<link rel="stylesheet" href="https://cdn.plyr.io/3.7.8/plyr.css" />
Каталог руу буцахPENПятикнижие
Пятикнижие ·VideoАнгли хэлнээс орчуулсан

PEN-09 Патриарх Яаков

Бүрэн бичвэрийг уншина уу

Патриарх Яаковын" видео дагалдах материал нь дараахь асуултуудыг асууна: Яаковын түүхын өргөн утга зохист бүтэц нь Genesis 25:19-37:1-д юу вэ? Яаков, Исау нарын хоорондох зөрчилдөөний шалтгаан юу байсан бэ? Израильчууд Эдомтой харилцах харилцааны талаар Яаков, Исау нарын түүхээс ямар сургамж авч болох вэ? Бурхан Яаковын нэрийг Израиль болгон өөрчлөх болсон шалтгаан юу вэ? Яаковын түүхүүд Израиль нэг өдөр Амласан газрыг эзэлнэ гэсэн Бурханы амлалтыг хэрхэн бэхжүүлэх вэ? Genesis 28:14-д Бурханы Яаковд хэлсэн үгс Израильд үндэстнүүдийг 축복лох үүрэг гүйцэтгэх талаар юу заадаг вэ? Яаковын түүхүүдэд ямар том сэдвүүд байдаг вэ? Яаковын түүхүүд Бурханы 은혜г хэрхэн харуулдаг вэ? Яаковын түүхүүдийг өнөөдөр бид өөрсдийн амьдралд хэрэгжүүлэх практик аргууд юу вэ?


From the transcript

Та бүр ямар ч найдваргүй тийм худалч, хуурамч хүмүүстэй хэзээ нэгэн цагт тааралдаж байсан уу? Тэд хуурч мэхлээд хэсэгтээ ашиг олж байгаа мэт харагдах боловч яваандаа бүр дорддог. Гэхдээ Бурхан тийм хүмүүсийг хүртэл онцгойгоор ашиглаж чаддаг нь үнэхээр гайхалтай юм. Бурхан тэднийг даруу болгохын тулд амьдралыг нь хүнд хэцүү болгож, өөрт нь үйлчлэхэд бэлэн болгож өөрчилдөг. Бурханы ийнхүү амьдралыг нь өөрчилсөн хүмүүс хожим нь бусдад даруу зан болон итгэлийн үлгэр жишээ болох нь бий.

Энэ хичээлээр бид Пентатух дахь Библийн хамгийн хуурамч хүмүүсийн нэг байсан “Эцэг “Иаков”-ын тухай өгүүлдэг хэсгийг судлах болно. Эхлэл номын 25:19–37:1 хүртэлх эшлэлүүдэд зөвхөн Иаковын хуурамч зан чанарын өгүүлдэггүй. Харин Бурхан түүнийг хэрхэн даруу болгож, Израилын өвөг эцгүүдийн нэг байхаар хэмжээнд хүртэл өөрчилсөн тухай өгүүлдэг.

Өмнөх хичээлүүдээр бид Эхлэл номыг гурван гол хэсэгт хуваадаг тухай үзсэн. Эхний хэсэг нь 1:1–11:9 хүртэлх эшлэлд гардаг эртний түүхийн тухай байдаг. Энэ хэсэгт Мосе Израилын Амлагдсан нутгийн тухай ойлголт чухам хаанаас эхтэйг, мөн дэлхий дахинд эрт дээр үед юу болсон тухай өгүүлсэн. 11:10–37:1-р эшлэл буюу хоёр дахь хэсэгт түрүү үеийн эцэг өвгөдийн түүхийг өгүүлсэн байдаг. Энэ хэсэгт Мосе Амлагдсан нутагт хүрэх аяллыг Абрахам, Исаак болон Иаковын амьдралын түүхээр төлөөлүүлэн өгүүлсэн байдаг. Харин 37:2–50:26-р эшлэл буюу гурав дахь хэсэгт дараа үеийн эцгүүдийн түүхийг өгүүлсэн нь бий. Эдгээр эшлэлд Мосе Иосеф болон түүний ах дүү нарын түүх болон Амлагдсан нутагт хүрэх замд Израилын овог аймгуудын дунд тулгарсан асуудлуудын тухай өгүүлдэг.

Эцэг Иаковын тухай хоёр дахь хэсэгт өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь Абрахам, Исаак, Иаков гэсэн Израилын гурван өвөг эцгийн үеийн түүхийн нэгэн хэсэг гэсэн үг. Исаакийн амьдралын үйл явдлууд 11:10–25:18 дээрх Абрахамын түүх болон 25:19–37:1 дэрх Иаковын түүхийн аль алинд нь багтсан байдаг. Тиймээс энэ хичээлээрээ бид Иаковын амьдралын тухай өгүүлдэг хоёр дахь хэсгийн төгсгөлд анхаарлаа хандуулах болно.

Эцэг Иаковын тухай энэхүү хичээлийг хоёр үндсэн хэсэгт хувааж үзнэ. Эхлээд бид Эхлэл номын энэ хэсгийн бүтэц болон агуулгын тухай үзнэ. Дараа нь харин Мосе уншигчдадаа чухал гэж онцолсон сэдвүүд болон эдгээр нь орчин цагийн Христитгэлт хүмүүсийн амьдралд ямар хамааралтай тухай үзэх болно. Ингээд эхлээд Иаковын түүхийн бүтэц болон агуулгыг авч үзье.

БҮТЭЦ БА АГУУЛГА

Иаковын амьдралын тухай мэдэхгүй Библи судлалын оюутнууд ховор биз ээ. Гэхдээ энэ хичээлээр бид хамгийн гол нь Эхлэл номд Мосе тэдгээр үйл явдлуудыг ямар дарааллаар бичсэнийг үзэх болно. Бичвэрийг уншихдаа юуны тухай өгүүлж байна, хэрхэн өгүүлж байна гэдгийг аль алийг нь анхаарах ёстойгоо мартаж болохгүй шүү. Өөрөөр хэлбэл, багц эшлэл бүрийн агуулга болон бүтэц хэрхэн уялдаж байна вэ гэдгийг харна гэсэн үг. Энэ уялдааг ойлгосноор Библийг бичсэн хүмүүсийн анхны уншигчдадаа юу ойлгуулахыг хүссэн болохыг амархан ойлгох боломжтой. Мөн үүнийг ойлгосноор орчин цагтай хэрхэн уялдуулан холбохоо ч мэдэхэд тустай.

Эхлэх 25:19–37:1-тэй адил урт бас цогц утга агуулгатай багц эшлэлийн бүтцийг тодорхойлох олон арга бий. Гэхдээ хичээлийнхээ зорилгын хүрээнд Иаковын амьдралын долоон гол хэсгийг нарийвчлан үзнэ.

Эхний хэсэг буюу Эхлэл 25:19-34-р эшлэлийг зөрчилдөөний эхлэл гэж нэрлэдэг. Энэ хэсэгт Иаков болон Есав хоёрын дундах, мөн хожим нь тэднээс үүссэн үндэстнүүдийн хоорондын урт удаан үргэлжлэх тэмцэл эхэлдэг. Энэ тэмцэл Иаковын амьдралын туршид хурц, намжмал гээд олон янзаар үргэлжилсэн. Харин эхний энэ хэсгийн төгсгөлд гол дүр нь Есав, Иаков хоёр биш харин тэдний эцэг Исаак болдог.

Хоёрдугаар хэсэг буюу 26:1-33-р эшлэлд Исаак ба Филистчүүдийн эв найрамдлын тухай өгүүлдэг. Тэгээд энэ хэсгийн төсгөлд эргээд Есав, Иаков хоёр гол дүр болдог.

Гуравдугаар хэсэг буюу 26:34–28:22-р эшлэлд Иаков, Есавын хоёрын хоорондоо дайсан болон салж явсан тухай өгүүлдэг. Иаков Амлагдсан нутгийн гадна амьдардаг хамаатан болох Лабаныд амьдарч байгаагаар энэ хэсэг төгсдөг.

Дөрөвдүгээр хэсэг буюу 29:1–31:55-р эшлэлд Иаков Лабаныд хэрхэн амьдарч байсан тухай өгүүлдэг. Энэ хэсэг нь Иаков Амлагдсан нутагт эргэн ирснээр төгсдөг.

Тавдугаар хэсэг буюу 32:1–33:17-р эшлэлд Иаков Амлагдсан нутагт эргэн ирсний дараа ахтайгаа эвлэрээд найрамдан салж байгаа тухай өгүүлдэг. Тэгээд энэ хэсэгт мөн Иаков Канаанчууд хэмээх дайснуудтай тэмцэж байгаа тухай түүх гардаг.

Зургаадугаар хэсэг буюу 33:18–35:15-р эшлэлд Иаков болон Канаанчуудын харилцааны тухай өгүүлдэг. Харин энэ хэсгийн төгсгөлд Иаковын удмын тухай өгүүлсэн байдаг.

Эцэст нь, 35:16–37:1-р эшлэл буюу Иаковын амьдралаас бид ах дүүсийн зөрчилдөөн төгсгөл болохыг харж болдог.

Иаковын амьдралын эдгээр гол үйл явдлууд өргөн цар хүрээний, олон үйл явдлын зангилаа болсон гэж үздэг судлаачид олон байдаг:

Гол үйл явдлын өмнөх ба дараах үе тус бүрийн уран зохиолын бүтэц нь бие биеэ тэнцвэржүүлсэн эсвэл зэрэгцсэн буюу параллель шинжтэй байдаг.

Хуучин Гэрээний аль нэг хэсэг эсвэл багц эшлэлийн бүтэц загварчлалын тухай ярих бүрдээ тун ховор тохиолдлоос бусдаар бол Библийг бичсэн хүмүүс түүх болон яруу найргаа ямар нэг загвар, нарийн дараалалтай бичээгүй гэдгийг бид сайн санаж байх хэрэгтэй. Тэд “За би одоо нэгдүгээр бүлгээ бичиж байна. Одоо хоёр, гуравдугаар бүлэг дээр явж байна” гэж бодоод бичсэн юм биш. Харин бид энд Библийн тайлбарлагчид тодорхой шалгуураар мэдэгдэж буй хэв загваруудыг олж тогтоох тухай ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний ярьж буй загвар бүрийг тодорхой шалгуураар бүтэц ба логик уялдааг нь шинжилдэг гэсэн үг. Тэгэхээр ямар шалгуур ашиглаж байгаагаас шалтгаалан өөр өөр загвар тойм гарч ирнэ. Тэнцвэртэй байдлын, давтамжийн, эргэцүүллийн болон өмнө хойд хэсгүүдийн параллель зэрэгцсэн байдлын гэх мэт аль нэг шалгууруудыг та ашиглаж болно… Гэтэл та урд хойд хэсгийн хооронд Иаковын жишээн дээрх шиг тун дэлгэрэнгүй параллель зэрэгцээ загваруудтай тулгарлаа гэж бодъё. Тэгээд үүнд үнэхээр хангалттай их зэрэгцээ загвар байна гэж үзвэл үүнийг “зориудын хиастик бүтэцтэй” байна гэж үзэж болно. Энэ нь анхнаас нь “эхний хэсэгт ингээд биччихсэн болохоор энд ингээд бичье. Тэгвэл эхний хэсэгтэйгээ уялдаа холбоотой болно” гэсэн бодолтойгоор бичсэн гэсэн үг … Тэгэхээр анхнаасаа ийм бүтэц, уялдаа холбоотойгоор бичигдсэн хэсгүүдийг хооронд нь харьцуулж, жиших боломжтой байдаг. Энэ бол Иаковын түүхийг тун чухал болгодог гол онцлог юм. Иаковын амьдралын эхний хэсэг сүүлийн хэсэгтэй нь уялдаатай байдаг. Энэ уялдаа, харилцан хамаарлаас та нар юу нь ялгаатай, юу нь ижил төстэйг олж харж чадна. Өөр өөр, янз бүрийн хэсгүүдийн дунд гарч ирж байгаа ялгаатай болон төстэй талуудыг олж харснаар Мосе чухам юуг илүү чухалчилж байсныг мэдэх боломжтой болно гэсэн үг. Ижил төсөөтэй ба харьцуулсан ялгаатай талууд бол хиастик бүтцийн ач холбогдлыг ойлгох гол түлхүүр юм аа.

