзсэн. Харамсалтай нь Библийн олон тайлбарлагчид Еденийг Месопотамийн доод хэсэгт, Персийн булангийн ойролцоо байдаг гэж андуурчээ. Хэр их газар нутгийг Едений газар нутаг хэмээн үзэж байсныг бид тодорхой мэдэхгүй. Энэ нь одоогийн Үржил Шимт Саран Нутаг гэж нэрлэгддэг хэсгийг хамарсан байх боломжтой. Гэвч Эхлэл ном нь газар нутаг болон Еден цэцэрлэгийг Бурханы Абрахамд амласан газартай нягт холбоотой гэсэн байдаг.
Энэхүү газарзүйн байршлын талаар Эхлэл 2:10-14-р эшлэлд тодорхой өгүүлсэн байдаг. Энд Бурхан Еденийн хил хязгаарыг тодорхойлжээ.
“Еденээс гарсан нэг мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс дөрвөн салаа эх авчээ. Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө… Хоёр дах мөрний нэр Гихон бөгөөд Кушийн бүх нутгийг дайран өнгөрдөг. Гурав дахь мөрний нэр Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөн нь Евфрат аж” гэсэн байна (Эхлэл 2:10-14).
Анхны дөрвөн мөрөн Едентэй холбоотой байгааг анзаарч байна уу? Эхний хоёр нь Пишон ба Гихон юм. Эдгээр гол мөрөн хаана байсан талаар судлаачид одоог хүртэл маргадаг. Гэхдээ тэд Амлагдсан газрын баруун өмнөд хэсэгт орших Хавила, Кушийн нутагтай холбоотой. Дараагийн хоёр гол нь Тигр ба Евфрат бөгөөд эдгээр нь одоогийн Сирийн уулархаг нутгаас зүүн тийш урсдаг ажээ. Эдгээр Едены гол мөрнүүдийн байршлуудын талаар ойлгох нь тун чухал. Учир нь эдгээр байршлууд нь хожим Эхлэл номд Бурханы Абрахамд амласан газрын гол мөрөнтэй хамааралтай юм. Эхлэл 15:18 дээр Бурхан Абрахам болон түүний үр удамд амласан газар нутгаа ийнхүү дүрсэлсэн байдаг. Энд:
“Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ” гэжээ (Эхлэл 15:18).
Эндээс харвал Израилийн амлагдсан газрын хил хязгаарыг Египет ба Евфрат мөрнөөр тогтоож өгсөн байна.
Ихэнх тайлбарлагчид "Египет мөрөн" нь Нил мөрөн биш, харин Египетийн зүүн хойд хэсэгт байдаг олон гол мөрөн эсвэл гол голдирлуудын нэг байсан гэдэгтэй санал нийлдэг. Үүнээс гадна Евфрат мөрөн буюу одоогийн өрнөд Сири дэх Евфрат мөрний дээд хэсэг нь Амлагдсан газрын зүүн хойд хилийг тэмдэглэдэг гэж үздэг. Хожим нь библийн түүхэнд эдгээр мөрнүүд Давид, Соломоны үед Израилийн газар нутгийн цар хүрээг тэмдэглэж байв.
Тэгэхээр энэ бүгдээс харах юм бол Амлагдсан газар ба Едений газар нутгийн хил хязгаар нь хоорондоо бараг тохирдог. Тиймээс, Библийн бусад эшлэлүүдэд тэмдэглэснээр, Бурхан Абрахамыг Канаан руу дуудсан нь Адам Ева хоёр анх Бурханы хаанчлалд үйлчилж эхэлсэн, газарзүйн хувьд анхны төв болох Еден рүү эргүүлэн дуудсан хэрэг байжээ.
Едений газар нутаг нь Бурхан эхлээд Абрахамыг, дараа нь Мосег хаанчлалынхаа анхны төв болсон газар руу дуудаж авчирсан болохыг ойлгоход тусалдаг байх нь. Үүгээр ч зогсохгүй энэ нь Израильчуудад Амлагдсан газар бол Израилиар дамжуулан Бурханы хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл тэлэх эхлэлийн цэг гэдгийг харуулдаг.
Эхлэл 12:3 дээрх Абрахамд амласан Бурханы амлалтыг харвал Амлагдсан газрыг эзэмших нь өөрөө илүү агуу зорилгын төлөө гэдгийг харж болно. Энд Бурхан:
“Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно” гэжээ (Эхлэл 12:3).
Энэхүү хэсэгт Бурхан Абрахам болон түүний үр удам нь бүх үндэстэнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарлыг нь шууд хандуулсан байгаа юм. Бурхан Абрахамд хэрхэн хандаж байгаагаар нь бусад үндэстнүүдийг ерөөнө, аль эсвэл хараана гэдгээ амласан. Гэвч бид энэ хоёр үйл явцын эцсийн үр дүнг анзаарах хэрэгтэй. Учир нь Абрахам болон түүний үр удам дэлхийн бүх үндэстэнд Бурханы ерөөлийг авчрах болно гэж Бурхан амласан. Ийм учраас л элч Паул Ром 4:13 дээр Абрахам болон түүний үр удамд өгсөн Бурханы амлалтыг дараах байдлаар хураангуйлсан байдаг. Энэ нь:
“Абрахам болон түүний үр удам нь дэлхийг өвлөх болно гэсэн амлалтыг хүлээн авчээ (Ром 4:13). / NIV/ энэ NIV болохоор 2019 оны орчуулгаас өөр байгаа юм. Тэгэхдээ энэ нь илүү тохиромжтой болохоор энүүгээрээ явчих уу
Адам, Ева хоёр бүх дэлхийг дүүргэж, түүнийг захирч байхаар дуудагдсан. Гэвч нүгэл нь хүн төрөлхтнийг Бурханд үйлчилдэг ба үйлчилдэггүй хүмүүс хэмээн хуваасан. Харин Бурхан Абрахам буюу Израилийг газар дэлхий дээрх Өөрийг нь хүлээн авах бүх үндэстэнд ерөөлийг авчруулахын тулд сонгожээ. Христийн дагалдагчид бид энэхүү амлалт нь Абрахамын төгс Хүү болох Есүсээр дамжин биелснийг мэднэ.
Израилийн ард түмэн Амлагдсан газраас илүү ихийг эзэмшиж, Бурханы зорилгод үйлчлэх хувь тавилантай гэдгээ тун сайн мэдэж байлаа. Мосегийн үед хоёр ба хагас овог нь Иорданы зүүн талын газар нутгуудыг эзлэх зөвшөөрлийг авсан. Мөн Давид, Соломон болон Давидын удмын бусад хаад Израилийн хил хязгаарыг хойш, урагш, дорно зүгт тэлж сунгав. Израилийг цөлөгдсөн байх үеэр ч эш үзүүлэгчид Бурханы ард түмэн амласан нутагтаа буцаж ирээд зогсохгүй нэг л өдөр аврагч Мессиа Бурханы хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэх үйлсэд тэднийг удирдана хэмээн зөгнөсөөр байв.
Бид Хуучин Гэрээний өдрүүд дэх Бурханы хаанчлалын газар нутгийн талаар авч үзлээ. Одоо тухайн цаг үед байсан хаанчлалын ард түмний тухай харцгаая.
Бид өмнөх хичээлүүдээр Бурхан хүн төрөлхтнийг Өөрийн Хаанчлалын хаант тахилчийн дүр төрх болгон бүтээснээрээ тэдэнд алдар хүндэтгэлийг хүлээлгэсэн гэдгийг харсан. Эхлэл 9:6, Иаков 3:9 зэрэг эшлэлүүд нь хүн төрөлхтөн Бурханы дүр төрх болохынхоо хувьд Түүний хаанчлалын зорилгын дагуу үйлчлэх хүндэтгэл ба хариуцлагыг үүрсэн хэвээр буйг харуулдаг. Гэсэн ч Бурхан Өөрийн хэмжээлшгүй мэргэн ухаанаараа Израилийн ард түмэн болох Абрахамын үр удамд Өөрийнх нь хаанчлалыг дэлхий даяар түгээх онцгой үүрэг бий хэмээсээр байлаа. Израилийн түүх нь нарийн төвөгтэй. Гэсэн ч энэ нь Изриалийн ард түмэн Өөрийнх нь хаанчлалын зорилгыг гүйцэлдүүлнэ гэдгийг Бурхан хэрхэн баталж байсныг нэгтгэн харахад тусалдаг.
Бид Израилийн түүхэн дэх Бурханы хаанчлалын ард түмэнтэй холбоотой гурван асуудлыг авч үзэх болно. Нэгдүгээрт, Израилийг онцгой ард түмэн болгон сонгосон сонголтын тухай, хоёрдугаарт, Израилийн ард түмнийг тахилчдын хаант улс болгон байгуулсан болохыг, Гуравдугаарт, Израилийг удирдах албан ёсны тахилчид болон хаадыг Бурхан Өөрөө томилсон гэдгийг тус тус судлах болно. Тэгэхээр эхлээд Бурхан Израилийг онцгой ард түмэн болгон сонгосон тухай авч үзье.
Бид өмнө нь Адам, Ева хоёр нүгэлд унасны дараа хүн төрөлхтөн хоёр хэсэгт хуваагдсан гэдгийг үзсэн. Нэг нь Сатаны зорилгод үйлчилдэг могойн үр, нөгөө нь Бурханы зорилгын төлөө үйлчилдэг эмэгтэйн үр. Эхлэл 5-р бүлэгт өгүүлснээр Адамын гурав дахь хүү Сет нь итгэмжит хүмүүсийн удам угсааны эцэг болсон байдаг. Энэ удмаас л зөвт Ноа болон хөвгүүд, бэрүүд нь гаралтай. Ноа Шем, Хам, Иафет гэдэг гурван хүүтэй байлаа. Гэвч энэ гурваас Шем болон түүний үр удам Бурханы мэлмийд онцгой байв. Эхлэл номд буй угийн бичгийн эдгээр бүх мэдээллүүд нь Бурхан Израилийг Өөрийн ард түмэн болгон сонгосон цаад шалтгааныг тайлбарлах зорилготой юм.
