<link rel="stylesheet" href="https://cdn.plyr.io/3.7.8/plyr.css" />
Каталог руу буцахKOTХаанчлал, Нөхцөл ба Хуучин Гэрээний Библийн Кэнон
Хаанчлал, Нөхцөл ба Хуучин Гэрээний Библийн Кэнон ·VideoАнгли хэлнээс орчуулсан

KOT-03 Бурханы Нөхцөлүүд

Бүрэн бичвэрийг уншина уу

Энэ хичээлээр Бурхан өөрийн хаант улсыг хуучин гэрээний үед байгуулсан хэд хэдэн нөхцөлүүдийн মাধ্যমে хэрхэн захирч байсан талаар судална.


From the transcript

Хэрэв та бусад улс үндэстнүүдэд өөрийнхөө засаг захиргааг тогтоохоор шийдсэн эрт цагийн агуу хаан байсан бол хаант улсаа хэрхэн удирдан залах байсан бэ? Хаанчлалаа улам илүү тэлж томруулахын тулд үндсэн суурь бодлогоо хэрхэн тогтоох вэ? Та Хуучин Гэрээг судалж байгаа бол эдгээр асуултуудыг өөрөөсөө асуух нь зүйтэй. Учир нь энд Бурханыг хаанчлалаа дэлхийн хязгаар хүртэл тэлэхээр шийдсэн тэнгэрлэг дээд Хаан хэмээн танилцуулдаг. Эртний Израильчууд аливаа хаад өөрсдийнхөө өргөжин тэлж буй хаанчлалыг олон улсын хэлцэл ба гэрээгээр дамжуулан захирдаг гэдгийг мэддэг байв. Тиймээс, Бурхан ч мөн Өөрийн тэлж буй хаанчлалаа гэрээнүүдээрээ дамжуулан удирдан, захирч байсанд тэд гайхаагүй юм. Бурханы гэрээнүүд бол дэлхий даяарх хаанчлалаа захирах үндсэн бодлого билээ

Энэ бол Хуучин Гэрээний Хаанчлал, Гэрээ ба Канон цувралын маань гурав дахь хичээл. Бид үүнийг “Тэнгэрлэг гэрээнүүд” гэж нэрлэсэн. Энэхүү хичээлээрээ бид Бурхан Өөрийнхөө хаанчлалаа дэлхий даяар цааш ахиулахын тулд хэд хэдэн гэрээнүүдээр дамжуулан хэрхэн захирч байсныг судлах болно.

Бид Хуучин Гэрээний номууд нь тухайн үеийн Бурханы ард түмэнд хандан өөр өөр цаг үе, нөхцөл байдалд бичигдсэн болохыг харсан. Гэсэн ч ном бүрийн агуулга нь Хуучин Гэрээний бичээчдийн нийтлэг итгэл үнэмшилд тулгуурласан байдаг. Тэд бүгд Бурханы түүхэн дэх агуу зорилго бол Тэрээр хаанчлалаа тэнгэрээс энэ дэлхийн хязгаар хүртэл тэлэх явдал гэдэгт бат итгэдэг байв. Мөн Бурхан Өөрийн хаанчлалыг өргөжүүлэх үйлсийг өөр өөр цаг үед, хэд хэдэн үндсэн гэрээгээр дамжуулан удирдсан гэдэгт тэд итгэсэн юм. Хуучин Гэрээний эдгээр бичээчид үнэндээ өөр өөр нөхцөл байдалд ч гэрээнийх нь бодлогыг хэрэгжүүлэх замаар Бурханы хаанчлалыг урагшлуулахын тулд бичжээ. Ийм учраас Бурханы гэрээнүүдийг ойлгох нь Хуучин Гэрээний хэсэг бүрийн ач холбогдлыг ухаарахад нэн чухал үүрэгтэй байдаг юм.

Хуучин Гэрээн дэх Тэнгэрлэг гэрээнүүдийн талаарх бидний судалгаа дөрвөн үндсэн хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт, Бурханы хаанчлал болон Түүний гэрээнүүдийн хоорондох чухал уялдаа холбоог нягтална. Хоёрдугаарт, Хуучин Гэрээн дэх Бурханы гэрээнүүдийн түүхийн талаар авч үзнэ. Гуравдугаарт, эдгээр гэрээн дэх динамик талуудыг судлах болно. Дөрөвдүгээрт, бид Бурханы гэрээний хүмүүсийн тухай харах болно. Ингээд эхлээд Бурханы хаанчлал ба Түүний гэрээнүүдийн хоорондын уялдаа холбоог хамтдаа харцгаая.

Израилийн итгэл үнэмшилд гэрээний тухай ойлголт нэн чухал байсныг Хуучин Гэрээг судалдаг хүн бүр мэддэг. Энэхүү "гэрээ" гэж орчуулагддаг berith гэдэг еврей үг нь Хуучин Гэрээнд 280 гаруй удаа гардаг. Гэрээ гэдэг ойлголт нь ихэвчлэн бусад нэр томьёотой холбоотой байдаг. Хуучин Гэрээн дэх гэрээнүүдийн эзлэх байр суурийг үгүйсгэх аргагүй юм. Харамсалтай нь, олон хүн Бичвэр дэх Бурханы гэрээний үндсэн шинж чанарыг буруу ойлгодог. Тэд Бурханы гэрээнүүд нь Түүний тэнгэрлэг хаант засаглал болон газар дээрх хаанчлалынх нь өсөлттэй салшгүй холбоотой гэдгийг олж хардаггүй. Тэгвэл тэнгэрлэг гэрээнүүд нь Бурханы хаанчлалтай хэрхэн холбогддог вэ? Хуучин Гэрээний эдгээр хоёр чухал сургаалын хоорондын уялдаа холбоо нь юу байна вэ?

Бурханы хаанчлалын зорилго ба гэрээнүүдийн хоорондын уялдаа холбоог судлахын тулд бид үүнийг хоёр чиглэлд авч үзнэ. Нэгдүгээрт, эдгээр уялдаа холбоог ойлгоход туслах түүхэн үнэт мэдээлэл бүхий сүүлийн үеийн археологийн олдворуудтай танилцана. Хоёрдугаарт, эдгээр олдворууд нь тэнгэрлэг гэрээнүүдийн талаарх библийн ойлголтыг олж харахад ямар ач холбогдолтой болохыг авч үзнэ. Ингээд хамтдаа уг сэдвийг бидэнд илүү тодорхой болгож өгдөг сүүлийн үеийн археологийн олдворуудаас эхэлцгээе.

Христийн дагалдагчид бид Хуучин Гэрээний Бичвэрүүд нь Ариун Сүнсний онгодоор бичигдсэн бөгөөд бүх газарт, бүхий л цаг үед хандсан Бурханы үг гэдгийг ойлгох нь зүйтэй. Юуны түрүүнд эдгээр Бичвэрүүд нь эртний Израильчуудад хандан Ариун Сүнсний онгодоор бичигдсэн гэдгийг бид үргэлж санах хэрэгтэй. Эртний Израильчуудын соёл ахуйн онцлог нь тухайн цаг үедээ Бурханы илчлэлийг ойлгон хүлээн авах үндэс болсон байдаг. Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст хийгдсэн археологийн хэд хэдэн олдворууд нь Бурханы гэрээнүүд ба Түүний хаанчлал хоорондын уялдаа холбоог итгэмжит Израильчууд хэрхэн ойлгож байсныг харахад бидэнд тусалдаг.

Библийн гэрээнүүдийн талаар ярих үед Эртний Ойрх Дорнодын хаан төрийн гурван төрлийн баримт бичгийн тухай яригддаг. Нэгдүгээрт, хааны харилцан тэгш эрх бүхий гэрээнүүд. Энэ нь харилцан эрх тэгш байр суурьтай хаад өөр хоорондоо харилцах нөхцөлүүдийг хэлэлцэн тохиролцсон гэрээг хэлдэг. Хоёрдугаарт, хааны буцалтгүй тусламж буюу эртний хаад үнэнч зарц нартаа газар нутаг, онцгой эрхийг албан ёсоор олгосон тухай өгүүлсэн бичиг баримт. Гуравдугаарт, сузериан-вассал буюу эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээр болон тэдгээртэй холбоотой бусад баримт бичгүүд. Энэ нь хаан хүн харьяат хаан ба улстайгаа хийдэг олон улсын гэрээ хэлэлцээр юм.

Чухамдаа бид хааны харилцан тэгш эрх бүхий гэрээнээс Библи дэх тэнгэрлэг гэрээнүүдийн талаарх цөөн хэдэн ойлголтыг олж харж болдог. Мэдээж хэрэг Хуучин Гэрээ нь гэрээний нөхцөлөө харилцан тохиролцсон тэгш эрх бүхий хүмүүсийн тухай өгүүлдэг. Харин тэнгэрлэг гэрээнүүдийн тухайд бол Бурхан хүн төрөлхтөнтэй хэзээ ч харилцан тохиролцоогүй харагддаг. Учир нь ямар ч хүн Түүнтэй эн тэнцэхгүй шүү дээ. Ямар ч нөхцөлд Тэрээр гэрээнийхээ бүх нөхцөлийг бүрэн эрхт байдлаараа зааж өгсөн байдаг.

Үүнээс гадна библийн судлаачид Библи дэх Бурханы гэрээнүүд болон хааны буцалтгүй тусламжийн хооронд зарим нэг чухал ижил төстэй зүйлс байдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Тэд ялангуяа Амлагдсан газар бүхий Израилийн өв хийгээд Бурхан Давидын гэрийг Израилийн хаант угсаагаар сонгосон зэргийн уялдаа холбоог онцлон тэмдэглэдэг. Гэвч бид эдгээр ижил төстэй байдлыг ихэвчлэн буруугаар ойлгох гээд байдаг талаар дараа нь авч үзэх болно.

Тэгвэл эртний хаадын ихэнх баримт бичгүүд дундаас библид гарч буй тэнгэрлэг гэрээнүүдийн талаарх ойлголтыг хамгийн ихээр өгдөг баримт бичиг бол сузерейн-вассал буюу эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээр юм. Эдгээр эртний баримт бичгүүд нь библийн зохиогчид Бурханы хаанчлал болон Түүний гэрээ хоорондын хамаарлыг хэрхэн ойлгож байсныг олж харахад чухал ач холбогдолтой байдаг. Хуучин гэрээний үед Египетийн Фараонууд, Хитчүүд, Вавилончууд, Ассиричуудын хаад, тэр байтугай Израилийн хаад нь сул дорой хаант улсуудыг эзлэн авах, эсвэл нэгтгэх замаар нутаг дэвсгэрээ өргөжүүлэн тэлдэг байв. Ингэхдээ тэд хаант улсынхаа өргөжин тэлэх суурь бодлогыг гэрээ хэлэлцээрүүдээр дамжуулан тогтоодог байжээ. Археологичид олон улсын хэд хэдэн гэрээг олж илрүүлсэн бөгөөд тэдгээрийг ийнхүү "сузерейн-вассал буюу эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээр" гэж нэрлэжээ.

Одоо та "сузерейн" болон "вассал" гэсэн нэр томьёонд бүү төөрөлдөөрэй. “Сузерейн” гэдэг нь ердөө л эзэн хаан эсвэл агуу хаан гэсэн утгатай. Харин "вассал" гэсэн нэр томьёо нь албат, буюу энэ тохиолдолд "агуу хааны албат" гэсэн утгатай байна. Сузерейн-вассалын энэхүү гэрээнүүд нь агуу хаад болох сузерейн, мөн харьяат хаад болох вассалууд болон үндэстнүүдийнх нь хоорондын харилцааг захиран зохицуулах үндсэн бодлогыг тогтоодог. Тэгэхээр сузерейн вассалын гэрээ гэдэг нь эзэн хаан ба харьяат хаан, тэдгээр үндэстнүүдийн хооронд байгуулдаг олон улсын гэрээ хэлэлцээр юм.

Эртний Ойрх Дорнодын нөхцөл байдал нь... гэрээний үзэл баримтлалд ихээхэн үндэслэсэн байв. Тиймээс бидэнд "сузерейн" гэгддэг хаан буюу захирагч хүмүүс өөрийн вассал болох харьяат албат хүмүүстэйгээ байгуулдаг эртний гэрээ хэлэлцээрүүд бий. Тэгээд сузерейн буюу захирагч хаан нь гэрээний харилцах нөхцөлийг тодорхойлдог байжээ. Тэрээр: “Би чамд хамгаалалт, хөгжил дэвшил, хувийн байр суурийг санал болгоё. Харин чи хариуд нь үр тарианыхаа тодорхой хэсгийг хуваалцаж, бусад хаадтай эвсэлгүй надад үнэнч бай" гэх нөхцөлийг тавина. Нэг талаас энэ нь харилцан эрх тэгш нөхцөлтэй гэж харагддаг. Хэрэв бид ийм төрлийн гэрээ хэлэлцээр дэх хаан төрийн харилцаа болон гэрээний мөн чанарыг авч үзэх юм бол энэхүү сузерейн гэрээний хэсгүүдтэй тун ойр нийцэх олон зүйлсийг Хуучин Гэрээнээс олж харж болдог.

- Др. Брэдли Т.Жонсон

Сузерейн-вассал буюу эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээрүүд нь ихэвчлэн долоон үндсэн хэсгээс бүрддэг. Эдгээр нь агуу хааныг тодорхойлсон оршил үгсээр эхэлдэг. Энэхүү оршил үгсийн араас эзэн хааны харьяат хаандаа үзүүлсэн сайн үйлсийн тухай өгүүлсэн түүхэн хүүрнэл байдаг. Дараа нь үүнд мөн албатууд нь эзэн хаандаа дуулгавартай байх шаардлага бүхий тодорхой хууль заалт, нөхцөлүүд бий. Тэдгээр хууль зааврын дагуу жил бүр үүнийг олон нийтэд зарлан уншиж, гэрээний өөрчлөлт шинэчлэлтийг сонордуулдаг байв. Ингэхдээ тэд тэнгэрлэг бурхдыг гэрчээр дуудаж, гэрээний бүх нөхцөлийг харилцан тохиролцсон болохыг баталгаажуулдаг байжээ. Үүний дараагаар энд мөн дуулгавартай байдлын ерөөл, дуулгаваргүй байдлын хараалыг багтаасан байх аж. Ингээд эцэст нь эдгээр гэрээ нь тэдгээр улс хоорондын харилцааг албан ёсны болгох ёслолын, тахилын зоогийн тайлбар, заавраар төгсдөг.

Эдгээр долоон хэсэг ба Хуучин Гэрээн дэх бүхий л тэнгэрлэг гэрээнүүдийн хооронд ижил төстэй чухал зүйлс бий. Гэвч бид эдгээр хэсэг тус бүрийг авч үзэхээс илүүтэй библийн гэрээнүүд эдгээр гэрээнүүдийн үндсэн санаатай хэрхэн зэрэгцэж буйг онцлон харах болно. Эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээрийн эдгээр энгийн долоон хэсэг нь тэдний хоорондын харилцааг тодорхойлдог үндсэн гурван талт динамикийг харуулдаг. Нэгдүгээрт, гэрээ нь хааны өршөөл энэрлийг онцолдог. Энэ нь агуу хааны харьяат хаандаа үзүүлж буй өгөөмөр сайхан сэтгэлийг хэлдэг. Гэрээний оршил хэсэгт хаан өөрийгөө зөвт захирагч хэмээн тодорхойлдог. Харин дараа нь түүхийн талаарх эхлэл хэсэгт тухайн хааны харьяат иргэддээ үзүүлсэн сайн сайхан үйлсийг хүүрнэдэг. Хааны өршөөл энэрэл нь агуу байдаг тул агуу хаад өөрсдийгөө "эцэг", харьяат албатуудаа "хөвгүүд" гэж нэрлэдэг байв.

Эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээрийн хоёр дахь чухал хэсэг бол харьяат хаан ба албатуудынх нь үнэнч байх шаардлага юм. Харьяат албатууд нь хааны хуулийг нягтлан дагаж, үнэт металл, алт эрдэнэс, боол ба цэрэг мөн ургацынхаа зарим хэсгийг алба гувчуур болгон хаанд өргөх ёстой байв. Эдгээр нөхцөлүүд нь тун тодорхой ойлгомжтой байсан тул харьяат албатууд нь талархалтай, үнэнч зарц нар гэдгээ агуу хаандаа ийнхүү харуулах ажээ.

Энэхүү хэлэлцээрийн гурав дахь чухал хэсэг нь ерөөл, хараал бүхий үр дагавар юм. Агуу хаад ихэвчлэн хаант улсынхаа зорилгын дагуу аливаа ерөөл ба хараалыг буулгахдаа хааны онцгой эрх мэдлээ хадгалдаг байв. Харин Эзэн хаан ба харьяат хааны уг хэлэлцээрт хаад итгэмжит харьяат иргэддээ ерөөлийг тунхаглаж, итгэмжит бус иргэдэд нь хараал буйг анхааруулдаг байв.

Бидний харж буйгаар энэхүү хэлэлцээрийн дээрх гурван шинж чанар нь Бичвэр дэх Бурхан болон гэрээнийх нь хүмүүс хоорондын харилцааны үндсэн динамик талуудыг илүү сайн ойлгоход маань тусалдаг.

