Хуучин Гэрээний кэнон хэрхэн тодорхой зааварчилгааг танилцуулж байгааг судлах нь Хуучин Гэрээг толь, цонх, зураг гэж үзэх замаар шалгах.
From the transcript
Библийн боловсролыг дэлхий дахинд үнэ төлбөргүй түгээх.
Бид үйлчлэлд бэлтгэх сургалтаар гачигдаж байгаа дэлхийн эргэн тойронд буй хэдэн зуун мянган пастор ахлагч нарт үнэ төлбөргүй Христэч боловсрол олгохыг зорьдог. Бид энэ зорилгодоо хүрэхийн тулд Англи, Араб, Мандарин, Орос, Испани хэл дээр мультмедиа хэлбэрээр семинарын хөтөлбөр бэлтгэн дэлхий даяар түгээж байна. Бидний хамтран үйлчилдэг байгууллагууд хөтөлбөрийг маань өөр арав гаруй хэлрүү хөрвүүлэхээр ажиллаж байна. Уг хөтөлбөр нь дүрсжүүлсэн видео, хэвлэмэл заавар, цахим эх сурвалжуудаас бүрддэг. Энэ нь сургууль, бүлэг, хувь хүмүүс онлайнаар болон бүлгээр цуглан ашиглахад тохиромжтой хэлбэрээр зохиогдсон.
Олон жилийн хугацаанд бид хамгийн дээд зэргийн чанартай, хамгийн сайн агуулга бүхий хамгийн бага зардал шаарддаг шилдэг мультмедиа хичээлүүд бүтээх аргыг боловсруулсан. Манай зохиолч, редакторууд теологийн боловсрол эзэмшсэн багш нар байдаг бол манай орчуулагч нар теологийн зөв суурьтай орчуулж буй хэлээр ярьдаг төрөлх хэлтнүүд байдаг. Манай хичээлүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, семинаруудад заадаг нэр хүндтэй зуу зуун багш, пасторуудын мэдлэг хувь нэмрээр бүтдэг. Үүнээс гадна манай график дизайнер, зураач, продьюсрүүд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмж, технологийг ашиглан хамгийн өндөр түвшний чанартай бүтээлүүд гаргадаг.
Төрдмил нь хичээлүүдээ түгээх зорилгоо биелүүлэхийн тулд чуулган, семинар, Библийн сургууль, илгээлтийн эзэд, Христитгэлт нэвтрүүлгүүд, хиймэл дагуулын телевизүүд болон бусад байгууллагуудтай стратегийн түншлэл тогтоодог. Энэ харилцаануудын үр дүнд бид аль хэдийн маш олон нутгийн удирдагч, пастор, семинарын оюутанд тоолж барахааргүй олон видео хичээлийг хүргээд байна. Бид мөн цахим хуудсуудаараа дамжуулан хичээлүүдээ түгээдэг бөгөөд тэнд хичээлүүдэд дэмжлэг болох нэмэлт материалууд ч бас бий. Үүнд мөн хамт судлах багаа хэрхэн бүрдүүлэх тухай материал ч багтдаг.
Чуулган эсвэл өөр ямар нэг томоохон байгууллага удирдаж үзсэн хүн бүр бүх хүнд хүртээлтэй зорилго тодорхойлж, зарим суурь бодлого зарчмыг тогтоох нь чухал гэдгийг мэддэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тодорхой боломж ба бэрхшээлүүдийг авч үзэх шаардлага бас тулгардаг.
Библийн түүхэн дэхь эртний дэлхийн агуу хаадын зорилго нь хаант улсаа бэхжүүлэх, тэлэхэд оршдог байсан бөгөөд суурь бодлого журмаа олон улс хоорондын гэрээ хэлэлцээрд үндэслэн тогтоодог байлаа. Гэхдээ тэр хаад янз бүрийн хаад ноёдын гаргасан тунхагаас болоод хаант улсад нь тулгарсан онцгой боломж, бэрхшээлүүдийг ч бас тодорхойлж хариу арга хэмжээ авдаг байсан. Тэдгээр мэдэгдлүүдийн зарим нь өнөөдөр ч музейд хадгалагдаж байна.
Эртний израилчуудад ч энэ нь гайхаж цочирдом зүйл биш байсан. Тэр үед бүх бүтээлийн Хаан, Израилын Бурхан ч бас үүнтэй төстэй аргаар ажилладаг байсан. Түүний зорилго нь энэ дэлхий дээрх хаанчлалаа бэхжүүлж, тэлэх бөгөөд хаанчлалынхаа үндсэн бодлогыг гэрээнүүдээр дамжуулан тогтоосон юм. Гэхдээ Бурхан ч бас янз бүрийн хаад ноёдын гаргасан тунхагаас болоод хаант улсад нь тулгарсан онцгой боломж, бэрхшээлүүдийг тодорхойлж хариу арга хэмжээ авдаг байсны зарим нь Хуучин гэрээний канонд тэмдэглэгдсэн байдаг.
Энэ бол бидний үзэж буй Хаанчлал, гэрээнүүд ба Хуучин гэрээний канон цувралын дөрөв дэхь хичээл юм. Энэ хичээлээр бид "Хуучин гэрээний канон"-д анхаарал хандуулах болно. “Канон” гэдэг үг нь эртний Грек болон Латин хэлэнд бидний өнөөдөр хэрэглэдэг "хэм хэмжээ" буюу "хэмжүүр" гэдэг утгыг илэрхийлдэг байжээ. Мөн бид энэ хичээлээр Бурхан ард түмэндээ туйлын дээд хэм хэмжээ болгон өгсөн Бичвэрийг түүхийн явцад хэрхэн бичүүлсэн талаар үзэх болно.
Хуучин гэрээний бүх бичээч Бурхан тэнгэрийн улсаас энэ дэлхийн хязгаар хүртэл хаанчлалаа тэлж байгаа гэдэгт итгэдэг байсан. Тэд бас Бурхан тэдэнтэй байгуулсан удаа дараагийн томоохон гэрээнүүдээр тогтоосон үндсэн бодлогуудаараа дамжуулан хаанчлалаа удирддаг гэдэгт итгэж байлаа. Бурхан Адам, Ноа, Абрахам, Мосе, Давидын үед гэрээнүүд байгуулсан төдийгүй эш үзүүлэгчдийн зөгнөсөнчлөн ирээдүйд байгуулах шинэ гэрээг ч бас тогтоосон юм. Тэгэхлээр бидний мэдэж байгаагаар Бурхан Адам, Ноа, Абрахамтай гэрээ хийх үед Бичвэр хараахан бичигдээгүй байсан. Харин Мосегийн болон Давидын өдрүүдэд Израил хаант улс болон томорсон бөгөөд энэ үед Бурхан гэрээнүүдээр тогтоосон бодлогуудаа Хуучин Гэрээний Бичвэрүүдээр дамжуулан ард түмнийхээ амьдралд нэвтрүүлсэн. Эдгээр Бичвэрүүд нь эхлээд эртний Израилд хандсан үг байсан боловч цаашлаад бүх цаг үеийн Бурханы ард түмний итгэл ба амьдралын жишиг буюу хэм хэмжээ нь байхаар бичигдсэн юм.
Бид энэ хичээлээр Хуучин гэрээний каноныг судлахдаа Бурханы ард түмэн эрт үед хааныхаа Үгийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ашиглаж байсан гурван том стратегийг олж харах болно. Нэгдүгээрт, бид Хуучин Гэрээг олон янзын сэдэв болон дэд сэдвүүдийг тусгасан толь гэдэг талаас нь харах болно. Хоёрдугаарт, бид Хуучин Гэрээг түүхийг харах цонх гэдэг талаас нь авч үзэх болно. Гуравдугаарт, бид Хуучин Гэрээг тодохой зарим ойлголт, үзэл баримтлалуудыг Бурханы хүмүүст зориулан онцлон тодотгож өгсөн уран зохиолын цуврал хөрөг зураг гэдэг талаас нь харж судлах болно. Дээрх гурван стратегийг хооронд нь салгаж авч үзэх ямар ч боломжгүй, тэд хоорондоо маш нарийн уялдаа холбоотой байдаг. Гэхдээ бид зорилгынхоо хүрээнд тэднийг тус тусд нь авч үзэх бөгөөд Хуучин Гэрээний канон нь яагаад толины тусгалтай адил болохыг эхлээд авч үзье.
КАНОНЫГ ТОЛЬТОЙ АДИЛТГАХ НЬ
Та найзуудтайгаа ном уншиж байхдаа таны анхаарлыг татаж байгаа зүйлээс өөр зүйл найзуудын тань анхаарлыг татаж байгааг анзаарч байсан уу? Тухайн номд олон янзын сэдвийг хөндсөн байж болох ч бид голдуу өөртөө хамгийн чухал гэсэн зүйлдээ л онцгой анхаарал хандуулдаг. Энэ зарчим Бурханы ард түмэн Хуучин Гэрээг унших үед ч мөн адил үйлчилдэг байлаа. Хуучин Гэрээний зохиогчид бичсэн номоороо дамжуулан Бурханы хаанчлалын теологийг болон Бурханы ард түмэнтэйгээ байгуулсан гэрээний бодлогуудыг амьдрал дээр буулгасан бөгөөд ингэхдээ тэд маш олон сэдвийг хөндсөн юм. Бид ч мөн Хуучин Гэрээг судлахдаа тэдгээр сэдвүүдээс бидний амьдралд ач холбогдолтой байж чадахуйц гэснийг нь илүү тодруулж судлах боломжтой.
Хуучин Гэрээг тольтой адилтган харахдаа бид Хуучин Гэрээ бидний санаа зовж буй асуудлууд болон эргэлзээтэй асуултуудын талаар юу гэж хэлсэнд илүү анхаарал хандуулдаг бөгөөд ингэхдээ тухайн сэдвийг Бичвэрт хоёрдогч байр сууринд тавьсан эсвэл үүнд маш бага ач холбогдол өгсөн байсан ч нэг их тоодоггүй. Бурханыг итгэмжтэй дагахад маань чухал ач холбогдолтой сэдвүүд Хуучин Гэрээнд хэрхэн тусгалаа олсныг судалдаг тул энэ стратегийг "сэдэвчилсэн анализ" гэж нэрлэдэг.
Сэдэвчилсэн анализ хийх үед Хуучин Гэрээ яагаад тольны үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгохын тулд бид хоёр асуудлыг хөндөх болно. Нэгдүгээрт, энэ стратегийг ашиглах нь яагаад зөв болохыг буюу үүний суурь шалтгааныг. Хоёрдугаарт, энэ стратеги нь юунд анхаарал хандуулдаг болохыг. Эхлээд сэдэвчилсэн анализын суурь шалтгааныг авч үзье.
Суурь шалтгаан
Үүнийг хүлээн зөвшөөрөх үгүйгээс үл хамааран та Хуучин Гэрээг унших үедээ амьдрлын туршлагаасаа үүдэлтэй чухалчилдаг зүйлсээ өөрөөсөө бүрмөсөн зайлуулж тусгаарлах ямар ч боломжгүй юм. Бид Хуучин Гэрээг Бурханаас ард түмэндээ хэлсэн хааны үг гэж үздэг. Тиймээс бид Бичвэрийн энэ хэсгийг уншихдаа өөрт чухал санагдсан асуудлынхаа талаар юу гэж заасныг их бага ямар нэг хэмжээгээр олж мэднэ гэсэн найдлага үргэлж тээж байдаг. Гэвч энэхүү нийтлэг хандлагатай холбоотой нэг асуулт гарч ирдэг. Энэ нь: “Ингэх нь зөв гэж үү?” Хувийн ашиг сонирхлоо бодож Хуучин Гэрээг унших нь зөв гэж үү?
Хуучин Гэрээг бидний сонирхож буй зүйлийг тусган харуулдаг толь гэж үзэхэд хүргэдэг дор хаяж хоёр үндсэн хүчин зүйл бий. Эхнийх нь Бичвэрийн мөн чанар нь өөрөө үүнийг дэмждэг. Хоёрдугаарх нь, Библийн олон жишээ үүнийг баталдаг. Эхлээд Бичвэрийн мөн чанар нь сэдэвчилсэн анализын аргыг хэрхэн дэмждэг талаар харцгаая.
Бичвэрийн мөн чанар
Ихэнх зохиол сайтай зузаан номуудын нэгэн адил Хуучин Гэрээний номууд нь олон жижиг элемэнтүүдээс бүрддэг бөгөөд тэдгээр элемэнт нь өөр өөр сегментүүдэд хамаардаг. Тэр сегментүүд нь нийлээд илүү том хэсгийг бий болгодог бол тэрхүү хэсгүүд нь хамтдаа номыг бүхэлд нь бүрдүүлдэг. Эдгээр нэгж үе шат тус бүр нь Хуучин Гэрээний номуудын бидэнд өгдөг ойлголтод өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байдаг. Дээрх үе шатуудын алийг нь ч сонгон анхаарлаа хандуулах бүрэн эрх чөлөө бидэнд бий гэдгийг бид мэдэх ёстой.
Харамсалтай нь олон сайн Христэд итгэгч Хуучин Гэрээний утга агуулгыг хэт явцуу байдлаар ойлгодог. Тэд багц эшлэл бүр лазерийн туяаны тусгал мэт маш нарийн заавар чиглүүлэг өгдөг бөгөөд үүнийг зөв дүгнэж тодорхойлох цорын ганц л арга байгаа мэт авирладаг. Үнэндээ Библийн багц эшлэлүүд нь лазерын туяаны тусгал шиг бус харин ч аажмаар бүдгэрэх гэрэлтэй илүү төстэй. Зарим сэдэв нь нэлээд чухал учраас Библийн эшлэлүүд тэдэн дээр илүү тод гэрэл тусгадаг. Тэдгээр нь Библийн эшлэлүүдийн хувьд эн тэргүүнд чухалчлах сэдвүүд юм. Харин зарим арай “жижиг” сэдвүүдийн хувьд тэдэн дээр арай бүдэг гэрэл тусгасан мэт өнгөцхөн хөндсөн байдаг. Сэдэвчилсэн анализ нь Библийн эшлэлүүдийн ач холбогдлын цар хүрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд голдуу хоёрдогч буюу жижиг сэдвүүд рүү анхаарал хандуулдаг. Үнэндээ жижиг сэдвүүд нь сэдэвчилсэн анализын судалгааны гол обьект болох нь элбэг.
Бидний энэ ойлголтыг дүрслэх жишээ болгон Библийн хамгийн эхний эшлэл болох Эхлэл 1:1-ийг харцгаая. Бүгдээрээ уншицгаая:
Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ (Эхлэл 1:1).
Тэгэхээр бид өөрсдөөсөө “Энэ эшлэл юуны тухай заасан бэ?” гэж асуувал эхлээд бид “хариулт нь маш энгийн Эхлэл 1:1 бидэнд Бурхан дэлхийг бүтээсэн гэж хэлж байна” гэж бодох байх. Ихэнх маань энэ эшлэлийн гол санааг ингэж дүгнэх нь зүй ёсны хэрэг гэж санал нийлнэ. Гэхдээ энэ дүгнэлт хэдий үнэн байж болох ч зөвхөн энэ гол санаагаар өөрсдийгөө хязгаарлавал бид энэ эшлэлийн хөндөж болох өөр олон сэдвүүдийг үл хайхран өнгөрөх болно.
Энэ хэдхэн үгээс л гэхэд ямар олон сэдэв, санаа харагдаж байна вэ? Үнэндээ эндээс нэлээд урт жагсаалт гарах болно. Энэ эшлэл Бурхан дэлхийг бүтээсэн гэдэг баримтаас гадна “Бурхан байдаг”, “Бурхан бүтээлээс өмнө оршин байсан” зэрэг теологийн сэдвүүдийг ч агуулдаг. Мөн Бурхан орчлонг бүтээж чадахуйц хангалттай хүчирхэг бөгөөд Бурханыг Бүтээгч гэдгийг нь мэдэж хүлээн зөвшөөрөх ёстойг заадаг.
Эхлэл 1:1-д мөн бүтээлийн талаар ч өгүүлдэг. Энд бүх зүйлийг бүтээсэн үйл явдал үнэхээр болсон гэдэг баримтыг бидэнд өгдөг. Бүтээл өөрөө бие даан оршдоггүй гэдгийг бидэнд илчилдэг. Бүтээл Бурханаас хамааралтай оршин тогтнодог. Мөн тэнгэр бол бүтээлийн нэг хэмжигдэхүүн, газар ч бас бүтээлийн нэг хэмжигдэхүүн гэдгийг тодорхойлдог. Ганц энэ эшлэл л гэхэд ийм олон, үүнээс цааших олон жижиг сэдвүүдийг ч хүртэл хөнддөг бөгөөд бид эдгээрийн алинд нь ч анхаарал хандуулсан огтхон ч буруудах зүйлгүй юм.
Хэрэв зөвхөн Эхлэл 1:1-р эшлэлээс л ийм олон сэдэв харагдаж байгаа юм бол илүү олон эшлэлтэй арай том багц эшлэлүүдээс хэр олон сэдэв харагдахыг төсөөлөөд үз. Хуучин Гэрээний томоохон багц эшлэлүүдийн ихэнх нь бидний сонирхол, амьдралын тушлагатай холбоотой олон асуудлуудыг хөнддөг. Мэдээж бид Бичвэрийг уншихдаа өөрийн санааг тулгаж уншихгүй байхад анхаарах хэрэгтэй. Гэхдээ Хуучин Гэрээний хэсгүүдэд тодорхой нэг асуудлын талаар ил эсвэл далд аль ч хэлбэрээр хөндсөн байсан бид тухайн сэдвээс ашиг тусыг нь хүртэх нь зүй ёсны хэрэг билээ.
Библийн жишээнүүд
Бид сэдэвчилсэн анализын Библийн жишээнүүдээс ч бас Хуучин Гэрээг тольтой адилтган үзэх нь зохистойг харуулсан суурь шалтгааныг харж болно. Бурханы онгодоор хөглөгдсөн Библийн зохиогчид болон Библид гардаг нөлөө бүхий дүрүүд нь олон тохиолдолд Хуучин Гэрээнд дурьдагдсан харьцангуй жижиг сэдвүүд рүү бидний анхаарлыг хандуулдаг. Үүний тод нэг жишээ болох Еврей 11:32-34-г авч үзье:
… Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчид… итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж, 34 галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа. (Еврей 11:32-34).
Шүүгчид номд гардаг Иефта, Самсон нарын түүхийг мэддэг хүн бүр уг номд тэдний талаар үргэлж гэрэл гэгээтэй зүйл бичээгүйг сайн мэднэ. Үнэндээ Шүүгчид номын зохиогч нь түүхийн тухайн цаг үед байсан Иефта, Самсон зэрэг Израилын удирдагчдын ёс суртахууны доройтлыг ахин дахин онцолж анхаарлын төвд авчирсан байдаг. Шүүгчид Бурханы ард түмнийг тэдэнд хэрэгтэй зүй ёсны удирдлагаар хангах чадваргүй байсан гэдгийг харуулахын тулд тэр тэдний алдаа дутагдлыг онцлон тодотгожээ.
Гэсэн ч Шүүгчид номд Иефта, Самсон нарын талаар эерэг зүйлс мөн тэмдэглэгдсэн бөгөөд тэдний талаарх баримт харьцангуй бага бичигдсэн байдаг. Энэ хоёр эр хоёулаа итгэлээрээ Бурханд хандсанаар Бурханы дайснуудыг ялсан юм. Тиймээс Еврей номын зохиогч Хуучин Гэрээн дэхь итгэлийн үлгэр дуурайл болсон хүмүүсийг нэрлэхдээ тэр хоёрын эерэг амжилтыг сонгон авч тэмдэглэн үлдээжээ. Еврей номын бичээч өөрийнх нь хувьд чухал байсан энэ жижиг сэдвүүдийг онцлон тодотгосон боловч Шүүгчид номын гол санааг үгүйсгээгүй юм.