— Др. Ричард Л. Прат, Жр

Иаковын түүхийн тухай эхний энэ хэсэгт Иаков, Есав хоёрын зөрчлийн эхлэлийг өгүүлдэг юм байна гэдгийг та бүхэн анзаарсан байх. Долоодугаар буюу сүүлийн хэсэгт ах дүүсийн өшөө хорсол төгсгөл болсноор эхний энэ хэсгийг зөөлрүүлэн тэнцвэржүүлж өгсөн байдаг. Энэ хоёр хэсгийн аль алинд нь зөвхөн ах дүүсийн хоорондын зөрчил тэмцэл биш тэдний үр удмын хоорондын тэмцлийн тухай ч бас өгүүлдэг.

Хоёрдугаар хэсэгт Исаак болон түүний Филистчүүдтэй харилцах харилцааг харуулсан байдаг нь зургаадугаар хэсэгт Иаков болон түүний Канаанчуудтай харилцах харилцааг харуулсантай харилцан холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр хэсгүүдэд Амлагдсан нутаг дахь бусад үндэстнүүд болон өвөг эцгүүдийн хоорондын харилцааг дүрсэлсэн байдаг учраас хэсэг бүр бие биеэ тэнцвэржүүлдэг. Иаков, Есав хоёр өшөө хорслоос болж салж байгаа тухай гуравдугаар хэсгийг эв найртайгаар салж байгаа тухай гардаг тавдугаар хэсэг тэнцвэржүүлсэн байдаг. Энэ хоёр хэсэгт ах дүү хоёр салан одох цаг үеийн нөхцөл байдлыг тодорхой дүрсэлсэн. Эцэст нь, дөрөвдүгээр хэсэгт Иаковын Лабаныд байсан цаг үеийг өгүүлдэг. Энэ хэсэг бол хиастик бүтцийн гол зангилаа юм. Энэ бол Иаковын түүхийн үйл явдлын эргэлтийн үе байсан гэсэн үг.

Энэ бүх ээлж дараалан өрнөсөн үйл явдлыг ойлгохын сацуу бид эдгээр хэсэг тус бүрийг хооронд нь харьцуулж, ялгааг нь тодорхойлох замаар Мосегийн бичсэн зүйлсийн агуулгыг судлах болно. За, бүгдээрээ хамгийн эхний болон сүүлийн хэсгүүдийг үзээд дараа нь дундах хэсгүүдийг үзэх нь илүү тохиромжтой учраас Эхлэл 25:19-34-р эшлэл дэх ах дүү хоёрын зөрчилдөөний тухай эхлээд үзье.

Зөрчилдөөний эхлэл (Эхлэл 25:19-34)

Энэ хэсэг нь ах дүү хоёрын зөрчилдөөн хэрхэн үүссэнийг харуулдаг гурван үзэгдлээс бүрддэг. Эхний үзэгдэл нь ихрүүд эхийн хэвлийд байхад нь буюу 25:19-23-р эшлэлд өрнөдөг. Тэд эхийн хэвлийд хоорондоо тэмцэлдсэн гэдэг. Бурхан Эхлэл 25:23-р эшлэлд тэдний ийнхүү эхийн хэвлийд тэмцэлдсэн учир шалтгааныг юу гэж тайлбарласныг сонсъё:

“Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба том нь багадаа зарцлагдана” гэжээ (Эхлэл 25:23).

Иаков ба Есавын зөрчилдөөн бол зөвхөн ах дүү хоёрын хоорондын зөрчилдөөнөөс илүү өргөн цар хүрээтэй гэдгийг энд Бурхан тодорхой хэлсэн байна. Энэ бол “хоёр үндэстэн”, “хоёр ард түмний” хоорондох тэмцэл ба зөрчилдөөн юм. Гэхдээ Бурхан чухам ямар хоёр үндэстний тухай энд хэлсэн юм бол? Үүний хариултыг бид энэ хэсгийн хоёр ба гурав дахь үзэгдлээс олох болно.

Хоёр дахь үзэгдэл буюу 25:24-26-р эшлэлд ах дүү хоёр эхээс мэндлэх үедээ хэрхэн тэмцэлдсэн тухай өгүүлдэг. Энэ богинохон эшлэл бидэнд өмнө дурдсан хоёр үндэстнийг тодорхойлох эхний санааг өгсөн байдаг. Эхлэл 25:25 дээр эхлээд төрсөн Есавыг “улаан” гэж дүрсэлсэн байдаг. “Улаан” гэж орчуулагдсан үг бол Еврей хэлний אַדְמוֹנִ֔י (адмони) хэмээх үг юм. Энэ үг Еврей хэлний Едом буюу אֱדוֹם үгтэй адилхан язгуур үгнээс гаралтай тул үүнээс бид үгийн уран чадварлаг тоглолтыг харж болдог. Тиймээс энэ үг бидэнд Есав бол Едом үндэстний өвөг дээдэс гэдгийг тодорхой харуулж байна. Харин Эхлэл 25:26-р эшлэлээс бид хоёр дахь үндэстнийг олж мэддэг. Энэ бол мэдээж Израил үндэстний өвөг дээдэс болсон Иаков гэдгийг бүгд мэднэ шүү дээ.

Харин гурав дахь үзэгдэл буюу 25:27-34-р эшлэлд Иаков, Есав хоёрын хоорондох насанд хүрсэн үеийн тэмцэл зөрчилдөөний тухай өгүүлдэг. Эдгээр эшлэлүүдэд Иаков Есаваас ууган хүүгийн эрхээ Еврей хэлний אָדֹם (адом) буюу “улаан шөл”-өөр солихыг ятгасан байдаг. Энэ Еврей үг үүнээс өмнө Есавыг төрөх үед ашигласан “улаан” гэдэг үгийг давтсан хэрэг юм. Мөн Эхлэл 25:30-р эшлэлд Есавыг “Едом” гэж ил тодоор нэрлэсэн байдгийн учир нь энэ юм.

Бидний өмнө үзсэнчлэн Мосе бүр эхнээсээ л уншигчдадаа өөрийн өгүүлж буй зүйлс уруу нухацтайгаар чиглүүлж байсан. Түүний уншигчид Иаков болон Есав хоёрын дунд юу болсон тухай уншсан. Тийм боловч ах дүү хоёрын дундах тэмцэл зөрчилдөөн нь илүү өргөн цар хүрээтэй зөрчилдөөн байсан юм. Ах дүү хоёр тус бүр Едом ба Израил гэсэн хоёр үндэстний өвөг эцэг болсон нь тэднээс урган гарсан хоёр үндэстний дундах тэмцлийн эхлэл байсан байна.

Израил болон Едом хоёр улсын дипломат, улс төрийн гээд төрөл бүрийн харилцааг нь харах юм бол… үнэхээр тийм ч таатай харилцаа биш байдаг. Тэд Ребеккагийн хэвлийд байхдаа хүртэл таатай харилцаатай байгаагүй шүү дээ, тийм биз дээ? Тэд хоорондоо тэмцэлдэж, нэг нь нөгөөгөө дийлэхийг оролдож байсан. Мэдээж Есав эхэлж мэндэлсэн учраас ууган хүү болсон. Гэтэл Иаков яг өсгийнөөс нь зуурч, түүнээс түрүүлж гарахыг оролдсон. Тэгээд ч тийм нэртэй болсон. Түүнийг “өсгийнөөс зуурагч” гэдэг шүү дээ? “Зуурагч нэгэн”. Тэгээд хожим нь ч тэр хоёр өөр өөр зан араншинтай болж өссөн. Иаков гэртээ байж, хол унд тогоо шанага эргүүлэх дуртай. Харин Есав анчин болсон. Гэхдээ л Иаков Есавын удахгүй өвлөн авах байсан ууган хүүгийн, эрхийг нь авахыг хүссэн. Тэгээд тэр хоол хийгээд ах нь ангаас өлсгөлөн ирэхэд нь санал тавьдаг. Иаков ахаасаа “Танд сайхан хоол хийж өгвөл та ууган хүүгийн эрхээ надад өгөх үү?” гэж асуудаг. Ах нь их өлссөн байсан болохоор “Тэг ээ тэг, тэгье” гээд хэлчихдэг. Иаков ч ийм амархан юм уу гэж бодсон юм уу ааваасаа ч ерөөлийг нь авахыг хүсдэг. Тэгээд ээжтэйгээ хуйвалдаад Есавын дүрд хувирдаг. Есав бол үсэрхэг “ханагар эр” байсныг та нар мэднэ шүү дээ? Иаков түүнтэй адил болохын тулд гарынхаа шууг үстэй арьсаар бүрхэж, Есавын дүрээр эцэг дээрээ орж ерөөлийг нь гуйдаг. Исаак ч түүнд “За, чи ерөөлийг хүртэх болтугай” гээд ерөөж орхидог. Ингээд л Есав ерөөлийг өвлөх эрхээ алдаж, ах дүү хоёрын дунд өшөө хорсол бий болсон. Иаков ахдаа алуулахгүйн тулд гэрээсээ зугтахаас өөр аргагүй болдог. Ах дүүс хоёрын харилцаа ингэж л нурсан юм. Тэдний үр удмаас урган гарсан үндэстнүүдэд ч энэ нь нөлөөлж, тэд бие биеэ үзэн ядах болсон. Үүнийг тэдний түүх нотолдог.

— Др. Том Петтер

Нэгдүгээр хэсэгт ийнхүү Иаков, Есав болон тэдний үр удмын талаар голчлон өгүүлсэн нь хамгийн сүүлийн хэсэг буюу 35:16–37:1-р эшлэлд гардаг ах дүү хоёрын зөрчилдөөн төгсгөл болж байгаа тухай ойлгоход тусалдаг.

Зөрчилдөөний төгсгөл (Эхлэл 35:16–37:1)

Энэ хэсэгт Иаков, Есав хоёр болон тэдний төлөөлж буй хоёр үндэстэнд Мосе эргээд анхаарлаа хандуулсан байдаг. Тэр мөн л энэ хэсгийг гурван үзэгдэлд хуваасан. Нэгдүгээрт, Эхлэл 35:16-26-р эшлэлд Иаковын үр удмын тухай өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Иаковын үр удам хэрхэн Израил үндэстэн болсныг дүрслэн харуулсан байдаг. Тэрээр Бенжамин, Реубин хоёрын тухай товч дурдаад, Израилын арван хоёр овгийн эцгүүдийг жагсаасан нь бий.

Хоёрдугаарт, Мосе Эхлэл 35:27-29 дээр Исаакийн насан эцэслэх үед Иаков, Есав хоёр ямархуу хариу үйлдэл үзүүлсэн тухай дүрсэлсэн. Энэ товчхон хэсгээс бид Исаакийн оршуулгад Есав, Иаков хоёр хоёул оролцсоныг мэдэж болно. Гэхдээ энэ үйл явдлын цаад утга учрыг бид Эхлэл 27:41-р эшлэлээс л олж мэддэг. Өмнө нь Есав эцгийгээ нас бармагц Иаковыг ална гэж заналхийлж байсан. Энэ талаас нь харах юм бол Исаакийн оршуулга ах дүү хоёрын зөрчилдөөн дуусгавар болсныг илэрхийлж байгаа юм.

Гуравдугаарт, Мосе Эхлэл 36:1-43 дээр Есавын үр удмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байдаг. Энэ мэдээлэлд Есавын удмын янз бүрийн мэдээлэл бүхий хоёр ургийн бичгийг харьцуулсан. Тэгээд төгсгөлд нь Сейрын нутагт хаанчилж байсан хаадын тухай мөн дурддаг. Түүнчлэн Мосе үүн дээр нэмээд 37:1-р эшлэлд Иаков Канаан нутагтаа амьдарсаар байгаа тухай өгүүлсэн байдаг. Есавын удмын тухай мэдээллийн дараа Мосе ах дүү хоёрын зөрчилдөөн дуусаж, тэд нэг нэгнээсээ хол амьдрах болсон ч Иаковын үр хүүхдүүд Канаанд, Есавын үр хүүхдүүд Едомд амьдарч байсан гэдгийг тодорхой хэлсэн юм.

Иаковын амьдралын эхний болон сүүлийн хэсгийн тухай эдгээр ярилцсан зүйлсээ бүү мартаарай. Одоо харин Амлагдсан нутагт эцгүүдэд юу тохиолдсон тухай Мосегийн бичсэн мэдээллийн хамгийн гол хэсэгт нэг алхам ойртохын тулд хоёр болон зургаадугаар хэсгүүдийг авч үзье.

