(Эхдагшны түүх - 3-р хичээл) Эхлэл 4:1-6:8-ийг судалж, хүний хөвөрөл хэрхэн ертөнцийг хүчирхийллээр дүүргэж эхэлсэн, мөн Бурхан тэр зовлонд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн тухай дүрсэлдэг.
From the transcript
Жаахан хүүхдүүд аймшиггүйгээр аюул руу явж ордгийг та анзаарсан уу? Тэд харж хандах хүнгүй замын гол руу хүрч очно, болгоомжлох юмгүй хурц хутга барьж авна. Бас заримдаа танихгүй хүн рүү очин гараас нь хөтлөөд явахдаа тэр хүн хүч хэрэглэж болох юм гэж огтхон ч сэрэмжилдэггүй.
Харин мэдээж томчууд бол энэ дэлхий гай зовлонгоор дүүрэн болохыг мэддэг. Байгалийн гамшиг амь нас, эд хөрөнгө сүйтгэж, өвчин араасаа зовлон дагуулж, машин механизм хүнийг бэртээж болно. Гэхдээ магадгүй, хамгийн хэцүү нь хүн хүндээ учруулдаг аюул гэдгийг бид мэднэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүч хэрэглэн адилхан хүн рүүгээ халдаж, амийг нь хөнөөж, дайтдаг. Хэрэв та хүн төрөлхтний түүх ч юмуу өнөөгийн үйл явдлуудад анхаарлаа хандуулвал дэлхий хүчирхийллээр дүүрчээ гэдэгтэй санал хийлэх байх.
Бид энэ хичээлээ “Хүчирхийллээр дүүрэн хорвоо” гэж нэрлэсэн бөгөөд хүн төрөлхтөн гэм хийсний дараахан энэ дэлхийд ямар бэрхшээл, хүчирхийлэл тулгарсан тухай Мөшэх Эхлэлийн 4-р бүлгийн 1-ээс 6-р бүлгийн 8-р ишлэлд юу гэж бичсэнийг үзнэ. Мөшэх энэ бүлгүүдэд хүн төрөлхтөн хэрхэн дэлхийг хүчирхийлэлээр дүүргэсэн тухай, үүнд Ертөнцийн Эзэн яаж хариулсан тухай дүрсэлжээ. Эхлэл номын энэ хэсгийг бид гурван талаас нь судална. Нэгдүгээрт, энэ текстийн утга зохиолын бүтцийг судална. Хоёрдугаарт, энэ бүлгүүдийн эх утгыг онцлон үзнэ. Гуравдугаарт, энэ хэсгийг одоо үед хэрхэн хэрэгжүүлэх талаар Шинэ Гэрээ юу өгүүлдгийг судалж үзнэ. За эхлээд Эхлэл номын 4-р бүлгийн 1-ээс 6-р бүлгийн 8 дахь ишлэлийн утга зохиолын бүтцийг үзэж танилцья.
Энэ бүлгүүд хэд хэдэн өөр сэдвийг хөндсөн хүүрнэлүүд болон угийн бичгийн аль алийг агуулдаг. Энэ нийлмэл байдлыг харахад эдгээр бүлэг хоорондоо төдий л авцалдаагүй юм шиг санагддаг. Гэхдээ Эхлэлийн энэ хэсгийг нухацтай судалвал хянамгай урласан, нэгдмэл зорилготой бүтээл болох нь мэдэгднэ. Эхлэлийн 4-р бүлгийн 1-ээс 6-ийн 8-р ишлэлийг харахад үндсэн хоёр хэсэгтэй нь мэдэгднэ. Эхний хэсэгт 4-р бүлгийн 1-ээс 5-р бүлгийн 32-р ишлэл орох ба бид үүнийг “Эхэн үеийн хүчирхийлэл ба найдвар” гэж нэрлэсэн. Харин 6-р бүлгийн 1-ээс 8 дахь ишлэл хүртэлх хоёр дахь хэсгийг: “Хожмын үеийн хүчирхийлэл ба найдвар” гэж нэрлэсэн.
Эхэн үеийн хүчирхийлэл, түүнээс чөлөөлөгдөх найдварын тухай 4-5-р бүлэг дөрвөн хэсэгтэй. Эдгээр хэсгүүд хүүрнэл болон угийн бичиг гэсэн параллель бүтэцтэй байна. 4-р бүлгийн 1-ээс 16-р ишлэл дэх хүүрнэл мөн бүлгийн 25, 26-р ишлэлийн хүүрнэлтэй холбоотой байдаг. Бид адил төстэй хүүрнэлүүдийг холбоог судалж үзэх аргаар энэ текстийг шинжилнэ. Дараа нь зэрэгцээ хоёр угийн бичигт анхаарлаа хандуулах болно.
Хүүрнэлүүд
Мөшэх эхлээд 4-р бүлгийн 1-16-р ишлэлд гэмт муу Хаяаны тухай бичиж эхэлжээ. Хаяан атаа хорсолдоо автан Хэвээл дүүгээ хөнөөсөн тухай өгүүлдэг энэ эртний түүхийг хүмүүс сайн мэддэг билээ. Энэ хэсгийг нухацтай ажиглавал таван үе шатад хуваагдах нь тодорхой болно. Нэг болон 2-р ишлэлийн эхэн хэсэгт Хаяан Хэвээл хоёр эв найртай амьдарч байгааг өгүүлжээ. Гэвч 16 дахь ишлэл буюу хүүрнэлийн төгсгөлөөс огт өөр дүр зураг харагдана. Энд үржил шимт газраас, гэр бүлээсээ, Ертөнцийн Эзэний дэргэдээс хөөгдсөн Хаяан ганцаараа болсон байдаг.
Үйл явдлын хоёр дахь шат 2-р ишлэлийн дундаас 7-р ишлэлд өрнөх ба энд Хаяан яагаад Хэвээлийг хөнөөх болсныг, ялангуяа Ертөнцийн Эзэнд өргөсөн тэдний өргөлийн ялгааг харуулжээ. Нэг үгээр хэлбэл Ертөнцийн Эзэн Хэвээлийн өргөлийг таалж, Хаяаныхыг хэрэгсээгүй. Гэмийн эрхшээлд оруузай хэмээн Ертөнцийн Эзэн анхааруулсан ч Хаяан тоомсорлоогүй.
Хүүрнэлийн гурав дахь хэсэг болох 8-р ишлэл бол энэ түүхийн шийдвэрлэх үе юм. Хаяан дүүгийнхээ амийг егүүтгэсэн. Хаяан, Хэвээл хоёр өргөлийн газраас холдон хээр очсоны дараа яг Ертөнцийн Эзэний болгоомжлуулсан явдал болж, Хаяан гэмд захирагдан хүний түүхэн дэх анхны алуурчин болсон.
Хүүрнэлийн тав дахь хэсэг буюу 9-15 дахь ишлэлд Ертөнцийн Эзэн Хаяаныг хэрхэн хараасан, мөн хэрхэн хамгаалсаныг өгүүлжээ. Ертөнцийн Эзэн түүнийг хараан Ээдэн цэцэрлэгээс хол газар тэнүүчлүүлэхээр хөөсний зэрэгцээ хүмүүсийн халдлагаас хамгаалж өгсөн.
Тэгэхээр 4-5-р бүлэг Хаяаны хийсэн аймшигт гэмийн түүхээр эхэлж байгааг бид харж байна. Тэрбээр зөв шударга Хэвээл дүүгээ хөнөөх хүртлээ эвдэрсэн байв. Үүнийхээ уршгаар Ертөнцийн Эзэний ерөөсөн газраас насан турш хол амьдарсан билээ.
Бид Эхлэлийн 4-5-р бүлэг дэх эхний хүүрнэлийн бүтцийг үзлээ. Тэгвэл бол одоо 4-р бүлгийн 25, 26-р ишлэлд өгүүлсэн параллель хоёр дахь хүүрнэлд анхаарлаа хандуулцгаая. Энэ хэсэг биднийг гэмт Хаяанаас Адамын гурав дахь хүү зөв шударга Шээт рүү чиглүүлнэ.
Зөв шударга Шээтийн тухай гурван товч мэдээлэл өгөгджээ. Нэгд Хаваах Шээтийг төрүүлсэн тухай 4-р бүлгийн 25-р ишлэл, хоёрт, Шээт мөн Яноош гэдэг хүүтэй болсон тухай 4-р бүлгийн 26-р ишлэлийн эхний хэсэгт дурддаг. Энэ үйл явдлын талаар цааш нь ямар нэгэн зүйлийг онцлоогүй боловч Мөшэх энэ гэр бүлийн сүнслэг ариун байдлын тухай өгүүлж байгаа гуравдахь мэдээллийг 4: 26-н б-ээс харж болно. 4:26 б-д Мөшэх:
Тэр үеэс эхлэн хүмүүс Ертөнцийн Эзэнийг “Мөнхийн Эзэн минь” хэмээн хүндэлдэг болов (Эхлэл 4: 26 б).
Энгийн үгээр хэлэхэд Шээт, Яноош нар Ертөнцийн Эзэнийг дуудан гуйж байжээ. Гэмт муу Хаяанаас ялгаатай нь энэ хоёр хүн Ертөнцийн Эзэний өмнө зөв шударга байсан бөгөөд үүнийгээ үнэнч хүндлэл, гуйлтаар харуулсан.
Энэ зэрэгцээ хоёр хүүрнэл эрс ялгаатай байгааг санангаа 4, 5-р бүлэг дэх зэрэгцээ хоёр угийн бичиг рүү орьё. Эхлэлийн 4, 5-р бүлэг дэх угийн бичгийг цусан төрлийн удам угсааг бичсэн ойлгомжгүй тэмдэглэл мэтээр ойлгодогоос олон хүн ач холбогдлыг нь анзааралгүй өнгөрдөг. Харин энэ угийг бичгүүдийг сайн харвал Мөшэхийг балар эртний түүхээ бичихэд хүргэсэн зорилгод нийцсэн чухал мэдээлэл агуулсан нь мэдэгддэг.
Нэг талаар, 4-р бүлгийн 17-24-р ишлэл дэх эхний ургийн бичигт Хаяаны гэмт удам угсааг тэмдэглэсэн бөгөөд Мөшэх Хаяаны үр удмынхныг дурдахдаа гэмийн улмаас энэ удмынхан бардам, сагсуу, бусдад заналхийлсан хүмүүс болсоныг үзүүлсэн.
5-р бүлгийн 1-32 дахь ишлэлд гарах хоёр дахь угийн бичиг бол Шээтийн зөв шударга удам угсааных юм. Мөшэх энэ хэсэгт Шээтийн удмын хэдэн чухал хүний нэрийг тэмдэглэсэн. Хаяаны талынхнаас эрс ялгаатай нь энэ гэр бүл үнэнч зөв шударга хэвээр байжээ.