Шинэ Гэрээний бичээчид эх бичээсийг зөрчөөгүй л бол өчүүхэн жижиг санааны хувьд ч гэсэн Хуучин Гэрээнээс эш татаж, тэрхүү санаанаасаа хэрэгжүүлэх зарчим гаргаж ирж болно. Есүс, Бурханы хууль биелэгдэхээс нааш Бурханы үгээс нэг ч зураас, нэг ч үсэг алга болохгүй хэмээх гайхалтай үнэнийг тунхагласан. Үүнээс бидний гаргаж болох нэг дүгнэлт бол өчүүхнээс авахуулаад томоо хүртэл Бичвэрийн бүх хэсэг нь Бурханы онгодоор бичигдсэн, өөрийн гэсэн утга учиртай, үнэ цэнтэй, зорилготой юм. Бид Шинэ Гэрээнээс үүний хэд хэдэн бодит жишээг харж болно. Шинэ Гэрээний бичээчид Хуучин Гэрээний үйл явдал, сургаалуудаас эш татаж тэдгээрийн өчүүхэн жижгээс нь ч хүртэл хэрэгжүүлэх санаагаа гаргаж ирдэг байсан. Еврей номын бичээч 11-р бүлэгт Хуучин Гэрээний ариун хүмүүсээс нэлээд олныг нь тоочсон бөгөөд тэдний амссан онцгой туршлагад үндэслэн сайн мэдээний илүү агуу найдварынхаа төлөө бүх дэлхийн бүх итгэгчдэд үйлчлэх ерөнхий зармуудыг гаргаж ирдэг.
— Рев. Кевин Лабби
Хуучин Гэрээг тольтой адилтган үзэх нь яагаад зөв гэдгийг тайлбарласан суурь шалтгааныг бид сая харлаа. Одоо харин энэ стратеги юунд голлон анхаардаг болохыг харцгаая.
Гол анхаарал
Хуучин Гэрээнээс бидний хайж байгаа зүйл хаана, хэзээ, хэн гэдгээс маань хамаараад харилцан адилгүй байдаг. Тийм учраас бид Хуучин Гэрээг толь гэж үзэж байгаа тохиолдолд маш өргөн хүрээний асуудлуудад анхаарал хандуулах боломжтой. Сэдэвчилсэн анализын энэхүү өргөн цар хүрээг хамарсан байдал нь Кумран буюу Мөхсөн тэнгисийн гар бичмэлүүд болон бусад Иудейн эрт үеийн бичээс, Талмуд зэргийг орчуулсан эртний Иудейчүүдийн орчуулгаас харагддаг. Бүх цаг үеийн Христэд итгэгчдийн Хуучин Гэрээг орчуулсан орчуулгаас ч бас олон талт ялгаатай байдал харагддаг. Гэсэн ч Бичвэрийг сэдэвчилсэн анализын дагуу харах үед юуны түрүүнд яриагддаг тодорхой хэдэн сэдэв байдаг.
Сэдэвчилсэн анализ юунд голлон анхаарал хандуулдаг талаар авч үзэхийн тулд бид эхлээд теологийн онол сургаалд, хоёрдугаарт жишээнүүдэд, гуравдугаарт хувь хүний хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулах талаар ярих болно. Мэдээж хамгийн их анхаарал татдаг зүйл бол Хуучин Гэрээний тухайн хэсэг теологийн онолын хувьд юу өгүүлж байгааг олж мэдэх байдаг.
Онол сургаал
Олон мянган жилийн турш уламжлалт онол сургаалийн асуудлуудал хариулах жинхэнэ үнэн зөв сургаалуудыг агуулсан эх сурвалж нь Хуучин Гэрээ мөн гэж тооцогдсоор ирсэн. Жишээлбэл, Христитгэлт теологчид системт теологийн сэдвүүдээс үүдэлтэй асуултуудад хариулахын тулд голдуу сэдэвчилсэн анализыг ашигладаг. Бид Хуучин Гэрээний багц эшлэлийг уншаад, “Энд Бурханы шинж чанарын талаар юу гэж бичсэн бэ?”, “Энд хүн төрөлхтөний нөхцөл байдлын талаар юу гэж хэлсэн бэ?”, “Авралын онол, гэмийн шүүлтийн онолын талаар энд юу гэж хэлсэн бэ?” гэх зэргээр асуудаг. Та Хуучин Гэрээний эшлэлүүдийг дээрх болон үүнтэй төстэй сэдвүүдийн дагуу цэгцэлсэн дэд гарчигтай Библи харж байсан байх. Иймэрхүү сэдвүүд тухайн хэсгийн гол санаатай хамааралгүй санагдаж болох юм. Гэхдээ бичээст ил, далд ямар нэг байдлаар хөндсөн л бол бидний анхаарлыг татдаг уламжлал болсон олон асуултын хариуг тэндээс олох боломжтой.
Онол сургаалтай холбоотой сэдэвчилсэн анализ хийхдээ тухайн онол сургаалийг тайлбарладаг Хуучин Гэрээний багц эшлэлтэй тулгаж бяцхан шалгалт буюу бичээсийн нотолгоо хийдэг. Симтемчилсэн теологийн болон итгэл үнэмшлийн өчил, эсвэл чуулганыхаа албан ёсны итгэлийн тунхагийг бичсэн номыг унших бүртээ бид тодорхой нэг онол сургаалын үзэл баримтлалыг батлахын тулд Хуучин Гэрээний эшлэлүүдээс эш татсаныг хардаг.
Харамсалтай нь заримдаа зарим теологчид Хуучин Гэрээний бичээсүүдийг тайлахдаа хэтэрхий болгоомжгүй хандсанаас болоод олон тайлбарлагч бичээсийн нотолгооны аргыг бүхэлд нь үгүйсгэдэг. Гэвч хэрэв тухайн хэсэгт тодорхой нэг асуудал хөндөгдсөн л бол жижиг ч хамаагүй тэр Библийн хэсэгт гарч буй сэдвүүдийг тодруулж харах хүчин төгөлдөр, цаг хэмнэсэн арга нь бичээсийн нотолгоо билээ.
Сэдэвчилсэн анализын хувьд онол сургаалд анхаарал хандуулахаас гадна өөр нэг нийтлэг хэрэглэдэг загвар нь ёс суртахууны жишээг тодотгож харуулах юм.
Жишээнүүд
Бид хэнийг даган дуурайхаа эсвэл хэнийг дагаж үйлдэж болохгүйгээ олж мэдэхийн тулд Хуучин Гэрээ рүү ханддаг үе олон. Жишээлбэл 1 Самуэл 17-р бүлэгт гардаг Давид, Голиат хоёрын түүхийг авч үзье. Олон зууны турш пасторууд Давид бол итгэгчдийн даган дуурайх үлгэр жишээ мөн гэж зааж ирсэн. Бид Саулын хуяг дуулгыг авахаас татгалзан, Бурханы хүчинд итгэж, Голиатыг ялсан хэмээн Давидыг магтсан үгсийг олонтаа сонсдог. Түүний хандлага, үг, үйлдэл нь бүх итгэгчдийн хувьд сүнслэг асуудал бэрхшээлтэй тулгарахдаа даган дуурайвал зохих үлгэр жишээ гэж тооцогдсоор ирсэн.
Харамсалтай нь сүүлийн хэдэн арваны явцад нэлээд олон Библи тайлбарлагч 1 Самуэл 17-р бүлэгт гарч буй Давидыг ёс суртахууны үлгэр жишээ болгох нь зохисгүй хэмээн үзэх болжээ. Тэд Самуэл номын энэ хэсэг нь Израилын үүрдийн хаант угсааг залгамжлах гэж байсан Саулын гэрийг яагаад Давидын гэрээр сольсныг тайлбарлахын тулд л бичигдсэн гэж үздэг. Тиймээс тэд Давид Голиатыг ялсан нь Христэд итгэгчдэд зөвхөн Давидын Хүү агуу Христ болон хорон мууг ялсан Түүний төгс ялалтын талаар л бодуулах ёстой гэж дүгнэжээ. Энэ нь чухал сэдэв мөн хэдий ч энэ хэсгээс харж болох цорын ганц сургамж заавар огтхон ч биш. Тийм нөхцөлд Давидын харуулсан тэр итгэлийг итгэгч хүн бүр яг л Шинэ Гэрээнд биднийг Христийг даган дуурай гэж дууддагтай адил даган дуурайх нь зүйтэй.
Хуучин Гэрээнд даган дуурайхуйц эсвэл анхааралдаа авч үйлдэхгүй байх зүйлсийн жишээ дүүрэн бий. Хуучин Гэрээний бүрэн эрхт сургаалыг сэдэвчилсэн анализын аргаар судлахдаа эдгээр жишээг эрж хайх нь зүй ёсны хэрэг билээ.
Теологийн онол сургаал, Библийн жишээнээс гадна сэдэвчилсэн анализын гурав дахь нийтлэг бөгөөд зайлшгүй анхаарал хандуулах зүйл бол хувь хүн өөрийн хэрэгцээнд зориулж Библийг тунгаан бясалгаж унших юм. Сэдэвчилсэн анализ нь Хуучин Гэрээний хэсгүүд итгэгчдийн хувийн амьдралд тулгарч буй олон янзын асуудлуудын талаар юу гэж заасныг олж мэдэхэд тусладаг.
Хувь хүний хэрэгцээ
Бид бүгд л хэрхэн сайн аав, ээж байх, ажилдаа хэрхэн амжилт гаргах, Бурханыг хэрхэн магтан хүндлэх, сэтгэлзүйн зөрчлөө хэрхэн шийдвэрлэх зэргийн талаар Хуучин Гэрээнээс заасан хичээлүүдийг сонсож байсан. Иймэрхүү хувийн чанартай асуудлуудад хариулт авахын тулд Хуучин Гэрээний багц эшлэлүүдийг голдуу сэдэвчилсэн анализын аргаар авч үздэг. Эдгээр асуудлууд нь Библид тийм ч чухал байр суурь эзлэхгүй байсан ч Хуучин Гэрээ тэдгээрт яаж хандсаныг нээж олох нь бидэнд чухал ач холбогдолтой гэдэг нь гарцаагүй.
Жишээлбэл номлогч хүн аавуудад эцэг хүнийхээ хувьд Давидын гаргасан алдааг давтахгүй байхыг анхааруулах нь зүйн хэрэг. Тэд Иаковын эхнэрийнхээ төлөө 14 жил хөдөлмөрлөсөн түүхээс шаргуу хөдөлмөрлөх зарчмыг гаргаж ирдэг. Пасторууд Мелхизедек, Абрахам хоёрын түүхийг жишээ болгон мөргөл хүндэтгэлийн элемэнтүүдийг дүрслэн тайлбарладаг. Тэд сүнслэг хямралд орсон итгэгчдэд заавар чиглүүлэг өгөхдөө Кармел уулан дээрх үйл явдлын дараа Елишагийн сэтгэлийн их хямрал зөрчил туулсан явдлаас эш татдаг.
Библид алдаа гарган бүдэрсэн ч эргээд боссон хүмүүсийн талаар гардаг төдийгүй алдаа гаргачихаад хэзээ ч засраагүй хүмүүсийн талаар ч бас гардаг. Энэ нь бидний амьдралын ёс суртахууны талбарт найдвартай сайн удирдамж болж чаддаг бөгөөд Бурхан биднийг уучлахад хэзээд бэлэн байсаар байдаг гэдгийг ойлгоход маань тусладаг. Бурхан биднийг дахин босгох үед бид Түүний нигүүлслийн ачаар ялалт байгуулж амьдрах чадвартай болдог… Тиймээс миний хувьд Библи бидний ёс суртахууны амьдралын туйлын найдвартай удирдамж мөн. Бид Библийг буруугаар ашиглаж болохгүй. Библийг буруугаар эш татаж болохгүй. Тэр дундаа алдаа гаргасан хүмүүсийн тухай тэмдэглэлээс бид сургамж авч суралцах ёстой болохоос биш тэднийг давтах ёсгүй. Бид тэдгээр хүмүүсийн гаргасан зан авираас амархан алдаж гэм үйлдэж болзошгүй зүйлсийн талаар, бүдрэх магадлалтай талбарын талаар суралцаж, Христээс биднийг замчилж удирдахыг гуйн, Ариун Сүнсний хүчээр хамгаалуулж ингэснээр Бурхан бидний амьдралд хамгийн чухал байр сууринд байх юм.
— Др. Ашиш Криспал
Сэдэвчилсэн анализын дагуу Хуучин Гэрээг тольтой адилтган үзэх нь олон хэлбэртэй. Мөн энэ стратеги нь үл тоомсорлон орхиж огт болохооргүй чухал үнэ цэнтэй. Хуучин Гэрээний каноныг судлахдаа тухайн Бичвэрт гарч буй бүх сэдэвт, бүр хамгийн жижиг цухас дурдагдсанд нь ч хүртэл анхаарал хандуулах нь зүйтэй.
Сая бид Хуучин Гэрээний каноныг толь мэт хандах аргуудаас заримыг нь үзлээ. Одоо харин Бурханы хүмүүсийн ашиглаж ирсэн хоёр дахь томоохон стратеги буюу Хуучин Гэрээний каноныг түүхийг харах цонх гэж үздэг стратеги руу шилжих гэж байна.
КАНОНЫГ ЦОНХТОЙ АДИЛТГАХ НЬ
Хуучин Гэрээний эш үзүүлэгчид Бурханд итгэмжтэй үйлчлэхийн тулд өнгөрсөн түүхэнд Бурхан тэдний төлөө юу хийснийг санах шаардлагатай гэж Израилд олон дахин сануулж байв. Энэ анхааруулгын хариуд Израилийн итнэмжит хүмүүс болон Христийн чуулган Хуучин Гэрээг үргэлж түүхийг харах цонх гэж хандсаар ирсэн билээ. Библийн дагуух итгэл нь домог, улс төрийн үзэл суртал, хийсвэр гүн ухаан зэрэгт үндэслэдэггүй. Харин энэ нь Бурхан түүхэнд ажилласан гэдэг баримт дээр үндэслэдэг бөгөөд Бичвэрт Бурханы хийсэн зүйлсийн талаар итгэж болохуйц баримтуудыг тэмдэглэн үлдээжээ. Ариун Сүнс үргэлж Хуучин Гэрээний бичээчдийг түүхэнд Бурханы хийсэн үйлсийг тунгаан бодоход чиглүүлдэг байсан.
Тийм учраас Хуучин Гэрээний номуудад түүхийн анализ хийх нь үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нэн чухал стратеги болдог.
Бид түүхэн үйл явдлыг бичсэн энгийн номуудыг уншихад тэнд бичигдсэн түүхэн үйл явдлуудад өөрийн эрхгүй л анхаарал татагддаг. Зарим үед бид тухайн түүхэнд бүрэн автчихаад өөрсдийн амьдралын асуудлуудыг ч бодохоо болиод тухайн үйл явдлуудыг тэр номоор дамжуулан харж тэр түүхэн цаг үед энэ бүхэн чухам ямар байсан талаар төсөөлөлд автдаг.
Үүнчлэн Хуучин Гэрээний канонд дэлхий ертөнцийг олон мянган жилийн тэртээгээс оршин байснаар дүрсэлдэг. Мөн Бурханы хүмүүс Хуучин Гэрээг бидэнд тэрхүү өнгөрсөн үеийн дэлхийг харах боломж олгодог цонх гэж хүлээн авснаар тэднийг амьдралыг захирдаг Бурханы эрх мэдлийг дуулгавартай дагадаг. Бид энэ стратегийг "түүхийн анализ" гэж ярьдаг нь өнгөрсөн үйл явдлуудад болон тэдгээр үйл явдлуудын талаар Хуучин Гэрээнд юу гэж бичсэнд анхаарал хандуулдагтай нь холбоотой.
Хуучин Гэрээний канонд түүхийн анализ хийхийн тулд бид мөн л хоёр асуудлыг авч үзэх болно. Нэгдүгээрт, Хуучин Гэрээг түүхийг харах цонх гэж үзэх нь зөв гэдгийг харуулсан суурь шалтгаан. Хоёрдугаарт, энэ стратегийн гол анхаарал хандуулдаг зүйлсийг үзнэ. Эхлээд Хуучин Гэрээний Бичвэрт түүхийн анализ хийхийг дэмжсэн суурь шалтгааныг харцгаая.
Суурь шалтгаан
Харамсалтай нь өнөөг хүртэл, олон зууны туршид Хуучин Гэрээний каноныг түүхийн талаасаа ямар ч асуудалгүй үнэн бодит гэдэгт эрүүл ухаантай хүн огт итгэхийн аргагүй хэмээн баталсаар ирсэн археологич, түүхчид олон бий. Тэдний үзлээр энэ нь хамгийн сайндаа л сүнслэг буюу ёс суртахууны хэм хэмжээ заавар өгдөг шашны уран зөгнөлт зохиолоос арай дээр ном аж. Хуучин Гэрээнд гардаг түүхэн үйл явдлуудын тэмдэглэл найдвартай эсэх талаарх энэхүү скептисизм нь маш их газар авч маш урт удаан оршсоор байгаа төдийгүй евангелийн зарим итгэгчид ч хүртэл нөлөө үзүүлжээ. Евангелийн зарим итгэгч Хуучин Гэрээг түүхийг харах цонх гэж үзэхээс залхан бууж өгсөн байдаг.
Хуучин Гэрээг түүхийн анализын аргаар судлах олон шалтгаан бий. Гэхдээ олон тийш сарнилгүй цэгцтэй байх үүднээс өмнө авч үзсэн Бичвэрийн өөрийнх нь мөн чанар ба Библийн жишээ гэсэн хоёр асуудлыг л энд харцгаая. Эхлээд Бичвэрийн мөн чанар түүхийн анализ хийх хөдлөшгүй бат шалтгаан болдог талаар үзье.
Бичвэрийн мөн чанар
2 Тимот 3:16-д гардаг Паулын хэлсэн алдарт үгийг сонс:
Бичвэр бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвд чиглүүлэхэд тустай (2 Тимот 3:16).
Христитгэгчид Есүсийн болон нэгдүгээр зууны үеийн Түүний элч, эш үзүүлэгчдийн заасан сургаалд үндэслэн Хуучин Гэрээг Бурханаас өгөгдсөн, Бурханы онгодоор буюу "амьсгалснаар" бичигдсэн үг мөн гэж баталдаг. Энэ сургаалтай нэгэн адил Христитгэгчид Хуучин Гэрээг судлахдаа Бичвэрийн нотолж байгаа бүхэн баттай үнэн гэдэгт итгэлтэй байх нь зүйтэй.
2 Тимот 3:16 нь итгэгч биднийг Хуучин Гэрээний Бичвэрийг болон үүнд гардаг түүхийн тэмдэглэлүүдийг үнэн бодит гэж итгэж уншихыг шаарддаг. Яагаад гэвэл Бичвэрийн 2 Тимот 3:16 эшлэлээс бид Бурханы үг Бурханы амьсгалсны дагуу бичигдсэн гэдгийг уншиж мэддэг. Тэгэхлээр төгс Бурханаас ямар ч алдаагүй төгс үг л гарах нь мэдээж. Ариун Сүнсний онгодын тусламжтайгаар бид Бичвэр нь алдаагүй, зөрчилгүй гэдэгт итгэдэг. Тэгэхлээр энэ таамаглал дээр үндэслэн бид Библид гарч буй түүхийн талаарх баримтууд үнэн гэж үздэг.