Исаак ба Филистчүүд (Эхлэл 26:1-33)

Эдгээр хэсгүүд нь Эхлэл 26:1-33 дээрх Исаак болон Филистчүүдийн эв найртай харилцааг, 33:18–35:15 дээрх Иаков болон Канаанчудын хоорондох дайсагналыг зэрэгцүүлэн харуулсан байдаг. Тэгэхээр Исаак Филистчүүдтэй анх уулзсан тухай хоёрдугаар хэсгийг эхлээд авч үзье.

Эхлэл номын энэ бүлэг энд байх ёсгүй байсан гэж шүүмжлэлт эрдэмтэд маргах нь бий. Энд мэдээж Иаковт биш Исаакт гол анхаарлаа хандуулсан байдаг. Эдгээр үйл явдлууд Иаков, Есав хоёрыг төрөхөөс ч өмнө болсон нь үнэн байх. Гэхдээ хамгийн гол нь Мосе энэ хэсгийг Иаковын амьдралын тухай бичихэд чухал хэрэгтэй хэсэг гэж үзсэн.

Энэ хэсэг ерөнхийдөө хоорондоо нягт холбоотой хоёр үзэгдэлд хуваагдсан байдаг. Эхний үзэгдэл буюу 26:1-11 дээр анхандаа Исаак болон Филистчүүдийн харилцааг энх тайван байсныг харуулдаг. Эдгээр эшлэлд Исаак Филистийн хаан Абимелехыг мэхэлж, эхнэр Ребеккагаа өөрийн дүү гэж ойлгуулдаг. Исаак худал хэлснийг мэдмэгц Абимелех Ребеккаг Исаакт буцааж өгсөн. Мөн тэрээр Исаакийг тэр нутагт амьдрахыг зөвшөөрч, тэдэнд хор хохирол учруулахгүй байхыг хүмүүстээ тушаасан.

Харин хоёр дахь үзэгдэл буюу 26:12-33 дээр Исаак болон Филистчүүдийн найртай харилцаа үргэлжилж байгаа тухай гардаг. Энэ хэсэгт Бурхан Исаакийг ерөөж мал сүрэг нь өссөнд Филистчүүдийн атаархал хөдөлдөг. Тиймээс ч Исаак тэдний хүчирхийллээс зугтахын тулд худаг дамжин нүүхээс аргагүй байдалд орж байсан. Гэхдээ энэ үзэгдэл нь Бурханы ерөөл үнэхээр Исаакын дээр байдаг юм байна гэж Абимелех хүлээн зөвшөөрч, тэр хоёр Беершебад энхийн гэрээ байгуулж байгаагаар дуусдаг.

Исаак болон Филистүүдийн эв найртай харилцааны тухай эдгээр үзэгдлүүд Исаак болон түүний хүү Иаков бол Абрахамын үр удам шүү гэдгийг тодотгож өгсөн байдаг. Энэ хэсгийн агуулгыг Абрахамын амьдралтай харьцуулах юм бол олон параллел зэрэгцлүүдийг бид харах боломжтой. Абрахам бас Эхлэл 20:1-18-р эшлэлд Абимелех гэдэг Филистийн хаантай харилцаа тогтоодог. Эхлэл 21:30 болон 34-р эшлэлд мөн Абрахам худаг гаргаж, Филистчүүдийн дунд амьдарч байсан. Эхлэл 21:22-34-р эшлэлд Абрахам мөн Беершебад Филистчүүдтэй энхийн гэрээ байгуулсан. Исаак Филистчүүдтэй эв найртай харилцаатай байх нь Бурханы хүсэл мөн гэдэг талаарх бүх эргэлзээг арилгахын тулд Мосе ийнхүү Абрахамтай харьцуулсан байдлаар бичсэн юм.

Одоо 33:18–35:15 дээрх Исаак болон Филистчүүдийн харилцаанаас Иаков болон Канаанчуудын харилцааны тухай гардаг зургаадугаар хэсэг руу орцгооё.

Иаков ба Канаанчууд (Эхлэл 33:18–35:15)

Иаков ба Канаанчуудын зөрчлийг мөн л хоорондоо нягт холбоотой хоёр үзэгдлээр харуулсан. Эхний үзэгдэл буюу 33:18–34:31-р эшлэл дэх эхний үзэгдэлд Шехем дэх Иаковын зөрчлийн тухай өгүүлдэг. Иаков Канаанчуудын дунд амьдарч байх үед Хаморын хүү Шехем Иаковын охин Динаг хүчирхийлсэн. Иаковын хөвгүүд дүүгийнхээ өшөөг авахын тулд Шехемчүүдийг хууран, хозлуулбал уучлагдах болно гэж итгүүлдэг. Тэгээд тэднийг дөнгөж хозлуулаад эдгээгүй байхад нь Иаковын хөвгүүд Симеон, Леви нар дайрч бүгдийг хөнөөдөг. Иаков Канаанчуудыг өшөө авахаар ирж гэр бүлийг нь устгах вий гэж их айсан. Иаковын хөвгүүд хийсэн зүйлээ зөвтгөдөг хэдий ч Эхлэл 49:5-7 дээр Симеон болон Леви нарын талаар Иаковын хэлсэн эцсийн үгс арай өөр утгатай байдаг.

Удаах үзэгдэл буюу Эхлэл 35:1-15-р эшлэлд Иаков Бетелд байхдаа Бурханаас ер бусын баталгааг хүлээн авсан байдаг. 35:2-4-р эшлэлд Иаков Бетелд тахилын ширээ барихаар бэлтгэн, өөрийгөө болон гэр бүлээ цэвэршүүлэн ариусгадаг. Үүний үр дүнд Бурханы хилэн Канаанчуудын дээр бууж, Иаковыг ялж чадаагүй. Үүний төлөө Иаков Бетелд тахилын ширээ барьсны дараа Бурхан түүнд үгээ хэлж эцэгийнхээ залгамжлагч мөн болохыг нь баталдаг. Бид нэн ялангуяа 35:10-12-р эшлэлд Бурханы хэлсэн үгс 26:3-4-р эшлэлд Исаакт хэлсэн үгтэй адил буюу зэрэгцээ чанартай байгааг харж болно. Иаков энэ ерөөлийн төлөө талархаж байгаагаар энэ үзэгдэл дурддаг.

Хоёр дахь хэсгийн адил эдгээр эшлэлүүдэд бас бид Абрахам болон Иаковын хооронд нэлээн хэдэн параллель зэрэгцлүүдийг олж хардаг. Эхлэл 33:20-р эшлэлд Иаков Эзэнд зориулан тахилын ширээ зассан нь Абрахам Эхлэл 12:7 дээр хийсэнтэй их төстэй байдаг. Үүний дээр 35:6-7 дээр Иаков Шехемээс Бетелд нүүж ирээд Абрахам Эхлэл 12:8-р эшлэлд өгүүлсэнчлэн тахилын ширээг босгосон байдаг. Хоёрдугаар хэсгийн адил Абрахамын амьдралтай ийнхүү холбож өгсөн нь Бурхан Иаковын амьдралд Канаанчуудтай үүсгэсэн зөрчлийг зөвшөөрсөн гэдгийг илэрхийлдэг.

Тэгэхээр одоо Иаков, Есав хоёр салан холдсон байсан үеийн тухай өгүүлдэг гурав болон тавдугаар хэсэг уруу орцгооё. Эдгээр хүүрнэлүүд нь ах дүү хоёр холдон одсон байсан ч хоёр өөр цаг үед голлон анхаарсан байдаг. Гуравдугаар хэсэг буюу 26:34–28:22 дээр Иаков, Есав хоёр зөрчил, өшөө хорслоос болж дайсагнан салж байгаа тухай гардаг. Харин Эхлэл 32:1–33:17-р эшлэл буюу тавдугаар хэсэгт тэр хоёр эв найртайгаар салж байгаа тухай өгүүлдэг. Ингээд тэдний хэрхэн өшөө хорсолтойгоор болон эв найртайгаар салан холдсон тухай үзье.

Дайсагнан салсан нь (Эхлэл 26:34–28:22)

Энэ хэсэгт эдгээр үйл явдлуудын ёс суртахууны нарийн төвөгтэй байдлыг харуулахын тулд Есав болон Иаков хоёрын хооронд ээлжлэн өрнөх дөрвөн түүхийг харуулдаг. Нэгдүгээрт, 26:34-р эшлэлд Есав эцэг эхийнхээ хүслийг үл тоон Хит үндэстнээс эхнэр авснаараа өөрийгөө гутаасан тухай гардаг. Хоёрдугаарт, 27:1–28:5-р эшлэлээс бид Иаков хуурч мэхлэн байж Исаакийн ерөөлийг хэрхэн авч байгаа тухай уртаас урт хүүрнэлийг уншдаг. Бидний сайн мэдэх энэ түүх нь Есавынх байсан ерөөлийг Иаков эцгээ мэхлэн авсан тухай т өгүүлдэг. Есав чухам юу болоод өнгөрснийг ойлгоод маш их хорссон тул Ребекка Иаковын амь насны төлөө санаа зовдог. Тиймээс тэрээр Иаковыг Падам Арамаас эхнэр олуулахаар хамаатных уруугаа явуулъя гэж Исаакийг ятгадаг. Гуравдугаарт, Мосе 28:6-9-р эшлэлд Есав эцэг эхийнхээ үгэнд оролгүй Ишмаел эхнэр авсан тухай өгүүлж, уншигчид нь Есавыг хэт их өрөвдөхөөс зайлсхийсэн байдаг. Харин дөрөвдүгээр болон сүүлийн үзэгдэл буюу 28:10-22-р эшлэлд Иаков Бетелд байхдаа зүүдээр дамжуулан ерөөгдсөнийг дурдсанаараа Иаковыг Бурхан Исаакийн залгамжлагч байхаар сонгосон гэдгийг баталгаажуулсан юм.

найрамдан салсан нь (Эхлэл 32:1–33:17)

Иаков, Есав хоёр дайсагнан салсан гуравдугаар хэсгээс ялгаатай нь тавдугаар хэсэг нь 32:1–33:17 дээр ах дүү хоёр эв найртайгаар салсан тухай өгүүлдэг. Энэ хэсэг мөн л уялдаа холбоотой хоёр үзэгдлээс бүрддэг. Эхний үзэгдэл буюу 32:1-32-р эшлэлд Иаков ах Есавтайгаа уулзахад бэлдэж байгаа тухай гардаг. Хорсол заналтайгаар олон жил салан холдсоны дараа Иаков ахтайгаа уулзахын өмнө элч, бэлэг сэлтийг урьдчилан илгээдэг. Хосеа 12:4-т бичсэний дагуу Есавтай уулзахын өмнөх шөнө Иаков тэнгэр элчтэй барилдаж, Бурханы ерөөлийг хүлээн авснаар ихэд дарууссан байдаг.

Ерөөлийг хүлээн авах хүн бол Иаков гэдэг амлалтыг Ребекка аль хэдийн хүлээж авсан байсан. Гэвч Иаков тэрхүү ерөөлийн авахдаа өөрийн эцгийг хуурсан юм. Эцэг нь түүний нэрийг асуухад тэрээр “би ууган хүү Есав чинь байна” гэж хэлдэг шүү дээ… Гэсэн хэдий ч Бурхан түүнийг ерөөж, өсгөж үржүүлэн, Абрахамд өгсөн “Үр удам чинь тэнгэрийн одод шиг олон болно” гэсэн амлалтын биеллийн эхлэл болгон олон үр хүүхэд өгсөн. Харин Иаков Амлагдсан нутагт эргэн ирэхдээ өнгөрсөнтэйгөө нүүр тулсан. Яг ахтайгаа уулзахын өмнөх шөнө тэнгэр элчтэй барилдсан. Тэнгэр элч түүнээс мөн “Чамайг хэн гэдэг вэ?” гэж асуусан. Тэгээд энэ удаад тэрээр “намайг Иаков гэдэг” хэмээн үнэнээ хэлсэн юм. Бурхан түүнд харин Израил гэдэг шинэ нэр өгсөн.