Бурхан Шемийн удмаас өнөөх эмэгтэйн үр болгон үйлчлүүлэхээр Израилийн өвөг Абрахамыг сонгосон. Эхлэл номын эцгүүдийн түүх бидэнд Абрахамд нэгэн гайхамшгаар мэндэлсэн Исаак гэгч хүү байсан тухай өгүүлдэг. Тэрээр энэхүү сонгогдсон удмыг үргэлжлүүлсэн юм. Дараа нь Исаакийн хүү Иаков буюу Израиль нь Бурханы онцгой хүндтэй дүр төрх болжээ. Эцэст нь Иаков арван хоёр хүүтэй болсон ба тэдгээр нь Иосеф болон түүний ах нар юм. Тэд Израилийн арван хоёр овгийн эцгүүд болов. Хүн төрөлхтний бүх үндэстнүүд дундаас Израилийн овгууд нь Бурханы онцгой хүмүүс, Түүний хаанчлалын ард түмэн байлаа.
Мосегийн өдрүүдэд ч Бурхан Израилийн овгуудыг онцгой ард түмнээ болгон үргэлжлүүлэн сонгосон. Бурхан Израилийн овгуудыг Египетийн боолчлолоос гаргаж, Өөрийн хаанчлалыг дэлхий даяар тэлэх тэрхүү зорилгоо биелүүлэхийн тулд тэднийг нэгэн үндэстэн, тахилчдын хаант улс болгон байгуулсан юм.
Гэтлэл 19:4-6 дээр Бурхан Израилийн энэ зорилгыг ямар ч эргэлзээгүйгээр тунхагласан. Тэрээр Синай уулан дээр ийнхүү айлджээ:
“Би Египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан. Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно” гэжээ ( Гэтлэл 19:4-6).
Израиль бол "ариун үндэстэн" байх ёстойг бид эндээс харж болно. Өөрөөр хэлбэл, тэд бол онцгой хийгээд тусгаарлагдсан, Бурханы үнэт өмч гэдгээрээ бусад бүх ард түмнээс ялгардаг байх ёстой аж. Ариун ард түмнийх нь хувьд Бурхан Израиль үндэстнийг бүхэлд нь “тахилчдын хаант улс” буюу “хаант тахилчид” хэмээн нэрлэжээ.
Гэтлэл 19:6 дээр ялангуяа "тахилчдын хаант улс" гэсэн хэллэг нь Эхлэл 1-р бүлэг дээрх эрэгтэй, эмэгтэй хүмүүс буюу хүн төрөлхтний анхны дуудлагын нэг төрлийн цуурай болдог. Тэд хаан байхаар буюу бүтээлийг захирах хаан байхаар дуудагдсан гэж би боддог... Мөн энэ хам сэдэв дотроос нь харвал "тахилчдын хаант улс" гэсэн хэллэгийн дараа "ариун үндэстэн" гэсэн хэллэг байна. Израиль ариун үндэстэн байх ёстой. Тахилчид ариун байж, Бурханы ариун байдлыг тусгах ёстой. Тиймээс Израиль нь Тораг бүрдүүлдэг хуулиудад өөрсдийгөө зориулснаараа Бурханы ариун байдлыг тусгах ёстой юм.
- Др. Дуглас Гропп
Израилийг ийнхүү томилсон нь тэд одоо хамгийн анх Адам, Ева хоёрт өгсөн үүргийг цааш үргэлжлүүлэхээр дуудагдсан болохыг харуулдаг. Энэ үүрэг бол Бурханы дүр төрх байх явдал юм. Израилийн овгуудыг тахилчдын хаант улс болгон өргөжүүлснээр тэд дэлхий дээрх Бурханы хаанчлалыг цааш тэлэх боломжтой болжээ.
Хэдий Бурхан Израилийг сонгосноороо тэдэнд хаанчлалын тахилчид байх давуу эрх, үүрэг хариуцлага олгосон ч заримыг нь тахилчид ба хаад байх онцгой үүрэг бүхий удирдагчид болгохоор дуудсан гэдгийг анхаарах нь зүйтэй.
Аарон болон түүний үр удам нь майхан асарт, дараа нь сүм дэх Бурханы онцгой оршихуйд ард түмнийг хөтлөх Израилийн албан ёсны тахилчид болов. Тэд Израилийн мөргөл, тахил, залбирал, магтаалыг удирдаж байв. Тэд мөн Израильчуудад Бурханы хуулийг зааж чиглүүлж байлаа. Саулын хаанчлалын дараа Бурхан Давидыг болон түүний үр удмыг Израилийн хаад болгон үйлчлүүлэхээр томилов. Давидын удам угсаа нь Бурханыг үнэнээр хүндлэн мөргөхөд ард түмнийг удирдан чиглүүлэхээс гадна Израиль болон дэлхийн бусад үндэстнүүдийг Бурханд дуулгавартай болгохоор томилогдсон юм. Энэ цагаас эхлээд Давидын гэр Бурханы хаанчлалыг дэлхий дахинд тэлэх ажлыг удирдан чиглүүлэх ёстой болсон. Ийм л учраас Шинэ Гэрээ нь Давидын Хүү Есүс бол өнөөгийн Бурханы ард түмнийг захирах агуу Тэргүүн Тахилч, Хаан гэдгийг олон дахин онцолсон байдаг билээ. Тэр гүйцэлдэх ёстой эдгээр бүх үүргийг ганцаараа бүрэн дүүрэн биелүүлсэн юм.
Ингээд бид Израилийн газар нутаг, ард түмнийх нь тухай судалж мэдсэн тул одоо Израилиар дамжуулан бий болсон хаанчлалын ахиц дэвшлийг дурдах нь зүйтэй.
Хуучин Гэрээн дэх Израилийн түүх нь бахдам амжилт ба аймшигт бүтэлгүйтлийн аль алиныг нь өгүүлдэг. Израилийн бараг бүх үеийнхэн ямар нэг байдлаар Бурханы эсрэг тэрсэлж, Түүний түр зуурын шүүлт дор зовж шаналж байв. Тэгсэн ч Бурхан Израилийг дахин дахин гэмшилд авчирч, шинэчлэн сэргээсээр байжээ. Хэдий тийм ч Хуучин Гэрээний төгсгөлд Израилийн нүгэл үлэмж их болсноор Бурхан Амлагдсан газраас тэднийг цөлж гарган, аймшигт хараалыг буулгасан юм. Иймээс Израильчуудад хэдэн зуун жилийн туршид газар нутаг, тахилчид, сүм чуулган төдийгүй Бурханы хаанчлалыг тэлэх үйлсэд тэднийг удирдах Давидын хөвгүүд гэж байсангүй. Гэсэн ч эдгээр аймшигт нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы эш үзүүлэгчид тэдэнд нэг л өдөр Давидын агуу Хүү босож, Бурханы хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэх үйлсэд тэднийг удирдана хэмээн тайвшруулсан юм.
Бидэнд цаг бага байгаа тул Хуучин Гэрээний Изриаль дахь Бурханы хаанчлалын ахиц дэвшлийн гурван чухал үе шатыг онцлон харцгаая. Үүнд амлалтын үе, гэтлэл ба булаан эзлэлтийн үе, Израилийн бүрэн эрхт хаант улсын үе тус тус орно.
Эхлээд Бурханы амлалтын үед чухам юу болсныг харцгаая.
Амлалтын үеийн тухай ярих үед бид Израилийн эцгүүдийн үеийн талаар боддог. Абрахам, Исаак, Иаков болон Иаковын хөвгүүдийн үед Бурхан үндэстний ирээдүйн талаар олон амлалтыг өгсөн байдаг. Эдгээр амлалтууд нь үндсэн хоёр төрөлд хуваагддаг. Нэг нь Израиль өсөж үржих болно гэдэг амлалт, нөгөө нь тэд газар нутгийг өвлөх болно гэдэг амлалт билээ. Энэ хоёр амлалт нь Еден цэцэрлэгт Бурхан Өөрийн дүр төрх болсон хүмүүнд өгсөн анхны зорилготой нь нийцдэг.
Нэгдүгээрт, Бурхан Адам, Ева хоёрыг өсөж олшрон, газар дэлхийг дүүргэ хэмээн дуудсан. Үүнчлэн Бурхан Израилийн эцгүүдэд тэдний үр удам хэзээ нэгэн цагт тоо томшгүй олон болно гэж амласан. Эхлэл 15:5 дээрх Абрахамд өгсөн Бурханы амлалтыг сонсоцгооё. Энэ нь:
“Чи тэнгэр өөд хар, оддыг тоолж чадваас тоол гэв. Тэгээд Тэрээр Түүнд Үр удам чинь ийм олон болно гэж айлдав” гэжээ (Эхлэл 15:5).
Энд Бурхан Абрахамын үр удмыг тэнгэрийн одод шиг олон байх болно хэмээн амлажээ. Тийм ч учраас Эхлэл ном нь Сарагийн Абрахамд төрүүлж өгсөн, гайхамшгаар мэндэлсэн хүү болох Исаакийн төрөлтийг онцолсон байдаг. Түүнчлэн библийн түүх нь Исаакын хүү Иаков болон Иаковын арван хоёр хөвгүүдийн тухай ихэд анхаарч авч үзсэн нь ч ийм учиртай аж. Израилийн тооны өсөлт нь Израилийн эцгүүдийн үед гол сэдэв байлаа. Учир нь Бурхан Адам, Ева хоёрт өгсөн анхны үүрэг даалгаврыг биелүүл хэмээн Израилийг томилсон байв.
Хоёрдугаарт, эцгүүдийн талаарх библийн түүхүүд нь дэлхий даяар газар нутгийг эзлэн суух тухай өгүүлдэг. Бурхан Адам, Ева хоёрыг Еден цэцэрлэгт байрлуулсан шиг Абрахамын үр удам нь Канаан нутгийг эзэмшин сууна гэж амласан. Эхлэл 15:7 дээр Бурхан Абрахамд хандан хэлэхдээ:
“Би бол чамд энэ газар нутгийг өгч өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна” гэсэн байдаг (Эхлэл 15:7).