Ингээд археологийн эдгээр олдворууд нь бидэнд Бурханы хаанчлал ба гэрээнүүдийн хоорондын амин чухал уялдаа холбооны талаарх Библийн гүн гүнзгий ойлголтуудыг өгдөг. Энэ талаар хамтдаа харцгаая.

Хуучин Гэрээ нь гэрээний маш олон төрлийн харилцааг гэрээ гэж тайлбарласан байдгийг эхлээд дурдах нь зүйтэй. Жишээ нь, найз нөхөд, хань ижил, улс төрийн удирдагчид, овог аймаг, улс үндэстнүүдийн хоорондын харилцаа үүнд орно. Энэ бүх харилцааг Хуучин Гэрээнд гэрээ гэж нэрлэдэг байсны учир гэвэл энэ нь хүмүүсийг харилцан үүрэг хариуцлага бүхий албан ёсны харилцаанд нэгтгэж өгдөгт байв. Заримдаа Хуучин Гэрээ нь эдгээр олон янзын гэрээний харилцааг Бурхан ба хүн хоорондын харилцаатай харьцуулсан харагддаг. Тиймээс бид Хуучин Гэрээний эдгээр олон төрлийн гэрээнээс Бурхантай харилцах харилцааныхаа талаар ихийг олж мэдэх боломжтой.

Гэвч энэ хичээлээрээ бид Бурханы үндсэн гол гэрээнүүд буюу хаанчлалаа удирдаж байсан гэрээнүүдийн тухай Бичвэрт юу өгүүлдгийг онцгойлон авч үзнэ. Библийн алдартай зургаан гэрээг та санаж байгаа байх. Үүнд: Адам, Ноа, Абрахам, Мосе, Давидтай хийсэн Бурханы гэрээнүүд болон ирээдүйн гэрээ буюу бидний хэлдгээр шинэ гэрээ гэж нэрлэдэг гэрээнүүд тус тус ордог. Бурхан эдгээр бүх гэрээнүүдээр дамжуулан хаанчлалаа удирдан чиглүүлсэн байдаг.

Энэ хичээлийнхээ төгсгөлд энэхүү үндсэн гол тэнгэрлэг гэрээг нэг бүрчлэн судлах болно. Харин одоо Эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээр нь Бурханы гэрээнүүдийн мөн чанарын талаарх ойлголтыг бидэнд хэрхэн өгдөг болохыг харах юм. Ингэхдээ бид Бурханы Мосетэй хийсэн гэрээг товчхон авч үзнэ. Бурханы Мосетэй хийсэн гэрээг судлах нь тун чухал. Учир нь Бичвэрт энэ гэрээний талаар Хуучин Гэрээнд байгаа бусад гэрээнээс ч илүү их зүйлсийг илчлэн өгүүлсэн байдаг.

Бурханы Мосетэй хийсэн уг гэрээг харахад энэ нь эртний Ойрх Дорнодын өнөөх Эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээртэй ижил бүтэцтэй байгаа нь шууд л тодорхой болдог. Уг хэлэлцээрээс бидний олж харсан гурван хэсэг Мосегийн гэрээнд ч мөн бий. Энэ адил төстэй байдал нь үндсэндээ Израилийн агуу хаан болох Бурхан Өөрийн хаанчлалаа удирдах гэрээгээ байгуулсан гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Гэтлэл 19:4-6-р эшлэлд Бурхан Синай уулан дээр Израиль үндэстэнтэй гэрээ байгуулсан тухай өгүүлдэг. Энд Бурхан хэлэхдээ:

“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан. Хэрэв та нар одоо Миний үг дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно.Учир нь бүх дэлхий Минийх. Та нар надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно” гэжээ ( Гэтлэл 19:4-6).

Энэ хэсэг нь Синай уулан дээр Израильтай хийсэн Бурханы гэрээний хэсгээс бидэнд харуулдаг. Энэ нь бүхэлдээ Гэтлэл 19–24-р бүлэг хүртэл үргэлжилсэн байдаг.

Бурхан Израильтай “гэрээ” хийж буй нь тун тодорхой харагдах бөгөөд энэ нь гэрээ ба хаанчлалыг холбож байгааг анхаараарай. Энэхүү гэрээг Израилийг “тахилчдын хаант улс” болгосноор Бурханы хаанчлалын зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд байгуулсан болохыг харж байна.

Эндээс бид гэрээ хэлэлцээрийн үндсэн гурван талт динамикийг олж харж болдог. Өөрөөр хэлбэл энд хааны өршөөл энэрэл, харьяат иргэдийн үнэнч байдал болон ерөөл ба хараал бүхий үр дагаврын тухай өгүүлж байна.

Нэгдүгээрт, Бурхан Израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлж, тэдэнд үзүүлсэн тэнгэрлэг өршөөл энэрлийнхээ тухай тэдэнд сануулсан. Тэрээр 4-р эшлэлд энэ тухай хэлэхдээ:

“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан” гэжээ ( Гэтлэл 19:4).

Яг л эртний хаадын нэгэн адил Бурхан Израильчуудын төлөө агуу зүйлс хийсэн гэдгээ тэдэнд сануулжээ. Бурханы Синай уулан дээр байгуулсан гэрээгээрээ дамжуулан Израильтай тогтоосон харилцаанд Түүний өршөөл энэрэл чухал ач холбогдолтой байлаа.

Хоёрдугаарт, Бурхан ийнхүү гэрээг санаачлан байгуулахдаа хүмүүсийг үнэнч байлгахаар дууджээ. 5-р эшлэлийг дахин сонсоцгооё. Энд:

“Хэрэв та нар одоо Миний үг дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно” гэжээ (Гэтлэл 19:5).

Эртний Ойрх Дорнодын эзэн хаадын нэгэн адил Бурхан хаанчлалынхаа ард түмнээс үнэнч байдлыг хүссэн. Хэдийгээр Бурхан Мосетэй хийсэн гэрээгээ Өөрөө анхлан санаачилж, өршөөл энэрлээрээ тогтоосон ч ард түмэндээ дуу хоолойг нь дуулгавартай дагаж, гэрээний нөхцөлүүдийг сахих шаардлагыг тавьсаар байв.

Гуравдугаарт, Мосегийн гэрээний Израильд авчирсан үр дагаврын талаар илчлэн харуулдаг. Энэ нь 5-6-р эшлэлд тодорхой харагддаг. Энд:

“Хэрэв та нар одоо Миний үг дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно.Учир нь бүх дэлхий Минийх.Та нар надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно” гэжээ (Гэтлэл 19:5-6).

Израилийн тэнгэрлэг хааны хувьд Бурхан Израильчуудыг Өөрт нь үнэнч итгэмжит байх аваас агуу ерөөлүүдийг хүлээн авах болно гэдгийг маш тодорхой хэлжээ. Тэд бусад бүх үндэстнээс дээгүүрх Түүний үнэт өмч байх болно. Тэд Бурханы тахилчдын хаант улс, ариун үндэстэн байх болно. Мөн Гэтлэл 19–24-т олон дахин өгүүлсэнчлэн хэрэв Израильчууд Түүнд үнэнч бус байх аваас Бурханаас хараалыг хүртэх байлаа.

Эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээр болон Мосегийн үед Израильтай хийсэн гэрээний хоорондох эдгээр чухал ижил төстэй байдлыг үгүйсгэх аргагүй юм. Гэвч сүүлийн хэдэн арван жилд библийн тайлбарлагчид Библийн зарим томоохон гэрээнүүд нь хааны буцалтгүй тусламжтай илүү адил хэмээн маргах болсон. Тэд энэхүү хааны буцалтгүй тусламжид үнэнч байх шаардлага, ерөөл ба хараал бүхий үр дагавар ордоггүй байсан гэж үздэг. Энэ утгаараа эдгээр тайлбарлагчид Адам, Мосе хоёртой хийсэн Бурханы гэрээнүүд нь Эзэн хаан ба харьяат хааны гэрээтэй ижил төстэй байсан гэж үзсэн. Учир нь энэ хоёр гэрээ нь нөхцөл болзол, үүрэг хариуцлага бүхий гэрээнүүд байсан. Харин Ноа, Абрахам болон Давидтай хийсэн Бурханы гэрээнүүд, тэр ч байтугай зарим үзлээр шинэ гэрээг хүртэл Хааны буцалтгүй тусламжтай адил гэж тэд үзсэн. Учир нь энэ нь бүхэлдээ ямар ч нөхцөл болзолгүй, амлалтын гэрээ мөн гэжээ.

Бид библийн зарим гэрээг нь ийнхүү нөхцөл болзолтой, заримыг нь амлалтын гэж үзэх нь тийм ч тохиромжтой биш юм. Хааны буцалтгүй тусламжийн талаарх зарим археологийн олдворт үнэнч байх шаардлага, ерөөл, хараалын тухай тодорхой дурдаагүй гэдэг нь үнэн. Гэвч маш олон судлаачид хэд хэдэн хааны буцалтгүй тусламжийн баримт бичигт энэ мэт нөхцөл шаардлага мөн байсан гэдгийг онцолдог. Тэд мөн Эртний Ойрх Дорнодын хаад харьяат албатууддаа үргэлж дуулгавартай байх нөхцөл, шаардлагыг тавьдаг байсан хэмээн зөв зүйтэй ажиглаж дүгнэсэн байдаг. Тэнгэрлэг гэрээ бүр нь хаан болох Бурхан хийгээд харьяат иргэд болох Түүний ард түмний хоорондын харилцаа холбоог тогтоож өгсөн байдаг. Тиймээс, Бурханы гэрээнүүдтэй холбоотой Библийн бүхий л хэсгүүд нь тэнгэрлэг өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байдал ба ерөөл, хараал бүхий үр дагаврыг шууд болон хүлээсэн байдлаар илэрхийлсэн байдаг.

Заримдаа библийн судлаачид зарим гэрээг нь амлалтын, заримыг нь нөхцөл болзолтой гэрээ гэж үздэг л дээ. Тухайлбал Абрахамд газар нутаг өгнө хэмээсэн нь амлалтын гэрээ. Харин Синай ууланд өгсөн хууль нь нөхцөл болзолтой гэрээ гэдэг. Гэвч үнэндээ Библи болон эртний Ойрх Дорнодын гэрээнүүдийг харвал бүгд л хоёр талт гэрээ байдаг. Хэдий амлалт өгөгдөж байгаа ч энэ нь харилцаагаа цаашид харж хандан, хадгалан хамгаалах гэсэн хүлээлт хариуцлага ч хамт өгөгддөг гэж хэлж болно. Үүнийг бид Бурхан Абрахамд газар өгнө гэсэн гэрээнээс ч харж болно. Ийнхүү амласныхаа дараахан буюу 17, 18-р бүлэгт “Чи Миний өмнө алхаж, хүүхдүүддээ Миний замыг заах болно. Чи зөвт байдал ба үнэнч шударга байдал дотор алхах болно” гэсэн хүлээлт хариуцлага буйг харж болдог. Иймээс Бурхан гэрээгээрээ агуу бэлгүүдийг өгдөг ч Агуу Хаан болох Өөрийг нь тэд хайрлаж, үнэнч байж, хүндлэн мөргөөсэй хэмээн хүсэн хүлээдэг гэсэн үг юм.

- Др. Грегори Р.Пэрри

Бид Бурханы хаанчлал болон Түүний гэрээ хоорондын үндсэн уялдаа холбоог танилцууллаа. Одоо энэ хичээлийн хоёр дахь сэдэв болох Хуучин Гэрээн дэх гэрээнүүдийн түүхийн тухай авч үзэцгээе.

Хуучин Гэрээ нь Христийн биежилтээс өмнө Бурханы хаанчлал энэ дэлхий дээр хэрхэн өсөж хөгжсөөр ирсэн талаарх түүхэн баримтуудыг бидэнд өгдөг. Эхлээд Адам, Ноа, Абрахам, Мосе, Давидын үед, дараа нь мөн шинэ гэрээний үед Бурхан хэлэлцээр байгуулахын тулд түүхэнд илтэд оролцсон болохыг Бичвэр бидэнд илчлэн харуулдаг. Эдүгээ бүх гэрээнүүд нь Бурханы хаанчлалын тэлэлтийг удирдан зохион байгуулахад чиглэгдсэн байдаг. Гэхдээ гэрээ тус бүр түүхийн өөр өөр цаг үед Бурханы хаанчлалд тохирсон бодлогыг онцолсон байдаг юм.

Хуучин Гэрээн дэх тэнгэрлэг гэрээнүүдийн түүхийг тайлбарлах олон арга зам бий. Гэхдээ бид Бурханы гэрээг гурван бүлэгт хуваан үзэх болно. Нэгдүгээрт, Бурханы анхны ертөнц дахины гэрээнүүд. Хоёрдугаарт, Израильтай хийсэн үндэстний гэрээнүүд. Гуравдугаарт, шинэ гэрээ буюу Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн урьдаас зөгнөсөн гэрээ. Энэ нь түүхийн оргил үед гүйцэлдэх учиртай. Эхлээд ертөнц дахины гэрээнүүдэд анхаарлаа хандуулцгаая.

Адам ба Ноатай байгуулсан гэрээ болох “ертөнц дахины” гэрээний тухай ярих үед бид үүнийг Бурхан Израилийг сонгохоос ч өмнө өнө эртний түүхийн цаг үед бүх хүн төрөлхтөнтэй хийсэн гэрээ гэж ойлгодог. Энэ утгаараа бид “Бурхан хэнд өршөөл энэрлээ үзүүлсэн бэ?, Хэн Бурханд үнэнч итгэмжтэй байх үүрэгтэй байсан бэ?, Хэн ерөөл, хараал бүхий үр дагаврыг амсах ёстой байв?” хэмээн асуудаг. Хариулт нь гэвэл: урьд хожид амьдарч байсан хүн бүр юм. Бурханы дүр төрх болсон бүх хүмүүс Түүнтэй гэрээ байгуулсан. Учир нь тэд Адам, Ноа нартай хийсэн гэрээнүүдээр дамжин Түүнтэй холбогджээ.

Тэгэхээр Адам болон Ноатай хийсэн энэ хоёр гэрээ нь хүн төрөлхтөнд гайхалтай амлалтуудыг өгдөг. Эхний амлалт нь Бурхан эмэгтэйн үр, Евагийн удмын нэг болох хүмүүнийг бидний Аврагч болгон илгээнэ гэсэн. Энэ бол Бурхан-хүн болох Есүс Христ юм. Мөн Бурхан Ноад дэлхий ертөнц хэчнээн хорон муу болж, цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр ёр муу болох хэдий ч дахин хэзээ ч Ноагийн үеийнх шиг аймшигт үер, байгалийн аливаа шүүлтээр устгахгүй гэдгээ амласан. Эдгээр нь Адам болон Ноатай хийсэн гэрээнүүд юм. Энэ нь Абрахам, Мосе болон Давидтай хийсэн үндэстний гэрээнүүдээс ч илүү хүн төрөлхтнийг аврах Бурханы илүү өргөн далайцтай үйлс, илүү өргөн хүрээг хамарсан гэрээнүүд болохыг та хараарай.

- Др. Майк Росс

Эдгээр ертөнц дахины гэрээнүүдийг бид он цагийн дарааллаар авч үзэх болно. Ингэхдээ эхлээд Адамтай хийсэн Бурханы гэрээг, дараа нь Ноагийн үеийн гэрээний талаар харна. Тэгэхээр Адамтай хийсэн Бурханы гэрээнээс эхэлцгээе.

Адам дотор хүн төрөлхтөнтэй хийсэн Бурханы гэрээний талаарх түүхэн тэмдэглэл Эхлэл 1–3-р бүлэгт бий. Адам бол анхны хүн байсан гэдгийг бид бүгд мэддэг. Тиймээс үүгээр бид хүн төрөлхтний түүхийн хамгийн эрт үеийг тодорхойлдог. Адамтай хийсэн гэрээний талаарх Библийн сургаал нь Бурхан ба хүн хоорондын харилцааны хамгийн үндсэн, суурь хэм хэмжээний тухай өгүүлдэгт гайхах зүйлгүй юм.

Эхлэл номын эхний гурван бүлэгт "гэрээ" гэдэг үг байдаггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Үүний улмаас зарим Христитгэгчид Бурхан Адамтай албан ёсны гэрээ байгуулсан гэдэгтэй санал нийлдэггүй. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтний төлөөлөгч болох Адамтай анхны гэрээгээ хийсэн гэдгийг гурван баримт бидэнд баттай нотолж өгдөг.

Нэгдүгээрт, тэнгэрлэг гэрээний үндсэн динамик талууд болох өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байдал, ерөөл ба хараал бүхий үр дагавар нь Эхлэл 1–3-р бүлгийн туршид гардаг. Энэ талаар бид хичээлийн төгсгөлд үзэх болно.

Хоёрдугаарт, Бурхан Адамтай гэрээ байгуулсан талаарх нотолгоо нь Хосеа 6:7 дээр гардаг. Энд:

“Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав” гэжээ (Хосеа 6:7).