— Др. Грейг С. Кийнэр

33:1-17-р эшлэл дэх дараах үзэгдэлд Иаков ахтайгаа эвлэрч байгаа тухай өгүүлдэг. Энэ хэсэг бол ах дүү хоёр эргэн уулзаад эв найртайгаар уулздаг тухай хэсэг юм. Энэ болон үүнтэй зэрэгцээ хэсэг нь хоорондоо ямар ялгаатай гэдэг нь тун тодорхой харагддаг. Иаков одоо хуурамч биш чин үнэнч бас даруу нэгэн болжээ. Есав өшөө хорсол биш өршөөл уучлалыг үзүүлдэг нэгэн болжээ. Тэгээд эцэст нь ихрүүдийн дайсагнасан харилцаа эргэн эв найртайгаар салж байгаа тухай өгүүлдэг. Энэ хэсгийн төгсгөлд Есав энэ түүхээс гардаг. Дараа нь 34-р бүлэгт Канаанчууд болон газар зүйн өөр байршлын тухай гардаг. Энэ бүх үйл явдал биднийг дөрөвдүгээр хэсэг буюу Эхлэл 29:1–31:55 дээрх Иаковын Лабаныд байсан цаг үе уруу биднийг хөтөлдөг.

Лабаныд байсан цаг үе (Эхлэл 29:1–31:55)

Иаковын Лабаныд амьдарч байсан үеийг таван гол үзэгдэлд хувааж болно. 29:1-14-р эшлэлд Иаков Паддам Арамд ирж байгаагаар эхний үзэгдэл эхэлдэг. Харин 29:14-30-р эшлэлд Лабан хуримын үеэр Иаковд охидоо өгөхдөө хуурч мэхэлж байгаа талаар өгүүлдэг. Иаковын гэрлэлтийн дараах 29:31–30:24-р эшлэлээс бид Иаковын хүүхдүүд, Израилын овог аймгуудын өвөг эцгүүд мэндэлж буй тухай бид олж мэддэг. Тэгээд Мосе үүний өмнө гарсан Лабаны мэхлэлтийг тэнцвэржүүлэхийн тулд 30:25-43-р эшлэлд Иаков олон жил ажилласан хөлс болгон Лабаныг мэхэлсэн тухай бичсэн байдаг.

Эцэст нь, 31:1-55 дээр Иаков Паддан Арамыг орхиж явахын сацуу Лабантай ч эвлэрдэг. Ямартай ч эдгээр бүлгүүд хууран мэхлэлт болон зөрчлийг харуулдаг. Гэхдээ хамгийн гол нь Иаковын хувьд эрс өөрчлөлт гарч байгааг бас бид харах боломжтой.

Эхлэл 25-37-р бүлэгт Иаковын амьдралд үнэхээр гайхалтай өөрчлөлт авчирсан дараалсан олон үйл явдлыг бид хардаг. Тэр эхэндээ хууран мэхлэгч байдаг. Гэсэн ч Бурхан түүний юу хийснийг биш харин Абрахамд өгсөн бүх амлалтаа эргэн сэргээж байгаагаа л гайхалтайгаар илчлэн харуулж байсан юм. Тэгээд Иаков бараг л Бурхантай наймаалцаж, та энэ амлалтаа биелүүлбэл би үүнийг хийнэ гэсэн байдалтай байсан. Харин Иаков өөрөөсөө илүү хуурамч, худалч Лабан гэдэг хүнтэй учирсан яг тэр үед Бурхан бүх амлалтаа биелүүлсэн учраас энэ нь үнэхээр нүдээ олсон наймаа байж чадсан. Иаков Бурханы ерөөлийг амьдралдаа мэдрэх тусам улам их итгэж найдахыг хүсэх болсон нь тодорхой байдаг. Хамгийн наад зах нь л гэхэд Бурхан гэртээ харь гэхэд дуулгавартай дагаж нүүсэн. Харьж байх замдаа ах нь зэвсэглэсэн хүмүүстэй ирж явна гэхийг сонсоод нөгөө мэхлэгч, наймаалцагч маань бүрэн бууж өгсөн. Бууж өгсөн учраас Бурхан түүнийг аварсан. Тэгээд Иаков Бурханд “надад аавын маань ч биш, ахын маань ч биш, таны ерөөл л хэрэгтэй!” гэж хэлсэн. Ингэж л эцэст нь тэр санасандаа хүрэхийн тулд янз бүрийн арга хайдаг биш Бурханд итгэдэг хүн болсноор хүсэж тэмүүлсэндээ хүрч чадсан юм.

— Др. Жон Освалт

Ингээд Эцэг Иаковын талаар энэ хүртэл бид Эхлэл ном дахь түүний амьдралын түүхийн бүтэц, агуулгыг авч үзлээ. Одоо хоёр дахь гол агуулга буюу эдгээр бүлгүүдэд өгүүлж буй гол сэдвүүдийн тухай авч үзье.

ГОЛ СЭДВҮҮД

Харамсалтай нь Христийн дагалдагчид Иаковын түүхийг зөвхөн хувь итгэгч нар амьдралдаа шууд хэрэгжүүлэхэд зориулж бичсэн мэт ханддаг.

Мэдээж Эхлэл номын энэ хэсэг хувь хүний амьдралын тухай олон хэрэгтэй зүйлийг зааж өгдөг. Гэхдээ Эхлэл номыг энгийн нэг хувь итгэгч хүн л уншдаг байхаар бичээгүй гэдгийг бид мартаж болохгүй. Эрт цагт зөвхөн Израилын ахлагч нар л Бичвэрүүдийг унших боломжтой байсан. Тиймээс Иаковын амьдралын тухай бичсэн бүх зүйлийг Израил үндэстэнд зориулж бичсэн гэсэн үг. Бурхан хаанчлалыг нь Амлагдсан нутагт тогтоох үүрэг зорилгыг Израилд өгсөн. Тэгээд тэр хаанчлалыг дэлхийн өнцөг булан бүрд тэлэх учиртай. Хаанчлалыг тогтоох энэ үүрэг зорилго бидэнд Иаковын амьдралын гол утга учир ба гол сэдвүүд эртний Израил болон өнөөдөр Христийн хаанчлалд амьдарч байгаа таны, миний амьдралд ямар холбоотойг ойлгоход туслах болно.

Абрахамын амьдралын тухай хичээлээрээ бид Мосе Абрахамд өгсөн Бурханы нигүүлсэл, Абрахамын Бурханд зориулсан үнэнч сэтгэл, Бурханы Абрахамд болон түүгээр дамжуулан бусдад өгсөн ерөөлүүд гэсэн дөрвөн гол сэдвийг чухалчилсан гэдгийг үзсэн. Иаковын амьдралд бас эдгээр сэдвүүд хамаатай. Тэгэхээр Иаковын амьдралын түүх эдгээр дөрвөн сэдвийг хэрхэн онцолдгийг бүгдээрээ үзэцгээе. Эхлээд бид Бурханы Израилд өгсөн нигүүлслийн тухай ярилцана. Хоёрдугаарт, Бурханд үнэнч байх Израилын шаардлага. Гуравдугаарт, Бурханы Израилд өгсөн ерөөлүүдийг судална. Харин дөрөвдүгээрт буюу эдгээр бүлгүүдийн хамгийн чухал онцлог болох Бурханы Израилаар дамжуулан бусдад өгсөн ерөөлүүдийг үзэх болно. Ингээд одоо Иаковын амьдрал Бурханы Израилд өгсөн нигүүлсэлтэй хэрхэн холбогддог тухай үзэцгээе.

Бурханы Израилд өгсөн нигүүлсэл

Бурханы Израилд өгсөн нигүүлслийг бид хоёр арга замаар судална. Нэг талаар бид энэ сэдэв яагаад Мосегийн анхны утга санааны гол төв байсныг харна. Өрөөр хэлбэл Мосе Израилын эртний уншигчдад ямар нөлөө үзүүлэхийг хүссэн бэ гэдгийг авч үзэх болно. Нөгөө талаас Эхлэл номын энэ хэсгийг өнөө цагт хэрэгжүүлэхэд тэнгэрлэг нигүүлслийн нөлөөлж буй арга замуудыг мөн авч үзэх болно. Тэгэхээр Мосегийн өгүүлсэн анхны утга санааг эхлээд харцгаая.

Анхны утга

Ерөнхийдөө, Мосе Израилын ард түмэнд амьдралд нь байгаа Бурханы нигүүлслийг зааж өгөхийн тулд Иаковын амьдралд байсан тэнгэрлэг нигүүлслийг гурван арга замаар тайлбарлаж өгсөн.

Өнгөрсөн дэх нигүүлсэл. Мосе эхлээд Бурхан Иаковыг төрөхөөс ч өмнө өнгөрсөн үед нигүүлслийг хэрхэн өгч байсан тухай өгүүлсэн байдаг. Иаковын түүхийн эхний хэсэгт л энэ сэдвийг шууд хөндсөн байдаг. Эхлэл 25:23-р эшлэлд Бурхан Ребеккад хандан хэлсэн үгийг дахин сонсоцгооё:

“Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба том нь багадаа зарцлагдан” гэжээ (Эхлэл 25:23).

Ром 9:11-12-р эшлэлд Паул мөн Иаков нь ямар ч зөв эсвэл буруу зүйл хийж амжаагүй байхдаа Бурханы өршөөл нигүүлслийг хүлээн авсан гэсэн байдаг. Үүнтэй яг адилаар Амлагдсан нутаг руу Мосег дагаж явсан Израилын овог аймгуудад өгсөн Бурханы өршөөл нигүүлсэл мөн л Түүний өнгөрсөн үед үзүүлж байсан нигүүлсэл дээр нь тулгуурлаж байлаа. Дэд хууль 7:7-8-р эшлэлд Мосе энэ талаар тайлбарласан нь бий. Тэрээр энд:

“Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм биш… Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргийг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс…гаргасан билээ” гэжээ (Дэд хууль 7:7-8).

Одоогийн нигүүлсэл. Харин хоёрдугаарт Мосе Иаковын амьдралд яг одоо үргэлжлэн буй Бурханы нигүүлслийг онцлон тайлбарласан. Ингэснээрээ тэрээр Израилчуудад яг одоо амьдралд нь Бурханы нигүүлсэл ямар их хэрэгтэй вэ гэдгийг зааж өгсөн. Эхлэл 25:24-26 дээрх Иаковын мэндэлсэн хэсэгт энэ нигүүлслийн тухай хамгийн эхлээд дурдсан байдаг. Эхлэл 25:26-р эшлэлийг сонсоцгооё. Энд:

“Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков гэдэг нэр өгчээ” гэжээ (Эхлэл 25:26).

Иаков эхээс мэндлэхдээ “Есавын өсгийнөөс зуурч” гарч ирсэн тул ийм нэртэй болсон. Иаков гэдэг бол Еврей хэлний יַעֲקֹ֑ב (Яакоб) гэдэг үг бөгөөд “өсгий” гэдэг утгатай үг буюу Еврей хэлний עָקֵב (акээб) гэдэг үгтэй адил язгууртай. Тиймээс Иаков гэдэг нэр “өсгийнөөс зуурагч” гэсэн утгатай боловч тэрээр бүр эхээс төрөхөөсөө ч өмнө ууган хүүгийн байр суурийг булаахыг оролдсон учраас түүний хувьд нэр нь илүүтэй хорлогч, мэхлэгч гэх утгатай байсан. Бүр “залилагч” гэсэн утгатай байсан ч гэж хэлж болно. Эхлэл 27:36-р эшлэлд Иаков эцгийгээ мэхлэн ерөөлийг нь авчихсаны дараа Есавын хэлсэн үг бас ийм утгатай байдаг. Энд:

“Есав —Түүнийг Иаков гэж нэрлэдэг нь оносон бус уу? Тэр намайг хоёр ч удаа мэхэллээ. Ууган хүү байх эрхийг минь авчхаад одоо бас надад ногдох ерөөлийг минь ч тэр авчихлаа!” гэжээ (Эхлэл 27:36).

Иаков нэртэйгээ адил үйлдэл хийсэн нь түүнд Бурханы өршөөл нигүүлсэл өдөр бүр хэрэгтэй байсныг тодорхой харуулж байна. Мосе өөрийн анхны уншигчдад нь ч чухал хэрэгтэй байсан Бурханы одоо буй нигүүлсэл руу анхаарал хандуулсан байдаг.