Ийм учраас л Абрахам өөрийн гэр бүлийн оршуулгын газраараа Канааны газар нутгаас бэлгэдэл болгон нэг хэсгийг нь худалдан авсан юм. Энэ нь мөн ах Есав нь Иаковт хор учруулж болох байхад Бурхан түүнийг эх орондоо буцаж очихыг тушаасан шалтгааныг тайлбарлаж өгдөг.
Эхлэл ном нь Иосеф ах нартаа хандан тэднийг Египет нутгаас гарч, Амлагдсан газар руу буцна хэмээснээр төгсдөг. Израилийн Эцгүүдийн үе бол Бурхан Израилийг агуу үндэстэн болгон өсгөн үржүүлж, тэднийг Амлагдсан газар нутгийг эзэмшин суух болно гэж амласан цаг үе юм.
Израилийн эцгүүдэд өгсөн амлалтын үеийн дараа Бурханы хаанчлалын ахиц дэвшил нь гэтлэл ба булаан эзлэлтийн үеэр үргэлжилсэн юм.
Гэтлэл 15:1-18 дээр Мосе болон Израильчууд Улаан тэнгисийг гатлахдаа Бурханыг магтан дуулцгааж байсныг та санаж байгаа байх. Энд Бурхан Изриалийг Египетээс зольж аварсан болохыг онцолдог. Үүнийг гол зорилго бол Бурханы хаанчлалыг газар дэлхийд тэлэх гэсэн Адам Ева хоёрын анхны үүргийг цааш үргэлжлүүлэх явдал байлаа. Энэ талаар бид Гэтлэл 15:13 дээрээс харж болно. Энд:
“Бат хайр тань биднийгээ авран хөтлөв. Хүч чадал тань биднийгээ ариун гэрт тань авч ирлээ” гэжээ ( Гэтлэл 15:13).
Бурхан Израильчуудыг Өөрийн “Ариун гэр” ба орших газар руугаа удирдаж байсных нь төлөө магтан хүндэлсэн гэдгийг анхаараарай.
Бид Амлагдсан газар нь Едений адил дэлхий дээрх Бурханы онцгой ариун оршихуйн төв байх ёстой байсныг харж болдог. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Гэтлэл 15:13-т буй "хөтлөв" гэж орчуулагдсан еврей хэлний нахал ( נָהַל ) гэдэг үг нь Бичвэрийн олон хэсэгт хонио хариулж буй хоньчидтой холбоотой байдаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хоньчны энэхүү дүрслэлийг ерөнхийдөө эртний Ойрх Дорнод болон Библид ихэнхдээ хаадын үйл хэргийг дүрслэхдээ ашигладаг байжээ. Бурхан Өөрийн ард түмнээ хоньчин-хааны ёсоор ариун гэр өөд нь хөтөлсөн. Тиймээс Гэтлэл 15:17-18-д Бурханы хаан сэнтий ба хаанчлалын талаар тодорхой өгүүлсэнд гайхах зүйлгүй юм. Улаан тэнгисийг гатлахдаа дуулсан дууныхаа төгсгөлд тэд ийнхүү дуулжээ. Энэ нь:
“Та тэднийг авчран, Өөрийн өв болох ууланд тарина. Аяа, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ. Аяа, ЭЗЭН, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ. ЭЗЭН үүрд мөнх хаанчилна” гэсэн байдаг (Гэтлэл 15:17-18).
Эдгээр эшлэлд өгүүлснээр Бурхан Израилийг Өөрийн ариун уул руу буюу хожим Иерусалим хэмээн илчлэгдсэн ариун газар руу хөтөлсөн юм. Энэхүү ариун уул нь еврей хэлээр yashav ( יָשַׁב ) буюу Бурханы "орших газар" гэгдэх ажээ. Энэ нь ихэвчлэн хаан сэнтийд залрах гэсэн утгатай байдаг. Уг эшлэл дэх бусад хаантай холбоотой гол агуулгаас харвал энд буй ариун газар гэдгийг Бурханы хаан сэнтийд залрах газар гэж ойлгох нь зүйтэй. Тийм ч учраас 18-р эшлэлд шуудхан л тэндээс "ЭЗЭН үүрд мөнхөд хаанчлах болно" хэмээн хаан ёсны үг хэллэгээр Бурханыг магтсан байдаг.
Израильчууд бол Бурханы чөлөөлөлтийг амссан ард түмэн юм. Тиймээс тэд Улаан тэнгист “ЭЗЭН үүрд мөнхөд хаанчлах болно” хэмээн ялалтын дууг өргөцгөөсөн. Гэвч энэ хаан бол өөр төрлийн Хаан юм... Тэрээр биднээс алс хол байдаг аливаа хаадаас ялгаатай. Бид тэдний нүүр царайг зөвхөн зоосон дээрээс эсвэл орчин үед гэвэл сонин сэтгүүл, зурагтаас л харж болдог. Харин Израилийн Бурхан Эзэн болох жинхэнэ Хаан Тэрээр Өөрийн ард түмнийг ариун уул болох Синай ууланд ирж, Түүнтэй хамт байхыг урьдаг Хаан билээ. Өөрөө хэлбэл энэ нь асар буюу Бурхан Өөрөө бууж ирэн, Өөрийнхөө ард түмний дунд мөнхөд оршин байх газар гэсэн үг юм.
- Др. Брайан Д.Рассел
Бурхан амлагдсан газар руу ард түмнээ хоньчин мэт хөтлөн дагуулснаараа Израилийн хаан гэдгээ харуулсан. Ингэхдээ Тэрээр тэднийг газар дэлхий дээрх хаан сэнтийнхээ өмнө барьж байгуулах зорилготой байжээ. Египет нутгаас гарч, Амлагдсан газрыг эзлэн авсан зорилго бол Бурханы засаглал, хаант улс ба хаанчлалыг газар дэлхийд дахин байгуулах явдал юм.
Бид Амлалт, Гэтлэл болон булаан эзлэлтийн үе дэх Бурханы хаанчлалын ахиц дэвшлийн талаар авч үзлээ. Тэгэхээр одоо бид түүхийн гурав дахь үе шат болох Израилийн хаант улсын үеийг авч үзэх хэрэгтэй. Израиль нь Давид ба Соломон гэсэн хүмүүн хааны удирдлага дор Бурханыг магтан хүндэлж, зарлигуудыг нь дуулгавартай дагасан үнэнч шударга хаант улс болов.
Харамсалтай нь олон евангелийн тайлбарлагчид 1 Самуел номын 8-р бүлэгт үндэслэн Израилийг хүмүүн хаантай болгох төлөвлөгөө Бурханд хэзээ ч байгаагүй хэмээн буруугаар ойлгосоор ирсэн. Гэвч эцгүүдийн үеэс эхлэн Бурханы хаанчлалыг урагшлуулахын тулд Израиль нь яг л зөв цагтаа хүмүүн хаантай байх болно хэмээн Бурхан илчилсэн байдаг. Тэгээд тэрхүү хүмүүн хаан нь Давид хааны үр удам байх болно гэдгийг ч тодорхой хэлсэн. Тэрхүү хаан нь Израиль үндэстнийг төдийгүй эцэст нь дэлхийн бүх үндэстнийг удирдана гэжээ. Тийнхүү тэрээр Бурханы хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл тэлэх гэсэн хүн төрөлхтний анхны зорилгыг гүйцэлдүүлэхэд тэднийг удирдах болно гэсэн байна. Мэдээжийн хэрэг, Христитгэгч хүн бүр Есүс бол Бурханы хаанчлалыг тэнгэрт байгаа шиг газарт авчрах Давидын удмын төгс зөвт хаан гэдгийг мэддэг.
Харамсалтай нь Израилийн хаад Бурханы энэхүү дуудлагыг биелүүлж чадаагүй юм. Чухамдаа 1, 2-р Хаад ном дээр Израилийн олон хаад, тэр байтугай Давидын удмын хаад хүртэл Израилийн ард түмнийг Бурханы эсрэг тэрслэхэд хүргэсэн гэдгийг тодорхой харуулдаг. Эдгээр урвалт тэрслэл нь эцэстээ тэднийг цөллөгийн үлэмж гай зовлонг амсахад хүргэдэг. Гэсэн ч Бурханы нигүүлслээр Давид болон түүний хүү Соломоны хаанчлал нь газар дэлхий дээр Бурханы хаанчлалыг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэд бүтэлгүйтсэн ч Бурханы хаанчлалын нутаг дэвсгэрийг сахин хамгаалж, өргөжүүлэн тэлсэн байдаг. Бурхан Давидын хаан ширээг Иерусалимд байгуулснаар дэлхий дээрх Өөрийнх нь засаглалыг төлөөлөх, олон түмнийг жинхэнэ хүндлэл мөргөлд хөтлөх хөдөлшгүй хаант угсааг байгуулжээ. 1 Шастир 29:23-т Давид болон Соломоны хаан сэнтийн талаарх дүрслэл бий. Энд:
“Тэгээд Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж ЭЗЭНий сэнтийд залран..” гэжээ (1 Шастир 29:23).
Бид эндээс Давидын хаан сэнтий нь энгийн нэг хаан сэнтий байгаагүй гэдгийг харж байна. Энэ бол "Эзэний сэнтий" байсан. Бурхан анх Адам, Ева хоёрыг Бурханы төлөөлөгчид байхаар дуудсантай адил Давид хааны гэр Бурханы Өөрийнх нь хааны эрх мэдлийг төлөөлдөг.
Үүнээс гадна Давидын гэр нь хаант тахилчид байсан. Давид, Соломон нар Израилийн ард түмнийг Бурханыг хүндлэн мөргөхөд удирдаж байсан тахилчид болон левичүүдийн үйлчлэлийг хийж, удирддаг байв. Давид хаан Соломоныг Бурханд зориулан Иерусалимд сүм бариулахад бэлтгэв. Соломон хаан Давидын Иерусалимд авчирсан гэрээний авдрыг сүмд байрлуулав. Давидын хэлснээр энэхүү гэрээний авдар нь газар дэлхий дээрх Бурханы хөлийн тавиур байсан юм. 1 Шастир 28:2-т Давид ийнхүү тунхагласан. Энд тэрээр:
“ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ” гэжээ (1 Шастир 28:2).