Мөшэх аль аль нэрсийн жагсаалтын ижилхэн нэртэй хүмүүсийн талаар юу бичсэнээс энэ санааг бас харж болно. Хаяаны ч, Шээтийн ч ургийн бичигт Хануух, Ламэх гэдэг нэртэй хүмүүс байсан бөгөөд Мөшэх тэднийг илт харьцуулан харуулсан байдаг. Хануух гэдэг нэртэй хоёр хүний талаар Мөшэх юу бичсэнийг эхлээд харья. Нэг талаар, Эхлэлийн 4-р бүлгийн 17-р ишлэлд Хаяаны хүү Хануухын талаар:
Хаяан хот байгуулаад хүүгийнхээ нэрээр нэрлэв (Эхлэл 4:17).
Хаяан, Хануух хоёр өөрсдийгөө омог бардмаар өргөмжлөн хотыг Хануух гэж нэрлэсэн. Мөшэх Шээтийн удмын Хануухын талаар юу гэж бичсэнийг үзвэл энэ тайлбарын учир олдно. 5-р бүлгийн 24-р ишлэлд Шээтийн удмын Хануухын талаар:
Хануух Ертөнцийн Эзэнтэй маш дотно байсан бөгөөд…Ертөнцийн Эзэн түүнийг өөртөө авсан учир тэр гэнэт алга болжээ (Эхлэл 5: 24).
Гэмт муу Хануух, зөв шударга Хануух хоёрын хоорондох шиг ийм гайхалтай их ялгааг өөр хүмүүсийг харьцуулаад олоход хэцүү байх.
Мөшэх Хануух гэдэг нэртэй хоёр хүнийг хооронд нь жишсэнээс гадна Хаяаны угсаанд ч, Шээтийн угсаанд ч Ламэх гэдэг хүн байсныг нэрлэсэн. Энэ хоёр хүн ч бас хоорондоо маш их ялгаатай байжээ. Хаяаны удмын Ламэх их муухай зан зантай хүн байсан. Эхлэлийн 4-н 23, 24-р ишлэлээс Ламэх алуурчин байсан төдийгүй иймэрхүү гавъяагаараа их л бахархдаг байсныг харж болно.
Харин Шээтийн удмын Ламэхын зан чанарыг харуулахын тулд хүүгээ төрөхөд хэлсэн үгийг нь 5-р бүлгийн 29-д бичжээ:
[Ламех] “Мөнхийн Эзэн газар шороог хараасан учраас бид хүнд хүчир ажилд түүртэж явна. Энэ хүү ажлыг маань жаахан хөнгөлж өгөх биз гээд хүүдээ Нуах гэдэг нэр өгчээ” (Эхлэл 5:29).
Тухайн үеийнхээ заншлаар Ламэх хүүгийнхээ нэрийг Ертөнцийн Эзэнд өргөсөн гуйлт болгосноороо Адаам Хаваахын үед хараагдсан газар дээрх хүнд хүчир амьдралаас ангижирч магадгүй гэсэн найдвараа илэрхийлсэн байна.
Эхлэлийн 4-5-р бүлэгт эхэн үеийн хүчирхийлэл болон түүнээс чөлөөлөгдөх найдварыг хэрхэн илэрхийлснийг бид үзлээ. Одоо хожмын үеийн хүчирхийлэл ба найдварын тухай Эхлэлийн 6-р бүлгийн 1-8-р ишлэлд юу бичсэнийг харъя.
6-р бүлгийн 1-ээс 8-р ишлэлийг анхааралтай харвал энэ хэсгийг гурван үед хуваан үзэж болох юм: Нэгд, 1-3-р ишлэлд Ертөнцийн Эзэний хөвгүүд гэж нэрлэгдсэн дүр гардаг. Хоёрт, 4-7-р ишлэл Нефилим гэдэг дүрд анхаарлаа чиглүүлжээ. Мөшэх энэ хоёр үе шатын дараа 8-р ишлэлд дүгнэн бичихдээ зовлонгоос чөлөөлөх найдвар болсон Нуахын тухай дахин дурдсан.
Ертөнцийн Эзэний хөвгүүд
Эдгээр ишлэлийн хоёр гол үе шатанд дэлхийд болсон хэдэн аюултай явдлыг тодорхойлоод Ертөнцийн Эзэн тэр бүхнийг хэрхэн үзсэнийг илэрхийлжээ. Эхлээд 6-р бүлгийн 1-3-р ишлэл дэх Ертөнцийн Эзэний хөвгүүдийн аюул занал болон Ертөнцийн Эзэн түүнд яаж хандсаныг үзье.
Харамсалтай нь энэ бол Эхлэл номын тайлбарлахад хамгийн хэцүү ишлэлүүдийн нэг хэсэг юм. Ялангуяа 2-р ишлэлийг тайлбарлахад хэцүү. Энд:
Ертөнцийн Эзэний хөвгүүд хүний охид гоо үзэсгэлэнтэйг хараад дуртай болгоноо авч гэрлэв (Эхлэл 6:2).
Ертөнцийн Эзэний хөвгүүд, хүний охид гэж хэн болохыг Мөшэх тодорхой тайлбарлаагүй. Үүнийг анхны уншигчид нь ойлгоно гэж тэр бодож байсан нь илэрхий байна. Гэвч орчин үеийн уншигчдын хувьд эдгээр хэллэгээр хэнийг илэрхийлснийг яг таг тогтоох боломжгүй байгаа.
Үүнд гурван боломжийн тайлбар санал болгосоор ирсэн түүхтэй. Нэгд, Ертөнцийн Эзэний хөвгүүд гэж Хаяаны удмын эмэгтэйчүүдтэй гэрлэсэн Шээтийн удмынхан байж болно. Эхлэлийн 4, 5-р бүлэгт дурдсанчлан Хаяаны болон Шээтийн удмынхан эрс ялгаатай байсан учир энэ тайлбар үнэн ч байж болно. Хоёрт, “Ертөнцийн Эзэний хөвгүүд” гэж ер бусын элч нар, “хүний охид” гэж жирийн хүмүүс байж магад. Иовын 1:1, Дуулалын 29:1 гэх мэт Хуучин Гэрээний ишлэлүүдэд ер бусын элч нарыг “Ертөнцийн Эзэний хөвгүүд” гэж олонтаа нэрлэсэн байдаг учир энэ үзэлд бас үнэний хувь бий. Гуравт, “Ертөнцийн Эзэний хөвгүүд” гэж тариачин эмэгтэйчүүдийг авсан хаад язгууртнууд байж болно. 2-р Самуелийн 7:14, Дуулалын 2:7 зэрэг ишлэлд Давид хааныг “Ертөнцийн Эзэний хүү” гэж нэрлэсэн шиг эртний ойрх дорнодод хаадыг Ертөнцийн Эзэний хөвгүүд гэж олонтаа дууддаг байсан тул энэ үзэл бас үнэн байж болох талтай. Би хувьдаа гурав дахь тайлбарыг илүүд үздэг ч, бид нэг үзлийг нь ягштал баримталж болохгүй.
Тэд хэн байсныг бид тодорхой мэдэхгүй ч юу хийснийг нь тодорхой мэдэж болноо. Эхлэлийн 6-р бүлгийн 2 дахь ишлэлд:
Ертөнцийн Эзэний хөвгүүд … дуртай болгоноо авч гэрлэв [Хүний охид] (Эхлэл 6:2).
Энэ бол хууль ёсны гэрлэлтэд хэрэглэдэг Хуучин Гэрээний үг хэллэг бус харин эмэгтэйчүүд ч, гэрийнхэн нь ч энэ харилцааг зөвшөөрөхгүй байсныг хатуу илтгэдэг хэллэг. Үнэндээ Ертөнцийн Эзэний хөвгүүд гэгддэг байсан магадгүй хүчирхэг язгууртнууд хүчээр эмэгтэйчүүдийг авчээ. Үг хэллэгээс харахад Ертөнцийн Эзэний хөвгүүд эмэгтэйчүүдийг бүр дураараа хүчирхийлдэг байсан утга ч байна. Өмнө нь Хаяан хүчирхийлэл үйлдэж байсан бол түүний үр удам эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг болжээ. Гэм улам бүх газар авч байна.
Мөшэх Ертөнцийн Эзэний хөвгүүдийн учруулсан аюулыг үзүүлсэнийхээ дараа хамгийн гол нь Ертөнцийн Эзэн энэ явдалд яаж хандсан тухай өгүүлжээ. Энэ тухай Эхлэл 6:3-т:
Хүн гэгч зуурдын бөгөөд жирийн амьтан учраас ийм удаан амьд байлгах хэрэггүй юм. Үүнээс хойш насны хязгаар нь зуун хорь байвал хангалттай (Эхлэл 6:3).
Ертөнцийн Эзэн гэмтэй хүн төрөлхтөн хүчирхийлэл үйлддэг болсноос залхан, энэ завхралыг үүрд тэвчихгүйгээ тунхагласан байна. Гэвч Ертөнцийн Эзэн хүнийг шүүхээсээ өмнө 120 жил амьдрах боломж олгох энэрэнгүй шийдвэр гаргасан.
Дэлхий дээр болсон хоёр дахь хэсэг үйл явдал буюу Нэфилимын түүхийг Эхлэлийн 6-р бүлгийн 4-7-р ишлэлд өгүүлсэн байна.
Нефилим
Мөн нэг аюултай нөхцөл байдал бий болсон тухай 4-р ишлэлээс эхлэн өгүүлнэ:
Ертөнцийн Эзэний хөвгүүд хүний охидтой суун үр хүүхдүүд гаргасан нь Нефилим гэгдэх аварга биетэн болж, тэр үед мөн дараа нь ч амьдарч байв. Тэд эрт цагийн алдартай дайчид болов (Эхлэл 6:4).
Эртний зарим Библүүд Септуагинтыг даган Нэфилим гэдэг Еврей үгийг “аварга биетнүүд” гэж орчуулсан. Гэхдээ энэ орчуулга уг үгийн давхар утгыг илэрхийлж чаддаггүй учраас тохиромжгүй. Энэ хэллэгийн нарийн утга юу болох талаар эрдэмтдийн санал хуваагддаг. Гэхдээ хүчирхэг дайчин, дайнч гэсэн утгатай байх илүү магадлалтай.
Мөшэх энэ хэсэгт Нэфилимийг: эртний алдартай дайчид” гэж зориудаар тодорхойлсон. Энд хэрэглэсэн “Хагиборим” (הַגִּבֹּרִ֛ים) гэдэг Еврей үг дайчин юмуу хүчит цэргүүд гэсэн утгатай. Нэфилимийн цэргийн алдар сууг хам сэдвийн утгаар нь сөргөөр авч үзэх хэрэгтэй. Тэд хүмүүсийг айлган сүрдүүлж, хүчирхийлэл үйлдэн хүн зоныг айдаст автуулдгаараа цуутай байжээ. Хаяан Хэвээл дүүгээ хөнөөхөд эхэлсэн хүчирхийлэллийг Хаяаны удмын Ламэх үргэлжлүүлсэн. Нэфилим цэргүүд байнга хүмүүсийг хүчирхийллийн аюулд оруулдаг болсноор улам л газар авахуулжээ. Цааш нь 5-р ишлэлд:
Хүн төрөлхтний сэдэн үйлдэж буй гэм асар их болж, сэтгэл санаандаа үргэлж хорон муу зүйл бодсоор явдаг болсныг Мөнхийн Эзэн харсан (Эхлэл 6:5).