Энэ хэсэгт Хосеагийн өдрүүдэд Бурханы эсрэг тэрсэлсэн Израильчуудын тэрслэлийг Еден цэцэрлэгт үйлдсэн Адамын нүгэлтэй харьцуулсан байна. Мөн энэ нь Израиль хэрхэн Адамын адил Бурханы гэрээг зөрчин, нүгэл үйлдсэн тухай өгүүлдэг.

Гуравдугаарт, Бурхан Адамтай гэрээ байгуулсан нотолгоо нь Эхлэл 6:18 дээр бий. Энд "гэрээ" гэдэг үг хамгийн анх Библид дурдагдсан байдаг бөгөөд энэ нь бэрит (בְּרִית) гэсэн еврей үг байдаг. Энд Бурхан Ноад хандан хэлэхдээ:

“Харин Би чамтай гэрээ байгуулна…” гэжээ (Эхлэл 6:18).

Энд гэрээг анхлан байгуулахад ашигладаг ердийн нэр томьёог ашиглаагүй байгаа нь тун чухал ач холбогдолтой байдаг. Ердийн үед аливаа гэрээг шинээр байгуулахдаа карат (כָּרַת) буюу шууд утгаараа “хуваах ” гэдэг үгийг ашигладаг байв. Харин энд "байгуулна" гэж орчуулагдсан кум (קוּם) гэдэг ервей үг нь угтаа "батлах" буюу аль хэдийн эхлүүлчихсэн байгаа гэрээг байгуулах гэсэн утгатай юм. Бурхан Ноатай гэрээ байгуулна гэж хэлэхдээ Тэрээр хэдийнээ байгаа гэрээг буюу өмнө нь Адамтай хийсэн гэрээгээ баталгаажуулна гэсэн хэрэг байжээ.

Адамын өдрүүдэд Бурханы хийсэн гэрээ нь Бурхан ба хүн төрөлхтний хоорондох харилцааны хамгийн үндсэн, суурь хэв чанарыг тогтоосон байдаг. Тийм учраас бид үүнийг Бурханы “Суурь гэрээ” гэж нэрлэж болно. Энэхүү гэрээндээ Бурхан бүх хүн төрөлхтний амьдралын суурь загварыг тогтоож өгсөн юм. Адам, Ева хоёр нь Бурханы хаант тахилчийн дүр төрх болон үйлчилж, Түүний хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл түгээхээр томилогдсон. Бурхан тэдний үнэнч байдлыг шалгасан. Тэгээд Тэрээр Өөрт нь дуулгавартай байх аваас агуу ерөөлүүдийг өгнө хэмээн тэдэнд амласан. Гэвч үнэнч бус байдал нь тэднийг Бурханы тэнгэрлэг хараалыг хүртэхэд хүргэсэн билээ. Товчхондоо, Адамтай байгуулсан гэрээ нь Бурханы хаанчлалд бидний гүйцэтгэх үүргийн үндэс суурийг тавьж өгчээ.

Бурханы Адамтай хийсэн гэрээний дараагийн буюу хоёрдох ертөнц дахины гэрээ бол Ноагийн үеийн Бурханы гэрээ юм. Энэ гэрээний талаар олон зүйлийг дурдаж болох ч бид библид онцолсон зарим гол асуудлуудыг л хөндөн ярих болно.

Ноатай хийсэн Бурханы гэрээ нь Бурханы хаанчлалын өнө эрт цаг үед байгуулагдсан. Энэ нь бүх хүн төрөлхтний өмнө тулгардаг хамгийн үндсэн асуудлуудын талаар авч үзсэн байдаг. Ноагийн гэрээний талаар анх үерийн өмнө буюу Эхлэл 6-р бүлэгт, дараа нь үерийн дараа буюу 9-р бүлэгт дахин дурдсан байдаг. Эхлэл 6:18-д Бурхан ийнхүү хэлсэн:

“Харин Би чамтай гэрээг байгуулна. Чи хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт тэр хөвөгч онгоцонд орох болно” гэжээ (Эхлэл 6:18).

Хэрэв Ноа хөвөгч онгоц барьж, түүндээ амьтдыг оруулах аваас Бурхан Ноа болон түүний гэр бүлийг аврах болно хэмээн үерийн өмнө Өөрийн гэрээгээрээ амласан байна. Үерийн дараа Эхлэл 9:9-11-д бид Ноатай хийсэн Бурханы гэрээ шинэчлэгдсэн болохыг хардаг. Энд Бурхан Ноад хандан хэлэхдээ:

“Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна. Бас та нартай хамт байсан... бүх араатан амьтантай байгуулна… Бие махбодтой бүхнийг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй” гэжээ (Эхлэл 9:9-11).

Бурханы гэрээ нь Ноа ба түүний үр удам, мөн хөвөгч онгоцонд байсан бүх “амьд амьтадтай” тийм ч амархан хийгдчихээгүй болохыг харж байна. Бурхан “бие махбодтой бүхнийг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй” хэмээн баталжээ.

Агуу их үер бүхий Бурханы шүүлтийг авчирсан хүн төрөлхтний тэрслэлийн дараа Бурхан Ноатай гэрээгээ байгуулсан байдаг. Гэвч үерийн дараа Бурханы Ноатай байгуулсан гэрээ нь бүтээл дэх тогтвортой байдлыг баталгаажуулсан байдаг. Ийм учраас бид үүнийг Бурханы “тогтвортой байдлын гэрээ” гэж нэрлэж болно. Ноа болон түүний гэр бүлийнхнийг хөвөгч онгоцноос гарах үед Бурхан хүн төрөлхтний гэм нүгэлд автамтгай байдлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээд Тэрээр гэрээгээрээ дамжуулан урт хугацааны стратегийг тогтоожээ. Тийнхүү нүгэлт хүмүүс Түүний хаанчлалын зорилгыг гүйцэлдүүлэх боломжтой болох байлаа. Энэ тухай Эхлэл 8:21-22 дээр өгүүлсэн нь бий. Энд:

“Тэгэхэд Эзэн … “Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй, учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. Газар дэлхий байсан цагт тариа тарих ба ургац хураах, хүйтэн ба халуун, зун ба өвөл, өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно” гэжээ (Эхлэл 8:21-22).

Хаанчлалаа өргөжүүлэн тэлэхийн тулд Бурхан байгаль дэлхийг тогтвортой байлгах болно хэмээн амлажээ. Учир нь ийнхүү нүгэлт хүн төрөлхтөн Түүнд үйлчлэх үйлчлэлээ гүйцэлдүүлэх боломжтой болох юм. Энэхүү ертөнц дахины гэрээ нь Адамтай хийсэн гэрээний адил хаанчлалын үндсэн бодлогуудыг тогтоосон бөгөөд энэ нь бүх газар, бүх хүмүүст хамаатай хэвээр байдаг.

Бид Бурханы үндсэн гол гэрээнүүдийн түүх нь Адам, Ноа хоёртой хийсэн ертөнц дахины гэрээнүүдээр эхэлсэн болохыг үзлээ. Одоо харин бид үндэстний гэрээнүүдийн талаар судлах болно. Эдгээр гэрээнүүд бол Хуучин Гэрээний Израильчуудыг Өөрийн хаанчлалын зорилгын дунд шат руу хөтлөн дагуулахдаа хийсэн Бурханы гэрээ юм.

Бид эхлээд Абрахамтай хийсэн гэрээ, дараа нь Израильтай байгуулсан Мосегийн гэрээ, хамгийн сүүлд нь Давидын гэрээ гээд үндэстний гэрээнүүдийг он цагийн дарааллаар авч үзэх болно. Абрахамтай хийсэн Бурханы гэрээнээс эхэлцгээе.

Абрахам бол Израиль хүн бүрийн өвөг эцэг. Тиймээс Бурхан Абрахамаар дамжуулан анхныхаа үндэстний гэрээг байгуулсан юм. Бид энэ гэрээний талаар Эхлэл 15,17-р бүлгээс тодорхой харж болдог. Тухайн үед “Абрам” гэгддэг байсан Абрахамтай хийсэн Бурханы гэрээний тухай анх Эхлэл 15:18-д дурдсан байдаг. Энд:

“Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж” гэжээ (Эхлэл 15:18).

Энэхүү “гэрээ байгуулж” гэдэг нь шууд утгаараа “гэрээг хуваасан” буюу еврей хэл дээрх карат (כָּרַת) гэдэг үгийг ашигласан байдаг. Өмнө дурдсанчлан, энэ нь аливаа гэрээний харилцааг эхлүүлэхдээ ашигладаг хэвшсэн үг байсан юм. Энэ нь олон жилийн дараа Бурхан өвөг дээдэстэй нь байгуулсан гэрээгээ дахин шинэчлэн, баталгаажуулсан хэрэг байлаа. Энэ талаар Эхлэл 17:1-2 дээр өгүүлсэн нь бий. Энд:

“Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө гэм зэмгүй явж, гэм зэмгүй байгтун. Чи бид хоёрын хооронд Би гэрээ байгуулж чамайг улам өнөр болгоно” гэжээ (Эхлэл 17:1-2).

Энэ бол Абрахамтай хийсэн хоёр дахь эсвэл өөр нэгэн гэрээ биш юм. Харин ч Бурхан Абрахамтай байгуулсан гэрээгээ “батална” гэж хэлжээ. "Батлах" гэдэг нь кум ( קוּם ) гэдэг еврей үйл үг байдаг. Энэ нь Эхлэл 6:18 дээрх Бурхан Ноатай хийсэн гэрээндээ Адамтай хийсэн гэрээгээ баталгаажуулж, байгуулсантай ижил илэрхийлэмжтэй байдаг.

Бурхан гэрээнийхээ тухай дурдах бүрдээ "Абрахамтай байгуулсан Миний гэрээ" гэдэг. Тэр хэзээ ч нэгээс илүү гэрээг дурддаггүй. Тэр ч байтугай Исаак, Иаковтай хоёртой хийсэн гэрээгээ дахин батлахдаа ч "Абрахамд амласан амлалтаа" дурдсан байдаг. Энэ нь бүхий л гэрээг төлөөлөх гэрээ болдог байсан бөгөөд үүнд Эхлэл 12, 15, 17, 22-р бүлэг дээрх бүх амлалтууд ордог. Мөн Петр Пентекостын үеэр үүнтэй төстэй үг хэлсэн байдаг. Тиймээс Библид нэгээс олон гэрээ байгаа гэж хэн нэгэн бодож болохгүй гэж Бичвэр үздэг. Тэгэхээр бусад тайлбар нь бага зэрэг хүчилсэн болчихдог гэж би боддог. Учир нь бүхий л баримт нотолгоо нь Бурхан зөвхөн Абрахамтай ганц л гэрээ хийсэн гэдэг ойлголт руу аяндаа хөтөлдөг юм.

- Др. Жеффри Ж. Ниехаус

Абрахамтай байгуулсан гэрээ нь түүний үр удмыг хүн төрөлхтний бусад хүмүүсээс ялгаж өгсөн байдаг. Энэхүү гэрээгээрээ Бурхан Израилийг Өөрийн хаанчлалыг дэлхий даяар тэлэх үүргийг удирдуулахаар сонгосон. Абрахамын үр удам Амлагдсан газрыг эзэмшинэ. Тэдний тоо өсөн нэмэгдэх болно. Мөн тэд Бурханы хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл тэлнэ. Ийм учраас Абрахамын гэрээг Израильд өгсөн Бурханы амлалтын гэрээ буюу “Израилийн сонголтын гэрээ” гэж тодорхойлж болдог. Энэ тухай Эхлэл 15:18-д өгүүлсэн байдаг. Энд:

“Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж, “энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ” гэдэг (Эхлэл 15:18)

Мөн Эхлэл 17:2-т хэлэхдээ:

“Чи бид хоёрын хооронд Би гэрээ байгуулж чамайг улам өнөр болгоно” гэжээ (Эхлэл 17:2).

Абрахамтай байгуулсан Бурханы гэрээ нь Түүний сонгосон ард түмэн болох Израильд хандсан хаанчлалын зорилгыг тогтоосон.

Бурхан Абрахамтай гэрээ байгуулсныхаа дараа өөр нэг үндэстний гэрээг байгуулсан. Энэ бол Израильтай байгуулсан Мосегийн гэрээ юм.

Мосегийн үед хийгдсэн Израилийн гэрээ нь Абрахамтай байгуулсан Бурханы гэрээтэй огтхон ч зөрчилддөггүй гэдгийг бид ойлгох нь чухал. Мосе Абрахамтай байгуулсан Бурханы гэрээний эсрэг өөр нэг гэрээ байгуулчихлаа гэж өөрийгөө бодоогүй. Харин ч эсрэгээрээ тэрээр Абрахамтай байгуулсан гэрээг хаанчлалын ажлынхаа үндэс болгон байнга сануулдаг байв. Мосе Израиль үндэстний төлөө Бурханаас гуйхдаа юу гэснийг хамтдаа харцгаая. Тэрээр Гэтлэл 32:13 дээр хэлэхдээ:

“Абрахам, Исаак, Израиль хэмээх зарц нараа санаач. Та тэдэнд Өөрийгөө тангараглан "Би үр удмыг чинь тэнгэрийн од шиг олшруулж, амласан бүх газраа үр удамд чинь өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно” гэжээ (Гэтлэл 32:13).

Эндээс бид Мосетэй хийсэн үндэстний гэрээ нь Абрахамтай байгуулсан гэрээг орлох цоо шинэ гэрээ биш байсныг харж байна. Харин ч энэ нь Бурханы Абрахамтай байгуулсан сонголтын гэрээн дээр баригдаж, үргэлжилсэн байгаа юм.

Бид Бурхан Мосегийн үед Израильтай гэрээ байгуулсан тухай Гэтлэл 19–24-р бүлгээс олж харсан. Бид мөн энэхүү гэрээг Египетээс гарч явсан ард түмний хоёр дахь үеийнхэнтэй дахин шинэчлэн байгуулсан болохыг Дэд хууль номоос харж болдог. Бурхан Израилийн арван хоёр овгийг Синай уулын бэлд цуглуулахдаа тэднийг агуу үндэстэн, улс төрийн хувьд нэгдмэл ард түмэн болгон байгуулсан юм. Мэдээжийн хэрэг Мосегийн цаг үеэс өмнө Бурханы ард түмэнд зориулсан дүрэм заавар, хуулиуд гэж байсан. Гэхдээ шинээр бүрэлдэж буй үндэстэн адил Израилийн нэн чухал хэрэгцээ бол тэднийг удирдах хуулийн тогтолцоо, бүрэн цогц дүрэм заавар байлаа. Иймээс Мосетэй байгуулсан гэрээг Бурханы “хуулийн гэрээ” гэж нэрлэх нь зүйтэй. Үнэн хэрэгтээ Мосегийн гэрээ нь хуулийг маш их онцолсон байдаг тул Израилийн ард түмэн энэхүү гэрээнд орохдоо Бурханы бүх хуулийг сахих амлалт өгсөн байдаг. Энэ тухай Гэтлэл 19:7-8 дээр өгүүлдэг. Энд:

“Тийнхүү Мосе ирж ... өөрт нь ЭЗЭНий тушаасан энэ бүх үгийг тэдэнд хэлэв. Бүх ард түмэн нийтээрээ “ -ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв” гэжээ (Гэтлэл 19:7-8).

Тиймээс Израиль үндэстэнтэй байгуулсан хоёр дахь гэрээ нь Мосетэй хийсэн гэрээ гэдгийг буюу тухайн цаг үед энэ үндэстэнд зайлшгүй хэрэгтэй байсан Бурханы хуулийг онцолсон гэрээ байсныг бид харж байна.

Ингээд бид Абрахам болон Мосетэй хийсэн Бурханы гэрээний тухай үзлээ. Одоо бид Хуучин Гэрээн дэх Израиль үндэстний сүүлчийн гэрээнд анхаарал хандуулцгаая.

Израиль бүрэн эрхт хаант улс болох үед Бурхан Давид хаантай гэрээ байгуулсан байдаг. Давидтай байгуулсан Бурханы энэхүү гэрээ нь Синай уулан дээр байгуулсан Бурханы гэрээтэй ч мөн зөрчилддөггүй. Харин ч Мосетэй байгуулсан гэрээн дээр тулгуурлан, үргэлжлүүлсэн байдаг. Давидад өгсөн Бурханы амлалтууд нь Мосегийн хуульд үнэнч байхаас шалтгаалах тухай 2 Шастир 6:16 дээр Соломон хаан тодорхой хэлсэн байдаг. Энд тэрээр:

“Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН, Та Өөрийн царц миний эцэг Давидад “чи Миний өмнө явсны адил хэрэв чиний хөвгүүд Миний хууль дотор явахын тулд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилийн сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү” гэжээ (2 Шастир 6:16).

Давидтай байгуулсан Бурханы энэхүү гэрээ нь Давидын хаант угсаанд төвлөрсөн харагдаж байгаа ч Давидын гэр “[Бурханы] хууль буюу Мосегийн хууль” дотор алхах ёстой байлаа.