Бурханы сэнтий тэнгэрт байх агаад хөл тавих газар нь сүм дэх гэрээний авдар байсан тухай Исаиа 66: 1 дээр өгүүлсэн нь бий. Бурхан Еден цэцэрлэгт Адам, Ева хоёрт үзэгдсэний адил Түүний үзэгдэх алдар ариун сүмийг дүүргэв. Иерусалимын сүм нь газар дэлхий дээрх Бурханы хаанчлалын гол төв болсон юм.
Ингээд Абрахамын үед нүүдэлчин овог байсан Израиль нь Египетийн боолчлолыг гэтлэн гарч, газар нутгийг эзлэн, Давид, Соломоны үед хаантай, хоттой, хот дотроо сүмтэй эзэнт улс болтлоо өргөжин тэлсэн байна. Тэгвэл тэднийг энэ хүртэл авчирсан Бурханы зорилго чухам юу байв? Израилийн хаант улсын гол зорилго юу байв? Дуулал 72:1-17-д дуулаач Давидын засаглал доорх Израилийн гайхамшигт хувь тавиланг дүрслэн өгүүлсэн байдаг. Энд:
“Бурхан, шүүлтээ хаанд, зөвт байдлаа хааны хүүд өгөөч! ... Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл, тэрхүү газрын хязгаар хүртэл захирах болтугай! ... Бүх хаад Түүнд мэхийж, бүх үндэстэн Түүнд зарагдах болтугай! …Түүний нэр мөнхөд байг, нар гэрэлтэх мэт нэр нь мандаг. Хүмүүс Түүгээр ерөөгдөнө. Бүх үндэстэн Түүнийг магтана” гэжээ (Дуулал 72:1-17).
Энэ хэсэгт дуулаач "хаан" болон "хааны хүү"-ийн төлөө залбирчээ. Тэрээр Давидын удам угсаа нь “шударга”, “зөвт” хэмээгдэх болтугай гэж залбирсан. Гэхдээ тэрээр мөн Давидын хаанчлал дэлхий даяар тэлэхийн төлөө залбирч, түүнийг “тэнгисээс тэнгис хүртэл", "Газрын хязгаар хүртэл" хаанчилна гэжээ. Тэрээр «бүх хаад» Израилийн хааны өмнө бөхийж, түүнд үйлчлэх болтугай хэмээн залбирсан. Дуулаач түүнчлэн Хааны “нэр” нь “мөнхөд байж”, “түүний нэр алдар” нь “нар мэт мандах болтугай” гэж залбирсан. Тэгээд дараа нь тэрээр 17-р эшлэлд Давидын угсааны тухай "Хүмүүс түүгээр ерөөгдөнө, бүх үндэстэн түүнийг магтана!" гэсэнд нь гайхах зүйлгүй юм.
Эхлэл 12:3-т Абрахам газар дэлхийн бүх гэр бүлд ерөөл болох болно гэсэн Бурханы амлалтын санаа нь тун тодорхой байна. Давидын гэр бүх үндэстэнд Бурханы ерөөлийг түгээх үед Абрахам болон түүний үр удмыг сонгосон Бурханы зорилго биеллээ олох юм. Дараа нь итгэмжит хүмүүс шударга ёсыг хүлээн авч, хөгжил цэцэглэлт, амар амгалан газар дэлхийд бялхах ажээ. Ирээдүйн талаар ийнхүү зураглан бодохдоо дуулаач маань 19-р эшлэлд Бурханыг шагшин магтсанаар өндөрлөсөн байдаг. Энд:
“Сүр жавхлант нэр нь мөнхөд магтагдах болтугай, бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен!” гэжээ (Дуулал 72:19).
Дуулал 72:19 нь эцгүүдэд өгөгдсөн амлалтаас авхуулаад гэтлэл ба булаан эзлэлт, түүнчлэн хаант улс хүртэлх Израилийн бүхий л өсөлт хөгжлийн эцсийн зорилгыг илчилдэг. Хаанчлалын эдгээр үе шатууд нь бүх дэлхийг Бурханы алдар суугаар дүүргэх зорилготой байлаа. Давидын удмын хаанчлалаар дамжуулан Бурханы хаанчлал Израилиас дэлхийн хязгаар хүртэл тэлэх үед Бурханы алдар суу нь тэнгэрийг дүүргэдэг шиг ээ бүх дэлхийг дүүргэх учиртай билээ.
Нэг л өдөр дэлхий бүхэлдээ Бурханы алдрын туяагаар дүүрэн бялхана. Энэ нь бүхий л булан тохой, зах хязгаарыг дүүргэх бөгөөд ингэснээр Илчлэл номын бэлгэдэл бүхий дүрслэлийн дагуу нар байх шаардлагагүй болно. Учир нь Бурханы алдар тэдгээрийг гэрэлтүүлж, сансар огторгуйг бүхэлд нь гийх аж. Бид Эхлэл 1-д Бурхан Өөрийн дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, дараа нь тэдэнд газар дэлхийг дүүргэж, түүнийг захирахыг тушаасан болохыг хардаг. Энэ нь Бурхан тэднийг зөвхөн Еден цэцэрлэгийг дүүргээд зогсохгүй хүндлэл мөргөл бүхий дүр төрхөөр нь бүх дэлхийг дүүргэж, дахин Түүний алдрыг тусган харуулах төлөвлөгөөг нь танилцуулдаг.
- Др. Скотт Редд
Энэ хүртэл бид Хуучин Гэрээнд Бурханы хаанчлалын тухай өргөн ба явцуу утгаараа чухам юу өгүүлж буйг авч үзсэн. Мөн Бурханы энэхүү хаанчлал нь өнө эртний түүхийн үед хийгээд Израиль үндэстний түүхийн туршид хэрхэн өргөжин хөгжсөн болохыг олж харлаа. Одоо бүгдээрээ сүүлийн сэдэв болох Шинэ Гэрээний үеийн Бурханы хаанчлалын биеллийн тухай судалцгаая.
Христитгэгч бүрийн хүлээн зөвшөөрөх ёстой нэг л зүйл бий гэвэл энэ нь Шинэ Гэрээний ба Есүсийн үйлчлэлийн гол цөм болох Сайнмэдээ юм. Христитгэлийн "Сайнмэдээний" тунхаглал нь бидний итгэлийн гол үндэс мөн. Бидний ихэнх нь үүнтэй санал нийлдэг ч Сайнмэдээ нь Хуучин Гэрээнд хэр гүн гүнзгий үндэслэсэн болохыг барагтаа авч үздэггүй. Христитгэлийн Сайнмэдээ бол Есүс Христ хэрхэн Бурханы хаанчлалын өнгөрсөн дэх уналт, бүтэлгүйтлийг даван туулж, Бурханы ялалт бүхий хаанчлалыг дэлхийн төгсгөл хүртэл түгээж чадсан талаарх тунхаглал юм. Энэ бол бидний итгэдэг Сайнмэдээ. Энэ бол Бурханы хаанчлалын Сайнмэдээ билээ.
Есүсийн номлолыг Матай хэрхэн дүгнэснийг бид Матай номын 4:23 дээрээс харж болно. Энд:
“Есүс Галил даяар явахдаа синагогуудад зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж.. ” гэжээ (Матай 4:23).
Бидний харж байгаагаар Есүс “Сайнмэдээг тунхаглахаар” явсан байна. Тэгвэл энэхүү Сайнмэдээ нь чухам юуны тухай байсан бэ? Энэ бол “хаанчлалын” тухай Сайнмэдээ байсан юм. Бидний итгэж, бусдад тунхаглаж байгаа Сайнмэдээ гэдэг бол Христ Хуучин Гэрээний бүх найдварыг биелүүлснийг хэлдэг. Энэ бүхэн нь Бурханы яруу алдарт хаанчлал тэнгэрт шигээ дэлхийд ирэх тухай билээ.
Бид хаанчлалын Сайнмэдээний тухай эсвэл Бурханы засаглалын талаарх Сайнмэдээний тухай ярих нь бидэнд анхны итгэгчид энэ тухай юу бодож байсныг олж харахад тусалдаг. Тэдний хувьд Библи нь Септуагинт буюу Хуучин Гэрээний Грек орчуулга байсан шүү дээ. Исаиа 52-р бүлэгт Бурхан ард түмнээ сэргээнэ хэмээн тунхаглан хэлэхдээ… “Сайнмэдээ авчрагчийн хөл уулсын дээр юутай үзэсгэлэнтэй? гэж Сионд тунхаглаад “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэсэн байдаг. Үүнийг л амар тайвны Сайнмэдээ гэдэг. Тиймээс энэ бол Бурханы амар тайвны Сайнмэдээ билээ. Энэ бол Бурханы хаанчлалын Сайнмэдээ. Энэ бол Бурхан ард түмнээ аварч, тэдний өмнөөс энэ дэлхийг зөвт ба шударга байдалд авчрахаар ажиллаж буй Сайнмэдээ юм. Гэхдээ Есүс энэ дэлхийд анх ирээд, хүмүүсийг эдгээж, гайхамшигт үйлс хийсэн нь хаанчлалын амталгааг бидэнд жишээ болгон үзүүлсэн хэрэг байв. Энэ нь хаанчлал бүрэн биеллээ олох үед бидний амсах зүйлсийн амталгаа байлаа.