— Рев. Кевин Лабби
Шинэ Гэрээний итгэл нь Бурхан Христээр дамжуулан түүхэнд бодитой хийсэн зүйлд үндэслэдэгтэй адил Хуучин Гэрээний сургаалууд нь Бурхан Христийг ирэхээс өмнө түүхэнд бодитоор юу хийсэнд үндэслэдэг. Тийм учраас Христийн итгэмжит дагалдагч нар Хуучин Гэрээнд гардаг түүхийн баримт нотолгоо бүр нь түүхийн жинхэнэ бодит үйл явдлыг үнэн шударгаар харуулдаг гэж баталдаг. Хуучин Гэрээнд ямар нэг түүхэн зүйл болсон талаар заахдаа үүнийг Бурханы Өөрийнх нь эрх мэдлээр тунхагладаг. Тиймээс бид тэр үйл явдал үнэхээр болсон гэдэгт итгэж болно.
Энэ үзэл баримтлалыг эсэргүүцсэн олон янзын эсэргүүцэл, үгүйсгэл гарсаар ирсэн. Жишээлбэл, олон судлаач Бичвэр түүхийг хэтэрхий их шигшиж сонгосон учраас үүнд итгэж болохгүй гэж үздэг. Хуучин Гэрээнд гардаг түүхийн тэмдэглэлүүд маш ихийг орхигдуулж шигшсэн байдаг нь үнэн. Энд түүхийн үйл явдлууд бичигдсэнээсээ бичигдээгүй нь хамаагүй их байдаг. Гэхдээ бид үүнд нэг их гайхаж цочирдоод байх хэрэггүй юм. Иохан 21:25-р эшлэлд элч Иохан Есүсийн амьдралын талаар хэлсэн үгийг та санах байх:
Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ дэлхийд багтахааргүй байх байсан гэж би боддог (Иохан 21:25).
Хэрэв энэ үг үнэн бол Есүсийн амьдралын бүх зүйлийг тэмдэглэхэд шаардлагатай номуудыг энэ дэлхий багтааж чадахгүй аж. Түүнчлэн Хуучин Гэрээнд тухайн цаг үед болж байсан тоолж баршгүй олон үйл явдлуудаас зөвхөн цөөн хэдийг нь л тэмдэглэсэн гэдгийг бид ойлгох ёстой. Гэсэн ч ингэж цөөн хэдийг сонгож тэмдэглэсэнээс болоод Бичвэрийн бидэнд өгүүлж буй түүхийн тухай тэмдэглэл үнэн зөв байхаа болихгүй.
Скептик үзэл бартимтлалтай Библи тайлбарлагчид Хуучин Гэрээнд гардаг ер бусын үйл явдлуудаас болоод үүнийг түүхийн хувьд үнэн зөв гэдгийг үгүйсгэдэг. Хуучин Гэрээний түүхэнд Бурхан болон сүнслэг оршихуйнууд голлох үүрэн гүйцэтгэдэг тул орчин үеийн натуралист/бодит байдлыг эрхэмлэгч/ тайлбарлагч нар энэ баримтыг нэг их ойшоодоггүй. Гэхдээ Христитгэл бол эхнээсээ төгсгөл хүртлээ эгэл биш итгэл тул энэ нь бидний итгэлийг сааруулах учиргүй. Христийг үхлээс амилсан Эзэн мөн хэмээн итгэж дагадаг хэнд ч Хуучин Гэрээнд дүрсэлсэн ер бусын үйл явдлуудад итгэхэд ямар ч саад үгүй билээ.
Хүмүүс Библид дүрсэлсэн ер бусын үйл явдлууд нь итгэж болохуйц үнэн гэдгийг ойлгох нь чухал гэж би итгэдэг. Яагаад гэвэл энэ нь Библид өөрт нь итгэж болох эсэхтэй холбоотой юм. 1 Коринт 15-д Паулын хэлсэнчлэн, хэрэв Христ амилаагүй бол бидний итгэл дэмий хоосон, бид нүгэл дотроо байсаар байх байсан. Үүний нэгэн адилаар хэрэв Египетээс гараагүй бол, цөллөгөөс буцаж ирээгүй бол, энэ бүх үйл явдал Библийг бичсэн хүмүүсийн бичсэн шиг үнэн байгаагүй бол, хэрэв Христ үхлээс жинхнээсээ амилаагүй бол бидний итгэлийн үндэс суурь ганхах болно. Хэрэв эдгээр үйл явдал үнэхээр энд бичсэн шиг болоогүй юм бол Библид итгэх ч хэрэггүй гэсэн үг. Хэрэв Библид итгэх хэрэггүй гэвэл Бурханы ард түмэндээ илчилж буй зүйлийн талаар үнэн зөв зураглал бидэнд байхгүй гэсэн үг. Тэгэхлээр ер бусын үйл явдлууд нь бидний Бурханаас хүлээн авсан илчлэл үнэн зөв гэдэгт итгэхэд чухал нөлөөтэй.
— Др. Жим Жордан
Магадгүй Хуучин Гэрээг түүхийн талаас үнэн зөв гэдгийг хамгийн их эсэргүүцэж үгүйсгэхэд хүргэдэг шалтгаан нь орчин үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ байх. Нэлээд нэр хүндтэй археологичид болон өөр салбарын эрдэмтэн судлаачид Хуучин Гэрээ итгэж болохуйц гэдгийг үгүйсгэх нотолгоог л онцлоод байдаг. Жишээлбэл, геологичид бүтээлийн түүх болон Ноагийн өдрүүдэд дэлхийг бүхэлд нь хамарсан үерийн талаар л асуултууд гаргаж ирдэг. Археологичид түүхийн олон үйл явдлуудыг Библид харуулсны эсрэг нотолгоонуудыг гаргаж ирдэг.
Заримдаа Хуучин Гэрээнд гардаг түүхэн үйл явдлын талаарх нотолгоо шинжлэх ухааны судалгаа шинжилгээний дүгнэлттэй үргэлж нийцээд байдаггүй гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ яагаад ийм байгааг мэдэх нь чухал. Хуучин Гэрээ ба орчин үеийн шинжлэх ухааны хооронд яагаад ийм зөрчил үүсдэг вэ? Тэгэхлээр Хуучин Гэрээ яагаад шинжлэх ухааны баримт нотолгооноос зөрдөгийг тайлбарлах багадаа гурван шалтгаан бий.
Нэгдүгээрт, заримдаа эрдэмтэд тэдний онолыг нотолж байгаа баримт нотолгоо нь Бичвэртэй зөрчилддөг гэж буруу ойлгодог. Бид хэдийгээр археологи болон бусад шинжлэх ухааны ач холбогдлыг үнэлдэг ч судлаач эрдэмтэд ч бас алдаа гаргадаг. Тэдний гаргасан дүгнэлтийг үргэлж цааш задлан судлаж батлах шаардлагатай байдаг. Жишээлбэл, өмнө нь олон судлаач Библиэс өөр хаана ч Хит хүмүүсийн талаар бичигдээгүй учраас Хуучин Гэрээнд Хитчүүдийн талаар бичсэн нь үнэн биш гэж үздэг байлаа. Харин өнгөрсөн зуунд археологичид Хит ахуй соёлын үлдэгдлийг олж нээсэн юм. Тэр ч бүү хэл Хитчүүдийн бичиж үлдээсэн тэмдэглэлүүд нь Хуучин Гэрээг судлахад маш үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнтэй яг адил нэг зууны өмнө л эрдэмтэд Египетээс гарсан болон амлагдсан газрыг эзлэн авах үйл явдал болсон хугацааг Хуучин Гэрээнд хэт эрт болсноор тэмдэглэсэн гэж бат итгэдэг байв. Гэхдээ сүүлийн хэдэн арванд археологийн олдворуудыг дахин үнэлж үзээд Библийн тэмдэглэл зөв гэдгийг дэмжсэн үзэл санаа илүү хүчтэй гарч ирэх болсон бөгөөд тэдний дунд үл итгэгчид ч хүртэл байгаа аж. Эдгээр болон өөр тоолж баршгүй олон жишээ бидэнд Хуучин Гэрээ нь шинжлэх ухааны баримт нотолгоотой нийцээгүй гэдэг нь эрдэмтэд баримт нотолгоогоо буруу үнэлж, шинжилснээс болсон байх магадлалтай гэдгийг харуулж байна.
Шинжлэх ухааны судалгаа шинжилгээ нь Библийн тэмдэглэлээс зөрүүтэй гэж харагдахад хүргэдэг хоёр дахь шалтгаан нь Библи тайлбарлагчид Хуучин Гэрээг буруу ойлгосонтой холбоотой. Энэ төрлийн зөрчилдөөний сонгодог жишээ нь 17-р зууны эхэн үед Галилео ба чуулганы эрх мэдэлтнүүдийн хооронд үүссэн маргаан юм. Галилео дэлхий нарыг тойрон эргэдэг гэж баталж байв. Харин чуулган Бичвэрт үндэслэн нар дэлхийг тойрон эргэдэг гэж үзэж байсан юм.
Энэ зөрчил үүссэн нэг том шалтгаан нь Иошуа 10:13-тай холбоотой. Энэ эшлэлийг уншвал:
Нар тогтож сар эс хөдлөв… нар тэнгэрийн тэхий дунд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй (Иошуа 10:13).
Олон зууны туршид чуулган энэ эшлэлийг нар дэлхийг тойрч байгаад бодитоор түр зогссон гэж тайлбарладаг байсан бөгөөд тэд нарны аймаг байгааг үгүйсгэсэн юм. Харин өнөөдөр шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр өдөр шөнө гэдэг нь дэлхий нарыг тойрон эргэх зуураа тэнхлэгээ тойрон эргэлдсэний үр дүнд бий болдог гэдгийг хөдлөшгүй бат нотлож тогтоожээ. Үүний үр дүнд орчин үеийн ихэнх Христэд итгэгчид Иошуа 10:13-г өөрөөр тайлбарладаг болсон. Иошуагийн төлөө ямар нэг байдлаар өдөр илүү урт болсон гайхамшиг тэр үед болсон гэдэгт бид итгэлтэй байж болно. Гэхдээ бид одоо энэ эшлэлийг болон бусад үүнтэй адил эшлэлийг энгийн л зүйл мэт, феноменологийн /юмс үзэгдлийг байгаагаар нь тодорхойлох/ хэллэг мэт, зүгээр л “нар мандах”, “нар жаргах” тухай ярьж байгаа мэт л хардаг болжээ. Нарны аймгийн тогтолцоог баталсан шинжлэх ухааны хүчирхэг баримт нотолгоо нь биднийг Хуучин Гэрээ түүхийн хувьд итгэж болно гэдгийг үгүйсгэхэд хүргэсэнгүй харин ч биднийг Хуучин Гэрээний энэ хэсгийг зөв тайлбарлахад тусласан юм.
Шинжлэх ухааны баримт нотолгоо Бичвэрээс зөрж байгаа мэт харагдахад хүргэдэг гурав дахь шалтгаан нь бид аль алийг нь буруу ойлгосонтой холбоотой байдаг. Эрдэмтэд болон Библи тайлбарлагчид хэн хэн нь алдаа гаргадаг. Тиймээс бид цаашдын судалгаа шинжилгээгээр эрдэмтэд болон Библи тайлбарлагчид аль аль нь алдаа гаргасан байх магадлалтай гэдэгт нээлттэй байх хэрэгтэй.
Хуучин Гэрээнд түүхийн анализ хийж судлахдаа бид Хуучин Гэрээ ба бодит түүх хоёрын хоорондох зарим илэрхий зөрчил хэзээ ч шийдвэрлэгдэхгүй байх магадлалтай гэдгийг санаж байх ёстой. Судалгааны чиглэл бүр Хуучин Гэрээ түүхийн талаасаа үнэн бодит эсэхэд эргэлзэхэд хүргэх шинэ шинэ асуудлуудыг цаашид гаргаж ирсээр л байх нь ойлгомжтой бөгөөд бид харин тэр болгоныг шийдвэрлэж асуудалгүй болгоно гэж хүлээх ч хэрэггүй. Бид ихэнх тохиолдолд тодорхой хэмжээний шинэ ойлголттой болоод зогсохгүй бүр зарим нэг ухаалаг шийдлийг гаргаж ирж болох ч түүхийн холбогдолтой бүх саад бэрхшээлийг бүрмөсөн зайлуулж чадахгүй. Шинжлэх ухааны үзэл баримтлал ба Хуучин Гэрээн дэхь түүхийн тэмдэглэлийн хооронд ямар ч зөрчил гарсан бай Бурханы итгэмжит хүмүүс Христ, нэгдүгээр зууны үеийн Христийн элч нар болон эш үзүүлэгчид Бичвэрийн талаар юу гэж заасныг л баримталдаг. Хуучин Гэрээг бичүүлсэн Бурханы онгод өөрөө үүний хөдлөшгүй үнэн гэдгийг баталдаг. Тийм учраас бид Хуучин Гэрээг түүхийг харах цонх гэж үзэх нь зүйтэй.
Бид сая Бичвэрийн мөн чанар нь өөрөө түүхийн анализыг яаж дэмжиж бататгадаг талаар харлаа. Одоо харин энэ аргыг ашиглах нь зөв гэдгийг нотлох хоёр дах үндэслэл буюу Библийн жишээнүүд рүү орцгооё.
Библийн жишээнүүд
Бичвэрт Хуучин Гэрээ нь түүхийн хувьд хөдлөшгүй үнэн гэдгийг баталсан Библийн бичээчид болон нөлөө бүхий Библийн дүрүүд олон бий. Бичвэрт Хуучин Гэрээ түүхийн хувьд итгэл даахуйц ном мөн эсэхэд эргэлзэж асуусан Библийн бичээч нэг ч байдаггүй. Жишээлбэл Шастир номын бичээч 1Шастир 1:1- 4-д өөрийн угсаа гарлын талаар Хуучин Гэрээний түүхэн тэмдэглэлд түшиглэн бичсэн гэдгийг сана.
Тэр өөрийн угсаа гарвалын түүхийг ингэж эхлүүлжээ:
Адам, Сет, Енош, Кенан, Махалалел, Иаред, Енох, Метусела, Ламех, Ноа, Шем, Хам, Иафет (1 Шастир 1:1-4).
Өнөө үеийн Христэд итэггчдийн хувьд Шастир номын бичээч нэгэн тэмдэглүүштэй онцгой зүйлийг хийжээ. Тэр Эхлэл номын эхний бүлгүүдээс арвангурван хүний нэрийг эш татан дурдсанаар Эхлэл номын эхний таван бүлэг нь түүхийн хувьд найдвартай үнэн гэж үзэж буйгаа харуулсан. Орчин цагийн хүмүүс эдгээр бүлгийг домог эсвэл зөгнөлт зохиол гэж тооцдог. Харин Шастир номыг бичигч Эхлэл номын бүр эхний бүлгүүд нь хүртэл түүхийн талаас найдвартай үнэн гэдэгт бүрэн итгэж байгаагаа харуулсан. Тэр Эхлэл номд үндэслэн Хуучин Гэрээний бусад номууд нь түүхийг харах найдвартай цонх мөн гэж итгэсэн юм.
Үүний нэгэн адил Үйлс 7-р бүлэгт Лукын тэмдэглэн үлдээсэн Стефаны хэлсэн үгийг харъя. Стефан Хуучин Гэрээний янз бүрийн хэсгүүдээс эш татан Абрахам, Исаак, Иаков, Иосеф, Мосе, Аарон, Иошуа, Давид, Соломон зэрэг түүхэн хүмүүсийн тухай ярьсан. Тэр тэдний талаар Хуучин Гэрээнд тэмдэглэсэн түүхүүд үнэн бодит баримт гэдгийг баталсан. Стефаны хувьд Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн түүхийг үнэн гэж үзсэн. Түүгээр зогсохгүй тэр иудейчүүдийг Христэд итгэх итгэл, гэмшилд уриалан дуудах үедээ тэрхүү түүхийн тэмдэглэлийг теологийнхоо суурь болгон ашигласан байна.
Библийн бичээчид Бурханы түүхэнд хийсэн ажлын талаар бүрэн итгэлтэй байжээ. Тиймээс Хуучин Гэрээний эхний хуудсуудаас авахуулаад л Израилын мөргөл хүндлэл нь Бурханы хийсэн үйлдэлд үндэслэдэг нь харагддаг. Үүний нэг жишээ нь Дэд хууль 26-р бүлэг юм. Израилчууд мөргөл өргөхдөө тахилуудаа авчраад “Миний өвөг эцэг тэнүүлч арам хүн байсан.” гэж хэлэх ёстой байсан гэж энд бичсэн. Тэгэхлээр Бурханы ард түмний мөргөлийн нэг хэсэгт нь түүхэнд Бурхан юу хийснийг санах зорилгоор түүхийг эргэн санах, дурсах цаг заавал багтдаг… Бид үүнийг Паулаас бас харж болно. Тэр Писидийн Антиохын синагогт номлох үедээ Бурхан ард түмнийхээ дунд юу хийсэн талаар ярьдаг. Тэр Египетээс гарсан үеэс эхлээд шүүгчдийн үеийн тухай ярьсан. Тэр Бурхан удирдагчдыг босгосон гэж хэлээд, Бурхан хүчирхэг мутраараа Давидын хүүг босгож ирсэн бөгөөд түүнийг үхлээс амилуулсан талаар ярьсан. Тиймээс түүхэнд Бурханы хийсэн ажил, Бичвэрийг ашиглан тэдгээрийг тайлбарлана гэдэг нь, мөн тэдний тэмдэглэл баримтад найдаж түшиглэнэ гэдэг нь Библийн бичээч хүн бүрийн хийдэг зүйл юм.
— Др Грегори Р. Перри
Хуучин Гэрээний канон бол түүхийг харах цонх гэж үзэх суурь шалтгааныг бид харлаа. Одоо анхаарлаа хоёр дахь асуудал руу чиглүүлье. Энэ Библи тайлбарлах стратегийн гол анхаарал хандуулдаг зүйлс нь юу вэ? Хуучин Гэрээний номуудад түүхийн анализ хийх зорилго нь юу вэ?
Гол анхаарал хандуулдаг зүйлс
Ерөнхийдөө Хуучин Гэрээг түүхийг харах цонх гэж үзэх нь Бичвэрийг судалдаг бусад аргуудтай нэг зорилготой. Итгэмжит хүмүүс тэнгэрлиг Хааныхаа юу хүсдэгийг мэдэхээр эрэлхийлдэг. Түүхийн анализ нь өөрийн гэсэн онцлог арга замаар Бурханы ард түмэндээ дамжуулсан зүйлсийг олж мэдэхийг зорьдог. Хуучин Гэрээний түүхийн анализын хамгийн энгийн үндсэн хэлбэр нь түүхийг дахин сэргээх буюу Хуучин Гэрээг бусад нотолгоо баримтуудтай хамт ашиглаж, өнгөрсөнд чухам юу болсныг тогтоох явдал юм. Гэхдээ түүхийн анализ нь мөн теологийн өвөрмөц хэв шинжийг агуулж байдаг. Хуучин Гэрээг түүхийг харах цонх болгон ашигласанаар Бурханы урьд хэлсэн үг, хийсэн үйлсийг таньж мэдэн, тэндээс ойлгосон теологийн чухал үнэнээ Бурханы ард түмний амьдралд хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Өнгөрсөн зуунд түүхийн анализын хувьд түгээмэл хэрэглэгддэг теологийн нэгэн хэлбэр гарч ирсэн бөгөөд үүнийг “Библийн теологи” гэж нэрлэх болсон. “Библийн теологи” гэдэг нэр томъёонд Бичвэрийг судалдаг хэд хэдэн өөр арга багтдаг боловч бид энд евангелийн Христитгэгчдийн дунд өргөн тархсан нэг хэлбэрийг онцлон авч үзэх болно.
Библийн теологийн энэ хэлбэр нь хоёр гол алхмыг чухалчилдаг. Нэгдүгээрт, Библийн теологчид түүхэн цаг үеийн талаар өнөө үед “синхрон түргэн зураг” гэж нэрлэж болох зүйлийг бүтээдэг. Хоёрдугаарт, тэд Хуучин Гэрээний түүхийг ашиглан “диакрон шинжилгээ” гэж нэрлэж болох зүйлийг хийдэг. Энэ хоёр алхам нь тоолж баршгүй олон замаар өөр хоорондоо огтлолцож байдаг. Гэхдээ бидний зорилго нь тэднийг тус бүрт нь авч үзэх бөгөөд одоо синхрон түргэн зургаас эхэлцгээе.