Эхлэл 26:26-33-р эшлэлд харуулснаар Бурхан түүний эцэг Исаакийг ч бас нигүүлсэн филистчүүдийн дунд аюулгүй байлгасан. Мосе эдгээрийг бичсэн үе бол мөн анхны уншигчдынх нь хувьд филистчүүдээс хамгаалах нигүүлсэл хэрэгтэй цаг үе байсан юм. Мөн 34:1-31-р эшлэлд бас Бурхан Иаковыг нигүүлсэн Канаанчуудын дээр ялалтыг өгсөн байдаг. Жишээ нь, энэ жишээнээс Мосегийн уншигчид тухайн цаг үедээ канаанчуудыг ялахад өдөр бүр Бурханы өгдөг өршөө нигүүлсэл хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон гэсэн үг.

Ирээдүйн нигүүлсэл. Гуравдугаарт Иаковын түүх Бурханы ирээдүйн нигүүлслийг бас харуулдаг. Дахиад л бид энэ сэдвийг Мосегийн бичсэн эхний үзэгдлүүдээс харах боломжтой. Эхлэл 25:23-р эшлэлийг эргэн харах юм бол Иаковыг мэндлэхээс өмнө Бурхан ингэж амласан. Тэрээр энд:

“Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба том нь багадаа зарцлагдана” гэж хэлжээ (Эхлэл 25:23).

Израилчууд Амлагдсан нутагт амжилттай суурьшин, цаашлаад Есавын нутагт хүртэл өөрсдийн хаанчлалыг болон Бурханы хаанчлалыг тогтооно гэдэг нь энэ амлалтаас тодорхой харагддаг. Ирээдүйн нигүүлслийн энэ амлалт бол тухайн цаг үед Едомтой тулалдаж байсан Мосегийн анхны уншигчдад хамгийн их хамаатай байсан нь мэдээж.

Бурхан Иаковын амьдралд үүнээс өөр олон ирээдүйн нигүүлслийн амлалтыг өгсөн. Жишээ нь, Эхлэл 28:10-22-р эшлэлд гардаг Бетел дэх Иаковын зүүдэнд Бурхан түүнд ирээдүйн нигүүлслийн олон амлалтыг өгсөн байдаг. Хожим нь Бурхан 35:11-12-р эшлэлд Бетел дэх Иаковын хүндлэл мөргөлийн үеэр үүнтэй ижил төстэй ирээдүйн нигүүлслийн амлалтуудаа дахин баталгаажуулсан байдаг. Иаковт өгсөн эдгээр ирээдүйн нигүүлслийн амлалтууд нь Мосегийн уншигчдад Канааныг эзлэн суурьшихаар тэмүүлж байсан тэр үед нь Бурханы өгөх гэгээлэг ирээдүйг харуулдаг.

Израилчууд Амлагдсан нутгийг авах эрхтэй гэдгийг Иаковын түүх хэрхэн онцлон харуулж байсан бэ гэдгийг ойлгохын тулд бид дор хаяж хоёр зүйлийг санаж байх хэрэгтэй. Юуны өмнө эдгээр түүхүүд Абрахамд өгсөн амлалтуудын зүй ёсны залгамжлагч болохоор тэмцэлдэж байсан Иаков ба Есав гэсэн хоёр хүний ялгаатай талуудыг харуулах зорилготой байсан. Тэгээд Иаков болон Есавын түүхүүдийн ялгаатай талуудаас бид Есав урд зүгт Едом руу нүүхэд Бурхан тэр газрыг түүнд өгсөн. Бурхан түүнийг тэнд суурьшуулсан. Харин Иаков Абрахамд өгсөн Амлагдсан нутгийн амлалтын зүй ёсны залгамжлагч болсныг харж болдог Лабантай холбоотой түүхээс Иаков тэндээс нүүснийг бид хардаг. Тэр бол түүний хамаатан, бас газар нутгийн хувьд хойд талд нь оршдог хөрш залгаа л нутаг байсан. Гэсэн ч тэр тэнд түр зуур л амьдарсан. Эдгээр ялгаатай олон үйл явдал дундаас хамгийн чухал нь Иаков эцгээ мэхлээд, ахыгаа мэхлээд Амлагдсан нутгийг орхисон явдал юм. 28-р бүлэгт бидний мэдэх түүхэнд түүнийг Бетелд байхад зүүдэнд нь Бурхан болон элч нар нь үзэгдэхэд Иаков “Та намайг энэ нутагт буцааж авчрах уу?” гэж асуусан. Бурхан ч түүнийг энд буцааж авчирна гэдгээ амласан. Тэгээд 35-р бүлэгт Бурхан “Бетел руу буцаж очоод тахилын ширээ зас. Чамайг буцааж аваачна гэж амласан тэр газар тахилын ширээ зас” гэж хэлсэн. Бетел гэдэг газар нь Амлагдсан нутагт байдаг шүү дээ. Иаковын амьдралын тухай энэ хоёр багц эшлэлд Бурхан түүний алдаа, аавдаа, ахдаа хийсэн зүйлс болон Лабаныд байхдаа хийсэн бүхий л зүйлсээс үл шалтгаан энэ газар нутгийг түүнд өгсөн гэдэг санааг тун эергээр онцолсон байдаг. Энэ бүхнээс үл хамааран Бурхан Иаковыг өвөг эцэг Абрахамд нь өгсөн амлалтын залгамжлагчаар сонгосон билээ.

— Др. Ричард. Л. Прат, Жр.

Тэгэхээр Израилд өгсөн Бурханы нигүүлслийн анхны утга санааны тухай ойлгосноо бүү мартаарай. Харин одоо Иаковын түүхийг орчин цагт хэрэгжүүлэхэд Бурханы нигүүлсэл хэрхэн нөлөөлөх тухай үзэцгээе.

Орчин цагт хэрэгжүүлэх нь

Христийн дагалдагчдын хувьд бидэнд Бурханы нигүүлслийн талаарх үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх арга зам тоолж барамгүй олон бий. Гэхдээ бид үүнийг Христийн хаанчлалын эхлэл тавигдсан үе, чуулганы түүхийн туршид хаанчлал үргэлжлэн буй болон Есүсийг эргэн ирэхэд хаанчлал бүрэн төгс болно гэсэн гурван үеийн дагуу тунгаан бодох нь хамгийн зохимжтой билээ. Христийн хаанчлалын энэхүү гурван үе шат нь бидэнд өөрсдийн амьдрал дахь Бурханы өнгөрсөн, одоо ба ирээдүйн нигүүлслийг хэрхэн олж харах талаар Шинэ Гэрээ юу гэж заадаг болохыг итгэгчдэд харуулдаг.

Тэгэхээр юуны өмнө бид Иаковын амьдралд өнгөрсөн дэх нигүүлсэл нь хэрхэн биеллээ олсныг харсан. Тэгвэл бид Христийн доторх хаанчлалын эхлэл үед Бурхан бас бидэнд өнгөрсөн дэх нигүүлслээ хэрхэн илчилсэн бэ гэдгийг санах хэрэгтэй. Христийн анхны ирэлт бол Хуучин Гэрээний туршид үргэлжилсэн нигүүлслийн урт удаан түүхийн төгсгөл болсон. Ром 5:20 зэрэг эшлэлүүд Христ эхний удаа ирэх үед Бурхан урьд өмнөхөөсөө ч илүү их нигүүлсэл өршөөлийг үзүүлсэн гэж тодорхой хэлсэн байдаг. Паул энэ талаар хэлэхдээ:

“Нүгэл их байвч нигүүлсэл улам бялхсан юм” гэжээ (Ром 5:20).

Тэгвэл үүний дараагийнх нь бол Иаковын амьдралд үргэлжлэн байсан Бурханы хайр нигүүлсэл нь Христийн хаанчлалын үргэлжлэх үед амьдарч буй биднийг өдөр бүр Түүний нигүүлслийг нь эрж хай, түшиж амьдрах учиртайг сануулдаг. Еврей 4:16 гэх мэт эшлэлүүд бидэнд Христийн дагалдагчид “нигүүлслийн [Бурханы] хаан ширээний өмнө итгэлтэйгээр очиж болно”, мөн “хэрэгтэй үед маань бидэнд туслах нигүүлслийг бид олох болно” хэмээн заасан байдаг.

Харин сүүлийнх нь бол Иаковт ирээдүйн нигүүлслээ өгнө гэж Бурхан амласныг хараад бид Христийн хаанчлал бүрэн төгс биеллээ олох тэр үед Бурхан нигүүлслээ бидэнд ч мөн өгнө гэдгийг санах ёстой юм. Мосегийн анхны уншигчид Амлагдсан нутагт байхдаа Бурханы ирээдүйн нигүүлслийн тухай ойлгож мэдсэний адилаар Христийн дагалдагчид бас шинэ бүтээлийн үед Бурханы амлалтууд биелэхийг хүсэх тэмүүлэн хэрэгтэй. Ефес 2:7 зэрэг эшлэлүүд бидэнд Христ эргэн ирэх үед бид “[Бурханы] нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг” хүлээн авах болно гэсэн байдаг.

Бурханд үнэнч Израил

Бид Бурханы Израилд өгсөн нигүүлсэл гэсэн гол сэдвийнхээ тухай ярилцлаа. Харин одоо Израилын Бурханд үнэнч байх шаардлага гэсэн хоёр дахь гол сэдэв уруугаа орцгооё. Мөнхийн аврал зөвхөн Бурханы нигүүлслээр л ирдэг гэдгийг Шинэ ба Хуучин Гэрээний аль алинд нь тодорхой хэлсэн байна. Хэн ч өөрийн хичээл зүтгэлээр авралыг олж чадахгүй ээ. Гэхдээ хүн Бурханы авралын нигүүлслийг хүлээн авсны дараа Бурханы Сүнс тэр хүнийг өөрчилдөг гэж Бичвэрт мөн тодорхой хэлсэн байдаг. Тэгснээр тэр хүн хайр өршөөлд нь талархах зүрх сэтгэлтэйгээр Бурханы тушаалуудыг дагахыг хүсдэг. Энэ бол бидний доторх Бурханы Сүнсний үр жимс юм. Иаков хэрхэн Бурханд үнэнч байсан тухай энэ сэдвийг үзэхдээ бид эдгээр теологийн үндсэн үзэл санааг санаж байх учиртай.

Үүний утга учрыг илүү сайн ойлгохын тулд Израил Бурханд үнэнч байх нь Мосегийн анхны утга санаа байсан гэдэг талаас нь авч үзнэ. Тэгээд дараа нь энэ сэдэв орчин цагт ямар хамааралтайг үзэх болно. Ингээд Мосегийн анхны утга санааг авч үзье.

Анхны утга санаа

Ерөнхийд нь дүгнэхэд Мосе анхны уншигчдадаа тухайн цаг үедээ Бурханд үнэнч байхыг заахын тулд л Иаковын үнэнч байдлын тухай бичсэн юм. Бурхан Иаковыг хэрхэн Өөрийн үнэнч зарц болгон өөрчилсөн тухай онцлон зааснаараа Мосегийн энэ зорилго тун тодорхой харагддаг. Иаковын түүхийн эхний хэсгүүдэд түүний тухай тийм ч гэгээлэг зүйлс байдаггүй. Тэр энэ хорвоод мэндлэхдээ л ахынхаа өсгийг зуурч, ууган хүүгийн эрхийг авахыг оролдож байсан хэмээснээр түүх эхэлдэг. Тэгээд залуудаа ах Есавынхаа өлсөж байгааг далимдуулан ууган хүүгийн эрхийг нь авсан. Бас аавыгаа хуурч мэхлэн Есавт очих ёстой байсан ерөөлийг өөрийн болгож чадсан. Түүний амьдралын эхэн үеийн эдгээр сөрөг зүйлсээс ганц авах зүйл нь Иаков өөрийг нь хамгаалбал Бурханыг өөрийн Эзэнээ болгоно гэж Бетелд байхдаа тангарагласан явдал байлаа.

Үүнийхээ дараа Иаков Лабаныд очиж амьдарсан. Бетелд байхад нь түүний зүрх сэтгэл дотор нахиалсан үнэнч байдлын үр ургасаар л байсан нь харагддаг. Хадам эцэг нь Иаковт буруу зүйл хийсэн хэдий ч тэднийхээс эргэж ирэхдээ тэр цоо шинэ хүн болсон байлаа.

Мосе энэ өөрчлөлтийг дор хаяж дөрвөн зүйлээр нотлон харуулсан. Мосегийн эхний нотолгоо бол Иаков гэмшсэн сэтгэлээ Есавт илэрхийлсэн явдал юм. 32:4-5-р эшлэлд Иаков зарц нартаа “миний эзэн” явууллаа гэж хэлээд Есавыг угтан тосохыг тушаасан. Дараа нь Эхлэл 33:8-р эшлэлд Есавтай өөрөө уулзахдаа шууд л “эзэн минь” гэж мэндчилсэн байдаг.