Ер нь Бурхан энэхүү гэрээг Давидын хаанчлалын оргил үед хийгдсэн хэмээн библи тайлбарлагчид үздэг. Энэ тухай 2 Самуел 7-р бүлэгт өгүүлдэг. Хэдийгээр энэ бүлэгт “гэрээ” гэдэг үгийг ашиглаагүй ч Бурхан Давидтай гэрээ байгуулсан тухай хэд хэдэн хэсэгт тодорхой дурдсан байдаг. Зөвхөн нэг л жишээ дурдахад Дуулал 89:3-4-р эшлэлд Бурхан Давидад амлалт өгсөн байдаг. Энд:

“Би сонгосон нэгэнтэйгээ гэрээ байгуулсан. Би Өөрийн зарц Давидад тангарагласан. Би чиний үрийг мөнхөд тогтоож, хаан ширээг чинь бүх үеийнхэнд байгуулна гэсэн” гэжээ (Дуулал 89:3-4).

Бид Давидын гэрээ нь Израилийн хаан ширээний тухай байгааг харж байна. Бүр тодруулбал, Давидын гэрийг Израилийн “бүх үеийнхэнд” мөнхийн хаант угсаа болгон тогтоожээ.

2 Самуел 7-р бүлэгт гарч буй Давидад өгсөн Бурханы амлалт нь золилтын түүхэн ач холбогдолтой байдаг. Энэ бол аврал золилтын түүхийн талаарх ойлголтыг ерөнхийд нь өгдөг үндсэн гол бүлэг юм… Энэ бүлгээс бид Давидын гэрээ гэгддэг гэрээг харж болно. Энэ гэрээ бол Аврагч нь Давидын Хүү байх болно гэсэн Аврагчийн талаарх шинэ үзэл санааг харж болдог маш чухал гэрээ юм. Бичвэрт "Давидын Хүү" гэдэг хэллэг нь энгийн нэг нэр биш байдаг. Та “Давидын Хүү” гэдэг үгийг харах бүртээ “хаан” гэдэг үгийг санах хэрэгтэй. Давид хаан байсан бөгөөд энэ бүлэгт Бурхан Өөрийнх нь Хүү хаанчлалын хаан сэнтийд үүрд мөнхөд суух болно гэж амласан. Тэгэхлээр Давидын үр удмын нэг нь Давидын хаан сэнтийд үүрд мөнх залрах ёстой байлаа.

- Ноён Шериф Атеф Фахим, орчуулга

Давидыг Бурханы ард түмний хаан болоход Бурхан Давидын гэрийг Израилийг мөнхөд захирах удам болгон хаанчлалаа улам тэлсэн юм. Тэр цагаас эхлэн Давидын гэр бүлийн үнэнч засаглалаар дамжуулан Израиль нь Бурханы хаанчлалыг дэлхийн хязгаар хүртэл тэлэх үүргээ биелүүлэх ажээ. Ийм учраас бид Давидын гэрээг Бурханы “хаанчлалын гэрээ” гэж нэрлэж болно.

Энэ хүртэл бид Бурханы ертөнц дахины болон үндэстний гэрээнүүдийн түүхийг үзчихээд байна. Одоо бид шинэ гэрээ буюу Бурхан Өөрийн хаанчлалын төгсгөл үед байгуулна хэмээн Хуучин Гэрээний эш үзүүлэгчид урьдаас хэлж байсан тэрхүү гэрээний тухай үзэх болно.

Ихэнх евангелийн Христитгэгчид энэхүү шинэ гэрээний талаар Бичвэр юу өгүүлдгийг мэддэг. Учир нь энэ бол Шинэ Гэрээний Бичвэрийн амин чухал сургаал юм. Гэвч бидний олонх нь энэ гэрээний талаарх Шинэ Гэрээний Бичвэрүүдэд өгүүлж буй зүйлс нь Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн эш үзүүллэгт тулгуурласан гэдгийг ойлгодоггүй. Тэдний бодлоор энэхүү гэрээ нь Библийн бүх гэрээнүүдийн биелэл гэж үздэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Мессиагаар дамжуулан хаанчлалын зорилго бүрэн гүйцэлдэхэд Бурхан хэрхэн удирдан дагуулах талаар тусган харуулдаг.

Хэд хэдэн эш үзүүлэгчид цөллөг дууссаны дараа Израилийн болон Иудагийн гэрийн үнэнч үлдэгсэдтэй Бурхан гэрээгээ байгуулна хэмээн зөгнөсөн байдаг. Мөн тэр үед Бурханы хаанчлал Мессиагаар дамжин дэлхийн хязгаар хүртэл тархах болно гэжээ. Энэхүү “шинэ гэрээний” талаар Иеремиа 31:31-д өгүүлсэн байдаг. Энд:

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна” гэжээ (Иеремиа 31:31).

Езекиел 37:26 болон өөр хэд хэдэн газарт эш үзүүлэгч Езекиел мөнхийн “энх тайвны гэрээ” хэмээн үүнтэй нэг ижил гэрээний тухай дурдсан байдаг. Энд:

“Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулна. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ болно. Би тэднийг байрлуулж, олшруулж, ариун газраа тэдний дунд мөнхөд байлгана” гэдэг (Езекиел 37:26).

Мөн 1 Коринт 11:25-дээр Паул Коринтчуудад Эзэний зоогийн үеэр Есүсийн хэлсэн үгийг сануулахдаа энэхүү мөнхийн энх тайвны шинэ гэрээ нь Христ дотор биелсэн гэж хэлсэн болохыг бүх Христитгэгчид мэддэг. Энэ нь:

“Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн байдаг (1 Коринт 11:25).

Бурхан Христ доторх энэхүү шинэ гэрээгээр дамжуулан Шинэ Гэрээний цаг үед хаанчлалаа удирддаг. Өмнөх гэрээнүүддээ Бурханы хийсэн бүхнийг Христ гүйцэлдүүлсэнтэй адил шинэ гэрээ нь Бурханы хүмүүсийг удирдан захирдаг юм. Ийм учраас үүнийг Бурханы “биелэлтийн гэрээ” гэж хэлэх нь тохиромжтой.

Энэхүү биелэлтийн гэрээ нь Бурхан цөллөгөө дуусгаж, хаанчлалаа дэлхийн хязгаар хүртэл түгээх үед ард түмнийг удирдах ёстой гэрээ байв. Шинэ гэрээ бол Өөрийн хүмүүсийг өршөөгдсөн, золигдсон үндэстэн болгон хувьсган өөрчлөх Бурханы амлалт юм. Ийнхүү тэд Түүнд ямар ч уналт бүтэлгүйтэлгүйгээр үйлчлэх бүрэн дүүрэн хүчийг олох ажээ. Уг золилтын талаар Иеремиа 31:31-34-р эшлэлд дүрслэн өгүүлсэн нь бий. Энд:

ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна... Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршлөө, ах дүүдээ “Эзэнийг мэд” гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж Эзэн тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана” гэжээ (Иеремиа 31:31-34).

Бид Христ Бурханы хаанчлалын эцсийн шатыг гурван үе шаттайгаар гүйцэлдүүлдэг болохыг үргэлж санаж байх ёстой. Тэрээр үүнийг дэлхий дээрх Өөрийн үйлчлэл, Ариун Сүнсний асгарал, элч нарын үйлсээрээ дамжуулан эхлүүлсэн. Энэ нь чуулганы түүхийн туршид үргэлжилдэг. Тэгээд Христ алдар дотор эргэн ирэхэд бүрэн төгс болох юм. Тэр өдөр л Христ доторх шинэ гэрээ нь Бурханы гэрээнүүдийн бүх түүхийн бүрэн биелэл байх болно. Энэ нь Адам, Ноа, Абрахам, Мосе, Давидын гэрээний ард буй Бурханы зорилгыг биелүүлэх ажээ.

Еврей 8-р бүлэгт шинэ гэрээ байгуулах тухай өгүүлдэг. Энэ нь угтаа цоо шинэ гэрээ биш юм л даа. Энэхүү гэрээг Хуучин Гэрээнд амласан байдаг. Үнэн хэрэгтээ бичээч энд Иеремиа 31 дээрх шинэ гэрээний талаарх амлалтаас эш татсан юм. Бурхан Синай уулан дээр Израильтай гэрээ байгуулсан боловч нэг л өдөр тэд гэрээг зөрчинө гэдгийг Бурхан хэлсэн байдаг. Тэрээр мөн нэг л өдөр шинэ гэрээг дахин байгуулах бөгөөд үүнд нь чулуун хавтан дээр бичигдсэн хууль байхгүй байх болно хэмээн амласан. Энэ нь бидний зүрх сэтгэлд хууль бичигдсэн байх тухай байлаа ... Тийнхүү Иеремиа 31 дэх шинэ гэрээний амлалт биелчхээд байгаа талаар л Еврей номын бичээч яриад байсан юм шүү дээ. Энэхүү биелэлтийн амлалтын улмаас л Бурханы аврал нь одоо зөвхөн Израильчуудад төдийгүй хаа сайгүй бүхий л үндэстэнд хүрч байгаа юм. Тиймээс , зохиогчийн хэлснээр энэ бол Бурханы зорьсон зүйл, энэ бол амлалтуудын биелэл юм.

Др. Марк Л. Штраусс

Бид Бурханы хаанчлал ба гэрээнүүдийн хоорондын уялдаа холбоо болон Бурхан гэрээнүүдийн түүхийн туршид хаанчлалаа хэрхэн тэлсээр байсан тухай авч үзлээ. Харин одоо бид гурав дахь сэдэв болох гэрээнүүдийн динамик талуудыг судалцгаая.

Бидний өмнө үзсэнчлэн зарим тайлбарлагчид аливаа бүх тэнгэрлэг гэрээнүүдэд хааны өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байдал, ерөөл ба хараал бүхий үр дагавар байдаг гэдгийг үгүйсгэсэн байдаг. Хуучин Гэрээн дэх гэрээ тус бүрийн талаарх библийн хүүрнэлүүд нь өөр өөрийн онцлог шинж чанартай байдаг нь үнэн. Бид Хуучин Гэрээний түүхийн библийн дүрслэлийг өргөн утгаар нь харвал Бурханы ард түмэнтэйгээ харилцаж байсан харилцааны динамик талууд нь гэрээ бүр байнгын удирдамжтай байсаар ирснийг харуулдаг.

Адамын гэрээ нь дэлхийн үүслийн эхэн үед бий болсон тодорхой үндсэн хэв шинжийг тусгасан байдаг. Ноагийн гэрээ нь байгалийн тогтвортой байдлыг онцолсон. Абрахамын гэрээ нь Бурханы амлалт ба сонголтыг чухалчилдаг. Мосегийн гэрээ нь Бурханы хуульд онцгой анхаарсан байдаг. Давидын гэрээ нь Бурханы тусгайлан сонгосон хаант угсаа болох Давидын угсааг цохон тэмдэглэдэг. Мөн Христ доторх шинэ гэрээ нь биелэлтийг онцолдог ажээ.

Гэвч эдгээр онцлог байдлууд нь гэрээний талаарх бүхий л ойлголтыг тайлбарлаагүй байдаг. Тэдгээр нь зөвхөн тодорхой зүйлсийг л хөнддөг. Гэрээний дагуу амьдрах талаар бүрэн зураглалыг харахын тулд бид Бурхантай хийсэн гэрээнд эдгээр онцлох зүйлсээс гадна илүү олон зүйлс холбоотой байдгийг ойлгох хэрэгтэй. Бурхантай гэрээний харилцаанд байна гэдэгт Бурханы өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байх шаардлага, ерөөл ба хараал бүхий үр дагавар ордог.

Ийнхүү хэллээ гээд гэрээний динамик талууд нь механикаар ажилладаг хэмээн бодож болохгүй. Яг л Бурханы гэрээний динамик талуудын хэрэгжилт нь үргэлж л урьдчилан хэлэх боломжтой байсан мэтээр үзэхгүй байх нь чухал гэсэн үг юм. Харин Бурхан хувь хүн, бүлгүүд болон хүн төрөлхтөнтэй бүхэлд нь харилцахдаа хааны бүрэн эрх мэдлээ байнга хадгалсаар ирсэн. Тэрээр хаанчлалынхаа агуу зорилгыг биелүүлэх замаар гэрээнүүдийн динамик талуудыг хэрэгжүүлэхдээ хааны энэхүү эрхээ ашигласан. Тэрээр тохиромжтой гэж үзсэн цагтаа өршөөл энэрлээ үзүүлсэн байдаг. Тэрээр хааны мэргэн ухааныхаа дагуу үнэнч байх тодорхой хэм хэмжээг онцолсон. Тэрээр ерөөл ба хараалыг Өөрийн үнэлэмжээр хэмждэг байв.

Бурхан яагаад зарим хүмүүст өршөөл энэрлээ үзүүлж, бусдад нь өршөөлгүй хадсаныг бид ойлгон ухаарах боломжгүй юм. Тэрээр яагаад зарим хүмүүсийн үнэнч байдлыг хэмжихдээ харилцан адилгүй авч үзсэнийг ойлгоход бэрх. Мөн Бурхан яагаад зарим хүмүүст ерөөлийг, зарим дээр нь хараалыг буулгаж байсныг ч бид заримдаа тайлбарлах боломжгүй байдаг. Хуучин Гэрээний бичээчид Бурхан яагаад ийм байдлаар Өөрийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн талаар олонтоо тайлбарладаг. Зарим тохиолдолд тэд ийнхүү тайлбарладаггүй. Хэдий ийм байлаа ч Бурхан бол сайн бөгөөд Түүний мэргэн ухаан биднийхээс хавь илүү гэдгийг бид мэднэ. Тиймээс бид Түүнтэй хийсэн гэрээн дэх үндсэн динамикуудыг Тэрээр хэрхэн зохицуулсныг даруугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

Бурханы гэрээний динамик талууд нь Хуучин Гэрээнд хэрхэн шингэснийг олж нээхийн тулд бид Хуучин Гэрээний гэрээ тус бүрийг товчхон авч үзэх болно. Нэгдүгээрт, бид өнө эртний ертөнц дахины гэрээнүүдийг авч үзнэ. Хоёрдугаарт, Бурханы Хуучин Гэрээний Израильчуудтай байгуулсан үндэстний гэрээнүүдийг. Гуравдугаарт, бид Христ доторх шинэ гэрээг харах болно. Эхлээд ертөнц дахины гэрээн дэх динамик талууд харцгаая.

Өнө эртний түүхэнд Бурхан Адамтай суурь гэрээг, Ноатай байгалийн тогтвортой байдлын гэрээг байгуулсан гэдгийг та санаж байгаа байх. Гэвч Бурхан Адамтай дан ганц хаанчлалын үндэс суурийг тавихын тулд харилцаагүй. Түүнчлэн Ноагийн гэрээнд хүн төрөлхтөн ба Бурханы хоорондын харилцаа нь байгалийн тогтвортой байдлаас хамаагүй илүү утга учиртай байлаа. Бүх тэнгэрлэг гэрээнүүдийн нэгэн адил Бурхан тэнгэрлэг өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байдал, дуулгавартай ба дуулгаваргүй байдлын үр дагавар бүхий динамик талуудаар дамжуулан гэрээгээ удирдаж байсан юм.

Эдгээр нь ертөнц дахины гэрээнүүдэд хэрхэн үнэн тусгалаа олсон болохыг товчхон харцгаая. Ингэхдээ эхлээд Адамтай, дараа нь Ноатай хийсэн гэрээг авч үзэх болно. Адамаас эхэлцгээе.

Юуны өмнө Бурхан анхны эрэгтэй, эмэгтэй хүмүүст нүгэл үйлдэхээс нь ч өмнө өршөөл энэрлээ арвин ихээр үзүүлсэн байдаг. Тэрээр хэлбэр дүрсгүй байсан энэ дэлхийг хүн төрөлхтөнд зориулж эмх цэгцэд оруулж бэлтгэсэн. Тэгээд тэр гайхамшигтай цэцэрлэг байгуулж, Адам Ева хоёрыг тэнд байрлуулав. Өдрөөс өдөрт Бурхан өсөн тэлж буй хүн төрөлхтний дээр бүхий л төрлийн давуу эрхээ соёрхсон бөгөөд гэм нүглийн уналтаас хойш ч ийнхүү үйлдсээр байв.

Библийн бүх гэрээнүүд нь Бурханы өршөөл энэрлийг хэд хэдэн байдлаар харуулдаг. Үүнийг харж болох энгийн нэг арга бол Өөрийнх нь үүрэг хариуцлага биш атал Бурхан Өөрийн хүмүүстэй харилцаа тогтоохоор Өөрөө шийдсэн явдал юм ... Мөн Бурхан ард түмнээ баяр жаргалтай байлгах олон ерөөлүүдийг тэдэнд өгснөөс Түүний тэнгэрлэг өршөөл энэрэл илэрхий харагддаг. Адам, Ева хоёрын хувьд анхны гэрээндээ Эзэн Өөрийн бүтээсэн бүхнээ тэдний мэдэлд өгсөн явдал нь Түүний тэнгэрлэг өршөөл энэрлийг бидэнд харуулдаг.