Синхрон түргэн зураг гаргах
“Синхрон” гэдэг үг нь үйл явдал тодорхой хүрээний хугацаанд давхцан тохиолдохыг хэлдэг. Библийн теологчид Библийн түүхийн аль нэг цаг үеийг онцлон анхаарч, улмаар тухайн цаг үед Бурханы хийсэн ажил, хэлсэн үгийн холбоо хамаарлыг цогцоор нь дүгнэх замаар синхрон түргэн зургийг гаргаж ирдэг. Эдгээр дүгнэлт нь Библийн түүхэн дэхь цаг хугацааний тодорхой үеүдийг цаг хугацааны синхрончлогдсон/давхацсан нэгж буюу, нэг үе гэж үздэг.
Хуучин Гэрээний түүх нь гол мэт урсдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Хуучин Гэрээний түүх нь ямар нэг салангид хэсгүүдэд хуваагддаггүй. Тиймээс Хуучин Гэрээний түүхийн синхрон түргэн зураг үүсгэнэ гэдэг нь яг л урсаж байгаа голын усыг тусгаарлаж хуваахтай адил хийсвэр үйлдэл аж. Гэхдээ л голын өөр өөр хэсгүүдийг тус тусад нь онцолж авч үзэх нь ашигтай ч байж болох юм. Мөн үүний нэгэн адил Хуучин Гэрээний түүхийг цаг хугацааны үеүдэд хувааж тухайн цаг үе бүрт Бурхан юу хийсэн, юу хэлснийг дүгнэж хураангуйлах нь ч бас үр ашигтай байж болох юм. Үүнийг хийх маш олон янзын арга бий.
Бурханы хаанчлалын талаарх өмнөх хичээлүүд дээр өнө эртний түүх буюу Израил үндэстний түүх ба ирээдүйн Шинэ Гэрээний түүхийн талаар бид ярилцсаныг та санаж байгаа байх. Тэр түүхэн цаг үе бүрийн туршид Бурхан юу хийж, юу хэлснийг мэддэг байх нь бидэнд Бурханы хаанчлалын талаар хэд хэдэн зүйлийг ойлгоход тусласан билээ.
Гэхдээ бидний үзсэн тэнгэрлиг гэрээний талаарх хичээл дээр Библийн түүхийг гэрээний үеүдэд хувааж авч үзсэнийг ч бас та санаж байгаа байх. Бид Бурханы бүх бүтээлтэй байгуулсан гэрээ, Израил үндэстэнтэй байгуулсан гэрээ, ирээдүйд байгуулах шинэ гэрээний талаар тус тус ярьсан. Цаашлаад бид энэ гурван том эрин үеийг арай богино үеүдэд хувааж авч үзсэн. Бүх бүтээлтэй байгуулсан гэрээнүүдэд Бурханы Адамтай байгуулсан гэрээ буюу суурь гэрээний эрин үе, Бурханы Ноатай байгуулсан гэрээ буюу тогтвортой байдлын гэрээний эрин үе хамрагддаг. Дараа нь бид үндэстэнтэй байгуулсан гэрээг Абрахамын үеийн гэрээ буюу Израилыг сонгосон болон Израилд амлалт өгсөн үе, Мосетой байгуулсан гэрээ буюу хуулийн гэрээ, Давидын гэрээ буюу хаан ширээний гэрээ гэж хуваасан. Мөн шинэ гэрээний үе буюу бүрэн дүүрэн байдлын гэрээг эхлэл үе, үргэлжлэх үе ба бүрэн төгс болох үе гэж хувааж авч үзсэн. Ийнхүү ангилж ялгах нь Бурханы янз бүрийн гэрээнүүдээрээ дамжуулан тогтоосон хаанчлалын суурь бодлогуудыг хооронд нь ялгаж салгахад маань тусладаг. Гэвч эдгээр түүхэн цаг үеэр хуваасан нь Хуучин Гэрээний түүхийн синхрон түргэн зургийг гаргах олон арга замуудын зөвхөн хоёр нь юм.
Жишээлбэл, Вестминстрийн Итгэлийн Тунхагийн долоо дугаар бүлэгт "бүтээлийн гэрээ"-ий үе буюу Адам гэм хийхээс өмнөх цаг үе, мөн үнээс хойших Библийн түүх буюу Шинэ Гэрээг багтаасан "нигүүлслийн гэрээ"-ий талаар дурддаг. Энд мөн нигүүлслийн гэрээний үеийг "хуулийн дор" байсан үе буюу Хуучин Гэрээний цаг хугацаа, мөн "сайнмэдээний дор" байсан үе буюу Шинэ Гэрээний цаг хугацаа гэж хуваасан нь ихээхэн чухал ач холбогдолтой.
Сүүлийн зуунд олноо хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй теологич, Принстон Теологийн Семинарын библи судлаач Герхардус Вос арай өөр шалгуурын дагуу Хуучин гэрээг ангилсан байна. Тэр гэрээнүүдэд төвлөрөлгүйгээр Бурханаас ирсэн илчлэлтүүдийн агуулга ба хэлбэрт гарч буй томоохон өөрчлөлт шилжилттэй уялдуулан үеүдийг тогтоожээ. Тэр үүнийг Уналтаас өмнөх чөлөөлөлтийн урьд үе, Уналтын дараа Адам, Ева хоёрыг цэцэрлэгээс хөөхийн өмнөх анхны чөлөөлөлтийн үе, хөөгдсөнөөс хойш Ноагийн үер хүртлэх үе, үерээс хойш эцгүүд хүртэлх үе, эцгүүдийн үе, Мосегийн үе, Мосегоос хойших эш үзүүлэгчдийн үе гэж хуваажээ. Тэгээд мэдээж тэр Христитгэлт хүн учраас Шинэ Гэрээний үеийг нэмсэн.
Тэгэхлээр цаг хугацааг үечлэн хуваасны дараа Библийн теологич хүний хийх ёстой ажил бол тухайн үе тус бүрийн туршид Бурханыг болон Түүний хүслийг илчилсэн түүхэн үйл явдлуудын хэлхээнд анхаарал хандуулах явдал юм. Мэдээж түүхийн аль ч үед болсон үйл явдлууд нь хоорондоо харилцан холбоо хамааралтай байдаг. Харин Бичвэрт зарим үйл явдлыг бусдаас нь илүү онцлон тодотгодог. Тиймээс Библийн теологчид голдуу эдгээр Библийн түүхэн дэх илүү нөлөөтэй буюу гол үйл явдлуудад анхаарал хандуулдаг.
Жишээлбэл, Библийн теологчид Хуучин Гэрээний түүхээс “амлалтын үе” гэж нэрлэгддэг Абрахам, Исаак, Иаков зэрэг Израилын эцгүүдийн амьдарч байсан хугацаанд анхаарал хандуулвал тэр үед Бурхан ихэвчлэн шууд ярих, үзэгдэл үзүүлэх, зүүдээр дамжих зэрэг аргаар Өөрийгөө илчилдэг байсныг анзаарах болно. Мөн Абрахам, Исаак, Иаковын үр удам улам нарийссаар түүх нэг овогт төвлөрч байгааг тэд олж харах болно. Тэд эцгүүд энд тэнд олон тахилын ширээн дээр тахил өргөж мөргөдөг байсныг харна. Эцгүүдэд тоолж баршгүй олон үр удмыг амласан гэдгийг хэлж чадна. Мөн тэд эцгүүдэд газар нутаг өгнө гэж амласан нь тэдний хувьд ямар чухал явдал болохыг анзаарах болно. Эцгүүдийн эрин үеийн туршид болсон энэ үеийг бүрдүүлэгч гол гол үйл явдлуудыг олж тогтоох иймэрхүү ажиглалтууд нь тухайн цаг үеийн шинж чанарыг ерөнхийд нь тогтоохын тулд хийж буй алхмууд юм.
Эсвэл Библийн теологчид Израилыг Египетээс гарах үеэс эхлээд Амлагдсан газрыг эзлэн авах хүртэл удирдсан Мосегийн амьдарч байсан үе буюу “хуулийн эрин үе”-д анхаарал хандуулахаар шийдсэн бол тэд Бурхан Моегийн хуулиар дамжуулан Өөрийгөө хэрхэн илчилсэнд голчлон анхаарах болно. Тэд мөн Израил гэсэн нэг овогт чиглэсэн анхаарал бүхэл бүтэн үндэстэн рүү чиглэн тэлж байгааг анзаарна. Тэд майхан сүмийг хэрхэн босгож, тэнд мөргөлийн ёслол төвлөрч байгааг дүрслэнэ. Израилын хүн ам маш олон болсныг олж харна. Мөн тэд Бурхан Амлагдсан газрыг эзлэхэд нь Израилыг хэрхэн удирдаж чиглүүлснийг мэднэ. Иймэрхүү үйл явдлууд нь Мосегийн үе ерөнхийдөө ямар байсныг тодорхойлох бөгөөд Библийн түүхэн дэх тухайн цаг үеийн түргэн зургийг харуулдаг.
Теологчид Бурханы төлөвлөгөөг янз бүрийн эрин, цаг үед хуваах талаар олонтаа ярьдаг. … Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээг хэрхэн хуваадгийг харуулсан хэд хэдэн жишээ Шинэ Гэрээнд гардаг. Матай номд бичсэн ургийн бичгийг бодоод үз. Энэ нь Абрахамаар эхлээд Давид хүртэл үргэлжилдэг. Энэ нь Хуучин Гэрээний түүхийг Абрахамаас Давид хүртэл, Давидаас цөллөг хүртэл, цөллөгөөс Христ хүртэлх үе гэж харсан гэсэн үг. Энэ нь Библид Хуучин Гэрээний түүхийг үеэр хуваасан байдал юм… Шинэ Гэрээнд үүнийг бас өөрөөр ч хуваадаг. Ром 5, 1Коринт 15-р бүлэг дэхь Паулын үгийг сана. Адам ба Христ, Хуулиас өмнөх ба Хуулийн дараах үе гэж хувааж болно. Тиймд Шинэ Гэрээнд үүнийг хийх хэд хэдэн аргыг харуулсан байна.
— Др. Стефен Ж. Вэллюм
Библийн теологчид гаргасан синхрон түргэн зургийн үр дүнгээ ашиглан ихэвчлэн хоёр дахь алхам руу шилждэг бөгөөд бид үүнийг диакорник шинжилгээ гэж нэрлэж болох юм.
Диакроник шинжилгээ
“Диакроник” гэдэг нэр томъёо нь энгийнээр “цаг хугацааг дамжин” гэсэн утгатай. Үүнийг ямар нэг зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж, хөгжиж дэвшсэн талаар ярих үед ашиглагддаг. Тиймээс диакроник шинжилгээ нь Бурханы үйлс ба үг цаг хугацааг дамжин, нэг үеэс нөгөө үе рүү шилжихэд өөр хоорондоо хэрхэн холбогдож байгаад анхаарал хандуулдаг.
Бид диакроник шинжилгээ хийх үйл явцыг дараах байдлаар хураангуйлан томъёолж болох юм. Библийн түүхийн янз бүрийн эрин үеийн төлөөлөл болохуйц гол үйл явдлуудыг хооронд нь харьцуулж үзвэл бид нэг үед болсон үйл явдлууд нөгөө үед болсон үйл явдлуудтай ямар нэг уялдаа холбоо, харилцан хамааралтай байгаа нь харагддаг. Библийн теологчид эдгээр уялдаа холбоог олж хараад тэдгээр нь Хуучин Гэрээний итгэл бишрэлийн хөгжлийг хэрхэн тусгаж байгааг тайлбарладаг.
Хуучин Гэрээг тайлбарлахад тулгардаг хамгийн хэцүү боловч хамгийн баялаг үнэний нэг нь Хуучин Гэрээ нь зөвхөн түүхийн нэг үед хамаарах зүйлийг дүрсэлдэггүйд оршино. Энэ нь мянга гаруй жилийн үйл явдлуудыг багтаасан. Түүхийн энэ урт хугацааны туршид Бурхан юу хийж, хэлж байсныг суралцах явцад энгийн нэг уншигчид ч хүртэл ойлгомжтой харагддаг зүйл бол Бурханы илчлэлүүд нь теологийн янз бүрийн хөгжлийн үе шатыг төлөөлдөг байдал юм.
Адамын гэрээний үед Бурханы илчилсэн зүйл Ноагийн гэрээний үед яг тэр хэвээрээ давтагдаагүй. Абрахамын гэрээний үед өгсөн Бурханы илчлэл нь зүгээр л өмнөх гэрээнүүдийн үед илчлэгдсэнийг давтчихаагүй юм. Мосегийн гэрээ болон Давидын гэрээний үед ч мөн адил өмнөх илчлэлүүд давтагдаагүй. Мөн шинэ гэрээний үед өгөгдсөн бурханлиг илчлэл ч бас Давидын гэрээний үеийн илчлэлээс хавьгүй илүү байсан билээ.
Гэхдээ эдгээр үеүдэд өгөгдсөн бурханлиг илчлэлүүд нь өөр хоорондоо зөрчилддөггүй. Дараагийн үеүдэд өгөгдсөн илчлэлүүд өмнөх үеүдэд өгөгдсөн илчлэлүүдээ дотроо агуулж, тэдэн дээр суурилсан байдаг. Цаг хугацааны өөр өөр үеүдийн хоорондын ялгаа нь тэнд төлөвшил ба органик өсөлт явагдсаныг илэрхийлдэг. Хуучин Гэрээний итгэл нь үрээс нахиа, нахианаас зулзган мод, зулзган модноос нас бие гүйцсэн мод болон ургахтай адил алхам алхмаар өсчээ. Хуучин Гэрээний түүхэн дэх энэ өсөлтийг тайлбарлах үйл явцыг бид “диакроник шинжилгээ” гэж нэрлэдэг. Бид чухам юуны тухай яриад байгаагаа илүү тодорхой болгох үүднээс Бурханы Абрахамтай байгуулсан гэрээний гол санаануудаас зөвхөн нэг талыг нь авч үзье. Бурхан Абрахамд Канаан нутгийг өгнө гэж амласан талаар бүгдээрээ харах гэж байна. Эхлэл 15:18-аас бид дараах үгсийг уншдаг. Үүнд:
Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж
—Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ” (Эхлэл 15:18).
Энэ эшлэлд хэлсэнчлэн Бурхан Абрахамын үр удамд Канаан нутгийг өвлүүлж өгнө гэж амласан. Энэ үйл явдал нь эцгүүдийн цаг үеийн тогтсон синхрон түргэн зураг бүрийн хувьд чухал ач холбогдолтой.
Гэхдээ Хуучин Гэрээний түүхийн хувьд Бурханы Абрахамд өгсөн энэ амлалт ямар ач холбогдолтойг ойлгохын тулд бид бусад үеүдийг ч бас судлаж мэдэх хэрэгтэй. Бид “Канаан нутгийг амлах суурь нөхцөлийг бүрдүүлсэн ямар ямар үйл явдлууд өмнө нь болсон бэ?”, “Үүнээс хойш болсон үйл явдлууд нь энэ амлалтын ач холбогдлыг хэрхэн тайлж байна вэ?” гэсэн асуултуудыг тавих хэрэгтэй. Эхлээд Библийн түүхийн хамгийн эртний цаг үеийг буюу Бурханы Адам болон Ноатай гэрээ байгуулсан үеийг багтаадаг өнө эртний түүхийг авч үзье. Өөр нэг хичээл дээр үзсэнчлэн Адамын үед Бурхан хүн төрөлхтөнийг Өөрийн хаант тахилч болгон томилж, тэдэнд бүх дэлхийг захирахыг тушаасан. Үүнийг бид Эхлэл 1:28-аас уншиж болно.
Бурхан тэднийг ерөөж
—Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв.” (Эхлэл 1:28).
Тэр үед хүн төрөлхтөн хараахан гэмд унаагүй байсан бөгөөд газар дэлхийг захирах ажил нь харьцангуй амархан байсан. Гэвч гэм орж ирснээр хүний хичээл зүтгэл хүнд хүчир, зовлонтой болсноор газар дэлхийг захирах үйл явц төвөгтэй болжээ. Эхлэл 3:17-19-д Бурхан Өөрөө Адамд ингэж хэлсэн:
Тэрээр Адамд
—Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир
Чамаас болж газар хараагдлаа.
Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд түүнээс хооллох болно.
Чамд тэрээр өргөс зангууг ч ургуулна.
Чи хээрийн өвс ногоог ч идэх болно.
Чи газар шороондоо буцталаа
Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ.
Учир нь чамайг хөрс шорооноос авсан.
Чи хөрс шороо тул хөрс шороондоо буцна гэжээ (Эхлэл 3:17-19).
Бурхан хүн төрөлхтөнийг гэмд унасны дараа ч гэсэн тэднээс газар дэлхийг захирах үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ гэж хүлээж байсан. Хүн төрөлхтөний бузар муу хэмжээлшгүй их болж өссөн Ноагийн өдрүүдэд дэлхийг сүйрүүлснийхээ дараа ч хүртэл Бурхан газар дэлхийн хязгаар хүртэл явж хаанчлалыг нь түгээх тушаалаа хүчинтэй хэвээр үлдээсэн. Бурхан үер өнгөрмөгц Ноад ийнхүү тушаасан:
Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй (Эхлэл 9:1)!
Энэ түүхэн нөхцөлийг мэдсэнээр бид Бурханы Абрахамд өгсөн газар нутаг өгөх амлалт нь хүн төрөлхтөний газар дэлхийг захирах дуудлагаа биелүүлэх алхмыг нэгээр урагшлуулсан үйлдэл байсныг ойлгож авдаг. Өнө эртний үед Бурхан Өөрийн дүр төрхөөр бүтээсэн хүнээ дуудаж, гэм ба хоосролоор дүүрсэн энэ дэлхийг захирч, энэ дэлхий дээр хаанчлалыг нь байгуул гэж тушаасан. Бурхан Абрахамыг болон түүний үр удмыг Канаан нутгийг эзэмш хэмээн дуудах үед дэлхийг захирах энэ дуудлага илүү боловсронгуй болж ирсэн. Эцгүүдийн үеийн энэ алхам нь дуудлагаа биелүүлэх төгсгөлийн алхам биш байсан. Эцгүүдэд газар нутаг амласан нь ирээдүйд болох илүү агуу биелэлт рүү ойртсон алхам болсон юм. Бурхан Эхлэл 22:18-д Абрахамд ийнхүү амласан юм:
…үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв (Эхлэл 22:18).
Энэ эшлэл нь Бурхан Абрахам ба түүний үр удамд тулж гишгэх суурь болгон Амлагдсан газрыг өгсөн гэдгийг сануулдаг. Энэ нь тэдэнд дэлхийн бүх овог аймгийг ерөөл ба чөлөөлөлт рүү дагуулж, Бурхан анх хүн төрөлхтөнд тушаасаны дагуу Бурханыг алдаршуулахуйц арга замаар газар дэлхийг захирах үлгэр дуурайл болох эхлэлийн цэг нь болж өгөгдсөн юм.
Ингээд хүн төрөлхтөний газар дэлхийг захирах явцын диакроник шинжилгээ нь цаашаа Бурханы Мосетой гэрээ байгуулсан үе рүү шилжих хэрэгтэй болж байна. Энэ үед Бурхан Израилыг Амлагдсан газарт суурьшуулж тэднийг эх оронтой болгосон бөгөөд Иошуагийн байлдан дагууллаар дамжуулан Израилд газрыг өгсөн. Энэ нь Тэр эцгүүдэд өгсөн амлалтаа нэг алхам урагшлуулсан хэрэг байв. Бурхан Иошуа 1:6-д Иошуад ингэж хэлсэн:
Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ (Иошуа 1:6).