Нэфилимүүд бий болсноор гэм хүн төрөлхтнийг бүрэн эзэмдэх хүртлээ газар авсан байна. Дараа нь юу болсныг 6-7-р ишлэлээс уншья:
Мөнхийн Эзэн хүнийг бүтээсэндээ ихэд харамсан гашуудаж: “Бүтээсэн хүн төрөлхтнөө Би газрын хөрснөөс арчиж хаяна. Түүгээр ч барахгүй ан амьтан, жигүүртэн шувуудыг хүртэл устгаж хаяна. Эднийг бүтээсэндээ одоо Би харамсаж байна” гэв (Эхлэл 6:6-7).
Нэфилимүүд хүмүүсийг алан хядаж байгааг Ертөнцийн Эзэн хараад хөндлөнгөөс оролцон дэлхий даяар нь тэр чигээр нь сүйрүүлэхээр шийдсэн байна.
Аз болоход Эхлэл 6-ийн 1-8-р ишлэл шийтгэх тухай үгээр төгсөөгүй. Харин балар эртний түүхийн энэ хэсгийн ерөнхий бүтэцтэй холбож Мөшэх энд найдвар байгааг дүгнэн хэлсэн байдаг. Хүн төрөлхтөн гэмд идэгдсэн учраас Ертөнцийн Эзэн устгахаар шийдсэн боловч бас итгэл найдвар дагуулсан нэг хүн байсныг хэлэхдээ:
Харин Нуах гэгч ганцхан хүн л Ертөнцийн Эзэнд таалагджээ (Эхлэл 6:8).
Ийм хэдхэн үгээр Мөшэх дэлхий дээрх хорон муу ба түүнээс ангижрах найдварын тухай түүхээ төгсгөсөн байна. Хэрцгий, гэмт хүн төрөлхтнийг их үерт автуулан устгаснаар ирээдүйн үеийнхнийг аврах юм.
Эхлэл 4-р бүлгийн 1-ээс 6-ийн 8-р ишлэл хүртэлх хэсгийн утга зохиолын бүтцийг судлахад энэ хэсэг хоёр үндсэн сэдэвт чиглэсэн нь мэдэгдэж байна. Нэгд, Хаяаны үед Ертөнцийн Эзэний эсрэг тэрслэгсэд болон Хаяаны үр удмын учруулсан хүчирхийлийн аюул заналыг онцолсон. Хоёрт, Ертөнцийн Эзэний хөвгүүд болон Нэфилимүүдийн үеийн гэмт хүмүүсийн аюул заналыг онцолсон. Гэхдээ Мөшэх аль аль хэсэгт Ертөнцийн Эзэн Шээтийн онцгой хүү Нуахыг ашиглан аварна гэдгийг үзүүлсэн.
Эхлэл номын энэ хэсгийн үндсэн бүтэц, гаргаж ирсэн гол асуудлыг бид үзсэн бол одоо хоёр дахь асуулт руугаа орцгооё. Энэ бүлгүүдийн гол утга юу байв? Мөшэх Египетээс амласан газар руу дагуулан явсан Израйльчууддаа юуг дамжуулж хэлэх гэсэн бэ?
Балар эртний түүхийн энэ хэсгийн эх утгыг ойлгосны үндсэн дээр хоёр асуудлыг хэлэлцэх боломжтой болно. Нэгд, Мөшэх балар эртний энэ түүхийг Израйльчуудын амьдралтай яаж уялдуулсныг бид үзнэ. Хоёрт, энэ түүх Мөшэхийн уншигч Израйльчуудад ямар хамаатай болохыг судална. За эхлээд Мөшэх удирдан яваа Израйльчуудынхаа нөхцөл байдалтай энэ бүлгүүдийг яаж уялдуулсныг үзье.
Уялдаа холбоо
Мөшэх хүн төрөлхтний дунд эрт үед байсан хүчирхийллийг Израйльчуудын үзэж туулсан хүчирхийлэлтэй тун төстэйгөөр тодорхойлон бичиж, балар эртний энэ түүхийг өөрийн үетэй уялдуулсан. Израйльчуудад тохиолдсон зовлон бэрхшээл нь эрт үеийнхэний зовлон зүдгүүртэй адилхан байгааг Мөшэх цохон тэмдэглэжээ.
Чухам ямар адил төстэй талыг Мөшэх олж харсныг олж мэдэхийн тулд бүгдээрээ Эхлэл 4:1 ээс 6:8 –р ишлэлийг хоёр үндсэн хэсэгт хуваан авч үзье. Энэ нь. 4-5-р бүлэг дэх эхэн үеийн хүчирхийлэл ба чөлөөлөгдөх найдвар, 6: 1-8-р ишлэл дэх хожмын үеийн хүчирхийлэл ба чөлөөлөгдөх найдвар юм. Эхлээд Эхлэл 4-5-р бүлэг Израйльчуудын амьдралтай яаж уялдаж байгааг харъя.
Бид Эхлэлийн 4, 5-р бүлэгт гардаг ёрын муу ба зөв шударга хүмүүсийн онцлог шинжийг судлаж үзэхэд Мөшэх энэ хэсгийг Хаяан болон түүний гэр бүлийг Египетчүүдтэй, харин зөв шударга Хэвээл, Шээт болон Шээтийн удмынханыг Ертөнцийн Эзэний хүмүүс болох Израйльчуудтай холбож ойлгохуйцаар зохиомжилсон нь илэрхий байдаг. Тэгэхлээр Мөшэх энэ холбоог яаж харуулав?
Хүүрнэлүүд. Бид Эхлэлийн 4-р бүлгийн 1-ээс 16-р хүртэлх ишлэлээс гэмт муу Хаяаны түүхийг эхлээд судлах хэрэгтэй юм. Израйльчууд энэ түүхийг өөрсдийнхөө амьдралтай холбож болох наад зах нь таван чухал асуудлыг Мөшэх гаргаж тавьжээ. Эхлээд Мөшэх Хаяан, Хэвээл нарын эрхэлдэг байсан ажлыг дурдсан байна.
Эхлэлийн 4-ийн 2-т бичсэнээр бол Хаяан, Хэвээл хоёр эхнээсээ л ялгаатай байсан байна. Энд:
Хэвээл нь хоньчин, Хаяан нь тариачин болжээ” гэсэн байна (Эхлэл 4:2).
Эндээс харвал Хэвээл хоньчин харин Хаяан нь хөдөө аж ахуй эрхэлж суурьшсан фермер хүн байж. Бүр эрт дээр үед ч, одоо үед ч хөдөө аж ахуй эрхэлдэг суурьшмал иргэд болон нүүдэлчин хоньчдын хооронд зөрчил тэмцэл гарах нь түгээмэл зүйл. Эхлэл номонд өгүүлснээр Мөшэх болон Израйльчууд Египетэд байхдаа иймэрхүү хурц зөрчил юу болох, эцэстээ ямаршуу хүнд хэцүү байдалд оруулдгийг тун сайн мэддэг байв. Эхлэлийн 46-р бүлгийн 33, 34-т бичсэнээр Юусээф ах дүү нараа Египет оронд ирэхэд тэдэнд ингэж зааварласан байдаг:
Фараон та нарыг дуудаад “Та бүхэн юу хийж амьдардаг улс вэ?” гэж асуувал, “Өчүүхэн дорд бид чинь өсөх наснаасаа аваад өдий хүртэл өвөг дээдсийнхээ адилаар малчин билээ” гэж хэл. эгвэл Фараон та нарыг Гүшээн аймагт суулгах зөвшөөрлийг өгнө гэжээ (Эхлэл 46:33-34).
Юусээфийн энэ заавраас бид яагаад Мөшэх “Хаяан тариачин, харин Хэвээл хоньчин байсан” гэж дурдсаныг ойлгоно. Тэр Израйлчуудыг хөдөө аж ахуй эрхлэгч Хаяаныг Египетчүүдтэй холбож, өөрсдийгөө хэлмэгдэж хохирсон хоньчин Хэвээлтэй холбож ойлгоосой гэж хүссэн байна.
Энэ түүхийг Мөшэхийн анхны уншигчидтай холбож байгаа бас нэг зүйл бол Хаяан Хэвээл нарын өргөсөн өргөл юм. Эхлэлийн 4-р бүлэгт бичсэнээр Ертөнцийн Эзэн Хаяаны өргөлийг хүлээн авахаас татгалзаж, Хэвээлийг өргөлийг таалсан аж. Энэ хоёр өргөлд Ертөнцийн Эзэн ялгаатай хандсаны шалтгаан Эхлэлийн 4-р бүлгийн 3, 4-өөс тодорхой болдог. Тэнд ингэж бичжээ:
Хаяан Мөнхийн Эзэнд газрынхаа зарим ургацаас өргөв. 4. Харин Хэвээл хонин сүргийнхээ анхны төлөөс хамгийн тарганыг нь шилээд өргөв (Эхлэл 4:3-4).
Тэр хоёрын өргөлын тухай Мөшэх юу хэлсэнийг ажиглаарай. 3-р ишлэлд Хаяан “газрынхаа зарим ургацаас” өргөв гэсэн бол 4-р ишлэлд Хэвээл “хонин сүргийнхээ анхны төлөөс хамгийн тарганыг шилээд өргөв” гэсэн байна.
Энэ ялгаа тун чухал юм. Хаяан талбай дээрээсээ гартаа тааралдсан ямар ч хамаагүй ургацаа авчирсан. Түүний хүндэтгэл ёс төдий зүйл байсан бөгөөд тэрбээр ургацынхаа хамгийн сайныг нь Ертөнцийн Эзэнд өргөхөөр хадгалаагүй юм. Харин Хэвээл Мөшэхийн хуулиар хамгийн үнэтэйд тооцогддог мал болох хонин сүргийнхээ анхны төлөөс хамгийн тарганыг нь буюу Хуучин гэрээний хамгийн эрхэм өргөлийг өргөж Ертөнцийн Эзэний хуулийг чин сэтгэлээсээ биелүүлжээ. Хаяаны өргөл нь хуурамч ёслол төдий байв. Харин Хэвээл нь Ертөнцийн Эзэнд чин сэтгэлийн өргөлөө өргөсөн юм.
Хаяан Хэвээл хоёрын өргөлийн ялгааг Мөшэх Египетчүүд болон Израйльчуудын харилцаа руу хандуулахад мөн ашигласан байна. Яахвэхэд өргөл өргөхийн тулд Израйльчуудыг явуулаач гэж Мөшэх фараонд анх удаагаа хандсан түүхийг санах юм бол энэ учир шалтгаан нь улам тодорхой харагдана. “Египетээс гарсан нь” номын 5-р бүлгийн 3-т Мөшэх, Аарон хоёр Фараонд хандан ингэж хэлжээ::
Еврейчүүдийн хүндэтгэдэг Ертөнцийн Эзэн бидэнтэй уулзсан билээ. Одоо биднийг Ертөнцийн Мөнх Эзэндээ өргөл өргөхөөр цөл рүү гурван хоног явахыг зөвшөөрөөч (Египетээс гарсан нь 5:3).