- Др. Крейг С. Кинер
Бид Библийн түүхийн үе шатуудыг судалсныхаа адилаар Шинэ Гэрээн дэх Бурханы хаанчлалын тухай судлах болно. Нэгдүгээрт, бид эхлээд Шинэ Гэрээнд Бурханы хаанчлалын газар нутгийн тухай юу өгүүлдгийг авч үзнэ. Хоёрдугаарт, хаанчлалын хүмүүсийн тухай олж харна. Гуравдугаарт, Шинэ Гэрээний үеийн хаанчлалын ахиц дэвшлийг нягтлах болно. Ингээд эхлээд Шинэ Гэрээн дэх Бурханы хаанчлалын газар нутгийг хамтдаа харцгаая.
Харамсалтай нь Христийн олон сайн санаат дагалдагчид Шинэ Гэрээний итгэл үнэмшил нь дэлхий дээрх Бурханы хаанчлалтай ямар ч хамааралгүй гэж итгэдэг. Бид Хуучин Гэрээг бодит ертөнцөд л чиглэгдсэн байдаг хэмээн үргэлж сонсдог. Харин Шинэ Гэрээний итгэл нь материаллаг бус тэнгэрлэг бодит байдал болон дотоод сүнслэг зүйлст чиглэгдсэн гэх нь олон. Энэ санаа зарим талаар үнэн гэж харагддаг. Христийн дагалдагчид газар дэлхийн аливаа хаанчлалын гэхээсээ илүү тэнгэрийн улсын иргэншилтэй гэгддэг. Учир нь яг одоо бидний хаан Эзэн Есүс тэнгэрт, Эцгийнхээ баруун гар талд залран буй юм. Бид мөн дотоод сүнслэг зүйлсдээ анхаарлаа хандуулдаг. Яагаад гэвэл яг энэ цаг мөчид бидний махбод ялзарч байгаа ч Ариун Сүнс биднийг дотроос минь шинэчилсээр байдаг. Гэхдээ бид үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Шинэ Гэрээний итгэл нь Хуучин Гэрээн дэх Бурханы дэлхий дээрх хаанчлалын зорилгоос салангид бус юм. Харин ч Шинэ Гэрээний итгэл нь Есүс дэлхий дээрх Бурханы хаанчлалын сүүлчийн шатыг гүйцэлдүүлсэн гэдгийг тунхагладаг. Тэрээр энх тайван, баяр хөөр, сайн сайхан бүхий хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл түгээсээр байна.
Олон талаараа Шинэ Гэрээ ч мөн Хуучин Гэрээнд байдаг шиг Бурханы хаанчлалын газар нутаг руу чиглүүлдэг. Нэгдүгээрт, Шинэ Гэрээ нь Христийн хаанчлалын үйл хэрэг газар зүйн хувьд Бурханы хаанчлалын төв болох Израилийн газар нутгаас эхэлсэн гэдгийг харуулдаг. Хоёрдугаарт, Христ хаанчлалыг газар зүйн хувьд дэлхийн хязгаар хүртэл тэлэх гэсэн Бурханы дуудлагыг хэрхэн биелүүлдэг болохыг онцлон харуулдаг. Тэгэхээр эхлээд Шинэ Гэрээний үеийн Бурханы хаанчлалын газарзүйн төвийн тухай хамтдаа харцгаая.
Анхны түүхий үед Еден болон үүний ариун цэцэрлэг нь газарзүйн хувьд Бурханы хаанчлалын төв байсан. Тэндээс хүн төрөлхтөн Бурханы засаг захиргааг дэлхийн хязгаар хүртэл тэлэх ёстой байв. Дараа нь Бурхан Амлагдсан газарт Израиль үндэстний дунд хаанчлалаа байгуулсан. Ийнхүү тэндээс хүмүүс Бурханы хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл тэлж эхлэв. Хуучин Гэрээний итгэлд дэлхий дээрх Бурханы хаанчлалын төв маш чухал байсан. Тиймээс энэ нь Израилийн амлагдсан Мессиа болох Есүсийн амьдралд ч мөн чухал байсан гэхэд гайхах зүйлгүй.
Бага насандаа Египетэд байсан богино хугацааг нь эс тооцвол Есүс бүхий л амьдралаа Амлагдсан газарт өнгөрөөсөн байдаг. Есүс Израилийн газар нутагт төрсөн. Тэр тэндээ л өсөж том болж, шавь нараа дуудаж, үйлчилж бас нас барж, амилаад, мөн тэндээсээ л тэнгэр өөд одсон юм. Түүнчлэн Пентекостын өдөр ч Есүс Сайнмэдээг сонсгохын тулд үндэстнүүдийн дунд тараагдсан байсан олон Иудейчүүдийг Амлагдсан газар руу буцаан цуглуулсан.
Есүсийн дэлхий дээрх үйлчлэлийн байршил яагаад тийм чухал ач холбогдолтой болохыг ойлгохын тулд Түүнийг төрөхөөс өмнө Амлагдсан нутагт чухам юу болсныг бид санах хэрэгтэй. Давид болон түүний үр удмын удирдлага дор Бурхан Амлагдсан газар Израилийг хаант улс болгон байгуулсан. Гэвч Хуучин Гэрээний түүхийн төгсгөлд нэгэн том эмгэнэлт явдал болов. Израилийн ард түмэн болон тэдний хаад Бурханы эсрэг тэрсэлснээр Бурхан ихэнх Израильчуудыг нутгаас нь цөлж явуулсан байдаг. Амлагдсан газрын балгасан дунд амьдарч байсан Израильчуудыг ч хүртэл харь үндэстнүүд болон тэдний өөрсдийнх нь үйлчилж байсан чөтгөрийн хуурамч бурхад нь захирч байлаа.
Есүс дэлхий дээр ирэхээс өмнө Израильчууд 500 гаруй жилийн турш Бурханы энэхүү шүүлт дор зовж шаналсан юм. Түүгээр ч зогсохгүй Есүсийг дэлхий дээр үйлчилж байх үед ч Амлагдсан газар нь Ромын эзэнт гүрний мэдэлд байв. Газар нутаг нь гэм нүгэл ба түнэр харанхуйгаар дүүрэн, ёр муу сүнснүүдэд дарлагдсан байлаа. Гэвч Есүс эдгээр аймшигт нөхцөл байдлыг эргүүлж, Бурханы хаанчлалын эцсийн шатыг дэлхий дээр авчрахаар ирсэн. Есүсийн Назар дахь синагогт айлдсан хамгийн анхны сургаалуудын нэг нь Лук 4:17-19 дээр бий. Энд:
“Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээж доор бичигдсэн хэсгийг олоод - Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд намайг Эзэн тосолсон юм. Тэр намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой” гэжээ (Лук 4:17-19).
Есүс энд Бурханы хаанчлалын зорилго нь эцэстээ амжилттай гүйцэлдэнэ гэсэн Хуучин Гэрээний итгэл найдварын тухай өгүүлжээ. Исаиа 61-с авсан энэхүү эш үзүүллэгт цөллөгийн шүүлт дуусах үед Бурхан ард түмэндээ ерөөлийг цутгах болно хэмээсэн байдаг. Есүс энд "ядуус", "олзлогдогсод", "сохрууд" болон "дарлагдагсад" -ын тухай дурдсан. Энэ нь Тэрээр цөллөгийн хараал дор Израилийн ард түмний туулсан аймшигт нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Харин Тэрээр мөн хамт байгаа хүмүүстээ энэхүү цөллөгийг эцэс болгох нэгэн ирнэ гэсэн амлалт буйг сануулсан. Түүн дээр “Эзэний Сүнс” байх болно. Тэрээр Бурханы “тосолсон” нэгэн аж. Энэхүү тослогдсон Нэгэн, Мессиа Хаан "Эзэний тааламжит жилийг" буюу ард түмэндээ үзүүлэх нигүүлслийг тунхаглах болно. Тэрээр “ядууст” “Сайнмэдээг”, “олзлогдогсдод эрх чөлөөг” тунхагласан. Мөн Тэрээр сохруудад хараа оруулж, “дарамтад байгсдыг чөлөөлөх” болно. Эдгээр итгэл найдварын үгсийг уншсаны дараа Лук 4:20-21 дээр Есүс юу үйлдсэн болохыг хамтдаа харцгаая. Энд:
“[Есүс] Номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгч, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэж байлаа. Тэр тэдэнд энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав” гэжээ (Лук 4:20-21).
Есүс Өөрийгөө Израилийн цөллөгийг зогсоож, ард түмэндээ Бурханы ерөөлийг авчрах Хуучин Гэрээнд зөгнөгдсөн Нэгэн хэмээн тунхаглажээ. Ийм л учраас Шинэ Гэрээ нь Амлагдсан газарт Есүсийн хийсэн зүйлст ихээхэн анхаарал хандуулдаг ажээ. Тэрээр газарзүйн хувьд дэлхий дээрх Бурханы хаанчлалын төвд буй Абрахамын итгэмжит хүүхдүүдийн үлдэгсдийг золин авахаар эхлээд Израилийн газар нутагт ирсэн юм.
Тэгэхээр одоо бид Шинэ Гэрээн дэх Бурханы хаанчлалын газарзүйн төв нь Амлагдсан газар байсныг тэмдэглэх нь тун чухал. Гэхдээ газар дэлхийн хязгаар хүртэлх Бурханы хаанчлалын газарзүйн эцсийн, бүрэн дүүрэн тэлэлт нь Есүсийн анхны ирэлтээр эхэлсэн гэдгийг санах нь зүйтэй.
Өмнө дурдсанчлан, Матай 6:10-д Есүс шавь нартаа Бурханы хаанчлал дэлхий даяар өргөжин тэлэхийн төлөө залбираарай гэсэн. Энд:
“Таны хаанчлал иртүгэй, Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй” гэсэн билээ (Матай 6:10).
Есүс үйлчлэлийнхээ туршид энэхүү дэлхий нийтийн зорилгод шавь нарынхаа харааг хандуулсаар байсан. Матай 24:14 дээр Есүс шавь нартаа хандан:
“Хаанчлалын энэхүү Сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ” гэжээ (Матай 24:14).