Израил Амлагдсан газарт орж эзэмшснээр хүн төрөлхтөнд анх өгөгдсөн энэ дэлхийг захирах дуудлага, Бурханы Абрахамд өгсөн газар нутгийн амлалт аль аль нь биелэлт рүүгээ дөхөж урагшилсан юм.
Израилын Египетээс гарсан болон байлдан дагууллын үед анх газар нутгийг эзэмшсэн үйл явц хожим Давидын үед дараагийн үе шатанд шилжиж ахижээ. Энэ үед Израил газар нутгаа дайснуудаас хамгаалан, агуу эзэнт гүрэн болон хөгжсөн юм. Давидын гэрээр удирдуулан газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангасан нь анх байлдан эзэлж авсан газар нутгаа тэлэх, хүчирхэгжүүлэхэд чиглэсэн дараагийн алхам болжээ. Гэхдээ энэ үеийн эхэнд байсан хаант засгийн бодит дүр төрх нь ирээдүйд нэгэн өдөр Давидын гэрийн зөвт хаанчлал бүх дэлхий даяар тогтох болно гэдгийг зөгнөж байсан юм. Давидын гэрийн талаарх энэ найдвар Дуулал 72:8-17-д илэрхийлэгджээ:
Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл,
Тэрхүү газрын хязгаар хүртэл
Захирах болтугай!… Бүх үндэстэн түүнд зарагдах болтугай! … Хүмүүс түүгээр ерөөгдөнө.
Бүх үндэстэн түүнийг магтна (Дуулал 72:8-17).
Давидын гэрээний эрин үед хүмүүс Давидын гэр Эзэнд итгэмжит байж, хаанчлал тэлж, хүмүүс чөлөөлөгдөж, зөвт итгэмжит хүмүүс бүх дэлхийг захирна гэж найдаж байлаа.
Харамсалтай нь Давидын гэрээс хүлээж байсан энэ агуу найдвар цөллөгийн үед сарнин алга болсон бөгөөд дахин сэргээгүй юм. Энэ үе нь амлалт ба дуудлагыг урагш ахиулсан гэхээс илүү бүтэлгүйтэж унасан үе байв. Энэ үед Бурханы ард түмний дэлхийг захирах дуудлага аймшигтай том ухралт хийсэн юм. Бурхан ард түмнээ шүүж шийтгэсэн бөгөөд хойд болон өмнөд хаант улсыг аль алийг нь газар нутгаас нь гаргаж цөллөгт явуулсан.
Гэхдээ үүнээс илүү агуу нь Бурхан өршөөлөө үзүүлж нэлээд олон Израилчуудыг эх нутагт нь буцааж авчирсан явдал юм. Тэр ард түмнийхээ захирагчаар Давидын удмын Зеруббабелийг босгож, дэлхийн үндэстнүүдийг ялах агуу ялалтыг өгөхөөр түүнд амласан. Хаггай 2:7-9-д үүнийг ингэж бичжээ:
Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно … Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно … Энэ газарт Би амар тайвныг өгнө (Хаггай 2:7-9).
Израил итгэмжтэй байсан бол Давидын гэрийн хаанчлалаар дамжуулан авралын ерөөл бүх дэлхий даяар тархаад эхэлчихсэн байх байлаа. Гэвч энэ удаад эх нутагтаа эргэн ирсэн Израилчууд ч бас дахиад л Бурханы эсрэг тэрсэлсэн юм. Үүнээс болоод дэлхийг дүүргэж, ерөөлийн суваг болох амлалт огтхон ч бодитоор хэрэгжсэнгүй. Үнэндээ үндэстэн дахин сэргэсэнийхээ дараа ч эмгэнэлтэйгээр унасан билээ.
Христ итгэлт Библийн теологчид энэ цаг үеэс Библийн түүхийн төгсгөлийн үе шатыг буюу түүхийн оргил болсон шинэ гэрээний үеийг эхлүүлдэг. Шинэ Гэрээ нь Бурхан Христээр дамжуулан цөллөгийн үеийн уналт ба бүтэлгүйтсэн сэргэлтийг буцааж хэвийн болгоод зогсохгүй газар дэлхийг аврагдсан хүн төрөлхтөнөөр дүүргэх ажлаа бүрэн биелүүлнэ гэдгийг итгэгчдэд баталдаг. Есүс цөллөгийн хараалыг буцааж, гэмээс чөлөөлж, эрх чөлөөг өгөхийн тулд ирсэн бөгөөд Түүнийг дагадаг хүмүүс Түүнтэй хамт дэлхийг захирах болно. Есүс Өөрөө Илчлэл 2:26-д ингэж хэлжээ:
Ялагч ба үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагсдад Би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл өгнө (Илчлэл 2:26).
Бид чуулганы түүхэнд болон түүхэнд Бурхан яаж ажилласаар ирснийг эргэн харж, ойлгох хэрэгтэй. Бүр МЭӨ 2000 онд Абрахамыг сонгохдоо л Бурхан дэлхийг ерөөхөөр аль хэдийн шийдсэн байсан. Бурхан бүх дэлхийг ерөөхийн тулд нэг эрийг сонгосон. Ингээд Тэр Абрахамтай хамт ажилласанаар, Абрахамтай харилцаа тогтоосноор, түүнийг сонгосноо баталгаажуулснаар, хүртэх ямар ч эрхгүй нигүүлслийг хүлээн авна гэдэг нь юу болохыг түүнд харуулснаар, тэгээд түүнтэй болон гэр бүлтэй нь байгуулсан гэрээний харилцаагаар дамжуулан үүнийг хийсэн … Ингэснээр Христийг ирэх үед энэ нь зөвхөн Иудейчүүдийн төлөө биш, зөвхөн Абрахам ба түүний үр удмын төлөө биш, харин бүх дэлхийд үүнийг ойлгуулахын тулд байх болно. Тэр бол бүх дэлхийн Бурхан, Тэр хүмүүстэй ингэж л харилцаа тогтоодог. Есүс ирэхдээ энэ бүх найдвар, амлалтуудыг биелүүлсэн бөгөөд үүний биелэлтийн талаар Шинэ Гэрээнд, Абрахам ч хүртэл энэ өдрийг хүлээж байсан бөгөөд тэр одоо ч бас үүний төгс биелэлтийг буюу үхлээс амилж бүх итгэгчдийн хамт дэлхийг дүүргэх өдрийг хүлээж байгаа гэж
өгүүлдэг.
— Др. Клэй Квартэрмэн
Дээрх товч жишээ нь Хуучин Гэрээний талаар судлаж мэдэхийн тулд Библид тэмдэглэгдсэн түүхэнд диакроник шинжилгээ хийх олон арга замуудаас зөвхөн нэгийг нь харуулж байна. Хуучин Гэрээгээр дамжуулан, үүнд тэмдэглэгдсэний дагуу түүхийг харах арга нь Хуучин Гэрээний каноны ач холбогдлыг таньж мэдэхэд ихээхэн чухал юм.
Бид сая Хааныхаа Үгийг хүлээж авахдаа Хуучин Гэрээний каноныг толь ба цонхтой адилтган харах талаар товчхон зураглал хийлээ. Одоо бүгдээрээ Хуучин Гэрээний каноныг зураг буюу уран зохиолын хөрөг цуглуулга гэж харахад анхаарал хандуулцгаая.
КАНОНЫГ ЗУРАГТАЙ АДИЛТГАХ НЬ
Хуучин Гэрээг уншиж үзсэн хүн бүр энэ нь тодорхой гарчиг эсвэл сэдвүүдийн жагсаалт хэлбэрээр бидэнд ирээгүй гэдгийг сайн мэднэ. Мөн энэ нь он дарааллаар нь бичсэн түүхэн үйл явдлуудын тэмдэглэл ч биш. Бид аль хэдийн энэ хичээл дээр Хуучин Гэрээнээс бүх сэдэвтэй холбоотой найдвартай сургамж, ойлголтыг авч болдог ба Хуучин Гэрээ нь түүхийг үнэн зөвөөр тэмдэглэсэн байдаг талаар ярьсан. Гэхдээ юу юунаас илүүтэйгээр, Хуучин Гэрээний канон нь эх бичмэлийн хувьд уран зохиолын цуглуулга буюу олон ном бүхий номын сантай адил юм. Библийг бичээчид эртний Израилчуудад Бурханы гэрээнүүдийн болзол нөхцөлүүдийг тусгайлан заасан арга замынх нь дагуу сахин биелүүлснээр Бурханы хаанчлалыг тэлэх талаар заах зорилгоор ном тус бүрийн агуулга, бүтцийг гаргажээ. Тийм учраас түүхийн үеэс үед дамжин Бурханы итгэмжит ард түмэн Хуучин Гэрээний номуудыг зураг эсвэл уран зохиолын хөрөг байдлаар авч үзсэнээр тэдгээрийн ач холбогдлын талаар олон ухаарал ойлголтыг олж авсаар ирсэн билээ.
Хуучин Гэрээний каноныг ингэж үзэх нь олон талаар урлагийн музей үзэхтэй адил юм. Хэрэв та урлагийн музей юмуу үзэсгэлэн үзэж байсан бол тухайн зураачийн ашигласан гэрэл, өнгө, зураас, хэлбэр, хээг онцолсон мэргэжлийн хүний, эсвэл зүгээр л тантай хамт үзэж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг сонсох нь түгээмэл үзэгдэл гэдгийг мэдэж байгаа байх. Тэд мөн тэдгээр урлагийн элемэнт тус бүр нь зураачийн чухам юу “хэлэх” гэснийг хэрхэн илэрхийлж байгаа талаар ярьцгаадаг. Зураач шашны зорилго агуулж байсан уу? Улс төрийн зорилготой байсан уу? Зураач зарим нэг хүршгүй мөрөөдлийг хэтрүүлэн харуулсан уу? Ямар нэг хорон муу юмуу шударга бусыг илчилсэн үү? гэх зэргээр үргэлжилсээр л байдаг.
Иймэрхүү асуултуудад хариулахын тулд урлаг шүүмжлэгчид цаасан дээр харагдаж байгаа зургаас илүү гүн далд агуулгыг тооцож үздэг. Тэд “Зураач нь хэн бэ?” “Зураачийн амьдралын туршлага энэ зурагт яаж нөлөөлсөн бэ?”, “Хэнд зориулж зурсан бэ?” “Зураач бүтээлээ бусдын итгэл үнэмшил, үйлдэл, сэтгэл хөдлөлд ямар нөлөө үзүүлэхийн тулд зурсан бэ?” зэргээр асуудаг.
Үүнтэй яг адил, бид ч бас Хуучин Гэрээний номуудыг зураг гэж үзэн иймэрхүү асуултууд тавьж болох юм. Бид зөвхөн Хуучин Гэрээний номуудын хуудсанд харагдаж буй зүйлс төдийгүй цаашлаад Хуучин гэрээний бичээчдийн амьдрал, тэдний анх хандсан уншигчдын хэрэгцээ зэрэгт анхаарал хандуулна гэсэн үг. Энэ стратегийг бид “уран зохиолын анализ” гэж нэрлэдэг. Яагаад гэвэл энэ нь Библийн бичээчид анх хандан бичсэн Бурханы ард түмнийхээ итгэл үнэмшил, үйлдэл, сэтгэл хөдлөлд нөлөөлөхийн тулд номын агуулга бүтцийг хэрхэн зохиосонд анхаарал хандуулдаг аж.
Уран зохиолын анализ хийхдээ Хуучин Гэрээний номуудыг хэрхэн зурагтай адилтган харж болохыг судлахын тулд бид мөн л өмнөхтэйгөө ижил арга барилыг ашиглана. Нэгдүгээрт, бид Хуучин Гэрээг зурагтай адилтган үзэхийг зөвтгөх шалтгаан буюу суурь шалтгааныг авч үзнэ. Хоёрдугаарт бид энэ стратегийн гол анхаарал хандуулдаг зүйлсийг үзнэ. Эхлээд уран зохиолын анализын аргын суурь шалтгааныг авч үзье.
Суурь шалтгаан
Уран зохиолын анализын аргын суурь шалтгааныг харах олон арга зам байдаг ч бид зорилгынхоо хүрээнд мөн л хоёр хүчин зүйлийг л авч үзнэ. Эхнийх нь Бичвэрийн өөрийнх нь мөн чанар. Удаах нь Библийн бичээчид ба нөлөө бүхий дүрүүдийн жишээ. Эхнийх нь буюу Хуучин Гэрээний мөн чанар нь Хуучин Гэрээг уран зохиолын хөрөг зураг гэж хандахыг хэрхэн үнэлдэг талаар үзье.
Бичвэрийн мөн чанар
Уран зохиолын анализ хийх шалтгаан нь Хуучин Гэрээний дор хаяж гурван илэрхий шинж чанарт үндэслэдэг. Нэгдүгээрт, канон бидний гар дээр уран зохиолын нэг нэгж болох ном хэлбэрээр ирсэн. Хуучин Гэрээ нь эртний Израилд 1000 гаруй жилийн түүхийн туршид тулгарсан янз бүрийн асуудлуудад хандан харилцан хамааралгүй тус тусдаа бичигдсэн хуйлмал бичээс буюу номуудын цуглуулга юм. Өнөөгийн Библийн гарчгийг өнгөц харах юм бол энэ нь 39 номоос бүрддэг нь харагдна. Библи судалдаг ихэнх оюутан Хуучин Гэрээний номын энэ уламжлалт жагсаалт ямар дараалалтайг мэддэг. Гэхдээ бид эдгээр уран зохиолын нэгжийн хэд хэдэн онцлог шинжийг дурдах ёстой.
Юуны өмнө Хуучин Гэрээний номуудын нэр нь анхнаасаа одоогийнх шиг байгаагүй тул бид тэдэнд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй юм. Өнөөдөр бидний хэрэглэдэг Библийн номуудын нэрсийн зарим нь Иудейн уламжлалаас гаралтай бол зарим нь Хуучин гэрээний эртний Грек орчуулга болох Септуагинтаас, өөр зарим нь бүр хожуу үеийн Христитгэлт уламжлалаас үүдэлтэй.
Мөн 1, 2-р Самуэл, 1, 2-р Хаад, 1, 2-р Шастир ном нь анх ердөө Самуэл, Хаад, Шастир гэсэн гурван ном л байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Үүнтэй адил Езра, Нехемиа хоёр анх нэг ном байсан гэж үздэг Библи тайлбарлагч олон бий. Хуучин Гэрээг уран зохиолын анализын өнцгөөс уншвал каноныг анх бичигдсэн нэгж хэсгүүдийнх нь дагуу хадгалахыг илүүд үзэх болно.
Мөн бид Хуучин Гэрээний каноны талаар авч үзэх үедээ номуудынх нь дараалал буюу зохион байгуулалтад хэт түшиглэхгүй байх нь чухал. Хуучин Гэрээний номуудын дараалал түүхийн явцад янз бүрээр өөрчлөгдсөөр ирсэн.
Бүр нэгдүгээр зууны түүхч Жосефусын үеийг хүртэл иудейчүүд Хуучин Гэрээг гурван үндсэн хэсэгт хуваадаг байжээ. Үүнд: Хууль буюу еврей хэлээр Тора (תּוֹרָה), Эш үзүүлэгчид буюу еврей хэлээр Наби-им (נְבִאִים), Бичвэрүүд буюу еврей хэлээр Кетүвим (כְּתוּבִים). Тийм ч учраас иудейчүүд хэдэн зууны туршид еврей Библийг Танака гэж нэрлэдэг байв. "Т" нь Мосегийн хуулиуд буюу Пентатухыг, "Н" нь эш үзүүлэгчдийг, "К" нь бичвэрүүдийг төлөөлдөг. Шинэ Гэрээ нь энэ уламжлалыг өөрийн гэсэн арга замаар тусган харуулдаг бөгөөд заримдаа Хуучин Гэрээг бүхэлд нь "Хууль ба Эш үзүүлэгчид" эсвэл бичвэрүүдийн эхний номыг нэмж оруулаад "Хууль, Эш үзүүлэгч, Дуулал" гэж нэрлэдэг.
Гэхдээ Христитгэлт чуулганы ихэнх нь Хуучин Гэрээний каноны номуудыг грек хэл дээрх Хуучин Гэрээ Септуагинтын дарааллаар дугаарладаг болсон. Бид ихэнхдээ Танакагийн дарааллыг баримтлалгүйгээр хуулийн номууд буюу Пентатух, түүхийн номууд буюу Иошуагаас Естер, яруу найргийн номууд буюу Иовоос Соломоны дуун, Эш үзүүллэгийн номууд буюу Исаиагаас Малахи гэсэн дарааллаар номуудыг дугаарладаг.
Хуучин Гэрээний каноны номуудын дараалалтай холблоотой эдгээр ялгаанууд нь Хуучин Гэрээг уран зохиол талаас нь судлахад маш чухал зүйлийг харуулдаг. Хуучин Гэрээний номууд нь анхандаа харилцан хамааралгүй тус тусдаа бичигдсэн ажлууд байсан. Тиймээс бид Хуучин Гэрээний каноныг зурагтай адилтган үзэх үедээ юуны түрүүнд ном тус бүрийг нэг нэгж гэж хандан ойлгоход анхаарах нь чухал. Эхлэл номыг судлахдаа үүнийг өөрийн гэсэн бүтэцтэй, теологийн агуулгатай бие даасан Эхлэл ном гэдгээр нь харж, Гэтлэл номыг судлахдаа ч бас бие даасан Гэтлэл ном гэдгээр нь харах зэргээр бусад номыг ч ялгаагүй ингэж хандах нь зүйтэй.
Дуулал буюу дуулалыг зохиогчоос бусад номуудын хувьд Библийн ихэнх хэсгийн уран зохиолын үндсэн нэгж нь Библийн номууд юм. Зохиолч нар ер нь ном номоор нь төлөвлөж бичдэг. Энэ нь тэгэхлээр тухайн сэдэв нь яг урд болон хойно байгаа багц эшлэлд л зөвхөн хамаардаггүй гэдгийг илтгэнэ. Мэдээж тийм байх нь ойлгомжтой ч энэ нь маш чухал, бүр асар чухал зүйл юм. Гэхдээ тухайн багц эшлэл чухам ямар үүрэгтэйг, бүтэн номын хувьд энэ хэсэг ямар үүрэг гүйцэтгэж байгааг олж харах нь үнэхээр чухал.
— Др. Дэвид Р. Бауэр
Уран зохиолын анализ чухал гэдгийг илэрхийлдэг Хуучин Гэрээний хоёр дахь шинж чанар нь Хуучин Гэрээний номууд нь утга зохиолын хувьд маш өндөр түвшинд бичигдсэн явдал юм. Зарим зохиолын утга зохиолын найруулга зохиомжийг ойлгоход бусад зохиолоос илүү анхаарал шаарддагийг бид бүгд туршлагаасаа мэддэг. Жишээлбэл, уянга яруу шүлгийн дундуур худалдан авах зүйлсийн жагсаалт оруулсан байвал хачин жигтэй санагдах нь мэдээж. Товч зурвасыг боловсронгуй роман шиг нарийн төлөвлөж зохиодоггүй. Энгийн агуулгатай зохиол уншихдаа бид утга зохиолын чанар чадварт нэг их анхаарах шаардлагагүй байдаг. Харин өндөр түвшний нарийн зохиомжтой роман уншихдаа үүнийг ойлгохыг хүсэж байгаа л бол зохиогчийн уран зохиолын техник арга барилд анхаарахаас өөр аргагүй юм.