Харин Фараон татгалздаг. 4-р ишлэлд Мөшэхийн бичсэнээр бол Фараон тэдэнд:
Мөшэх, Аарон нар аа! Та нар юунд хүмүүсийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж өөрсдийнхөө ажлыг хий! (Египетээс гарсан нь 5:4).
Египетчүүд Израйльчуудын хүндэтгэдэг Ертөнцийн Эзэнийг үл тоомсорлосон нь Хаяаны нэр төдий өргөлийг санагдуулж байна. Чин сэтгэлээсээ, хүлээж авахуйц өргөлийг Хэвээл өргөсөн шиг Израйльчууд Яахвэхийг үнэн сэтгэлээсээ хүндэтгэхийг хичээсэн юм. Ингэж Мөшэх Египетийг Хаяантай, Израйлийг Хэвээлтэй адилтган үзэх холбоог илэрхийлжээ..
Мөшэхийн Израйльчуудад харуулсан гурав дахь холбоос бол аллагын цаад учир шалтгаан юм. Хаяан дүү Хэвээлээ алдаг. Энэ үйл явдлын утга учир Египет оронд Израйльчуудыг олон мянгаар нь алж байсныг санах үед улам тодорхой болдог. “Египетээс гарсан нь” номын 1, 2-р бүлгээс бид Египетчүүд Израйльчуудыг хэт их ажиллуулж, тэднийг нялх балчир үрсээс нь авахуулаад олон мянгаар нь алж байсан тухай уншсан. Мөшэх ийм байдлаар Хаяаныг Египетчүүдтэй мөн Хэвээлийг Израйльчуудтай бүр сайтар холбосон байна.
Мөшэхийн бий болгосон дөрөвдэхь холбоос бол энэ дэлхий дээрх Хаяаны суурьшил газар юм. Хэвээлийг алсаных нь төлөө Ертөнцийн Эзэн. Хаяаныг хараагаад түүнийг үржил шимтэй газар нутгаас хөөдөг. Эхлэл номын 4-р бүлгийн 11, 12-т ингэж бичжээ:
Одоо би тариан талбайтай чинь хамт чамайг хараана…Үүнээс хойш чи энд үр тариад юу ч ургахгүй (Эхлэл 4:11-12).
Хаяан хараагдаж тариа ногоо тарьсан ч олигтой ургац өгөхгүй газар амьдрахаар болсон юм. Хаяаны суух газрын тухай энэ үгс Израйльчуудын гарч байгаа Египет орны газрын үр шимийн тухай Мөшэхийн үгстэй яв цав таарч байна. Мөшэх Хинаан нутгийг Египет оронтой хэрхэн харьцуулсаныг Дэд хууль номын 11-н 10-аас 12-р ишлэлээс харьцгаая:
Та нарын эзэмшихээр явж байгаа газар нутаг бол та нарын гарч ирсэн Египет оронтой адилгүй. Та нар үр тариад ногооны талбай услах мэт хөлөөрөө явж усалдаг байсан. 11Харин Иордан голыг гатлаад та нарын эзэмших газар нутгийн уул, тал нь тэнгэрээс орох бороогоор ундаалдаг. 12Энэ бол Ертөнцийн Мөнх Эзэний асран хамгаалдаг газар... (Дэд хууль 11:10-12).
Ертөнцийн Эзэн Хаяаныг Ээдэн цэцэрлэгээс хол, газар тариалан эрхлэхэд бэрхшээлтэй Египет орон шиг нутаг руу явуулсан. Энэ баримт бол уншигчиддаа Хаяаныг Египетчуудтай холбож ойлгуулах гэсэн Мөшэхийн арга байв.
Эхлэлийн 4, 5-р бүлэгт Хаяаныг Египеттэй, Хэвээлийг Израйльтай холбож байгаа тавдахь зүйл бол Хаяаныг хамгаалсан явдал юм. Хаяан дүү Хэвээлээ алсан ч гэсэн Ертөнцийн Эзэн түүнийг муу юмнаас хамгаалсаар л байлаа. Энэ тухай Ертөнцийн Эзэний хэлсэн үгийг Эхлэлийн 4-р бүлгийн 15-аас харъя. Тэнд:
Хаяаныг албал би тэр хүнийг долоо дахин хүндээр шийтгэж хариу өшөө авна” гэсэн байна (Эхлэл 4:15).
Хэдийгээр Хаяан алуурчин ч гэсэн Ертөнцийн Эзэн түүнийг муу юмнаас хамгаалсан юм. Мөшэх энэ тухай бичихдээ Израйльчууд Египетэд үзэж туулсантайгаа энэ бүхнийг холбож үзэхээр дүрсэлсэн байгааг анхаараарай. Ертөнцийн Эзэн Египетийг хамгаалж байв. Хэдийгээр шийтгүүлбэл зохих бузар мууг үйлдэж байсан ч Египет орныг Ертөнцийн Эзэн урт удаан хугацааны турш онцгойгоор хамгаалж байлаа.
Тэгэхлээр Мөшэх балар эртний түүхийг Израйльчуудын их нүүдлийн үетэй наад зах нь таван зүйлээр холбосныг бид үзлээ. Мөшэх ажил мэргэжил, хүндэтгэл, аллага, суурьших газар болон хамгаалалт гэсэн сэдвийг хөндөж Израйльчууд Хаяаныг Египетчүүдтэй харин Хэвээлийг Ертөнцийн Эзэний хүмүүс гэгдэх өөрсөдтэйгээ холбож энэ түүхийг амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсчээ.
Бид гэмт муу Хаяаны амьдралын түүхээс гаргаж ирсэн холбоосуудыг үзлээ. Тэгвэл одоо Эхлэлийн 4-р бүлгийн 25, 26-р ишлэлд гарч буй зөв шударга Шээттэй холбож зэрэгцүүлсэн хүүрнэл хэсгийг үзэцгээе.
Бид Шээт болон түүний хүү Янош нарын тухай Мөшэх нэг чухал үг бичсэнийг харна. Эхлэлийн 4-ийн 26-д:
Тэр үеэс эхлэн хүмүүс Ертөнцийн Эзэнийг ‘Мөнхийн Эзэн минь’ хэмээн нэрлэн дуудах болов (Эхлэл 4:26).
Шээт болон түүний хүүгийн тухай энэ баримтыг дурдсанаар Мөшэхийн уншигчид өөрсдийгөө Хэвээлээс гадна Хэвээлийг орлон Адаамын гэрт мэндэлсэн Шээттэй адилтгах болов.
Шээт ба Израйльчуудыг юун түрүүнд Яахвэх хэмээх Ертөнцийн Эзэний ариун нэр холбож байна. Мөшэхийн амьдарч байх үеэс Яахвэхийн нэр Израйльчуудад их утга учиртай болсоныг “Египетээс гарсан нь” номноос харж болох юм. Жишээлбэл, “Египетээс гарсан нь” номын 3-ийн 15-д бичсэнээр Ертөнцийн Эзэн Мөшэхэд:
Чи Израйльчуудад, ‘Та нарын өвөг дээдэс болох Абрахаам, Яйцхаах, Яахов нарын дээдлэн хүндэлдэг Ертөнцийн Эзэн болох Мөнхийн Эзэн (Еврей хэлээр Яахвэх) тань намайг та нар руу илгээв’ гэж хэл. Энэ бол Миний мөнхөд орших нэр бөгөөд үеийн үед дурсагдаж байх нэр минь юм” гэж хэлсэн ажээ (Египетээс гарсан нь 3:15).
Хэдийгээр Яахвэх гэдэг нэрийг Шээтийн үеэс мэддэг байсан тухай Библид өгүүлсэн ч энэ нэр Мөшэхийн үед Ертөнцийн Эзэнийг нэрлэх гол нэр болсон байлаа. Ийм ч учраас Мөшэхээр удирдуулж явсан үнэнч найдвартай Израйльчууд өөрсдийгөө зөв шударга Шээтийн удам, бас Шээттэй адил Яахвэхийн нэрийг эрхэмлэдэг юм байна гэдгээ ойлгох байсан.
Хоёрдугаарт, Ертөнцийн Эзэнтэй ярьж байгаагаараа Израйльчууд өөрсдийгөө Шээттэй адилтгах байв. Энэ санааг Эхлэл номын 4-н 26-аас харж болно. Мөшээх “Шээтийн гэр бүл Мөнхийн Эзэн минь хэмээн дуудах болов” гэж бичсэн. Хуучин Гэрээний үед “Мөнхийн Эзэн минь хэмээн дуудах” гэдэг нь бэрхшээл зовлонгийн үед Ертөнцийн Эзэнээс тусламж хүсэн хашгирах” гэсэн утгатай байв. Ийм маягаар Мөшэх Израйльчуудыг өнгөрсөн үетэй нь холбож өгчээ. Израйльчууд Египетээс гарснаасаа хойш хүнд бэрх цагт Шээт Яношын адилаар Яахвэхийн нэрийг дуудан тусламж гуйж байсныг Пентатухын бусад номноос харж болно.
Тэгэхлээр Мөшэх өөрийнхөө амьдарч байсан цаг үетэй харьцуулан жишэхийн тулд гэмт муу Хаяан болон зөв шударга Шээт нарын тухай хүүрнэлээ зохиомжлон бичсэн байх нь. Уншигчид нь Египетчүүдыг Хаяантай адил болохыг анзааран мэдээсэй гэж , өөрсдийгөө Хэвээл болон Шээт нартай адил болохыг олж хараасай гэж тэр хүссэн юм.
Дээр өгүүлсэн адил төстэй шинжийг санаж Хаяан болон Шээтийн угийн бичиг рүү одоо анхаарлаа хандуулъя.
Угийн бичгүүд. Израйльчууд Египетчүүдийг ёрын муутай харин өөрсдийгөө зөв шударгатай холбож үзээсэй гэсэндээ Мөшэх эдгээр угийн бичгийг бичсэн юм байна гэдгийг бид олж мэдэх болно. Энэ зорилгын улмаас Мөшэх Эхлэлийн 4-ийн 17-аас 24-т Хаяаны талыг Египет оронтой яах аргагүй холбоотой гэдэг нь харагдахаар бичжээ. Энд наад зах нь зургаан нийтлэг тал байна. Эхлээд Мөшэх Хаяаныг хот барьж байсан гэжээ. Тэрбээр Эхлэлийн 4-ийн 17-д:
Хаяан хот байгуулаад … (Эхлэл 4:17).
Египетчүүд бол хот барьж байгуулахдаа гаргууд хүмүүс гэдгийг Израйльчууд дэндүү сайн мэддэг байсан. Тэдэнд зориулж хот барих нь Египетэд боолчлогдож байхдаа Израйльчуудын хийж байсан ажлын нэг хэсэг байв. Ийм учраас Хаяаны тухай үгс түүнийг Египетчүүдтэй адил гэдгийг сануулж байна.
