<link rel="stylesheet" href="https://cdn.plyr.io/3.7.8/plyr.css" />
Каталог руу буцахPENПятикнижие
Пятикнижие ·VideoАнгли хэлнээс орчуулсан

PEN-02 Төгс ертөнц

Бүрэн бичвэрийг уншина уу

(Эхдагч түүхэн дэх 1-р хичээл) Эхлэл 1-11-ийн ерөнхий тойм, утга зохиолын бүтэц, анхны утга учир, орчин үеийн хэрэглээг өгнө.


From the transcript

Хэдэн жилийн өмнө би машинтай явж байгаад замаасаа холбирон гарсан галт тэрэгтэй тааралдсан юм. Тэр мэдээж. хаашаа ч хөдлөлгүй байрандаа зогсож байв. Галт тэрэг зориулалтын замаасаа гарчихвал том гэгчийн хог болоод л байж байдаг.

Тэгвэл цаг хугацаа эхлэхэд Ертөнцийн Эзэн бүтээлдээ зориулан замнах зам, чиг зааж өгсөн бөгөөд уг зам гайхамшигт сайхан хувь заяа руу хөтөлж байлаа. Гэвч хүмүүс Ертөнцийн Эзэний тавьж өгсөн замыг ахин дахин орхиж байсан юм. Бид замаасаа холбирон гараад эцсийн бөлөгт замбараагаа алджээ.

Балар эрт цагт Ертөнцийн Эзэн хүмүүст дагах ёстой зам тогтоож өгсөнийг Христэд итгэгчдийн хүрээнд “Бүтээлийн зарлигууд” гэж нэрлэдэг. Энэ талаар бид цуврал хичээлүүдээр сурах гэж байна. Мөн Эхлэл номын балар эртний түүх гэгддэг 1-ээс 11-р бүлгийг бүгдээрээ судална. Эндээс бид Ертөнцийн Эзэн Израйльчуудыг Мөшэхийн удирдлага дор ямар гайхалтай замаар дагуулахыг хүсч байсныг олж мэднэ. Түүнчлэн Түүний хүмүүсийн өнөө ч замнах ёстой замыг энд харуулжээ.

Эхний хичээлээ “Төгс төгөлдөр дэлхий” гэж нэрлэсэн. Учир нь Ертөнцийн Эзэн таалалдаа машид нийцсэн төгс эмх цэгцтэй дэлхийг хэрхэн бүтээсэн тухай Мөшэхийн эхлээд дүрсэлж бичсэн хэсэг болох Эхлэлийн 1-р бүлгийн 1-ээс 2-р бүлгийн 3-р ишлэлийг бид нилээд тогтож үзэх юм.

Тэр өв тэгш дэлхий бол Ертөнцийн Эзэн Мөшэхийн үед Израйлчуудыг юунд хүргэхээр хөтлөн дагуулж байсны бас түүхийн турш өөрийн бүх хүнийг хааш нь хөтөлж байгаагийн урьдчилсан дохио байсныг бид мэдэж авна. Эдгээр ишлэлээс бид эхэндээ юмс ямар байсныг мэдээд зогсохгүй одоо ямар байх ёстойг, манай эрин дуусахад гарцаагүй ямар болохыг бас мэдэж авдаг.

Энэ хичээл дөрвөн хэсэгтэй: Эхлээд Эхлэл номын 1-ээс 11-р бүлэгт гарах балар эртний түүхийн тоймыг танилцуулна. Хоёрдугаарт Эхлэлийн 1-р бүлгийн 1-ээс 2-р бүлгийн 3 дахь ишлэл хүртэл онцлон судлахдаа юун түрүүнд утга зохиолын бүтцийг нь ажиглана. Гуравдугаарт, Эхлэл номын энэ хэсгийн эх утгыг бүтцэд нь тулгуурлаж судална. Дөрөвдүгээрт, энэ хэсгийг орчин үед хэрхэн зөв хэрэгжүүлэх тухай судлах болно. За эхлээд Эхлэлийн 1-ээс 11-р бүлэгт гарах балар эртний түүхийг бүхлээр нь тоймлон үзье.

Эхлэлийн 1-ээс 11-р бүлгийг бид хэрхэн үзэж байгаа нь эхлээд жаахан сонин санагдаж магадгүй. Тиймээс үндсэн арга барилаа тайбарлая. Библийн энэ хэсгийг судлахдаа гурван үндсэн зарчмыг удирдлага болгосон. Нэгд, эдгээр бүлгийг бичүүлэхэд хүргэсэн ер бусын оролцоо. Хоёрт, тэр үеийн утга зохиолын нөхцөл байдал. Гуравт, эдгээр ишлэлийг бичсэн зорилго.

Юуны өмнө Библи бүхлээрээ, түүн дотор Эхлэлийн 1-ээс 11-р бүлэг Ертөнцийн Эзэний оролцоотой бичигдсэнийг бид баттай мэднэ.

Ертөнцийн Эзэний оролцоотой бүтсэн учраас Эхлэл номын энэ хэсэг хоёр маш чухал өвөрмөц шинжийг агуулсан байна.

Нэгд энэ номын үнэн зөв байдал, хоёрт үүний тодорхой зорилготой бүтэц юм.

Ертөнцийн Эзэний ер бусын оролцоотой бичигдсэн учраас Библийн энэ хэсэг үнэн, найдвартай гэж бид бат ноттой хэлнэ. Библийн энэ хэсгийг судлахад түүхийн олон асуудал урган гарч ирдэг, тэдгээрийн зарим бүрэн шийдэгдээгүй байгаа боловч Ертөнцийн Эзэний ер бусын оролцоотой. бичигдсэн гэдэг нь түүхийн хувьд үнэн зөв гэсэн үг болохыг бидний судалгаа харуулна. Библийн энэ хэсгийг Мөшэх анхны уншигчдадаа хүргэх түүхэн үнэн гэж үзэж байсан. Түүхэн талыг нь ташаа ойлгохгүйн тулд, Библийн үлдсэн бүх хэсэгт ханддагтайгаа адил энэ хэсгийг ч хянамгай тайлбарлах хэрэгтэй. Гэхдээ Библийг бичилцсэн бусад хүмүүс болон Есүс өөрөө ч Эхлэл номын 1-ээс 11-р бүлгийг баттай үнэн түүх гэж итгэж байсан нь илэрхий билээ.

Библид өгүүлсэн нэн эртний түүх үнэн гэж итгэхийн зэрэгцээ Ертөнцийн Эзэн эдгээр үйл явдлыг тодорхой зорилгоор сонгон авч эмхлэн бичих санаа Мөшэхэд төрүүлсэн гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

Тодорхой зорилготой бүтэц

Эхлэл номын 1-ээс 11-р бүлэгт дэлхий бүтээгдэх үеэс МЭӨ 2000-1800 оны орчим амьдарч байсан Аврахаамын үеийг хүртэлх дэлхийн бүх түүх багтдаг. Тэгэхээр энэ богинохон арван нэгэн бүлэгт Мөшэх тухайн үеийн олонхи үйл явдлыг багтаагаагүй гэдэг нь ойлгомжтой юм. Тиймээс Эхлэл 1-11-р бүлгийг ойлгохын тулд эдгээрийг бичигч нь төлөвлөснийхөө дагуу үйл явдлуудыг сонгож агуулгыг нь нэгтгэсэн гэдгийг санах хэрэгтэй. Балар эртний энэ түүхийг Мөшэх ямар санаагаар бичсэнийг анхаарах юм бол маш чухал зарим асуултын хариуг олох болно. Ертөнцийн Эзэн Мөшэхд яагаад ийм жаахан мэдээлэл оруулахыг зөвшөөрсөн юм бэ? Тэр ямар зорилгоор тэдгээрийг ийм дараалалд оруулсан юм бол?

Мөшэх яагаад ийм маягаар бичсэнийг ойлгохын тулд эхлээд тухайн үеийнх нь бичгийн хэлний уламжлалыг мэдэх хэрэгтэй.

Эртний Ойрх Дорнодын утга зохиол, балар эртний бусад сурвалжууд Мөшэхэд олдоц сайтай байсан учраас тэдгээрийн тухай мэдэж байх нь бидэнд бас чухал байна. Хоёрдугаарт, балар эртний бусад сурвалж Мөшэхэд харилцан нөлөөлсөн юм.

Олдоц

Дэлхийн үүслийн тухай бичсэн анхны хүн Мөшэх биш нь археологийн судалгаагаар нотлогдсон. Үнэхээр Ертөнцийн Эзэний оролцоогоор бичсэн тул Мөшэхийн тайлбар үнэн гэдэг нь гарцаагүй. Гэхдээ Мөшэхийг бичиж байх тэр үед Ойрх Дорнодын олон үндэстэн түүхийн эрт үеийн тухай домог, туульсуудыг хэдийн зохиочихсон байлаа.

Эртний энэ бичвэрүүдийн зарим нь нэлээд алдартай. “Энума Элиш”, Вавилоны Бүтээлийн тухай домог”, Гильгамешийн тууль дах арван нэгэн хавтан, Үерийн тухай Вавилоны домгийг олон хүн сонссон байх. Дэлхийн үүслийн тухай янз бүрийн домог түүх Египет Хинаанд ч мөн байсан. Эдгээр болон бусад бичгийн баримтууд нь ертөнцийн үүсэл, эртний түүхийн тухай өгүүлсэн байдаг.

Мөшэх Египетийн хааны ордонд эрдэм ном заалгасан болохоор эртний Ойрх Дорнодын эдгээр бичвэрийн олонхийг бага залуудаа олж унших боломжтой байв. Тэгээд ч эртний дэлхий дахины утга зохиолыг мэддэг байсан нь түүний бичвэрээс харагддаг. Мөнхийн Эзэний оролцоотойгоор нэн эртний үнэн түүхийг бичихдээ Мөшэх Эртний Ойрх Дорнодын утга зохиолын баялаг туршлага уламжлалыг ашиглах боломжтой байсан.

Мөшэх балар эртний түүхийн баримтуудыг олж үзэх боломжтой байсныг мэдсэнээр тэдгээр домог туульсыг хэрхэн яаж ашиглав? гэсэн асуултыг тавьж болох юм.

Харилцан нөлөөлөл

Мөшэх эртний түүхүүдэд өгүүлсэнийг няцаахын тулд, үнэнийг батлахын тулд тэдгээрийг ашигласан гэдгийг бид мэдэж авна.

Мөшэх нэг талаас худал хуурмагийг үнэнээр няцаахын тулд эртний түүхээ бичсэн юм. Мөшэхийн дагуулж явсан Израйлчууд Египетэд онго шүтлэгийн нөлөөнд автагдсан байсныг мартаж болохгүй. Олон бурхад хүчин чармайлт гарган, тэмцэж байж дэлхийг бий болгосон гэсэн үзэл тэдний сонирхолыг ихэд татсан байв. Тэд өвөг дээдсийнхээ итгэл үнэмшлийг үл хэрэгсэж эсвэл үнэнийг өөр үндэстнүүдийн шашин шүтлэгтэй хольж байв. Израйльчуудад болсон явдлыг болсноор нь таниулахын төлөө Мөшэх эртний түүхээ бичсэн нь олон талаар харагддаг. Тэрээр бусад шашны худал хуурмагийн эсрэг Мөнхийн Эзэн Яахвэхийн тухай жинхэнэ үнэнийг гаргаж тавихыг хичээсэн.