Бурханы хаанчлал ирэх тухай Сайнмэдээ нь дэлхий даяар тархаж, дараа нь Есүс буцаж ирэх тухай байлаа. Шинэ Гэрээн нь Есүс болон анхны зууны үеийн Түүний элч ба эш үзүүлэгчид нь Амлагдсан газраас эхлэн дэлхийн бүх үндэстнүүдэд Бурханы хаанчлалыг түгээн дэлгэрүүлэхэд өөрсдийгөө зориулсан гэдгийг онцлон тэмдэглэдэг.
Шинэ Гэрээн дэх Бурханы хаанчлалын газар нутгийн талаарх энэхүү ойлголтоо санаж байгаарай. Одоо бид Шинэ Гэрээн дэх хаанчлалын ард түмэнд анхаарлаа хандуулцгаая.
Эхэнд Бурхан хүн төрөлхтөнд Өөрийнх нь хаанчлалыг тэлэх тушаалыг өгсөн. Мөн Бурхан энэ ажилдаа Израилийг онцгой арга замаар дуудаж, үүнийг биелүүлэхэд тэднийг удирдуулахаар Давидын гэрийг томилсон. Гэвч бидний өмнө үзсэнчлэн Хуучин Гэрээний түүхийн төгсгөлд Давидын гэр ба Израилийн ард түмэн уг дуудлагыг гүйцэлдүүлж чадалгүй унасан. Тиймээс Бурхан тэднийг аймшигт цөллөгт явуулсан. Мөн Израилийн ард түмэн олон зуун жилийн турш Бурханы дайснуудын дарлал дор зовсон билээ.
Ийм учир Есүс болон Түүний дагалдагчид “Сайнмэдээ”-ний тухай ярьсанд гайхах зүйлгүй юм. Тэд хүн төрөлхтөнд зориулсан Бурханы анхны төлөвлөгөө Есүсээр дамжуулан гүйцэлдэх тэрхүү Сайнмэдээг тунхаглав. Есүс Бурханы дайснуудыг ялж, дэлхий даяарх Бурханы ард түмнийг ерөөх болно.
Шинэ Гэрээ нь Бурханы хаанчлалын хүмүүс рүү хэрхэн чиглүүлдгийг ойлгохын тулд бид хоёр зүйлийг авч үзнэ. Нэгдүгээрт, Бурханы эрхэм дээд, төгс, зөвт дүр болох Есүсийн үйлчлэлийн тухай. Хоёрдугаарт, Бурханы шинэчлэгдсэн дүр төрх болох итгэгчдийн үйлчлэлийн тухай тус тус судална. Ингээд юун түрүүнд Бурханы эрхэм дээд дүр төрх болох Христийн итгэмжит үйлчлэлийг авч үзье.
Олон талаараа Христитгэгчид Гурвалын хоёр дахь бодгаль, мөнхийн Логос буюу Үг нь яагаад махбод болж ирснийг анхаарч үздэггүй. Бид Есүсийг бүрэн дүүрэн Бурхан, бүрэн дүүрэн хүн гэдгийг нь зөв зүйтэй хүлээн зөвшөөрч үздэг ч ихэнхдээ Христийн бурханлаг чанарт бараг л бүх анхаарлаа хандуулчихдаг. Үүний үр дүнд өнөөдөр Христийн дагалдагчид мөнхийн Гурвалын хоёр дахь бодгаль нь яагаад хүмүүн бидний нэг болж ирснийг тайлбарлахдаа асуудалтай байдаг. Яагаад Есүсийн биежилт тийм чухал гэж? Шинэ Гэрээний хариулт тун тодорхой. Өөрийн дүр төрх болсон хүнд Бурханы анхлан тогтоож өгсөн амин чухал үүргийг гүйцэлдүүлэхийн тулд Есүс хүмүүн болж ирсэн юм.
Шинэ Гэрээ нь Христийн хүмүүн чанарын ач холбогдлыг олон замаар онцолсон байдаг ч бид зөвхөн хоёрыг нь авч үзэх болно. Нэгдүгээрт, Есүс бол сүүлчийн Адам гэсэн Шинэ Гэрээний сургаалыг, хоёрдугаарт, Есүс бол Давидын удмын Бурханы тахилч ба хаан гэдгийг харцгаая. Тэгвэл Шинэ Гэрээнд Есүсийг сүүлчийн Адам гэсэн нь чухам юу гэсэн утгатай вэ?
Сүүлчийн Адам. Бичвэрийг судалдаг оюутан бүр элч Паул Адам ба Христийг хооронд нь зэрэгцүүлэн авч үзсэн гэдгийг мэддэг. Паул Ром 5:12-21 болон бусад хэсгүүддээ хэлэхдээ Адамын нүгэл Бурханы мэлмийд тун ноцтой чухал асуудал байсныг дурддаг. Тиймээс Бурхан хүн төрөлхтнийг мөнхийн шүүлтээр ялласан. Харин Паулын тайлбарласнаар, Есүс зовлон ба загалмайн үхлээрээ Бурханд төгс дуулгавартай байсан гэжээ. Энэ нь ч Бурханы мэлмийд маш их ач холбогдолтой байсан тул Түүнд итгэгч бүгдэд Тэрээр мөнх амийг авчирсан билээ. Есүсийн энэхүү хүмүүн чанарын талаар Паул 1 Коринт 15:21-22 дээр онцлон тэмдэглэсэн байна. Энд:
“Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилал мөн нэг хүнээр иржээ. Адамд дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно” гэжээ (1 Коринт 15:21-22).
Бид авралыг Бурханы үнэгүй бэлэг хэмээн бодоод дасчихсан байдаг. Тийм болохоор бидний ихэнх нь Паулын санааг “үхэл нь хүнээр ирсэн шиг Бурханы нигүүлслээр үхэгсдийн амилал ирсэн” гэж ойлгох гэдэг. Мэдээж энэ бол үнэн. Яагаад гэвэл Христ доторх аврал нь Бурханы нигүүлслээр л ирсэн шүү дээ. Гэвч элч Паул энд энэ санааг онцлох гээгүй юм.
Харин Паул үхэл нь Адам гэгч хүнээр дамжин ирсэн шиг авралын зорилго болсон үхэгсдийн амилал нь Христ гэгч хүнээр дамжин ирсэн хэмээжээ. Анхны хүн, Бурханы анхны дүр төрх болох Адам нь Бурханы хаанчлалын зорилгод үйлчилж чадаагүй бөгөөд бүгдэд үхлийг авчирсан. Гэвч хүмүүнээр дамжуулан Өөрийнхөө хаанчлалыг энэ дэлхийд авчрах гэсэн зарлиг тушаалаасаа Бурхан хэзээ ч буцаагүй юм. Тиймээс Бурханы зөвт, төгс дуулгавартай дүр болох хүн л Адамын хийж чадаагүй зүйлийг биелүүлэх шаардлагатай болсон. Бурханы үнэнч хүмүүс олон мянган жилийн турш ийм хүний төлөө залбирсаар ирсэн. Христ бол авралыг авчирдаг зөвт хүн мөн бөгөөд Өөрт нь итгэгч бүгдэд Бурханы хаанчлалд амь амилалтыг авчирдаг нэгэн билээ.
Есүс бол Бурханы төгс дүр төрх юм. Есүс бол хоёр дахь Адам, Бурханы хүч буюу "сүүлчийн Адам" гэдгийг бид 1 Коринт 15:45-аас харж болдог. Мөн Есүсийн төгс байдал дотор Бурханы ер бусын хүч илэрхийлэгдсэн. Учир нь Тэрээр нүгэлгүй ариун, нүглээс төрөөгүй хүмүүн болж энэ дэлхийд ирсэн билээ. Хэрэв бид Матай 1:19-20-ийг харвал Есүсийн сүнс Иосеф, Мариа эсвэл Адамын удам угсаанаас биш, харин Ариун Сүнснээс ирсэн болохыг олж харна. Тиймээс хэдий Тэрээр хүмүүний махбод ба цусыг өмссөн ч амьдрал нь ч, ариун байдал нь ч дотроосоо төгс төгөлдөр байсан.
— Иоханес Праптоварсо, Ph.D.
Шинэ Гэрээнд Есүсийг сүүлчийн Адам гэдгээс гадна хаанчлалын сүүлчийн үе шатанд Бурханы тахилч ба хаанаар үйлчилдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.
Тахилч ба Хаан. Адам, Ева хоёр анх Бурханд хаант тахилчаар үйлчилж байсныг та санаж байгаа байх. Тэгээд Бурхан Израиль үндэстнийг бүх хүн төрөлхтнийг Өөрт нь үйлчлэхэд удирдах тахилчдын хаант улс байлгахаар дуудсан. Израиль улс бүрэн эрхт хаант улс болон хөгжихөд Бурхан тахилчид болон хаадыг, онцгойлон Давид болон түүний удмынхныг Өөрийн тахилч болгон тосолсон гэдгийг бид мөн харсан. Тийм ч учраас Еврей номын бичээч Христийг хаант тахилч хэмээн дахин дахин онцолсон байдаг. Тэрээр Еврей 4:14 –т бичихдээ:
“Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя” гэжээ (Еврей 4:14).
Есүс загалмай дээр нас барахдаа Өөрийгөө нүглийн төлөөх эцсийн тахил болгон өргөсөн. Тэрээр Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийн өмнөөс Бурханы шүүлтийг Өөр дээрээ авсан.
Үүнээс гадна Шинэ Гэрээ нь Давидын удмын зөвт, Тослогдсон Нэгэн болох Есүсийг Давидын сэнтийд үүрд заларсан гэдгийг онцолдог. Тэнгэрэлч Габриел Есүсийг мэндлэх тухай Мариад хандан хэлсэн үгсийг бид Лук 1:32-33 дээрээс харж болно. Энд:
“Тэр Хүү аугаа нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй” гэжээ (Лук 1:32-33).
Христ Давидын угсааны хаант тахилчийн үүргийг төгс гүйцэтгэсэн тул Түүний удирдлага дор Бурханы хаанчлал хэзээ ч төгсөхгүй билээ. Есүсийн засаглалаар дамжуулан Бурханы хаанчлалын зорилго бүрэн биеллээ олно.