Хоёрдугаарт, бид Хаяаны байгуулсан хотын нэрийг анхаарч харъя. Эхлэлийн 4-н 17-г дахин үзье. Тэнд:
Хаяан хот байгуулаад түүнийгээ хүү Хануухынхаа нэрээр нэрлэв (Эхлэл 4:17).
Мөшэхийн үеийн Израйльчуудад энэ баримт нь Египетчүүдийг мөн л санагдуулсан юм. “Египетээс гарсан нь” номын 1-р бүлгийн 11-т Мөшэх:
[Египетчүүд] хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Рамсес гэдэг агуулах хотуудыг барив (Египетээс гарсан нь 1:11).
Рамсес хотыг Фараон Рамсесийн дурсгалыг хүндэтгэж түүний нэрээр нэрлэсэн юм. Хаяантай адил Египетчүүд өөрсдийгөө алдаршуулан өөрсдийнхөө нэрээр хотуудаа нэрлэдэг байжээ. Ийм байдлаар Хаяаны угийн бичиг нь Хаяан болон Египетчүүдийн хоорондын бас нэг холбоог харуулж байна.
Хаяаны талыг Египеттэй холбож үзэх гурав дахь шалтгааныг бид Хаяаны удмын Ламех алж тална гэж бардамнаж байгаагаас харж болох юм. 4-р бүлгийн 23-д Ламех үнэн хэрэгтээ эхнэрүүдийнхээ өмнө өөрийгөө магтан дуулж байна. Тэрбээр:
Адаах, Цилах хоёр минь ээ! Аан гэж бай!
Ламехын хоёр гэргий минь! Юу хэлэхийг минь сонс доо! Намайг айлгаж сүрдүүлэх гэсэн хэнийг ч болов би ална (Эхлэл 4:23).
Хэрцгий балмадаа гайхуулах Ламехын сагсуурал эртний Израйльчуудад түүнийг Египетчүүдтэй адил юм гэсэн санааг төрүүлсэн байж таарна. Эртний Египетийн сийлмэл бичээст Фараон болон түүний армийн цуст аллагаар байгуулсан гавъяаг магтан алдаршуулсан байдгийг Израйльчууд тун сайн мэддэг байсан.
Дөрөвт нь Мөшэх хүүхдүүдийн үхлийн тухай хэлсэн байдаг. Ламех юу гэж хэлснийг дахин сонсъё. 4-р бүлгийн 23-т:
Намайг сүрдүүлсэн нэгнийг би алчихлаа. Намайг доромжилсон бага залууг ч хороочихлоо гэсэн байна (Эхлэл 4:23).
Энд “Бага залуу ” гэж орчуулсан үгийг Еврей хэлээр “еэлэд” ( יֶלֶד ) гэдэг бөгөөд ихэнхдээ “хөвгүүн” гэж орчуулдаг. Ламехын хохирогчдын зарим нь бага насны хүүхдүүд байсан бололтой. “Египетээс гарсан нь” номын 1-р бүлэгт Фараон шинэ төрсөн Израйль хөвгүүн бүрийг алах тушаал өгдгийг бид бүгд мэднэ. Хаяаны удам Ламехын адил Египетчүүд Израйльчуудын биеэ хамгаалах чадваргүй эрэгтэй хүүхдүүдийг олон мянгаар нь хядсан билээ.
Хаяаны гэр бүлийг Египетчүүдтэй холбож байгаатав дахь зүйл бол Ламех өөрийгөө илүү хамгаалагдсан гэж байгаа явдал юм. Эхлэлийн 4-р бүлгийн 24-т Ламех Хаяанаас илүү хамгаалагдсан гэдгээ мэдэгдсэн байдаг. Тэнд:
Хаяаныг албал долоо дахин хүндээр шийтгүүлэх ёстой байсан бол намайг алсан хүн далан долоо дахин хүнд шийтгэл авна даа (Эхлэл 4:24).
Ертөнцийн Эзэн түүнийг хамгаалж байгаа гэж Ламех бодож байсантай адил Египетийн Фараон бурхадынхаа хамгаалалтанд баттай найддаг байв. Үнэндээ Египетчүүд олон жилийн турш элдвийн хор хөнөөлөөс ангид хамгаалалтанд байсан нь илэрхий харагддаг.
Зургаад нь бид Хаяаны удмынхны соёлжсон байдлыг анхаарах хэрэгтэй юм. Яавал, Юубал, Туувал-Хаяан гэдэг нэртэй Хаяаны удмын ах дүү нарын тухай Эхлэлийн 4-р бүлгийн 20-иос 22-т ингэж тодорхойлжээ:
Яавал нь мал маллан майхан сууцанд амьдардаг хүмүүсийн өвөг юм. ... Юубал бол ятга, лимбэ хөгжмөөр тоглодог хүмүүсийн өвөг дээдэс юм. ... Туувал-Хаяан нь төмрийн дархан болж зэс, гууль, төмрөөр олон янзын багаж үйлддэг байлаа (Эхлэл 4:20-22).
Мөшэх Хаяаны удмыг нэлээд хөгжиж боловсорсон гэж харуулжээ. Яавал нь зөвхөн хоньчин байгаагүй, суурьшмал мал аж ахуйг анх бий болгожээ. Юубал нь хөгжмийн зэмсгийг харин Туувал-Хаяан нь металл боловсруулах аргыг нээжээ. Энэ адил төстэй байдлыг Мөшэхийн үеийн Израйльчууд анзаарахгүй байх аргагүй юм. Израйльчуудын өвөг дээдсийн эгэл жирийн нүүдэлчин ахуйтай харьцуулахад Египетийн соёл ахуй нь тун хөгжингүй байжээ. Хаяаны удам ба Египетчүүдийн хоорондох адил төстэй талыг уншигчиддаа харуулахын тулд Мөшэх Хаяаны талынхны гэмт байдлыг тодорхойлон бичжээ.
Тэгэхлээр Мөшэх Хаяаны угийн бичиг болон Египетчүүдийн хоорондох адил төстэй 6 шинжийг гаргаж тавьсныг бид үзлээ. Энэ нь хот байгуулсан, хотуудыг хүний нэрээр нэрлэсэн, хүн алчихаад бардамнасан, хүүхдүүдийг хөнөөж байсан, ер бусын хамгаалалттай байсан, ахуй нь хөгжингүй байснаар илэрч байна.
Одоо Эхлэлийн 5-н 1-ээс 32-т байгаа Шээтийн угийн бичиг рүү хандацгаая. Мөшэх Шээтийн угийн бичгийг мөн л Израйльчууд өөрсдийгөө Шээтийн удамтай адилтгаж үзэх боломжтойгоор зохиомжилж бичсэн байна. Ийм холбоог олж харах наад зах нь дөрвөн хүчин зүйл байна. Эхлээд бид цусан төрлийн холбоог нь хөөж үзэх хэрэгтэй юм. Тэгвэл Израйль үндэстэн бол Шээтийн удам болохыг олж харна. Эхлэлийн 5-р бүлгийн 32-р ишлэлээс бид Нуахын гурван хүүгийн нэрийг олж уншдаг:
Нуах 500 наслаад гурван хүүтэй болов. Гурван хүү нь Шээм, Хам, Эфээт нар байлаа (Эхлэл 5:32).
Шээм нь Израйлийн өвөг дээдэс учраас Мөшэхийн хувьд Шээмийн нэрийг бичих нь тун чухал байсан юм. Өнөөгийн бидний хэл ярианд хэрэглэгддэг “семийт” гэдэг үг нь “Шээм” гэдэг үгнээс гаралтай. Хэдийгээр Шээмийн удмаас өөр улс үндэстэнүүд бий болсон ч Израйльчууд бол тэднээс Ертөнцийн Эзэний онцгойлон сонгосон хүмүүс байсан юм. Энэхүү мах цусны холбоогоор Мөшэх Израйль уншигчдаа Шээтийн удамтай холбосон байна.
Шээтийн удмынхны зөв шударга үнэнч байдалд онцгой анхаарсан нь Шээтийн тал ба Израйльчуудын хоорондын бас нэг холбоог харуулж байна. Шээтийн тал үнэнч найдвартай, зөв шударга хүмүүсийг тодорхойлж байна. Жишээлбэл, Эхлэлийн 5-ийн 24-т:
Хануух Ертөнцийн Эзэнтэй ойр дотно байсан….Ертөнцийн Эзэн түүнийг өөртөө авсан учраас тэр гэнэт алга болжээ (Эхлэл 5:24).
“Ертөнцийн Эзэнтэй ойр дотно байсан” гэж орчуулагдсан энэ хэллэг нь Еврей Библид Эхлэлийн 5-н 22-оос 24-д Хануухын тухай өгүүлэхэд хэрэглэгдсэн бол Эхлэлийн 6-ийн 9-д Нуахын тухай өгүүлэхэд дахиж нэг л удаа хэрэглэгджээ. Гэхдээ “Дэд хууль” номонд Мөшэх Израйльчуудыг Хануух шиг Яахвэхтэй ойр дотно байх хэрэгтэйг дахин дахин хэлсэн байдаг. Хануухтай адил байх гэсэн энэхүү эрмэлзэл нь Мөшэхийг дагаж явсан Израйльчуудыг Шээтийн удамтай холбож байгаа бас нэг тал юм.
Шээтийн угийн бичгийг Израйльчуудын амьдралтай холбож үзэх гурав дахь зүйл бол Шээтийн удмынхны өнөр олон болсоныг онцлон дурдсан явдал юм. Бид Шээтийн угийн бичгээс түүний удам угсаа тун олон болсныг мэдэж авдаг. Мөшэх Шээтийн гэр бүл ямар өнөр болсоныг харуулахын тулд “өөр хэд хэдэн хүү охинтой болсон“ гэдэг өгүүлбэрийг хэрэглэсэн байна. Тэрбээр Эхлэлийн 5-р бүлэгт есөн удаа ингэж бичсэн байдаг. Ертөнцийн Эзэн өөрсдийг нь Египетэд болон Их нүүдлийн үеэр асар олон болгож ивээсэн гэдгийг Израйльчууд мэдэж байсан. Тэгэхээр Шээтийн удмынханы өнөр өтгөн болсон нь Израйльчуудад онцгой утга учиртай байв..
Дөрөвдүгээрт,Израйльчуудыг Шээтийнхэнтэй холбохын тулд Шээтийн удмынхан урт насалж, удаан жаргаж байсныг Мөшэх бас чухалчлан үзсэн байна. Жишээлбэл, Шээтийн удмын Митүүшилах библийн түүхэнд өгүүлсэн бусад бүх хүнээс урт насалсан байдаг. Эхлэлийн 5-р бүлгийн 27-д бичсэнээр тэр 969 насалжээ. Шээтийн удмын олон хүн өндөр насыг насалсан байдаг. Шээтийн талынханы өндөр насалсан тухай бичсэн нь чухал зүйл байв. Учир нь Мөшэхийн бичсэн хуулиар бол амлалтын нутагт урт удаан амьдрах нь Израйльчуудын хүсэл зорилго байсан юм. Шээтийн удмынханы өндөр насыг дурдсанаараа Мөшэх Шээтийнхэн ба Израйльчуудын холбоог дахин гаргаж ирж байна.