Зохиомол домгуудыг сөргүүлэн няцаах зорилгоо биелүүлэхдээ тэрээр тухайн үеийн бичгийн уламжлалыг баримталсан байна. Ертөнцийн Эзэний үнэнийг Израйльчуудад ойлгуулахын тулд Мөшэх Эртний Ойрх дорнодын бусад бичвэртэй төстэй арга барилаар бичжээ. Мөшэхийн бичсэн түүх нь тэр үеийн хэдэн чухал эх бичигтэй олон талаар төстэй байдаг. Ялангуяа нэг бичмэл домогтой их төстэй байгааг саяхны археологийн судалгааны үр дүн харуулсан юм.

1969 онд “Атрахасис буюу Вавилоны үерийн домог” гэдэг нэрээр нэгэн чухал баримт хэвлэгдэв. Домог хэр эртний үеийг дүрсэлсэн нь тодорхойгүй. Гэхдээ өмнө нь салангид байсан олон хэсэг домгуудыг нэг бүхэл болгон эмхтгэснээрээ энэ баримт чухал ач холбогдолтой юм.

Атрахасисийн тууль үндсэн гурван хэсэгтэй: Эхний хэсэгт нь хүн төрөлхтөн бүтээгдсэн тухай өгүүлдэг бол цаашлаад түүхийн эхэн үе ба хүмүүсийн гэмээс болж дэлхий гажуудан завхарсан тухай гардаг. Харин гурав дахь хэсэг нь гэмийн шийтгэл болсон их үер бууж улмаар шинэ эмх журам бий болж байгааг өгүүлжээ.

Эхлэл номыг Атрахасис туульстай харьцуулан үзвэл Мөшэх зориуд энэ бүтцийг дуурайж бичсэн байгааг харж болох юм. Эхлэлийн 1-ээс 11-р бүлгийг өнгөцхөн харахад янз бүрийн сэдэвтэй уялдаа холбоогүй хэсгүүдийг цуглуулчихсан юм шиг харагддаг. Гэвч “Атрахасис”-тай ерөнхий бүтцээрээ төстэйг нь ажиглах төдийд л Мөшэхийн бичсэн нэн эртний түүх бүгдийг хамарсан бүтэцтэй, нэг бүхэл үргэлжилсэн өгүүлэмж болох нь харагддаг.

Эхлэл номын 1-ээс 11-р бүлэг нь нэгдүгээрт өв тэгш бүтээл 1-р бүлгийн 1-ээс 2-р бүлгийн 3-р ишлэл, Хоёрдугаарт хүн гэмд унаж улмаар бүтээл завхран гажуудсан 2-ийн 4-өөс 6-ийн 8-р ишлэл, Эцэст нь 6-ийн 9-өөс 11-ийн 9-р ишлэл, их үер ба шинэ эмх цэгц гэсэн гурван хэсэгтэй.

Одоо гурав дахь асуултаа авч үзье. Мөшэх яагаад Эхлэл 1-ээс 11-р бүлгийг бичсэн бэ? Израйльчуудад юу хэлэх гэсэн юм бол?

Зорилго

Юуны өмнө Мөшэх Израйльчуудад түүхэн үнэнийг хэлэх гэж хичээсэн. Тэдний Мөнхийн Эзэн нь хүн төрөлхтний түүхийн эхэнд юу хийснийг тэдэнд ойлгуулахаар зорьжээ. Бусад үндэстний домгууд хүмүүсийг итгүүлэх зорилготой байсны адил итгэл бишрэлийнх нь түүхэн үнэнд Израйльчуудыг итгүүлэхийг Мөшэх хүсчээ.

Гэхдээ Мөшэхийн өгүүлсэнийг арай гүнзгий судлаад үзэх юм бол Ертөнцийн Эзэний хүсэл зоригт захирагдах хүслийг Израйльчуудад бий болгох гэсэн өөр нэг зорилго байсныг олж харж болох юм. Энэ давхар зорилго нь Эхлэлийн 1-ээс 11-р бүлгийг уншиж байгаа хүнд тэр даруй мэдэгдэхгүй ч нэн эртний түүхийг бичигчид бүгд л ийм зорилгоор туурвиж байсныг ойлгох үед энэ санаа тодорхой болж ирдэг.

Бүтээлийн түүхийг ямар зорилгоор бичиж вэ гэдгийг эргэцүүлэн бодохдоо эртний Ойрхи Дорнодын соёл, итгэл үнэмшлийг харгалзан үзэх хэрэгтэй юм. Тэдгээр нь орчлон ертөнцийг ер бусын оюун ухааны хүчээр бий болсон гэж үздэг байжээ. Орчлон ертөнц өв тэгш байхдаа тэр мэргэн ухаан, тэнгэрлэг эмх цэгцийн дагуу оршин тогтнодог байсан бөгөөд энэ тэнгэрлэг эмх цэгцэд чадлын хэрээр нийцэх нь эзэн хаанаас эхлээд боол хүртэлх бүх хүний үүрэг гэж үзэж байв.

Энэ нь эртний Ойрх Дорнодод дэлгэрсэн балар эртний домог, туульстай ямар холбоотой вэ? Израйлийн хөрш зэргэлдээх улс орнууд цаг хугацаа эхлэх үеийн үйл явдлыг өгүүлсэн балар эртний түүхтэй байсан юм. Тэд эрт дээр үед энэ дэлхийд бурхад бий болгосон гэдэг бүтэц зохион байгуулалтыг тайлбарлахын тулд тэдгээрийг зохиосон юм. Нэн эртний дэлхийн тухай эдгээр домогт эртний түүхийг бараг тусгаагүй байдаг. Харин тухайн үеийнхээ шашны болон нийгмийн хөтөлбөрийг зөвтгөхийн тулд бичигдсэн байна. Тэдгээрийг бичигчид нь голдуу санваартнууд байсан бөгөөд тухайн цагийнхаа нийгмийн байгуулалтыг зөвтгөхийн тулд бурхад хэрхэн энэ дэлхийг эхнээс нь бий болгосон тухай бичиж байжээ. Заримдаа тэд сүм, санваартнууд, ёс жаяг гэх мэтийн шашны асуудлыг онцгой анхаардаг байв. Тухайлбал бурхад аль сүмийг нь илүүд үздэг, аль санваартны гэр бүл ямар сүмд үйлчлэх ёстой зэргийг чухалчилдаг байжээ? Мөн заримдаа улс төрийн эрх мэдэл, хууль, тухайлбал хэн хаан болох ёстой байв, яагаад боол байдаг гэх мэт нийгмийн байгууллын илүү өргөн хүрээтэй асуудлын тухай бичдэг байв. Тэд бүтээлийн талаарх бурхдын зарлигт, энэ ертөнцөд тэдний тогтоосон нийгмийн байгуулалын бүтцэд захирагдахыг хүмүүст уриалдаг байсан байна.

Мөшэх Эхлэлийн 1-ээс 11-р бүлгийг маш энгийн шалтгаанаар бичсэнийг бид хичээлүүдээрээ үзнэ. Нэг талаас Мөшэх нэн эртний түүхийг өгүүлэхдээ Яахвэх хэрхэн дэлхийг бүтээж эмх цэгц тогтоосныг харуулах гэж зорьжээ. Орчлон бүтээгдсэнээс Бабелийн цамхаг барих хүртэлх тэртээ үед юу болж байсныг өгүүлж байна. Гэхдээ Мөшэх үүнийг зөвхөн түүхийг танилцуулах зорилгоор бичээгүй. Египетээс Амласан нутаг руу явах замд түүнийг ард олноо төөрөгдүүлж байнаа гэж эсэргүүцэгчид олон байсан. Мөшэхийн бодлого зорилго нь орчлон ертөнцийн төлөө хийсэн Ертөнцийн Эзэний төлөвлөгөөтэй таарч буйг балар эртний түүх харуулсан байна. Тэгэхээр Мөшэхийг эсэргүүцэх нь Ертөнцийн Эзэний зарлигийг эсэргүүцэхтэй адил байв.

Эхлэлийн 1-н 1-ээс 2-н 3-р ишлэл хүртэл Мөшэх өв тэгш дэлхийг дүрсэлсэнээр Израйль Хинаан нутгийг зорин яваа нь угтаа Ертөнцийн Эзэний туйлын хүслийг биелүүлэхээр яваа хэрэг гэдгийг харуулсан юм. Харин хүн төрөлхтөн ялзарсан тухай 2-р бүлгийн 4-өөс 6-р бүлгийн 8-р ишлэлд тэрбээр Ертөнцийн Эзэн гэмийг харааснаас болж Египет завхрал, зовлон зүдгүүрийн газар болсныг харуулсан. Эцэст нь Эхлэлийн 6-н 9-өөс 11-н 9-р ишлэлд үер ба шинэ дэлхийн тухай түүхийг өгүүлсэнээрээ Мөшэх нэгэн цагт Нуахын хийсэнчлэн тэрээр Израйльчуудыг шинээр эмхлэгдсэн ерөөлийн ертөнц рүү дагуулж яваагаа харуулсан юм. Израйлийн ирээдүйг харж байсан түүний алсын харааг эртний түүх бүхэлдээ зөвтгөж байсан юм. Өөрийнх нь зөв гэдгийг Израйльчуудад итгүүлж чадвал үнэнч итгэлтэй израйльчууд Египетийг мартаж Ертөнцийн Эзэний өв болох Хинааныг хүлээн авах байлаа.

Одоо бид Эхлэл номын 1-ээс 11-р бүлэгт буй балар эртний түүхийг ерөнхийд нь хэрхэн үзэж байгаа тухайгаа танилцуулах болно. Харин эхлээд Ертөнцийн Эзэний бүтээсэн өв тэгш дэлхийг дүрсэлсэн 1-р бүлгийн 1-ээс 2-р бүлгийн 3-р ишлэл хүртэл нарийвчлан үзье.

Библийн эхний бүлгүүдийг нээхдээ Эвангелийн сүмүүдийн олонхи итгэгчид энэ бүлгүүдийг тойрсон тайлбарын маргааныг санадаг. Ертөнцийн Эзэн энгийн зургаан өдөрт дэлхийг бүтээсэн үү? Эхлэлийн 1-р бүлэгт гардаг “өдрүүд” нь эрин эсвэл зуун уу? Эхлэл 1-р бүлэг Ертөнцийн Эзэний бүтээлч үйлсийн түүхэн өгүүлэл биш яруу найргийн магтаал юм уу? Энэ бүх байр суурийг Евангелийнхний хүрээнд хүлээн зөвшөөрдөг. Би хувьдаа Ертөнцийн Эзэн бидний мэдэх энгийн зургаан өдөрт дэлхийг бүтээсэн гэж итгэдэг ч Христэд итгэгчдийн зарим нь үүнээс өөр бодолтой байдаг.

Харин бид Эхлэлийн эхний бүлгүүдийг судлахдаа энэ мэт түүхийн холбогдолтой асуудлуудад төдийлөн их анхаарлаа хандуулахгүй. Бид энэ хэсгийн утга зохиолын бүтцийн асуудлыг илүүтэй анхаарах болно. Бид Мөшэх яагаад, хэрхэн энэ бүлгийг бичив, энэ хэсэг утга зохиолын ямар бүтэцтэй байна, Мөшэхийн зорилгыг ойлгоход энэ бүтэц яаж тусалж байна гэх мэтийн асуудлыг илүү сонирхоно?