Хоёрдугаарт, Иаков Бурханы өмнө гэмшиж байгаа сэтгэлээ харуулсан. Жишээ нь, Эхлэл 32:10 дээр Иаков Бурханы өмнө нүглээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр энд:

“Өчүүхэн зарц надад Таны үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг би хүртэх зохисгүй” гэжээ (Эхлэл 32:10).

Гуравдугаарт, Бурхан Иаковт шинэ нэр өгсөн. Эхлэл 32:22-32-р эшлэлд Иаков Иаббок голын эрэг дээр тэнгэрэлчтэй барилдсан. 27-р эшлэлд Иаков тэнгэрэлчид өөрийгөө Иаков гэж зөвшөөрснөөрөө “залилан мэхлэгч” гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн юм. Харин Эхлэл 32:28-р эшлэлд тэнгэрэлч Иаковын энэ гэмшилд хариу хэлсэн байдаг. Энд:

“Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израил гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ” гэжээ (Эхлэл 32:28).

Библид гардаг өөр нэрсийн адил יִשְׂרָאֵ֑ל (Израил) гэдэг нэр хэзээ нэгэн цагт “Бурхан тэмцдэг” эсвэл “тулалддаг” гэсэн утгатай Бурханыг магтах магтаал байсан. Энэ үг Еврей хэлний שָׂרָה (сараах) гэдэг үйл үгнээс гаралтай ба энэ үгийг 28-р эшлэлд “чи тэмцсэн” гэж орчуулсан байдаг. Тэнгэрэлч Иаковд “чи Бурхантай бас хүмүүстэй тэмцээд илүүрхсэн” учраас энэ нэр түүнд тохирно гэж хэлсэн. Иаковын Бурхантай хийсэн тэмцэл гэдэг нь ерөөлийн төлөө зүтгэж байсныг нь, харин хүмүүстэй хийсэн тэмцэл гэдэг нь Есав болон Лабантай тэмцэлдэж байсныг нь хэлж байгаа юм. Иаковын амьдралын хувьд бол тэр шинэ нэртэй болсон нь шинэ хүн болсныг нь илтгэж байлаа. Иаков залилан мэхлэгч хэвээр үлдсэнгүй. Харин тэмцээд ялсан “Израил” болсон.

Эхлэл номд Бурхан Иаковын нэрийг Израил болгон өөрчилсөн сонирхолтой түүх байдаг. Иаков тэнгэрэлчтэй барилдсаныхаа дараа үнэндээ тэр тэнгэрэлч Бурханыг төлөөлж байсныг нь ойлгодог. Бас Бурханд түүнд зориулсан төлөвлөгөө байгаа юм байна гэдгийг ойлгодог. Бурхан түүнийг анхаарч, түүнтэй уулзаж, түүнд маш онцгой чухал зорилгыг өгсөн. Тиймээс ч нэрийг нь сольсон… Эртний Израилд хүмүүс хүүхдүүдээ төрөх хүртэл нэр өгдөггүй байсан. Охин байвал ийм нэр өгнө, хүү байвал ингэж нэрлэнэ гэж урьдчилж өгдөггүй байжээ. Харин нэр өгөхийн тулд ямар нэг дохио, шинж тэмдэг хүлээж, эрж хайдаг байв. Яг л энэ ёсоор Иаков төрөхдөө, эхийн хэвлийгээс дөнгөж гарахдаа л ах Есавынхаа өсгийнөөс зуурсан байсан. Тэгээд л Еврей хэлээр “өсгий”, “өсгийнөөс зуурагч” гэх утгатай Иаков гэдэг нэр өгсөн хэрэг. Тэгээд тэрээр насаараа л ийм нэр зүүж явсан. Харин тэрээр Бурхантай уулзаад цоо шинэ амьдралтай болсон. Бурхан Иаковтой харилцаж, амьдралынх нь жинхэнэ зорилгыг хэлсэн. Эцэг Исаак, өвөг эцэг Абрахам нарт нь хэлснээсээ илүү шууд шулуунаар түүнд хандаж нэгэн үндэстний эцэг болно гэдгийг нь хэлсэн… Иаков байснаа Израил болсон өөрчлөлт бол үнэхээр гайхамшигтай. Израил үндэстний эцэг болох хүнийг дуудаж, өөртөө үйлчлүүлэн өсөж үржин газар дэлхий дээрх анхны ард түмнийг нь бий болгох агуу дуудлагыг өгсөн Бурханы үйлсэд талархууштай.

— Др. Дуглас Стюарт

Мосегийн анхны уншигчдын хувьд Иаковын шинэ нэрийн ач холбогдлыг хэт өндрөөр үнэлэх боломжгүй гэмээр. “Израил” бол Мосегийн Египетээс Амлагдсан нутаг руу хөтлөн дагуулж явсан арван хоёр овог аймгийн нийтэд нэрлэдэг үндэстний нэр шүү дээ. Тэд өвөг дээдсийнх нь шинэ нэр бол Бурханы үнэнч зарцын нэр байсан гэдгийг уншаад Израил байх нь Иаковын нэгэн адил тэмцэж ялах учиртай юм байна гэдгээ эргэн санасан юм.

Дөрөвдүгээрт, Лабаныд байсан үеийнх нь дараах Иаковын эерэг дүр зураглал бол Бетелд эргэн ирээд Бурханыг хүндлэн мөргөсөн явдал байв. Эхлэл 28:20-21-р эшлэлд Иаков Бурханд үнэнч байхаа амласныхаа дагуу Эхлэл 35:3-р эшлэлд Бетелд эргэн ирээд, үнэнч сэтгэлээр тахилын ширээ засаж, Эзэнийг хүндлэн мөргөжээ.

Иаковын өөрчлөлтийн талаарх Мосегийн бичсэн зүйл уншигчдадаа хоёр гол нөлөө үзүүлсэн. Мосе эхлээд тэд Бурхандаа олон талаар үнэнч бус байсныг нь харуулахын тулд Иаковын үнэнч байдлыг танилцуулсан. Мөн тэдэнд Иаковын үнэнч байдлыг даган дуурайхыг уриалахын тулд Иаков ийнхүү Бурханы үнэнч зарц болж өөрчлөгдсөн тухай өгүүлжээ. Мосегийн уншигчид Амлагдсан нутагт амьдарч байхдаа олон бэрхшээлтэй тулгарахын хэрээр Бурханы нигүүлсэлд түших хэрэгтэй байсан. Үүнтэй адил мөн өөрсдөө ч Бурханд үнэнч, тууштайгаар үйлчлэх хэрэгтэй байлаа.

Ингээд бүгдээрээ Израилын Бурханд үнэнч байдлын тухай сэдвийг Мосегийн анхны утга санааны өнцгөөс авч үзлээ. Одоо Иаковын амьдралыг орчин цагийн нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх тухай үзэцгээе. Мөн хичээлийнхээ зорилгын хүрээнд Иаковын амьдралын энэ тал хаанчлалын эхлэл, үргэлжлэл болон бүрэн төгс болохын үед ч бас бидний амьдралтай ямар хамааралтай болохыг харцгаая.

Орчин цагт хэрэгжүүлэх нь

Юуны өмнө Иаковын амьдралын аль ч үе бидэнд Бурхандаа хэзээ ямагт үнэнч байх үүрэг хариуцлагыг маань сануулдаг. Христ хаанчлалынхаа суурийг тавихдаа бүхий л зөвт зүйлсийг биелүүлснийг бид үргэлж санаж байх хэрэгтэй. Еврей 4:15-р эшлэлд Христ бидэнтэй л адил сорилтод орсон ч хэзээ ч гэм нүгэл үйлдээгүй гэж хэлсэн байдаг. Харин ч үнэндээ Христ Бурханы тушаалд үнэнч байсан тул өөрт нь итгэдэг хүмүүсийн өмнөөс шийтгэлийг үүрэн, өөрийн хүслээр загалмай дээр амиа өгсөн. Түүний энэ төгс зөвт байдлыг бид итгэлээрээ хүлээн авсан. Христ хаанчлалынхаа суурийг тавих үедээ Бурханд үнэнч байсан явдал нь бид “үүнийг хий, үүнийг бүү хий” гэдэг Иаковын амьдралын ёс суртахууны хэм хэмжээг хэрэгжүүлэх ёстойг сануулдаг. Иаковын амьдралын ёс суртахууны хэм хэмжээг бид амьдралдаа хэрэгжүүлэхийн өмнө бидний өмнөөс бүхий л зөвт зүйлийг биелүүлсэн Христийн тухай бодох хэрэгтэй.

Хоёрдугаарт, Иаковын түүхээс үнэнч байдлын талаар олж мэдээд бид өнөөдөр Христэд хэрхэн үнэнч үйлчлэх удирдамжийг олж хардаг. Христийн хаанчлалын үргэлжлэл үед ч Иаковын амьдрал биднийг Бурханд үнэнч байхыг сануулсаар байдаг. Еврей 12:1-2 зэрэг эшлэлүүдэд Иаков гэх мэт бидний өмнө итгэмжтэй байх замыг засаж өгсөн хүмүүсийг дуурайхыг сануулан зоригжуулсан байдаг.

Гуравдугаарт, Иаковын түүхэн дэх хүний үнэнч байдлын шаардлагыг хөндсөн тал бүр нь бидний зүрх сэтгэлийг Бурханы хаанчлал бүрэн төгс тогтох тэр үед Христэд үнэнчээр хандахад чиглүүлэх учиртай. Үнэнч байдлын тухай сэдэв нь Христийг дагадаг хүн бүр хожим нь Бурханы төгс төгөлдөр, итгэмжит зарц нар болно гэдгийг бас бидэнд сануулдаг. 1 Иохан 3:2 гэх мэт эшлэлүүдэд Христ эргэн ирэх үед “бид яг Түүнтэй адил байх” талаар өгүүлсэн нь бий.

Бурхан Иаковыг ерөөнө гэж амласныг ойлгосноор бид түүний амьдралын түүхээс өнөөдөр амьдралдаа дагаж хэрэгжүүлж чадна. Иаковыг хайрлана гэж Бурхан хэлсэн байсан. Гэтэл Бурхан аль хэдийн амласан зүйлийг Иаков хуурч мэхлэх замаар олж авах гэж хамаг амьдралаа зориулсан. Бид ч бас Иаковтай адилхан ямар ч арга замаар хамаагүй Бурхан бидэнд аль хэдийн амласан зүйлсийг, Христийн дотор бидэнд аль хэдийн өгсөн зүйлсийг олж авах гэж оролддог. Шинэ Гэрээнд Ром 8:32-р эшлэл шиг энэ тухай тодорхой хэлсэн эшлэл байхгүй. “Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?” Христээр дамжуулан бид бас Дуулал 46-р эшлэлийг сонсдог. “Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд (АБ2019)” гэсэн байдаг. Үүн дээр нэмж хэлэхэд Тэр бол гэрээний хүүхдүүддээ эелдэг сайхан ханддаг сайн Бурхан билээ.

— Рев. Майкл Ж. Глодo

Тэгэхээр бүгдээрээ Бурханы Израилд өгсөн нигүүлсэл болон Израил Бурханд үнэнч байсан талаарх гол сэдвүүдийн тухай үзлээ. Одоо Эхлэл номын энэ хэсгийн гурав дахь гол сэдэв болох Израилд өгсөн Бурханы ерөөлийн тухай үзье.

Бурханы Израилд өгсөн ерөөлүүд

Бурханы Израилд өгсөн ерөөлүүд гэдэг сэдвээ бусад сэдвүүдийн тухай судалсан арга замаараа ярилцах болно. Эхлээд Мосегийн анхны утга санааны өнцгөөс авч үзнэ. Дараа нь энэ сэдвийг орчин цагт хэрхэн хэрэгжүүлэх тухай судална. Мосегийн анхны утга санааг эхлээд авч үзье.