Тэгэхлээр Мөшэх өөрийн амьдарч буй цаг үетэй холбохын тулд балар эртний түүхийн эхэн үед гарсан хүчирхийлэл болон түүнээс чөлөөлөгдөх найдварын тухай бичсэн байна. Хаяан болон түүний удам нь Израйль хүмүүсийг хүчирхийлэн зовоож байсан Египетчүүдтэй холбогдож байна. Харин Хэвээл, Шээт болон Шээтийн удмынхан Египетчүүдийн хүчирхийлэлийн золиос болсон Израйльчуудтай холбогдож байна. Энэ нь түүхийн энэ хэсгийг бичих болсон Мөшэхийн стратегийн гол амин сүнс юм.
Эхэн үеийн хүчирхийлэл ба чөлөөлөгдөх найдварын тухай Мөшэхийн бичсэнийг үзлээ. Харин одоо Эхлэл 6-н 1-ээс 8-д өгүүлэх “Хожмын хүчирхийлэл ба чөлөөлөгдөх найдвар”-ын тухай товчхон авч үзье.
Хожмын үеийн хүчирийллэл ба найдвар
6-р бүлгийн 4-т Мөшэхийн дүрслэн бичсэн хүмүүсийг харцгаая:
Ертөнцийн Эзэний хөвгүүд хүний охидтой суун үр хүүхдүүд гаргасан нь Нефилим гэгдэх аварга биетэн болж, тэр үед мөн дараа нь ч амьдарч байв. Тэд эрт цагийн алдартай дайчид болов (Эхлэл 6:4).
Бид Нефилимүүд нь хүчирхэг дайчид бөгөөд алдартай байсан гэдгийг аль хэдийн мэднэ. Харин Нефилимын тухай Мөшэх нэг чухал зүйл хэлснийг ажиглаарай. Тэрбээр Нефилимүүд балар эртний газар дэлхий дээр “мөн дараа нь ч” амьдарч байсан гэж хэлсэн байна.
Мөшэх усан галавын дараа ч аварга биетэн Нефилим дайчид амьдарч байсан гэдгийг битүүхэн хэлснээрээ Израйльчууд ч бас ойрмогхон Нефилимуудтай тулгарч байсныг нь сануулж байна. Библид Нефилим гэдэг үг үүнээс гадна зөвхөн “Тооллого” номын 13-н 32-оос 33-р ишлэлд гардаг. Хинаан нутаг руу Мөшэхийн илгээсэн тагнуулууд Нефилимуудыг харсан тухайгаа мэдээлж байгааг тэнд өгүүлдэг билээ:
Бидний тагнасан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөн иддэг нутаг … Тэнд бид бас Нефилимийг харсан. … Тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахад бид царцаа мэт байв (Тооллого 13:32-33).
Хинаан нутгийг хүчирхийллээр дүүрэн, аюултай газар, тэндхийн оршин суугчдын дунд харгис хэрцгий аварга биетэн Нефилимүүд байна гэж итгэлээр дорой тагнуулууд мэдээлсэн нь тэдэнд айдас төрүүлэв. Харамсалтай нь энэ мэдээ Мөшэхийг дагаж байсан эхний үеийхэнийг “тэр газар нутгийг эзлэн ав” гэсэн Ертөнцийн Эзэний дуудлагаас холдуулжээ. Энэ итгэлгүй байдал Ертөнцийн Эзэнийг ихэд гонсойход хүргэжээ. Тиймээс Тэрбээр эхний үеийхэн үхэж үрэгдэж, дараагийн шинэ үеийхэн тэр газар нутгийг эзлэн авахад бэлэн болтол Израйльчуудыг цөл хээрээр утга учиргүй хэрэн тэнүүчлэхэд хүргэжээ.
Энэ бүхнийг харгалзан үзвэл Мөшэх балар эртний түүхийн энэ хэсгийг Израйльчуудад тохиолдсон явдалтай өөр нэг байдлаар хэрхэн холбож байгааг ойлгож чадна. Тэрбээр уншигчдаа Эхлэлийн 6-р бүлэгт гардаг балар эртний Нефилимүүдтэй Хинаан нутгийн айдас төрүүлэм Нефилим дайчдыг холбож бодоосой гэж хүссэн юм. Тэгсэнээрээ Эхлэлийн 6-р бүлгийн 1-ээс 8-д хүчирхийлэл болон чөлөөлөгдөх найдварын тухай өгүүлсэнийг Хинаан нутгийг эзлэх үед тохиолдох аюултай холбон үзээсэй гэж хүсчээ..
За тэгэхлээр бид Эхлэлийн 4-р бүлгийн 1-ээс 6-р бүлгийн 8 хүртэлх хэсгийн эх утгыг судалж үзээд, балар эртний энэ түүхэнд гарч буй дүрүүд нь Мөшэхийн үеийн Израйль хүмүүстэй холбогдож байгааг үзлээ. Тэгвэл одоо бид хоёрдахь асуултаа авч үзье. Төшэхийг дагаад Ертөнцийн Эзэний амласан газар нутаг руу явж байгаа Израйлийн ард түмэнд эдгээр холбоос нь ямар хамаатай байна вэ?
Израйльчуудад хандаж хэлсэн Мөшэхийн үгийн амин сүнсийг нь ойлгохын тулд бид эхлээд энэ номонд хоёр удаа гарч буй үндсэн зураглалыг санах нь чухал. Та бүхэн Эхлэлийн 4-р бүлгийн 1-ээс 6-р бүлгийн 8-ын хооронд хүчирхийлэл болон үүнээс чөлөөлөгдөх найдварын хоёр удаа өгүүлсэнийг эргэж санаарай. 4-р бүлгийн 1-ээс 5-р бүлгийн 32-т Хаяан болон түүний үр удмынхны харгис хэрцгий явдлууд дээр голлон анхаарсан байдаг. Гэхдээ 5-р бүлгийн 29-ээс 32-т чөлөөлөлт ирэх болно гэдгийг үзүүлэхийн тулд Нуахын нэрийг дурдсан байдаг. Үүнчлэн Эхлэлийн 6-р бүлгийн 1-ээс 8-ийн хооронд хорон санаат ер бусын элч нар болон Нефилимуудын хэрцгий балмад явдлыг өгүүлжээ. Энэ аюулаас ч гэсэн Ертөнцийн Эзэн чөлөөлнө гэдэг санааг харуулахын тулд Эхлэлийн 6-р бүлгийн 8-д Нуахын нэрийг дахин нэг удаа дурддаг.
Мөшэхийг дагаж байсан Израйльчуудын хувьд энэ нь тун сайхан мэдээ байсан байх. Ертөнцийн Эзэн тэдний төлөө урд нь юу хийснийг мөн одоо юу хийж өгөхийг энэ мэдээ ил болгосон юм. Нэг талаар Ертөнцийн Эзэн Израйльчуудын өвөг дээдсийг Хаяаны үр удмаас чөлөөлөхийн тулд Нуахыг ашигласан шиг Тэрбээр Израйльчуудыг Египетийн дарлалаас чөлөөлөхийн тулд Мөшэхийг аль хэдийн ашигласан байна. Нөгөө талаар Ертөнцийн Эзэн балар эртний Нефилимүүдээс чөлөөлөхийн тулд Нуахыг ашигласан шиг Хинааны нутагт тэдэнтэй тулгарах аварга биетэн Нефилимүүдийн аюулаас Израйльчуудыг чөлөөлөхийн тулд Мөшэхийг ашиглах болно.
За бид Эхлэлийн 4-р бүлгийн 1-ээс 6-р бүлгийн 8 хүртэлх хэсгийн бүтэц болон эх утгыг үзлээ. Одоо бүгдээрээ энэ хэсгийнхээ сүүлчийн сэдэв болох орчин үеийн хэрэгжүүлэлтийг үзье. Мөшэхийн бичсэн балар эртний түүхийн энэ хэсгийг өөрсдийнхөө өнөөгийн амьдралд хэрэгжүүлэх талаар Шинэ Гэрээ бидэнд юу заадаг вэ?
Сурсанаараа бид энэ сэдвийг Шинэ Гэрээ хэрхэн Христийн хаант улсын гурван үе шаттай, нэгдүгээрт, Христийг энэ дэлхийд ирэх үед бий болсон Түүний Хаант улсын эхлэлтэй, хоёрдугаарт, Христэд итгэгчдийн түүхийн туршид өргөжсөн Түүний Хаант улсын үргэлжлэлтэй, гуравдугаарт яруу алдраа дуурсган эргэж ирээд шинэ дэлхийг байгуулах Түүний Хаант улсын төгс үетэй холбон хөгжүүлж боловсронгуй болгосныг үзэх болно. Өнөөгийн Христэд итгэгчдэд учрах хүчирхийлэл болон чөлөөлөлтийг бүрэн ойлгохын тулд Христийн хаант улсын энэ гурван үе шатыг тус тусад нь авч судлах хэрэгтэй. Эхлээд Христийн хаант улсын эхлэлийн үеэр бий болсон харгис хэрцгий явдал, үүнээс чөлөөлөгдөх найдвартай холбоотой санааг авч үзье.
Христийн эхний ирэлтээр бий болсон Түүний хаант улсын эхлэл нь балар эртний үед хүмүүсийн үйлдсэн хэрцгий балмад явдлыг үгүй дээ л хоёр байдлаар сануулж байна. Нэгдүгээрт, энэ дэлхийд амьдарч байх үед нь Есүсийг зовоож тарчилгаж байсан хэрцгий явдалтай холбогдож байгааг бид харж байна. Хоёрдугаарт, Өөрийнхөө хүмүүст Есүсийн авчирсан чөлөөлөлттэй энэ бүхэн холбогдож байгааг бид олж мэдлээ. Юуны өмнө эхнийхээ ирэлтийн үеэр Есүсийн эдэлсэн зовлон зүдгүүрийг үзэцгээе.
Есүсийн амьдралыг сайн мэддэг хэн ч гэсэн хүмүүсийн зүгээс Есүсийг олон янзын байдлаар хавчин зовоож байсныг мэднэ. Дорд үзэгдсэн олон түмний төлөө ажиллаж байхдаа Тэрбээр тэдний уй гашуу, шаналалыг тээж байлаа. Тиймээ. Есүсийн эсрэг үйлдсэн хэрцгий явдлын оргил цэг нь загалмай дээрх Түүний үхэл байсан гэж Шинэ Гэрээ номонд бичсэнд эргэлзэх явдалгүй билээ. Тухайн үеийн цаазын хамгийн муухай хэлбэрийг эдлэн зовж тарчилсан Есүс үнэндээ балар эртний үед амьдарч байгаад амиа алдсан зөв шударга хүмүүсээс илүү зовлон тарчлалыг эдэлсэн юм.