Библийн олон хэсгийн нэгэн адил энэ хэсэг нь эхэн, дунд, төгсгөл гэсэн гурван үндсэн хэсгээс бүрджээ.

Мөшэхийн бичсэн нэн эртний түүх 1-р бүлгийн 1-2-р ишлэлээр эхэлнэ. Энэ хоёр ишлэлийн агуулгыг “Харанхуй, эмх цэгцгүй дэлхий” гэж хураангуйлж болох юм. 1-р бүлгийн 3-аас 31-р ишлэл бол дунд хэсэг бөгөөд энд “Бүтээлийн зургаан өдрийн тухай өгүүлдэг. Үүнийг бид бүтээлийг эмх цэгцтэй болгосон зургаан өдөр гэж нэрлэх болно. Эцэст нь 2-р бүлгийн 1-3-р ишлэлд Амралтын өдөр буюу төгс төгөлдөр дэлхийн тухай өгүүлдэг.”

Энэ гурван хэсгийг судлахдаа бид эхлээд харанхуй эмх замбараагүй дэлхийн тухай судлана. Дараа нь төгс төгөлдөр дэлхийн тухай, хамгийн сүүлд нь эмх цэгцтэй болгосон зургаан өдрийн тухай судлах юм. За ингээд 1-р бүлгийн 1-2-р ишлэл, харанхуй, эмх замбараагүй дэлхийн тухай үзье.

Эхлэлийн 1-р бүлгийн эхний хэсгээс бид газар дэлхий дэх эмх замбараагүй байдал, Ертөнцийн Эзэний сүнс хоёрын эсрэг тэсрэг байгааг шууд олж харна.

1-р ишлэл нь эхний бүлгийн гарчиг болж, 2-р бүлэг нь дэлхий анхны байдлыг дүрслэн үзүүлсэн байна. Мөшэх 1-р бүлгийн 2-т юу гэж өгүүлснийг сонсоцгооё.

“Тэр үед энэ дэлхий хэлбэр дүрсгүй, эл хуль байсан бөгөөд гүн харанхуй ноёрхож, гүнзгий ус цалгин Ертөнцийн Эзэний Сүнс л хөлгүй усан дээгүүр аялан байв.”

Энэ ишлэл дэх эсрэг тэсрэг байдал бүхэл бүлгийн турш үргэлжилдэг. Эсрэг тэсрэгийн нэг талд энэ дэлхий хэлбэр дүрсгүй, эл хуль буюу Еврейгээр “тоохүү вовоохүү” (תֹהוּ וָבֹהוּ) байсан байна. Энэ Еврей хэллэг Библид цөөхөн тохиолддог учраас утгыг нь нарийн тодорхойлоход их хэцүү. Гэхдээ энэ нь цөлд хүн амьдрахад хэцүү байдаг шиг дэлхий нь хүн амьдран суух боломжгүй, хүний аминд халтай газар байсан гэсэн утгатай гэж олон эрдэмтэн үздэг. Тэгэхээр эндээс бид амьдралгүй, харанхуй, газар дэлхийг бүхэлд нь хамарсан эмх замбараагүй байдлыг харж байна.

Эсрэг тэсрэгийн хоёр дахь хүчин зүйл 1-р бүлгийн 2-р ишлэлээс харагддаг. Мөшэх: “Ертөнцийн Эзэний Сүнс хөлгүй усан дээгүүр аялан байв” гэж бичсэн. Энд дээгүүр нь нисэх, дээр нь эргэлдэх гэсэн утгатай “Мэрахабэт” (מְרַחֶ֖פֶת) гэдэг Еврей үг хэрэглэжээ.

Энд маш сэтгэл догдлом дүр зураг харагдаж байна. Нэг талаас газар дэлхий дээрх эмх замбараагүй байдал, нөгөө талаас энэ бүхэн дээр Ертөнцийн Эзэний Сүнс элин хальж байна. Чухамдаа Ертөнцийн Эзэн дэлхийг бүрхсэн эмх цэгцгүй байдлыг засахын тулд үйлдэл хийхэд бэлэн байна. Эсрэг тэсрэг энэ байдалд Ертөнцийн Эзэний сүнс юу хийх бол? Эмх цэгцгүй байдал яах бол? гэсэн бодлыг төрүүлж байна.

Энэ эсрэг тэсрэг байдлыг санангаа Мөшэхийн бичсэн бүтээлийн түүхийн сүүлчийн хэсэгт анхаарлаа хандуулъя. Эсрэг тэсрэг байдлыг яаж шийдэж вэ? Төгс төгөлдөр дэлхийг харъя: Эхлэл 2-н 1-3.

Энэ хэсэг тун энгийн бүтэцтэй. 2-р бүлгийн 1 дэх ишлэл Ертөнцийн Эзэн бүтээлч ажлаа дуусгасан тухайгаар эхэлж, 2-р бүлгийн 2-3-р ишлэлд Ертөнцийн Эзэн амарсан тухай өгүүлж төгсдөг. Эхлэл номын 2-р бүлгийн 2, 3-р ишлэлд:

“Ийнхүү долоо дахь өдрөөс өмнө Ертөнцийн Эзэн бүх ажлаа гүйцээсэн учраас дараагийн өдөр нь амарч, амарсан тэр өдрөө тусгай өдөр болгохоор шийдэн ерөөлөө” гэжээ.

Мөшэх Ертөнцийн Эзэн Саббат өдөр амарч, тэр өдрийг онцгойлон ерөөж ариун болгосоныг дүрсэлснээрээ эмх цэгцгүй байдал Ертөнцийн Эзэний элин халих Сүнс хоёрын хоорондох түгшүүрт байдал намжсаныг илэрхийлсэн байна. Ертөнцийн Эзэн харанхуйг дарж, эмх цэгцгүй хөлгүй усыг удирдаж, туйлын сайхнаар эмхэлсэн дэлхийгээ хараад бахадсан. Орчлон ертөнцийн төгс зохицлыг ийнхүү амар тайвнаар харснаар бүтээлийн түүх төгсдөг.

Бүтээлийн түүх яаж эхэлж, төгсдөгийг бид үзсэн бол одоо дунд хэсгийг нь үзье. Эмх цэгцгүй дэлхий болон Ертөнцийн Эзэний элэн халих Сүнс хоёрын эсрэг тэсрэг байдал хэрхэн яаж шийдэгдэж вэ?

Эхлэл 1-ийн 3-аас 31-т өгүүлсэнчлэн Ертөнцийн Эзэн өөрийн гайхалтай төлөвлөгөөний дагуу зургаан өдрийн дотор эмх журмыг тогтоожээ. Үйл явдал бүрийг Мөшэх “Тэгээд Ертөнцийн Эзэн хэлсэн нь” хэмээн тодотгосноор тухайн хэсгийн гол санаа улам тодорхой болж байна. Энд гол баатар нь Ертөнцийн Эзэн, тухайн бичвэрт Түүний хүчирхэг Үгийг л анхаарсан байна.

Ертөнцийн Эзэн үгээрээ л энэ дэлхийг гайхамшигтай эмх цэгцтэй болгожээ. Израйльчуудын итгэдэг Ертөнцийн Эзэн бусад соёлын домогт гардаг бурхад шиг тэмцэлдэж байж дэлхийг бүтээгээгүй юм. Тэр зөвхөн үг хэлсэн. Тэгээд л дэлхий зөв эмх цэгцтэй болсон. Үүнээс гадна Ертөнцийн Эзэний хэлсэн үг хүчит мэргэн ухааныг нь илэрхийлж байлаа. Ертөнцийн Эзэн дэлхийг өөртөө хамгийн сайхан санагдахаар бүтээжээ.

Библийн олон тайлбарлагч Ертөнцийн Эзэний дэлхийг бүтээсэн зургаан өдрийг 1-3 дахь өдөр, 4-6 дахь өдөр гэж гурав гурваар нь хоёр ангилан үздэг. Энэ хоёр хэсэг хоорондоо ихээхэн холбоотой бөгөөд тэрхүү харилцаа холбоог нь олон янзаар тодорхойлдог.

Чухам яагаад ингэж хуваан үзэж байгааг ойлгохын тулд Эхлэл 1:2-т дэлхийг хэрхэн дүрсэлсэн байгааг харъя. Мөшэх энэ дэлхийг хэлбэр дүрсгүй, эл хуль буюу “тоухүү вовоохүү”(תֹהוּ וָבֹהוּ) байсан гэснийг та санаж байгаа байх. Зургаан өдрийг гурав гурваар нь хоёр хуваасны учрыг тайлбарлах үүднээс эдгээр хэллэгийг ашигласан байх.

Ертөнцийн Эзэн эхний гурван өдөр энэ дэлхий “хэлбэр дүрсгүй” байсныг өөрчилсөн. Тэрбээр нэг хэсгийг нөгөөгөөс тусгаарласан, дэлхийг бөмбөрцөг хэлбэрт оруулж, бүтээлээ хэлбэртэй болгожээ. Харин сүүлийн гурван өдөр нь Ертөнцийн Эзэн эмх цэгцгүй дэлхий эл хуль, “хоосон” байсныг өөрчилсөн юм. Тэрбээр газар дэлхийг амьтдаар дүүргэжээ.

Эхний гурван өдрийг бодоцгооё. Нэг дэх өдөр Ертөнцийн Эзэн шөнөөс өдрийг тусгаарласан. Нар бий болохоос өмнө ч Тэрбээр харанхуй, эмх цэгцгүй дэлхийн гүн харанхуйд гэрэл гийлгэсэн юм.

Хоёр дахь өдөр, Ертөнцийн Эзэн дэлхий дээгүүр тэнгэрийг бөмбийлгөж, түүний доорх болон дээрх усыг тусгаарласан. Ийнхүү тэнгэр дэх уур манангаас газар дээрх усыг тусгаарласнаар одоо бидний нэрлэдэгээр манай гаригийн агаар мандал бий болсон юм.

Гурав дахь өдөр Ертөнцийн Эзэн хуурай газрыг далайгаас тусгаарлажээ. Далай тэнгис хэсэг газар хуралдаж, хуурай газар бий боллоо. Хуурай газар ургамал ургаж эхэлсэн. Ийнхүү эхний гурван өдөр Ертөнцийн Эзэн хэлбэргүй дэлхийг хэлбэржүүлсэн юм. Гэрэл, харанхуйгаас, усыг агаар мандал дээрх болон доорх болгон салгаж, хуурай газрыг бий болгожээ.

Мөшэхийн бичсэнээр Ертөнцийн Эзэн эхний гурван өдөр орчин хязгаар бий болгон дэлхийг хэлбэржүүлсэн бол дараагийн гурван өдөр тэдгээр орчинд амьтдыг байрлуулан энэ дэлхийн эл хуль байдлыг эцэс болгожээ.

Ертөнцийн Эзэн дөрөв дэх өдөр нар, сар, оддыг тэнгэр огторгуйд байрлуулж, эхний өдөр бүтээсэн гэрэл, харанхуйгаа тэдгээрээр дүүргэжээ. Тэнгэрийн тэр эрхэсүүдээр өдөр шөнийг захируулж, салангид байлгахаар тэнд байрлуулжээ.

Тав дахь өдөр агаарт шувуудыг, далай тэнгисийн амьтдыг усанд нь тавьсан. Хоёр дахь өдөр бий болсон газар дээрх ус хийгээд агаар мандлыг энэ амьтад дүүргэв.