Анхны утга санаа

Ерөнхийдөө Бурхантай гэрээтэй ард түмэн нэг бол дуулгавартай байсныхаа төлөө ерөөлийг, эсвэл дуулгаваргүй байсныхаа төлөө хараалыг хүлээн авдаг. Иаков дуулгаваргүй байснаасаа болж үр дагаврыг нь амссанд эргэлзэх юмгүй. Жишээ гэхэд л аав, ах хоёрыгоо хуурсны дараа амиа аврахын төлөө зугтахаас өөр аргагүй болсон. Бас хадам аав Лабаныд байхдаа хүнд хэцүү олон зүйлсийг амссан.

Гэхдээ Мосе анхны уншигчдадаа Бурхан тэдэнд ч бас ерөөлүүдээ өгсөн гэдгийг сануулахын тулд Түүний Иаковд өгсөн ерөөлүүдийг ихэд онцолсон байдаг. Иаковын амьдралд өгсөн Бурханы ерөөлүүдийг ерөнхийд нь Иаков дуулгаваргүй байсан ч өгсөн ерөөл ба дуулгавартай байснаар өгсөн ерөөл гэсэн хоёр бүлэгт хуваадаг.

Нэг талаар Иаков үнэнч бус байсан ч Бурханы ерөөлийг авсан. Жишээ нь, Эхлэл 27:27-29-р эшлэлд Иаков хэдий эцгийгээ мэхлэх замаар ерөөлийг авсан ч Бурханы ерөөлийг хүлээн авч чадсан. Мөн 28:13-15-р эшлэлд Иаков амиа аврахын төлөө Есаваас зугтааж явсан ч Бетелд байхдаа Бурханы ерөөлийг хүлээн авсан байдаг.

Харин нөгөө талаас Иаковын түүхийн сүүлийн хэсгүүдэд үнэнч байдлынх нь төлөө Бурханы ивээл ерөөл ирсэн байдаг. Жишээ нь, Эхлэл 29:1–31:55-р эшлэлд Бурхан Лабанаар дамжуулан Иаковыг гэр бүл, эд баялгаар ерөөсөн. Эхлэл 32:1–33:17 дээр Иаков зүрх сэтгэлээ даруу болгосны дараа Бурхан түүнийг Есаваар дамжуулан ерөөсөн. Мөн үүнтэй тун төстэйгээр Эхлэл 33:18–34:31-р эшлэлд Иаков хөвгүүд нь Канаанчуудтай зөрчилдсөний дараа Шехемд Бурханы ерөөлийг хүлээн авсан байдаг. Мөн 35:9-13 дээр Иаков Бетелд Бурханыг мөргөн хүндлэхэд Бурхан түүнийг ерөөсөн байдаг.

Мосе өөрийг нь даган Амлагдсан нутагт хүрэхээр зорин яваа Израилчууд энэ бүхнийг гэтлэхдээ бас тулалдахдаа олон янзын сорилт бэрхшээлтэй тулгарна гэдгийг мэдэж байсан. Тиймээс эдгээр болон өөр олон хэсгүүдийг бичихдээ Мосе уншигчдаа цаашид Бурханы ерөөлүүдийг авна гэдэгтээ болон үүнд талархах сэтгэлээр хандахыг уриалахын тулд ийнхүү Иаковт өгсөн Бурханы ерөөлүүдэд ихээхэн анхаарал хандуулсан юм. Ингээд бүгдээрээ Бурханы Израилд өгсөн ерөөлийн тухай сэдвийн анхны утга санааны тухай үзлээ. Одоо эдгээр асуудлуудын орчин цагийн ач холбогдлын тухай ойлгоход амархан боллоо.

Орчин цагт хэрэгжүүлэх нь

Өмнө нь ярьсанчлан бид үүнийг ч гэсэн Христийн хаанчлалын эхлэл үе, үргэлжлэх үе болон бүрэн төгс болох үетэй холбож үзнэ. Хаанчлалын эхлэл суурь тавигдах үеэр бид бүхий л зүрх сэтгэлээ Христэд хандуулах учиртай. Иаковтай харьцуулахад Есүс үнэнч бус байсан гэсэн шалтгаанаар ямар нэг ерөөлийг хүлээн аваагүй тухай гардаггүй. Тэр угаас ямар ч гэм нүгэлгүй. Харин Тэрээр Эцэгтээ итгэмжтэй байснаараа энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа агуу ерөөлүүдийг нь хүлээн авч байсан. Тэрээр тэнгэр өөд одсон хойноо бүр ч илүү агуу ерөөлүүдийг хүлээн авсан билээ. Есүсийн ерөөлүүдийн хамгийн гайхалтай нь Ефес 1:3-р эшлэлд бий. Энд Христтэй нэгдсэнээрээ бид ч бас Түүний ерөөлийг хуваалцдаг тухай өгүүлдэг.

Мөн үүнээс гадна Шинэ Гэрээнд Христ хаанчлалынхаа үргэлжлэх үеэр Өөрийн хүмүүст ерөөлөө цутган өгнө гэж заасан байдаг. Бурхан Иаковыг ерөөснийхөө адил биднийг бас үнэнч бус байсан ч ерөөх үе байдаг. Мөн үнэнч байсны маань төлөө ч ерөөдөг. Өнөөгийн Христийн дагалдагчдын амьдрал нь өөрийгөө үгүйсгэсэн зовлон бэрхшээлээр дүүрэн амьдрал байдаг. Гэхдээ 2 Коринт 1:21-22 болон Ефес 1:13-14-р эшлэлд Бурхан хүн бүрийг Ариун Сүнснийхээ гайхамшигт ерөөлөөр тамгална гэдгээ тодорхой хэлсэн байдаг. Ирэх ертөнцөд илүү агуу зүйлсийг залгамжилна гэдгийн баталгаа болон бидний дотор болон бидний дунд Ариун Сүнс оршдог.

Тиймээс Эхлэл номоос бид Бурханы Иаковт өгсөн ерөөлүүдийн тухай унших бүрдээ Христийн хаанчлал бүрэн төгс тогтох тэр үед хүлээн авах хэмжээлшгүй ерөөлүүдийнхээ тухай санаж байх хэрэгтэй. Матай 25:34 гэх мэт эшлэлүүдэд Христ эргэн ирэх үед Бурхан биднийг “энэ дэлхийг бүтээсэн цагаасаа эхлэн бэлдсэн хаанчлалдаа” биднийг хүлээн авна хэмээн заасан байдаг.

Бид Бурханы Израилд өгсөн нигүүлсэл, Израилын Бурханд үнэнч байсан явдал мөн Бурханы Израилд өгсөн ерөөл гэсэн гол сэдвүүдийн тухай үзлээ. Одоо сүүлийн гол сэдэв буюу Иаковын амьдралын тухай Мосегийн бичсэн хамгийн чухал сэдэв болох Бурхан Израилаар дамжуулан бусдыг ерөөсөн тухай түүхийг хамтдаа харцгаая.

Израилаар дамжуулан өгсөн Бурханы ерөөл

Өмнөхтэйгөө адил Израилаар дамжуулан өгсөн Бурханы ерөөлүүдийг бид эхлээд Мосегийн анхны утга санааны өнцгөөс авч үзээд, дараа нь орчин цагт хэрхэн хэрэгжүүлэх тухай үзнэ. Ингээд Мосегийн анхны утга санааг эхлээд үзье.

Анхны утга санаа

Анхны уншигчдын хувьд энэ сэдэв хэр ач холбогдолтой байсныг ойлгохын тулд Израил үндэстний эцэг Абрахамд өгсөн Бурханы онцгой үүрэг даалгаврыг эргэн санах хэрэгтэй. Бурхан хүн төрөлхтний анхны үүрэг зорилгыг тэргүүлэн биелүүлэх үүрэг зорилгыг Израилын ард түмэнд өгсөн гэдгийг Эхлэл ном дахь Абрахамын түүх өгүүлдэг. Тэд өсөж үржин газар дэлхийг Бурхан итгэмжит дүр төрхөөр дүүргэх зорилготой байсан. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь Бурханы ерөөлийг дэлхийн бүх хүнд түгээх явдал байв. Эхлэл 12:2-3-р эшлэлд Бурхан Абрахамд хэлэхдээ:

“Чи тэгээд ерөөл болтугай! Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно” гэжээ (Эхлэл 12:2-3).

Энэ эшлэлд Бурхан Абрахамыг Бурханы хаанчлалын ерөөлийг газар дэлхий дээрх бүх хүнд түгээ хэмээн дуудсан болохыг анзаараарай. Гэхдээ Бурханы ерөөлийг дэлхий даяар түгээнэ гэдэг нь хүн бүр тэр ерөөлийг авна гэсэн үг биш гэдгийг бас харж болно. Чамайг ерөөсөн хүмүүсийг би ерөөнө, чамайг хараасан хэнийг ч болов би хараана гэж Бурхан хэлсэн байна. Өөрөөр хэлбэл зарим нь Израилаар дамжин ирэх зүйлсээс татгалзана. Харин зарим нь хүлээн авна гэсэн үг юм. Бурхан хүмүүсийг тийнхүү ерөөнө эсвэл хараах аж.

Бурханы Абрахамд илчлэн хэлсэн энэ ерөөл ба хараалын хоёр талт үйл явцыг Эхлэл 27:29-р эшлэлд Исаак Иаковд бас ерөөлөө өгөхдөө дурдсан байдаг. Энд тэрээр:

“Чамайг хараасан бүхэн хараагдана, ерөөсөн бүхэн ерөөгдөнө” хэмээжээ (Эхлэл 27:29).

Мосегийн Иаковын амьдралын тухай бичсэн зүйлсийн ихэнх нь түүнийг олон янзын хүмүүстэй хэрхэн харьцаж байсан тухай байдаг. Тэдгээр хүмүүс нь Мосегийн цаг үед Израилчуудын харьцаж байсан хүмүүсийн өвөг эцгүүд байдаг. Тэгэхээр тэдгээрийг бичсэнээрээ Мосе Израилчуудад тэдгээр хүмүүстэй хэрхэн харьцахыг зааж өгсөн. Тэдэнтэй дайтах уу? Эсвэл энх тайвнаар харьцах уу? гэх мэт.

Жишээ нь, Иаков амьдралынхаа туршид Амлагдсан нутагт оршин байсан хоёр бүлэг хүмүүстэй тулгардаг байжээ.

Нэг талаар 33:18–35:15-р эшлэл буюу зургаадугаар хэсэгт Иаков болон Канаанчуудын харилцааны тухай өгүүлдэг. Эхлэл 15:16 дээр Бурхан “аморичуудын нүгэл хилэнц” буюу өөрөөр хэлбэл канаанчуудын хилэнц “дүүрэх хүртэл” Израилыг Египетээс авчрахгүй гэж тодорхой хэлсэн байдаг. Рахаб зэргийг эс тооцвол Канаанчууд Мосегийн өдрүүдэд амлагдсан нутгийг ихэд бузарласан тул Бурхан тэднийг устгах тушаалыг Израилд өгсөн. Тиймээс Иаков Шехемчүүдтэй тулалдах үед Бурхан түүнийг канаанчуудаас хамгаалж ялалтыг өгсөн тухай Мосе бичсэнд гайхах зүйлгүй юм.

Нөгөө талаар 26:1-33-р эшлэл буюу Иаковын амьдралын хоёрдугаар хэсэгт Исаак болон филистчүүдийн тухай гардаг. Иаков канаанчуудтай зөрчилдөж байсан бол энэ хэсэгт Исаак филистчүүдтэй эв найртай оршиж байсан тухай өгүүлдэг. Филистчүүд Бурханы Израилд амласан нутагт амьдарч байсан тухай Иошуа 13:1-5-р эшлэлд өгүүлсэн байдаг. Гэхдээ филистчүүдийн нэрээс харахад л тэд бол Кафтораас далай тэнгисийг гатлан ирсэн хүмүүс байсан нь тодорхой байдаг. Тийм ч учраас тэд канаанчуудын эсрэг зарласан Бурханы шүүлт дор тэр даруй ороогүй байдаг. Эхлэл 21:22-34 дээрх Абрахамын, 26:26-33-р эшлэл дэх Исаакын жишээнүүд нь үнэхээр ийм бодлогыг баримталж байсныг баталдаг. Абрахам, Исаак хоёулаа филистчүүдтэй эв найртай байх гэрээ байгуулж байсан. Үүний үр дүнд Мосегийн цаг үеийн Израилчууд Абрахам ба Исаакаас үлгэрлэн филистчүүдтэй энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрмэлзэж байлаа. Хожим нь филистчүүд энэ энх тайвныг эвдсэн учраас Израил тэдний эсрэг дайтсан байдаг юм..