Энэ бүхнийг харгалзан үзсэн цагт л Есүсийн эдэлсэн зовлонг Шинэ Гэрээнд дүрсэлсэн нэг арга нь загалмай дээрх түүний үхлийг балар эртний дэлхий гарсан хэрцгий явдал бүр тодруулж хэлбэл Хэвээлийн үхэлтэй харьцуулсан байдагт гайхах явдалгүй билээ. Үүнтэй адил Еврейчүүдэд зориулсан захидлыг бичигч нь Есүсийг ямар ч гэм буруугүй мөртлөө харгис хэрцгий хүмүүсийн гарт зовон тарчилсан гэдгийг сайн мэддэг байжээ. Тиймээс тэрээр захидлынхаа 12-р бүлгийн 23, 24-р ишлэлд Христийн үхлийг Хэвээлийн үхэлтэй харьцуулсан байдаг. Тэнд:
Та нар … шударга хүмүүсийн сүнс, бүхнийг захирагч шүүгч Ертөнцийн Эзэнтэй, мөн шинэ гэрээг тогтоосон зууч болох Есүстэй холбоотой болсон. Есүс алагдаж цусаа урсгасан боловч Ертөнцийн Эзэн бидэнд хир зэрэг хайртай болохыг харуулах утгатай байсан учраас энэ нь Хэвээлийн асгаруулсан цуснаас илүү ихийг бидэнд хэлж байна (Еврейчүүдэд 12:23-24).
Энд цаагуураа Мөшэхийн бичсэн балар эртний түүхийг дурдаж байгаа нь тодорхой байна. Христийн асгаруулсан цус Хэвээлийн асргаруулсан цуснаас илүү ихийг хэлдэг. Нэг үгээр Ертөнцийн Эзэний нүдэнд Христийн үхэл нь Хэвээлийн үхлээс илүү ач холбогдолтой байв. Есүсийн үхэл жирийн нэг явдал байсангүй. Тэрбээр өөрт нь итгэх хүн бүрийн оронд зовж тарчилсан учраас Есүсийн үхэл түүний хүмүүсийн гэмийг халхалсан юм. Үүнээс гадна Христийн үхэл Ертөнцийн Эзэний шударга уур хилэнг Хэвээлийн асгаруулсан цуснаас илүү ихээр хөдөлгөсөн билээ.
Үүнийг харгалзан үзсэн цагт бид Мөшэхийн бичсэн балар эртний түүхэнд гарсан хүчирхийллийн тухай мэдээг уншихдаа эдгээр бүлгийг тэрбээр яагаад Израйлийн анхны уншигчдад бичсэнийг зүгээр нэг тэмдэглээд өнгөрөх ёсгүй юм. Балар эртний түүхэнд зөв шударга хүмүүст учирч байсан хүчирхийлэл нь Өөрийнхөө хаант улсын эхлэлийн үеэр Христийн эдлэх зовлон зүдгүүрийг урьдчилан мэдсэн юм гэдгийг бид Шинэ Гэрээний үүднээс харах хэрэгтэй.
Бид Шинэ Гэрээ хэрхэн хүчирхийллээр дүүрэн балар эртний үе болон Христийн эдэлсэн зовлон зүдгүүр хоёрын хоорондын холбоог гаргаж ирж байгааг харлаа. Тэгвэл одоо Христийн хаант улсын эхлэлтэй “Эхлэл” номын энэ хэсэг холбогдож буй хоёрдахь арга замыг үзэцгээе. Хүн төрөлхтөнд Есүсийн авчирсан чөлөөлөлтийн найдвартай холбоотой бас нэг чухал холбоос харагддаг.
Есүс олон түмний дунд хийсэн үйлчлэлийнхээ ихэнхийг найдвар төрүүлсэн үг болох сайн мэдээ буюу түүнийг дагасан хүмүүсийн эдлэж буй зовлон зүдгүүр нэг л өдөр үгүй болно гэдгийг тунхаглаж өнгөрөөсөн юм. Энэ сайн мэдээнд Есүс өөрийгөө бүрэн зориулж байсан нь түүний зааж байсан бүх сургаалаас харагддаг. Уулан дээр заасан номлолынхоо эхний хэсэг буюу “Ерөөлийн сургаалд” нь чөлөөлөлтийн тухай үг ямар их тод харагддагийг анхаарч үзэх нь чухал. Есүс олонд алдаршсан энэ номлолоо эхлэхдээ тэрбээр Матайн 5-р бүлгийн 10-аас 12-т буй дараах үгийг хэлсэн юм:
Ертөнцийн Эзэний үгийг дагаснаас болж бусдад хавчигдсан хүн түүний ер бусын улсын харъяат болж, хязгааргүй их жаргал олно. Надад итгэсний чинь төлөө хүмүүс та нарт хорсож, хараан, зүхэж, хавчиж, хилс хэргээр гүтгэнэ. Тийм хэцүү үед ч та нар жаргалтай байж чадна. Та нар түүний ер бусын улсад орохдоо өндөр шагнал авах болно (Матай 5:10-12).
Есүсийн заасан сургаалийн нэг гол санаа бол Ертөнцийн Эзэн өөрийнхөө хүмүүсийг зөнд нь хаяагүй юм гэдэг найдварыг төрүүлэх явдал байсан юм гэдгийг эдгээр ерөөлийн сургаал нь харуулдаг. Есүс өөрийг нь дагаж буй хүмүүст Ертөнцийн Эзэн тэднийг нэг л өдөр бүх зовлон шаналалаас чөлөөлнө гэдэг найдварыг төрүүлж урамшуулан зоригжуулсан.
Гэхдээ Есүс чөлөөлөгдөх найдварын тухай сайн мэдээг зүгээр л заагаагүй юм. Тэрбээр үнэн хэрэгтээ зарлан тунхаглаж байсан чөлөөлөлтөө өөрийн үхэл болон дахин амилалтаар амжилттай биелүүлсэн юм. Есүс Давид хааны жинхэнэ удам буюу Ертөнцийн Эзэний илгээсэн аврагч байсан учраас түүний үхэл нь Ертөнцийн Эзэний хүмүүсийн гэмийг бүрэн халхалж чаддаг. Түүний үхэл гэмийн төлөөсийг төлсөн учраас түүнийг дагагчид үхлээс айх айдасгүй болсон юм. “Еврейчүүдэд” номын 2-р бүлгийн 14, 15-д Есүсийн үхлийн тухай ингэж бичсэн байдаг:
Есүс Христ хүн бүрийг нас барсных нь дараа Ертөнцийн Эзэний мөнхийн шийтгэлд оруулах гэж захирдаг адгийн муу ёрын сүнсийг устгаж, үүнээс насан турш айн дагжиж байдаг хүн төрөлхтөнийг тэр аймшгийн боолчлолоос үүрд чөлөөлөхийн тулд алагджээ (Еврейчүүдэд 2:14-15).
Тэгэхлээр бид хүчирхийлэл болон чөлөөлөгдөх найдварын тухай сэдэв Христийн хаант улсын эхлэл тун амархан холбогдож байгааг харлаа. Мөшэх Израйльчуудад тулгарах аюул заналыг хүлээн зөвшөөрч, үүнээс чөлөөлөх Ертөнцийн Эзэний хүч чадлын тухай зааж байхад Шинэ Гэрээ бидэнд Христ харгис хэрцгийн явдлаас болж зовон шаналж, энэ дэлхийн ёрын муу хүчээс өөрийнхөө хүмүүсийг чөлөөлөхийн тулд ирсэн юм гэдгийг харуулдаг.
Шинэ Гэрээ Есүсийн эхний ирэлтийг балар эртний түүхтэй хэд хэдэн байдлаар холбож өгсөнийг бид харлаа. Тэгвэл одоо бүгдээрээ уг түүхийн энэ хэсгийг Христийн хаант улсын үргэлжлэл буюу Христийн эхний болон хоёрдахь ирэлтийн хоорондох үетэй Шинэ Гэрээ хэрхэн холбогдож байгааг ажиглацгаая.
Христийн хаант улсын үргэлжлэл нь Эхлэлийн 4-р бүлгийн 1-ээс 6-р бүлгийн 8-тай хэрхэн холбогдож байгааг Шинэ Гэрээ дор хаяж хоёр арга замаар тайлбарласан байдаг. Эдгээр нь Бичээсийн энэ хэсгийг Христэд итгэгчдийн сүмд хэрэгжүүлэх бидний үндсэн удирдамж болдог юм. Нэг талаар бид Ертөнцийн Эзэний хүмүүсийн эсрэг хандсан харгис хэрцгий явдлууд үргэлжилсээр байх болно гэж үзэх хэрэгтэй гэдгийг Шинэ Гэрээ заадаг. Нөгөө талаар үүнээс чөлөөлөгдөхын тулд Христэд итгэсэн хэвээр байж энэ хүнд хэцүү цаг үеийг тэсвэрлэхийг Шинэ Гэрээнд урамшуулсан байдаг. Эхлээд бид Христийг дагагч хүмүүсийн эсрэг хүчирхийлэл гарах болно гэж үзэх хэрэгтэй.
Дагалдагчидыг нь хүн төрөлхөн үзэн ядаж, хавчин зовоох болно гэж Есүс нилээд хэдэн удаа заасан. Харин Матайн 23-р бүлгийн 34, 35-д энэ зовлон зүдгүүр нь балар эртний дэлхийд амьдарч байсан зөв шударга хүмүүсийн эдлэсэн зовлон зүдгүүртэй холбоотой гэдэг баримтанд Есүс өөрөө бусдын анхаарлыг хандуулсан байдаг. Есүс Паараш бүлгийнхэнд хандаж:
Би та нар руу өөрийнхөө зарлагууд, ухаалаг мэргэн хүмүүс, багш нарыг илгээнэ. Та нар тэдний заримыг цовдолж, заримыг нь хурлын танхимд ташуурдаж, хотоос хот руу хөөн тууж аваачина. Дээр үед танай өвөг дээдэс ариун санаат Хэвээлийг алсан. Түүнээс хойш Ертөнцийн Эзэний сүм болон түүний гаднах өргөлийн ширээний хооронд Бэрэхайхын Зихаряахыг алах хүртэл олон ариун санаатныг хороосон” гэж хэлдэг (Матай 23:34-35).
Дагалдагчидаа хүн төрөлхтөний дунд илгээхэд тэднийг хатуу ширүүнээр хавчин зовоох болно гэдгийг Есүс урьдчилан хэлсэн юм. Харин урьдчилан хэлсэн энэ үгээ Есүс балар эртний түүхтэй хэрхэн холбож байгааг анхаараарай. Тэрбээр Өөрийг нь дагаж буй хүмүүст учрах харгис хэрцгий явдлууд бол Хаяаны алсан ариун шударга Хэвээлд тохиолдсон харгис явдлын тэр л загвараар үргэлжлэх болно гэдгийг хэлсэн.