Эцэст нь зургаа дахь өдөр амьтад болон хүнийг бүтээн хуурай газарт тавьсан юм. Ертөнцийн Эзэний гурав дахь өдөр далайгаас гаргасан хуурай газар ийнхүү амьтдаар дүүргэсэн.

Ертөнцийн Эзэний бүтээсэн бүх зүйлийг Мөшэх нэгтгэж бичсэн юм. Харанхуй, эмх цэгцгүй дэлхийг дээд зэргийн эмх цэгцтэй болгоход Ертөнцийн Эзэн зургаан өдөр зарцуулсан. Тэрбээр зургаан удаа:

“Сайхан болжээ” (Эхлэл 1:4, 10, 12, 18, 21, 25)

гэж хэлсэн, мөн хуурай газар амьдрах хүнийг бүтээгээд:

“Үнэхээр сайхан болжээ” (Эхлэл 1:31) гэж айлдсанаас үзэхэд Түүний бүтээл үнэхээр гайхамшигтай болжээ.

Ертөнцийн Эзэн хийсэн зүйлээ туйлын ихээр таалсныг Мөшэх тодорхой бичсэн юм.

Эхлэл номын 1-р бүлгийн 1-ээс 2-р бүлгийн 3-р ишлэл үнэхээр сайтар бодсон маш нарийн бүтэцтэйг үзлээ. Эмх цэгцгүй дэлхий, дээгүүр нь яваа Ертөнцийн Эзэний тухай дүрсэлснээр энэ хэсэг эхэлжээ. Ингээд Тэрбээр зургаан өдөрт дэлхийг бүтээж, үр дүнд нь дээд зэргийн сайхнаар бүтээсэн дэлхийгээ хараад баярлан, 7 дахь өдрөө амарчээ.

Бид Эхлэл номын 1-р бүлгийн 1-ээс 2-ийн 3 хүртэлх хэсгийн утга зохиолын ерөнхий бүтцийг нь үзсэн тул энэ хэсгийн эх утга чухам юу илэрхийлж байгааг харж болохоор боллоо.

Мөшэхийн бичсэн балар эртний энэ түүх бүхэлдээ Египетээс гараад шинэ газар орныг эзлэн авах явдал бол дэлхийн эрт үеийн түүхэнд тогтоосон Ертөнцийн Эзэний эмх цэгцтэй нийцэж байгааг Израйльчуудад батлах зорилготой байжээ гэдгийг бид аль хэдийн үзсэн билээ. Тэгвэл энэ ерөнхий зорилго тухайлбал 1-р бүлгийн 1-ээс 2-ийн 3-т хэрхэн харагдаж байна вэ? Мөшэх Израйльчуудын дунд хийж байсан ажлаа бүтээлийн түүхтэй хэрхэн холбосон бэ?

Мөшэх үүнийг яаж хийснийг Эхлэл номын 1-ийн 1-ээс 2-ийн 3-т гардаг гурван гол хэсгийг дахин нэг шинжиж харъя. Эхлээд түнэр харанхуй эмх цэгцгүй дэлхий ертөнцийг, дараа нь өв тэгш дэлхий ертөнцийн тухай өгүүлсэн сүүлчийн хэсгийг үзнэ. Эцэст нь Ертөнцийн Эзэний эмх цэгцтэй болгосон дэлхий ертөнцийн тухай өгүүлсэн ишлэлүүдийн дундахь хэсгийг үзнэ. За одоо түнэр харанхуй эмх цэгцгүй дэлхийн тухай өгүүлсэн 1-р бүлгийн 1-2-ийг үзэцгээе.

Бидний хувьд Эхлэл номын эхний хоёр ишлэлийн гол онцлог шинж болох 2-р ишлэлд гарч буй эсрэг тэсрэг байдал чухал юм. Эмх цэгцгүй дэлхий болон Ариун Сүнсний хоорондын эсрэг тэсрэг байдлыг дүрсэлсэн Мөшэхийн хэв маягаас харахад тэр бүтээлээс гадна Израйльчуудын Египетээс гарсан их нүүдлийн тухай бичсэн гэдэг нь тодорхой байдаг.

Эхлэл номын 1-ийн 2-т Мөшэх дэлхийг “хэлбэр дүрсгүй” буюу Еврей хэлээр “тохү” гэж дүрсэлжээ. Харин тэрбээр Ертөнцийн Эзэний Сүнсийг “элин хальж” буюу Еврей хэлээр “мэрахабет” гэж бичсэн байдаг.

“Эхлэл” номонд буй энэ гайхалтай дүрслэлийн тухай Мөшэх дахин битүүхэн дурдсан хэсгийг судласан цагт л уг үйл явдлын утга учир улам тодорхой болдог. Мөшэх “Дэд хууль” номын 32-ийн 10-аас 12-т Израйльчуудын нүүдэл ба бүтээлийн түүхийн хоорондын холбоон дээр хүмүүсийн анхааралыг хандуулахын тулд Эхлэлийн 1-ийн 2-т хэрэглэсэн нэр томъёог ашигласан байдаг:

Мөнхийн Эзэн түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, нүднийхээ цөцгий мэт хамгаалсан. Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт байв. Мөнхийн Эзэн ганцаараа түүнийг удирдсан бөгөөд түүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй (Дэд хууль 32:10-12).

Эдгээр нь их чухал ишлэл юм. Учир нь Мөшэх бичсэн бүх зүйл дотроо “хэлбэр дүрсгүй” “элин хальж” гэдэг үгсийг энд л дахин хэрэглэсэн байна.

10-р ишлэлд “зэлүүд” гэж орчуулсан үг бол Эхлэлийн 1-ийн 2-т “хэлбэр дүрсгүй” гэж орчуулсан “тохү” гэдэг Еврей үг юм. Мөн 11-р ишлэлд “дэлгэн дэвж” гэж орчуулсан үг бол Эхлэлийн 1-ийн 2-т Ертөнцийн Эзэний Сүнс “элин хальж” гэж орчуулсан “мэрахабет” гэдэг Еврей үг юм.

Мөшэх энэ хоёр үгийг Эхлэлийн 1-ийн бат холбохын тулд “Дэд хууль” номын 32-р бүлэгт цугт нь оруулсан байна. Тэгэхлээр дээрх хоёр хэсгийг энэ хоёр үг хэрхэн холбож байна вэ? “Дэд хууль” номын 32-р бүлэгт “зэлүүд” болон “дэлгэн дэвж” гэдэг үгс нь ямар утгаар орсон бэ?

Юуны өмнө Мөшэх “зэлүүд” гэдэг үгээр Египет орныг хэлсэн юм. 32-ийн 10-т:

Мөнхийн Эзэн түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ (Дэд хууль 32:10).

Дараа нь Мөшэх “дэлгэн дэвж” гэдэг үгээр Израйльчуудтай Ертөнцийн Эзэн хамт байгааг хэлжээ. Ертөнцийн Эзэн тэднийг Амласан газар нутаг руу удирдаж байгаагаа утаан болон галан баганаар харуулсаныг хэлсэн байх. 32-р бүлгийн 10, 11-т:

Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, нүднийхээ цөцгий мэт хамгаалсан. Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж (Дэд хууль 32:10-11).

Бид олон талаар “Дэд хууль” номын 32-ийн 10-аас 12-ийг Эхлэлийн 1-ийн 2-т бичсэн зүйлээ тайлбарласан Мөшэхийн тайлбар гэж үзэж болно. Тэрбээр Эхлэлийн эхний бүлгийг бичихдээ ямар санаа бодолтой байсныг эндээс мэдэх боломжтой.

“Дэд хууль” номын 32-р бүлэг нь бүтээл болон Египетийн дарлалаас салсан Израйльчуудын чөлөөлөлтийг Мөшэх зэрэгцүүлэн үзэж байсныг ойлгоход бидэнд туслах юм. Мөшэх энэ хоёр хэсэгт хоёуланд нь хүн амьдрах боломгүй эмх цэгцгүй газар нутгийн тухай бичжээ. “Ертөнцийн Эзэн Израйльчуудыг Египетийн дарлалаас чөлөөлөхдөө тэдэнтэй хамт байсан шигээ анхны эмх цэгцгүй дэлхий дээр элин хальж байсан юм” гэж тэрбээр бас бичжээ.

Бүтээл болон Египетээс гарсаныг зэрэгцүүлэн харвал Мөшэх харанхуй эмх цэгцгүй дэлхий ертөнцийн тухай бичихдээ Израйльчуудад зөвхөн бүтээлийн тухай өгүүлээгүй гэдэг нь тодорхой. Тэрбээр Ертөнцийн Эзэний бүтээлийн ажлыг тухайн үед Израйль үндэстэний дунд Түүний хийж байгаа ажлыг тайлбарлах загвар болохыг харуулсан юм. Орчлон ертөнцийг бүтээж байхдаа Ертөнцийн Эзэний хийсэн анхны ажлын тухай Мөшэх бичихдээ өөрийг нь дагаж Египетээс гарсан нь алдаа байгаагүй юм гэдгийг уншигчдадаа харуулахыг хүссэн байна. Бүтээлийн түүхээрээ Египетийн дарлалаас чөлөөлөгдсөн нь Ертөнцийн Эзэний хүчирхэг үйл хэрэг байсныг нотолжээ. Ертөнцийн Эзэн эрт цагт хийснийхээ адил Израйльчуудыг Египетийн эмх цэгцгүй харанхуйгаас чөлөөлж, энэ дэлхийг дахин эмх цэгцэд нь оруулсан юм. Ертөнцийн Эзэн одоо бүтээлийнхээ дээгүүр элин халин нисэж байсныхаа адил Израйльчуудын дээгүүр элин халиж байна. Египетээс гарсан нь алдаа байгаагүй. Харин энэ нь дэлхийг өөрийн хүсэж байсан эмх цэгцэд буцааж оруулах Ертөнцийн Эзэний ажил байв. Товчхон хэлэхэд, Египетээс салсан Израйльчуудын чөлөөлөлт бол бүтээлийн шинэчлэлт байсан юм.

Эхлэл номын 1-р бүлгийн эхний хэсэг болон Израйльчуудын их нүүдлийн хоорондох хамаарлыг 2-р бүлгийн 1-ээс 3-т гардаг төгс эмх цэгцтэй дэлхий ертөнцийн тухай үзэхдээ бид илүүтэй ойлгоно.

Бүтээлийн тухай түүх нь Ертөнцийн Эзэний амралтаар дуусдаг гэдгийг та нар санаж байгаа байх. “Эхлэл” номын 2-ийн 2, 3-т гарч буй “амралт” гэдэг үгийг Еврей хэлээр “Шаббат” שָׁבַת)) буюу бидний хэлдгээр “Саббат” юм. Энэ үг нь бүтээлийн түүхийг Израйльчуудын их нүүдэлтэй өөр нэг байдлаар холбодог.

Мөшэх болон Израйльчууд “Шаббат” гэдэг үгийг ихэвчлэн Ертөнцийн Эзэний хуулийн дагуу Саббат өдрийг сахиж байгаагаа дурдахдаа хэрэглэдэг байлаа. Эхлэл” номын 2-р бүлэгт Ертөнцийн Эзэн амарсан тухай өгүүлдэг учраас л Израйльчууд Саббат өдрийг сахих болсон юм гэдгийг Мөшэх “Египетээс гарсан нь” номын 20-р бүлэгт 10 хуулийг оруулсанаар тайлбарласан байдаг.