Нөгөөтэйгүүр археологчид Библийн цаг үед байсан бусад соёл иргэншлийн бичмэл эх сурвалж материалуудыг маш олон төрлөөр нь олж илрүүлсэн. Захидал, жагсаалт, төлбөрийн баримт зэрэг нэг их уран яруу хэллэг, сэтгэмж агуулаагүй бичмэлүүд олноор олдсон байдаг. Гэхдээ эртний Ойрх Дорнодоос гаралтай гайхалтай уран яруу, нарийн бүтэцтэй бүтээлүүд ч бас бидэнд ирсэн. Библийн цаг үед байсан томоохон ахуй соёлууд өөрийн гэсэн маш боловсронгуй үлгэр, домог, хууль эрх зүйн баримт бичиг, маш нарийн мөргөлийн дэг жаягтай байжээ. Тэдгээр нь маш сайн бодож боловсруулсан уран зохиолын төрлүүд юм.
Хуучин Гэрээний номууд ч бас бидний мэдэх эртний дэлхийн уран зохиолын дээжүүд дотроо хамгийн дээд түвшний уран зохиолын тоонд багтах нь эргэлзээгүй.
Ихэнх стандартын дагуу хэмжихэд Хуучин Гэрээний номууд нь утга зохиолын чанар, уран яруу байдлаараа эртний дэлхийн хамгийн агуу соёл иргэншлүүдийн үлдээсэн хамгийн гайхалтай сайхан бүтээлүүдтэй эн тэнцүү эсвэл бүр илүү давуу байдаг. Хуучин Гэрээний номуудын энэхүү уран яруу, өндөр чанарыг ойлгосноор бид Хуучин Гэрээг бичсэн хүмүүс номыг нь унших уншигчдын амьдралд нөлөөлөхийн тулд ямар арга ашигласаныг олж харж чадна.
Хуучин Гэрээнд уран зохиолын анализ хийвэл зохих гурав дахь шалтгаан нь үүний уран зохиолын олон төрөл хэлбэртэй нь холбоотой. Хуучин Гэрээний канон нь бүх хуудсан дээр нь нэг ижил төрөл жанраар бичсэн тэв тэгшхэн гадаргуу биш юм. Харин ч энэ нь уулс, гол горхи, нуур, үржил шимтэй тал газар, цөл болон далай тэнгисээс бүрдсэн байгалийн янз бүрийн тогтоцтой газар мэт юм. Өөрөөр хэлбэл Хуучин Гэрээний номууд нь уран зохиолын янз бүрийн төрөл, жанруудын төлөөлөл юм.
Хуучин Гэрээний зарим ном нь хүүрнэсэн өгүүлэмжээс голдуу бүтсэн байдаг. Жишээ нь, Эхлэл, Иошуа, Шүүгчид, Рут гэх мэт. Эдгээр номд мөн товч ургийн бичиг, тоочсон жагсаалт, шүлэглэсэн үгс, мөргөл хүндлэл болон нийтийг хамарсан заавар зэрэг зүйлс багтдаг. Хуучин Гэрээний өөр нэг хэсэг ном нь голдуу яруу найргийн хэлбэрээр бичигдсэн байдаг. Жишээлбэл, Дуулал, Иов болон эш үзүүллэгийн олон номууд бий. Мөн зарим нь маш гүн утга уянгын үгсийг ашиглан бичсэн байдаг. Үүнд: Номлогчийн үгс, Малахи зэрэг ном багтдаг. Эдгээрээс гадна Дэд хууль ном нь голдуу номлол хэлбэрээр бичигдсэн.
Хуучин Гэрээний номууд нь өөр өөр төрөл жанраар бичигдсэн гэдгийг ойлгох нь чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл уран зохиолын төрөл жанар бүр нь уншигчдад нөлөөлөх өөрийн гэсэн арга барилтай байдаг. Хуулийг хууль шиг л унших ёстой. Номлолыг номлол гэдгээр нь л унших нь зүйтэй. Түүхийг түүхээр нь, шүлгийг шүлгээр нь, зүйр үгсийг зүйр үгээр нь, үзэгдлийг үзэгдлээр нь, эш үзүүллэгийг эш үзүүллэгээр нь л уншиж хүлээж авах нь чухал. Хуучин Гэрээний номууд анх бичигдэхдээ Бурханы хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлэхийг зорьж байсныг олж мэдэхийн тулд бид Хуучин Гэрээний ном тус бүр ямар төрөл жанартай болохыг харгалзан үзэх ёстой. Энэ нь Бичвэрийн мөн чанар өөрөө уран зохиолын анализ чухал гэдгийг харуулж буй өөр бас нэгэн хэлбэр юм.
Хүн судалж буй Библийн хэсгийнхээ төрөл жанарыг ойлгох нь чухал. Энэ нь тэдэнд уг хэсгийг зөв тайлбарлахад тусладаг. Энэ нь бидэнд тухайн хэсгийн талаар сайн асуултууд тавихад тусладаг. Яруу найргийн, үргэлжилсэн үгийн, хуулийн зэрэг төрлүүд томоохон хувь эзэлдэг бөгөөд эдгээр нь бидэнд тухайн хэсгээс юу найдаж хүлээх ёстойг ойлгоход тусладаг. Энэ нь бидэнд тухайн хэсгийн талаар асуултууд тавихад тусладаг. Хэрэв тэр хэсэг нь яруу найргийн хэлбэртэй байвал үргэлжилсэн үгийн төрөлд тавьдагаас өөр асуулт тавих болно. Яруу найраг нь ер нь түүхэн үйл явдал болж өнгөрсөн талаар нарийн тодорхой дүрсэлдэггүй. Тэдгээр нь голдуу илүү дүрсэлсэн, зүйрлэсэн үг хэллэг ашигладаг. Тэгэхлээр та өөр өөр төрөл жанарыг тус бүрт нь өөр өөр аргаар тайлбарладаг.
— Др. Жим Жордан
Уран зохиолын анализ нь Бичвэрийн өөрийнх нь мөн чанараас гадна Библийн жишээ, Библийн зохиогчдын жишээ, Хуучин гэрээний каноныг ийнхүү үнэлдэг нөлөө бүхий дүрүүдэд мөн суурилдаг.
Библийн жишээнүүд
Зохиогчийн уншигчдадаа хандсан зорилготой холбогдуулан Библийн зохиогч болон дүрийг судлах бүрт уран зохиолын анализыг тодорхой хэмжээгээр ашигладаг. Жишээлбэл, Есүс Дэд хууль 24:1-д Мосе салалтын талаар юу гэж бичсэн талаар ярих үедээ уран зохиолын анализыг ашигласан. Марк 10:4- д хэсэг фарисайчууд салалтын талаарх Есүсийн үзэл бодлыг сорин ийнхүү өгүүлсэн:
Цуцлалтын бичиг үйлдээд, салахыг Мосе зөвшөөрсөн шүү дээ гэв (Марк 10:4).
Есүсийн үед фарисайчууд Дэд хууль 24:1-ийг эр хүн салалтын бичиг өгч л байгаа бол ямар ч хамаагүй шалтгаанаар эхнэрээсээ салж болно гэсэн утгатай хэмээн тайлбарлан заадаг байжээ. Харин Есүс тэр эшлэлийг Мосегийн анх бичсэн зорилго болон үүнийг уншсан уншигчдын нөхцөл байдалтай холбон уншсанаар энэ буруу тайлбарыг залруулсан юм. Марк 10:5-д Есүс тэдэнд:
—Зүрхний чинь хатуугаас болж тэр та нарт ийм тушаал бичсэн юм. (Марк 10:5).
Есүс Израилчууд хатуу зүрхтэй учраас Мосе энэ салалтыг зөвшөөрсөн хуулийг өгсөн гэдгийг онцлон хэлсэн.
Бидний энд ярьж буй зорилгын хүрээнд үзвэл, Есүс Дэд хууль 24-г түүхэн нөхцөл байдлаас нь салгаж авч үзэхээс татгалзсан гэдгийг ойлгох нь чухал. Тэр энэ хэсгийг нэг талаас зохиогч Мосегийн талаар, нөгөө талаас түүний уншигчид болох эртний израилчуудын талаар мэдэж байгаа зүйлс дээрээ үндэслэн харсан. Фарисайчууд Мосе хатуу зүрхтэй уншигчдад хандан бичсэн гэдгийг тооцоолоогүй. Харин Есүс эдгээр хүчин зүйлс ямар чухал болохыг мэдэж байсан бөгөөд Мосегийн хэлсэн энэ хуулийн заалтыг тэдний гэмт мөн чанарыг хязгаарлахын тулд өгсөн болохоос үлгэрлэн дагаж мөрдүүлэхээр өгсөн биш гэдгийг дүгнэжээ.
Уран зохиолын анализын өөр нэг жишээг Галат 4:22-24-д харж болно. Паул Хуучин Гэрээн дэхь Абрахам, түүний эхнэр Сара, тэдний хүү Исаак, мөн Сарагийн шивэгчин Хагар ба Хагарын хүү Ишмаел нарын түүхийн талаар юу гэж бичсэнийг сонс:
Абрахам хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь шивэгчнээс, нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг. Шивэгчний хүү махбодын дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэйн хүү амлалтаар төрсөн. Үүнийг үлгэрлэвэл, тэр хоёр эмэгтэй нь хоёр гэрээ юм. (Галат 4:22-24).
24-р эшлэлд Паул Эхлэл ном дахь Абрахамын Сара, Исаак хоёртой болон Хагар, Ишмаел хоёртой тогтоосон харилцааны талаар эдгээр нь хоёр гэрээг төлөөлдөг учраас “зүйрлэсэн утгаар тайлбарлаж болох юм” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Паул Абрахамын Сара, Хагар хоёртой харилцах харилцааны тухай энэ баримт Эхлэл номын анхны Израил уншигчдад хандсан тодорхой зорилготой бичигдсэн гэдгийг ойлгосон байна.
Эхлэл номд Абрахамд Бурхантай харилцах хоёр арга замаас нэгийг нь сонгох сонголт тулгарсан гэдгийг тодорхой тэмдэглэсэн. Нэг нь Сара ба Исаак, нөгөө нь Хагар ба Ишмаел гэсэн хоёр арга зам байсан. Нэг талаас Абрахам Бурхан Сарагаар дамжуулан үр удам өгнө гэсэн амлалтаа биелүүлнэ гэж найдаж байсан тул Бурханд үнэнч итгэмжтэй байсан. Бурханд болон амлалтад нь итгэх энэ зам амаргүй байсан хэдий ч тэр энэ замаар л Бурханы ерөөл рүү хүрэх байв. Нөгөө талаас Абрахам өөрийн хүчин чармайлтад найдан Египет шивэгчин эмэгтэй Хагараар дамжуулан үр хүүхэдтэй болох гэж оролдсоноор Бурханы өмнө итгэмжит бус үйлдэл хийсэн. Өөрийн хүчинд найдсан энэ сонголт нь Абрахамын эсрэг Бурханы шүүлтийг авчирсан.
Мосе Абрахамын амьдралын талаар бичихдээ Абрахамын сонголт номыг нь унших израилчуудад асар чухал ач холбогдолтой гэдгийг гүн гүнзгий ойлгож байсан. Тэр Эхлэл номд эдгээр түүхийг бичсэн нь уншигч израилчуудаа өөрсдийнх нь өдрүүдэд ч бас амьдралын хоёр салаа зам байгааг олж хараасай гэсэндээ юм.
Нэг талаас Мосе Сара, Хагар хоёрын талаар бичсэн нь анхны уншигчдад Амлагдсан газрыг эзэмших үй олон үр удам өгнө гэсэн амлалтаа биелүүлнэ гэдэгт нь Бурханд итгэж найдахыг уриалан дуудахын тулд байв. Бурханд болон Түүний амлалтад итгэж найдна гэдэг амаргүй хүнд боловч ерөөлтэй зам юм. Нөгөө талаас Мосе израилчуудыг Египетийг санагалзсанаар Абрахам Египет шивэгчин Хагар руу орсонтой адил хүний хүчин чармайлтад найдаж түшиглэхгүй байхад уриалсан. Хэрэв Израил эргэж буцвал тэдний эсрэг Бурханы шүүлт ирэх болно.
Мосегийн эх зорилгыг ийнхүү онцлон хэлснийхээ дараа Паул энэ түүхийг Галат чуулганы нөхцөл байдалд хэрэгжүүлсэн. Галатчууд Паулын хэлсэн жинхэнэ сайнмэдээ ба Иерусалимын чуулганы төлөөлөгчдийн заасан хуурамч сайнмэдээ хоёрын нэгийг сонгох шаардлагатай болсон. Христ доторх Бурханы амлалтуудад итгэснээр аврагдна гэдэг үнэн бол жинхэнэ сайнмэдээ юм. Хуурамч сайнмэдээ нь хүмүүсийг Христ доторх амлалтуудад итгэхээс холдуулж аврагдахын тулд хүн өөрийн хүчээр хуулийг сахин биелүүлэх ёстой гэж заадаг.
Паул Галат номд хэлсэнчлэн Бурханы амлалтуудад итгэн жинхэнэ сайнмэдээг дагагсад нь Сарагийн хүүхдүүд бөгөөд амлалтыг өвлөгсөд юм. Харин хуурамч сайнмэдээг дагагсад нь Хагарын хүүхдүүд бөгөөд авралын бэлгийг өвлөж чадахгүй. Паул Бурханы амлалтуудад итгэх итгэлийг заадаг жинхэнэ сайнмэдээ нь ерөөл рүү хөтөлдөг бол хуулийг сахихыг заадаг хуурамч сайнмэдээ нь шүүлт рүү хөтлөхөөс цаашгүй гэдгийг тодорхой хэлсэн. Паул Мосегийн анхны уншигчдадаа зориулж энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн байдалд нь уран зохиолын анализ хийсэн бөгөөд энэ нь түүнийг Галат чуулганд тулгарсан асуудлын хариуд Эхлэл номыг ийнхүү хэрэгжүүлэхэд хүргэсэн.
Сая бид Хуучин Гэрээний каноныг зурагтай адилтган харах зарим үндсэн шалтгаан суурь ойлголтуудыг харлаа. Одоо уран зохиолын анализын гол анхаардаг зүйлсд анхаарал хандуулцгаая. Энэ стратеги нь Хуучин Гэрээний каноны юунд голлон анхаарал хандуулдаг вэ?
Гол анхаарал хандуулдаг зүйлс
Евангелийн Христитгэгчид Бичвэрийг зөв хөрвүүлж тайлбарлах аргыг “хэл зүй ба түүхийн судалгаа” гэж нэрлэдэг. Энэ нэр томъёоны утга нь Библи эксежесис/судлан тайлбарлал/ буюу тайлбар нь юуны түрүүнд Библийн эхийн дүрэм, бүтэц найруулгад анхаарал хандуулах ёстой гэсэн утга илэрхийлдэг. Гэхдээ үүнтэй нэгэн зэрэг түүхийн талаас судлан тайлбарлах хэрэгтэй. Мөн үүгээр бид эхийн дүрмийг бичээчийн болон уг эхийг зориулж бичсэн уншигчдынх нь түүхэн нөхцөл байдлтай уялдуулан авч үзэх ёстой гэсэн санааг илэрхийлдэг. Эдгээр хүчин зүйлс нь сэдэвчилсэн ба түүхийн анализд ч гэсэн тодорхой хэмжээгээр чухал ач холбогдолтой арга гэж тооцогддог. Гэхдээ эдгээр нь уран зохиолын анализын хувьд онцгой чухал юм.
Уран зохиолын анализын гол анхаардаг зүйлсийг харахын тулд бид гурван зүйлийг авч үзнэ. Нэгдүгээрт, бичээч, хоёрдугаарт бичвэрийг зориулсан анхны уншигчид, гуравдугаарт эх бичмэл буюу бидний судалж буй эх текст. Эхлээд Хуучин Гэрээний каноны бичээчдийн талаар судлах нь хэр чухал талаар бодож үзье.
Бичээч
Христийн дагагчид Хуучин Гэрээний каноныг бүхэлд нь Бурхан онгод оруулж, удирдаж бичүүлсан гэдгийг мэддэг. Гэвч бид энэ цувралын эхний хичээлүүдэд харсанчлан энэхүү онгод нь амьд, органик байсан. Бурхан каноны номуудыг бүтээхийн тулд сонгосон бичээчийнхээ угсаа гарал, бодол санаа, мэдрэмж, хүсэл зоригийг ашигласан. Тиймээс бид Хуучин Гэрээг уншихдаа бичээчийг хүн байсан гэдгийг бодолцож үзэх ёстой. Бид уран зохиолын анализын энэ хэсгийг хоёр талаас нь харах болно. Нэг талаар бид хэд хэдэн аюулыг мэдэж байх ёстой бол нөгөө талаар бид Хуучин Гэрээг энэ аргаар судласаны үр дүнд гарах хэд хэдэн ашиг тусыг харах хэрэгтэй.
Юуны өмнө бид хэрэв Хуучин Гэрээний номуудыг бичсэн хүмүүст хэт өндөр ач холбогдол өгвөл ноцтой аюулд унах болно. Өнгөрсөн үед олон тайлбарлагч бичээчдэд хэт анхаарснаас болоод сэтгэлзүйн болон нийгмийн харилцааных нь талаарх олон янзын таамаглалын торонд орооцолддог байлаа. Зарим талаараа тэд бичээч хэн болохыг, түүнд тохиолдсон нөхцөл байдлыг, тэр номоо теологийн ямар сэдлээр бичсэн зэргийг маш нарийн тодорхойлох гэж хэт их таамаг дэвшүүлснээс болоод ийм байдалд ордог. Иймэрхүү асуултууд нь чухал хэдий ч хэрэв бид мэдэж байгаагаасаа цааш хэт хол явбал таамаглалд хэтэрхий их түшиглэсэн тайлбар гаргах болно. Ингэж бичээчийг хэт онцлохыг "зорилгын төөрөгдөл" гэж нэрлэж болох бөгөөд энэ нь бичээчийн зорилгыг дахин сэргээж гаргаж ирэхэд хэтэрхий их ач холбогдол өгдөг.
Гэхдээ нөгөө талаас Библийн бичээчид зохих хэмжээгээр, зориуд анхаарал хандуулвал энэ нь бидэнд маш их тус болж чадна. Бид тэдний талаар мэдэхийг хүссэн бүхнээ мэдэж авч чадахгүй байж болох ч тэдний бичсэн зүйлийг ойлгоход тус болоход хангалттай олон зүйлийг олж мэдэх боломжтой. Бид тэдний хүн тус бүрийн хувьд харилцан адилгүй хэмжээгээр хэн болох, амьдралын нөхцөл байдал, үндсэн теологийн сэдэл зорилгын талаар ерөнхийд нь мэдэж авах боломжтой.
Библийн номын утга санааг ойлгоход маань тухайн номын зохиогчийн талаарх мэдээлэл ихээхэн тус болж чадна. Яагаад гэвэл Ариун Сүнс Өөрийн алдаа мадаггүй төгс Үгийг дамжуулахын тулд зөвхөн хамгийн дээд Бурхан л хийж чадах арга замаар өөрийн гэсэн онцлог чанар, амьдралын туршлага нөхцөл байдалтай хувь хүмүүсийг байгаагаар нь ашигласан юм. Мөн Тэр Өөрийн Үгээ дамжуулуулах хүмүүн бичээчээ Түүний Үгийг дамжуулахад тохирсон нэгэн болгож хэрхэн хэлбэржүүлдэг талаар бид зарим нэг ойлголтыг авч чадах бөгөөд энэ нь тухайн эх бичээсийг ойлгоход маш том хувь нэмэр болдог. Дуулал 51-р бүлгийг бодоод үзье. Сонгодог жишээ. Давид Батшебаг булаан авч, үнэнч цэрэг Уриагийнхаа эсрэг аймшигт нүгэл үйлдсэнээ ухаарч гэмшсэн өчил. Бид Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн гэгддэг ч гашуун нүгэл үйлдэж, эцэст нь Бурханы уучлалтыг олсон нэгэн хааны гэмшлийн өчил гэдгийг нь мэдээд уншвал энэ дуулал бүхэлдээ амьд бодит болж хувирдаг.