Эдгээр жишээнээс ялгаатай нь Иаковын түүхэнд тэрээр Амлагдсан нутгийн гадна оршдог хүмүүстэй ч харилцаж байсан тухай өгүүлдэг. Жишээ нь, 29:1–31:55-р эшлэл дэх Иаков Лабаныд амьдарч байсан үе орно. Энэ нь Амлагдсан нутгийн хойд залгаа нутаг Паддан Арам дахь Израилчуудын холын хамаатнуудын тухай өгүүлдэг. Иаковын тэнд өнгөрөөсөн цаг хугацааны тухай бичсэн зүйлд Лабан болон түүний гэр бүлийнхээр төлөөлүүлсэн урвалтын тухай анхааруулсан юм. Гэхдээ Эхлэл 31:51-55-р эшлэлд Иаков Лабан хоёр бие биеийнхээ хил хязгаарыг хүндэтгэн эв найртайгаар орших андгай тангараг өргөснийг тодорхой өгүүлдэг. Тэгэхээр Мосег дагаж байсан Израилчууд хойд хөрш дэх садантайгаа эв найртай орших ёстойг тодорхой зааж өгсөн гэсэн үг. Хожим нь л Израил Бурханы хаанчлалыг энэ газарт ч бас тэлэх болсон.

Амлагдсан нутаг болон хойгуур нь хиллэн амьдарч байсан хүмүүстэй харилцахаас гадна Иаковын амьдралын ихэнх хэсэг ах Есавтайгаа харилцахад голлон төвлөрсөн байдаг. Эхлэл 25:19-34-р эшлэлээс эхэлсэн ах дүү хоёр болон хоёр үндэстний зөрчилдөөний эхлэл бол Израилчууд болон Амлагдсан нутгийн өмнөд хилийг захлан Сейрт оршиж байсан Едомчуудын харилцааны зөрчлийг зөгнөн харуулсан гэдгийг бид үзсэн.

Эхлэл номын уншигчид Амлагдсан нутгийг өмнөд хилээр нүүдэллэн амьдрахдаа Едомчуудын заналхийлэлтэй тулгарч байсан тул тэдний хувьд Едомчууд хурц сэдэв байсан нь мэдээж. Бурхан Израилчуудад тухайн нутгийн өөр бусад хүмүүстэй дайтах заавар өгдөг байсан боловч Дэд хууль 2:4-6 болон Тооллого 20:14-21-р эшлэлд Мосе Израилыг даруугаар, садан Едомтойгоо эв найртайгаар оршихыг онцгойлон захисан байдаг.

Иаковын түүх Израилчуудад Иаков хууран мэхэлж Бурханы ерөөлийг авсан гэдгийг сануулдаг. Бас Иаков Есавын өмнө даруугаар гэмшсэнийг ч зааж өгдөг. Түүнээс илүүтэйгээр Иаков болон Есавын, цаашлаад тэдний үр удам нь газар зүйн хувьд тусдаа байж, энх тайвнаар салсанд гол анхаарлаа хандуулдаг. Мосегийн бичсэн эдгээр зүйлс түүнийг дагаж яваа Израилчуудын Едомчуудтай харилцах харилцаанд шууд чиглэсэн байдаг. Тэгээд ч нэг их удалгүй Едомчууд Израилд төвөг учруулахад л тэдний дунд дайн тулаан өрнөсөн байдаг.

Ингээд Израилчуудаар дамжуулан өгдөг Бурханы ерөөлийн анхны утга санааг авч үзлээ. Одоо үүнийг орчин цагт хэрхэн хэрэгжүүлэх тухай үзье.

Орчин цагт хэрэгжүүлэх нь

Энэ сэдэв үнэндээ бидний амьдралд олон янзын ач холбогдолтой. Гэхдээ бид Христийн хаанчлалын гурван үе шатанд анхаарлаа голлон хандуулах нь мөн л хамгийн тохиромжтой юм. Эхнийх нь, Израилын хаан Есүс хаанчлалынхаа эхлэл үед Бурханы ерөөлийг газар дэлхийн бүх хүнд санал болгохоор ирсэн. Иохан 12:47-48 гэх мэт эшлэлүүдэд Есүсийн анхны ирэлтээрээ Сатан болон түүний чөтгөрийн хүчийг ялахаар ирсэн гэж хэлсэн байдаг. Гэхдээ үүнээс гадна дэлхийн үндэстэн бүрд Тэрээр амар тайвныг өгөхөөр ирсэн юм. Есүс болон Түүний дагалдагч нарыг хүмүүс хүлээн авахгүй байсан ч тэвчээртэйгээр Сайнмэдээг тунхаглах замаар Бурхантай эвлэрэх үүд хаалгыг санал болгосоор л байсан. Тэд мөн эцсийн өдөр Бурханы шүүлт сайнмэдээнээс татгалзсан хүмүүсийн эсрэг байх болно гэдгийг анхааруулсан.

Хоёрдугаарт, Христийн хаанчлалын үргэлжлэх үед Бурханы ерөөл чуулганы үйлчлэлээр дамжуулан үндэстнүүдэд хүрсээр л байгаа. Христ болон Түүний элч, зарлагуудын үлгэрлэн дагуулснаар үндэстнүүдийг үргэлжлүүлэн мэхэлсээр байгаа муу ёрын сүнснүүдийг бид эсэргүүцдэг. 2 Коринт 5:20 зэрэг эшлэлүүдэд биднийг “Христийн элчин сайдууд” гэсэн байдаг. Бид бүхэл дэлхийд Бурхантай найрамдан эвлэрэхийг санал болгохын зэрэгцээ эцсийн өдөр Бурханы шүүлт байх тухай сануулдаг.

Гуравдугаарт, бид Христийн хаанчлал бүрэн төгс биелэх тэр цаг үеийг зорин байхдаа Иаков шиг бусадтай харилцах ёстой. Хуучин Гэрээний цаг үед Израил бусдад санал болгож байсан энх тайван харилцаагаа Бурханы шүүлт ирэх цаг тодорхой болох үед хүчингүй болгодог байсан. Үүнтэй нэгэн адил Христ сүр жавхлантайгаар эргэн ирэх үед Христ болон хаанчлалаас нь татгалзсан бүх хүний хувьд үндэстнүүдэд санал болгож байгаа энх тайвны санал бүр мөсөн хүчингүй болно. Тэр үед ёрын нэгэн нь Бурханы шүүлтээр орох болно. Гэхдээ Илчлэл 5:9-10 зэрэг эшлэлүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс тоо томшгүй олон Христэд итгэсэн хүмүүс ирж, Бурханы ертөнц дахины хаанчлалд орох болно гэж хэлсэн байдаг.

ДҮГНЭЛТ

Энэ хичээлээр бид Эхлэл номд эцэг Иаковын амьдралын тухай Мосе юу гэж бичсэнийг судаллаа. Мосе тун нарийн бүтэц агуулгатайгаар бичиж чадсан учраас Иаковын амьдрал Амлагдсан нутгийг зорин Мосег дагаж явсан Израилчуудын сэтгэлийг хөндөж чадсан нь лавтай. Тэрээр Бурханы Израилд үзүүлсэн нигүүлсэл, Израилын Бурханд үнэнч байсан явдал, Бурханы Израилд өгсөн ерөөл болон Израилаар дамжуулан өгдөг Бурханы ерөөл гэсэн сэдвүүдийн тухай бичжээ. Мосегийн бичсэн эдгээр гол сэдвүүд нь Мосегийн үеийн Израилчуудад бодит заавар чиглүүлэг болоод зогсохгүй өнөөгийн Бурханд үйлчлэхээр хүсэн тэмүүлж яваа Христийн дагалдагч нарт ч удирдамж болсоор байгаа тухай бид үзлээ.

Иаковын түүх бол Христэд итгэдэг бүх хүнд зориулсан гайхалтай найдварын түүх билээ. Эхлээд энэ нь Мосегийн анхны уншигчдад алдаа дутагдлаа арилгаж, амжилтаа бататгахад тусалсан. Мөн тэдэнд Амлагдсан нутагт хүрэх замдаа бусадтай хэрхэн харилцахыг зааж өгсөн. Харин өнөөдөр энэ нь та бидэнд яг адилхан туслах болно. Иаковын амьдралаас бид Бурханд өршөөх боломжгүй хүн гэж байхгүйг баталдаг. Христтэй нэгдсэн хүмүүсийн хувьд бид алдаа дутагдлаасаа үл шалтгаалан Христ сүр жавхлантайгаар эргэн ирэх хүртэл Бурханы хаанчлалын ерөөлийг хэрхэн түгээж болохыг Иаковоос л бид сурдаг билээ.

ХАМТРАГЧИД

Др. Скот Рэд (Хөтлөгч) бол Вашингтон Д.С дэх Шинэчлэлийн Теологийн Сургуулийн Ерөнхийлөгч, Хуучин Гэрээний Дэд Профессор. Др. Рэд нь M.Div. зэргээ Шинэчлэлийн Теологийн Сургуулиас авсан. М.А болон Ph.D зэргээ АНУ-ын Католик Их Сургуулиас авсан. Тэрээр мөн Малта дахь АНУ Католик Их Сургууль, Августин Теологийн Институти болон Газар дундын тэнгисийн Олон Улсын Сургалтын Хүрээлэнд багшилж байсан. Др. Рэд нь олон төрлийн ном зохиолыг хамтран бичсэн. Үүнд: Tabletalk (Ligonier Ministries), The Washington Post болон First Things. Түүнчлэн тэрээр Constituent Postponement in Biblical Hebrew Verse (Society of Biblical Literature, 2014) болон Wholehearted: A Biblical Look at the Greatest Commandment and Personal Wealth (Institute for Faith, Work & Economics, 2016) зэрэг номуудыг бичсэн.

Рев. Майкл Ж. Глодо бол Флоридагийн Орландо дахь Шинэчлэлийн Теологийн Сургуулийн Библи судлалын дэд профессор

Др. Грейг С. Кийнэ бол Асбури Теологийн Сургуулийн Ф.М ба Ада Томпсоны Библи Судлалын Захирал.

Др. Жон Освалт бол Асбури Теологийн Сургуулийн Хуучин Гэрээний Хүндэт Зочин Профессор.

Др. Том Петтер Гордон-Конвэл Теологийн Сургуулийн Хуучин Гэрээний Профессор.

Др. бага. Ричард Л. Пратт бол Гурав дахь мянган үйлчлэлийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч. Тэрээр Шинэчлэлийн Теологийн Сургуульд Хуучин Гэрээний профессор.

Др. Дуглас Стюарт Гордон-Конвэл Теологийн Сургуулийн Хуучин Гэрээний Профессор.

ҮГСИЙН ТАЙЛБАР

адмони – “Едом” гэдэг үгтэй нэг язгууртай “улаан” гэсэн утгатай Еврей үг (галиг)

акээб – “Иаков” гэдэг үгтэй ижил язгууртай “өсгий” гэсэн утгатай Еврей үг.

хиасм/хиастик – үндсэн хэсгийн өмнө болон хойно байрлах хэсгүүд нь хоорондоо зэрэгцсэн эсвэл харилцан тэнцвэртэй байдаг уран зохиолын бүтэц

бүрэн төгс болох үе – Христ эргэн ирж, түүхэн дэх Бурханы туйлын зорилгыг биелүүлэх тэрхүү эцсийн юмсын эхлэлийн гурав дахь буюу эцсийн үе шат

үргэлжлэх үе – Эцсийн юмсын эхлэлийн хоёр дахь буюу дунд шат. Энэ нь Христийн анхны ирэлтээс хойших, эцсийн ялалтаас өмнөх Бурханы хаанчлалын үе

Едом – Есавын үр удмаас гаралтай үндэстний нэр

эхлэл үе – Эцсийн юмсын эхний үе шат. Энэ нь Христийн эхний ирэлт болон Түүний элч нар ба эш үзүүлэгчдийн үйлчлэлийг хэлдэг.

Израил – "Бурхан тэмцдэг" эсвэл "Бурхан тулалддаг" гэсэн утгатай Еврей үг. Энэ нь тэнгэрэлчтэй барилдсаных нь дараа Иаковт өгсөн шинэ нэр бөгөөд мөн Иаковоос бий болсон үндэстнийг хэлдэг

Ребекка – Исаакийн эхнэр, Иаков ба Есавын эх

Continue reading the full transcript