Амралтын өдрийг дурсан санаж, ариунаар сахигтун. … Учир нь Мөнхийн Эзэн тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөр амарсан (Египетээс гарсан нь 20:8-11).

Израйльчууд Ертөнцийн Эзэн долоо дахь өдөр амарсан тухай Эхлэл номноос сонсохдоо үүнийг Саббат өдрийг сахиж байсантайгаа, тэрчлэн Арван Хуультай холбож үзсэн байна.

Хэдийгээр Израйльчууд цөлд амьдарч байхдаа Саббат өдрийг зарим талаар сахиж байсан боловч Саббат өдрийг жинхэнэ утгаар нь Амласан газар нутагт сахих ёстой байсныг ойлгох нь чухал юм. Израйльчууд Саббат өдрийг долоо хоног бүр сахих ёстой байв. (“Египетээс гарсан нь” 20:8-11-д энэ тухай бий.) Тэд бас бусад баярыг тэмдэглэх ёстой байлаа. Жишээлбэл “Левит” номын 25-р бүлгээс үзвэл тэд бас долоо дахь жил бүр газраа амрааж тэр жилээ Саббат жил болгодог байжээ. Израйльчууд бас тавьдахь жил бүр Жубили жилийг тэмдэглэдэг байв. Тэр жил бүх өрийг цуцалж, бүх гэр бүл төрөлх өмч газар руугаа буцдаг байв. Мөшэхийн хуулиар бол Саббат өдрийг бүрэн утгаар нь тэмдэглэж Ертөнцийн Эзэнийг хүндэтгэх нь цөлд байх үедээ сахиж буйгаас хавьгүй илүү нарийн төвөгтэй цогц ёслол байжээ.

Израйльчууд Амласан нутагт орсоны дараа л Саббат өдрийг бүрэн утгаар нь сахиж чадах байсан тул Мөшэх “Шаббат” гэдэг үгтэй ойролцоо утгатай “навах” (נוּחַ) буюу “менухах” (מנֻחָה) гэдэг Еврей үгээр “амралтын нутаг” буюу “амрах газар” хэмээн Хинаан орны тухай олонтоо дурддаг. Библийн олон хэсэгт Мөшэх Амласан нутаг бол Израйльчуудын амрах газар хэмээн дүрсэлжээ. Эцсийн эцэст тэр нутагт л тэд Мөшэхийн бичсэн хуулийн дагуу Ертөнцийн Эзэнийг хүндэтгэж чадах байлаа. Жишээлбэл, “Дэд хууль” 12-ийн 10-аас 11-д ингэж бичсэн байдаг:

Харин та нар Иорданыг гатлан, Ертөнцийн Мөнх Эзэнийхээ та нарт өв болгон өгсөн тэр газар суух болно. Тэрбээр та нарыг эргэн тойрны дайснуудаас тань ангижруулах тул та нар аюулгүй амьдрах болно. Тэр цагт Ертөнцийн Мөнх Эзэн тань Өөрийн нэрийг оршихоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүгдийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт өргөл, аравны нэг хувиа, онцгойлон өргөх тахил, Мөнхийн Эзэнд тангараглаж барих шилмэл тангарагийн өргөл бүхнээ аваачих хэрэгтэй (Дэд хууль 12:10-11).

Дээрх хэсгээс бид Израйльчууд зөвхөн амралтын нутагт орсон үедээ л Ертөнцийн Эзэнийг хүндэтгэх Саббат өдрийг бүрэн сахиж чадах юм байна гэдгийг харлаа.

Мөшэхийн хувьд Саббат нь хувь хүн гэр бүлүүд тусгай өдөр Мөнхийн Эзэнийг чимээгүй хүндэтгэхээс илүү утга учиртай үйл явдал байв. Мөшэхийн хувьд Саббат бол амралтын нутагт суурьшаад Ертөнцийн Эзэний нэр оршин буй тусгай газар Түүнийг хүндэтгэн, онцгой ёслолуудыг үйлдэх явдал байв. Тийм учраас Дуулал номын 95-ийн 11-т Хинаан нутагт орохыг хориглосон хүмүүсийн тухай Ертөнцийн Эзэн:

Тиймээс би уурандаа “Тэд үнэхээр миний амралт руу орохгүй” хэмээн андгайлсан (Дуулал 95:11).

Саббат өдөр болон Амлалтын нутагт Израйльчууд Ертөнцийн Эзэнийг жинхэнээсээ хүндэтгэх хоёрын хоорондох нягт холбоо нь Мөшэх яагаад бүтээлийн тухай тэмдэглэлээ “Ертөнцийн Эзэн амарчээ буюу Саббат амралт авсан” гэж дуусгасныг тайлбарладаг юм. Мөшэх Израйльчуудад, Ертөнцийн Эзэн энэ газар дэлхийг эмх цэгцтэй болгож Саббат өдөрт хүргэсэнтэй адил Израйльчуудыг эмх цэгцгүй Египетээс гаргаж, амласан газар нутагтаа аваачиж Саббат өдөрт хүргэх зорилготой юм гэж тайлбарлаж байна. Мөшэх Израйльчуудыг амралтын газар болох Хинаан нутаг руу удирдан явж байна. Тиймээс Мөшэхийн зааврыг эсэргүүцэж байгаа нь зөвхөн хүмүүний төлөвлөгөөг эсэргүүцсэн хэрэг биш. Үнэндээ тэд Өөрийнхөө хүмүүсийг орчлон ертөнцийн төгс тогтолцоотой нийцүүлэх гэсэн Ертөнцийн Эзэний хүчин чармайлтыг эсэргүүцэж буй хэрэг юм. Египет орныг орхиод амлалтын нутагт орох нь орчлон ертөнцөд зориулсан Ертөнцийн Эзэний төгс төлөвлөгөөний нэг хэсэг болохоос өөр юу ч биш.

Бид эмх цэгцгүй эхлэлээс орчлон ертөнцийг бүтээсэн Саббат өдрийн төгсгөл нь Ертөнцийн Эзэн Мөшэхээр дамжуулан Израйльчуудад үнэндээ юу хийсний мөн чанарыг бидэнд тайлбарлаж байна. Тэгвэл одоо бүгдээрээ Эхлэл номын 1-ийн 3-аас 31-р ишлэл, бүтээлийн түүхийн дунд хэсгийн зарим зүйлийг товчхон үзэцгээе. Орчлон ертөнцийг бүтээсэн өдрүүдийг Мөшэх өөрийнхөө үйлчлэлтэй хэрхэн холбов??

Орчлон ертөнцийг бүтээсэн өдрүүд болон Израйльчуудын их нүүдэл нь хоорондоо олон талаар холбогддог. Бид зөвхөн хоёр холбоог л үзэх болно. Нэгдүгээрт, Египетээс чөлөөлөгдсөнтэй холбогддог. Хоёрдугаарт, Амлалтын нутгийг эзэмшихтэй холбогддог юм.

Египетээс чөлөөгдөх

Израйльчуудыг Египетээс чөлөөлөхдөө Ертөнцийн Эзэн Эхлэл номын 1-р бүлэгт өгүүлсэнчлэн орчлон ертөнцийг дэс дараалалтай бүтээхдээ харуулсан хүч чадлаа харуулдаг билээ. Гэхдээ энд өөр дүр зураг харагддаг. Ертөнцийн Эзэн Египетчүүдэд гай гамшиг учруулахдаа орчлон ертөнцийг бүтээсэн дэс дарааллаа эсрэгээр нь өөрчилдөг юм. Жишээлбэл, бүтээлийн эхэнд ус амьдрал тэтгэж байсан бол энд Ертөнцийн Эзэн усыг цус болгон хувиргахад Египет орны гол мөрөн хордож загас жараахай үхдэг. Эхэнд Ертөнцийн Эзэн бүх амьтдыг захирах эрхийг хүнд өгсөн бол Египетчүүдийг мэлхий, шумуул, төрөл бүрийн шавьж, царцаанууд захирч эхэлдэг. Ертөнцийн Эзэн орчлон ертөнцийг бүтээж байхдаа “өдөр”, “шөнө” хоёрыг тусгаарлсан бол Египет орныг өдрийн цагаар хүртэл харанхуй нөмрөх болов. Газрын хөрсөнд төрөл бүрийн өвс ногоо ургахын оронд Египет орны бүх үр тариаг мөндөр, гал мөн царцаа устгадаг. Өсөж үржихийн оронд Египетийн бүх мал амьтан, бас хүн олон тоогоор үхэж үрэгддэг. Египет оронд буусан хараал нь Эхлэл номын 1-р бүлэгт бичсэн зургаан өдрийн дотор тогтоосон Ертөнцийн Эзэний эмх цэгцийг урвуулан өөрчилсөн байна. Тэр гай гамшиг тохиолдох үед Египетийн газар нутаг үнэхээр балар эртний замбараагүй байдалд буцаж орсон юм. Мөшэх энэ газар нутгийг “эзгүй зэлүүд”, “цөл” гэж нэрлэж, Израйльчуудыг тэр газрыг орхиулахаар зарлан хуралдуулсанд гайхах явдалгүй билээ.

Египетэд амьдрал сайхан байсан гэж бодож байсан Израйл хүн бүр Мөшэхийн бичсэн бүтээлийн түүхийг анхааралдаа авах ёстой байв. Тэдний Египетэд үзэж мэдсэн бүхэн төрөлх нутгийнхаа тухай Египетчүүдийн бодлоос тэс өөр байсан юм. Египетчүүд нутаг орноо бурхадын ерөөлийг хүртсэн нутаг гэж боддог байсан. Үүнд нь зарим Израйль хүн ч итгэдэг байсан бололтой. Харин Мөшэх Египет орныг Ертөнцийн Эзэний тогтоосон төгс эмх цэгцтэй дэлхий ертөнцтэй огт адилгүйг тодорхой болгон өгчээ.

Египетийн энэ эсрэг ялгаа тун ойлгомжтой байв. Бүтээлийн зургаан өдөр нь бас Египетээс чөлөөлөгдөхөд эерэг нөлөө үзүүлсэн юм. Египетчүүд эх нутгаа балар эртний эмх цэгцгүй байдалд буцан орж байгааг харсан бол Израйльчууд өөрсдийнх нь тусын тулд Ертөнцийн Эзэний хийж байгаа нь бүтээлийн зургаан өдрийг санагдуулж байгааг харав. Тэдний гол горхи цэвэрхэн бөгөөд амьдрал тэтгэгч хэвээр үлдэв. Тэднийг мэлхий болон царцаанууд хөндсөнгүй. Египетчүүд харанхуйд зовж байхад тэдний дээр нар гарсан хэвээр байлаа. Израйльчуудын талбай үржил шимтэй байсан. Тэдний мал амьтан үхэж үрэгдсэнгүй. Израйльчууд Египетэд байхдаа өсөж үржив.

Үүнээс гадна Ертөнцийн Эзэн бүгдийг захирч байдгаа тун гайхалтайгаар дэлгэн харуулав. Тэр орчлон ертөнцийг бүтээж байхдаа гурав дахь өдөр хуурай газрыг бий болгож байсан шигээ Улаан тэнгисийг хувааж хуурай газрыг гаргаж ирсэн юм. Израйльчуудын төлөө Ертөнцийн Эзэний үзүүлсэн байгалийн гайхашигт үзэгдлүүд нь урьд өмнө ер болж байгаагүй юм. Энэ бүхэн олон талаараа Эхлэл номын 1-р бүлэгт өгүүлсэнчлэн дэлхийд эмх цэгцийг тогтоож байсан бүтээлийн өдрүүдийг санагдуулдаг юм.