- Др. Дэвид Корреа, орчуулга

Хоёрдугаарт, Адамтай байгуулсан гэрээ нь хүмүүний үнэнч байдлыг мөн шаарддаг. Бурхан Адам, Ева хоёрыг Өөрийнх нь дүр төрх болж үйлчлэхийг хүссэнээс гадна тэдний үнэнч байдлыг сайн мууг мэдэх мэдлэгийн модоор шалгасан байдаг. Энэ тухай Эхлэл 2:16-17-р эшлэлд өгүүлсэн нь бий. Энд:

“Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй” гэжээ (Эхлэл 2:16-17).

Адам Ева хоёр энэ сорилтыг давж чадалгүй унасан боловч Бурхан тэдэнд болон тэдний үр удамд нь үнэнч байх шаардлагаа үргэлжлүүлэн тавьсаар байлаа.

Гуравдугаарт, Адам, Ева хоёр дуулгавартай болон дуулгаваргүй байдлынхаа үр дагаврыг амссан. Хэрэв тэд үнэнч бус байж, хориотой модны жимснээс идэх аваас хараал дор зовлон амсах болно хэмээн Бурхан тодорхой хэлсэн юм. Эхлэл 2:17-д Бурхан хэлэхдээ:

“Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ!” гэжээ (Эхлэл 2:17).

Хэрэв Адам, Ева хоёр энэ шалгалтыг Бурханы тушаалд дуулгавартай байж даван гарсансан бол агуу ихээр ерөөгдөх байлаа.

Адамын амьдрал нь Бурхантай хийсэн гэрээний бүх динамик талуудыг харуулдаг юм. Эхлэл номоос бидний мэддэгчлэн Адам Ева хоёрт үнэн байсан зүйлс Бурханы Адамтай хийсэн гэрээний дор буй бүх үеийнхэнд ч өдрөөс өдөрт үнэн хэвээр байна. Түүхийн цаг хугацааны туршид Бурхантай хамт алхах амьдралд тэнгэрлэг өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байдал, үр дагаврууд цөм багтсан хэвээр байгаа юм.

Адамтай хийсэн ертөнц дахины гэрээнээс гадна Ноа болон бусад гэрээний хүмүүс ч мөн адил эдгээр гурван талт динамикийн хүрээнд Бурханы өмнө амьдарч байжээ.

Нэгдүгээрт, Бурханы өршөөл энэрэл л Ноатай гэрээ байгуулах замыг бэлтгэсэн. Бурхан зөвт шүүлтээрээ хүн төрөлхтнийг устгахаар шийдэхдээ Ноа болон түүний гэр бүлийг ч аврахаар шийдсэн юм. Энэ талаар Эхлэл 6:8 дээр бичсэн байдаг. Энд:

“Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ” гэдэг (Эхлэл 6:8).

Бурхан Ноа болон түүний гэр бүлд өршөөл энэрлээ арвин ихээр соёрхжээ. Энэ мэт өршөөл энэрэл нь Ноагийн өдрүүдээс хойш түүний үр удамд нь ч үргэлжилсэн.

Хоёрдугаарт, Бурхан мөн Ноагаас үнэнч байдлыг хүссэн. Тэрээр түүнд хөвөгч авдар барьж, амьтдыг цуглуул хэмээн тушаажээ. Ноатай байгуулсан гэрээ нь түүнд өгсөн үүрэг хариуцлагатай нь нягт холбоотой байгааг бид харж болно. Энэ тухай Эхлэл 6:18-19-р эшлэлд бий. Энд:

“Харин Би чамтай гэрээгээ байгуулна. Чи хөвгүүд эхнэр бэрүүдтэйгээ хамт тэр хөвөгч онгоцонд орох болно ... бие махбодтой амьтан бүхнээс эр, эмийг хосоор нь тэрхүү хөвөгч онгоцонд аваачиж оруул” гэжээ (Эхлэл 6:18-19).

Ноа өөрийн гэр бүлийн хамт хөвөгч авдарт орж, амьтдыг амьд үлдээхийн тулд тэднийг ч мөн авч оруулснаараа тэнгэрлэг Хаандаа үнэнч байдлаа харуулах үүрэгтэй байлаа. Үерийн дараа ч гэсэн Эхлэл 9:7-д Бурхан Ноа болон түүний үр удмыг Өөрийн дүр төрх болж, хүн төрөлхтний үүргийг гүйцэтгэ хэмээн дуудсан ажээ. Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ:

“Та нар харин өсөн үржиж, өнөр олон болтугай! Газар дэлхийг дүүргэж, түүн дээр олширтугай” гэжээ (Эхлэл 9:7).

Бурхан Ноа болон түүнээс хойших үеийнхнийг нь ч Өөрт нь үнэнч бай хэмээн дуудсаар байжээ.

Гуравдугаарт, Ноагийн гэрээний үед ч хүмүүний дуулгавартай болон дуулгаваргүй байдлын үр дагавар байсаар байв. Ноа өөрөө Бурханд үнэнч итгэмжтэй байсан. Тиймээс үерийн дараах өргөл тахилыг Бурхан таалан хүлээн авч, түүнд тогтвортой аюулгүй ертөнцийг ерөөл болгон өгөхөө амлав. Энэ талаар Эхлэл 8:20-21-ээс хамтдаа харцгаая. Энд:

“ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа “Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахиж хэзээ ч устгахгүй" гэжээ (Эхлэл 8:20-21).

Гэвч Бурхан мөн үерийн дараа ч Өөрийнх нь эсрэг аливаа тэрслэлийн үр дагаварт аймшигт хараал хэвээр буйг тодорхой болгодог. Жишээ нь, Эхлэл 9:6-д Бурхан алуурчдын дээр ирэх хараалын талаар хэлсэн. Энд:

“Хүний цусыг хэн урсгана түүний цусыг хүн урсгана” гэжээ (Эхлэл 9:6).

Эхлэл номд олон янзаар харуулсанчлан, гэрээний бүхий л динамик талууд бүхэлдээ Ноагийн гэрээний хүн бүрийн амьдралд ч нөлөөлсөөр иржээ.

Бурханы гэрээнүүдийн динамик талууд нь дан ганц өнө эртний ертөнц дахины гэрээнүүдийн үеийн амьдралыг тодорхойлоод зогсдоггүй. Тэд мөн Бурханы Израильтай хийсэн үндэстний гэрээнүүдийн үед ч Бурханы өмнө амьдрах амьдралыг хэлбэршүүлсэн юм.

Абрахамын гэрээ нь Израилийг сонгосон тухай болон амлалтыг онцолдог. Мосегийн гэрээ нь хууль өгөгдсөн болохыг, харин Давидын гэрээ нь түүний мөнхөд үргэлжлэх удам угсааг тус тус онцлон тэмдэглэдэг. Гэвч Абрахамын гэрээний үеийн амьдрал нь Израилийн сонголт ба амлалтаас ч илүү зүйлст хөтлөн дагуулсан байдаг. Мосегийн гэрээний цаг үе нь зүгээр нэг хууль өгөгдсөн гэдгээс хамаагүй илүү ач холбогдолтой. Мөн Давидын гэрээний үед Бурханы Өөрийн ард түмэнтэйгээ харилцах харилцаа нь Давидын удам угсаанаас ч илүү чухал байв. Өмнөх гэрээнүүдийн нэгэн адил үндэстний гэрээ тус бүр нь тэнгэрлэг өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байдал, ерөөл ба хараал бүхий үр дагавраас бүрддэг.

Бид эдгээр үндэстний гэрээг дарааллынх нь дагуу дахин нэг удаа авч үзэх болно. Нэгдүгээрт, Абрахамтай байгуулсан гэрээ. Хоёрдугаарт, Мосетэй хийсэн гэрээ. Гуравдугаарт, Давидтай байгуулсан гэрээ. Ингээд хамтдаа Абрахамын гэрээнээс эхэлцгээе.

Юуны түрүүнд Бурхан Абрахамд өршөөл энэрлээ арвин ихээр цутган өгсөн байдаг. Жишээ нь л гэхэд Бурхан Абрахамыг Канаан руу яв хэмээн дуудсанаараа Өөрийн агуу их хайр тааллаа илтгэн харуулсан юм. Энэ талаар Эхлэл 12:2-т Бурхан Өөрөө ийнхүү хэлсэн. Энд:

“Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно.Чи тэгээд ерөөл болтугай!” гэжээ (Эхлэл 12:2).

Бурхан Абрахамын амьдралынх нь туршид өршөөл нигүүлслээ үзүүлжээ. Тэр түүний нүглийг уучилж, зөвд тооцож, зовлон зүдүүрээс хамгаалсан. Тиймээс энэ өршөөл нигүүлсэл нь Абрахамтай байгуулсан Бурханы гэрээн дор буй түүний бүхий л үр удамд ч мөн үнэн хэвээр үргэлжилсэн байдаг.

Хоёрдугаарт, Бурхан мөн Абрахамаас үнэнч байхыг шаардсан. Тухайлбал, Бурханы анхлан санаачилсан тэрхүү дуудлагад ч гэсэн Абрахам дуулгавартай байх шаардлагатай байжээ. Эхлэл 12:1-р эшлэл дээр Бурхан түүнд ийнхүү тушаасан. Энд:

“Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч, чамд Миний харуулах нутаг руу явагтун” гэжээ (Эхлэл 12:1).

Бурхан Абрахамаас эх нутгаа орхиж, урьд хожид хэзээ ч харж байгаагүй газар руу яв хэмээн айлдсан. Энэ бол гэрээний шаардлага байлаа. Эхлэл 17:1-2-т Бурхан Абрахамд гэрээгээ батлахдаа үнэнч байх ёстойг сануулсан юм. Энд:

“Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун. Чи бид хоёрын хооронд Би гэрээгээ байгуулж, чамайг улам өнөр болгоно” гэжээ (Эхлэл 17:1-2).

Уг гэрээний харилцаанд ийнхүү үнэнч байх шаардлага тавигддаг гэдгийг олон Христитгэгчид олж харж чаддаггүй. Бурхан Абрахамаас болон гэрээний дор буй бүх үр удмаас нь дуулгавартай байхыг дахин дахин шаардсан байдаг.

Хэрэв та Абрахамын Бурхантай харилцах харилцааг харвал энэ нь Бурхан бүрэн эрхт байдлаараа анхлан санаачилсан харилцаа байдаг. Эхлэл 15-р бүлэгт Бурхан гэрээний хувьд Өөрийн талаас үүрэх гэрээний хараалыг амьтдыг хуваахдаа тэдэн дээр буулгаж энэ харилцааг лацадсан. Харин энэ нь Абрахамд тавигдах нөхцөлийг үгүй болгоогүй юм. Тиймээс Бурханы тушаалуудад дуулгавартай байх буюу энгийнээр хэлбэл Бурханы тушаал зааварт "итгэмжтэй” байж, Эзэнд итгэх итгэлдээ тууштай байх нь гэрээнүүдийн ерөөлийг амсах түлхүүр юм шүү дээ.

- Хүндэт Майкл Ж.Глодо

Гуравдугаарт, Абрахам дуулгавартай ба дуулгаваргүй байдлынхаа үр дагаврыг зайлшгүй амсана гэдгийг Бурхан маш тодорхой хэлсэн. Эхлэл 17:1-2-р эшлэлийг дахин нэг удаа сонсоцгооё. 1-р эшлэлд Бурхан Абрахамд хандан:

“Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун” гэжээ (Эхлэл 17:1).

Тэгээд 2-р эшлэлд нь Тэрээр:

“Чи бид хоёрын хооронд Би гэрээгээ байгуулж, чамайг улам өнөр болгоно” гэсэн байна (Эхлэл 17:2).

Абрахамын үр удам өсөн үржих нь түүний дуулгавартай байдлын ерөөлийн үр дүн байх болно гэдгийг Бурхан тодорхой хэлсэн. Үүнчлэн мөн Бурханд үнэнч бус байх нь аймшигт хараалыг авчирна хэмээжээ. Өөр нэг жишээ болгон Эхлэл 17:10-14-т Бурхан Абрахамд юу гэж хэлснийг харцгаая. Энд:

“Чи болон чамаас хойших үр удмын чинь сахих ёстой Миний гэрээ энэ юм. Та нар тээрхийн арьсаа тануулагтун!…Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм” гэжээ (Эхлэл 17:10-14).

Бурхан хозлолыг гэрээнд үнэнч байх амлалтын тэмдэг болгон өгсөн. Иймээс хэрэв түүний үр удмаас хозлуулаагүй эр хүйстэн байх аваас тэд өөрийн ард түмнээс таслагдан, зовлон амсах болно гэжээ. Тэд гэрээний дагуух бүхий л ерөөлийг амсахгүй аж.

Гэрээний гурван динаник талууд нь Абрахамын Бурхантай харилцах харилцааг бүрдүүлсэн бөгөөд түүнээс хойших бусад хүмүүсийн амьдралыг ч зохицуулсаар байв.

Бурханы Израильтай хийсэн хоёр дахь үндэстний гэрээ бол Синай уулан дээр Мосетэй хийсэн гэрээ юм. Энэхүү гэрээ нь Бурханы хуулийг онцолсон болохыг бид үзсэн. Тэгвэл бусад гэрээн дэх динамик талууд нь Мосегийн гэрээнд байгаагүй гэж бодох нь аймшигтай алдаа болно.

Гэрээний бүх динамик талууд Мосегийн гэрээнд ч хүчинтэй байсныг харахын тулд энэхүү гэрээний гол хэсэг болох Арван хуулийг товчхон үзэцгээе. Нэгдүгээрт, Бурхан хуулиа өгөхөөсөө урьтаж Өөрийн өршөөл энэрлээ тодорхой дурдсан байдаг. Гэтлэл 20:2 –т бичигдсэн Арван хууль ийнхүү эхэлдэг болохыг та санаж байгаа байх. Энд:

“Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан” гэдэг (Гэтлэл 20:2).

Мосетэй байгуулсан гэрээ нь ажил үйлчлэлийн гэрээ биш байв. Энэ нь Бурханы өршөөл, нигүүлсэл дээр байгуулагдсан. Мөн Бурхан энэхүү гэрээний бүхий л хугацаанд Израилийн үе үеийнхэнд өршөөл энэрлээ үргэлжлүүлэн үзүүлсээр байсан юм. Гэсэн ч Бурхан ард түмнээсээ үнэнч байдлыг шаардсан хэвээр байсныг Арван хууль бидэнд тодорхой харуулдаг. Энэ талаар Гэтлэл 20:3 дээрх эхний хуульд дурдсан байдаг. Энд:

“Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй” гэжээ (Гэтлэл 20:3).

Тэнгэрлэг нигүүлсэл нь хүмүүний үнэнч байдалтай зөрчилддөггүй. Харин ч энэ нь Израильчуудын үнэнч байдлыг дэмжиж, талархал өргөхөд нь чиглүүлсэн байдаг.

Бурхан ард түмэндээ аливаа хууль тушаалаа өгөхөөс урьтаж Өөрийн хайр нигүүлслээ сануулдаг. Тэрээр “Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан” гэжээ. Энэ нигүүлсэл нь арван тушаалыг Бурханы ард түмэнд хууль болгодоггүй. Харин Түүний хайранд хариулах боломжийг олгодог ёс зүйн хэм хэмжээ буюу амьдралын хэв маяг байхаар тэдэнд тогтоож өгдөг. Эхний тушаалуудад л гэхэд үндсэндээ Бурхан Эзэнээ хэрхэн хайрладаг талаар өгүүлдэг. Тэд ЭЗЭНий өмнө өөр бурхадгүй байж, Бурханы дүрийг сийлэн бүтээлгүй, нэрийг нь дэмий хоосон дурдахгүй байснаараа Бурханыг хайрлан хүндлэх ёстой аж... Дараа нь Арван хуулийн хоёрдох хагас нь “Эцэг эхээ хүндлэх” тухай байна. Энд бидэнд бусад хүмүүстэй харилцах жишиг бүхий цуврал хуулиудыг өгдөг. Учир нь энд олныг хамруулсан хэсэг байх бөгөөд энэ нь Бичвэрийн Бурхан зөвхөн хувь хүний сүнслэг байдлыг онцолдоггүйг харуулдаг. Бурханыг зүгээр л хайрлах нь хангалтгүй юм. Мэдээж энэ бол хамгийн чухал хэсэг мөн. Гэвч энэхүү хайр маань бидний амьдралын хэв маяг ба бусдыг хайрлаж буйгаар илэрхийлэгдэх ёстой байдаг. Үүний тухай л Арван хуулийн хоёрдох тэн хагаст нь өгүүлээд байдаг юм шүү дээ.

- Др. Брайан Д.Рассел

Үүнээс гадна Арван хуульд дуулгавартай ба дуулгаваргүй байдлын үр дагаврын тухай өгүүлдэг. Гэтлэл 20:4-6-р эшлэлийг харвал энд:

“Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий... Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг. Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг” гэжээ (Гэтлэл 20:4-6).

Бид Абрахам болон Мосетэй хийсэн Бурханы гэрээний динамик талуудыг харлаа. Харин одоо Хуучин гэрээний Израильчуудтай хийсэн үндэстний сүүлчийн гэрээ буюу Давидтай хийсэн гэрээг хамтдаа харцгаая. Энэ гэрээ нь Бурхан Давидын удмыг Израилийг захирах мөнхийн угсаа болгож буйг онцолдог.