Бид Христийн дагалдагчид Түүний хаант улсын үргэлжлэлийн үеэр хавчлагаас болж цаг ямагт зовон зүдрэх болно гэдгийг ойлгосон бол Христэд итгэх итгэлээ хэвээр хадгалахын ач холбогдлыг бас ойлгож чадна. Еврейчүүдэд зориулсан захидлыг бичигч хүн энэ асуудлыг захидлынхаа 11-р бүлэгт хөндсөн байдаг. 11-р бүлгийн 4-р ишлэлд ингэж бичсэн байна:
Хэвээл Ертөнцийн Эзэнд үнэн сэтгэлээсээ итгэсэн учраас Хаяанаас илүү өргөлийг өргөсөн юм. Өргөлийг нь Ертөнцийн Эзэн таашааж түүнийг гэм буруугүйд тооцжээ. Хэвээлийн бат итгэлийг хүмүүс одоо ч дурссаар байна (Еврейчүүдэд 11:4).
Христийн дагалдагчид зуун зууны туршид Хэвээлийн үлгэр жишээг дагах ёстой гэдэг нь энэ хэсгийн гол санаа юм. Хэдийгээр Хэвээлийн зөв шударга байдалд хорон санаат ах нь хорсож түүнийг алсан боловч Хэвээл өнөөгийн бидний үеийнхэнийг оруулаад бүх итгэгчдэд үнэнч итгэлтэй хүний үлгэр жишээ болсоор байна.
Бид балар эртний түүхэнд өгүүлэх хүчирхийлэл болон үүнээс чөлөөлөгдөх найдварын тухай сэдэв нь Христийн дагалдагчдад түүний хаант улсын үргэлжлэлийн үеэр ч бас хэрэгжиж байгааг харлаа. Нэг талаар бид өнөө үед бидэнд учрах эсэргүүцэл болон хүчирхийллээс болж зовлон эдлэхэд бэлэн байх ёстой юм. Нөгөө талаар бид энэ хүнд хэцүү үеийг тэсвэрлэхдээ нэгэн өдөр тэр биднийг энэ бүгдээс чөлөөлнө гэдэг итгэл найдвартай байсан цагт л тэр бүхнийг даван туулна.
Харгис хэрцгий явдал болон үүнээс чөлөөлөгдөх найдварын тухай сэдэв нь Христийн хаант улсын эхлэл мөн үргэлжлэлтэй хэрхэн таарч байгааг харсан болохоор энэ бүхэн Түүний хаант улсын сүүлчийн үе шат буюу Түүний хоёрдахь ирэлттэй хэрхэн нийцэж байгааг үзэцгээе.
Энгийнээр хэлэхэд Христ эргэж ирэх үед бид Ертөнцийн Эзэний хүмүүсийн эсрэг гарч буй хүчирхийлэл эцэс болж байгааг харж, үүрд мөнхөд үргэлжлэх ивээл хайраар дүүрэн дэлхий амьдрахаар бүрмөсөн чөлөөлөгдөх болно гэж Шинэ Гэрээ заадаг.
Энэ хүчирхийллийн төгсгөл нь Түүний хаант улсын төгсгөлийн тухай Шинэ Гэрээний дүрслэлийн гол тал юм. Христ эргэж ирээд ямар ч харгис хэрцгий явдалгүй бүхэлдээ шинэчлэгдэн өөрчлөгдсөн орчлон хорвоог бий болгоно. Төлөөлөгч Иоган Есүс эргэж ирэх тухай “Үзэгдэл” номын 21-р бүлгийн 1-ээс 5-д ингэж дүрсэлжээ:
Анхны дэлхий ертөнц үгүй болоход Ертөнцийн Эзэн цоо шинэ дэлхийг бүтээснийг би үзлээ….Тэгээд би Ертөнцийн Эзэний ширээний дэргэдээс нэгэн чанга дуу сонсогдож, … ’үүнээс хойш Ертөнцийн Эзэн өөртөө итгэдэг хүмүүстэй бүрмөсөн нэгдэж, үүрд хамт байж, тэд бүрмөсөн түүнийх, тэр бүрмөсөн тэднийх болж, аливаа гуниг зовлон үгүй болж, дүүрэн жаргалыг эдлэнэ’ гэв. Хаан ширээнд сууж буй Тэрбээр ‘Би орчлон ертөнц байгаа бүх юмыг дахин шинэчлэнэ’ гэлээ (Үзэгдэл 21:1-5).
Гэхдээ Христийн хаант улсын төгсгөлийн үед зөвхөн хүчирхийлэл эцэс болохгүй. Христ эргэж ирэхдээ өөрийнхөө хүмүүст хязгааргүй их ивээл болон өнө мөнхөд үргэжлэх амар тайвныг өгөх болно. Бидний чөлөөлөлт бүрэн гүйцэд бөгөөд эцсийнх байх болно. Бидний эцсийн чөлөөлөлтийг Үзэгдэл номын 22-р бүлгийн 1, 2-т ингэж тодорхойлсон байдаг:
Тэгээд ер бусын элч мөнхийн амьдралын устай голыг надад үзүүлэв. Болор мэт тунгалаг тэр гол уг хотод орших Ертөнцийн Эзэн, хурга Есүс Христ хоёрын ширээнээс гарч хотын гудамж дундуур урсана. Голын эргээр амьдрал өгөгч мод ургана. Сар бүр жимсэлж, жилд 12 удаа үр жимс гаргадаг тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээх хүч чадалтай (Үзэгдэл 22:1-2).
Христийн хоёрдахь ирэлтээр буй болох эцсийн чөлөөлөлтийн энэ найдвар Шинэ Гэрээ номын туршид гардаг. Энэ нь Христэд итгэх итгэлийн эцсийн цэгийг илэрхийлдэг юм. Бид энэ дэлхийн хүнд хэцүү сорилт бэрхшээлүүд шинэ дэлхийд бий болох амьдрал өгөгч гайхамшгуудаар солигдох тэр өдрийг тэр өдрийг тэсч ядан хүлээж байна. Зовлон зүдгүүр баяр хөөрөөр солигдоно. Хүнд хэцүү тэмцэл ялалтаар солигдох болно. Үхэл мөнхийн амьдралаар солигдоно.
Израйльчуудыг Хинаан нутгийн зүг урагшлахад нь зоригжуулахын тулд Мөшэх балар эртний дэлхийд болсон хүчирхийллийн тухай бичсэний адил Христийн хаант улсын төгсгөлийн үеэр бий болох шинэ дэлхийг хүсэн хүлээх тухай Шинэ Гэрээ бидэнд заадаг юм. Христийг эргэж ирэх үед түүнд найдаж байсан бүх хүн харгис хэрцгий явдал эцэс болж байгааг харах болно. Тэд бас үүрд мөнхөд аврагдах бүрэн гүйцэд яруу алдарт чөлөөлөлтийг өвлөн авна.
Энэ хичээлээр бид Эхлэлийн 4-р бүлгийн 1-ээс 6-р бүлгийн 8-т дүрсэлсэн балар эртний дэлхийд гарсан хүчирхийллийн хэд хэдэн талыг үзлээ. Бид Эхлэл номын энэ хэсгийн бүтцийг ажиглалаа. Өөрийг нь дагаж Хинаан орны зүг явж байсан Израйльчуудыг зоригжуулахын тулд энэ материалыг Мөшэх хэрхэн эхлээд бичсэнийг харлаа. Бид бас Христэд итгэгчийнхээ хувьд балар эртний түүхийн энэ хэсгийг Шинэ Гэрээнд өгүүлсэн итгэлтэйгээ холбож үзэх хэрэгтэй гэдгийг сурлаа.
Бид Эхлэл номын энэ хэсгийг Израйльчуудад зориулж Мөшэхийн хэлэх гэсэн анхны тэр санаагаар нь ойлгож судлаад ирэхээр энэ нь өнгөрсөн цагт болсон ердийн нэг түүхээс илүү их утга учиртай болдог юм. Ертөнцийн Эзэн балар эртний дэлхийд гарсан хүчирхийллээс чөлөөлсөн шигээ хожим нь Мөшэхийн үед Израйльчуудыг чөлөөлсөн гэдгийг бид ойлгосон болохоор Есүс биднийг нэг л өдөр хүчирхийллээр дүүрэн энэ дэлхийгээс салгаж авна гэдэгт улам бат итгэж чадна.
Хэвээл (Abel) – Адам Хаввах хоёрын хүү. Өөрийн ах Хаяанд алуулсан
Гэмийн халхавч (atonement) – Хүний гэмийн буруутгалыг авч, гэмтнийг Ертөнцийн Эзэнтэй эвлэрүүлэх хүчтэй золиос
Хаяан (Cain) – Адам Хаввах хоёрын хүү. Тэр дүү Хэвээлээ алсан
бүрэн төгс ялах үе (consummation) – Христ эргэн ирж, түүхэн дэх Бурханы туйлын зорилгыг биелүүлэх тэрхүү эцсийн үеийн эхлэлийн гурав дахь буюу эцсийн үе шат
үргэлжлэх үе (continuation) – Эцсийн үеийн эхлэлийн хоёр дахь буюу дунд шат. Энэ нь Христийн анхны ирэлтээс хойших, эцсийн ялалтаас өмнөх Бурханы хаанчлалын үе
Хануух (Enoch) – Хаяаны хүүгийн нэр. Мөн Шээт ч гэсэн ийм нэртэй хүүтэй байсан. Хаяаны хүү нь ихэрхий бардам хүн байсан бол Шээтийн хүү “Ертөнцийн Эзэнтэй дотно” хүн байжээ.
Янош (Enosh) – Шээтийн хүү. Их Эзэн гэж дуудсан шударга сайн хүн байсан.
Ургийн бичиг (genealogy) – Гэр бүл, хувь хүний удам судрыг дурдсан жагсаалт, тэмдэглэл
Эхлэлийн үе (inauguration) – Эцсийн юмсын эхний үе шат. Энэ нь Христийн эхний ирэлт болон Түүний элч нар ба эш үзүүлэгчдийн үйлчлэлийг хэлдэг.
Яавал (Jabal) – Ламехийн хүү. Гэр майханд амьдарч мал сүрэг өсгөдөг хүмүүсийн өвөг.
Юубал (Jubal) – Ламехийн хүү. Ятга, лимбэ тоглодог хүмүүсийн өвөг.
Ламех (Lamech) – Хаяаны ихэрхүү бардам үр сад. Өөрийг нь шархдуулсан залууг алсан хэмээн сайрхаж байсан.
Хүүрнэл (narrative) – Түүх өгүүлдэг уран зохиолын хэлбэр.
Нефилим (Nephilim) – хүчирхийлэл, мөжлөгөөрөө танигдсан хүчирхэн хүмүүс.
Шээт (Seth) – Адам Хаввах хоёрын гуравдах хүү.
Шэм (Shem) – Нуахын үр удмын залгуулахаар сонгогдсон хүү.
Туувал-Хаяан (Tubal-Cain) – Ламехын хүү. Тэрээр төмөр, хүрлээр багаж хийсэн.
Яавэ – Ихэвчлэн “ЭЗЭН” гэж орчуулагддаг, “Би бол Би байгаа” гэдэг хэлцээс гаралтай Бурханы Еврей нэр
Continue reading the full transcript