Шинэ Гэрээний үеийн Бурханы хаанчлалын ард түмнийг авч үзвэл Христ бол Бурханы эрхэм дээд дүр төрх гэдэг нь эргэлзээгүй юм. Тэрээр Бурханы Адам ба Израиль мөн Давидын гэрт өгсөн үйлчлэлийг гүйцэлдүүлсэн. Гэсэн ч Шинэ Гэрээнд бүх жинхэнэ итгэгчид Христтэй нэгдсэн гэдгийг онцолдог. Тиймээс одоо чуулган нь Бурханы хаанчлалын ард түмэн мөн гэдгийг харуулдаг.
Шинэ Гэрээний эхэн үед чуулган нь Есүсийг Христ хэмээн итгэж, гэмшсэн Иудейчүүд буюу Абрахамын үр удмаас л голдуу бүрдэж байлаа. Есүс болон Түүний элч, эш үзүүлэгчид бүгд Иудейчүүд байсан. Мөн Пентекостын өдөр итгэсэн хүн бүр л Иудей хүмүүс байсан юм. Шинэ Гэрээний эхэн үед Бурхан Амлагдсан газарт үлдсэн итгэмжит Иудейчүүдийг болон харь үндэстнүүдийн дунд тараагдсан байсан Иудейчүүдийг цуглуулсан байдаг.
Гэвч тун удалгүй гэнэтийн зүйл тохиолдов. Бурхан Абрахам болон Түүний үр удам нь харь үндэстнүүдийг Өөрийнх нь хаанчлалд олноор нь авчирч, Түүний хаанчлалын ерөөлийг түгээнэ гэсэн амлалтаа биелүүлж эхэлсэн юм. Ийм учраас Шинэ Гэрээнд харь үндэстэн итгэгчдийг оруулаад Христийн бүх дагалдагчдыг Бурханы шинэчлэгдсэн дүр төрх гэж ярьдаг. Паул Ефес 4:24-т итгэгчдийн талаар ийнхүү өгүүлсэн байдаг. Энд:
“Жинхэнэ зөвт байдал ба ариун чанар дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс” гэжээ (Ефес 4:24).
Энэ нь мөн Петр Иудейчүүд болон харь үндэстнүүдээс бүрдсэн Шинэ Гэрээний чуулганыг Бурханы хаант тахилчид хэмээн тодорхойлсон шалтгаан юм. Тэрээр 1 Петр 2:9-д энэ тухай өгүүлсэн нь бий. Энэ нь:
“Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм” гэдэг (1 Петр 2:9).
Энд Петр Гэтлэл 19:6-г эш татсан бөгөөд энэ хэсэгт Бурхан анх Израиль үндэстнийг "тахилчдын хаант улс" байхаар дуудсан тухай гардаг. Харин Петр эдгээр үгсийг Иудейчүүд болон харь үндэстнүүдийн чуулганыг тодорхойлохдоо ашиглажээ.
Дэлхий дээрх Христийн бүх дагалдагчид нь Абрахамын гэр бүл болон үрчлэгдсэн. Иймээс Христийн чуулган бүхэлдээ “сонгогдсон угсаа, хаант тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн” билээ. Христийн бүх дагалдагчид дэлхий дээрх Бурханы хаант тахилчаар үйлчилдэг. Бид “Христийн эрхэм давуу чанаруудыг тунхагладаг”. Бид газар дэлхийг Бурханы ерөөл өөд хөтлөх гэсэн Израильд анхлан өгөгдсөн үүрэг даалгаврыг гүйцэлдүүлдэг.
Петр Бурханы ард түмэн гэж хэн болох талаар 1 Петр 2:8-9-д өгүүлсэн байдаг. Тэрээр тэднийг үнэндээ сонгогдсон угсаа, Бурханд харьяалагддаг, ертөнцөөс авагдсан хүмүүс гэжээ. Гэхдээ тэд зорилготой хүмүүс юм. Тэд бол зуучлах үүрэг бүхий тахилчдын үйлчлэлийг гүйцэтгэх ёстой хүмүүс. Тэгэхдээ Хуучин Гэрээний үеийн тахилчид тахил өргөх үүрэгтэй байсан шиг бус харин хүмүүсийн төлөө буюу Бурханы хүмүүсийн төлөө зуучилдаг тахилчид юм. Бурхан биднийг зорилготойгоор ийнхүү томилсон. Тэрхүү зорилго бол бид Түүний сайн давуу чанарыг тунхагласнаар хүмүүс Түүнийг таньж мэдэн, итгэх явдал мөн. Түүнчлэн бид өөр байхаар дуудагдсан. Бид бол чухамдаа тусгаар байх ёстой ариун хүмүүс билээ.
- Др. Вуяни Синдо
Ингээд бид Шинэ Гэрээний үеийн хаанчлалын газар нутаг болон хүмүүсийн тухай авч үзлээ. Одоо харин бид Шинэ Гэрээн дэх хаанчлалын ахиц дэвшилд анхаарлаа хандуулцгаая.
Шинэ Гэрээн дэх Бурханы хаанчлалын ахиц дэвшил нь олон талаараа Бичвэр дэх хамгийн язгуур үндсэн сургаал баримтлалуудын нэг юм. Энэ нь маш эрс гуйвшгүй байсан тул нэгдүгээр зууны Иудейчүүдийн дийлэнх нь Есүсийг Мессиа гэдгийг үгүйсгэсэн. Есүсийн үед Иудейчүүдийн дунд олон бүлэглэл, хуваагдал байсан. Бидний ихэнх нь тэдний тухай сонссон. Үүнд: Иерусалимд эрх мэдлийг атгаж байсан фарисайчууд болон садукайчууд, Ромыг хүчээр түлхэн унагаахыг оролдсон Зеалотчууд, мөн эрхээ хасуулсан цөлийн бүлэглэлүүд зэрэг ордог. Тэдний хооронд олон ялгаа байсан ч тэд бүгд л Мессиа удахгүй ирж, дэлхий дээрх бузар мууг устгах Бурханы хаанчлалын эцсийн ялалтыг авчирна хэмээн найдаж байв. Гэвч Есүс болон Түүний анхны зууны элч ба эш үзүүлэгчид нь энэ өндөр хүлээлтийг сорьж шалгасан юм. Есүс Өөрөө тайлбарлах хүртэл нь нууц байсан зүйлийг тэд зарлан тунхагласан. Энэ нь Есүс бол Мессиа гэдэг үнэн байв. Тэрээр энэ дэлхий дээр мөнхөд байх Бурханы хаанчлалыг авчрах Нэгэн юм.
Есүс Матай 13:31-32 дээр Бурханы хаанчлал нь энэ дэлхийд хэрхэн ирснийг тайлбарласан байдаг. Энд Тэрээр:
“Тэнгэрийн хаанчлал нь хүний авч, цэцэрлэгтээ суулгасан гичний үр мэт юм. Энэ нь бусад бүх үрээс жижиг нь боловч ургахдаа ургамал ногооноос томорч, мод болдог” гэжээ (Матай 13:31-32).
Энэ сургаалт зүйрлэлд Есүс Бурханы хаанчлал нь гэнэтийн бөгөөд сүйрэл дагуулан ирнэ гэж хэлсэнгүй. Харин энэ нь жижгээс буюу гичний үр төдий өчүүхэн жижиг зүйлээс эхэлнэ гэж тунхагласан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хаанчлал нь гичний мод адил өсөж, томрох болно. Шинэ Гэрээний бусад хэсэгт өгүүлснээр хаанчлал нь Есүсийн дэлхий дээрх үйлчлэлээр харьцангуй жижиг бөгөөд нам гүм байдлаар эхэлсэн юм. Гэвч эцэст нь Христ эргэн ирэх үед Түүний хаанчлал дэлхийг бүхэлд нь бүрхэх учиртай.
Энэхүү сургаалын дагуу бид Шинэ Гэрээний үеийн Бурханы хаанчлалын ахиц дэвшил нь гурван үндсэн үе шатаар явагдах тухай үзнэ.
Эхний үе шат бол Христ болон Түүний анхны зууны үеийн элч, эш үзүүлэгчдийн үйлчлэлд болсон Хаанчлалын эхлэл тавигдсан үе юм. Есүс 2000 гаруй жилийн өмнө дэлхий дээрх Бурханы суу алдарт хаанчлалын ялалтыг эхлүүлсэн. Тийм ч учраас элч Паул Ефес 2:20-д сүмийн тухай “та нар элч нар ба эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ” гэж хэлсэн байдаг.
Бид Христ доторх Бурханы хаанчлалын хоёр дахь үе шатыг хаанчлалын үргэлжлэх үе гэж нэрлэж болно. Энэ бол чуулганы түүхийн туршид Бурханы хаанчлал өсөн тэлж буй урт удаан хугацааг хэлдэг. Энэхүү цаг хугацаанд Христ дэлхий даяар Сайнмэдээг тунхаглах замаар Өөрийн хаанчлалаа үргэлжлүүлэн тэлдэг. Мөн Тэрээр дагалдагчдаа Бурханы хаанчлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг өөрсдийн нэн тэргүүний эрхэм зорилго болго хэмээн дууддаг. Есүс энэ тухай Матай 6:33-т тунхагласан нь бий. Энд:
“Харин эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг нь хайгтун” гэжээ (Матай 6:33).
Бид өдөр бүрийнхээ амьдралд Бурханы хаанчлал ба зөвт засаглал нь дэлхий даяар өргөжин тэлээсэй хэмээн тэмүүлэх ёстой.
Христ доторх Бурханы хаанчлалын гурав дахь шат бол хаанчлал бүрэн төгс болох үе юм. Энэ бол Христ эргэн ирж, бүх дэлхийг Өөрийн хаант улс болгох Бурханы төлөвлөгөөг биелүүлэх үе юм. Бурханы хаанчлалын эцсийн үе шатын талаар Илчлэлт 11:15-д Иохан дараах байдлаар дүрсэлсэн байдаг. Энд:
“Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт "Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна" гэжээ (Илчлэл 11:15).