Бид Давид болон түүний үр удмын амьдралыг илүү том зургаар нь авч үзэх юм бол гэрээний хугацаанд тэнгэрлэг өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байдал, дуулгавартай болон дуулгаваргүй байдлын үр дагавар ч мөн байгааг бэлхнээ харж болно. Жишээ нь, Дуулал 89:3-4-дээр Давидад үзүүлсэн Бурханы өршөөл энэрлийн тухай өгүүлдэг. Энд:

“Би сонгосон нэгэнтэйгээ гэрээ байгуулсан. Би Өөрийн зарц Давидад тангарагласан. “Би чиний үрийг мөнхөд тогтоож, хаан ширээг чинь бүх үеийнхэнд байгуулна” гэсэн байдаг (Дуулал 89:3-4).

Эдгээр эшлэлүүд нь Бурхан Давид болон түүний үр удмыг Израилийн зөвт хаад болгон сонгож, тогтоосноороо Өөрийн өршөөл энэрлээ үзүүлсэн болохыг тусган харуулдаг. Гэвч Бурхан уг гэрээндээ тэднээс үнэнч байхыг шаардахын зэрэгцээ дуулгаваргүй байдлын дүнд хараал буйг анхааруулсан байдаг. Энэ талаар Дуулал 89:30-32-р эшлэлд тодорхой хэлжээ. Энд:

“Хэрэв түүний хөвгүүд хуулийг минь мартаж, шүүлтийн минь дагуу эс явбаас... Би тэдний гэмт үйлдлийг саваагаар, хилэнцийг нь зодуураар шийтгэнэ” гэсэн байна (Дуулал 89:30-32).

Хэрэв Давидын хөвгүүд Бурханы хуулийг умартах аваас хатуу шийтгэл амсах болно гэдгийг бид эндээс харж байна. Гэсэн хэдий ч хэрэв тэд Бурханд үнэнч хэвээр байх аваас агуу их ерөөлийг хүртэх болно гэдгийг тоолшгүй олон эшлэлд өгүүлсэн нь бий. Мэдээж хэрэг, Давидын гэрийн дээр байсан ерөөл ба хараал нь энэ үеэс хойших Бурханы бүх ард түмний амьдралд ч нөлөөлсөн юм.

Ингээд ертөнц дахины болон үндэстний гэрээний динамик талуудыг олж харлаа. Тиймээс одоо бид Христ доторх шинэ гэрээ буюу биелэлтийн гэрээг үзэхэд бэлэн болжээ.

Бурхан Хуучин Гэрээний туршид нэг гэрээн дээр нөгөө гэрээг байгуулах замаар хаанчлалаа урагшлуулан удирдаж байв. Гэвч Есүсийг дэлхий дээр ирэх үед Израиль Бурханы эсрэг аймшиггүйгээр тэрсэлснийхээ улмаас хатуу хараал дор амьдарч байсныг бид мэднэ. Зөвхөн Израилийн үлдэгсэд л итгэмжит хэвээр үлдсэн байдаг. Гэвч Хрсит доторх шинэ гэрээнд Бурханы хаанчлал биеллээ олдог. Мөн Христийн хаанчлалаар дамжуулан Бурханы хаанчлал дэлхийн хязгаарт хүрсэн. Энэ утгаараа шинэ гэрээ нь Бурханы урьд хийсэн бүхий л зүйлстэй огтхон ч зөрчилддөггүй. Харин энэ нь түүхийн туршид байсан хаанчлалынх нь зорилгыг гүйцэлдүүлсэн юм. Иймээс Бурхантай хийсэн гэрээний гурван талт динамик нь шинэ гэрээнд ч мөн буй болохыг харахад гайхах зүйлгүй биз ээ.

Юун түрүүнд энэхүү шинэ гэрээ нь тэнгэрлэг өршөөл энэрлийг агуулдаг. Бурхан Шинэ гэрээг байгуулахдаа цөлөгдсөн ард түмэндээ агуу хайр өршөөлөө үзүүлнэ гэдгээ амласан. Энэ тухай Иеремиа 31:34-т дурдсан байдаг. Энд:

“Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана” гэжээ (Иеремиа 31:34).

Энэ мэтчилэн бусад олон арга замаар Христ доторх шинэ гэрээ нь Бурханы өршөөлийг илтгэн харуулдаг.

Үүний зэрэгцээ хүмүүний үнэнч байдал нь шинэ гэрээний нэгэн хүчин зүйл мөн. Бурхан Өөрийн хуулиа цуцална гэж амлаагүй төдийгүй хэнийг ч дуулгавартай байх шаардлагаас чөлөөлөөгүй байдаг. Харин эсрэгээрээ Тэр тэдэнд үнэнч байх боломжийг олгодог. Бурхан Иеремиа 31:33-т ийнхүү амласан. Энд:

“Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ” гэжээ (Иеремиа 31:33).

Шинэ гэрээний хугацаанд Бурхан ард түмэндээ Өөрийнх нь хуулийг хайрлах хайрыг өгөх бөгөөд ингэснээр тэд Түүнд чин үнэнээр дуулгавартай байх ажээ.

Эцэст нь ерөөл ба хараалын үр дагавар нь шинэ гэрээнд ч тодорхой харагдаж байна. Иеремиа 31:33-т хэлэхдээ Тэрээр энд:

“Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно” гэжээ (Иеремиа 31:33).

Энэхүү тунхаглалд Бурхан ард түмэндээ агуу ерөөлийг авчрахаа батлан өгүүлжээ. Учир нь Тэрээр Өөрөө тэднийг гэрээний үүргээ биелүүлэх боломжтой болгох юм. Мөн энэ нь угтаа үүргээ биелүүлээгүй хүн тэрхүү ерөөлийг хүлээн авахгүй гэдэг санааг ч агуулдаг.

Шинэ гэрээг хуучин гэрээнээс ялгадаг зүйл бол ард түмэн эдгээрийг сахиж чадаж байна уу гэдэг нь юм. Иеремиа 31-д Бурхан хуулиа тэдний зүрхэнд бичиж, тэдний дунд тавина гэж хэлсэн байдаг. Тэгээд Тэрээр "Би чиний Бурхан, чи миний ард түмэн байх болно" хэмээн хэлсэн. Тэгэхээр Бурхан ард түмнийхээ зүрхэнд хуулиа хэрхэн бичихийг ойлгохын тулд Езекиел дэх үүнтэй төстэй хэсгийг харах нь тустай. Езекиел 36 дээр Бурхан Өөрийн хуулиа тэдний дунд тавина гэж хэлээгүй. Харин Сүнсээ тэдний дунд цутгана гэж хэлжээ. Мөн Тэрээр тэдний зүрхэнд хуулиа бичнэ гэж хэлээгүй. Харин “та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ” гэжээ. Дараа нь Тэрээр дахин "Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн байх болно" хэмээн Иеремиа 31-р бүлэгт хэлсэн байдаг. Тиймээс, эдгээр эш үзүүлэгчдийн бичээсүүдээс харвал Бурхан Өөрийн Сүнсийг тэдний дунд цутгаснаар Өөрийн хүмүүсийн зүрхэнд хуулиа бичих юм байна гэдгийг харж байна. Мөн Бурханы Өөрийнх нь оршихуй хамт байснаар шинэ гэрээний үеийн ард түмнээрээ хуулиа сахиулах учиртай ажээ. Тиймээс шинэ гэрээнд энэ нь бидний үнэнч байдлын улмаас бус харин бидний дунд ажиллаж, амьдарч буй Бурханы Сүнсний тусламжтайгаар боломжтой болдог билээ.

- Др. Мэттью Ньюкирк

Тэгэхээр одоо бид шинэ гэрээ нь Христ доторх Бурханы хаанчлалын эцсийн шатын загварын дагуу гурван үе шаттайгаар хүчин төгөлдөр болдог гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Шинэ гэрээ нь Христийн анхны ирэлт ба элч нарынх нь үйлсээр эхэлсэн. Шинэ гэрээ нь чуулганы түүхийн туршид чуулган дотор ажилласаар буй Христийн хүч чадлаар үргэлжлүүлэн биеллээ олсоор байна. Мөн энэ нь Христ эрин үеийн төгсгөлд алдар суу дотроо эргэн ирэх үед бүрэн төгс болох юм.

Нэгдүгээрт, Шинэ Гэрээний бичвэрт Эцэг нь Хүүгээ дэлхий рүү анхлан илгээсэн болохыг онцолдог. Ийнхүү Христ доторх шинэ гэрээ нь Бурхан тэнгэрлэг өршөөл энэрлээ үзүүлж буйгаар эхэлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй энэ нь мөн Христ Өөрөө хүмүүний үнэнч байдлын бүхий л шаардлагад, тэр ч байтугай загалмайн үхэлд хүртэл үнэнч байсан гэдгийг онцлон тэмдэглэдэг. Тэгээд Тэрээр үхэгсдийн амиллыг ерөөл болгон хүлээн авчээ. Үүний үр дүнд Христэд итгэх итгэлээ сахисан бүгдийг Бурхан хүлээн авдаг. Еврей номын зохиолч Еврей 9:12-15-д энэ тухай дурдсан. Энд:

“Тэр ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон... Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн” гэжээ (Еврей 9:12-15).

Бурхан шинэ гэрээг байгуулахын тулд түүхэнд Өөрийн биеэр оролцсон юм. Ингэхдээ бүх хуулийг сахиулж, нүглийн төлөөх төгс, бүрэн дүүрэн өргөл золиос болгуулахаар Өөрийн Хүүг илгээжээ. Түүний энэхүү золиос Өөрт нь итгэгч бүгдэд мөнхийн уучлалыг авчирдаг билээ.

Үүнд Христитгэлийн гайхалтай онол сургаал оршиж байдаг. Хуучин Гэрээнд зуучлагч буюу тахилчид нүглийн уучлалын төлөө жил бүр бух ба ямааг тахил болгон өргөх ёстой байсан. Харин Есүс нэг л удаа бүгдийн төлөө ариунаас ариун газарт орсон тухай библи бидэнд өгүүлдэг. Тэр загалмай дээр нас барж, бидний гэм нүглийн төлөө цусаа урсгахдаа Эзэн Бурханд хүрэх боломжийг бидэнд бий болгосон гэсэн үг юм. Тиймээс биднийг төлөөлж чадах Нэгэн бидэнд байгаа бөгөөд Ариунаас Ариун газар руу Түүний цусаар дамжуулан бид нэвтрэн орох боломжтой болсон.

- Др. Вуяани Синдо

Өдгөө Христийн анхны ирэлт дэх авралын үйлс нь тун чухал. Гэвч мөн шинэ гэрээний авралын агуу үйлс нь гэрээний зууч болох Христийн үргэлжлүүлэн үйлдсээр буй ажлаас мөн хамааралтай байдаг. Христ өдөр бүр тэнгэр дэх Эцэгийнхээ сэнтийн өмнө ард түмнийхээ өмнөөс зуучлан залбирч байна. Еврей номын зохиогч Еврей 7:24-25-д энэхүү бодит үнэний талаар өгүүлжээ. Тэрээр энд:

“Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй. Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүр мөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирч, үргэлж амьд оршдог” гэжээ (Еврей 7:24-25).

Бурханы өршөөл энэрлийн улмаас Христ бидний өмнөөс хаанчилж мөн зуучилдаг. Тэр бидний гэм бурууг эцэслэж, бидний мөнхийн ерөөлүүдийг бататгадаг.

Эцэст нь хэлэхэд, Христ бидний нүглийн хөлсийг төлж, бидний өмнөөс зуучилсаар байгаа тул Бурханы хаанчлал Христ дотор хэзээ нэгэн цагт бүрэн төгс болно гэдэгт бид бат итгэлтэй байж болно. Тэр өдөр ирэхэд бид урьд өмнө хэзээ ч үзээгүй Бурханы тэрхүү өршөөл энэрлийг харах болно. Үүнийг Еврей номын зохиолч Еврей 9:28-д тайлбарласан байдаг. Энд:

“Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ” гэжээ (Еврей 9:28).

Тэр өдөр ирэхэд Христэд итгэсэн хүн бүр Бурханы хүсэлд төгс үнэнч байж, шинэ тэнгэр, шинэ газарт мөнх амьдралын ерөөлийг хүлээн авах болно.

Бид Эзэний үйлсийн талаар бодохдоо үүнийг ихэвчлэн анхны ба хоёрдох ирэлт хэмээн нэрлэдэг. Түүний амьдрал, үхэл, амилал бүхий анхны ирэлт нь энэ дэлхийд хаанчлалыг авчирсан. Тэрээр шинэ гэрээний эрин үеийг авчирсан юм. Тэрээр нүглийн бүрэн төгс уучлалыг авчирсан. Тэр нүглийг ялсан, үхлийг ялсан, ёрын нэгнийг ялсан... Тэр дахин ирэхдээ нүгэл, үхэл, Диаволыг хөл доороо бүрэн дүүрэн нухчин дарна. Ингэснээр ёрын нэгэн устаж, бичээс биеллээ олж, бүхнийг шүүх эцсийн шүүлт болох болно. Нүгэл ба үхэл эцэс болж, Түүнийх бус хүмүүс мөнхийн шүүлтэд хаягдана. Харин Түүний хүмүүс шинэ тэнгэр, шинэ газрын үр жимсэнд баясан хөөрч, үр ашгийг нь хүртэцгээнэ. Тийнхүү бид бүх зүйлийг төгсгөл болгохыг харах юм.

- Др. Стивен Ж. Вэллум

Ингээд бид Бурханы хаанчлал ба гэрээнүүд буюу Түүний гэрээнүүдийн түүх болон тэдгээрийн үндсэн динамик талуудыг авч үзлээ. Харин одоо бидний сүүлчийн сэдэв болох Бурханы гэрээнүүдийн хүмүүсийн талаар судалцгаая.

Бурхан гэрээнүүдээр дамжуулан хаанчлалаа удирдахдаа үргэлж л хүмүүстэй харилцдаг байв. Үүнд гайхаад байх зүйлгүй юм. Хүн төрөлхтөн бол Бурханы хаанчлалыг дэлхий даяар түгээхээр бүтээгдсэн, хаант тахилчид, Бурханы дүр төрх шүү дээ. Харин үнэндээ Бурханы гэрээнүүд нь өөр өөр цаг үед, олон янзын хүмүүсийг хамарсан байдаг. Тэгвэл Бичвэрт энэ хэрхэн харагддаг вэ? Юу тэднийг Бурханы гэрээний хүмүүс болгодог вэ?

Эдгээр асуултуудад хариулахын тулд бид хоёр асуудлыг авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, бид Бурханы эдгээр гэрээнүүд нь хүн төрөлхтний төрөл ангиллуудыг хэрхэн янз бүрийн байдлаар авч үзсэнийг харах болно. Хоёрдугаарт, эдгээр төрөл ангиллууд нь Бурханы гэрээний хүмүүст гэрээний динамик талуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөөлснийг үзнэ. Эхлээд хүн төрөлхтний өөр өөр төрөл ангилалд хамаарах хүмүүстэй Бурхан хэрхэн гэрээ байгуулсныг харцгаая.

Хуучин Гэрээг мэддэг хүн бүр энэ нь аливаа өөр төрлийн хувь хүн болон бүлэг хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүчирхэг ба сул дорой хүмүүс хэмээн ялгаж салгаж дурдсан байдгийг мэддэг. Мэдээж бид эдгээр янз бүрийн хүмүүсийн талаар бүгдийг нарийвчлан үзэх боломжгүй. Гэвч энэ нь Библи дэх тэнгэрлэг гэрээнүүдэд гол байр суурь эзэлдэг хэд хэдэн бүлэг хүмүүст анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

Хүн төрөлхтний эдгээр төрөл ангиллыг харахдаа эхлээд бид итгэгчид болон үл итгэгчид нь хоёул Бурханы гэрээнүүдэд хэрхэн багтсан байдгийг авч үзнэ. Дараа нь Бурханы гэрээнд орогсод болон үл орогсдын хоорондын ангиллыг судална. Бурханы гэрээнүүдэд итгэгчид болон үл итгэгчид хоёулаа байдаг талаар яриагаа эхэлцгээе.

Христитгэгчид ихэнхдээ зөвхөн үнэн итгэгчид л Бурхантай гэрээний харилцаанд ордог гэж үздэг. Гэвч үнэндээ тийм биш юм. Адам, Ноатай хийсэн Бурханы гэрээнүүд нь бүх хүнийг Бурхантай холбосон ертөнц дахины гэрээнүүд гэж ярьсныг та санаж байгаа байх. Хүн төрөлхтөн нүгэл үйлдсэний дараа ч энэ нь итгэгчид болон үл итгэгчдэд үнэн хэвээр байв. Адамын гэрээнд бий болсон Бурханы хаанчлалын үндсэн зарчмууд нь Абел Сет нар шиг аврагдах итгэлтэй хүмүүст болон Каин ба түүний алуурчин үр удам болох Ламех шиг итгэлгүй хүмүүст ч хамаатай байв. Үүний адилаар Ноагийн үеийн байгалийн тогтвортой байдлын гэрээ нь Ноагийн хүү Шем шиг итгэгчид төдийгүй түүний ач Канаан шиг үл итгэгчдийн аль алинд нь үйлчилж байжээ.