Эхлэл номын 1-р бүлэгт газар дэлхийг Ертөнцийн Эзэн эмх цэгцтэй болгож байгаа болон Израйльчуудыг Египетээс чөлөөлсөн явдал хоёрын адил төстэй байдал нь Ертөнцийн Эзэн орчлон ертөнцийг бүтээж байсныхаа адил тэдний төлөө ажилласаар байгааг Мөшэхийн уншигчдад харууллаа. Египетээс явсан тэдний нүүдлээр Ертөнцийн Эзэн эхэнд хийсэн шиг энэ газар дэлхийг дахин шинэ хэлбэр дүрстэй болгосон юм.

Египетээс чөлөөлөгдсөн явдал нь орчлон ертөнцийг бүтээсэн өдрийг санагдуулахаас гадна тэр үед Ертөнцийн Эзэний тогтоосон эмх журам нь Хинаан нутаг дахь амьдрал ямар байхыг урьдчилан хэлсэн байдаг.

Израйльчуудыг Амлалтын нутагт очих үед тэндхийн байгаль хүртэл үржил шим, баяр хөөрөөр дүүрэн байх ажээ. Тийм учраас л Ертөнцийн Эзэн Хинаан орныг сүү зөгийн бал урссан нутаг гэж нэрлэсэн юм. Үүнээс гадна зургаа дахь өдөр Ертөнцийн Эзэн өөртэйгээ адил төстэй хүнийг бүтээсэн шигээ Амласан нутагт л Израйльчууд Ертөнцийн Эзэнийг хүндэтгэх зөв газартай болж чадах байв.

Эхлэлийн 1-ийн 28-д Ертөнцийн Эзэн хүмүүст юу гэж хэлсэнийг анхаараарай.Тэнд,

Үр удам чинь олширч, өнөр өтгөн болоод, газар сайгүй амьдарч, түүгээр ч барахгүй тэнгис далайн амьтад, тэнгэрт нисэх жигүүртэн шувууд болон газар дээр амьдрагч бүх амьтныг захирч энэ дэлхийг эзэгнэсүгэй (Эхлэл 1:28).

Хэдийгээр Израйльчууд энэ ерөөлийг Египетэд зарим талаар хүртэж байсан ч Хинаан нутагт л энэ хувь ерөөлийг бүрэн дүүрэн хүртэх боломжийг Ертөнцийн Эзэн олгосон юм. Мөшэхийн удирдлагаар Израйльчууд орчлон хорвоод гүйцэтгэх энэ төгс үүргээ бүрэн биелүүлэх газар руу явж байна. Израйлийн газар нутагт амьдрах үнэнч Израйльчуудад Ертөнцийн Эзэн юу гэж амласныг Левит номын 26-ийн 9-өөс харьцгаая. Тэнд,

Тийнхүү Би та нарын зүг эргэж, та нарыг өнөр өтгөн болгон өсгөн үржүүлнэ. Би та нартай байгуулсан гэрээгээ сахисаар байх болно (Левит 26:9).

Энд Эхлэл 1-ийн 28-ийг битүүхэн хэлж байгаа нь илэрхий байна. Ертөнцийн Эзэн Эхлэлийн 1-ийн 28-д “Үр удам чинь олширч, өнөр өтгөн бол” гэсэн. Харин Тэрбээр Левит 26-ийн 9-д тэднийг тэр газар нутагт өнөр өтгөн болгон өсгөн үржүүлнэ гэсэн юм.

Хинаан нутаг Ертөнцийн Эзэний анх бий болгосон гайхамшигт дэлхийтэй адил байх ёстой байв. Тэр нутаг Ертөнцийн Эзэний дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс энэ дэлхий дээрх үүргээ биелүүлэх өв тэгш газар байх ёстой байв.

Бид орчлон хорвоог бүтээсэн зургаан өдөр болон Мөшэхийн үеийн Израйльчуудад тулгарсан үйл явдлыг холбож буй цөөхөн арга замыг үзлээ. Дээрх жишээнүүдээр бид Ертөнцийн Эзэн орчлон хорвоог хэрхэн эхний зургаан өдөр бүтээж эмх цэгцтэй болгосон тухай Мөшэхийн бичсэн түүх нь эрт цагт болсон үйл явдлын тухай мэдээ төдий зүйл биш гэдгийг харлаа. Мөшэх энэ бүхнийг Израйлийн уншигчдад өөрсдийнх нь амьдралд болж буй зүйлийг тодорхой ойлгоход нь туслах гэж бичсэн байна. Ертөнцийн Эзэн байгаль дэлхийг журамлаж, эмх цэгцгүй байсныг нь эмхлэн Саббат өдөрт хүргэсэн шигээ энэ дэлхийг дахин цэгцлээд Израйльчуудыг Египетийн эмх цэгцгүй байдлаас гаргаж, Хинаан оронд Саббат амралт руу дагуулж байна.

Хорвоо дэлхийг хэрхэн бүтээсэн тухай Мөшэхийн өгүүлэхийг сонсоод Израйльчууд ямар байдалд орсныг бид зөвхөн төсөөлж л чадна. Өөрсдөд нь тохиолдож байгаа бүхэн жирийн нэг явдал бус гэдгийг тэд ойлгосон байх. Ертөнцийн Эзэн бүр эхэнд энэ орчлон хорвоод төгс эмх цэгцийг бий болгож байсантайгаа адил зүйлийг Израйльчуудыг төлөөс төлөн Египетээс чөлөөлж Хинаан нутагт авчирахдаа энэ дэлхийд хийсэн юм. Израйльчууд дайснаасаа аврагдсан явдал бол тэд дахин шинээр бий болсонтой адил явдал бөгөөд тэд үүнд Мөшэхийг даган явсаар хүрсэн билээ.

Бид Эхлэл номын 1-ийн 1-ээс 2-ийн 3 хүртэлх хэсгийн эх утгыг харлаа. Одоо Бүтээлийн түүхийг орчин үед хэрхэн хэрэгжүүлэх” тухай өгүүлэх сүүлчийн сэдвээ үзэцгээе. Энэ текстийг хэрэгжүүлэхийн тулд бид уг хэсгийг нарийвчлан боловсруулсан Шинэ Гэрээний хэсгийг дагах болно.

Шинэ Гэрээний зохиогчид өөрсдөд нь дэлхий ертөнцийг хэрхэн бүтээсэн тухай хэлсэн хэсэг гэж үзэж Эхлэл номын 1-р бүлэгт ихээхэн найдлага тавьсан байдаг. Тэд Мөшэхийн бичсэн зүйлд найдаж байгаагаа олон талаар харуулсан байдаг билээ. Тиймээ. Энэ бүхэн бол баримтынхаа хувьд тун чухал. Шинэ Гэрээний зохиогчид бас энэ хичээлээр бидний тоймыг нь гаргасны адил Мөшэхийн хэлсэн гол зорилгыг улам боловсруулсан юм.

Орчлон хорвоог бүтээсэн явдал бол Израйльчуудын Египетээс аврагдаж чөлөөлөгдсөн явдлын загвар мэтээр Мөшэхийн үзэж байсан шиг Шинэ Гэрээний зохиогчид Эхлэл номын 1-ийн 1-ээс 2-ийн 3-ийг үүнээс илүү агуу чөлөөлөлт болох Христийн өгөх авралын загвар хэмээн харж байв. Шинэ Гэрээнд Хуучин Гэрээний үеийн Израйльчуудад тулгарч байсан аврал болон шийтгэл нь хожмын агуу өдөр Өөрийн хүү Есүсээр дамжуулан авчрах аврал болон шийтгэлийг урьдчилан хэлсэн юм гэж заадаг. Ийм итгэл үнэмшлийн улмаас Шинэ Гэрээний зохиогчид Мөшэхийн бичсэн бүтээлийн түүхийг Есүс дээр төвлөрүүлэн харж байсан юм. Израйльчууд өөрсдийнхөө их нүүдлийг орчлон хорвоог бүтээсэн үйл явдалтай холбон харж байсан шиг Шинэ Гэрээний зохиогчид Христийг тийнхүү харж байсан юм.

Хүмүүсийг шийтгэлээс чөлөөлөхийн тулд Христийн хийсэн ажлын тухай Шинэ Гэрээний сургаалыг судлахдаа Христ тэднийг шийтгэлээс тэр даруй чөлөөлөөгүй гэдгийг Шинэ Гэрээний зохиогчид сайн ойлгож байсныг үргэлж санаж байх хэрэгтэй. Тэд Христ өөрийн хаант улстай харилцан холбоотой гурван үе шатаар хүмүүст агуу их аврал болон шүүлтийг авчирсан гэж үздэг байв.

Эхлээд, Христ энэ дэлхийд анх ирэхдээ өөрийнхөө хүмүүст авралыг өгсөн юм. Бид Христийн анх ирсэн энэ үеийг Түүний хаант улсын эхлэл гэж нэрлэж болох юм. Шинэ Гэрээнд Христийн амьдрал, Түүний нас барсан, дахин амилсан, тэнгэрт одсон, Пэнтээхөст баярын үеэр болсон явдал болон төлөөлөгчдийн үндсэн үйлчлэл зэргийг Христийн агуу их чөлөөлөлтийн эхлэл гэж үзсэн байдаг.

Хоёрдугаарт, хэдийгээр Христ энэ дэлхийг орхин явсан ч Түүний хаант улс өргөжсөөр байгаа гэдгийг Шинэ Гэрээний зохиогчид ойлгосон байв. Энэ үед сайн мэдээг номлосноор бусдыг аврах чадалтай Ертөнцийн Эзэний хайр энэрэл тархсаар л байх болно. Төлөөлөгчдийн дараах үеэс эхлээд Христийг дахин ирэх хүртэлх итгэгчдийн түүх нь Христийн авралын ажлын үргэлжлэл юм.

Гуравдугаарт, Христ яруу алдраа мандуулан эргэж ирэх үед энэ аврал нь бүрэн болж, Түүний хаант улс байгуулагдаж гүйцнэ гэж Шинэ Гэрээ заадаг. Тэрбээр ёрын мууг ялан дийлж, Түүнд итгээд нас барсан хүмүүс амь орж байгааг бид харна. Бид бас Түүнтэй хамт орчлон хорвоог захирах болно. Христийн анхны ирэлтээр эхэлсэн аврал одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Түүнийг эргэж ирэх үед бүрэн гүйцэд болох юм.

Мөшэхийн бичсэн бүтээлийн түүхийг нарийвчлан боловсруулсан Шинэ Гэрээний зохиогчдын аргыг ойлгоход Христийн хаант улсын энэ гурван үе шат тун чухал учраас бид эдгээрийг тус тусад нь судлах хэрэгтэй. Израйльчуудад зориулан бичсэн Мөшэхийн үлгэр жишээг дагаж Шинэ Гэрээний зохиогчид Эхлэл номонд өгүүлсэн бүтээлийн түүхийг Христийн хаант улсын эхлэл, үргэлжлэл болон төгсгөлтэй холбож бичсэн байдаг. Тэгэхээр Эхлэл номын эхний бүлгийг Христийн хаант улсын эхлэлтэй Шинэ Гэрээнд хэрхэн холбож бичсэнийг үзэцгээе.