— Др. Дэннис И. Иохансон
Бид юуны тухай ярьж буйгаа ойлгомжтой болгохын тулд Хуучин Гэрээний хоёр гол зохиогч болох 1, 2 Самуэл, 1,2 Хаад номын зохиогч ба 1,2 Шастир номын зохиогчийн талаар мэддэг зүйлсээ авч үзье. Эдгээр зохиогч яг хэн байсан талаар тодорхой мэдээлэл бидэнд байхгүй. Тэдний нэрийг, номоо яг хэзээ бичсэн зэргийг ч мэдэхгүй. Тэдний сэтгэлзүйн байдал ямар байсныг ч сайн мэдэхгүй. Тиймд тэдний бичсэн номуудыг тайлбарлахдаа иймэрхүү төрлийн асуудлуудад хэт түшиглэвэл бидний тайлбар хэтэрхий их таамаглалд суурилсан болох эрсдэлтэй.
Хэдий тийм боловч бид Хуучин Гэрээнээс энэ хоёр зохиогчийн талаар чухал үнэтэй мэдээлэл олж авах боломжтой. Жишээлбэл бид Хаад номын зохиогч нь Израилыг Вавилоны цөллөгт байх үед номоо бичсэн гэдгийг мэднэ. 2 Хаад 25:27-30-д гардаг сүүлийн үзэгдлүүд нь зохиогч үүнийг МЭӨ 562 онд Иехоиахиныг шоронгоос суллагдсанаас хойш бичсэн гэдгийг тодорхой харуулдаг. Гэхдээ зохиогч МЭӨ 538 онд Кореш хааны гаргасан иудейчүүдийг Амлагдсан газарт буцаж очихыг зөвшөөрсөн нэн чухал зарлигийн талаар огт дурдаагүй. Тиймээс Хаад номыг Израилыг Вавилоны олзлолоос чөлөөлөгдөхөөс өмнө бичиж дуусгасан гэдэг нь бараг л тодорхой.
Эсрэгээрээ Шастир номын зохиогчийг голдуу "Шастирч" гэж нэрлэдэг бөгөөд тэр Израилыг цөллөгөөс чөлөөлөгдсөний дараа номоо бичжээ. Бид үүнийг олон баримтаас харж болох ч хамгийн тодорхой нь 1 Шастир 9-д гардаг нутагтаа эргэж ирсэн хүмүүсийн ургийн бичгийн жагсаалт юсм. Цаашлаад Шастирч номынхоо төгсгөлд 2 Шастир 36:22, 23-д Кореш хааны зарлигийн тухай бичсэн байна.
Бид бас дээрх хоёр зохиогч хоёулаа Израилын боловсролтой элитүүдийн нэг байсан гэдгийг мэднэ. Хоёр зохиогч хоёулаа зөвхөн Бурханы ард түмний удирдагчид л унших боломжтой байсан хаадын тэмдэглэлд бичигдсэн мэдээллийг дурдсан байдаг. Мөн Шастир номын зохиогч Библид дурдагдаагүй эш үзүүллэгийн зөгнөлүүдийн цуглуулгын талаар бичсэн.
Энэ хоёр зохиогчийн талаар зөвхөн ийм хэдхэн баримтыг мэдэхэд л тэдний теологийн ерөнхий сэдэл зорилгын ялгааг ойлгоход маань туслаж байна. Олон тайлбарлагч Хаад номын зохиогч нь Бурхан ард түмнээ цөллөгт явуулснаар шударга ёсоо харуулсан гэдгийг онцолсон хэмээн оновчтой дүгнэсэн байдаг. Тэр мөн израилчууд Амлагдсан газарт эргэж ирэхээсээ өмнө гэмших шаардлдагатай байсан гэдгийг чухалчлан харуулсан.
Эсрэгээрээ хэд хэдэн тайлбарлагчид Шастир номын зохиогч нь израилчууд Амлагдсан газарт эргэж ирснийхээ дараа дагаж мөрдөх ёстой байсан практик алхмуудыг онцолсон хэмээн оновчтой дүгнэсэн байдаг. Тэр мөн тэд улс үндэстнээ дахин босгох үедээ дуулгавартай байвал хүлээн авах ерөөл, дуулгаваргүй байвал хүртэх хараалын талаар чухалчлан заажээ.
Бид эдгээр зохиогчийн итгэл үнэмшил, найдварын талаар багагүй зүйлийг хэлж болох боловч тэдний анхны уншигчдадаа нөлөөлөхийн тулд ашигласан уран зохиолын арга барил техникд дүн шинжилгээ хийхэд хангалттай хүрэлцэхүйц мэдээлэл бидэнд байгаа нь хамгийн гол нь юм. Мөн Библийн бусад зохиогчдийн талаар бидэнд бүр ч илүү их мэдээлэл байгаа тул зохиогчид зохих хэмжээний анхаарал хандуулах нь бидний судалгаа тайлбарт үлэмж ашигтай байх болно.
Хуучин Гэрээний уран зохиолын анализыг үр дүнтэй сайн хийхийн тулд зохиогчид анхаарахаас гадна уг номыг зориулан бичсэн анхны уншигчдын талаар авч үзэх нь зүйтэй. Хуучин Гэрээний номуудыг хамгийн анх хүлээн авсан уншигчид нь хэн бэ? Тэд ямар нөхцөл байдалд байсан бэ? Эдгээр Бичвэр тэдэнд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Уншигч
Хуучин Гэрээний номуудын зохиогчдын талаар ярих үед аюул ба ашиг тус байсантай адил анхны уншигчдын талаар ярих үед ч бас аюул ба ашиг тустай тал бий гэдгийг бид мэдэж байх ёстой. Нэг талаас тайлбарлагчид уншигчдын талаар хэт их таамаглал дэвшүүлвэл аюул үүсдэг. Тэд уншигчдын хэн болохыг нарийн тодорхойлохоор ургуулан боддог. Тэд тэдний нөхцөл байдлыг нэг бүрчлэн нарийн сэргээн тогтоох гэж оролддог. Тэдний сэтгэлзүйн байдлыг таамагладаг. Тэдний давуу ба сул талыг төсөөлөн хэтэрхий ихийг боддог. Ийнхүү уншигчдад хэт их ач холбогдол өгөхийг “мэдрэмжийн төөрөгдөл” гэж нэрлэдэг.
Бид уншигчийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийн төлөв байдлыг тодорхойлж үүгээрээ эх текстийн талаар бусад мэдээллүүдэд дүгнэлт хийхийг мэдрэмжийн төөрөгдөл гэж хэлдэг. Жишээлбэл, гашуудлын дууллыг цөлөгдсөн ард түмэнд зориулж бичсэн бөгөөд бид тэдний нөхцөл байдлыг ойлгож чадна гэдэг нь, бидний нөхцөл байдал одоо тэр хүмүүстэй адилхан сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй биш учраас энэ дуулал бидэнд ямар нэг зүйл хэлж чадахгүй гэсэн үг биш юм. Тиймээс нэгдүгээрт мэдрэмжийн төөрөгдөл нь биднийг Бичвэр анх бичигдэх үеийнхээс нь өөр нөхцөл байдалд нөлөөлдөггүй гэдэг үзэлд итгэх, хүлээж авахад хүргэдэг. Өөр нэг томоохон эрсдэл нь бид уншигчдын сэтгэлзүйн төлөв байдлыг өөрийн сэтгэлзүйн төлөв байдалтай буруу холбосноос болоод эх бичээст байгаа зүйлийг уншаад эсвэл уншиж чадалгүйгээр хувийн нөхцөл байдлаа бичвэрт шууд тулгадаг явдал юм. Өнөө үед энэ нь маш элбэг үзэгдэл болсон. Яагаад гэвэл эх бичээс, зохиогч, уншигчдын хувьд авч үзвэл бидний амьдарч буй энэ үед “уншигч төвтэй” уншлагын хэв маяг зонхилох болсон. Бид зохиогчийг өөрийнх нь зорилгын дагуу яриулж, эх бичээсийн үгсийг байгаагаар нь байлгаж, уншигчдынх нь нөхцөл байдлыг ч бас байгаагаар нь үлдээж байж үүний утга учрыг нь ойлгож чадна.
— Рев. Майкл Ж. Глодо
Хэдий тийм боловч Хуучин Гэрээний номуудын анхны уншигчдын талаар судлах нь бидэнд олон талын ашиг тустай. Маш олон тустай мэдээллийг бид мэднэ. Бид тэднийг хаана байсныг еранхийд нь мэддэг. Мөн тэдний туулсан томоохон үйл явдлуудын заримыг нь мэднэ. Ихэнх бүлэг хүмүүст тохиолддогтой адил тэдний зарим нь Бурхантай байгуулсан гэрээний үүрэгтээ үнэнч итгэмжтэй байсан бол зарим нь үнэнч бус байсан гэдгийг ч бас бид мэднэ.
Үүн дээр үндэслээд бүгдээрээ Хаад ба Шастир номуудын анхны уншигчдын талаар авч үзье. Жишээлбэл, бид Хаад номын уншигчид нь цөллөгт байсан гэдгийг мэднэ. Хаад номын онцолсон зүйлсээс харвал анхны уншигчдынх нь дунд Бурхан ард түмнээ цөллөгт явуулсан нь шударга явдал байсан гэдэгт итгэх шаардлагатай хүмүүс байжээ. Мөн бидний мэдэхээр зарим уншигчид нь Израил буцаж Амлагдсан газар руу очихоосоо өмнө гэмших ёстой гэдгийг тэд ойлгох хэрэгтэй байсан.
Эсрэгээрээ, Шастир номын зохиогч Амлагдсан газарт эргэж ирсэн уншигчдад хандан бичсэн. Езра, Нехемиа, Хаггай номуудаас эргэж ирсэн хүмүүсээс ч бас олон хүн Бурханд үнэнч байж чадаагүй гэдгийг тодорхой харж болно. Үүнээс болоод тэд Израилд Бурханы хаанчлалыг дахин босгохын төлөө илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болсон. Хаад ба Шастир номуудын анхны уншигчдын талаар иймэрхүү баримтуудыг мэдэх нь эдгээр номын уран зохиолын хөрөг дүрийг ойлгоход маань тусладаг.
Бурхан тодорхой нэг газарт, тодорхой нэг цаг үед амьдарч байсан уншигчдад анх өөрийгөө илчилсэн. Энэ бол Библийн гайхалтай чанаруудын нэг юм. Энэ нь зүгээр нэг дээрээс ирсэн заавар зөвлөмжүүдийн цуглуулга төдий биш. Бурхан тодорхой нөхцөл байдалд байгаа тодорхой бүлэг хүмүүст хандан үгээ хэлсэн. Тиймээс тэд Бурханаас сонссон үгээ, Бурханаас хүлээж авснаа яаж ойлгож хүлээж авсныг нь ойлгох аваас энэ нь бидэнд өөрсдийн ойлголтыг юугаар хязгаарлах ёстойг мэдэж авахад тусладаг. Хэрэв би Библийг анхны уншигчдынх нь ойлгож байснаас огт өөрөөр ойлговол тэнд ямар нэг зүйл буруу байна гэсэн үг. Мэдээж хэрэг миний орчин нөхцөл ялгаатай боловч үүнийг тэдний орчин нөхцөлтэй уялдуулан ойлгох ёстой. Ингэвэл би миний тайлбарыг хязгаарлах боломжтой заагийг мэдэж авна.
— Др. Иохан Освалт
Сая бид уран зохиолын анализ нь хэрхэн номын зохиогч ба анхны уншигчдад анхаарал хандуулдаг талаар дурдсан тул одоо Хуучин Гэрээний уран зохиолын анализын гурав дахь гол судлагдахуун болох эх бичмэл рүү очицгооё.
Эх бичмэл
Бичвэрийн эх бичмэл нь уран зохиолын анализын гол судлагдахуун болдог. Яагаад гэвэл тэдгээр нь Бурханы бүрэн эрх мэдэлтэй Үг юм. Тиймээс бид эх бичмэлд төвлөрж судлах үед гардаг аюул ба ашиг тусд онцгой анхаарал хандуулах нь чухал.
Нэг талаас зөвхөн бичмэл эхд л анхаарч судлавал аюултай. Харамсалтай нь Бичвэрийг тайлбарлахад зөвхөн бичээсүүд л байхад хангалттай гэж үздэг тайлбарлагчид сүүлийн хэдэн арванд нэлээд олноор гарч ирэх болсон. Эдгээр судлаачид зохиогч, уншигчдийн талаар судлах үед тулгардаг тодорхойгүй байдлаас зайлсхийх гэсэндээ зохиогч ба уншигчдад анхаарал хандуулахаа болих хэрэгтэй гэж нотлохыг оролддог. Үнэндээ энэ нь тийм ч сайн замнал биш юм. Библийнх ч бай, үгүй ч бай яг ижил бичмэл хэн бичсэн, хэнд зориулж бичсэнээсээ хамаараад утга нь огт өөр байх боломжтой. Тайлбарлагчид зөвхөн бичмэл эхд л анхаарал хандуулаад бичээч болон анхны уншигчдыг тоолгүй орхивол зөвхөн бичмэлд л хэт их түшиглэсэн үед үүсдэг “график төөрөгдөл” гэж нэрлэдэг асуудалд унах болно.
Эхийг унших үед, тэр дундаа Хуучин Гэрээний эхийг унших үед гардаг “график төөрөгдөл” гэдэг төөрөгдөл байдаг. Энэ нь эхийн утгыг ойлгоход шаардлагатай бүх зүйл нь зөвхөн үгс бөгөөд үгс өөрөө үүний утгыг агуулж байгаа гэсэн санаа агуулдаг. Тэгэхлээр та Бичвэрийг өндрөөр үнэлдэг, ялангуяа энэ бол Бурханы онгодоор бичигдсэн гэж итгэдэг бол энэ нь зөв юм шиг санагдах байх. Гэхдээ энэ нь зохиогч ба уншигчдыг орхигдуулдаг. Эхийн утга нь зохиогчийн уншигчиддаа хэлэхийг хүссэн зүйлсээс бүрддэг бөгөөд энэ нь эхд ашиглагдсан үгстэй зэрэгцэн оршдог… Тиймээс график төөрөгдөл нь үндсэн суурь бүрэлдэхүүн болох зохиогч ба анхны уншигчдыг хойш тавьдаг. Бид зохиогч ба уншигчдын талаар мэдэхийг хүссэн бүхнээ мэдэх боломж үргэлж гардаггүй. Гэвч Бичвэрийн бүрэн дүүрэн байдал нь Бурхан бидэнд эх бичмэлийг үнэн зөв, алдаагүй тайлбарлахад шаардлагатай мэдээллийг хангалттай өгсөн гэж хэлдэг. Ийм учраас эхийн утгыг бүрдүүлэгч нь зохиогч, эх бичмэл, уншигч хамтдаа юм.
— Рев. Майкл Ж. Глодо
Нөгөө талаас эх бичмэлтэй холбоотой мэдэж болох бүхнээ мэдэж авах нь олон ашиг тустай. Үгсийн сан, дүрэм, хэллэг, өгүүлбэрийн бүтэц, хэлбэр, уран зохиолын хам сэдэв, төрөл жанар зэрэг нь бүгд л Бичвэрийн анхны утга санааг олж мэдэн өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй. Тиймээс Бичвэрийг зөв тайлбарлахад Библийн хэсэгтэй холбоотой эдгээр талбаруудыг аль болох боломжоороо сайн мэдэж авах нь нэн чухал. Бид судалж байгаа эх бичмэлийнхээ онцлог шинжүүдэд нухацтай анхаарал хандуулалгүйгээр Бичвэрийг үнэн зөв тайлбарлах аргагүй юм.
Гэхдээ эшлэл бүрийг бичээч ба анхны уншигчдийн өнцгөөс харж судлах нь бидэнд хамгийн их тустай байдаг. Хуучин гэрээний эх бичмэлийг бичээч ба уншигчийн нөхцөлтэй уялдуулж анхааралтай сайн судлахын ашиг тусыг харуулахын тулд 2 Шастир 33:1-20-д тэмдэглэгдсэн Манассегийн хаанчлалын талаар товчхон авч үзье. Энэ хэсгийг судлахад тустай нэг том давуу тал нь яг үүн дээр гарсан Манассегийн хаанчлалын үеийн тухай түүхийг 2 Хаад 21:1-18-д бичсэн явдал юм. Шастир номын бичээч тэмдэглэлээ бичихдээ өөрийн уншигчдад хандсан зорилгодоо нийцүүлэхийн тулд 2 Хаад 21-р бүлгээс хуулбарлаж, өөрчилж, зарим хэсгийг тасдан авч, мөн зарим элемэнтүүдийг нэмж оруулсан байна. Үүний үнэн эсэхийг нягтлахын тулд эхлээд 2 Хаад 21-р бүлгийн эхийг харцгаая.
2 Хаад 21-р бүлгийг таван тэнцүү хэсэгт хуваадаг. 1. 1-р эшлэлд Манассегийн хаанчллалын эхлэл. 2. 2-9-р эшлэлд Манассегийн хиймэл шүтээн шүтэх нүгэл. 3. 10-15-р эшлэлд Манассег буруушаасан эш үзүүллэг. 4. 16-р эшлэлд Манассегийн үйлдсэн бусад хүчирхийллийн гэм. 5. 17, 18-р эшлэлд Манассегийн хаанчлалын төгсгөл.
Дээрх тоймоос харвал 2 Хаад 21-р бүлэгт Манассег эхнээсээ дуусах хүртлээ хорон муу хаанаар дүрслэгдсэн. Түүнийг хорон муу нэгэн байсан гэж танилцуулсан. Түүхийн хоёр дахь хэсэгт тэр хэрхэн сүмд хиймэл шүтээнүүдэд тахил өргөж бузарласан, ард түмнийг Канаанчуудаас ч илүү бузар муу зүйл хийхэд хүргэсэн талаар онцолсон. Гурав дахь хэсэг нь Манассег буруушаасан эш үзүүллэгийн үгсийг тэмдэглэсэн. Энэ эш үзүүллэгийн үгийн дагуу Манассегийн гэм нүглээс болж Иерусалим сүйрч, ард түмэн нь цөллөгт явахаар болсон. Дөрөв дэхь хэсэгт Манассе Иерусалимын гудамжийг гэмгүй цусаар дүүргэсэн талаар нэмж дурдсан. Сүүлийн хэсэгт нь Манассе нас барж оршуулагдсан талаар бичжээ.
2 Хаад 21-р бүлэг бүхэлдээ Манассегийн хаанчлалын талаар нэг ч эерэг зүйл бичээгүй. Харин одоо 2 Хаад 21-р бүлэгт тэмдэглэгдсэн Манассегийн хаанчлалын яг ижил түүхийг 2 Шастир 33-р бүлэг тэмдэглэгсэнтэй харьцуулан харая. Шастирч 2Хаад 21-р бүлэгтэй зөрчилдөх зүйл бичээгүй боловч уг номыг зориулан бичиж байгаа анхны уншигчдад чиглэсэн зорилго нь түүнийг огт өөр зүйлсийг тэмдэглэхэд хүргэсэн. 2 Шастир 33:1- 20-р эшлэлийг мөн таван үндсэн хэсэгт хуваадаг. 1. 1-р эшлэлд Манассегийн хаанчлалын эхлэлийг тэмдэглэсэн бөгөөд үүний ихэнх нь шууд 2Хаад номоос хуулбарлажээ. 2. 2-9-р эшлэлд Манассегийн хиймэл шүтээн шүтэх гэмийг 2Хаад 21:1-9-р эшлэлд бичсэнээс маш бага ялгаатайгаар давтан бичсэн.