Христ газар дэлхийд буцаж ирэх үед Тэрээр Бурханы бүх дайснуудыг ялж, дэлхийн хаанчлал нь Бурханы болон Түүний Христийн хаанчлал болох юм. Тэр цагаас хойш “Тэрээр үеийн үед хаанчилна.”
Христийн дагалдагчдын хувьд бид хаанчлалын эхэн үед Түүний хийсэн бүхнийг эргэн хардаг. Бид хоёр мянган жилийн өмнө болсон Есүсийн амьдрал, үхэл, амилалт, тэнгэр өөд одолт, Ариун Сүнсний дүүргэлт зэрэгт итгэл найдвараа тавьдаг. Бид мөн хаанчлалын үргэлжлэх үед Христийн хийж буй зүйлст ч итгэл, найдвараа тавьдаг. Тэнгэр өөд одсон Христийн удирдлага дор, Ариун Сүнсний хүчээр чуулган Сайнмэдээг үндэстэн бүрд түгээсээр байна. Мэдээж бид мөн хаанчлал бүрэн төгс болох үед Христийн хийх бүхэнд итгэл, найдвараа тавьдаг. Христ алдар суу дотор эргэн ирж, Бурханы алдраар дүүрэн шинэ бүтээлийг бүрэн дүүрнээр авчрах билээ.
Бид энэ хичээлээрээ Бурханы хаанчлалын тухай танилцууллаа. Энэ нь Хуучин Гэрээнд гардаг бүх зүйлийг нэгтгэн зангидаж байдаг сэдэв юм. Бид Хуучин Гэрээний бичээчид нь өргөн утгаараа Бурхан бүхий л түүхийн туршид харьцуулшгүй бүрэн эрх мэдэлтэй байсаар ирсэн, байсаар ч байх болно хэмээн итгэж байсныг үзсэн. Мөн тэд явцуу утгаар нь Бурханы хаанчлал нь цаг хугацааны туршид илчлэгдэх бөгөөд тушаалууд нь тэнгэрт шигээ газарт биеллээ олно хэмээн итгэж байсныг бид харсан. Түүхийн энэхүү зорилгод хүрэх нь өнө эртний түүхээс эхэлсэн байдаг. Энэ нь Израиль үндэстний түүхэн дэх Бурханы ажлыг хамруулсан байдаг ба Шинэ Гэрээний үед Христ дотор биеллээ олдог.
Хуучин Гэрээг судалсан хүн бүр үүнийг толгой эргүүлэм асуудал гэдгийг мэддэг. Тиймээс том зургийг үргэлж санаж байх нь чухал юм. Хуучин Гэрээний бичээчид Бурханы хаанчлалын талаарх нийтлэг итгэл үнэмшлийг тээж, дэлхий дээрх Бурханы хаанчлалыг цааш үргэлжлүүлэхийн тулд бичиж үлдээсэн юм. Бурхан ертөнцийг Өөрийн хаант улс болгож, алдар суугаараа дүүргэн, бүх бүтээлээсээ хүндэтгэл магтаалыг авахын тулд бүтээсэн гэдгийг тэд мэдэж байлаа. Бурхан Өөрийн дүр төрх болох хүмүүнээр дамжуулан энэ зорилгоо биелүүлэх учиртай. Ёр муугийн сорилтоос үл хамааран Бурханы хаанчлал хэзээ ч ганхахгүй билээ. Хуучин Гэрээний хуудас бүр нь Есүсийг Бурханы энэ зорилгыг биелүүлэх хүмүүн мөн гэдгийг урьдаас хэлсэн байдаг. Есүс Бурханы хаанчлалыг дэлхий дээр авчрах болно. Мөн Тэрээр Өөрт нь итгэдэг бүх хүнд сүр жавхлант хаанчлалдаа Өөртэй нь хамт хаанчлах тэрхүү баяр хөөрийг дүүргэн өгөх болно.
Др. Ричард Л. Пратт Жр. (Хөтлөгч) бол Гурав дахь мянган үйлчлэлийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч юм. Тэрээр Шинэчлэгдсэн Теологийн Сургуульд Хуучин Гэрээний профессороор 20 гаруй жил үйлчилсэн бөгөөд Хуучин Гэрээний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Др. Пратт нь Сайнмэдээг түгээх, заах зорилгоор маш их аялдаг, илгээлтийн үйлчлэгч юм. Тэрээр Вестминстерийн Теологийн Сургуульд суралцаж, Магистрийн зэргээ Нэгдсэн Теологийн Сургуулиас авсан. Мөн тэрээр докторын зэргээ Харвардын Их Сургуульд Хуучин Гэрээ судлалаар хамгаалсан. Др. Пратт нь NIV Spirit of Reformation Study Bible-ийн ерөнхий редактор бөгөөд NLT библийн орчуулгын орчуулагч билээ. Мөн тэрээр “Pray with Your Eyes Open”, “Every Thought Captive”, “Designed for Dignity”, “He Gave Us Stories” зэрэг олон олон ном, нийтлэлийн зохиогч бөгөөд 1 ба 2-р Шастир, 1, 2-р Коринт номын тайлбарыг бичсэн нэгэн юм.
Др. Рик Бойд Уэсли Библийн Сургуулийн Библийн тайлбарын профессор.
Др. Роберт Б.Чишолм Даллас теологийн Сургуулийн Хуучин Гэрээний тэнхимийн эрхлэгч, профессор.
Др. Дуглас Гропп Хуучин Гэрээний профессор, Ридиймер Сургуулийн хамтарсан хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан.
Др. Грант Р.Осборн (1942-2018) Бурханы Гурвалын Евангелийн Сургуулийн Шинэ Гэрээний профессор агсан.
Др. Жонатан Т.Пеннингтон Шинэ Гэрээний Тайлбарын дэд профессор, Өмнөд Баптист Теологийн Сургуулийн докторын судалгааны ажил судлалын захирал.
Иоханес Праптоварсо, Ph.D. Бату теологийн Сургуульд үйлчилдэг.
Др. Скотт Редд Вашингтон дахь Шинэчлэгдсэн Теологийн Сургуулийн кампусын ерөнхийлөгч, Хуучин Гэрээний дэд профессор.
Др. Брайан Д.Рассел нь Библи судлалын профессор, Флорида мужийн Орландо дахь Асбери Теологийн Сургууль дахь Хотын Үйлчлэлийн сургуулийн эрхэгч.
Др. Даниел Симанго Кейптаун дахь Өмнөд Африкийн Библийн Хүрээлэнгийн захирал.
Др. Вуйани Синдо Өмнөд Африкийн Жорж Уайтфилд Коллежийн багш.
Др. Стивен Ж.Веллум Өмнөд Баптист Теологийн Сургуулийн Христэч Теологийн Профессор.
Др. Жонатан Д. Вортингтон Олон улсын удирдагчдыг бэлтгэх байгууллагын хөтөлбөр хөгжлийн захирал.
Аарон бол Леви овгийн хүн бөгөөд Мосегийн ах. Түүний овог тахилчийн албанд үйлчлэхээр сонгогдсон.
Абрахам – Хуучин Гэрээний өвөг, Терагийн хүү, Израиль үндэстний эцэг. Бурхан Эхлэл 15, 17-р бүлэгт түүнтэй гэрээ байгуулж, тоо томшгүй олон үр удам, онцгой газар нутгийг Түүнд амласан.
Адам - анхны хүн, Евагийн нөхөр. Бурхан түүнтэй суурь гэрээг байгуулсан. Энэ нь хүн төрөлхтөн газар дэлхийг дүүргэж, захирч байх ёстой гэсэн гэрээ юм.
canon – Эрх мэдэл бүхий жишиг буюу Иудей-Христитгэгчдийн уламжлалд Бичвэр гэж хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийн онцгой цуглуулга /эмхэтгэл/
гэрээ – Хоёр хүн эсвэл бүлэг хүмүүсийн хооронд, мөн Бурхан аливаа хүн ба бүлэг хүмүүстэй байгуулсан заавал биелүүлэх үүрэг бүхий хууль ёсны хэлцэл
Давид - Хуучин Гэрээн дэх Израилийн хоёр дахь хаан. Түүний үр удам хаан ширээнд сууж, мөнхөд хаанчлах болно гэсэн амлалтыг хүлээн авсан.
Еден – "тааламжтай" эсвэл "бахдам сайхан" гэсэн утгатай еврей үг. Бурхан Адам, Ева хоёрыг анх байрлуулсан цэцэрлэгийн нэр
Ева - анхны эмэгтэй, Адамын эхнэр. Хориотой жимс идсэний дараа түүний үр нь (үр удам) Сатаны толгойг няцална гэсэн Бурханы амлалтыг хүлээн авсан нэгэн
Исаак - Абрахам, Сара хоёрын хүү, Бурханы гэрээний амлалтуудыг өвлөгч
Иаков - Исаакийн хүү, Израилийн арван хоёр овгийн удам угсааны тэргүүн
Левичүүд –Израиль үндэстний тахилчаар үйлчилж байсан Леви овгийн хүмүүс
Ноа – Бурханы удирдлага дор хөвөгч авдар барьж, үерээс амьд гарсан хүн. Бурхантай байгалийн тогтвортой байдлын амлалт бүхий бүх нийтийн гэрээг хувьчлан байгуулсан хүн
omnipresence – хаа сайгүй оршигч
өнө эртний түүх – Эхлэл 1:1–11:9 хэсэгт буй дэлхийн түүхийн хамгийн эрт үеийн талаарх тэмдэглэл
Амлагдсан газар – Абрахам болон түүний үр удамд өв болгон өгөхөөр Бурханы амласан газар
Шем – Ноагийн хүү, удам угсаагаа үргэлжлүүлэхээр сонгогдсон нэгэн
Тов /tov/ – “сайн”, “тааламжтай”, “яруу сайхан”, “үзэсгэлэнтэй” гэсэн утгатай еврей үг (хөрвүүлэг)
Төлөөлөгч – удирдагч эсвэл захирагчийн оронд үүрэг гүйцэтгэдэг хүн
Continue reading the full transcript