Шинэ Гэрээ нь хэрхэн орчлон ертөнцийг бүтээсэн түүхийг Христийн хаант улсын эхлэлийг тайлбарлах линз болгон ашигласан бэ? Тиймээ. Шинэ Гэрээний нилээд олон хэсэгт Христийн анхны ирэлтийг орчлон хорвоог Ертөнцийн Эзэн дахин бүтээх, шинэ хэлбэр дүрстэй болгох гэсэн явдал гэж бичсэн байдаг. Эхлээд Иоганы бичсэн сайн мэдээний эхний хэсгийг үзье. Иоганы 1-ийн 1-ээс 3-т ингэж бичсэн байдаг:

Орчлон ертөнц бий болж, оршин тогтнохоос ч өмнө тэр нэгэн илчлэгч байжээ. Тэр илчлэгч Ертөнцийн Эзэнтэй үргэлж хамт байсан бөгөөд үнэндээ тэр илчлэгч бол Ертөнцийн Эзэн юм. Орчлон ертөнц болон тэнд оршин тогтнож буй бүх юмыг Ертөнцийн Эзэн түүгээр бүтээлгэсэн билээ. Тиймээс ч түүний оролцоогүйгээр Ертөнцийн Эзэн юу ч бүтээгээгүй (Иоганы 1:1-3).

Иоганы бичсэн сайн мэдээ нь “Эхэнд” гэсэн байгааг анхаараарай. Энэ нь Эхлэл номын 1-р бүлгийн 1-ийн эхний хэсэгт Мөшэхийн бичсэн “Эхэнд” гэсэн үгнээс гаралтай гэдгийг бид бүгд мэднэ:

Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ (Эхэнд 1:1).

Бүр эхнээсээ л Иоган уншигчидаа Эхлэл номонд буй бүтээлийн түүх рүү хандуулж байна. Дараа нь Иоган, Христ бол бүхнийг бүтээсэн Ариун Гурвалын нэг нь байсан юм гэж хэлж байна. Тэр бол орчлон ертөнцийг бүтээсэн Ертөнцийн Эзэн мөн.

Хэдийгээр эдгээр ишлэл нь орчлон ертөнцийг бүтээсэн түүхийг тодорхой дурдаж эхэлдэг боловч цааш үргэлжлүүлэн уншихад Иоган Эхлэл номонд гардаг бүтээлийн өөр нэг цуврал үйл явдал руу аажмаар шилжсэн байдаг. Listen to what he wrote in the next verses, in John 1:4-5:

Түүний гарт амьдралын эх үүсвэр бий. Тэр амьдрал нь хүн төрөлхтөний гэрэл буюу. Тэр гэрэл тас харанхуй дунд гэрэлтэвч түнэр харанхуй түүнийг бөхөөж чадсангүй ээ (Иоган 1:4-5).

Энд ч гэсэн Иоган Эхлэлийн 1-р бүлэгт өгүүлсэн сэдвээ үргэлжлүүлж байна. Ялангуяа Ертөнцийн Эзэн анхны өдөр харанхуй эмх цэгцгүй байсан дэлхийд гэрэл авчирсаныг хөнджээ. Иоган Есүсийг зүгээр л Эхлэл номонд гардаг гэрэлтэй зүйрлүүлэхийн оронд, хүн болж төрсөн Есүс бол гэмээс болж тас харанхуй болсон хүн төрөлхтөнийг гэрэлтүүлэх гэрэл юм гэж хэлж байна. Орчлон ертөнцийг бүтээсэн түүхээс Есүсийн ирсэн түүх рүү шилжсэнээрээ Иоган гэмтэй харанхуй хүн төрөлхтөний дунд Христийн гэрэл туссан нь орчлон ертөнцийг бүтээж байхдаа хийж байсныхаа адил Ертөнцийн Эзэн эмх цэгцгүй энэ дэлхийг эмх цэгцтэй болгож байгаа хэрэг гэдгийг харуулсан юм.

Үүнтэй адил санаа 2 Коринфийн 4-ийн 5-аас 6-д гардаг. Тэнд Пууль үйлчлэлийнхээ бахархлыг ингэж тайлбарласан байдаг:

“Гэрэл гэгээ бий болсугай” гэж хэлсэн Ертөнцийн Эзэн бидний таг харанхуй сэтгэл санааг бас гэрэлтүүлсэн. Ертөнцийн Эзэний яруу алдар Есүс Христийн өгсөн хүч чадлаар харагддаг юм (2 Коринф 4:6).

Энд Пууль “Гэрэл гэгээ бий болсугай” гэж хэлсэн Ертөнцийн Эзэн хэмээн Эхлэл номын 1-р бүлгээс шууд дурджээ. Тэр эхлээд гэрэл бий болсон тухай анхны эмх цэгцэн дээр анхаарлаа хандуулж байснаа бүтээлийн энэ түүхтэй зэрэгцээ болсон өөр нэг чухал зүйл дээр анхаарлаа хандуулж байна. Ертөнцийн Эзэний яруу алдар Есүс Христээр харагдах үед Ертөнцийн Эзэн бас “бидний таг харанхуй сэтгэл санааг гэрэлтүүлсэн”, гэжээ.

Христийн хүч чадал энэ дэлхий дээр харагдсан үе буюу Христийн хаант улсын эхлэлийг орчлон ертөнцийг бүтээсэн Ертөнцийн Эзэний ажилтай холбосон цагт л илүү сайн ойлгох болно хэмээн төлөөлөгч Пууль хэлж байна. Орчлон ертөнцийг бүтээж байх үед гэрлээр харагдсан Ертөнцийн Эзэний тэр л яруу алдар харанхуй хүн төрөлхтөний дунд Христ анх ирэх үед бас харагдсан юм.

Бид дээрх хоёр ишлэлээс Христэд итгэгчид Мөшэхийн бичсэн бүтээлийн түүхэнд яаж хандах ёстойг олж мэдлээ. Христийн сургаалыг дагагчид Эхлэл номын 1-р бүлгээс дүрслэл, хүлээлт буюу Христийн анхны ирэлтээр Ертөнцийн Эзэний хийсэн зүйл болох Түүний хаант улсын эхлэлийн тухай олж мэдсэн юм.

Олон талаараа та ч, би ч Мөшэхийг дагаж байсан Израйльчуудад тулгарч байсан уруу татлагатай тулгардаг билээ. Израйльчуудыг Египетийн дарлалаас чөлөөлсөнтэй адил зүйлийг энэ дэлхийд Христийг ирэх үед Ертөнцийн Эзэн хийсэн юм. Гэвч заримдаа бид 2000 жилийн өмнө Христийн хийсэн ажил ямар гайхамшигтай агуу байсныг ойлгохгүй байх нь ч бий. Ямар ч мэдээлэлгүй хүний үзэл бодлоор бол Христийн амьдрал тийм ч чухал биш аж. Түүний амьдралыг тухайн цаг үед болж байсан төдийлөн ач холбогдолгүй олон үйл явдлын нэг мэт үл хэрэгсэж ч болох юм. Бид Христийн тухай ингэж бодох үедээ Шинэ Гэрээний ерөнхий үзэл санааг санаж байх хэрэгтэй. Энэ дэлхийд Христ ирсэн нь орчлон хорвоог дахин эмх цэгцтэй болгох Ертөнцийн Эзэний сүүлчийн ажлын эхлэл байв. Ертөнцийн Эзэн гэм болон үхлээр дүүрэн эмх замбараагүй харанхуйгаас хүмүүсийг чөлөөлсөн юм. Христийн эхний ирэлт нь Ертөнцийн Эзэний хувьд бүтээсэн орчлон ертөнцөө өөртөө болон өөрийнхөө дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийн үүрд оршин суух мөнхийн амьдралыг өгөх газар болгох үйл явцыг эхлүүлсэн юм. Бид Түүнд, ганцхан Түүнд л итгэл найдвараа тавих хэрэгтэй.

Бид Шинэ Гэрээнд Христийн эхний ирэлтийн ач холбогдлыг тайлбарлахын тулд бүтээлийн түүхийг ашигласныг харлаа. Одоо бид Шинэ Гэрээнд Христийн эхний болон хоёрдахь ирэлтийн хоорондох үеийг хамарсан хаант улсынх нь үргэлжлэл ч мөн адил дахин шинээр бүтээх үйл явцтай холбоотой гэж байдгийг авч үзэх болно.

Энэ санааг дүрсэлсэн бид бүхэнд танил болсон нэг ишлэл бол 2 Коринфийн 5-ийн 17 юм. Энд:

Тийм учраас Христтэй нэгдмэл болсон хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь үгүй болж шинэ болдог (2 Коринф 5:17).

Библийн Жеймс Хааны орчуулгад энэ ишлэлийг “Христтэй нэгдсэн хүн шинэ хүн болдог” гэж орчуулсан байдаг. Энэ жаахан хангалтгүй орчуулга юм. Учир нь Эхлэлийн 1-р бүлэгт өгүүлдэг бүтээлийн түүхийг битүүхэндээ сануулж байгаа Пуулийн санааг дамжуулж чадаагүй. “Хүн” гэж биш “бүтээл” гэж (орчин үеийн олон орчуулгад бас ингэж орчуулсан байдаг) зөв орчуулсан энэ үг нь Грек хэлээр “Катисис” (κτίσις) гэсэн үг юм. Үнэндээ энэ хэсгийг тухайн ишлэлд “нэгэн шинэ бүтээл бий боллоо” гэж орчуулж болох юм. Пууль хүмүүс авралын итгэлээр дамжин Христ дээр ирэхэд тэд шинэ хаант улс, шинэ дэлхий, шинэ бүтээлийн нэг хэсэг болдог юм гэдэг санааг л хэлэх гэсэн бололтой.

Энэ үүднээс үзэх юм бол Түүний хаант улс өргөжин тэлэх үеэр Христэд итгэлээ тавьсан эрэгтэй эмэгтэй хэн боловч шинэ бүтээл болсоноо мэдэрдэг гэдгийг ойлгох болно. Энэ утгаар бол Эхлэл номонд буй бүтээлийн түүх нь Христийн тухай сонсож, Түүнд итгэж, Түүнийг дагаж байгаа хүн бүрт юу тохиолддогийг үнэн зөв ойлгох арга зам болдог юм. Бид Ертөнцийн Эзэний шинэ бүтээлийн нэг хэсэг болж энэ дэлхийд зориулсан Ертөнцийн Эзэний төгс эмх журмын гайхамшгийг мэдэрч эхэлдэг.

Тэгэхээр хувь хүний авралын үйл явцыг дүрслэхдээ Пууль Мөшэхийн бичсэн бүтээлийн түүх рүү өөр нэг байдлаар хандсанд гайхах явдалгүй юм. Холосасын 3-ийн 9-ээс 10-т ингэж бичсэн байдаг:

Та нар Есүст итгэхдээ муу зан чанар ба түүнээс гардаг амьдралын хүлээсийг тайлж, цоо шинэ ариун чанартай болж, Бүтээгчийнхээ дүр төрхөөр шинэчлэгдсэн юм (Холосас 3:9-10).