Энэ хүртэл Шастирчийн бичсэн тэмдэглэл 2Хаад номынхтой бараг адилхан байсан. Хоёр тэмдэглэлийн хувьд аль алинд нь Манассег аймшигтай нүгэлтэн гэж харуулсан. Харин 2Шастир 33-р бүлгийн гурав, дөрөв, тав дахь хэсгүүд нь 2Хаад номынхоос эрс ялгаатай. Гурав дахь хэсэг нь Иерусалимын оршин суугчид Манассегийн нүглээс болж цөллөгт явна гэсэн эш үзүүлэгчийн тунхагийг бүхэлд нь хассан. Харин оронд нь Шастирч 10-13-р эшлэлд Манассе өөрөө Вавилон руу хэрхэн цөлөгдсөн талаар дүрсэлсэн. Тэр ч бүү хэл тэр Манассе Вавилонд цөллөгт байх үедээ үйлдсэн гэм нүглээ гэмшин, Бурханы уучлалыг хүлээн авсан талаар бичжээ. Тэгээд дөрөвдүгээр хэсэгт тэр 2Хаад номд гарсан Манассегийн үйлдсэн хүчирхийллийг дурдалгүйгээр 14-17-р эшлэлд Манассе Иерусалимд эргэн ирж хотыг сэргээн босгож, сүмд зүй ёсоор Бурханд мөргөл өргөдөг заншлыг сэргээсэн тухай тэмдэглэжээ. Ингээд төгсгөлд нь 2 Шастир 33:18-20-р эшлэлд 2Хаад номд бичсэн Манассегийн хаанчлалын төгсгөлийг илүү дэлгэрүүлэн Манассегийн гэмшлийн залбирлыг оруулж бичсэн байна. Манассегийн амьдралын талаар 2Хаад ба 2Шастир номд тэмдэглэсэн энэхүү ялгаатай хоёр тэмдэглэлийг бид яаж тайлбарлах вэ? Яагаад энэ хоёр тэмдэглэл ийм их ялгаатай байна вэ?
Товчхондоо Хаад ба Шастир номуудыг өөр өөр хүн бичсэн бөгөөд өөр өөр уншигчдад хандсан гэдгээр энэ ялгааг тайлбарлаж болох юм. Зохиогч бүр тус тусын уншигчдад өөрийн гэсэн арга замаар нөлөөлөхийн тулд тэмдэглэлээ бичсэн. Хаад номын бичээч нь Манассегийн хаанчлалын талаар дэлгэрэнгүй, нарийвчилсан мэдээлэл өгөхийн тулд бичээгүй аж. Харин тэр номынхоо гол санаануудын нэгийг тайлбарлахын тулд Манассегийн аймшигт нүглийн талаар бичжээ. Энэ нь Бурхан Манассегаас болж Иерусалимыг шүүж, ард түмнээ цөллөгт явуулах гэж байгаа тухай байв.
Гэхдээ бид Шастирчийн нөхцөл байдал огт өөр байсныг харсан. Тэр цөллөгийн дараа түүхээ бичсэн бөгөөд учраа олохгүй тэвдэж байгаа эргэн ирсэн ард түмнийг Бурханд итгэмжтэйгээр үйлчилж урагшлахад уриалж өдөөх зорилготой байсан. Тийм учраас Шастирч зорилгодоо нийцүүлэн түүхийн зарим хэсгийг хасаж, зарим үнэнийг нэмж бичжээ. Тэр Израил уншигчдийнх нь амьдралд тохиолдсонтой адил түүхийг Манассегийн амьдралаас сонгон авч бичсэн. Манассе аймшигтай нүгэл үйлдсэн бол тэд ч ялгаагүй. Манассе Вавилон руу цөлөгдсөн бол тэд ч бас цөлөгдсөн. Манассе гэмшиж уучлагдсан бол тэд ч мөн адил тэгсэн. Ингээд магадгүй хамгийн чухал нь Манассе Амлагдсан газарт эргэж ирснийхээ дараа Иерусалим хотыг дахин босгож, мөргөлийн зөв заншлыг сэргээсэн. Энэ нь тухайн үед Шастирчийн номыг хүлээн авах уншигчдад тулгараад байсан гол асуудал юм. Шастирчийн гол санаа нь: Иудаг цөлөгдөхөд хүргэсэн хаан нутагтаа эргэж ирээд хаанчлалыг дахин босгож, сэргээсэн юм бол Шастирчийн бичсэнийг унших тэдгээр хүмүүс ч ялгаагүй адилхан зүйл хийх боломжтой.
Манассегийн хаанчлалын талаарх тэмдэглэлүүдийн энэхүү харьцуулалт нь Хуучин гэрээний номуудыг зураг мэт буюу уран зохиолын хөрөг мэт үзэх нь яагаад чухал болохыг харуулж байна. Хуучин Гэрээнд бидний сонирхлыг татахуйц, түүхэн бодит баримтууд гардаг ч бид дараах үнэнийг мөн анхаарах ёстой: Хуучин Гэрээний зохиогчид анхны уншигчдынхаа дагаж мөрдөх ёстой тодорхой нэг амьдралын хэв маягийг онцлон харуулахад чиглэж номынхоо агуулга, бүтцийг зохиодог байсан. Хуучин Гэрээний Бичвэрийг уран зохиолын талаас нь судладаг ийм арга барил нь өнөөдөр бидэнд маш олон зүйлийг ойлгож ухаарах боломж нээж өгдөг.
ДҮГНЭЛТ
Энэ хичээлээр бид Бурханы ард түмэн Бурханы хаанчлал ба гэрээний талаар итгэдэг зүйлийг өөрт тулгарсан нөхцөл байдал хэрэгжүүлэх замаар Хуучин Гэрээний канон нь Бурханы ард түмний хэрэгцээг хангадагийг харсан. Хуучин Гэрээний номууд нь үүнийг олон янзаар хийсэн. Бид Хуучин Гэрээний каноныг тольтой адилтган үзэхдээ эдгээр ном нь бидний хувьд чухалд тооцогддог тоо томшгүй олон сэдвүүдийг хөнддөг болохыг харсан. Бид каноныг цонхтой адилтган үзэхдээ тэдгээр нь түүхийн талаар үнэн бодит ойлголт өгдөг болохыг харсан. Мөн бид Хуучин Гэрээний каноныг уран зохиолын хөрөг, зургийн цуглуулгатай адилтган үзэхдээ дээрх бүх сэдэв болон түүхэн үйл явдлууд нь тодорхой үзэл баримтлалтай байдгийг олж мэдсэн.
Христийн итгэмжит дагалдагч бид Хуучин Гэрээний номуудыг бидний хэрэгцээ, сонирхлын талаар заадаг толь мэт, түүхэн дэхь Бурханы агуу үйлсийг илчилдэг цонх мэт, Бурханы хүмүүсийн дагавал зохих тодорхой нэг үйлчлэлийн замыг онцлон харуулдаг уран зохиолын хөрөг зураг мэт харж сурах ёстой. Хуучин Гэрээний каноны номууд нь анх эртний дэлхийд янз бүрийн боломж, бэрхшээлтэй нүүр тулж буй янз бүрийн хүмүүст хандан бичигдсэн. Биднийг ч бас тэдэнтэй адил боломж, бэрхшээлтэй тулгарах үед Хуучин Гэрээний номууд нь яаж Бурханы гэрээнд үнэнч байх талаар бидэнд заадаг бөгөөд ингэснээр бид Христ алдар суутайгаар эргэн ирэх хүртэл энэ дэлхий дээр Бурханы хаанчлалыг тэлсээр байх юм.
ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХҮМҮҮС
Др. Ричард Л. Прат, Жр (Хөтлөгч) нь Гуравдагч Мянганы Үйлчлэлийн Ерөнхийлөгч бөгөөд үүсгэн байгуулагч юм. Тэр Реформд Теологийн Семинарт Хуучин Гэрээний профессороор 20 гаруй жил үйлчилсэн бөгөөд Хуучин Гэрээний тэнхимийн эрхлэгч байсан. Др. Прат нь албан ёсоор томилогдсон үйлчлэгч бөгөөд авралын зар тараах болон заахаар олон газраар аялжээ. Тэрээр Вестминстер Теологийн Семинарт суралцаж, Харвардын их сургуульд Хуучин Гэрээний чиглэлээр Теологийн докторын зэргээ хамгаалсан. Др. Прат нь NIV Spirit of the Reformation Study Bible/Судлал Библийн ерөнхий редактор, New Living Translation/ орчуулгын орчуулагчаар ажилладаг. Тэр мөн хэд хэдэн нийтлэл, ном бичсэн. Үүнд: Нүдээ нээгээд залбир/Pray with Your Eyes Open, Бодлоо захирахуй/Every Thought Captive, Хүндэтгэлд зориулагдсан/Designed for Dignity, Тэр бидэнд түүхийг өгсөн/He Gave Us Stories, 1,2Шастир номын тайлбар/Commentary on 1 & 2Chronicles, 1,2Коринт номын тайлбар/ Commentary on 1 & 2Corinthians зэрэг болно.
Др. Дэвид Р. Бауэр: Библи Судлалын Сургуулийн Хичээлийн эрхлэгч, Эсьбури Теологийн Семинарын Индактив Библи судлалын Ральф Валдо Бэсон тэнхимийн профессор
Др. Ашиш Криспал: Хилийн чанад дах зөвлөлийн Азийн бүсийн захирал
Рев. Майкл Ж. Глодо: Флорида мужийн Орландо дахь Реформд Теологийн Семинарын Библи судлалын тэнхимын туслах профессороор ажилладаг.
Др. Дэннис Э. Иохансон: Калифорны Вестминстр Семинарын Практик Теологийн профессороор ажиллаж байгаад чөлөөндөө гарсан.
Др. Жим Жордан: Олон улсын Удирдагч бэлтгэх сургалтын олон улсын сургагч багш
Рев. Кевин Лабби: Флорида мужийн Винтер Спрингс дахь Виллоу Крийк/Willow Creek/ Чуулганы ахлах пастор
Др. Иохан Освалт: Эсьбури Теологийн Семинарын Хуучин Гэрээгээр мэрэгшсэн зочин профессор
Др. Клэй Квартермэн: 2019 онд тэтгэвэрт гарах хүртлээ Украйны Евангелийн Реформд Семинарын ерөнхийлөгчөөр ажилласан.
Др. Стефен Ж. Вэлльюм: Өмнөдийн Баптист Теологийн Семинарын Христэч Теологийн профессор.
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
Абрахам – Хуучин Гэрээн дэхь итгэлийн эцгүүдийн нэг, Терагийн хүү, Израил үндэстний өвөг эцэг бөгөөд Эхлэл 15, 17р бүлэгт Бурхан түүнтэй гэрээ байгуулж тусгай газар нутаг, тоолж баршгүй олон үр удам өгнө гэж амласан.
Мэдрэмжийн төөрөгдөл – Библи тайлбарлах үедээ Бичвэрийн багц эшлэл анхны уншигчдад ямар нөлөө үзүүлсэнд хэт их анхаарснаас үүдэн гардаг алдаа
Библийн теологи – Бичвэрт тэмдэглэгдсэн Бурханы үйлст түүхийн анализ хийсний үр дүнд гаргаж ирсэн теологийн эргэцүүлэмж
Канон – Туйлын дээд хэм хэмжээ. Иудейн шашин ба Христитгэлийн уламжлалд Бичвэр гэж хүлээн зөвшөөрөгдсөн эх бичмэлүүдийн дархлагдсан цуглуулга
гэрээ – Хоёр хүн эсвэл бүлэг хүмүүсийн хооронд хийгддэг, эсвэл Бурхан хувь хүнтэй, бүлэг хүмүүстэй хийдэг тэдний харилцааг холбосон хууль ёсны зөвшилцөл
нигүүлслийн гэрээ – Бурхан хүн төрөлхтөнийг гэм нүгэлд унасны дараа тэдэнтэй байгуулсан гэрээний харилцаа. Энэ харилцаа нь Христээр дамжуулан үзүүлэх өршөөлийн ачаар хүн төрөлхтөнийг уучилж, гэмээс чөлөөлдөг.
бүтээлийн гэрээ – Бурханы хаанчлалын зорилго, уг хаанчлалд хүлээх хүн төрөлхтөний үүрэгтэй холбогдуулан Бурханы Адамтай байгуулсан гэрээ
Кореш – МЭӨ 559-530 онд захирч байсан Персийн хаан. Тэрээр израилчуудыг Амлагдсан газар руу буцаж явж болно гэдэг зарлиг гаргасан.
Давид – Хуучин Гэрээнд гардаг Израилын хоёр дахь хаан. Түүний үр удам нь үүрд хаан ширээг залгамжилж, хаанчилна гэж түүнд амласан.
диакроник – Тодорхой нэг үеийн туршид тохиолдох, явагдах үзэгдэл
диакроник шинжилгээ – Библийн үйл явдлууд цаг хугацааны явцад, нэг үеэс нөгөө үед өөр хоорондоо холбогдож буйг илэрхийлэхэд ашигладаг нэр томъёо
онол сургаал – Теологийн сэдвийн талаар заасан Библийн сургаалын хураангуй тайлбар
эксежесис/судлан тайлбарлал – Грек хэлний “-аас гарч ирсэн” буюу “-аас үүссэн” гэсэн утгатай үгээс гаралтай. Бичвэрийн эшлэлийн үнэн зөв тайлбарыг гаргаж ирэх үйл явц
Галилео – (1564-1642) Италийн одон орон судлаач, гүн ухаантан, физикч, математикч. Орчин үеийн шинжлэх ухаанд тоолж баршгүй их хувь нэмэр оруулсан бөгөөд орчлон ертөнцийн төв нь дэлхий гэдэг уламжлалт итгэлийг эвдсэн нэгэн.
Голиат – Филистийн агуу дайчин, Израилыг тулаанд дуудсан нэгэн бөгөөд Давидад алуулсан.
хэлзүй ба түүхийн арга – Бичвэрийг анх бичигдсэн эх хэл дээр нь, анх бичигдэх үеийн түүхэн нөхцөл байдалтай нь холбон судалдаг хермениутикийн арга
график төөрөгдөл – Библи тайлбарлах үед бичээч, уншигч гэх мэт хүчин зүйлсийг бараг тооцолгүйгээр эх бичмэл буюу бичигдсэн материалд хэт их ач холбогдол өгснөөс болоод гардаг алдаа.
Хагар – Абрахамтай унтсанаар Ишмаелыг төрүүлсэн Сарагийн шивэгчин эмэгтэй.
түүхийн анализ– Бичвэр бол түүхийг харах цонх гэж үзэн Библийг судлаж тайлбарлах арга
зорилгын төөрөгдөл – Библи тайлбарлахдаа бичээч ба түүний зорилгын талаар мэдэж байгаа зүйлстээ хэт их найдаж түшиглэн эх бичмэл болон уншигчдын талаарх мэдээллийг үл тоосноос болж гаргадаг алдаа.
Исаак – Абрахам, Сарах хоёрын хүү, Бурханы гэрээний амлалтыг өвлөгч.
Ишмаел– Абрахам, Хагар хоёрын хүү
Иехоиахин – (мөн Иекониа, Кониа гэж нэрлэдэгддэг) Иехоиахимын хүү, Вавилонд бууж өгөх хүртлээ 3 сар Иудагийн хаан ширээнд суусан.
Иефта – Израилын шүүгч, аммончуудыг ялсан. Өргөсөн ам тангарагаасаа болж цорын ганц охиныхоо амийг хөнөөхөд хүрсэн.
Жосефус – (МЭ 37- 100) МЭ 1-р зууны Иудейн түүхч, Эртний эд зүйлс/Antiquities номыг бичсэн.
Манассе хаан – 55 гаруй жил хаанчилсан Иудагийн хаан, хорон муу үйлс, хиймэл шүтээн шүтэх байдал, Иудаг Эзэнээс холдуулсан гэдгээрээ алдартай. Вавилон руу цөлөгдсөн бөгөөд хожим нь гэмээ гэмшсэн.
уран зохиолын анализ – Библийг судлан тайлбарлахдаа Бичвэрийг уншигчдадаа онцгой арга замаар нөлөөлөхийн тулд зохиогдсон уран зохиолын хөрөг зураг гэж үздэг арга.
үндэстэнтэй байгуулсан гэрээ– Израил үндэстнийг төлөөлөх хүнтэй байгуулсан гэрээ (Абрахам, Мосе, Давид)
шинэ гэрээ – Христээр дамжуулан ирэх бүрэн дүүрэн байдлын гэрээ. Анх Иеремиа 31:31-д энэ гэрээг дурдсан.
органик онгод – Бурханы онгодоор бичигдсэн гэдэг нь Ариун Сүнс Библийн зохиогчдын бичих зүйлийг бүрэн захирч, алдаа мадаггүй удирдан чиглүүлэхдээ тэдний хувийн онцлог, туршлага, үзэл бодол, хүсэл зорилгыг ашигласан гэсэн үг гэж итгэдэг үзэл.
бичээсийн нотолгоо – онол сургаалийн аль нэг байр суурийг нотлохын тулд Бичвэрийн тодорхой хэсгээс эш татах
Самсон –Израилын шүүгч, ер бусын хүчирхэг байсан гэдгээрээ алдартай. Дэлила гэдэг эмэгтэйд хууртагдаж хүч чадлынхаа нууцыг дэлгэсэн бөгөөд эцэст нь өөрийнхөө болон 3000 филистчүүдийн дээр хуурамч бурхдын сүмийг нураан, дарагдаж нас барсан.
Сара – Абрахамын эхнэр, анх Сарай гэдэг нэртэй байсан. Нас өндөр болсон хойноо Исаакыг төрүүлсэн.
Септуагинт – Хуучин Гэрээний Грек орчуулга
Стефан – Иерусалимын анхны үеийн чуулганы ахлагч, итгэл ба Бурханы сүнсээр дүүрэн нэгэн байсан гэдгээрээ танигдсан. Хамгийн анхны итгэлийнхээ төлөө амиа өгсөн Христэд итгэгч гэж тооцогддог. (Үйлс 6-7-р бүлгийг үз)
Синхрон – Цаг хугацааны хувьд нэг зэрэг болж, тохиолдож байгааг илэрхийлнэ.
Синхрон түргэн зураг гаргах – Цаг хугацааны тодорхой нэг үед Бурханы хийсэн ажлуудын цогц хэлхээ хамаарлыг дүгнэхийн тулд тэр цаг үеийг сонгон авч анхаарал хануулах.
системчилсэн теологи – Христитгэлийн онол сургаалийн суурь үнэнүүдийн талаар цэгцтэй, ул суурьтай тайлбар өгөх зорилготой теологийн салбар
Танака – Еврей хэлний “Хууль” (T), “Эш үзүүлэгчид” (на), “Бичээсүүд” (ка) гэсэн үгсийн эхний үсгүүдээр бүтээсэн Еврей Библийн товч нэр
сэдэвчилсэн анализ – Бичвэрийг уншигчдийн сонирхол ба асуултуудыг тусган харуулдаг толь гэж үздэг Библи судлан тайлбарлах арга.
Тора – Иудейн шашинд Хуучин Гэрээний эхний таван номд Мосед өгөгдсөн Хуулийг илэрхийлэхэд ашигладаг нэр томъёо (мөн Пентатух гэж нэрлэдэг).
бүх дэлхийтэй байгуулсан covenant – Бүх хүн төрөлхтөнийг төлөөлсөн нэг хүнтэй байгуулсан гэрээ (Адам ба Ноа)
Вос, Герхардус – (1862-1949) Теологич, Принстон Семинарын Библи Теологийн тэнхимийн эрхлэгчээр 39 жил ажилласан нэгэн. заримдаа түүнийг Шинэ үеийн Библийн теологийн эцэг ч гэдэг.
Вестминстрийн Итгэлийн Тунхаг — Вестминстрийн Бурханы Чуулган байгууллагаас гаргаж 1647 онд хэвлүүлсэн чуулгануудын нэгдсэн онол сургаалын эмхэтгэл.
Continue reading the full transcript