Энэ нь мөн Абрахам, Мосе, Давидтай хийсэн Израилийн үндэстний гэрээнүүдэд ч адил байсан юм. Мөнх авралыг хүлээн авсан эсэхээс үл хамааран Израилийн бүх ард түмэн эдгээр гэрээгээр дамжуулан Бурхантай гэрээний харилцаанд орсон. Жишээ нь, Иаков, Есав хоёр хоёулаа хозлуулж, Абрахамтай хийсэн Бурханы гэрээнд орсон. Мосегийн өдрүүдэд Израильчууд Синай ууланд гэрээ байгуулах үед тэдний овгууд дунд итгэгчид ба үл итгэгчид ч байсан. Мөн Давидтай байгуулсан Бурханы гэрээ ч мөн адил. Түүний бүх үр удам хийгээд Израилийн оршин суугчид нь жинхэнэ итгэгч мөн байсан ч, биш байсан ч тэд бүгд л Бурханы гэрээн дор байсан юм.

Харин бид Христ доторх шинэ гэрээн дэх үл итгэгчдийн тухайд болгоомжтой хандах хэрэгтэй. Шинэ гэрээний талаарх Хуучин Гэрээний зөгнөлүүд нь зөвхөн үнэн итгэгчид л энэхүү гэрээнд орно гэдгийг онцолдог. Иеремиа 31:34 дээр эш үзүүлэгч Иеремиа шинэ гэрээний хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Энд тэрээр:

“Хүн бүр хөршдөө, ах дүүдээ "Эзэнийг мэд" гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж Эзэн тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь эс санана” гэжээ (Иеремиа 31:34).

Энэхүү эшлэл нь бидэнд шинэ гэрээн дэх хүн бүр Эзэнийг мэдэж, нүглүүд нь үүрд уучлагдах болно гэдгийг харуулдаг. Тэд ямар ч гэм зэмээр буруутгагдахгүй.

Гэсэн ч Иеремиагийн эш үзүүллэг хэрхэн биелсэн талаар бодохдоо бид уг хичээлд хэдэнтээ дурдсан шинэ гэрээний үеийн онцлогийг санаж байх нь зүйтэй. Шинэ Гэрээний Бичвэрүүдэд Христ доторх шинэ гэрээ нь гурван үе шаттайгаар биелдэг гэдгийг тайлбарладаг. Энэ нь Христийн анхны ирэлтээр эхэлж, чуулганы түүхийн туршид үргэлжлээд, Христ алдар дотроо эргэн ирэхэд бүрэн төгс болно.

Шинэ гэрээ нь ийнхүү гурван үе шаттайгаар биелнэ гэдэг нь бидэнд Христ эргэн иртэл итгэгчид болон үл итгэгчид хоёул Бурханы ард түмэнд тооцогдоно гэдгийг ойлгоход тусалдаг. Эдгээр итгэгчид ба үл итгэгчдийн аль аль нь Христийн хаанчлалын эхлэл үед ч, үргэлжлэх үед ч Түүний дагалдагчдын дунд байсаар ирсэн.

Үзэгдэх чуулганд мөнх авралыг хүлээн авсан жинхэнэ итгэгчид болон Христтэй болон Түүний чуулгантай нэгдэн, түр зуурын ерөөлийг үлээн авсан үл итгэгчид ч бий.

Үзэгдэх чуулган гэж юу вэ? Энэ бол даяар чуулган. Үүнд орон нутгийн бүхий л чуулганууд болон урсгал чиглэлүүд, мөн өөрсдийгөө урсгал чиглэлд огтхон ч хамаардаггүй гэж боддог чуулганууд ч ордог... Энэ нь теологийн хувьд үл үзэгдэх чуулганаас ялгаатай. Үл үзэгдэх чуулган гэдэг нь зөвхөн таны харж байгаа чуулган биш төдийгүй таны харж чадахгүй байгаа чуулганыг хэлдэг. Еврей 12 дээрх анх төрөгсдийн чуулган гэдэг нь үхээд, тэнгэрт очсон хүмүүсийг хэлдэг. Мөн тэд бол Бурханы хаан сэнтийн өмнө урьд байсан, байсаар ч байх тэнгэр элч нар ба тэргүүн тэнгэр элч нарын хамт зогсож буй сонгогдсон хүмүүс юм. Үл үзэгдэх болон үзэгдэх чуулган нь Есүс Христийн чуулганыг бүрдүүлдэг юм.

- Др. Дерек Томас

1 Иохан 2:19-д элч Иохан чуулган дахь үл итгэгчдийн талаар хэлсэн. Энэ нь:

“Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш байсан. Учир нь тэд биднийх байсан бол тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм” гэдэг (1 Иохан 2:19).

Энд элч Иохан Христэд итгэх итгэлээ орхисон хүмүүсийн тухай бичжээ. Нэг талаараа тэд “бидний нэг” гэж тооцогддог байсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн. Энэ нь тэд Бурханы хүмүүсийн дунд амьдарч байсан гэсэн үг. Гэвч Иохан хэлэхдээ тэд итгэлээ орхисноороо “биднийх биш” байсан гэдгээ тодорхой харуулсан гэжээ. Тэд жинхэнэ итгэгчид биш байсан гэсэн үг. Тэрээр хэрэв тэд үнэхээр Христ доторх мөнх авралыг хүлээн авсан жинхэнэ итгэгчид байсан бол "тэд бидэнтэй хамт байх байсан" гэжээ. Өөрөөр хэлбэл тэд эцсээ хүртэл үнэнч байх байсан аж.

Ихэнх чуулгануудад жинхэнэ ба хуурамч итгэгчид байдаг гэдгийг бид мэднэ. Шинэ гэрээний бүрэн золигдсон хүмүүсийн талаарх Иеремиагийн эш үзүүллэг нь Христийг эргэн ирэх үед л биелэх болно. Тэр цагт Бурханы гэрээний ард түмний дунд буй үл итгэгчид Түүний мөнхийн шүүлтийг амсана. Зөвхөн жинхэнэ итгэгчид л шинэ бүтээлд Христтэй хамт хаанчилна.

Тэнгэрлэг гэрээн дэх хүн төрөлхтний эдгээр ангиллаас гадна Бурханы гэрээний талаарх Хуучин Гэрээний бичвэр нь түүхийн өөр өөр цаг хугацаанд гэрээнд орогсод болон үл орогсдын талаар тэмдэглэсэн байдаг.

Өмнө дурдсанчлан Адам болон Ноатай хийсэн ертөнц дахины гэрээнд бүх хүн төрөлхтөн орсон билээ. Эдгээр гэрээн дэх суурь болон байгалийн тогтвортой байдлаас нэг ч бүлэг хүмүүс хасагдаагүй юм. Гэвч Бурхан Израилийг гэрээний онцгой ард түмнээ болгон сонгох үед энэ байдал өөрчлөгдсөн байдаг. Абрахам, Мосе, Давидтай байгуулсан үндэстний гэрээнүүдэд юуны түрүүнд Абрахамын бие махбодын үр удам болон Израильд үрчлэгдсэн цөөн тооны харь үндэстнүүд ордог. Ихэнх тохиолдолд эдгээр Израиль үндэстний гэрээнүүдэд харь үндэстнүүд ороогүй байдаг. Паул Ефес 2:12 дээр Христийн дагалдагч болохоос өмнөх харь үндэстнүүдийн талаар дүрсэлсэн нь бий. Энд:

“Тэр үед та нарт Христ байхгүй, та нар Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдвар байхгүй, бас Бурхангүй байлаа” гэжээ (Ефес 2:12).

Харь үндэстнүүд нь амлалтын гэрээнүүдэд харь хүмүүс байсан. Тэдэнд найдвар үгүй, Бурхан үгүй байв. Тэгэхээр, чухамдаа Израиль үндэстний гэрээнүүдийн зуун зуун жилүүдэд дэлхий дээр гурван төрлийн хүмүүс байжээ. Эдгээр нь Израилийн гэрээнүүд дэх жинхэнэ итгэгчид, Израилийн гэрээнүүд дэх үл итгэгчид, мөн Израилийн гэрээнүүдэд ороогүй үл итгэгч харь хүмүүс юм.

Энэ гурван талт ялгаа нь Христ алдар дотроо эргэн ирэх хүртэл шинэ гэрээнд ч мөн хамаатай байдаг тул тун чухал юм. Энэхүү өдрийг хүртэл жинхэнэ итгэгчид нь үзэгдэх чуулганд нэгдсэн үл итгэгчдийн хамт шинэ гэрээнд орсон байдаг талаар бид үзсэн. Мөн Шинэ Гэрээний цаг үед гурав дахь төрлийн хүмүүс байдаг. Энэ бол сайнмэдээ ба чуулганыг хүлээн зөвшөөрдөггүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн хувьд тэд шинэ гэрээнд ордоггүй. Хуучин Гэрээний түүхэнд гэрээнээс гадуурх хүмүүс нь үндсэндээ харь үндэстнүүд байсан. Харин одоо Христ ирсэн тул эдгээрт Христэд итгэдэггүй, Түүний чуулганд хамрагддаггүй иудейчүүд болон харь үндэстнүүдийн аль аль нь ордог.

Ингээд бид хүн төрөлхтний тодорхой төрөл ангиллууд нь Бурханы гэрээний хүмүүстэй хэрхэн холбоотой болохыг олж харлаа. Тиймээс одоо бид эдгээр хүмүүсийн гэрээний динамик талуудын хэрэгжүүлэлтийн талаар үзэхэд бэлэн болжээ. Тэд Бурханы өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байх шаардлага, ерөөл ба хараал бүхий үр дагаврыг хэрхэн амсаж туулсан бэ?

Бүх хүмүүс Адам, Ноатай хийсэн ертөнц дахины гэрээний динамик талуудыг амсаж туулсан байдаг. Бүх хүмүүсийн амьдралд Адамын гэрээгээр тогтоогдсон үндсэн бодлого, Ноагийн гэрээгээр тогтоогдсон байгалийн тогтвортой байдал нь шууд нөлөөлсөн юм. Гэсэн ч Абрахам, Мосе, Давидтай хийсэн Израилийн үндэстний гэрээнүүд хийгээд Христ доторх шинэ гэрээний хувьд тийм биш байв.

Янз бүрийн бүлэг хүмүүсийн амьдрал дахь гэрээний динамик талуудын хэрэгжилтийг авч үзэхдээ бид үндэстний болон шинэ гэрээ нь гурван төрлийн хүмүүст хэрэгждэг болохыг харах хэрэгтэй. Нэгдүгээрт, эдгээр гэрээнд ороогүй үл итгэгчид. Хоёрдугаарт, эдгээр гэрээнд орсон үл итгэгчид. Гуравдугаарт, гэрээнд орсон жинхэнэ итгэгчид. Тэгэхээр эхлээд Израилийн үндэстний гэрээ болон шинэ гэрээнд ороогүй үл итгэгчдийн талаар харцгаая.

Үл итгэгчид нь үндэстний гэрээ болон шинэ гэрээтэй холбоогүй боловч Адам, Ноатай хийсэн ертөнц дахины гэрээнүүдээр Бурхантай холбогдсон байдаг. Энэ шалтгааны улмаас тэд гэрээний динамик талуудыг амсаж туулсаар байдаг. Бурхан бүх хүмүүст нигүүлсэнгүй ханддаг учраас тэд Бурханы өршөөл энэрлийг хүлээн авдаг. Есүс энэ талаар Матай 5:45-д хэлсэн нь бий. Энд:

“Та нар тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүд ... тэрээр муу хүн дээр ч, сайн хүн дээр ч нараа мандуулж, зөвт дээр ч, зөвт бус дээр ч бороо оруулдаг юм” гэжээ (Матай 5:45).

Бид энэхүү ерөөлийг "нийтлэг нигүүлсэл" гэж нэрлэдэг. Учир нь эдгээр нь авралын нигүүлсэл биш юм. Харин хүн төрөлхтөнд өгсөн Бурханы нигүүлслийн илэрхийлэл билээ.

Үүнээс гадна Израилийн үндэстний гэрээ ба шинэ гэрээнээс гадуур буй үл итгэгчид нь хүлээн авсан илчлэлийнхээ хэмжээний дагуу Бурханд үнэнч үйлчлэх шаардлагатай хэвээр байдаг. Тэд Израиль болон чуулганд өгөгдсөн онцгой илчлэлийн талаар мэдлэг ойлголттой байж болох юм. Гэвч хэдийгээр тэд Израиль болон Христийн чуулгантай огтхон ч холбоогүй байж болох ч ерөнхий буюу байгалийн илчлэлээр дамжуулан Бурханы өмнө хүлээсэн үүргийнхээ талаар үндсэн ойлголттой байдаг.

Бурхан Бичвэрт энэ талаар хэлсэн. Ром 1-р бүлэгт Паул уг санааг тайлбарласан. Тэрээр - энэ нь хэн байх нь эсвэл ямар соёл иргэншилтэй байх нь огтхон ч хамаагүй, урьд өмнө нь амьдарч байсан хүн бүр Бурхан оршин байдаг гэдгийг мэддэг гэжээ... Паул хүн бүр ухамсарт чанараараа оршин буй Бурханыг мэддэг гэсэн байна. Хүмүүнд учирлан ойлгох чадвар бий, Бурханд ухамсарт чанар бий. Дэлхий дээр бүтээгдсэн зүйлсээр дамжуулан Бурханы тэнгэрлэг мөн чанар тодорхой харагддаг. Тиймээс бүх хүмүүс Бурхан байдаг гэдгийг мэддэг. ухамсарт чанар гэдгээс өөрөөр юу гэх вэ?

- Хүндэт. Клете Хакс

Паул Ром 1:20-д ийнхүү хэлжээ. Тэрээр:

“Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжин ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй” гэжээ (Ром 1:20).

Ерөнхий илчлэл нь эдгээр гэрээнд ороогүй үл итгэгчдэд Бүтээгчээ хүлээн зөвшөөрч, Түүнд үйлчлэх үүргийг өгсөөр байдаг.

Үүний үр дүнд үл итгэгчид ч мөн Бурханаас тохирох ерөөл ба хараал бүхий үр дагаврыг амсдаг. Израиль ба Христийн чуулгантай хэзээ ч нэгдэж байгаагүй тэдгээр үл итгэгчдэд Бурхан ихэвчлэн түр зуурын ерөөл өгдөг. Мөн Тэрээр тэдний дээр Өөрийн тогтоосны дагуух түр зуурын хараалыг ч буулгадаг. Гэвч агуу шүүлтийн өдөр энэ амьдрал дахь Бурханы түр зуурын ерөөл ба хараал нь үл итгэгчдийг Бурханы мөнхийн хараал руу хөтөлнө гэдгийг Бичвэрт тодорхой бичсэн байдаг.

Тэгэхээр Бурханы гэрээнүүдэд ороогүй үл итгэгчид ба гэрээнүүдэд нэгдэн орсон үл итгэгчид нь хоорондоо ялгаатай. Өөрөөр хэлбэл гэрээний динамик талуудын хэрэгжилт нь маш ондоо байдаг гэсэн үг.

Эхлээд Бурхан эдгээр хүмүүст өршөөл энэрлээ арвин ихээр үзүүлсэн. Тэд мөнх авралыг хүлээн аваагүй нь үнэн. Гэвч Бурханы гэрээний ард түмэнтэй нэгдсэн үл итгэгчдэд Бурхан агуу их хайр нигүүлслээр хандсан байдаг талаар Хуучин ба Шинэ Гэрээний аль аль нь бидэнд өгүүлдэг. Элч Паул Ром 9:4-т Израиль дахь үл итгэгчид ч хүртэл Бурханы өгсөн сайн давуу байдлыг амсдаг гэжээ. Энд тэрээр:

“Тэд бол Израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм” гэсэн байна (Ром 9:4).

Бурхан Израильтай хийсэн гэрээнд нь байсан үл итгэгчдэд гэрээнээс гадуур буй хүмүүсээс ч илүү их хайр нигүүлслээ үзүүлсэн байгаа юм. Христийн чуулгантай нэгдсэн үл итгэгчдийн хувьд ч энэ нь мөн адил байна.

Хуучин Гэрээнд Израиль дахь итгэгчид ба үл итгэгчид хоёул Египетийн боолчлолоос бодитоор чөлөөлөгдсөн. Тэд бүгдээрээ Синай уулан дээрх Бурханы хуулийг хүлээн авсан. Тэд бүгд л Амлагдсан газрын эзэлсэн. Тэд Давид ба Соломоны хаанчлалын үед ч ерөөгдсөн. Яг үүнчлэн Шинэ Гэрээний цаг үеийн чуулган дахь үл итгэгчид нь Христийн биетэй нэгдсэнээрээ ариусгагддаг. Тэд Бурханы Үг, номлолыг сонсдог. Тэд Ариун Сүнсний үйлсээр ерөөгддөг. Эдгээр болон бусад олон арга замаар Бурхан Өөрийн агуу өршөөл энэрлээ Хуучин Гэрээний үеийн Израиль болон Шинэ Гэрээний үеийн сүм чуулган дахь үл итгэгчдэд үзүүлсээр байжээ.