Энэ ишлэлд төлөөлөгч Пууль Эхлэлийн 1-р бүлгийг харгалзан үзэж Христийг дагахад хүмүүст юу тохиолдохыг дүрсэлсэн байна. Бид “Бүтээгчийнхээ дүр төрхөөр шинэчлэгдсэн” юм. Пууль мэдээж Ертөнцийн Эзэний бүтээсэн өв тэгш дэлхийд Адаам, Хавваах хоёрыг оролцуулаад “Түүний дүр төрхөөр” бүтээгдсэн хүмүүсийн тухай Эхлэлийн 1-ийн 27-д Мөшэхийн хэлсэн үгийг дурдсан байна. Христийн Хаант улс өргөжих үеэр итгэгч бид өвөг дээдэст маань Ертөнцийн Эзэний дүр төрхөөр бүтээгдсэнийх нь хувьд өгөгдсөн тэр л байр суурийг олж авахын тулд насан туршдаа шинэчлэгдсээр байх болно.

Шинэ Гэрээ нь Мөшэхийн бичсэн бүтээлийн тухай мэдээг Христийн хийсэн ажлыг Түүний хаант улсын эхлэлээс гадна мөн энэ ер бусын улсын үргэлжлэлтэй холбож ойлгох гол жишиг болгон ашигласныг дээрх хоёр ишлэл харуулж байна. Шинэ Гэрээний зохиогчид Мөшэхийн бичсэн бүтээлийн тухай түүхийн сэдвийг өөр нэг байдлаар ашигласан байдаг. Тэд Христийн эхний ирэлтийг шинэ бүтээлийн эхлэл, харин Түүний хаант улсын үргэлжлэлийг хувь хүмүүс шинэ бүтээлийн үр нөлөөг амьдралдаа мэдрэх үе гэж үзсэнээс гадна бүтээлийн тухай сэдвийг Христийн хийсэн ажлын сүүлчийн шат болох Түүний Хаант улсын төгсгөлтэй бас холбосон байдаг.

Шинэ Гэрээнд үүнтэй холбоотой наад зах нь хоёр ишлэл байдаг. Эхнийх нь Еврейчүүдэд номын 4-р бүлэг. Энд Христийн дахин ирэхийг Мөшэхийн бичсэн бүтээлийн түүхээс иш татаж өгүүлжээ:

Түүний сургаалд “Ертөнцийн Эзэн долоо дахь өдөр эхлэхээс өмнө бүх ажлаа гүйцээсэн учраас долдугаар өдөрт амарчээ” гэсэн байдаг ... Ертөнцийн Эзэн өөрийнх нь болсон хүмүүст хэзээ нэгэн цагт ер бусын амар тайван амьдралд орж чадна гэдгийг илэрхийлжээ. Ертөнцийн Эзэн өөрөө орчлон ертөнцийг бүтээж дуусаад бүрмөсөн амарсан бол түүнтэй нэгдсэн хүмүүс бас ер бусын амар тайван байдлыг хүлээн авна. Тиймээс хүн бүр ер бусын амар тайван байдалд орохыг хичээх ёстой (Еврейчүүд 4:4-11).

Мөшэх Эхлэлийн 2-р бүлэгт Ертөнцийн Эзэний Саббат өдрийг амралтын газар болсон Хинаан руу Израйльчуудыг явуулах хөшүүрэг болгон ашигласан. Еврейчүүдэд номыг зохиогч Ертөнцийн Эзэний Саббат өдрийг Христийг эргэж ирэх үед бид бүхний үзэж мэдрэх эцсийн чөлөөлөлтийн төгс загвар гэж үзжээ. Ертөнцийн Эзэн эхэнд орчлон хорвоог төгс бүтээж дуусаад Саббат өдрийн амралтаа эдэлсэн шиг Христ яруу алдраа дуурсган эргэж ирэхдээ энэ дэлхийг дахин эмх журамтай болгож Өөрийн хүмүүст эцсийн Саббатын баяр хөөрийг өгөх болно. Бид тэр өдрийг хүлээхдээ энэ дэлхийд Христийг эргэж ирэх үед бий болох тэр амралтыг эдлэхийн тулд бүх хүчин чармайлтаа зориулах ёстой юм.

Эцэст нь, Христийн хоёрдахь ирэлтийг Мөшэхийн бичсэн бүтээлийн түүхтэй холбосон гайхалтай нэг хэсэг бол Үзэгдэл номын 21-ийн 1 юм. Иоган бүтээлийн тухай сэдвийг Христийн эргэж ирэх үйл явдалтай хэрхэн холбосныг үзье:

Анхны дэлхий ертөнц үгүй болоход Ертөнцийн Эзэн цоо шинэ дэлхийг бүтээснийг би үзлээ. Харин тэр шинэ дэлхийд тэнгис далай үл үзэгдэнэ (Үзэгдэл 21:1).

Иоган шинэ дэлхийн тухай өгүүлж байна. Энэ ишлэл нь“орчлон ертөнцийг Ертөнцийн Эзэн бүтээв” гэсэн Эхлэлийн 1-ийн 1-ийг санагдуулж байна. Харин Иоган “тэр шинэ дэлхийд тэнгис далай үл үзэгдэнэ” гэж хэлсэн байна. Эхлэлийн 1-ийн 9-д Ертөнцийн Эзэн далайн усыг хязгаарлаж, хил хязгаарыг нь тогтоосноор хүн төрөлхтөний аюулгүй амьдрах нутаг, хуурай газрыг бий болгодог. Харин Христийг эргэж ирэх үед бий болох шинэ дэлхийд давстай шорвог далайн ус нь газар дэлхийгээс тэр чигтээ арилж, оронд нь амьдрал өгөгч шинэ ус бий болох юм. Христийн хийсэн ажил нь Эхлэл номын 1-р бүлэгт гардаг бүтээлийн өдрүүдтэй их төстэй бөгөөд Ертөнцийн Эзэн Христээр дамжуулан төгс эмх цэгцийг авчрах болно. Орчлон ертөнцийг бүхэлд нь дахин бүтээж, шинэ тэнгэр шинэ газар бий болгоно. Тэр шинэ дэлхийд Ертөнцийн Эзэн болон түүний хүмүүс хамтдаа баяр жаргалтай байх болно.

Харамсалтай нь Христэд итгэгчид голдуу мөнхийн итгэл найдвараа орчлон ертөнцийг бүтээсэн үйл явцтай холбож үздэггүй.. Бид мөнхийн амьдралаа тэнгэрт буй ер бусын ертөнцөд өнгөрөөнө гэж тааварладаг. Харин Шинэ Гэрээ энэ талаар тун тодорхой өгүүлжээ. Бидний эцсийн хувь тавилан бол бүтээлийн долоо дахь өдөр буюу Саббат өдөрт буцаж очих явдал юм. Бид шинэ дэлхийд мөнхийн амьдралаа өнгөрөөх болно. Энэ бол Мөшэхийн үеийн Израйльчуудын төдийгүй өнөөгийн бидний итгэл найдвар юм. Бид Шинэ Гэрээг удирдлага болгохдоо Эхлэл номын эхний бүлгийг олон жилийн өмнө болсон үйл явдлыг бичсэн тайлан төдий зүйл гэж үзэж болохгүй. Энэ бол Христийн эхний ирэлтийн үед Ертөнцийн Эзэн юу хийснийг, бидний амьдарч буй энэ үед Тэрбээр юу хийж байгааг мөн Христийг эргэж ирэх үед Түүний хийж гүйцээх ажлын дүр зураг юм.

Христийн хаант улсын энэ гурван шат бүрт Ертөнцийн Эзэн энэ дэлхийд болон бидний амьдралд буй гэм ба үхлийн эсрэг байна. Түүний хаант улсын эхлэл, үргэлжлэл болон төгсгөлд тэрбээр үүний эцсийн төгс цэг болох өөрийнхөө хүмүүсийн гайхалтай шинэ бүтээлд хүрэх замыг заасан юм.

Энэ хичээлээр бид Эхлэл номын эхний 11 бүлэг дэх бүхнийг хамарсан зорилго, Эхлэлийн 1-ийн 1-ээс 2-ийн 3 хүртэлх хэсгийн бүтэц болон эх утга, мөн Шинэ гэрээ бүтээлийн түүхийн сэдвийг Христ болон бидний амьдралтай хэрхэн холбосон зэрэг дөрвөн гол санааг үзлээ. Мөшэхийн бичсэн бүтээлийн түүхийг өнөөгийн цаг үед хамааруулж үзэх нь яах аргагүй гайхал төрүүлэм билээ.

Өнөөгийн энэ цаг үед амьдарч буй Христэд итгэгч хүнийхээ хувьд бид Эхлэл номонд хэлж буй Мөшэхийн гол зорилго Христтэй нэгдмэл бидний амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг ойлгох хэрэгтэй. Эхлэл номын эхний бүлгүүдийг анх сонссон Израйльчууд шиг бид гэмт явдлаар дүүрэн энэ дэлхийд Христийг дагаж амьдрахдаа заримдаа сэтгэлээр амархан унадаг. Ертөнцийн Эзэний бүтээсэн өв тэгш дэлхий рүү явж байна хэмээн Мөшэх уншигчдаа зоригжуулж байсан шиг бид бас Ертөнцийн Эзэний гайхамшигтай замаар Христтэй нэгдмэл төгс дэлхий рүү явж байхдаа урамшин зоригжих ёстой билээ.

Атрахасисийн тууль (Atrahasis Epic) – Их үер, бүтээл, уналт, болон шинэ эхлэлийн тухай өгүүлдэг эртний Вавилоны түүх

Бүрэн төгс ялах үе – (consummation) – Христ эргэн ирж, түүхэн дэх Бурханы туйлын зорилгыг биелүүлэх тэрхүү эцсийн юмсын эхлэлийн гурав дахь буюу эцсийн үе шат

Үргэлжлэл үе (continuation) – Эцсийн юмсын эхлэлийн хоёр дахь буюу дунд шат. Энэ нь Христийн анхны ирэлтээс хойших, эцсийн ялалтаас өмнөх Бурханы хаанчлалын үе

Бүтээлийн зарлигууд (creation ordinances) – Бурханы бүхнийг бүтээсэн эхний үйлдлээр бий болж тогтсон ёсзүй шаардлага/тушаалуудыг хэлнэ

Энума Элиш (Enuma Elish) – Эртний Вавилоны ертөнц хэрхэн бүтсэн тухай түүх

Гильгамешийн тууль (Gilgamesh Epic) – Библийн их үертэй маш төстэй түүх гардаг эртний Месопотамийн найраглал

Эхлэлийн үе (inauguration) – Эцсийн юмсын эхний үе шат. Энэ нь Христийн эхний ирэлт болон Түүний элч нар ба эш үзүүлэгчдийн үйлчлэлийг хэлдэг

Ер бусын оролцоо (inspiration) – Ариун Сүнс хүнийг хөдөлгөн Бурханы илчлэлийг алдаа мадаггүй бичихэд нь туслан хянах оролцоог илэрхийлсэн Теологийн хэллэг

загвар (prototype) – Аливаа зүйлийн эх хэлбэрийг бусад зүйлээр үлгэрлэн харуулж буйг хэлнэ

Саббат өдөр (Sabbath) – Амралтын өдөр; Еврейгээр Шаббат гэдэг

тоохүү (tohu) – Хоосон, хэлбэргүй, амгүй гэсэн утга бүхий Еврей үг

Continue reading the full transcript