Израилийн үндэстний гэрээ болон шинэ гэрээн дэх үл итгэгчид Бурханаас агуу өршөөл энэрлийг хүлээн авахын зэрэгцээ Бурханд үнэнчээр үйлчлэх үүрэгтэй байдаг. Тэд Бурханы хүслийн талаар илүү их мэдлэгтэй болсон. Тиймээс, Бурхан тэдэнд дуулгавартай байдлын илүү өндөр жишгийг тавьсан. Энэ талаар Есүс Лук 12:48-д дурдсан байдаг. Энд:

“Хэнд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана” гэжээ (Лук 12:48).

Бурханы Үгийн үнэнийг сурсан хүмүүс, Түүний замыг мэддэг хүмүүс хүлээн авсан зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг.

Израилийн үндэстний гэрээ болон шинэ гэрээнд нэгдэн орсон үл итгэгчид нь Бурханы ерөөл ба хараал бүхий үр дагаврыг ч амсдаг гэдгийг Бичвэр мөн онцлон тэмдэглэдэг. Тэд өөрсдийн амьдралдаа Бурханы тогтоосон аливаа түр зуурын ерөөл, түр зуурын хараалыг хүлээн авдаг. Гэвч тэд Христ доторх авралын итгэлд ирэхгүй л бол агуу шүүлтийн өдөр эдгээр ерөөл ба хараал нь зөвхөн Бурханы мөнхийн хараалд хөтлөх болно. Тэд Бурханы шүүлт дор мөнхөд үлдэх юм. Еврей 10:28-29-д шинэ гэрээн дэх үл итгэгчдэд ирж буй мөнхийн шүүлтийн талаар бичжээ. Энд:

“Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг... Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцсон, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?” гэжээ (Еврей 10:28-29).

Энд эдгээр хүмүүсийг “гэрээний цусаар” “ариусгагдсан” гэснийг анхаараарай. Энэ нь тэд мөнх авралыг хүлээн авсан байсан гэсэн үг биш юм. Харин тэд шинэ гэрээнд орсон хүмүүсийн хувьд дэлхийгээс тусгаарлагдсан байжээ. Мөн эдгээр хүмүүс ямар нэг хэмжээгээр үргэлж л тэрсэлдэг шигээ Бурханы эсрэг тэрслэх аваас гагцхүү нэг л зүйлийг хүлээн авах аж. Энэ бол дайснууддаа зориулж хадгалсан Бурханы мөнхийн шүүлт юм.

Бид Израилийн үндэстний гэрээ ба шинэ гэрээнүүдэд нэгдэн ороогүй, мөн тэдгээрт нэгдэн орсон үл итгэгчдийн талаар авч үзлээ. Одоо эдгээр гэрээнүүдэд нэгдэн орсон жинхэнэ итгэгчид нь Бурхантай харилцах харилцааны динамик талуудыг хэрхэн амсаж, туулдаг болохыг харцгаая.

Жинхэнэ итгэгчдэд үзүүлдэг тэнгэрлэг өршөөл энэрэл нь хэмжээлшгүй агуу билээ. Үүнд нүглийн уучлал ба Бурхантай мөнхөд нөхөрлөх нөхөрлөл ордог. Элч Паул Ром 8:1-2-т энэ тухай өгүүлдэг. Энд тэрээр:

“Тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс дотор амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ” гэсэн байна (Ром 8:1-2).

Бурхан биднийг хайрлахдаа Өөрийн Хүүг бидний нүглийн шийтгэлийг төлүүлэхээр, бидний оронд зовлонг үрүүлэхээр, өөрсдөдөө авчирсан гэм буруугаас минь аврахаар илгээжээ. Тиймээс энэ үнэн бидэнд агуу их урам зоригийг өгөх ёстой. Чухамдаа Паул Ром 8-р бүлэгт энэ санааг онцлон, биднийг урамшуулан хэлэхдээ: "Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?" гэжээ. Тиймээс, Бурхан Өөрийн Хүүгээ бидэнд өгөхдөө бидний төлөөх Өөрийнхөө хайрыг эргэж буцалтгүйгээр, бүр мөсөн, эцсийн байдлаар харуулсан билээ. Тиймээс бид Түүнд итгэж, Тэр бидэнд үнэхээр хайртай гэдэгт итгэлтэй байх ёстой.

- Др. Брэндон Д.Кроу

Бид Бурханы хуулийн ялаас чөлөөлөгдсөн. Яг үүнтэй зэрэгцэн бид Бурханы бидний төлөө Христ дотор гүйцэлдүүлсэн зүйлд талархаж, үүнийхээ илэрхийлэл болгон Түүнд үнэнч үйлчлэхээр дуудагдсан юм. Ийм учраас Паул Ром 8:7 дээр итгэгчдийг үл итгэгчидтэй харьцуулсан байдаг. Энд:

“Махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Яагаад гэвэл энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй” гэжээ (Ром 8:7).

Тэгэхээр үүнийг эсрэгээр нь харах юм бол Бурханыг хайрладаг бодол санаа нь Түүний хуульд захирагддаг гэсэн утгатай болно. Тиймээс, Ром 8:12-13-т Паул ийнхүү нэмж хэлсэн. Энд:

“Тиймээс ах дүү нар аа, бид ... биеийн үйлсийг үхэлд хүргэх [ёстой]” гэжээ (Ром 8:12-13).

Итгэгчид үл итгэгчдээс өөр амьдрах үүрэгтэй. Энэ нь тэд Бурханы хуульд захирагдах үүрэгтэй гэсэн үг юм. Ингэхдээ авралыг олж авахын тулд бус, харин нигүүлслээрээ бидэнд өгсөн авралынх нь төлөө Бурханыг хүндэтгэх үүрэгтэй.

Хуучин Гэрээний Израильчуудын нэгэн адил Христитгэгчид итгэлээ шалгаж, батлахын тулд Бичвэрийн дүрэм, зааврыг дагаж мөрдөх ёстой. Хуучин Гэрээний үеийн үнэнч итгэгчид өөрсдийн итгэлийн шалгуур болгон Мосегийн хуулинд дуулгавартай байхаар дуудагдсан байдаг. Шинэ Гэрээний үеийн Христитгэгчид ч мөн ижил төрлийн шалгуураар орохоор дуудагддаг. Паул 2 Коринт 13:5-д Коринтчуудад хэлэхдээ:

“Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтдаа унадаггүй л юм бол!” гэжээ (2 Коринт 13:5).

Христ бол Бурханы төгс дуулгавартай Хүү байсан. Түүний зөвт байдал нь биднийг зөвт тооцуулдаг. Тиймээс бид мөнх авралыг авах нь баталгаатай болдог. Гэвч бид өдөр тутмынхаа амьдралд Бурханы бидэнд өгсөн авралыг батлан харуулж амьдрах ёстой. Паул Филиппой 2:12 дээр тэднийг урамшуулахдаа:

“Өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ” гэжээ (Филиппой 2:12).

Бидний бодож байгаачлан Израилийн үндэстний гэрээ болон шинэ гэрээнд орсон үнэнч итгэгчид нь дуулгавартай ба дуулгаваргүй байдлынхаа үр дагаврыг янз бүрээр амсдаг. Нэг талаас, Бурхан мэргэн ухаанаараа жинхэнэ итгэгчид түр зуурын ерөөлүүдийг амсдаг байхаар тогтоосон байдаг. Бурханы Сүнсний олон ерөөлүүд бидэнд өгөгдсөн. Үүнээс гадна Бурхан Өөрийн хүмүүстээ бодит ерөөлүүдийг ч соёрхдог. Гэвч энэ нь эсрэгээрээ байх тохиолдол байдаг нь ч үнэн. Бурхан Өөрийн жинхэнэ хүүхдүүдээ сахилгажуулалтаар дамжуулан сургадаг. Еврей номын зохиогч Еврей 12:6-д энэ тухай тайлбарлахдаа Хуучин Гэрээнээс эш татан дурдсан байдаг. Энд:

“Учир нь хайрладаг хүнээ Эзэн сахилгажуулдаг. Хүлээн авдаг хүү болгоноо Тэр ташуурддаг” гэжээ (Еврей 12:6).

Жинхэнэ итгэгчдийн энэ амьдралдаа амсаж буй түр зуурын аливаа ерөөл ба хараалаас үл хамааран үл итгэгчид болон итгэгчдийн хооронд асар том ялгаа байдаг. Христ алдар суу дотроо эргэн ирэхэд жинхэнэ итгэгчид зөвхөн Бурханы мөнхийн ерөөлүүдийг мэдрэх болно. Бид Илчлэл 21:7 дээрээс энэ тухай харж болно. Энд:

“Ялагч нь үүнийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно” гэжээ (Илчлэлт 21:7).

Хуучин Гэрээг бид үргэлжлүүлэн судлахдаа хүн төрөлхтний эдгээр гурван төрөл ангиллыг болон гэрээний динамик талууд нь тэдгээр хүмүүст хэрхэн хэрэгжиж буйг санаж байх нь чухал юм. Үндэстний гэрээ ба шинэ гэрээнд ороогүй үл итгэгчид, мөн эдгээр гэрээнд орсон үл итгэгчид болон жинхэнэ итгэгчид хоорондын ялгааг ч санах хэрэгтэй. Ингэснээр Хуучин Гэрээг анх хүлээн авсан эртний Израильчуудад энэ нь ямар утга учиртай болохыг ойлгоход бидэнд туслах болно. Тийнхүү бид өнөөдөр үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар илүү сайн бэлтгэгдсэн байх юм.

Энэхүү хичээлээр бид библийн тэнгэрлэг гэрээнүүдийн талаарх ойлголтыг танилцууллаа. Бурхан гэрээнүүдээрээ дамжуулан хаанчлалаа удирдан чиглүүлдэг гэдгийг бид олж харсан. Бид мөн библийн түүхээс Бурханы Адам, Ноа, Абрахам, Мосе, Давидтай хийсэн гэрээнүүд болон Христ доторх шинэ гэрээ нь Бурханы хаанчлалын бодлогыг өөр өөр цаг үеүдэд онцлон тэмдэглэж ирснийг үзэж, суралцлаа. Мөн бид Бурханы өршөөл энэрэл, хүмүүний үнэнч байдал, ерөөл ба хараалын үр дагавар бүхий үндсэн динамик талуудыг судалсан. Ингэхдээ энэхүү динамик талууд нь гэрээний цаг үе бүрийн Бурхан ба Түүний гэрээний ард түмэнтэйгээ харилцах харилцааг тодорхойлдог гэдгийг харсан. Төгсгөлд нь эдгээр динамик талууд нь Бичвэрийн болон өнөө цаг үеийн олон өөр төрлийн хүмүүст хэрхэн хэрэгждэг талаар тодруулж мэдсэн билээ.

Хуучин Гэрээг ойлгоход тэнгэрлэг гэрээний ач холбогдлыг дэгсдүүлсэн гэх боломжгүй юм. Библийн бичээч бүр Бурхан Өөрийн хаанчлалыг гэрээнүүдээрээ дамжуулан удирддаг гэдгийг мэддэг байсан. Үүний үр дүнд Хуучин Гэрээний хуудас бүрд буй сургаалын ач холбогдол нь Бурханы гэрээнүүдийн хүрээнд л үндэслэжээ. Бид шинэ гэрээг авчирсан Христэд үйлчилдэг. Мөн Түүний дагалдагчдын хувьд бид Хуучин Гэрээн дэх Бурханы гэрээнүүдийн талаар сурч мэдэж болох бүхнийг сурч мэдэх ёстой. Тийнхүү бид энэ цаг үед Түүний төлөө амьдарч чадах юм шүү. Библи дэх тэнгэрлэг гэрээнүүдийн бодлогод хандах зориулалтаа шинэчлэх нь биднийг Түүний хаанчлалын бүрэн дүүрэн байдал доторх мөнх амьд хөтлөх болно.

Др. Ричард Л. Пратт Жр. (Хөтлөгч) бол Гурав дахь мянган үйлчлэлийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч юм. Тэрээр Шинэчлэгдсэн Теологийн Сургуульд Хуучин Гэрээний профессороор 20 гаруй жил үйлчилсэн бөгөөд Хуучин Гэрээний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Др. Пратт нь Сайнмэдээг түгээх, заах зорилгоор маш их аялдаг, илгээлтийн үйлчлэгч юм. Тэрээр Вестминстерийн Теологийн Сургуульд суралцаж, Магистрийн зэргээ Нэгдсэн Теологийн Сургуулиас авсан. Мөн тэрээр докторын зэргээ Харвардын Их Сургуульд Хуучин Гэрээ судлалаар хамгаалсан. Др. Пратт нь NIV Spirit of Reformation Study Bible-ийн ерөнхий редактор бөгөөд NLT библийн орчуулгын орчуулагч билээ. Мөн тэрээр “Pray with Your Eyes Open”, “Every Thought Captive”, “Designed for Dignity”, “He Gave Us Stories” зэрэг олон олон ном, нийтлэлийн зохиогч бөгөөд 1 ба 2-р Шастир, 1, 2-р Коринт номын тайлбарыг бичсэн нэгэн юм.

Др. Дэвид Корреа Мексикийн Мерида дахь Сан Пабло Теологийн Сургуулийн дэд профессор, Мексикийн Next Институтын захирал. Тэрээр Прогресо дахь Иглесиа Есүс Пресбитериан чуулганы пастор

Др. Брэндон Д. Кроу Вестминстерийн Теологийн Сургуулийн Шинэ Гэрээний дэд профессор

Ноён Шериф Атеф Фахим Египетийн Александриа Теологийн Сургуулийн багш

Хүндэт Майкл Ж. Глодо Флоридагийн Орландо дахь Шинэчлэгдсэн Теологийн Сургуулийн Библи судлалын дэд профессор.

Хүндэт Клет Хакс Алабама Бирмингхам дахь Итгэлээ өмгөөлөхүйн Судалгааны төвийн захирал, гаж урсгалын эсрэг итгэлээ өмгөөлөгч.

Др. Брэдли Т. Жонсон Асбери Теологийн Сургуулийн туслах профессор, Кентаки Николасвилл дахь Уэсли Чапел Нэгдсэн Методист Сүмийн пастор.

Др. Мэттью Ньюкирк Японы Оказаки дахь Христийн Библийн Сургуулийн ерөнхийлөгч, Хуучин Гэрээний профессор .

Др. Жеффри Ж.Нихаус Гордон-Конвел Теологийн Сургулийн Хуучин Гэрээний Профессор.

Др. Майк Росс Хойд Каролины Шарлотт дахь Шинэчлэгдсэн Теологийн Сургуулийн практик теологийн багш, өмнө нь Маттьюс дахь Христийн Гэрээний Чуулганы ахлах пастор байсан.

Др. Брайан Д.Рассел нь Библи судлалын профессор, Флорида мужийн Орландо дахь Асбери Теологийн Сургууль дахь Хотын Үйлчлэлийн сургуулийн эрхэгч.

Др. Вуйани Синдо Өмнөд Африкийн Жорж Уайтфилд Коллежийн багш.

Др. Марк Л.Страусс Сан Диего дахь Бетел Сургуулийн Шинэ Гэрээний Профессор.

Др. Дерек Томас Жоржиа мужийн Атланта дахь Шинэчлэгдсэн Теологийн Сургуулийн Системт ба Түүхэн теологийн Профессор.

Др. Стивен Ж.Веллум Өмнөд Баптист Теологийн Сургуулийн Христэч Теологийн Профессор.

Ноа – Бурханы удирдлага дор хөвөгч авдар барьж, үерээс амьд гарсан нэгэн. Бурхан түүнтэй байгалийн тогтвортой байдлын амлалт бүхий ертөнц дахины гэрээг хувьчлан байгуулсан

Харилцан тэгш эрхт гэрээ- Хоёр тэнцүү талуудын хооронд байгуулсан гэрээний нэг төрөл

Хааны буцалтгүй тусламж– Эртний хаад үнэнч зарц нартаа газар нутаг, онцгой байр суурийг олгодог байсан албан ёсны баримт бичиг

Эзэн хаан (сузерейн) – жижиг улс үндэстнүүдийг захирдаг хүчирхэг эзэн хаан ба захирагч. Гэрээний давуу хүчтэй тал буюу захирагдах ёстой тал

эзэн хаан ба харьяат хааны хэлэлцээр –

байлдан дагуулагч эзэн хаан ба харьяанд нь буй захирагч эсвэл хааны хооронд байгуулсан гэрээ

ертөнц дахины гэрээ (үүд) – бүх хүн төрөлхтнийг төлөөлж байсан хүнтэй байгуулсан гэрээ (Адам ба Ноа)

харьяат улс (вассал) – илүү хүчирхэг эзэнт улс ба хаанд (сузерейн) захирагдах ёстой хаан эсвэл үндэстэн

Continue reading the full transcript